Categories
мэдээ нийгэм

“Залуу тариаланч” төслийг хэрэгжүүлнэ

Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд залуучуудыг татан оролцуулах, ахмад ногоочдын туршлагыг залуучуудад өвлүүлэх, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт хүргэж, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай зөвшөлцсөний дагуу “Залуу тариаланч” төслийн саналыг хамтран боловсруулж бэлэн болгожээ.

Зүүн бүсэд тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 40.0 мянган тоннын багтаамжтай үр тарианы элеваторын аж ахуй байгуулах төслийн саналыг боловсруулсан байна. Шинээр байгуулагдаж байгаа зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, ченжийн дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 10 тонн үр ариутгалын бодис, 11.5 тн тарилтын үеийн хог ургамал устгах ургамал хамгааллын бодис, 130.0 мянган га талбайд хиймийн уринш боловсруулахад шаардагдах 500 тн гербицид, 5000 тн нийлмэл бордоог нийлүүлж тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

М.Нандин-Эрдэнэ Бруно Мирандаг хүнд цохилтоор буулган авлаа

БНСУ-ын “Road FC” холбооны нэг сая ам.долларын төлөөх эхний тулаандаа манай тамирчин М.Нандин-Эрдэнэ ялалт байгууллаа. Тэрээр өчигдөр Тайландын тамирчин Бруно Миранда (Бразилын иргэн)-г эхний раундад хүнд цохилтоор унагав. Тус тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Манай тулаанч М.Нандин-Эрдэнэ ийнхүү ялснаар нэг сая ам.долларын төлөөх эхний даваагаа амжилттай давлаа. Түүний өрсөлдөгч “Робусто” хочит Бруно Миранда нь өдгөө 26 настай бөгөөд холимог тулааны рингэнд нийт есөн тулаан хийснээс долоо ялж, хоёр ялагдсан амжилттай яваа юм. Долоо ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор буулган авсан хатуу самар байв. Манай тамирчин нэг сам ам.доллар халааслахад таван тулаанчийг ялах л үлдэж байна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын пуужингийн туршилт бүтэлгүйтлээ

Хойд Солонгосын пуужингийн туршилт зурган илэрцүүд

Хойд Солонгос өнөө өглөө пуужин туршсан ч бүтэлгүйтлээ гэж АНУ болон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэнийг СNN дамжууллаа. Өчигдөр Ким Жон Ун цэргийн өргөн хэмжээний парадыг Их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зохион байгуулсан. Цөмийн пуужинг энэхүү чухал арга хэмжээний дараа харвахаар төлөвлөсөн байжээ.

Солонгосын хойгийн байдал улам хурцдаад байгаа энэ үед “ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл гаргавал цөмийн зэвсгээр хариу цохилт өгнө” гэж АНУ-д анхааруулснаасаа нэг өдрийн дараа ийнхүү Пхеньян пуужин харвах оролдлого хийлээ.
О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Б.Дашзэвэг: Би зодог тайлчихлаа

Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч Б.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Сэтгүүлзүйгээс зодог тайлах ёслол тань сайхан болж өнгөрчээ. Телевизийн тайзнаа сөгдөж, микрофоноо үнсч хүндэтгэл үзүүлсэн тань сэтгэл хөдөлгөсөн шүү?

-Миний хувьд радио, телевизээр дуу хоолойгоо хүргэсний 50 жилийн ой тохиож байна. Одоогоос 50 жилийн өмнө Монголын радиогийн хүүхдийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгээр мэдээ уншиж сэтгүүлчийн ажлаа эхлүүлсэн. Тэр бол нэвтрүүлэгч, хөтлөгч, сурвалжлагч гэх мэргэжлийн минь гараа байсан. Сэтгүүлзүйн салбарт зүтгэсэн 50 жилийн минь ойн хүрээнд гурван гол үйл явдал болох юм. Нэгдүгээрт, миний ажлын гараа болсон Монголын Үндэсний олон нийтийн телевизийн их студид баяр хүргэх нэвтрүүлэг хийсэн. Хүмүүс надад баяр хүргэсэн, би хүмүүст баярласнаа илэрхийлсэн юм. Хоёрдугаарт, “Би олон улсын сэтгүүлч” гэдэг үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд сурвалжлагчийн зүүдэг үнэмлэхээс авахуулаад, ажлын аппарат, хэрэгсэл, дэлхийн олон орноос авчирсан янз бүрийн эд, дурсгалын зүйлс, уран бүтээл, ном зохиол, CD, DVD дэлгэгдэнэ. Их сонирхолтой үзэсгэлэн болно. “Blue mon” цамхгийн нэгдүгээрт давхарт гарах юм. Тэр үзэсгэлэнгийн үеэр шинэ номын нээлтээ хийнэ. Шинэ номын маань нэр “Гайхуулж, шуугиулж амьдрах сайхан” гэж. Миний зохиосон,

…Ганцхан олдох насандаа

Гайхуулж явалгүй ч яах

юм бэ гэдэг дуу бий. Та бүхэн мэднэ дээ, “Амьдрах сайхан” гэж дуу байдгийг. Энэ ном бол хүмүүсийг дурсан санасан тэмдэглэл юм. Хүмүүсийн тухай ном. Миний уран бүтээлийн нэгдүгээр сэдэв бол хүн.

-Гуравдугаарт нь?

-50 жилийн хөдөлмөр, уран бүтээлийн хүндэтгэлийн ёслол болно. Дуу хууртай, хоол ундтай, үзэсгэлэнтэй

нэг ёсны цэнгүүн болох юм. Ийм л гурван үйл ажиллагаа төлөвлөсөн дөө.

-Та зодог тайлах ёслолынхоо талаар сонирхуулахгүй юу?

-Үндэсний телевизийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээр баяр хүргэх нэвтрүүлэг маань явсан. Тэрэн дээр би зодог тайлсан. Тэрийг та бүхэн үзсэн бол сонин байж болох юм. Би хоёр шавьдаа цом гардуулсан. Тэр цом их сонин. Номон дээр микрофон, үзэг байгаагаар дүрсэлсэн. Баяр хүргэх нэвтрүүлгийн маань хамгийн гол цөм нь би их студидээ сөгдөөд, камер руу очоод адис аваад үнсч байгаа юм. Намайг тэгж зодог тайлахыг хараад миний жижигхээн ач уйлсан. Би ч бас уйлсан, мэдээж хэрэг. Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, ГовьАлтай аймгийн төлөөлөгч, уран бүтээлчид үг хэлсэн. Миний арван жилийн багш ирж баяр хүргэсэн нь их сайхан. Ингэж л зодог тайлах үйл явц болов оо.

-Таныг 50 жил ээлжийн амралтгүй ажилласан гэдэг. Үнэн үү?

-Үнэн, үнэн. Радио, телевизээр дуу хоолойгоо 50 жил тасралтгүй хүргэжээ. Тэр байтугай ээлжийн амралт гэдэг юмыг ч аваагүй ирсэн байна билээ. Гадаадад найман жил, бусад үед нь эндээ байжээ. Монголын олон улсын сэтгүүлч гэдэг үнэмлэхийг социализмийн үед Чехословакийн нийслэл Прагт төвтэй байгууллагаас, ардчилал, өөрчлөлт, даяарчлал гараад ирэхээр Брюселльд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас авсан анхных нь сэтгүүлч байгаа юм.

-Та сэтгүүлзүйгээс зодог тайлчихлаа. Одоо тэгэхээр DZ man дууны уран бүтээлрүүгээ илүүтэй анхаарал хандуулах нь уу гэж таамаглаж байна?

-Бие дааж гаргасан 12 ном байна. Бие дааж гэх юм уу даа, тэгж хийсэн баримтат болон уран сайхны 18 кино байна. Нийтийн дуу 20-иод байна, хүмүүсийн мэддэг. Рок поп, электро хөгжмийн найман дуутай цомог байна. “Цэнгэн хөгжилдье” гэж зодог тайлах ёслолын үеэр дууллаа шүү дээ, би. Мөн клип, DVD долоон ширхэг, CD зургаан ширхэг. Хийсэн юм асар их. Гэхдээ нэг юмыг олон хийе гэж боддоггүй. Уучлаарай, зарим сэтгүүлч, зохиолч 20, 50, 60 ширхэг ном гаргасан байдаг. Миний хувьд арав гаруй номтой ч ном тус бүр минь өөр. Өөрөөр жанрынх. Сэтгүүлчийн замын тэмдэглэл, үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг, гадаад хэлний сурах бичиг гээд янз бүр. Уран бүтээл асар их байна. Тэрнийгээ л нэг ёсондоо тайлагнаж байгаа юм.

-Интернэт гэж байхгүй, мэдээллийн хэрэгсэл ховор байсан цагт гадаадад өрнөж байгаа үйл явдлыг танаас л сонсоцгоодог байлаа?

-Олон улсын сэтгүүлч болно гээд Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний ангид орсон юм. Хэлийг нь мэдэж байж олон улсын сэтгүүлч болно. Би их сургуулийг төгсөхдөө орос, франц хэлтэй төгссөн. Мэдээг яаж авдаг байсан бэ гэхээр гадаадын радио сонсоно. Гадаад яамны дипломат сурвалжлагчийн үнэмлэхтэй. Тус яаманд очоод гадаадаас ирж байгаа франц хэл дээр хэвлэгдсэн сонинг гуйж аваад тодорхой хугацааны дараа

буцааж өгдөг байлаа. Мэдээг тэгж л их зовж хийдэг байсан сан. Одоо бол гэртээ хариад ганцхан товч дарахад л бүх юм англи, герман, франц хэлээр гараад ирж байна.

-Та Германы Берлин хотод нэлээд удаан ажилласан байх аа?

-Би Европын холбоонд найман жил сурвалжлагч

байсан. Эхлээд Брюселльд байснаа наашлаад л наашлаад л байсан. Надад улсаас тэнд амьдрах байрны мөнгө өгдөг байсан юм. Наашлах тусам байрны түрээсийн үнэ хямдарна. Брюселлиэс Берлинд ирэхэд түрээсийн үнэ нэг дахин хямдардаг байсан юм. Европын холбооны улсад сурвалжлага хийгээд явахад маш амархан. Машинаар бараг нэг өдрийн дотор бүгдийг нь тойрчихсон ш дээ. Өнгөрсөн хугацаанд би дэлхийг гурван удаа бүтэн тойрсон байна лээ.

-Ямар ажлаар вэ. Сурвалжлагаа хийж яваад уу?

-Яагаад тойрчихов гэхээр машинаар яваад тойрчихоогүй. Социализмийн үед Хятад, Орос таагүй харилцаатай байлаа. Тэгэхэд би Нью-Йоркт очиж НҮБ-ын чуулганыг сурвалжлахдаа одооных шиг Бээжин-Токио гээд нисчихдэггүй байлаа. Тэр үед Москва-Парис-Исланд гэж нисээд харин буцахдаа НьюЙорк- Токио-Улаанбаатар

гэсэн чиглэлээр ирдэг байлаа. Чуулган сурвалжлахын тулд дэлхийг бүтэн тойрч байгаа биз. Тэгж л дэлхийг гурван удаа тойрсон доо.


Categories
мэдээ нийгэм

СӨХ-ны Дээд зөвлөлийн Ерөнхийлөгчөөр Б.Саранчимэг томилогджээ

Б.Саранчимэг томилогджээ зурган илэрцүүдСӨХ-ны Дээд зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг томилогджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт томилогдсон байна.

УИХ-ын гишүүн асан Д.Арвины удирдаж байсан тус байгууллага байнга хэл аманд өртдөг. Иргэдийн эрхийг зөрчиж, мөнгө завшдаг хэмээн буруутгагддаг тус байгууллагыг татан буулгах асуудлаар шүүхэд хүртэл хандаж байсан. Харин сүүлийн үед СӨХ-г төр хариуцах асуудал яригдаж байсан ч үүнийг үгүй гэдгийг Б.Саранчимэг гишүүн “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрбээр, “…Юуны өмнө Өргөдлийн байнгын хороо СӨХ-г төрийн мэдэлд авах шийдвэр гаргаагүй хэлье. Байнгын хороо дангаараа шийдвэр гаргахгүй. Аливаа хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэж олонхиороо шийдвэр гаргана…” хэмээн ярьсан байна.

Ямартай ч тус байгууллага шинэ удирдлагатай боллоо. Б.Саранчимэг гишүүнийг хэрхэн ажиллах, СӨХ гэх мөнгө хүүлэгч байгууллагыг яаж өөрчлөгдөхийг олон нийт хүлээж буй.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөв

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар нь тойргийнхоо иргэдтэй бямба гариг бүр уулзаж, тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ шаардлагатай мэдээлэл өгдөг уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандангийн дэнж” орчмын дэд бүтцийн асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газраас иргэдэд нэгдсэн нэг ойлголт бүхий мэдээлэл өгч, иргэд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, газар дээрээс нь бодит мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн нь энэ удаагийн уулзалтын онцлог байлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “НИТХ-д нэр дэвшээд явж байхдаа энэ тойрогт нэр дэвсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай цуг иргэд сонгогчидтойгоо бямба гариг бүр уулзана гэсэн амлалтыг өгсөн. Үүнийхээ дагуу өнөөдөр 44 дэх удаагаа тойргийнхоо иргэдтэй уулзаж байна.

Бидний уулзалт иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг судлах, эндээс гарч буй санал, шүүмжлэлүүдийг хүлээж авах, аль болох тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олох зорилготой юм. Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу “Гандангийн дэнж”-д нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын холбогдох албаны хүмүүсийг урьж авчраад дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.“Гандангийн дэнж” нь Монгол Улсын нийслэлийн шашин соёлын төв. Тиймээс уг газрыг хэвээр нь хадгалж үлдэх зорилготойгоор цаашид шашин соёлыг сурталчилсан томоохон төв болгохыг зорьж байна” гэв.

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “Бид “Гандан” төсөлд шинэчилсэн нэг аргыг хэрэглэж байгаа. Энэ нь “Гандангийн дэнж”-д оршин сууж буй айлуудыг түр суух орон сууцанд оруулаад тухайн чөлөөлөгдсөн газарт төсөл шалгаруулж, аж ахуйн нэгжүүдийн хэлэлцээр хийж буй явдал юм. Эхний ээлжид Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Орхон”-ы 3 гудамжны нийт 68 өрхийг энэ төсөлд хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор 30 хувь буюу 17 өрх газраа чөлөөлөөд түр суурьших байрандаа нүүж орсон байгаа. Уг газрыг хөгжүүлснээр жуулчид автобустайгаа ирээд төв хаалган дээр буугаад буцаж суухдаа баруун тал буюу “Модны 2” талын хаалганаас унаандаа сууна. Энэ хооронд 280 м газрыг алхаж, замдаа байгаа худалдаа үйлчилгээний цэгээр үйлчлүүлэх, бэлэг дурсгалын зүйлээ худалдан авах боломж бүрдэх юм. Мөн энэ нь хуучны Хүрээ гудамж гэж нэртэй газар шүү дээ. Тиймээс хуучны уран барилгын хэв, хийцийг агуулсан том хаалга, хөшөө зэргийг хийхээр төлөвлөсөн” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж /04.14/, ирэх долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ.

Ирэх долоо хоногт чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Мөн чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээлэл хийх аж.

Хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 17-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 17-ны Даваа гарагт:

  • Зөвлөлдөх зөвлөлийн хурал 09.00 цагаас “В” танхимд;
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудлаар Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

Дөрөвдүгээр сарын 18-ны Мягмар гарагт:

  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас ” Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Боловсролын тухай, сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Сүхбаатар дүүргийн 166 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 79 дүгээр, Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгт ажиллана.

Дөрөвдүгээр сарын 19-ний Лхагва гарагт:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас Биеийн тамир, спортын газарт /Спортын төв ордон/ ажиллана;
  • Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

Дөрөвдүгээр сарын 20-ний Пүрэв гарагт:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагааас 334 тоот өрөөнд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 18-ны Мягмар гарагт:

1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

Дөрөвдүгээрдүгээр сарын 19-ний Лхагва гарагт:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл;
  • “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаархи мэдээлэл.

2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Цаг агаарын 4, 5 дугаар сарын төлөв байдлын талаархи Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонсох;
  • Мал аж ахуйн салбарын хаваржилт, мал төллөлтийн явцын талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас ” Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Боловсролын зээлийн сан, Оюутны хөгжлийн зээл олголтын өнөөгийн байдлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл;
  • Боловсролын тухай хууль, ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургууль, үдийн цай хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэх.

4. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын дагуу/;• Өргөдлийн байнгын хорооны 2017 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.


ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 20, 21-ний Пүрэв, Баасан гарагт:

  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:”Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”.
Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас нийслэлийн төр захиргааны байгууллагууд 08:00 цагт эхэлнэ

хотын захиргааны байр зурган илэрцүүд

Энэ сарын 17 буюу маргаашнаас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ.

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын дарга С.Батболд захирамж гаргаснаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Энэ цагийн хуваарь нийслэлийн төр, захиргааны байгууллагынханд 10 дугаар сарын 15 хүртэл үйлчлэх юм.

Categories
мэдээ спорт

А.Мөнхбат пара жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

АНЭУ-ын Абу Даби хотноо пара жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн өчигдөр эхэллээ.

Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид нэг алт, хошой мөнгөн медалийн эзэд болсон байна. Тодруулбал, тус тэмцээний 69 кг-д өрсөлдсөн А.Мөнхбат алтан медаль хүртсэн бол паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү хоёр мөнгөн медаль зүүлээ. Б.Ууганхүү гавьяат жиндээ болон, үнэмлэхүй жинд өрсөлдөж хос мөнгөн медаль хүртсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол эхийн цагаан сүүгээр амласан дэлхийд цараатай ОРОС найрагЧ

С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд сурч байхад Очирбатын Дашбалбар багш өрнө, дорнын уран зохиолын хичээл заадаг байв. Зохиолч, яруу найрагчдыг дагуулан ирж оюутан бидэнтэй уулзуулна. Нэгэнтээ яруу найрагч Шаравын Сүрэнжав гуайтай ирсэн өдөр ангийн цонхон цаана цасан бударч, ёстой л нэг малгайлах шиг болж байв. Балбар багшийн сэтгэл их хөдөлсөн янзтай босож ирэн цонхоор санаашрангуй ширтэнгээ нааш цааш холхин алхаж “Цагаан цасан бударна

Утас дамжих шиг гулсана…

Цагийн цагт амьдрах юм сан

Угтаа, бүтэхгүй л биз дээ.

Хэн нэгний сүнс

Орох цагаан цас шиг

Хэл улгүй замхран

Огторгуйд хөөрөн бударна

Цагаан цасан бударна

Цаашдаа би ч бутарна

Үхнэ гэж гунихгүй

Мөнхөрнө гэж горилохгүй

Од биш, цас биш болохоор

Огтоос шидэд би итгэхгүй

Орчлон дээр ахиад би

Хэзээ ч, хаана ч ирэхгүй

Ахархан наслахдаа тэгээд

Аминаасаа илүү юуг хайрлав

Хэний зэрэгтэй явав гэж

Хилэнцээ би бодох юм…

Ширхэг томтой цасан

Шимшрэн цайран лавсаж

Миний болоод хүний

Мөр улыг дарна

Мөнхрөх хүчин үгүй ч

Мөнхүү найдвар гэвэл:

Орос хэрвээ байвал,

Би байх нь мэдээж ээ” гэж гуниглангуй агаад цоглог уншихад оюутан бид ёстой нэг ангайтал сонсож, бишрэн байж билээ. Тэрээр “Евгений Евтушенко гэж мэдэх үү, та нар. Мишигийн Цэдэндорж энэ шүлгийг янзтай орчуулсан байгаа биз” гэж ноцтой гэмээр ноцсон халуун харцаар ширтэж байсныг санаж байна. Мөнөөхөн шүлгийг ч “Зөвлөлтийн шилдэг яруу найраг” номын нэгдүгээр ботиос олж уншин тэр дорхноо л цээжилсэн нь цас будрах болгонд л санаанд ордог хэвээр.

Зөвлөлт холбоот улс болон Оросын их яруу найрагч Евгений Евтушенко 1933 оны долоодугаар сарын 18-нд Эрхүү мужийн Доод Үдэд төржээ. Наяад оны эхээр манайд айлчлал хийхдээ тэрээр “Би монгол эхийн ариун цагаан сүүг хөхөж хүн болсон хүн” гэж хэлсэн нь монголчуудын сонирхлыг өөрийн эрхгүй татсан аж. Сибирийн төмөр замын Зима гэдэг эл өртөө Эрхүүгээс баруун хойшоо 230 километрт оршдог, оросууд хожмоо Ока болгосон, буриадаар Аха хэмээх их голын зүүн эрэгт байдаг аж. Зима гэдэг нь орос хэлний өвөл гэсэн үгтэй ямар ч хамаагүй, буриад үгнээс гаралтай бөгөөд цөллөгийнхнийг буриадууд зэмтэй хүмүүс гэж хэлдэг байснаас Зима гэдэг нэр үүссэн гэсэн яриа байдаг. Е.Евтушенког эх нь 22 настайдаа төрүүлэх үед тарчиг цаг ч таарч, залуу эхийн хөх сүү муутай учир хүүгээ цатгаж чадахгүй, арга барагдаж эрэл сурал болж байтал амаржаад удаагүй нэг залуухан эх таарчээ. Тэр ээж буриад хүн байж. Ингэж ирээдүйн их орос найрагч тэр буриад монгол эхийн ангир шаргал уургийг хөхөж хүн болсон байна. Найрагч “Би хожим хойш, урагш олон явахдаа тэр өртөөгөөр байнга дайрдаг. Дайрах болгондоо тэр буянт эхийн шарилд цэцэг тавьдаг заншилтай болсон” гэсэн байдаг.

Евтушенко хамтралд ажиллаж, Казахстаны Алтайд хайгуулаар явж, 1949 онд анхны шүлгээ хэвлүүлж, 1952 онд анхны номоо гаргаж байв. Тэр жилдээ Евтушенко Оросын Зохиолчдын Эвлэлийн хамгийн залуу гишүүн болсон юм. Түүнийг Никита Хрушевын цаг үеийн буюу 1960-аад оны уран бүтээлчдийн тэргүүлэх төлөөлөл гэж үздэг. 1961 онд түүний хамгийн алдартай найраглал болох “Бабий Яр” хэвлэгдсэн нь жүүдүүдийн эсрэг нацистуудын Киевт үйлдсэн хядлагын тухай байжээ. Уг найраглалдаа Евтушенко түүхийг гуйвуулж байсан Зөвлөлтийн бодлогыг, ЗХУ дахь анти-семитист үзлийг шүүмжилсэн юм. Евтушенко “Ирээдүйн хайгуулчид”, “Гурав дахь цас”, “Газрын эн”, “Ялдам сэтгэл”, “Братскийн УЦС” зэрэг олон ном түүвэр хэвлүүлсэн бөгөөд “Зима өртөө”, “Умардын нэмэгдэл”, “Арван гурав”, “Бүрэн өсөлт” зэрэг найраглал, “Гурав дахь цас”, “Агуу их санаачлагчдын засмал зам”, “Амлалт” зэрэг шүлгүүд нь ихэд алдаршжээ. Түүнээс гадна тэрбээр “Нислэг”, “Хүүхдийн цэцэрлэг”, “Сталиныг нутаглуулсан нь” кинонд тоглосон юм. Евгений Евтушенкогийн зохиолоор хөгжмийн зохиолч Д.Д.Шостакович “13 дугаар симфони” болон “Степан Разинг цаазалсан нь гэдэг симфони найраглал зохиосон аж.

Социалистуудад тэрслүү үзлээрээ адлагдаж амьдарсан ч, рок одоос ч илүү алдартай болсон түүнийг нацистуудын яргаллыг сэтгэлд нэвчтэл бичсэн “Өртөө хавцал” найраглалаар нь дэлхий нийт андахгүй. Энэ алдартай найраглалыг нь соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй орчуулагч монгол хэлнээ буулгаж, “Цог” сэтгүүлд нийтлүүлж байв. “Өртөө хавцал” найраглалд

“…Дөрвөн сарын мөчрийн нахиа шиг

Ариухан, энхрийхэн болчихов.

Надад ч бас хайр буй,

Үггүйгээр тэрнийгээ хэлчихэж чадна.

Нүдгүйгээр тэрнийгээ илчилчихэж чадна.

Хамгийн гол нь

Хайртынхаа нүдийг л харахдаа байдаг.

Харах нь багадвал үнэрлэх нь гол байдаг.

Хайр минь тэр ээ.

Унасан навчийг үнэрлэж болохгүй.

Уужим тэнгэрийг тэвэрч болохгүй.

Хамгийн ариухан нь л,

Хамгийн энхрий нь л-

Харанхуйн дунд

Хоёр биеэрээ тэврэлдэх нь чухал аа” гэсэн уянгын мөрүүд бий. Евтушенко “Сталиныг залгамжлагчид” шүлгээ гаргасан нь Сталинизмын үзэл Зөвлөлтөд үргэлжилсээр байгааг шүүмжилжээ. Энэ шүлэг анх “Правда” сонинд нийтлэгдсэн ба үүнээс хойш 1986 он хүртэл ЗХУ-д ганц ч удаа дахин хэвлэгдээгүй юм. Тэр 1965 онд яруу найрагч Иосиф Бродскийг баривчилсныг эсэргүүцсэн захидал илгээж, 1968 онд Чехословакт ЗХУ цэргээ оруулсныг эсэргүүцсэн захидал эрх баригчдад илгээж байжээ. Чехословакт түрэмгийлэл эхэлснээс хоёр хоногийн дараа Евтушенко “Прагад танкнууд явж байна” нэртэй эсэргүүцлийн шүлгээ зохиосон юм. 1989 онд сонгуулиар Ардын хурлын депутат болсон Евтушенко 1991 онд Борис Ельцинийг дэмжиж байжээ. Дараа нь Чеченьд дайн эхлүүлснээс болоод Ельцинтэй харилцаа муудсан юм. Төрийнхөө тэргүүнтэй муудсан Евтушенко 1991 онд АНУ-д шилжин очиж Америк-Москвагийн хооронд нүүдэллэн амьдрав. Тэрээр “Би Америк улсын хүндэт иргэн. Оклахома мужийн оршин суугч, хотын хүндэт иргэн нь. Тэд өөрсдийн их сургуулиа сурталчлах болохоор миний зургийг нийтэлчихдэг. Эдний хувьд би сургуулийн таних тэмдэг. Тэд надад хайртай, би бас тэдэнд хайртай. Орост намайг ингэж хайрлаж хvндлэх байсан болов уу. Эсвэл аль нэгэн тосгонд нэг муу байшинд ясаа тавих байсан биз” гэж Америкийн сэтгүүлчид ярьсан удаатай.

Монгол эхийн сүү хөхөж хүн болсон дэлхийд цуутай орос найрагч Евгений Евтушенко АНУ-ын Оклахомад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр 84 насандаа тэнгэрт дэвшив. Өнгөрөгч сарын 31-нд бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн Евтушенко эхнэр, хоёр хүүгийнхээ дэргэд эцсийн амьсгалаа хураажээ. Нобелийн шагналт зохиолч Александр Солженицыний бэлэвсэн эхнэр Наталья Солженицына түүний тухай “Евтушенко цэл залуудаа ч, цал буурал ахуйдаа ч жинхэнэ домог болсон хүн байсан. Тэр бол өөрийнхөөрөө амьдарч, жинхэнэ иргэний байр сууринаас бичдэг байсан” гэж Оросын төв телевизэд ярьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яруу найрагчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн. Песков “Евтушенко бол агуу яруу найрагч байсан ба түүний үлдээсэн өв Оросын соёлын салшгүй хэсэг юм” гэсэн байна. Евтушенко өөрийгөө Москвагийн дэргэдэх зохиолчид голдуу амьдардаг Переделкино хэмээх тосгонд Нобелийн шагналт зохиолч Борис Пастернакийн булшны дэргэд хөдөөлүүлэхийг гэрээсэлжээ.