Categories
мэдээ нийгэм

Нийслэлд өвөлждөг шувуудыг тооллоо

Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгууллаа.

2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 шувуу тоолжээ.

Шинжлэх ухааны төдийгүй байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд хүүхэд залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа бөгөөд тооллогын өмнө 2-р сарын 18-ны өдөр “Нийслэлд өвөлждөг шувуудыг тоолох урт хугацааны мониторингийн ажлын арга зүй” сургалтыг зохион байгуулснаар тооллогын чанар, үр дүнд дэвшил гарсан.

Нийт ажиглагдсан 31 зүйл шувуудаас 100 болон түүнээс дээш тоогоор бүртгэгдсэн 11 зүйлийн шувууд байна. Эдгээрийн олонх нь буюу дагуур ятуу, хондон ангир хоёроос бусад нь манай хотын төв орчимд жилийн аль ч улиралд тогтмол тохиолддог ба дийлэнх нь хэрээний овгийн шувууд юм. Хотын ногоон бүсэд буюу суурин газраас зайдуу дагуур ятуу, нөмрөг тас, алаг тоншуул зэрэг шувууд илүү олон тоогоор бүртгэгдсэн. Бусад түгээмэл шувуудын тоонд хөхвөр тагтаа 1624, шивэрэнхэт бялзуухай 1211, хар хэрээ 1050, улаан хушуут жунгаа 825, алаг шаазгай 594, хон хэрээ 294 багтаж байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2017.04.17) хүлээн авч уулзлаа.

Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, найрсаг харилцааны уламжлалт хөрс суурин дээр эдийн засаг, худалдаа, бизнес, соёл, урлагийн гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал бөгөөд ийм сонирхол хоёр талын аль алинд байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Түүнчлэн улс төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Улс хоорондын харилцаа хөгжихөд иргэд хоорондын харилцаа бат бөх гүүр болдог. Тиймээс бизнесийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын шууд харилцааг дэмжих нь чухал. Чех Улсад Монголын 6000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Тэдний ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл, даатгал, цалин хөлсний гэх мэт асуудалд Чехийн төр засаг, холбогдох байгууллагуудаас анхаарал тавина гэдэгт итгэж байна” гэлээ.

Хатагтай Зузка Бебарова-Руйброва “Чех орон, чех хүмүүс Монгол Улс, монголчуудыг сайн нөхөр, анд найзаа гэж хүндэлдэг. Монголчууд Чехэд сурч боловсрон, мэргэжил эзэмшиж, Чехийн геологичид Монголд ажиллаж байв. Хоёр орон олон салбарт хамтран ажиллаж байсны нэг жишээ энэ юм. Чехэд ажиллаж амьдарч байгаа монгол хүмүүсийн хувьд ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй гэдэгт Та итгэж болно. Бид тэдэнд өөрийн эх орондоо байгаатай адил нөхцөл бүрдүүлж өгөх талаар байнга анхаарна” гэв.

Уулзалтын үеэр Орхон аймагт орон сууцны төсөл хэрэгжүүлж буй Монгол, Чехийн хамтарсан “Их хаадын цуваа” компанийн үйл ажиллагааны талаар Чехийн талаас хөндөж, ипотекийн зээл, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Монголын эдийн засагт цаг зуурын хүндрэл үүсээд буйг та бүхэн сайн мэдэж байгаа. Хямралыг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дотор орон сууцжуулах ажил, түүний санхүүжилт, ипотекийн зээлийн асуудал багтаж байгаа. Бэрхшээлт байдал удахгүй арилна гэдэгт бид итгэлтэй байна. Та бүхний тавьсан хүсэлтийг шийдэхэд анхаарна” гэв.

Хатагтай Зузка Бебарова-Руйброва “Танайх өргөн уудам газар нутагтай, хөрсөн дороо асар их баялагтай орон. Түүнээс илүү их баялаг бол монгол хүмүүс. Та бүхэн түр зуурын бэрхшээлээ амжилттай даван туулж, эх орноо хөгжил дэвшилд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж уулзалтын төгсгөлд тэмдэглэж хэлэв.

Уулзалтад БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Мирослава Стрнадлова, Карел Фиедлер, Байнгын хорооны гишүүн Хелена Лангшадлова, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл нарын зэрэг хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл: Зам тээврийн ослоор хүүхэд амь насаа ингэж алдаж буй нь оффшороос ч эмгэнэлтэй

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран өнөөдөр (2017.04.17) “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн М.Оюунчимэг, Д.Мурат, Ц.Цогзолмаа, М.Билэгт, А.Сүхбат нар оролцов.

Эхэнд нь хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр, “Замын цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2010-1016 онд авто замын ослоор бид 300 хүүхдээ алдаж, 7000 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. 2017 он гараад 13 хүүхдээ алджээ. Тиймээс энэ асуудлаар мэргэжлийн хүмүүсийг байлцуулан хэлэлцүүлэг хийе гэж зорьсон. Цагдаагийн байгууллага, сургуулиудад төр засгаас яаж тус дэм болох вэ, хүүхэд осолд орж байгаа шалтгааныг арилгах талаар бид хамтраад юу хийх вэ гэдгийг ярилцъя” гэлээ

Дараа нь Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэд дарга Б.Халиун “Нэгдсэн арга хэмжээний үед хүүхдийг аюулгүй тээвэрлэх журам” сэдвээр мэдээлэл өгсөн.

Э.Бөхбат танилцуулгадаа “0-14 насны хүүхэд авто замын осолд илүү өртдөг. Хот суурин газарт явганаар замын хөдөлгөөнд оролцож буй хүүхэд, хөдөө орон нутагт тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүүхэд осолд илүү өртөж байна. Нийт амь насаа алдсан хүүхдийн 90 хувь нь орон нутгийн замд, 10 хувь нь Улаанбаатарт осолдсон статистик тогтмол гардаг. Сургуулиудын хичээл эхлэх, тарах цагаар сургуулийн орчинд авто машинууд 20-30 км цагийн хурдтай явдаг байвал хүүхдээ осолд өртөхөөс хамгаалж чадна. Ер нь авто машин хурдаа нэг км цагаар хасахад нэг хүүхдийн амь авардаг гэсэн онол байдаг хэмээв. Орон нутгийн замд нэг тээврийн хэрэгслээр олон хүүхэд хамт тээвэрлэдэг, хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг эцэг эхийн хариуцлагагүй үйлдэл хүүхэд зам тээврийн ослоор амиа алдах үндсэн шалтгаан болдог юм байна.

Танилцуулга хийсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Мөн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Хүүхэд амь насаа ингэж алдаж буй нь бидний яриад, анхаарал хандуулаад буй оффшороос ч эмгэнэлтэй. Энэ бол шоу хийх, эсвэл мартах сэдэв биш. Байнга санаж, сэдэж, санаачилгатай байх ажил. Замын цагдаагийн алба энэ чиглэлээр одоогоор сайн ажиллаж байгаа. Бусад байгууллагууд тэдний ажилд тус дэм болох хэрэгтэй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Мурат “Замын цагдаагийн албанаас санаачлан хэвлүүлсэн хүүхдэд зориулсан комик номыг хүүхэлдэйн кино болгон олон нийтэд хүргэхэд хувиасаа ч санхүүжүүлэхэд бэлэн” хэмээсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Япон улсад хамгийн сүүлийн хичээл заасан багш сүүлийн таван минутад хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар сэрэмжлүүлэг, санамж мэдээлэл өгдгийг манай улсад хэрэгжүүлэх нь хөрөнгө санхүү шаардахгүй, шууд хэвшүүлэх боломжтой учир салбарын сайд тушаал гаргах талаар саналаа хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол торгууль оногдуулах заалт хэрэгжих боломжгүй байгааг цагдаагийн ажилтнууд хөндлөө. Хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас хүүхэд нь осолд өртсөн эцэг эхэд торгууль оногдуулах гэхээр хүлээн зөвшөөрөхгүй, иргэний дайн шахуу байдал үүсдэг хэмээн тэд онцолсон. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлах төлөвшил суулгах ажлыг бүх нийтийн оролцоотойгоор хийх шаардлагатайг хэлсэн юм. Энэ ажилд шаардлагатай төсөв хөрөнгийг Өргөдлийн байнгын хороогоор уламжлуулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах боломж бололцоог судлан шийдэхээ Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Өргөдлийн байнгын хорооноос зөвлөмж гаргахаар болсон. Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг нэгтгэн боловсруулж зөвлөмж гарган, сурталчлах ажлыг Өргөдлийн байнгын хорооноос төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж “Надтай холбоотой орон сууцны асуудлыг шалгаад гүтгэлэг гэдгийг тогтоосон” гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд анх удаа зохион байгуулсан билээ.

Уг зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Хэлсэн үгэндээ иргэдийн үгийг олонтаа ишилсэн тэрбээр үгийнхээ төгсгөлд өөрөөрөө ч жишээ татлаа. “Саяхан намайг гүтгээд, энд тэнд орон сууц авсан гээд хуулийн байгуулагад дуудсан. Энэ талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгсөн байсан. Энэ байгууллага маш нарийвчилж шалгадаг юм байна. Хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг тодруулж, шалгасан. Надаас болон гадна дотноос, олон газраас тодруулга авсан. Манай мөрдөн шалгах байгууллагын ажилтнууд үнэхээр мэргэшсэн, хариуцлагатай болсон юм байна гэж би бодсон. Надтай холбоотой тэр орон сууцны асуудлыг шалгаад гүтгэлэг байна гэдгийг нарийвчлан тогтоосон юм” гэж яриад эцэст нь “Манай хуулийн байгууллага иргэн хүний зүгээс асуудал тавьсан л бол хэн ч байсан шалгаад, хариуг нь өгдөг болжээ” хэмээн дүгнэлээ.

Categories
мэдээ нийгэм

245 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзжээ

Авлигатай тэмцэх газар энэ сарын 10-14-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 202 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.

Нийт 549 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 288 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 245 нь зөрчилгүй байсан бол 17-ийг нь буцааж, 26-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 261 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.

Дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Батжаргал, Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Нарантуяа, Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Анхтуяа нарын зэрэг 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 17 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 26 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төр яаж ажилладгийг шүүх харуулдаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд анх удаа зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргээс ирсэн 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, төрийн байгууллагын 121 төлөөлөл, төрийн бус 77 байгууллага, судлаачдын төлөөлөл, дүүргийн хороодын 152 төлөөлөл, нийт 880 төлөөлөгч оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргалаа.

Уг зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Нэгд, шүүх, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хамгийн гол ажил бол хуулийг тэгш хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, иргэн хүний эрх ашгийг хамгаалах гэсэн гол ажил байдаг. Шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн үгээс та бүхэнд хүргэе.

Архангай аймгийн Хайрхан сумын иргэн, Монгол Улсын гавьяат малчин О.Дорж гэдэг хүн ингэж хэлсэн байна. “Би 70 гаруй настай. Анхан шатны шүүх хурлаар дөрвөн удаа, давж заалдах шатны хурлаар гурван удаа, хяналтын шатны хурлаар хоёр удаа орлоо. Анх дарга нарын эсрэг заргалдана гэхэд сэтгэлд багтахгүй байв. Ойр тойрны хүмүүс ч та ингэх хэрэг байна уу гэсэн. Одоо би шүүх хуулийг шударгаар биелүүлж, эрх мэдлээ хэтрүүлдэг задарсан дарга нараас ядарсан иргэдээ хамгаалдаг гэдгийг ойлгож мэдэрлээ. Шүүхийн шинэчлэл цаг үеэ олж, түмний эрх ашгийн төлөө зөв сайхан хэрэгжиж байгааг би бахархалтайгаар мэдлээ” гэж хэлсэн байна.

Эндээс бидний хийж байгаа, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хэр явцтай байгаа нь харагдаж байгаа.

Хоёрт, бидний авч хэрэгжүүлж байгаа нэг чухал ажил, шүүхийн шинэчлэлд гарч байгаа чухал дэвшил бол шүүхийн нээлттэй байдал юм. www.Shuukh.mn гэж вэб сайт байгаа. Энд 15 мянган хүн байнга үйлчлүүлэхээр бүртгүүлсэн гэдэг бол нэг сайтын хувьд маш өндөр тоо юм. Өдөрт 10 мянган хүн тогтмол ханддаг. Жилд давхардсан тоогоор 3 сая хүн хандаж байгаа. Хамгийн гол нь тэндээс жилдээ 150 мянган шүүхийн шийдвэрийг татаж авдаг гэсэн тоо бий. Шүүхийн шийдвэр гараад хэвлэгддэг, мөн вэб сайтуудад гарч шат шатандаа нээлттэй болсон. Энэ нь шүүхийн шийдвэр чанартай гарах, шүүгчид шийдвэр гаргасан үндэслэл, бүх зүйлээ чанартай, хуульд нийцүүлэн гаргахад хүргэж байгаа. Дээр нь иргэдийн ийм том хяналт байгаа.

Бид шүүхийн шинэчлэлийг эхлүүлж байхад 2012 онд 60 мянган хүн вэб сайтад хандаж байсан. Одоо 3 сая хүн гэдэг бол том тоо. 12 дахин өссөн байна. Иргэд шүүхдээ итгэж байгаа, шүүхийн шийдвэрийг сонирхож, оролцогчид тэр шийдвэрийг авч хянах нь асар их нэмэгдсэн нь эндээс харагдана. “Шүүхээр үйлчлүүлж байж л би шинэчлэлийг мэдэрлээ” гэж Баянгол дүүргийн иргэн Г.Ганчимэг ярьжээ. “Би анх удаа шүүхээр үйлчлүүлж байна. Шүүх шинэчлэгдэж, ил тод, шуурхай, нээлтэй ажилладаг болсон талаар мэдээлэл авч байсан. Харин өөрөө шүүхээр үйлчлүүлж байж л үүнийг мэдэрлээ” гэж тэр хэлсэн юм.

Шүүхийн үйл ажиллагааг шүүхээр үйлчлүүлсэн иргэд л өндөр үнэлдэг. Анх шүүхийн шинэчлэл эхэлж байхад шүүхэд итгэх иргэдийн итгэл 20 гаруй хувьтай байсан. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага шүүх эрх мэдлийн шударга байдлын бүрэн шинжилгээ явуулсан. Тэд Монгол Улсын шүүх үнэхээр шударга сайн ажилладаг юм байна гэж дүгнэсэн. Шүүхэд итгэх иргэдийн итгэл 64 хувьтай гарсан. Энэ бол зүгээр л нэг санал асуулгын дүн биш. Мэргэжлийн, олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гаргасан дүгнэлт юм. Монголын шүүхийн шинэчлэл үнэхээр үр дүнтэй явж байгаа нь эндээс харагдаж байна.

Шүүх бол манай төрийн үйл ажиллагааны хамгийн чухал ажил байдаг. Хүний амьдрал ч, нийгмийн амьдрал ч адилхан, байгууллагын үйл ажиллагаа ч адилхан явж явж хувь хүний харилцаанаас шалтгаалдаг. Шүүх рүү хүн айсан, бэргэсэн яадаг бол гэсэн сэтгэгдэлтэй ордог. Тэгэхэд сайхан инээмсэглэж угтаад, мэдэхгүй зүйлд нь хариулт өгч, хамтарч ажиллавал хүмүүсийн хандлага шууд өөрчлөгддөг. “Адууны алгаас аяганы алаг” гэдэг. Хүнийг алагчилж үздэггүй байх нь төрийн хамгийн гол эрхэм зарчим. Үүнийг хамгийн түрүүнд шүүх эрх мэдлийн байгууллага мэдрүүлдэг юм. Хуулийн дор хүмүүс ижил байх, хууль ижил үйлчлэхийг л шударга ёс гэж нэрлэдэг. Шударга ёс гэдэг агуулгаа өөрсдөө бид маш сайн мэддэг байх ёстой.

Говьсүмбэр аймгийн иргэн Х.Төмөрбаатар эрүүгийн маш хүнд гэмт хэрэгт сэрдэгдэж, хоригдож явсан. Шүүх хэргийг нь үнэн зөвөөр, хуульд нийцүүлж шийдсэн юм. Х.Төмөрбаатар “Шүүх бол хэний ч нөлөөнд үл автах, авлига, хээл хахууль, хүнд суртлаас ангид цор ганц байгууллага байгаад би үнэхээр их баярлаж байна. Жил гаруй хугацаанд сэтгэл санаа, бие махбодиороо хохироод зогсохгүй нутаг усныхандаа ч муу нэртэй болсон. Гэсэн ч шүүх үнэн мөнийг тогтоож өгсөнд одоо сэтгэл өөдрөг байна” гэсэн байна.

Ийм л хүмүүс шүүхээр үйлчлүүлж байгаа. Үнэн мөнийг тогтооно гэдэг амар ажил биш. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид үнэн мөнийг тогтоох нэг тал нь болж оролцож байгаа. Тэгэхээр та бүхний үүрэг, хариуцлага ямар өндөр болохыг эндээс харж болох юм.

Шударга байна гэдэг өргөн утгатай үг. Ажлаа хариуцлагатай хийнэ гэсэн үг шүү дээ. Ажилдаа хариуцлагатай хандана гэдэг бол хуулийн хүрээнд ажиллах юм.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ц.Оюунгэрэл “Би жил гаруй хуулийн байгууллагад гомдож, бэтгэрч явсан хүн. Сайхан харилцаа, хандлагаас нь эхлээд миний сэтгэл тайвширсан. Төр байдаг юм байна. Төрийн нэрийг шүүх гаргадаг юм байна. Төрийн нэрийн өмнөөс гаргасан шийдвэр хүчтэй байдаг гэдгийг би шүүхээр үйлчлүүлээд мэдэрлээ” гэж хэлсэн байгаа юм.

Эндээс харахад манай шүүхийн үйл ажиллагаа иргэддээ хүрч байна. Олон газар хүндрэлтэй асуудал шийддэг. Гарч байгаа шийдвэр нь хууль зөрчсөн бол зөрчсөнийг нь хэлж, ял шийтгэл байгаа бол оноож, нөгөө талыг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээдэг учраас шүүхийн танхимаас гарч байгаа хүн бүхэн баяр, талархалтай гарахгүй байж магадгүй. Хуулийн дагуу ял зэмлэл хүртсэн хүн түүнийг хүлээж авдаг. Энэ чиглэлээр манай үйл ажиллагаа явж байгаа.

Шүүх бол төрийн мэргэшсэн үйлчилгээний байгууллага юм. Төр гэж юу вэ гэж асуувал хамгийн хялбараар төр бол шүүх мөн гэж хэлж бараг болно. Төр яаж ажилладгийг шүүх л харуулдаг.

Сайд дарга нарын шийдвэр ч буруу бол шүүхийн өмнө очиж байгаа. УИХ-ын гишүүн ч очиж байгаа. Бүх л албан тушаалтан шүүхээр үйлчлүүлэхээр очиж байгаа. Явж явж төр гэдэг бол зөв бурууг ялгах, нийгмийн гэрээ болсон хуулийг хэрэгжүүлэхэд л оршиж байгаа.

Иргэн С.Наранцацрал гэдэг хүн ярьсан байна. “Дүүгийнхээ хэрэгтэй холбоотойгоор удаан хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд оролцож явсан. Шүүх хуралдаан дууссанаас хоёр цагийн дараа шүүхийн шийдвэрээ гардаж аваад уйлсан. Төрийн байгууллагынхан, тэр дотроо үйлчилгээнийхэн их бухимдалтай санагддаг. Харин шүүхийн хаалгаар ороход л цэвэр орчин, найрсаг хамт олон угтаж авсан. Шүүх үнэхээр үйлчилгээний байгууллага болж төлөвшсөн байна. Шүүгч хурлыг чадварлаг удирдаж, шийдвэрээ ойлгомжтой тайлбарлаж байлаа. Үүнд нь их баярласан” гэжээ.

Бид жирийн иргэн ороод ирэхэд энэ хүн шүүхийн ажиллагааг яаж мэдэх вэ дээ гэсэн байдлаар хандаж болохгүй. Иргэд маш их мэдээлэлтэй, ихийг үзэж дуулсан, харсан байгаа. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулшгүй болсон шүү. Маш их хэрсүү болсон. Наад зах нь гартаа утастай орж байгаа. Дээр үед хүний зураг дарна, бичлэг хийнэ гэдэг зурагчин хүнд, камертай хүнд л олддог боломж байсан. Одоо гурван сая иргэн гурван сая сэтгүүлч болж хувирсан байгаа шүү. Тэдэнд хүндэтгэлтэй хандах, үйл ажиллагаандаа өөрчлөлт гаргах нь чухал. Шүүхэд ийм өөрчлөлт гарахаар төрийн бусад байгууллагад хандах иргэдийн шаардлага өндөрсөж байна. Нийгмийн үйл ажиллагааг зөв зам руу нь оруулж засах боломжийг гаргаж өгч байна.

Миний бас нэг ярих сэдэв бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн зөвлөгөөнтэй холбоотой. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хувьд хуулиар зохицуулсан эрхтэй байдаг. Та бүхэн тангараг өргөж байгаа шүү дээ. “Иргэдийн төлөөлөгч би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээх болно. Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч тэр овогтой тэр” гээд гарын үсгээ зурдаг. Ийм хариуцлагатай ажил хийж байгаа, хариуцлагатайгаар иргэнийхээ үүргийг биелүүлж, нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс юм.

Телевизийн хөтлөгч, СГЗ Батбаяр гуай шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож бас ийм сургалтад сууж, шүүх хуралд оролцсон байгаа юм. “Миний хувьд анх удаа анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Шүүх хуралдаан хуулийн дагуу, дэг журмаараа явлаа. Сонгинохайрхан дүүргээс би иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод, олон нийтийн хяналт хэр явж байгааг иргэдийн төлөөлөгчийн хувьд ажиглалаа. Шүүх үнэхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадаж байна гэсэн сэтгэгдэл төрлөө” гэж ярьсан байгаа юм.

Ингэж ажиллаж, ийм сэтгэгдэлтэй болж байгаа олон мянган иргэдийн маань төлөөлөл өнөөдөр энд ирсэн байна. Та бүхэн өөрсдөө эрхээ сайн мэдэж байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль гэж гарсан. Үүнд заасны дагуу шүүхийн иргэдийн төлөөлөгч нь олон нийтийн төлөөлөл, ил тод байдлын илэрхийлэл гэж үздэг. Үүнээс гадна мэргэжлийн хуульчийн хэмжээнд ёс зүйг баримтлах, хараат бус, нөлөөнд үл автах, хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, шүүгдэгч, хохирогч, хэргийн оролцогчийн гэм буруутай эсэх талаар бичгээр санал дүгнэлт гаргадаг, энэ санал дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгодог болсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийн агуулгыг заавал тусгадаг. Захиргааны ерөнхий хууль гэж гарсан. Захиргааны шүүх байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Цаашид энэ зохицуулалтыг Эрүү, Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хэрэглэх нь зохимжтой. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль анх гарахад зарчмын том шийдвэрийг тусгасан. Тэр шийдвэр Үндсэн хуулийн цэц дээр цуцлагдсан. Уг нь тэр маш том боломж байсан.

Дэлхий нийтийн хандлагыг харахад хуульч биш мэргэжилтэй шүүгч гэж шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг үздэг улс байна. Яг шүүгчтэй адилхан бүх эрх хэмжээг эдлээд, үүрэг хариуцлага хүлээгээд, таслан шийдвэрлэх хэрэгт оролцоод, шийдвэр гаргалцаад явж байгаа улс орнууд байна шүү дээ. Мөн шүүхийн шийдвэр гарахад, таслах үйл ажиллагаанд оролцдог.

Манайд бол анхан шатны хэрэг дээр оролцдог байхаар заасан боловч энэ үйл ажиллагаа зогссон байгаа. Бидний тайлбар бол явж явж шүүх, иргэн хоёр хамтраад хэргийг харж, ярилцаад шийдэх юм бол зөв болох юм. Нөгөө талаасаа шүүгч бол мэргэжлийн хувьд олон жил ажиллаад, өмнө нь сураад, олон шалгуур даваад гарч ирдэг учраас гаргаж байгаа шийдвэр нь тэнд байгаа хүмүүст агуулга нь ойлгомжтой, шийдвэрийн үндэслэл нь ойлгомжтой байдаг. Тийм учраас иргэдийн төлөөлөгч түүнээс нэг их зөрөөд байх боломжгүй. Тийм хэмжээнд шүүгчид цаашаа улам чангараад явах ёстой юм. Иргэдийн төлөөлөгчөөсөө мэдлэг боловсролын хувьд, гаргаж байгаа шийдвэрийн хувьд, үндэслэлийн хувьд дорой юм уу, иргэдийн төлөөлөгчтэйгээ тэнцүү биш, түүний өмнө л шүүгч явж байх ёстой. Тэр боломжийг бид хуульд оруулж өгсөн байсан.

Гэхдээ цаашдаа бид Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар миний зүгээс ярьж байгаад хуулийн төсөл санаачилж өргөн бариад байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн гаргах гэж байгаа саналыг шүүгч шийдвэртээ заавал тусгана. Хэрэв тусгахгүй гэж үзэх юм бол тусгаагүй үндэслэлээ заавал бичдэг болно гэсэн заалт явж байгаа. Үүнийг манай УИХ ойлгож, дэмжиж, шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байх. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг илүү учир утгатай, илүү нөлөөтэй болгоход дэмжнэ гэж найдаж байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагаа, явдаг сургалт, гаргасан хөтөлбөр, гарын авлага гээд зүйлүүдтэй би нэлээд танилцсан. Үнэхээр өндөр түвшинд хүрсэн байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгч өөрөө мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаа тохиолдолд энэ бүхэнтэй танилцаад явах боломжтой болсон.

Өмнө нь шүүхэд ардын төлөөлөгч гэж ордог байсан. Одоогийн иргэдийн төлөөлөгч энэ хоёрын ялгаа ямар болсон, ямар түвшинд байгаа тухай шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр өмнө нь ажиллаж байсан Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын иргэн Ч.Байболд гэдэг хүн ярьсан байна л даа.

“2016 онд та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдлоо, сургалтад хамрагдана уу гэж Шүүхийн Тамгын газраас дуудсанаар сургалтад хамрагдсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон холбогдох бусад мэдээллийг авсан. Үүнээс өмнө би Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа ардын төлөөлөгчөөр сонгогдож шүүн таслах ажиллагаанд оролцож байсан. Одоо бодоход тухайн үеийн ардын төлөөлөгч нь өнөөдрийн эрх зүйн орчин бүрдсэн шүүхийн иргэдийн төлөөлөгч юм байна. Би олон удаа шүүх хуралдаанд оролцож байсан. Тэр үед гаргадаг байсан ардын төлөөлөгчийн дүгнэлт өнөөдрийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хоёр харьцуулахын аргагүй болжээ. Үүнийг шүүхийн шинэтгэлийн бодит үр дүн гэж хэлээд байгаа юм” гэж энэ иргэн дүгнэсэн байна.

Үүнээс авч үзэхэд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр иргэд оролцоно гэдэг нь дахин өөр нэг мэргэжил эзэмшиж байгаа мэт байдаг. Хилс байгаа бол тэрийг нь хэлнэ, хууль зөрчсөн бол шударгаар хэлнэ гэдэг нь чухал. Шударга ёсыг тогтооход гар бие оролцож байгаа хүмүүс бол та бүхэн шүү. Тэгэхээр эдгээр хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэдгээрийн 15 хувь нь малчид, 15 орчим хувь нь тэтгэврийн насны иргэд байна. Мөн гэртээ үр хүүхдээ харж байгаа эхчүүд хүртэл байна. Тэгэхээр манай иргэд шүүхийн шийдвэрт ингэж оролцоно гэдэг нь чухал байна.

Энэ тухай Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Цэгмид гэж хүний хэлснээр “Шүүх хуралд оролцох нь хүнд хэцүү ажил мэт санагдсан. Ер нь шүүхийн үйл ажиллагаа хэцүү юм байна. Гэхдээ шүүн таслах ажиллагаа шударга, хуулийн дагуу явагддаг юм байна” гэсэн. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байгаа хүн л үүнийг мэдрэхээс биш гаднаас нь дүгнэх боломжгүй. Шүүх бол хүнтэй харилцах хамгийн чухал үйл ажиллагаа юм.

Сүхбаатар аймгийн иргэн Н.Очирбат “Шүүх шинэчлэгдлээ, ил тод боллоо гэж зурагтаар олонтаа ярих боллоо. Нарийн учрыг нь сайн ойлгодоггүй байсан. Харин одоо шүүхийн иргэдийн төлөөлөгч болж нарийн учрыг нь олж, энэ талаарх мэдээлэл сайтай боллоо. Шүүхийн талаарх мэдээллийг их үзэж, сайтар ойлгодог болсон. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бусад иргэдэд хандаж уриалъя. Шүүх хуралдаа цааргалалгүй ирж оролцож байгаарай. Ингэж иргэнийхээ үүргийг биелүүлэх нь сайхан юм” хэмээжээ.

Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч Завханы иргэн Л.Жаргалсайхан “Урьд нь би шүүхийн талаарх төсөөлөлгүй байсан. Эрх зүйн мэдлэггүй байсан. Тэгээд дараа нь шүүхээс зохион байгуулсан сургалтаас их зүйлийг ойлголоо. Шүүхийн байгууллагын ажилтнууд зан харилцаа сайн, мэдэхгүй байгаа зүйлээ асуухад эелдгээр хариулж байсан болохоор надад хүндрэлтэй асуудал ерөөсөө тохиолдоогүй ээ” гэжээ.

Энэ бүхнээс харахад манай шүүхийн иргэдийн төлөөлөгчид энэ ажилдаа сэтгэл хангалуун байж, цаашид улам сайжраад явах боломжтой юм. Шүүхийн шинэчлэл, энэ салбарт хэрэгжиж буй энэ ажилд шүүгчдийн өөрсдийнх нь оролцоо, хувь нэмэр хамгаас чухал. Шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх шинэтгэлийн ажлыг хамгийн баяртай хүлээн авсан хүмүүс бол шүүгчид байсан.

Анхан шат, дунд шат, удирдах шат гээд бүх шатны шүүхийн шүүгчид шинэтгэлийг талархалтайгаар хүлээн авч, хамтран ажилласанд бид баяртай байдаг. Шүүх бол зөвхөн агуулгын хувьд биш, боловсон хүчний хувьд мөн шинэчлэгдсэн. Манайд 475 шүүгч байгаа гэсэн тооцоо бий. Бүх хуулиа хэрэгжүүлээд ажиллах юм бол 700 гаруй шүүгч байх ёстой гэж үздэг. Энэ 475 шүүгчийн 140 орчим нь шинээр орсон байгаа. Тэгэхээр шүүхийн шинэ шаардлага, энэ өрсөлдөөн дундуур гуравны нэгээр манай шүүх байгууллага хүч сэлбэсэн. Энэ нь аль нэг намын нөлөөгөөр болж байгаа хэрэг биш. Аливаа төрийн байгууллага энэ маягаар шинэчлэгдэж, боловсон хүчнээ сэлбэх ёстой юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл бие даасан нь мөн чухал. Үүнийг шинээр байгуулсан байгууллага гэж манайхан ойлгоод байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл бол үйл ажиллагааных нь зарчим, утга агуулга чиг үүргийг Үндсэн хуульд зааж өгсөн Үндсэн хуулийн байгууллага юм. Үндсэн хуулийн 49-3-р заалтын дагуу шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэж байдаг.

Ер нь шүүхийн хараат бус байдлыг хангахад маш олон ажлыг хийх ёстой. Мөн шүүхийн байр, ажиллах нөхцөл гээд олон зүйл бий. Энэ бүхнийг бид хийх ёстой. УИХ болон Засгийн газар өнөөгийн хүрсэн түвшнээс ухармаагүй байна. Шүүхийн төсөв санхүүжилт 2014 оноос хойш хэвээр байгаа. Цаашид улс орны эдийн засаг ямар ч хямралтай байсан энэ түвшнээ хадгалах ёстой. Мөн Үндсэн хуулийн 48-3 дугаар заалтад “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан байдаг.

Төрийн байгууллагад олон жил ажилласан иргэний хэлснийг энд иш татъя. Иргэн Р.Батжаргал шүүхээр удаа дараа явж өөрийн эрх ашгаа хамгаалуулж чадсан. Тэрээр “Давж заалдах шатны шүүхийн танхимд ирэхэд шүүх биш, утга соёлын танхимд ирж байна уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Ингэж сайхан тохижуулсан нь сэтгэлийг тайвшруулж байсан” гэжээ. Шүүхийн бүх танхим ийм сайхан болж чадаагүй байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэхээр сайхан хэрэг, их амжилт.

Шүүхийн өөр нэг том дэвшил бол иргэндээ хүрч, ойртож ажиллаж чадаж байгаа явдал. Үүний нэг том жишээ бол эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа юм. Шүүхэд хандах нийт асуудлын 20 гаруй хувь нь эвлэрүүлэн зуучлахаар дамжиж байгаа. Энэ нь тэр хэмжээгээр шүүхийн ачааллыг хөнгөлж байгаа гэсэн үг юм. Энэ нь иргэний шүүх дээр хэрэгжиж байгаа бөгөөд цаашид захиргаа, эрүүгийн шүүх дээр ч энэ арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ярилцаж байна.

2014 онд эвлэрүүлэн зуучлахаар 5122 маргааныг шийдвэрлэсэн бол 2016 онд 12589 маргаан шийдсэн байна. Ийм өндөр үзүүлэлттэй байгаа нь эвлэрүүлэн зуучлах шүүх нь иргэдэд үнэхээр тустай болохыг харуулж байна. Иргэний эрх зүйн маргаан, иргэд хоорондын маргаан их байна.

Нэг нь хохирч, нэг нь даварч шийдэгддэг биш, хоёулаа эвлэрч шийдэгддэг байвал сайн. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэж монголчууд ярьдаг шүү дээ. Зуун хүн ирэхэд 85 нь эвлэрээд гарч байна. Эвлэрүүлэхэд хэцүү нь гэр бүлийн маргаан байдаг. Гэр бүлийн хоёр сална гээд шийдчихсэн бол ер нь салж дуусах гээд байдаг. Гэхдээ салах өргөдлөө өгсөн нийт иргэдийн арван хэдэн хувь нь эвлэрээд буцаж байна.

Тэгэхээр гэр бүл салалтыг бууруулж чадвал эвлэрүүлэн зуучлах салбарын үзүүлэлт эрс сайжрах боломжтой. Ингэснээр нийгэм маань хүнлэг энэрэнгүй болно. Хүндээ үйлчилж, хохирсон иргэндээ зөв дэмжлэг үзүүлж чадвал гайхамшигтай үр дүнд хүрнэ.

Увс аймгийн Тэс сумын малчин Ц.Үржинсайхан “Миний нэхэмжлэлийг түргэн шуурхай шийдэж өгсөн шүүхэд баярлаж байна. Хөдөөний бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл их байдаг юм. Мэдэхгүй зүйлээ асуухад түвэгшээлгүй тайлбарлаж өгч байсан нь үнэхээр сайхан байлаа. Энэ харилцаа надад эелдэг дулаан сэтгэгдэл төрүүллээ” гэж хэлсэн байна.

Иргэд, аж ахуйн нэгжийн маргаанд оролцож байсан иргэн Л.Өлзийцэцэг “Амьдаараа үхэж явсан надад шүүгчийн асуулт халамж мэт санагдсан” гэжээ. Шүүгч нь “Та хоёр энэ асуудлыг тохироод шийдсэн юм байна. Яагаад үүнийг хохирол гэж үзээд байгаа юм” гэж асуусан. Гэтэл шүүгчийн энэ асуулт тэр эмэгтэйг сэхээрүүлсэн байна. Шүүгч ингэж ажиллаж гэдэг чухал.

Цаашид анхаарах шаардлагатай хоёр гурван зүйл бий. Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шүүхийн байгууллагад өгсөн үнэлгээний талаар би дээр дурдсан. Энэ үнэлгээний хувьд сэтгэл зовоосон нэг зүйл бол авлигын түвшин юм.

Монгол Улс авлигын түвшингээр олон улсад 120 дугаарт байсан бол 2015 оны дүнгээр 72 дугаар байрт дэвшсэн. Үүнээс харахад Монголын авлигын түвшин 2011 оноос хойш жил тутам буурсан. Энэ хугацаанд 48 байраар ахина гэдэг бол маш том дэвшил. Энэ бол та бүхний болон шүүхийн байгууллагуудыг үнэлсэн дүгнэлт гэсэн үг. Гэвч 2016 оны дүнгээр Монголын авлигын индекс дэлхийд 72-т байснаас 87 дугаар байрт шилжин буурсан. Энд шинэ нөхцөл байдал үүссэн, шинэ аргачлалаар улс орны авлигын түвшинг дүгнэдэг болсон гэх мэт хүчин зүйлс бий байх. Гэхдээ үүнд болон нийгмийн шударга ёсны асуудалд УИХ, Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Энэ бол Монголын төрд гарсан шинэ эрх баригчдад өгч буй сануулга юм. Мөн удахгүй сонгогдох шинэ Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарах нь зүйтэй.

Шударга ёс гэдэг бол нэг хүн ярьж байгаад орхидог асуудал биш. Үүнийг нийгэм нийтээрээ хүсэмжилж байж бүтдэг юм. Шударга ёс тогтоо гэж бүгдээрээ шаарддаг мөртөө энэ хэцүү ажлын дундуур явж байхад эргээд тархиа угаалгаад буруу зөвөө ялгахгүй болчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм амар хялбар зүйл биш. Энэ бодлого улам чангарах ёстой. Яагаад гэвэл энэ нь нийгмээс, иргэдээс бидэнд тавих шаардлага учраас тэр.

Нэг зүйлийг бид сайн ойлгох хэрэгтэй. Хууль биелүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг. Сайн сайхан амьдарна гэдэг нь баян чинээлэг явна гэсэн үг биш шүү дээ. Сайхан амьдарна гэдэг нь хуулийн дагуу амьдрахыг л хэлнэ. Хүн хуулиар амьдралаа зохицуулж байвал сайхан амьдарч байгаагийн илрэл юм. Шударга зөв амьдрах нь өөрөө бахархал юм. Өөртөө хууль, үнэт зүйл, зарчимтай хүн бол хэзээ ч эвдэрдэггүй. Хуулийг хэзээ ч зөрчдөггүй, муу зүйл хийдэггүй. Төрийн ямар ч албан тушаалд ажиллаж байсан өөрийн гэсэн хил хязгаар, зарчимтай байвал цаашид юунд ч санаа зовох хэрэггүй.

Саяхан намайг гүтгээд, энд тэнд орон сууц авсан гээд хуулийн байгуулагад дуудсан. Энэ талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгсөн байсан. Энэ байгууллага маш нарийвчилж шалгадаг юм байна. Хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг тодруулдаг, шалгадаг юм байна. Надаас болон гадна дотноос, олон газраас тодруулга авсан. Манай мөрдөн шалгах байгууллагын ажилтнууд үнэхээр мэргэшсэн, хариуцлагатай болсон юм байна гэж бид дараа нь бодсон. Надтай холбоотой тэр орон сууцны асуудлыг шалгаад гүтгэлэг байна гэдгийг нарийвчлан тогтоосон.

Манай хуулийн байгууллага иргэн хүний зүгээс асуудал тавьсан л бол хэн ч байсан шалгаад хариуг нь өгдөг болжээ. Хуул зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт сая орж ирлээ. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа, бидний ярьсан энэ асуудлуудыг цаашид бодлогын түвшинд хэрэгжүүлж ажиллахад Хууль зүй, дотоод хэргийн сайд чухал үүрэгтэй.

УИХ удахгүй хэд хэдэн чухал хууль хэлэлцэх гэж байна. Та бүхний барьж ажиллах чухал хуулиуд юм. 2017 оны долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ гэж хойшлуулсан Эрүүгийн хууль бол манай шүүх байгууллагын барьдаг гол хуулиудын нэг. Энэ хуульд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг манай шинэ Засгийн газар оруулж байна. Мөн Эрүүгийн хуулийн хянан шалгах ажиллагааны тухай хууль, Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хууль орж байна. Эдгээр хуулиуд батлагдаад ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагаанд агуулгын хувьд шинэчлэл гарч байна. Барьдаг ном чинь өөрчлөгдөж байна гэсэн үг.

Шинэчлэл бол нэг хийгээд зогсдог зүйл биш. Дараа жилээс эдгээр хууль болон бусад шинэчлэл мөн дахин шинэчлэгдэж байх ёстой. Мөн прокурорын хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль гээд тодорхой байгууллагуудтай холбоотой хуулийг шинэчлээд ирэхээр бидний 27 жилийн турш төлөвлөж хийсэн үйл ажиллагаа, шинэчлэлийн нэлээд хэсэг нь шийдэгдэж байгаа гэсэн үг юм.

Шүүхийн үйл ажиллагааны талаар яриагаа иргэдийн ярьсан зүйлээр эхэлсэн. Мөн үүгээр энэ яриагаа өндөрлөе. Иргэн Б.Баяраа гэх эмэгтэй “Би шүүхэд таван удаа хандахад бүгдэнд нь ялж, эрхээ хамгаалуулсан. Гэхдээ надад шүүхэд танил тал хэлхээ холбоо байхгүй. Монголын шүүх хэрэг маргааны үнэн мөнийг олдог юм байна гэдгийг миний амьдралд тохиолдсон үйл явдал бүр харуулсан. Нийгэмд болж буй шударга бус зүйлийг шүүх таслан зогсоож, эцэслэн шийдвэрлэж, эмхлэн цэгцэлж байгаасай. Төрийн тамга тэмдэг барьсан энэ их луйварчдыг дэгд нь оруулж, сайн цэгцэлж өгөөсэй. Ард иргэдийг төрийн тамга барьсан хүмүүс дарамталж дээрэмддэг шиг шүүх өөрсдийг нь хашрааж жигшээж байдаг байгууллага байгаасай гэж би хүсч байна. Монголд итгэж болох нэг зүйл бол шүүх засаглал байна. Өөр ч итгэх зүйл алга даа. Монголын шүүх үнэнч шударга, хүний төлөө аливаа зүйлийн учир начрыг олж байж асуудлаа зөв шийддэгийг нь өөрийн биеэр мэдэрсэн. Над шиг ядарч зүдэрсэн хүмүүс Монгол Улсын иргэний хувьд өөртөө болон шүүхэд итгэх итгэлтэй байж болно гэдгийг би баттай хэлнэ” гэж ярьжээ.

Тэгэхээр би үгийнхээ өмнө шүүхийн үйл ажиллагаа сайн байна гэж ярьсан албаны хүнээс илүүтэй шүүхийн байгууллагаар орсон иргэн хүний сэтгэгдэл бол энэ салбарт өгч буй үнэлгээ юм гэж хэлсэн шүү дээ. Хөдөө орон нутаг, аймаг сумдаас төлөөлж, цаг заваа гарган, иргэний үүргээ ийм өндөр хэмжээнд биелүүлж, энэ чухал зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Монгол Улсын иргэн байна гэдэг хамгийн том нэр төр юм. Энэ улсын иргэний үүргээ хуулийн дагуу сайн биелүүлнэ гэдэг нь хамгийн том бахархал. Иргэдийн өмнө тугаа мандуулан яваа хүмүүс бол манай шүүхийн иргэдийн төлөөлөгчид юм. Та бүхний ажилд амжилт хүсье.

Монголын нийгэм улам бүр шударга сайхан байж, хууль нь тэгш зөв хэрэгжиж, ажил нь улам бүр дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ-д албан ёсоор ял тулгалаа

Өнөөдөр Өмнөд Солонгосын Прокурорын газраас авлигын хэргээр буруутгагдаад байгаа Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д албан ёсоор ял тулгах болсноо зарлалаа. Тэрбээр 1990 оноос хойш авлигын хэргээр шийтгэгдэж буй хоёр дахь Ерөнхийлөгч нь болж байна. Өдгөө 65 настай Пак Гын Хэ-д найз Чой Сүн Шил-н хэрэгтэй холбогдуулан 13 зүйл ангиар ял тулгаж байгаа юм. Түүнд бүх насаар нь хорих ял өгөх магадлал тун өндөр байна. Гэвч тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн нотолсоор байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Төгсөлтийн арга хэмжээнд зориулан мөнгө хураахгүй байх шаардлагыг ЕБС-ийн захирлуудад хүргүүлжээ

Улаанбаатар хотод энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233,545 сурагч суралцаж байна.

Бага боловсролыг 19,127, суурь боловсролыг 14,182, бүрэн дунд боловсролыг 15,062 сурагч дүүргэж байгаа аж.

Тэгвэл “Боловсролын тухай хууль”, Боловсрол соёл, Шинжлэх Ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаал, болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төгсөлтийн баярыг тэмдэглэх талаар зөвлөмжийг боловсруулжээ.

Төгсөлтийн баярын арга хэмжээг 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд эрдмийн баяр, хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн захирлуудад хүргүүлжээ.

Үүнд:

  • “Эрдмийн баяр”-ыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар дүүрэг бүр нэг өдөр зохион байгуулах.
  • “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхдээ сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ тайлагнах тайлант өдөрлөг, боловсролын гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах.
  • Эрдмийн баяр”-ыг зохион байгуулахдаа төгсөгчдийг урамшуулах,тэргүүний сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулах.
  • Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, хороодын хэсгийн байцаагч, хорооны засаг дарга нарт “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх мэдээлэл хүргүүлж, аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах.
  • “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах, тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллах. /Эцэг эхийн зөвлөл, school police/
  • Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.
  • “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааны нэг хэсэг болгож, сургууль бүр ногоон орчин бий болгох, хийсэн ажлаа олон нийтэд таниулж, бусдадаа бүтээлч зөв үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах.
  • Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аялал” аяныг 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн номын сан, музей, түүхийн дурсгалт газар, үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяллыг сургууль бүр зохион байгуулах.
  • “Боловсрол төгөл”-д сургууль бүр 12 дугаар ангийн төгсөгчдийн нэрэмжит мод тарих ажлыг зохион байгуулах.
  • Анги удирдсан багш нар төгсөх ангийн сурагчдад гэмт хэрэгт холбогдох, хэвжурмын болон ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага, уулзалтыг 4 сард багтаан зохион байгуулах.
  • Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлсэн ажлын тайланг дүүрэг тус бүр нэгтгэн 2017 оны зургаадугаар сарын 09-ний дотор нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх.

“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү зөвлөмж нь нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад хамаарна.

Categories
мэдээ нийгэм

Баруун хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгоно

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд өнөөдөр ээлжит шуурхай хуралдаанаа хийж, салбарын хэмжээнд тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлын талаар зөвлөлдөж, холбогдох газрууд тодорхой үүрэг чиглэл авлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат шуурхай хуралдааны үеэр УБТЗ ХНН-ээс 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу форум, үйл ажиллагаа зохион байгуулж, томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг сайшаав. Тиймээс бусад харьяа байгууллагууд энэ мэт үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар мөрдөн хэвшүүлэх хэрэгтэйг онцлов.

Баруун талдаа хүрдтэй автомашины гэрлийн тохиргоо стандартын бус байдгаас осол аваар гарах эрсдэл үүсч байгаа тул Автотээврийн үндэсний төвөөс баруун хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгон өөрчлөх судалгаа хийгдэж байгаа аж.

Шуурхай хурлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах хүрээнд тэдэнд зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах, нийгэм-сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох боломжийг нь хангахад анхаарч ажиллахыг салбарын сайд харьяа байгууллагуудад үүрэг болгов.

Түүнчлэн байгаль орчинд хор хөнөөлтэй зам, тээврийн хог хаягдалд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэлгүй дахин боловсруулалт хийж буй хувийн хэвшил, аж ахуй нэгж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг салбарын сайд онцоллоо. Тиймээс ЗТХЯ, БОНХАЖЯ-наас хамтарсан тушаал гаргах ажлыг зохион байгуулахаар болов.

Мөн Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын бүс болгох хүрээнд Хатгал тосгоноос нуурын баруун эрэг хүртэлх автозамын асуудлыг шийдэхэд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах үүргийг өглөө. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул Хөвсгөл далайд аялж байгаа хөлөг онгоц, усан завиудад үзлэг, шалгалт хийж, зөвшөөрөл, гэрчилгээ олгодог болгох асуудлыг тус хуралдаанаар хэлэлцэв.

Categories
мэдээ улс-төр

О.Магнай: Эрх баригч нам худлаа ярьж улстөрийн оноо авч сонгуульд ялсан нь батлагдлаа

Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлэг хамтарч өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд төсвийн тодотголоор долоон төрлийн татварыг нэмсэн тухай болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг салбартаа гарсан хариуцлагагүй үйлдлүүдийг ухамсарлан сайн дураараа огцрох ёстой хэмээн мэдэгдлээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: “Өнгөрсөн долоо хоногт баталсан төсвийн тодотголыг МАН өнгөрсөн сонгуулиар амласан амлалтаасаа буцлаа гэж харж байна. Худлаа ярьж улстөрийн оноо авч сонгуульд ялалт байгуулсан нь батлагдлаа гэж бодож байна. Эдийн засаг хүнд байгаа үед төр засаг өөрсдийн бүсийг чангалах ёстой байтал иргэдийн бүсийг чангалж, ард түмэнд ачаа үүрүүлж энэ хямралыг давахад иргэдэд ээлгүй хувилбарыг сонгосон гэж бид үзэж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт “Таван толгой” цэргийн сургуулилтын баазад харамсалтай хэрэг боллоо. Энэ бол цэвэр улстөрийн хувьд хариуцаж байгаа салбарын яам, цаашлаад сайд нь хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн зарчмын байр суурийг АН барьж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам долоон төрлийн татварыг төсвийн тодотголоор нэмлээ. Засгийн газрын яг оруулж ирсэн хэлбэрээр баталлаа. Сөрөг хүчиний зүгээс эдгээр татварыг нэмэх асуудлыг эсэргүүцэж, үүнийг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан байгаа. Тухайлбал, Цахилгаан машин приусны татварыг нэмүүлэхгүй гэсэн санал гаргасан боловч эрх баригчид нэмэхээр шийдвэр гаргасан. Үүнээс болж зах зээл дээр машин болон бусад онцгой татварууд нэмэгдлээ.

Мөн тэтгэврийн насыг нэмүүлэхгүй гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Харамсалтай нь олонхийн бүлэг нэмэх шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нэмүүлэхгүй гэдэг саналыг АН-ын бүлэг гаргасан ч нэмсэн. Маш олон аймаг сумдын Засаг даргыг баталж өгөхгүй байна. Жишээ нь Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын асуудал байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол улстөрийн акц хийнэ гэдгээ анхааруулж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Өнгөрсөн долоон хоногт долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Гэхдээ хоёр зүйл дээр эргэж хараасай гэж бодож энэ зүйлийг хэлэхийг хүссэн юм. Энэ долоон татварын гурвыг нь тавдугаар сарын 1-нээс авч эхэлнэ. Нэг нь хадгаламжийн хүүгээс татвар авах шийдвэр юм. Автомашины онцгой албан татвар, тамхины татвар мөн эхэлнэ.

Хугацаа өгөхгүйгээр шууд татвар нэмж байгаа нь автомашин борлуулагчдын бухимдлыг төрүүлж байгаа талаар бидэнд гомдол ирж байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан. Гэтэл одоо энэ хэрэгжихгүй болж байна.

О.ӨНӨР