Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов. Өнгөрсөн удаагийн хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд тус тус зохион байгуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Токио хот агаарын бохирдолтой хэрхэн тэмцдэгээ танилцуулав

Хотын дарга С.Батболд Токио хотод айлчлах үеэрээ тус хотын Агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав. Хүрээлэн буй орчны судалгааны төвийн захирал Накамура Тохик хот он удаан жил агаарын бохирдолтой тэмцэж ирсэнийг эхлээд дуулгалаа. Агаарын бохирдлын эсрэг Токио хот ямар арга хэмжээ авдаг талаар хотын захиргааны Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга Такеаки Орихара танилцуулав. Түүний хэлснээр утаа, агаарын бохирдлоосоо салахын тулд эхлээд аж үйлдвэр, станцаас гарч буй утааны эсрэг арга хэмжээ хэрэгжүүлжээ. Токио хотыг эрчим хүчээр хангадаг TEPCO цахилгаан станцтай хотын захирагаанаас гэрээ байгуулсан байна. Эрчим хүч гаргахдаа нэн бага хүхрийн агууламжтай газрын тос ашиглах гэрээ байгуулжээ. газрын тосон дахь хүхрийн агууламжийг тогтоох тогтоол гаргаж, 2003 онд дизель хөдөлгүүртэй автомашинуудыг зохицуулах дүрэм журам гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Токио хотод Энгийн орчны агаарын бохирдлыг хэмжих төв 47, Зам дагуух агаарын бохирдлыг хэмжих цэг 35 бий. Үүнээс гадна өндөрлөг газар, ой доторх агаарын чанарыг хэмжиж харьцуулсан судалгаа хийдэг байна.

2003 оноос дизель машинд хязгаарлалт тавьснаас хойш агаарын бохирдол байнга буурч ирсэн гэнэ. Агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ 10 жилийн хугацаанд 50 хувь буурсаныг хотын дарга С.Батболдод танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид автомашинаас ялгарч байгаа утаа, хийнд хэмжилт хийдэг лабораторитой мөн танилцав. Токио хотод 2 жилд нэг удаа автомашинуудыг үзлэгт оруулж, замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг шийддэг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“АРДЫН ҮГ” ба АРДЫН УУР

Монголыг хуурах амархан (монголд ойлгуулах хэцүү)-II

НЭГ. АРДЫН УУР

Ард түмний тодорхой хэсэг үргэлж ууртай байдаг. Жишээлэхэд, “авлигатай тэмцэхгүй байна” хэмээн шударга ёс хүссэн хэсэг уурлана. Тэмцээд эхлэхээр авлигачид болоод тэдэнтэй нэг тогооноос хооллож ирсэн хамууд, цаашдаа авлигаар хооллон үлдэх боломжгүй болсноо харсан хэсэг нь уурлана. Хулгайн хэргийг шударга шүүвэл хариуцагч уурлана, ял завшуулбал хохирогч уурлана…ард түмэн үргэлж уурлана.

Ялангуяа хямрал нүүрлэж аягатай хоол нь өдөр өдрөөр дундарч байгаа цагт бүр ч их уурлана…Тэр уурыг хэн нэгэнд гаргахгүй бол өөрөө дэлбэрнэ, бидний сайн мэдэх жишээгээр бол хийг нь гаргаагүй хорхог шиг буудна. Сонирхолтой нь хорхогийг дэлбэлж байгаа хүчин зүйлийг ч бас “уур” гэдэг. Ийм учраас сэтгэл, санааныхаа эрүүл мэндийг хамгаалах нэгэн аргатай төрсөн нь хорхог шиг уураа гаргах юм. Уур бол галзуурахаас сэргийлдэг дархлаа бас мөн.

Зарим хүн ажил бүтэхгүй болохоор хамаг уураа гэр бүлдээ гаргаж хүүхдээ зодож, эхнэрээ дарамтална. Зарим нь бусдын уур дээр уур нэмэн нийгэмд даралт үүсгэж, ёс суртахууны дэлбэрэлт үүсгэн бах таваа хангана. Мянга мянган хүнийг уурлуулан цуглуулж, өөрийн уурыг нэмэн нэмэн буйлуулна. Тэгээд өөрийнх нь уур үржин өсч байгааг харж сая амсхийнэ. Зарим хүн өөрийн сэтгэлийг зовлонгүй болгож байж санаа амардаг бол нөгөө хэсэг нь бусдыг яг өөр шигээ зовлонтой болгож санаа амардаг гэсэн үг.

Зовлонг арилгаж биш, харин ч түгээж, үржүүлж, өөр шигээ зовлонтон шинээр бий болгож баймаажин тайтгарах арга нь нэн эртээс үүсэлтэй. Чухам эндээс “нүдийг нь чинь ухвал нүдийг нь ух, хамрынхаа оронд хамрыг нь ав” гэдэг мөрдлөгөө гарчээ.

Гэвч цус нөж, нус нулимс араасаа дагуулсан тайтгарлын философи маань он жилийн уртад өөрчлөгдөв. Тэнд нэг дүрэм байгааг харжээ. Тэр нь энгийн. Чиний уураа гаргаж сэтгэлийн даралтаа хэвийн болгох процесс өөр хэн нэгний даралтыг ихэсгэх ёсгүй. Өөрөөр хэлбэл халдвар тараах замаар өвчнөө дарахыг хориглодог гэсэн үг. Энэ дүрэмд хүрэх гэж үнэхээр их юм үзсэн дээ.

Бид энэ дүрмээс жаахан хол өссөн. Юуны өмнө малчин нүүдэлчдийн амьдрал стресс багатай байсан. Энэ нь төрийн болон нийгмийн дарамтаас хол амьдардаг, аж төрөл нь мөн л нийгэм төрийн хүчин зүйлээс хамаарал багатай байсантай холбоотой байх. (Мал сүрэг өсч үржих эсэх нь байгалиас хамаатай. Байгалийн энэ хамаарлыг хүн өөрчлөх боломж байхгүй шахам учраас тэрэнд санаа зовдоггүй байжээ)

Яаж ийж чардайж байгаад, чоно нохойнд ч юм уу уурлаад ч стресс, депресст орж чадлаа гэж бодъё. Ганц гэрээрээ, сайндаа хот айлаараа нутаглах тул уураа гаргах олон түмэн, стрессээ халдаан үржүүлэх масс ойр хавьд байхгүй. Хөрш айлаа стресстүүлээд байвал салаад нүүнэ. Авгай хүүхдэдээ түүнээ гаргах ч амаргүй. Монгол эхнэр омголон агаад чөлөөтэй, хэдэн хүүхдээ чирээд аав, ээж рүүгээ явчихаас сийхгүй. Гэтэл арай гэж олж авсан стрессээ хаячихад хайран байдаг. Саахалт руу очиж уураа юүлэх гээд мордож болно. Гэвч явах замдаа байгалийн сайханд стресс нь тайлагдана. Нэг мэдсэн чинь шувуудын жиргээ чагнан, жамъянмядаг дэлгэрснийг ажсаар сэтгэл хөнгөрөх төдийгүй сэргээд дуу аялаад авсан ч байж мэднэ.

Сэрэмж алдах шахсанаа анзаарсан уурлагч “Цусаар урс гэж, гэнэдээд тайтгарчих шахлаа. Ингээд байвал гол зорилгоосоо хазайх нь байна. Ингэхэд би чинь юунд уурлаж яваа билээ… Ээ нөжөөр тээглэ… мартцан байна ш дээ….Аа тийм, чононоос болж стресстсэн ш дээ. Бурхан минь, сануулсанд баярлалаа…Энэ жаахан стрессээ олдсон дээр нь сайн ариглаж байгаад депресс болгох юм хуна” гэж үглэсээр морио давирах буйзаа. Очсон айл нь хүний мөрөөс, мэдээллийн өлсгөлөн болчихсон байх тул юун уур цухал хүлээн авч дэврээх вэ, харин ч сонин юм дуулж таашаал авна…одоо уураа тарваганы нүхэнд л хаядаг байх даа.

ХОЁР. ХОРИОТОЙ УУР

Тэгвэл “бидний стресс социализмд яасан байхнуу” гэсэн асуулт гарна. Тэнд бид анх удаа бөөгнөрсөн, суурьшсан. Уураа бие биедээ наах боломж гарсан. Нийгмийн психологийн нэгэн сонирхолтой үзэгдэл энд ажиглагддаг. Хүн уур цухлаа гаргах нь хориотой дэглэмд орсноо ухамсарлахын хэрээр стресст орох нь багасдаг бололтой. Магадгүй, сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалах байгалийн нэгэн зөн байх. Малчин нүүдэлчин хүн ган зудыг өөрчлөх чадамжгүй болохоо ухамсарлахын хэрээр хувь заяандаа найдаж эхэлдэг. Тэр хэрээрээ өөртөө найдахаа больдог. Нэгэнт өөртөө найдах хэрэггүй учраас стресстэж өөрийгөө зовоохгүй, харин түүний оронд хүнд хэцүү тавилангаа туулан гарах сэтгэл зүйн бэлтгэлээ хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хувь заяа өөрөөс нь хамаарахгүй, тэгж оролдох нь осолтой үед өөрийгөө хамгаалах үүднээс сэтгэлийн уур хилэн өдөөгдөх нь багасдаг, эсвэл нууц байдалд орж эзнээ зовоохоо байдаг байж болох талтай.

Эцсийн дүндээ стресс уур уцаар нь түүнийгээ тайлах боломжийг дагаж үүсдэг. Хэдийгээр хэлэхэд муухай боловч “чөлөөт нийгэм нь стресс, нийгмийн уур хилэнг ил болгодог. Тайлах боломж байхын хэрээр хувь хүмүүсийн болон нийгмийн стресс ил харагддаг” бололтой.

Социалист дэглэмийн үед “нийгмийн эрх чөлөөний таглаа”-г гурван удаа сөхөж олон нийтийн сэтгэл зүйн даралтыг хөнгөлж үзсэн. Эхний хоёрыг эргүүлэн илүү чанга тагласан байдаг. Энэ нь “Их хэлмэгдүүлэлт”-ээр эргүүлж дарсан “Шинэ эргэлтийн бодлого”, мөн “Сэхээтний төөрөгдөл” хэмээх операциар буцааж тагласан “Хрушевийн дулаарал” юм.

Хамгийн сүүлд, социалист дэглэмийн нуугдмал уур “Горбачевийн өөрчлөн байгуулалт”-аар дэлбэрэн гараад эргэж таглагдаагүй.

Гэхдээ өнөө болтол тэр “хориотой уур” дэлбэрэн гарсаар байгаа нь хоёр талтай байх. Нэгдүгээрт, бараг бүтэн зууны турш хуримтлагдсан уур удаан гардаг тал бий байх, хоёрдугаарт, “ард түмний уур” гэдэг нь улс төр-бизнес, бизнес-улс төрийн ертөнцийн өрсөлдөөний шалгарсан арга, менежмэнт болж хувирсанд ч байгаа байх.

ГУРАВ. АРДЫН УЙДАА

Ерөнхийлөгч тайлангаа тавьж байна. Түүнийгээ “Ардын үг” гэж нэрийджээ. Зөв зүйтэй гэж үзсэнүүд нь тэрүүгээр яриад л байна. Бас “Ардын үг”-нд уурсан өөрийн үгээ хэлж буй “ард” ч харагдана. Мэдээж ард түмний тодорхой хэсэг үргэлж уурладаг, баярлаж байгаа хүн анзаарагдахгүй өнгөрдөг ч уурлаж байгаа болгон харагддаг болохоор тод ч байна. Хийгээгүй юмаа ярилаа гэхгүй, хүний хийснийг өөртөө наалаа гэхгүй ч ууртай хүн нэлээд байна.

Үгээ хэлэх “ард”-тай зэрэгцэн уураа гаргах “ард” гарч ирсэн нь ч учиртай. Хамаг шалтгаан Ерөнхийлөгчийн суудалд “найман жил тасралтгүй суусан”-д байгаа. Угаасаа ч өвөг дээдэс “морь удах тусам ижилсэж, хүн удам тусам толхилцоно” гэж зүгээр нэг хэлээгүй. Одоогийн Ерөнхийлөгчийн сууринд Бурхан багш Шагжаамунь байсан ч гэсэн ялгаагүй олон түмний тодорхой хэсэг “Иусус Христос гэж их боломжийн хүн дуулдах юм” гэж шивэгнэлдээд эхэлцэн байх нигууртай, өнөөдөр.

Угаасаа ч дахин сонгогдох боломжтой Ерөнхийлөгч л тайлан тавьдгаас биш улирсан нь ажил төрлөө ярьдаггүй байв. Суудлаасаа буухдаа “Замд гарах, салж нүүхдээ айлын хүүхдэд баахан чихэр жимс тараадаг” нүүдэлчний зангаараа одон тэмдэг, гавьяат цацаад явдаг байж. Тэрийг нь манайхан таалдаг. Ёстой нүнжигтэй Ерөнхийлөгч “сайхан тараагаад явлаа” гэж магтдаг байжээ.

Харин тайлан тавих санаа аль ч Ерөнхийлөгчийн санаанд орсонгүй. Магадгүй олон түмэн найман жил харж уйдаад явуулахын мөн болсон үед ажил яривал хүний өөрийн улс амьтан дургүйцнэ гэдгийг бодсон байх. За даа, заримд нь нэг их тайлагнаад байхаар юм байсан ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.Та нар минь нүдээ аньж байгаад “тэрний үед тэгсэн”, “энэний үед ингэсэн” гээд нэг бодох гээд үз дээ…Ерөөсөө “нөхөөр, тайлангаа харуул, амласнаа хэрхсэнийг ярь” гэж нэхэх санаа “ард түмэн”-ий толгойд ч орж байсангүй.

Гэтэл Ц.Элбэгдорж дахин сонгогдохгүй гэдгээ мэдсээр байж тайлан тавьж эхлэв. Олон түмэнд “Нээрээ энэ нөхөр юу хийлээ” гэж сонирхохын оронд “дахин өрсөлдөх гэж байгаа ч юм шиг” сонин сэтгэгдэл төрж эхэллээ. Ерөөсөө ч манайд дарга болох гэж байгаа хүн л хийх юмаа ярьдгаас биш даргаа болих гэж байгаа хүн ажлаа ярьдаг практик байхгүй. Иймээс дадаагүй юмаа харсан үзэгчид сонирхох, сонжихоосоо илүү гайхаж хардлаа. Үнэн, худал нь хамаагүй, “Яагаад хийснээ яриад байна, яагаад вэ, яагаад вэ…” нэг л учир байгаа…

Хариуг нь олохгүй байхын хэрээр унтуу хөдөлнө. Шинэ, шинэ хар төрсөөр…

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тайлангаа хэлэлцүүлэх “Ардын үг” цаг үеийн хувьд үнэхээр онцлогтой. Магадгүй тэр өөрийн хөтөлбөр, зарчимдаа үнэнч байсан байлаа ч ард түмний сонирхолд шилжилт гарсан. Өчигдрийн “бузар булай” ба “үнэт зүйл”-үүдийн байр цагийн эрхээр солигдсон. Солигдохоо байг гэхэд байрлал нь хөдөлсөн. Цагийн богино зүү нь шөнө дунд тэнгэрийг зааж байсан бол өглөө газар луу чиглэсэн байдаг шиг.

Шударга ёс тогтооё л гэвэл “Н.Энхбаярыг бариад л аль” гээд улсаараа хашгирч, нам нь хүртэл даргаасаа уйдаж явсанүеийн цагийн зүү өнөөдөр өөр тийшээ заасан. Ард түмний сэтгэгдлийн цагийн зүү “Зохиогч Шаравдорж (бурхан өршөөг!). Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос:Намбарын Энхбаяр” гэсэн ном нээлтээ хийсэн өдрийг зааж байна.

Өнөө “Ус авахаар очиход минь уулзаж байснаа санаачээ…” гэж дуунд гардаг шиг “Шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бээр АТГ-ын хуучин даргыг камерын өмнө чичрүүлчихсэн “Авлигын загалмайлсан эцгийг барина гэсэн, хаа байна” гээд гөлөгнүүлэхэд авч байсан кайфээ санаачээ” гээд ч нэмэргүй. “Авлигатай хэн анх тэмцлээ, шилэн данс хэн санаачилж төрийн мөнгийг ил болголоо, хэн анх..хэн анх” гэхчилэн асуухад, “Тэгээд яачихаав, санаачлаа л биз, хийгээ л биз, одоо ямар хамаатай юм бэ…” гэж түвэгшээхээр байна.

Магадгүй ард түмэн удирдагчийнхаа гавьяаг мартаж чаддаг байж гэмээнэ шударга ёс тогтдог байх аа. Солонгос энэ тэрийг харахад ч тэр. Тэгэхгүй бол нэг удаа аминд орсон нөхрийг толгой дээрээ насаараа залахад хүрэх биз. Найман жил гэдэг бол ард түмэн уйдахад хангалттай хугацаа. Аан, “Ю.Цэдэнбал төрийн тэргүүнд 40 жил байхад яагаад уйдаагүй юм бэ” гэж үү. Тэр үед уйдахыг хориглодог байсан юм. Та нарын олонхи нь “уйдах эрхгүй амьдрах” гэж юу болохыг биеэр мэдрээгүй болохоор юу ч гэхэв дээ. Нийтийн дуунд гардаг “уйдах эрхгүй хайр” энэ тэрээс шал өөр юм шүү гэсгээд орхие.

Цаг элэхийн хэрээр ард түмэн олон юмнаас, тэр ч байтугай мөрөөдлөөсөө ч залхдаг. Өнөөдөр “офшоорчдын хөрөнгө хураах” гээд л сүйд болоод байна. Яг хураагаад эхлэхээр нь манай ард түмэн өмөөрөөд давхина. Харж байгаарай “Хөөрхийсийг хэлмэгдүүллээ” “гучин долоон оны хэлмэгдүүлэлт сэргэлээ” “Хөрөнгө хураагчид амиллаа” гээд “ард түмэн” өөрснөө жагсана. Энэ С.Баярцогт энэ тэрд үнэхээр офшоор данс манс, нуусан хаасан юм байдаг бол сайн дураараа хураалгаад нийгэмчлүүлчихээсэй. Тэгвэл жилийн дараа ард түмний өмнөөс хохирогч гэгээнтэн, хүн төрөлхтний өмнөөс наждаа эдлэгч Иусус болон хайрлагдана. Ийм л байсан, ийм л байна. Харин цаашдаа ийм байх эсэхийг бүү мэд.

Тэгвэл Ц.Элбэгдорж тэнэгтээ “Ардын үг” хэлэлцүүлээд байна уу. Зүгээр л одон медалийн “боорцог” цацчихаад явчихад юу нь болохгүй байна. Хэн түүнээс тайлан нэхээ вэ? Магадгүй энэ нь илүү хойтыг харсан санаа байх. Энэ бол ард түмэн уураа гарсан хойно, уйдаагаа дууссан хойно, эргэн санахад зориулсэн эд байх аа.

Нэгдүгээрт, түүнд “хэн ч худлаа гэхийн аргагүй” олон тайлан байгаа. Буруу зөрүү болсонд нь биш, зүгээр цаг хугацааны уртад уйдсандаа тоохгүй байгаа тийм үнэнүүд тэнд байгаа. Санах нэг нь санах байх, санаагүй нэг нь санах цагаа болохоор санах байх. Энийг урьдаас харж бардамнаж байгаа болов уу.

Удахгүй бид шинэ Ерөнхийлөгчтэй болно. Нэг хэсэг угаалга, найр үргэлжилсний дараа өнөөхөөсөө уйдах шинж орно. Уйдахаа байг гэхэд урдынх шигээ баярлуулахаа болино, цаадах нь. Тэр цагт өнөө тайлансаг нөхөр чинь юу юу гээд байлаа гэлцэх тэр өдөр “ардын үг” санагдах учиртай байх…Би хийсэн шүү дээ, би хэлсэн, би санаачилсан, би батлуулчихаад явсан…харин тийм. Одоо байгаа нь энэ…гэх мэт, гэх мэт.

Хоёрдугаарт, мань хүнд нэг аархал байна. Дургүй байсан ч гэсэн худлаа гэхийн аргагүй үнэнийг зориуд босгож “дургүй байсан ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэгэн” гэдгээ тунхаглах өөр санаа ч явж байгаа юм бил үү?

Юм өнөөдрөөр дуусахгүй, хийснээ хэлэхгүй явж болохгүй….ерийн малчнаас Ерөнхийлөгч хүртэл замыг туулсан тэр “ардын үг”-ийн учир энэ л болов уу. Би та нарын дундаас гарсан, бараг цаад захын хязгаар нутгаас гарсан ардын хүү шүү. Тайлан үгээ “Ардын үг” гэсний нэг учир ч энэ болов уу.

Ямар ч байсан манайд “Ажил авах хүн биш” харин “ажлаа өгөх хүн” тайлан тавьж тооцоогоо бодуулдаг улс төрийн практик бий болж байна. Муу юм яав ч биш.

ДӨРӨВ. ТЭГЭЭД ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ?

Уураа зэхэж, цоо шинэ уур цогцлоон түгээж “ард түмний уур” болгоход бэлдэн бэлдэн уншиж дуусав уу? Бензинд чүдэнз зураад шидэх чинээний уур бэлэглэх юм бодтол тэгсэнгүй юү? Нэг хэсэг нь “энэ муу лүд, Элбэгээг яг өмөөрсөн байгаа. Чамайг ёстой шүлс, нусаараа будна даа” гээд бэлдсэн үү? Эсвэл “ард түмнийхээ уурыг сайхан дүрэлзүүлээд өгөх нийтлэл бололтой” гэж хуурай түлээ бэлдэн хүлээтэл тэгсэнгүй юү?

Тийм ээ, болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс нь харахыг хичээсэн учраас тэгж байгаа юм. Энд “Элбэгдорж их юм хийлээ” ч гэсэнгүй, бас “юу ч хийсэнгүй явлаа” ч гэсэнгүй. Түүнчлэн “Элбэгдорж л анх авлигатай тэмцсэн, шилэн данс санаачилсан энээ тэрээ” гэсэнгүй, улмаар “Тэр авлигатай огт тэмцээгүй, харин авлигын загалмайлсан эцэг өөрөө өөрийгөө гавлаад оймсоо гозгонуулсан, бас төрийн шилэн санхүүг юмаар бүтээж харанхуйлсан” ч гээгүй.

Зүгээр л, яагаад өмнөх Ерөнхийлөгч нар нь тайлан тавилгүй явдаг байтал энэ нөхөр хийсэн ажлаа хэлэлцүүлж байгаа юм бол? Хүмүүс яагаад “Ийм юм хий” гэж сонгосон хүнээ “ийм юмыг чинь ингэлээ” гээд тайлагнахаар унтуутай байдаг юм бол? Яагаад тэгдэг юм бол, яагаад ингэдэг юм бол? Энэ тухай л хөндлөнгөөс нь ярилаа.

Та юмыг дотроос нь биш хөндлөнгөөс нь харах гээд үз дээ. Уур хүрэхээ бараг больчихдог юм. Цаагуур чинь, гарын доорх багаж болгоод ашиглачихмаар бэлэн зэлэн ууртай хүн хайсан улстөрчид дүүрэн байна. Хүнд туслах сайхан ч хүнд ашиглуулах муухай, ялангуяа ашиглуулж байгаагаа мэдэхгүй ашиглуулах нь эмгэнэлтэй…

Categories
мэдээ цаг-үе

Хэрэглэгчдэдээ дуулгалгүй төлбөрөө нэмдэг “Юнивишн”-тэй хариуцлага тооцъё

“Юнивишн” үйлчилгээний төлбөрөө өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс нэмсэн байгаа. Гэвч үйлчилгээний төлбөрөө нэмснийг иргэд саяхнаас мэдэж гомдол гаргах болжээ. Тодруулбал, “Юнивишн”-ий багцууд үйлчилгээнээсээ хамаараад 29900, 39900, 54900, 89900 гэсэн үнэтэй байсан.

Тэгвэл 29900-гийн багц 33900, 39900-гийн багц 43000, 54900-гийн багц 58000, 89900-гийн багц 93000 төгрөг болж нэмэгджээ. Ийн үнээ нэмсэн нь хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлэх болжээ. Хамгийн гол нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр нэмлээ хэмээн бухимдаж байна. Харин “Юнивишн” тодорхой сонин хэвлэл, өөрийн боломжит сүлжээгээ ашиглан мэдэгдэл гаргасан гээд байгаа. Үүнээс болж олон мянган хэрэглэгч “Юнивишн”-ий 77118811 дугаарт зогсоо зайгүй гомдол гаргаж байгаа бололтой. Манайд ирүүлсэн гомдлын дагуу зарим хэрэглэгчдээс тодруулга авлаа.

ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛЪЯ ГЭЭД ЗАРГАЛДАХААР “ХОЁР САР ХЭРЭГЛЭЭД ҮЗ. БИД ХУУЧИН ҮНЭЭР НЬ ТӨЛБӨРИЙГ ТАНЬ ТООЦЪЁ” ГЭЖЭЭ

Баянгол дүүргийн хэрэглэгч Э:

-Танайх “Юнивишн”-ээс хэдэн төгрөгийн ямар үйлчилгээ авдаг вэ. Төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэлээ?

-Манайх хамгийн бага буюу 29900 төгрөгийн төлбөртэй багц сонгож тавиулсан. Гэтэл 33900 орчим болж нэмэгдсэн байсан. Би лавлах дугаар руу нь залгаж яагаад үнээ нэмсэн талаар асуухад гадаад спортын хэдэн суваг нэмэгдсэн гэж тайлбарласан. Манайх өдөржин зурагт үзээд суудаг айл биш. Орой ажлаасаа тарж ирээд хэдэн суваг гүйлгэж мэдээ үзээд л унтдаг. Тэр спортын сувгуудыг сонирхдог ч үгүй. Гэтэл биднээс асууж, санал хүсэлт авах ч үгүйгээр төлбөрөө 4000 төгрөгөөр нэмчихэж байгаа юм. Ингэж шахаж үйлчилгээ үзүүлдэг байж болох уу.

-Хэрэглэгчдэд мэдэгдсэн гэсэн?

-Би лав мэдээгүй. Би ганцхан мэдээгүй юм болов уу гэхэд хажуу хөршүүд ч мэдээгүй бухимдалтай байна лээ. Тэр мэдэгдлээ чухам яаж мэдээлснийг мэдэхгүй. Өөрийн цахим хуудсандаа тавьсан гэсэн. Өдөржин ажилтай хүн тэр цахим хуудсыг нь ухаад сууж байх уу. Интернэтэд ороод байдаггүй хөгшин биднийг орж үзээгүй бол хохь нь гэж байгаа юм уу тэгээд. Хэрвээ үнээ нэмэхээр бол хүн их уншиж үздэг сонин, телевизээр цацах хэрэгтэй шүү дээ. Хэн ч мэдэхгүй, хэдхэн уншигчидтай сониноор шүлс шиг юм гаргачихаад биднийг та нар уншихгүй яасан юм гээд загнаад байж болохгүй биз дээ.

-Санал, гомдлоо хэлж “Юнивишн”-д хандсан уу?

-Хандалгүй яахав. “Танайх яагаад үнээ нэмж байгаа юм. Интернэтийн хурд муу. Заримдаа ганц кино үзье гэхээр дуу дүрс дулимаг гацчихдаг. Ийм үйлчилгээ муутай байж үнээ нэмлээ.Танайхтай хийсэн гэрээгээ яг одоо цуцалъя. Ирж төхөөрөмжөө салга” гэсэн.

-Тэгэхээр юу гэх юм?

-Цаашаа хэд хэдэн хүнтэй холбоод нөгөөдүүл нь уучлаарай суваг нэмэгдсэн, шинэчлэл хийсэн. Та манайхыг дахиад хоёр сар хэрэглээд үз л дээ. Бид хуучин үнээр нь төлбөрийг тань тооцъё” гэж хэлсэн. Хэл ам хийгээд заргалдаад яваад байхаар үнээ буцаагаад хасчихаж байгаа юм. Хэрвээ хэл ам хийхгүй бол чимээгүй л яваад байх нь байна шүү дээ. Ийм хулгайч зантай байж болох уу. Бид талхныхаа мөнгийг олох гэж өдөржин ажиллаж байхад ганц, хоёр цаг зурагт үзсэнийхээ төлөө гурав, дөрвөн талхны мөнгө төлөх шударга гэж үү.

БАЯР ИХТЭЙ САРД ХҮМҮҮСИЙН АНХААРАЛ СУЛ БАЙДЛЫГ АШИГЛААД ҮНЭЭ СЭМХЭН НЭМСЭН ГЭВ

Хан-Уул дүүргийн иргэн Я:

-Та “Юнивишн”-тэй хийсэн гэрээгээ цуцлах гэж байгаа гэсэн. Яагаад?

-“Юнивишн”-ийг анх гарч ирэхэд л манайх хэрэглэгч болсон. Одоо бол залхаж байна. Интернэтийн хурд удаан, ямарваа асуудал гарлаа гэхэд араасаа нэхэл дагуул болж байж шийдэж өгнө. Гэтэл сая үнээ нэмчихлээ. Энэ бүхний араас хөөцөлдөхөөс бүр залхаж байна. Бидэнд “Юнивишн”-ийг сонгохгүй байх эрх бий.

-Таны төлбөр хэд болж нэмэгдсэн бэ?

-39900 төгрөг байсан бол 43000 төгрөг болж нэмэгдсэн. Ер нь багц болгон нь шинэчлэгдээд нэмэгдсэн гэсэн. Эдийн засгийн хямрал гээд айл бүр халаасан дахь мөнгөө бодолцож хэрэглээний төлбөрөө тооцоолдог. Сард утас, байр, хоол, зурагт, интернэтийн мөнгөө яг тооцоолж хуваарилсан байдаг. Би лав тэгдэг.Гэтэл тооцоолсноос мянга ч мянгадахгүй илүү гараад явчихаар бас л хэцүү ш дээ. Анх гарч ирэхдээ суваг ухрааж, нөхөх, интернэт үнэгүй зэрэг сайхан юм яриад гэрээ хийсэн. Харин суваг ухрааж, нөхөж үзэх үйлчилгээ үнэгүй байсан чинь 1500 төгрөг болгосон. Тэгсэн хэрнээ “Авьяаслаг монголчууд” гэдэг ч юм уу, сонирхолтой шоу нэвтрүүлэг гараад ирэхээр ухрааж, нөхөж үзэх боломжгүй болчихдог. Гэрээний дагуу хэрэглэгчдээ хүндэтгэж, санал гомдлыг нь асууж аливаа шинэ үйлчилгээг эхлүүлдэг. Ийм байдлаар үнээ нэмдэг байх ёстой. Манайхан бол сайхан амлаж гарч ирээд овоо хүн сонирхоод ирэхээр одоо эд нар хүссэн, хүсээгүй төлнө гэсэн байдалтай бага багаар үнээ нэмж, хэрэглэгчдийнхээ халааснаас хумслаад сурчихсан. Ялангуяа өнгөрсөн гуравдугаар сард баяр ихтэй байсан. Хүмүүсийн анхаарал сул байдлыг ашиглаад үнээ сэмхэн нэмж байгаа байхгүй юу. Тэгээд сарын эхээр. Дараа сарын эхэнд төлбөрөө төлдөг болохоор тэр болгон хүмүүс мэдээгүй байгаа юм.

Хэрэглэгчдийн дийлэнх нь иймэрхүү гомдол гаргаж байгаа аж. Харин “Юнивишн” чухам юунаас болж төлбөрөө нэмэв. Тус газраас үнээ нэмсэн шалтгаан нь “Шинэчлэлийн давалгаа” нэртэйгээр 25 суваг нэмэгдсэн, хуучин 50 гаруй сувгийг ухрааж үзэх боломжтой байсан бол энэ тоо 100 гаруй болсон, спортын SPS сувгийн багц нэмэгдсэн. Ердөө л энэ.Нэмэгдсэн сувгууд ихэнхдээ гадаадын спортын сувгууд гэнэ. Хүмүүс дэлгүүрт цамц авахаар орлоо гэж бодъё. Худалдагч танаас “Та улаан, шар, хар өнгөний сонголтоос алийг нь сонирхож байна” гэж наад зах нь асуудаг биз дээ. Ядаж л дээрх өнгөнүүдэд дургүй бол цамц худалдаж авахаа болиод дэлгүүрээс гараад явчихаж болно. Эрх нь бий. Тэгвэл “Юнивишн”-д хэрэглэгчдийнх нь сонирхол сонин биш. Хэрэглэгчидтэй байгуулсан гэрээ ч чухал биш. Тухайн айл спортын суваг үзнэ үү, ганц хоёр суваг ухрааж үзнэ үү ерөөсөө ч хамаагүй бололтой. Гадаад спортын сувгийн багцын төлбөр 12000 төгрөг байсан. Төдийлөн хэрэглэгчид сонгохгүй болохоор нийт массын дунд хүчээр шахаж оруулаад “Та спортын суваг нэмэлтээр сонгох уу” гэж асуухын оронд “Таны үзэх хамаагүй. Төлбөр чинь ийм боллоо” гээд сонголт үлдээхгүй тулгачихаж байгаа юм. Ер нь “Юнивишн”, “Скаймедиа”-тай холбоотой гомдол тасардаггүй. “Юнивишн”-ий хэрэглэгчдийн зүгээс зарим сувгууд дээр кино үзэх гэхээр дуу, дүрсний чанар муу гэдэг. Өөрсдийн кино сангаас төлбөртэй кино үзүүлэхийн тулд зориуд ингэж чанар унагадаг ч байж болох. Мөн нөхөж үзэх үйлчилгээ нь хоногийн лимиттэй. Тэр хоногт нь үзэж амжаагүй нэвтрүүлэг, киногоо үзэх гэж бас сандраастай. За тэгээд интернэт хурдны тал дээр хамгийн удаанаараа дуудуулаад сурчихсан. Хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа байхгүй хэрнээ үнээ нэмэх сонирхолтой нь манайхны монополь компаниудын зан.Тэдэнд нэгэнт зах зээлийнхээ дийлэнх хувийг татсан байхад арав, хорин хүн гомдол гаргаж, хэрүүл уруул хийх хамаагүй бололтой. Тэгвэл нэг тоо бодож үзье. 2016 оны судалгаа гараагүй байгаа учраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2015 онд хийсэн судалгааг харъя. Нийслэлийн нийт өрхийн 99.8 хувь буюу 375 мянга өрх зурагттай юм байна. Эдгээр айлуудын бараг тал хувь нь интернэт тавиулсан гэх судалгаа бий. “Юнивишн” монополь гэж үзвэл дээрх 375 мянга гаруй айлын 80 орчим хувь нь буюу бараг 300 мянган айл дээрх сүлжээг хэрэглэдэг. Интернэттэй, интернэтгүй нь хамаагүй. Багц тус бүр дунджаар 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн бол дунджаар 3500 төгрөгийг 300 мянган айлд үржүүлээд үзье л дээ. 3500*300.000=1.050.000.000 гэсэн мөнгөн дүн гарч байна. Тэгэхээр үнээ нэмснээр “Юнивишн”-д дунджаар сардаа тэрбум гаруй төгрөг үндсэн төлбөрөөс гадна нэмэгдэж орж ирж байна гэсэн үг. Энэ бол дунджилж бодсон жишээ юм шүү.

Б.Мягмарнаран: СУДАЛГААГААР “ЮНИВИШН” МОНОПОЛЬ ГЭСЭН ТОХИОЛДОЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭД ХЯНАЛТТАВИХ БОЛОМЖТОЙ

Хэрэглэгчдийн дээрх санал гомдолтой холбоотойгоор Харилцаа, холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнарангаас тодруулга авлаа.


-“Юнивишн” компанийн үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд нэлээд гомдол гаргах боллоо. Үнээ нэмэх эсэх талаар танайд урьдчилж мэдэгдсэн үү?

-Харилцаа холбооны зохицуулах хороонд “Юнивишн” компани хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа болон хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний багцын үнэд өөрчлөлт оруулж байгаа талаар мэдэгдлийг хоёрдугаар сарын 16-нд ирүүлсэн. Гуравдугаар сарын 1-нээс гэрээнд оруулсан шинэчилсэн тарифаар явна гэсэн байсан.

-Тухайн газар үйлчилгээний үнээ нэмэхдээ ийм үндэслэлтэйгээр нэмэгдлээ гэсэн тайлбарыг хийдэг үү?

-Тухайн компаниас тийм тайлбар ирүүлсэн л дээ.Хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа байх.Олон сувгуудыг хэрэглэгчдэд үнэгүй хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор үнээ нэмсэн тухайгаа тайлбарласан байсан.

-Хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу үнээ нэмэхээсээ өмнө мэдэгдэх ёстой байх. Үүнд иргэд их бухимдаж байна?

-Манай зүгээс үйлчилгээний үнээ нэмэх тохиолдолд ч юм уу, гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулсан тохиолдолд мэдэгдэх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Тухайн компанийн хэрэглэгчидтэй хийсэн гэрээний дагуу бол үйлчлүүлэгчдэдээ энэ тухай урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэрээний 8.2 дахь заалт дээр “Юнивишн компани хэрвээ хэрэглэгчдэдээ хүргэж байгаа үйлчилгээний үнэ тарифтай холбоотой өөрчлөлт орсон тохиолдолд арваас доошгүй хоногт мэдээллийн хэрэгсэл, өөрийн боломжит сувгуудаар хүргэнэ” гэж заасан байдаг. Үүнийхээ дагуу хэрэглэгчдэдээ хүргэсэн гэх мэдээлэл бий.

-Ямар мэдээллийн хэрэгслүүдээр, хэзээ хүргэсэн нь тодорхой бус байгаа. Тухайн компанийн зүгээс бол зарим сонин хэвлэлээр мэдэгдэл гаргасан гээд байгаа. Бас тэр өөрийн боломжит мэдээллийн суваг гэдгийг тодруулахгүй юу?

-Боломжит суваг гэдэг нь тухайн газрын үйлчилгээний цэгүүд байж болно. ”Юнивишн” компанийн лавлах утас байж болно. Мөн өөрийнхөө вэб сайтдаа мэдэгдэл тавьсан гэсэн. Харин олон нийтийн ямар мэдээллийн хэрэгслээр тавьсан эсэхийг бид тодруулахаар бичиг хүргүүлээд байгаа.

-Ер нь зөвхөн “Юнивишн” ч гэлтгүй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг тухайн салбартаа монополь болчихсон компаниуд анх гарч ирэхдээ элдэв сайхан реклам цацдаг. ингэж хэрэглэгчээ нэгэнт татчихаад эргээд аажмаар үйлчилгээний төлбөрөө бага багаар нэмдэг буруу хэвшил тогтчихлоо. энэ нь хэрэглэгчдийг залилсантай ялгаагүй биш гэж үү?

-Давамгайлагч буюу монополь компанийг тогтоодог байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос судалгаа хийж өгөөд энэ компани давамгайлагч мөн учир үнэ тариф, бусад зүйлийг хянана гэсэн шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргадаг. Одоогоор “Юнивишн”-ийг монополь гэхгүй л дээ. Энгийн компанийн дагуу үйл ажиллагаагаа бидэнд танилцуулаад, үйлчилгээний өөрчлөлт хийх бол мэдэгдлээ хүргүүлээд явж байна.

-Гэхдээ монополь гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой шүү дээ.

-Давамгайлагч гэдэг бол зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлж байх ёстой.Одоогоор энэ талын судалгааг бид хийгээд явж байна. Удахгүй судалгааны хариу гарах байх.Тэр тохиолдолд ШӨХТГ-аас үйлчилгээний үнийн доод, дээд үнийг тогтоох эрх нь үүснэ л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюундарь: Кино урлагаас түр завсарламаар байна

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа.


-Улсын драмын эрдмийн театр ээлжит аялан тоглолтоо Дорнод аймгаас эхлэхээр болжээ. Өөр ямар аймгуудаар явахаар төлөвлөж байна вэ?

-Манай театрынхан жил бүрийн намар аялан тоглолтоо хийдэг байсан. Харин хоёр жилийн өмнөөс хаврын улиралд аялан тоглолтоо хийдэг уламжлалтай болж байна. Бид аялан тоглолтоороо Дорнод, Дархан, Эрдэнэтийн үзэгчидтэйгээ уулзана. Аялан тоглолтоороо үзэгчдэдээ шинэ жүжгүүдээ хүргэх зорилготой байгаа. Тиймдээ ч “Ромео, Жульетта”, “Царцаа намжил”, “Жаргаагүй нар” гээд жүжгүүдээ толилуулна.

Ер нь бол нийслэлийн үзэгчид хүссэн үедээ сонгодог жүжиг үзчихдэг. Харин хөдөө орон нутгийн үзэгчид маань дуртай үедээ үзэх боломжгүй. Тийм учраас уран бүтээлчид бид зорьж очин тоглолтоо хийхийг илүүд үздэг л дээ. Гэхдээ харамсалтай нь бүхий л аймгуудад очиж чадахгүй юм. Зарим аймагт очиход “26 жилийн дараа ирлээ” гэж хэлж байсан ч тохиолдол байдаг шүү. Ямартай ч хөдөө орон нутгийн үзэгчид маань драмын урлагийг ойлгодог болж. Хүмүүсийн жүжгээс авах оюуны таашаал мэдрэмж хүртэл өөрчлөгдөж байна. Уран бүтээлчид бид үр дүнгээ ийн харж байгаа нь сайхан юм даа. Жүжгийн дараа ч гэсэн баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлдэг нь бидэнд маш сайхан урам өгдөг.

-Аялан тоглолтоор явж байх үед хөгтэй явдал их тохиолдоно биз…

-Ер нь их сайхан шүү. Тэр дундаа Монголын минь байгаль хамгийн гайхамшигтай. Мэдээж уран бүтээлчид бид чинь дуу хууртай л явна. Нэг удаа Дорноговь бил үү, Дундговь аймагт бид тоглолтоор явж байлаа. Тухайн үед би хөл хүнд байсан юм. Миний тайзнаа гарах ээлж дуусчихсан болохоор гадагшаа гармаар санагдаад болдоггүй. Гэтэл заавал үзэгчдийн дундуур явж байж гадагшаа гардаг байж таарсан. Тэгэхээр нь арын цонхоор буучихаж билээ. Шаггүй өндөр байсан юмдаг. Манай жүжигчдээс хоёр нь түрүүлж буугаад намайг тоссон санагдаж байна. Яасан ч зоригтой байсан юм. Залуу ч байж дээ. Одоо бол тогоо шиг том гэдэстэй байж цонхоор доош бууж зүрхлэхгүй байх шүү.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна вэ?

-Хамгийн сүүлд “Царцаа Намжил” жүжигт тоглолоо. Яахав, кинонд тоглох санал цөөнгүй л ирж байгаа. Гэхдээ миний хувьд кинонд тоглохоо түр завсарламаар байна. Ер нь цөөнгүй л кинонд тоглолоо. Одоо хэсэгтээ завсарлаад оюундаа хөрөнгө оруулалт хийж, ном унших бодолтой байгаа. Унших ном маш их байна. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар театрын студи болоод “Сити” их сургуульд багшилдаг учраас зав, зай тун бага олдох юм.

-Та театрт орохдоо жүжигчин биш үйлчлэгчээр орж байсан нь их сонин санагдсан. Энэ тухайгаа дурсаач?

-Одоо үед хүмүүс ихэвчлэн шууд л дарга болох хүсэлтэй болж дээ. Гэхдээ хүн бүр бол биш шүү. Аливааг тэгээс нь эхэлж чадах, ядахаараа хичээдэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Харин бидний үед бол хүмүүжил нь л тийм байсан. Бидэнд биеэ тоож, онгирч болохгүй, ахмадын үгийг сонсох хэрэгтэй гэж сургадаг байлаа. Ийм үнэ, цэнэтэй үгсийг сонсож өсөн, тийм хүмүүжлээр хүмүүжсэн учраас ямар ч зүйлийг багаас нь эхлэх хэрэгтэй гэж боддог байсан даа. Би гурван жил үйлчлэгч хийсэн. Үйлчлэгчийг цэвэрлэгээний болоод үйлчилгээний гэж хоёр хуваадаг. Намайг Таяа дарга минь үйлчилгээний үйлчлэгчээр авч байж билээ.

Image result for Ж.Оюундарь-Харин дараа нь Драмын театрын жүжигчин болчихоод хамгийн анх тайзнаа гарахад ямар байсан бэ?

-Ер нь театрын тайз гэхээсээ илүү ямар ч тайзан дээр гарах амар биш. Би хамгийн анх Багшийн дээдийн Кино, драмын ангид сурч байхдаа бидний ярьдгаар 311 номерын тайзан дээр гарч байлаа. Тэр бол үе, үеийн оюутнуудын хөлс, хүч хөдөлмөр шингэсэн хамгийн дурсамжтай тайз байсан даа.

-Та өдийг хүртэл театртаа үнэнч хэвээрээ яваа цөөн жүжигчдийн нэг. Энэ сонголтдоо харамсах үе байдаг уу?

-Би театртаа чин сэтгэлээсээ хайртай. Тийм ч учраас би өөрийнхөө амьдралыг нэг талаараа золиосолж театртаа үнэнчээр явж байгаа байх. Түүнчлэн бидний мэргэжил бол тэр чигээрээ зорилго. Оногдсон дүрээ сайн амилуулах зорилгоо биелүүлсэн ч дараагийн дүр нь мөн л шинэ зорилготой болдог. Тиймдээ ч би өөрийгөө өдийг хүртэл зорилготой амьдарсан гэж бодож байгаа. Ихэнх хүмүүс надаас харамсдаг уу гэж асуудаг юм. Би хэзээ ч харамсч байгаагүй. Зорилготой явсныхаа дүнд дуудах нэрийг ээж, аав минь өгсөн хэдий ч дуурсах алдрыг би өөрөө олж авсан. Монгол Улсын гавьяат жүжигчин гэх энэ эрхэм цолыг хүртсэндээ баярлаж явдаг шүү. Зорилготой явсны минь баталгаа юм даа.

-Таны аав Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав. Жүжигчин хүний хувьд аавынхаа хэмжээнд хүрсэн гэж өөрийгөө боддог уу. Ер нь хэмжээнд нь хүрэхийн тулд хэр их хөлс хүч, хөдөлмөр шаардах бол?

-Аавын хэмжээнд хүрэх нь битгий хэл, ер нь энэ мэргэжлийг гүйцэд эзэмшинэ гэж ерөөсөө байдаггүй. Би жүжигчин хүнийг мэргэжлийнхээ оргилд нь хүрлээ, мундаг боллоо гэсэн мэдрэмжийг авах эрхгүй хүмүүс гэж боддог. Оюутнууддаа ч тэгж хэлдэг юм. Бид үргэлжийн мөнх л суралцаж байх учиртай хүмүүс.

-Аавын тань бүтээсэн дүрүүдийг үзэгчид болоод мэргэжлийнхэн ч тэр үнэлсэн байдаг. Харин таны хувьд аль дүр нь хамгийн шилдэг санагддаг вэ?

-Тэр хүний ажлыг дүгнэнэ гэвэл би балчирдана. Уран бүтээл дээрээ үнэхээр чин сэтгэлээсээ ажилладаг. Аливаад хайнга хандаж, оромдож өнгөрдөггүй. Бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажилладаг. Миний хувьд ямар ч зүйлд чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг нь аавын минь энэ яс чанар байх.

Ер нь аавын минь бүтээсэн ямар ч дүрийг харсан энэ дүр онцгүй шүү гэж хэлэгддэггүй гэж манай ахмадууд ярьдаг. Надад ч гэсэн. Би багадаа У.Шекспирийн “Отелло” жүжгийн Родриго, Яго, “Лир ван” жүжгийн Францын хаан, “Гамлет” жүжгийн Гамлет, Э.Войнычийн “Овод” жүжгийн Овод зэргийг үзэж байлаа. Тэр дундаа “Овод” жүжигт Ардын жүжигчин Мэндбаяр, Нямсүрэн, Гомбосүрэн гээд манай сор болсон хүмүүс тоглосон. Надад тэр жүжиг хэзээ ч мартагддаггүй. Мөн алдарт “Гамлет” тавигдахад би хэдий жаахан хүүхэд байсан ч гурван цагийн турш гарч байгаа тэр жүжгийг шимтэн үзээд сууж байсан юмдаг. Тэгэхээр жүжигчдийн ур чадвар ямар сайн байсныг илтгэх байх. Хийсэн уран бүтээл бүр нь л их сайхан даа. Бас нэг кино байдаг юм. Бага байсан болоод ч тэр үү, киноных нь нэрийг цээжлээгүй үлджээ. Гэхдээ аав минь гэртээ орж ирээд л “Нөгөө кинонд миний тоглосон хэсгийг хассан гэнэ. Болохгүй байсан юм байх” гэж билээ. Гэхдээ тэр хэсгийг Оюун гуай гайхалтай сайхан дүр болсон байна гэж оюутнуудад хичээл болгон зааж байсан гэдэг юм. Ер нь бол баримтаар үлдсэн, үлдээгүй олон сайхан дүр байдаг. Хүмүүсийн мэдэж байгаа нь л цөөхөн боловч маш сайхан дүрүүдийг бүтээсэн дээ.

-Уран бүтээлч хүнийх нь хувьд уншигчид маань мэдэх байх. Харин аав хүнийхээ хувьд ямар хүн байсан бол?

-Аав минь нийгмээсээ түрүүлж төлөвшсөн хүн байсан юм болов уу даа. Одоо бидний нийгэмд хэрэг болохуйц дадлыг 20, 30 жилийн өмнө хүүхдүүддээ хэлж, сургаж байсан. Наад зах нь цаг барих хэрэгтэй, хог хаяж болохгүй, орцондоо сараачиж болохгүй, энэ бол та нарын орчин гэнэ. Бага ярьж их хий, аливаад сэтгэлээсээ ханд гэх мэтээр л сургадаг байв. Аав, ээж хоёр минь их нямбай хүмүүс. Энэ бүхэн нь бидэнд маш том хүмүүжил болсон юм. Ер нь аав минь хүмүүжил сайтай, уян зөөлөн хүн байсан. Заримдаа гэрийнхэндээ “Ээж, аав хоёр биднийг арай л сайн хүмүүжүүлчихжээ. Одоо үед чинь худлаа ярьж, хулгай хийдэг хүн л сайн явдаг болчихсон юм биш үү. Бага ч гэсэн сурсан бол дээр байхгүй юу” гэж наргиан болгож суудаг юм.

Ер нь тэгээд ээж, аавын тэр хүмүүжил бол хэзээ ч холддоггүй. Үр хүүхдээ ч тэр, яг л тэр жишгээр хүмүүжүүлдэг юм байна. Худлаа ярина гэдэг хулгайчийн дүү нь шүү миний хүү гээд л сургана. Бас л өнөөх цаг баримтлах тухай хэлсээр байгаад сургачихсан. Хүү минь бараг 30 минутын өмнө оччих гээд л зүтгэнэ шүү дээ.

-Ах, дүү нараас тань жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн бий юү?

-Байхгүй. Гэхдээ манайхан тавуулаа их авьяаслаг хүмүүс. Аав, ээж хоёр минь сайхан дуулчихдаг, хөгжимддөг, зурдаг тал бүрийн л авьяастай. Тиймдээ ч манайхан найранд гурван дуутай, бас чиг давгүй зурчихдаг шүү. Мөн манай нэг дүү бурхан бүтээдэг. Гэхдээ би тэр дүүгээ маш сайн найруулагч болох байсан болов уу гэж хардаг юм. Уран бүтээлч хандлага, мэдрэмж маш өндөртэй. Мөн аавын минь аливааг найруулан бичих авьяас нь эгчид байдаг. Тэгэхээр бид ээж, аав хоёрынхоо авьяас, билгээс хоосонгүй л төрсөн байгаа биз. Харин гэрийнхнээсээ ганцаараа л аавынхаа мэргэжлийг эзэмших хувь надад тохиосон. Бусдадаа хүртээгээгүй юм шиг байгаа юм. (инээв)

-Хэрэв таны хүү жүжигчин болно гэвэл та яаж хүлээж авах вэ. Зөвшөөрөх үү?

-Жүжигчин болбол яаж хүлээж авахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ саяхан миний хүү “Ээж ээ, би ер нь жүжигчин болох ёстой юм байна. Өвөө, ээж хоёр минь жүжигчин. Тэгэхээр би ч гэсэн жүжигчин болох хэрэгтэй. Энэ удмыг би тасалж болохгүй” гэсэн шүү. Миний хувьд “Заавал тийм шалтгаанаар жүжигчин болно гэж бодох хэрэггүй. Чи л өөрөө хүсч байвал болно. Гэхдээ л дэмий байх даа” гэж хэлсэн. Миний хувьд өөрөө л шийдвэрээ гарга гэж бодож байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Нийтийг төлөөлсөн этгээд уриалсан учраас татвар дээр компаниудыг буруутгахгүй байх үндэслэлтэй

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-МҮХАҮТ-аас төсвийн тодотголтой холбоотойгоор мэдэгдэл гаргачихлаа. Тодотголыг энэ хэвээр нь баталбал энэ сарын аравдаас эхлээд татвар төлөлтөө хийхгүй гэж байгаа. Ийм нөхцөл үүсвэл яах бол?

-Төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдаж, аж ахуйн нэгжүүд татвар төлөлтөө зогсоовол эдийн засагт нэлээд хүндрэл үүснэ. Төсвийн орлогын дийлэнх нь татвараас бүрддэг, татварын бус орлого багатай учраас хэцүү л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар бол төсөв бүрдүүлэх гол эх үүсвэр. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй байх. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэл буруу зүйл биш. Татварыг нэмэх нь тодорхой шалтгаантай байх ёстой. Татвар нэмэх орчин, цаг хугацаа, нөхцөл бүрдсэн байх учиртай. Манай улсын хувьд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тэгтлээ сайжраагүй, эдийн засаг төлөвшөөгүй. 20 гаруй жил төлөвшсөн тогтвортой, сайн бүтэц бүхий эдийн засгийг бий болгож чадаагүй харамсалтай үнэн бий. Аж ахуйн нэгжүүдийн орлого сүүлийн жилүүдэд буурсан. Эдийн засгийн уналтаас шалтгаалаад хүнд байдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн орлого ч сүүлийн хоёр жил дараалаад өндөр хэмжээгээр буурсан. Саяхны статистикаас анзаарахад бага зэрэг өссөн дүн харагдаж байна. Ийм нөхцөлд татвар нэмэх нь таатай үйлдэл биш.

-Бизнес эрхлэгчид татвараа төлөхгүй бол наад зах нь төрийн албан хаагчдын цалин тавигдах боломжгүйд хүрэх байх. Татвар төлөлт зогссоноор ямар эрсдэлүүд үүсэх вэ?

-Төсвийн нийт зардлын 20, 30 хувийг цалин хөлс эзэлдэг. Цалин хөлс олголт мэдээж зогсоно. Төрийн үйлчилгээ тасалдах эрсдэл бий. Аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг татвар, гааль, тээвэр гээд төртэй холбоотой бүх процесст доголдол үүсэх магадлалтай.

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Манай улсад бол тохиолдож байгаагүй. Хоёр жилийн өмнө АНУ төсвөө баталж чадаагүйгээс болж төрийн албан хаагчдын цалин зогсч, тодорхой хугацаанд төсөвгүй явж байсан тохиолдол бий.

-Татвар төлөх бол компаниудын хуулиар хүлээсэн үүрэг, татвар төлөлт зогссон тохиолдолд хууль зөрчсөн асуудал компанийн захирлуудын түвшинд яригдах байх гэсэн болгоомжлол бий. ийм эрсдэл байгаа болов уу?

-Хууль зөрчиж буй байдал үүснэ. Монгол Улсын хуулиар орлого олсон хэн бүхэн татвар төлөх үүрэгтэй. Төрийн тодорхой шийдвэрийг эсэргүүцэж татвар төлөхгүй байна гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл. Тийм үндэслэл байгаа. Тэгэхээр ийм байдалд хүргэхгүйгээр асуудлыг шийдэх нь л хамгийн чухал гэж бодож байна. Хүргэхгүй байх боломж нь ховор. Аж ахуйн нэгжүүд маань ойлгож, хүлээн зөвшөөрөх асуудал байж магадгүй юм. Түүнээс биш нөгөө талаас Валютын сантай тохирсон тохиролцооны хүрээнд татвар нэмэх шаардлага үүссэн гэсэн тайлбарыг нэгэнт тавьчихсан. Зарим татварыг хэсэгчилсэн бага хэмжээгээр гэхээс биш бүх татварыг нэмэхгүй байх боломж бага юм шиг харагдаж байна.

-Танхимын ерөнхийлөгч компанийн захирлууд энэ асуудлыг тавиагүй, би ярьж байгаа учраас хамтын шийдвэр гэж явна. Тиймээс компанийн түвшинд хариуцлага яригдах боломжгүй гэсэн агуулгатай тайлбар хийсэн. Тийм боломж бий юү?

-Нийтийг төлөөлж байгаа этгээд ярьсан, уриалсан учраас тодорхой нэг гишүүний эрх ашиг биш гэж ойлгож болох юм. Гэхдээ бас эргэлзээтэй. Хэдийгээр мэдэгдэж, ярьж байгаа нь Лхагважав ч гэсэн татвар төлөхгүй үйлдэл хийх субьект нь гарцаагүй компанийн захирал.

-Валютын сан татвараа заавал нэм гэсэн үү, үгүй юү гэсэн эргэлзээ, шүүмжлэл сонсогдож байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Валютын сангийн энэ удаагийн хөтөлбөр манай улсын өмнө нь хамрагдаж байсан “Стэнд бай” биш. Өргөтгөсөн гэж нэрлээд байгаа санхүүжилтийн хөтөлбөрийн хувьд харьцангуй боломжийн, урт хугацаатай, цуврал маягаар хэрэгждэг. Санхүүгийн хүндрэлд илүү өртсөн улсуудад хэрэгждэг хөтөлбөр учраас өмнөхөөс илүү шалгуурууд тавьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж хардах эрх аж ахуйн нэгжүүдэд бий. Тэр дундаа аж ахуйн нэгжүүдийг төлөөлж байгаа субьектын хувьд байж болох хардлага. Учир нь татвар нэмэх шийдвэр өнөөгийн эдийн засагт нэлээд хүнд тусахаар байгаа нь үнэн.

-Эдийн засаг хэцүү үед татвар нэмж болохгүй гэсэн тайлбарыг танхимаас хийж байна л даа. Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй гэсэн тайлбар байна. Эдийн засагч хүний хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хэлэх вэ?

-Он гарсаар эдийн засгийн суурь нөхцөлүүд арай наашилсан, сайжирсан нь үнэн. Валютын сантай хамтрахаар боллоо гэсэн мэдээлэл цацагдсанаар олон улсын түвшин дэх Монголын нэр хүнд сэргэж байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас экспортын орлого нэмэгдэж байгаа. Ажилгүйдлийн түвшин бага зэрэг буурсан. Энэ мэт сайн мэдээ бий. Гэхдээ энэ мэдээллүүд эдийн засаг сайжирсныг илэрхийлэхгүй. Эдийн засгийн төлөв сайжрах суурь нөхцөлүүд харьцангуй эерэг болж эхэлж байна гэсэн нь илүү бодитой тайлбар. Ийм эерэг нөхцөлийг зөв ашиглах ёстой. Харамсалтай нь Валютын сангийн шаардлагаар татвар нэмэх нөхцөл бүрдэж байгаа нь тийм сайн зүйл биш. Гэхдээ өнөөдөр Валютын сантай хамтрахаас аргагүй нөхцөл үүсчихсэн л дээ.

-Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл компаниудаас гадна иргэдэд хүнд тусна. Иргэдийн амьжиргаа ташраараа хүндхэн байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нэг байна. Нэмэх гэж байгаа татвар, шимтгэлүүд аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа болохоос гадна тэнд ажиллаж байгаа ажиллагсад, жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөтэй. Нефтийн онцгой албан татварын нэмэгдэл ч иргэдэд сайн нөлөө үзүүлэхгүй. Шатахууны үнэ өсвөл нийгэмд эсрэгээр нөлөөлнө. Ингээд харахаар аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцлийг буруутгах аргагүй.

-Татвар нэмэх гэх мэт асуудлаас гадна эдийн засгийн нааштай байгаа үзүүлэлтүүд дээрээ дөрөөлөөд том төслүүдээ хөдөлгөх гэх мэт гарц шийдэл хайх ёстой байх, тийм үү?

-Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайх ёстой. Ингэж байж аж ахуйн нэгжүүд, иргэдэд ирэх сөрөг дарамтыг сааруулна. Харамсалтай нь одоо яригдаж буй төсвийн тодотголын хүрээнд энэ өнцгийг хөндөхгүй байна л даа. Төр яаж зардлаа бууруулах вэ, аж ахуйн нэгжүүдэд буцаагаад ямар бэлэг барих вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас бухимдал үүссэн тал бий. Жишээ нь төсвийн тодотголын хүрээнд эдийн засгийн өсөлтийг бууруулаад хасах руу оруулаад тавьчихсан. Ийм таамагтай нөхцөлд татвар нэмэх нь нийгэмд сөрөг дохио өгөхөөс аргагүй. Төрийн зардал төсвийн шинэчлэлийг яаралтай эхлэх нь чухал. 2017 оны төсвийн тодотголын хүрээнд энэ шинэчлэлийг хийх эхлэлийг тавьсан бол зөв харагдах байсан. Төрийн албан хаагчдыг аль болох аажмаар цөөрүүлэх бодлого гаргах хэрэгтэй. Төрийн урсгал зардлуудын түвшинд өрийн үйлчилгээнээс бусад зардлыг танахыг хичээх ёстой. Гэтэл тэгсэнгүй л дээ. Бас Сангийн яамны хийж буй тайлбар хангалттай бус байна. Сангийн яамны тайлбараас анзаарахад ипотек, Хөгжлийн банктай холбоотой зээлийн зардлаас болоод төсвийн зардал өссөн гэж байгаа. Гэтэл төсвийн баримт бичгүүдэд тодорхой нэг төсвийн ерөнхийлөн захирагчид дээр хөрөнгө оруулалт болон бусад зардал бага зэрэг өссөн харагдаж байна. Төрийн өссөн зардал бүр тодорхой тайлбар шалтгаантай байх учиртай.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр бидэнд ямар давуу талууд үүсэх вэ. Эсрэгээрээ бидний алдаж буй боломж, хүлээж мэдэх эрсдэл гэвэл юу байна?

-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь маш зөв сонголт. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд үүнээс өөр сонголт байхгүй. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон гэх мэдээллийн үр нөлөө аль хэдийнэ ажиглагдаад эхэлчихсэн. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нүүр тулсан өрийн дарамтыг давж чадлаа. Олон улсын зах зээл дээрх нэр хүндээ сэргээлээ. Сүүлийн үед үүнтэй холбоотойгоор гадны томоохон байгууллага, хэвлэл мэдээллийнхний Монголын талаарх мессэжүүд эерэг болж эхэлж байна. Сүүлийн хэдэн жил Монголын талаар ийм эерэг мессэж гараагүй. Цаашилбал илүү олон эерэг өгөөж бий. Валютын урсгал нэмэгдэнэ, валютын ханшийн хэлбэлзэл тодорхой хугацаанд багасч тогтворжино, олон улсын зах зээлээс багагүй хэмжээний санхүүжилт татах боломж нээгдэнэ. Төсвийн шинэчлэл, өрийн зөв удирдлага гэх мэт хийе гээд хийж чадахгүй өнөөг хүрсэн зүйлүүдээ шийдчих боломжтой. Хөтөлбөрт хамрагдсаны сөрөг тал гэвэл тодорхой үйлдлүүдийг Валютын сангийн хязгаарлалтын хүрээнд шийдвэрлэхээс аргагүйд хүрнэ. Нийгмийн халамж, эдийн засгийн шинэчлэлийн бодлого, өрийн удирдлагын асуудал гэх мэтийг тодорхой хяналтад хийхээс өөр арга байхгүй. Хяналтыг зөв ажиллуулж чадвал бидэнд эерэгээр нөлөөлж ч мэднэ. Мэдээж дураараа авирлах боломж хязгаарлагдана. Дураараа авирлаад ямар байдалд хүрч болохыг өнгөрсөн таван жил баталчихсан.

-Төсвийн тодотголд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ямар шийдлүүд байна вэ?

-Хийвэл зохистой нэлээд хэдэн зүйл байна. Нийгмийн хавтгайрсан халамжаа эргэж харах цаг болсон. Хүүхдийн мөнгөний тухайд байж болох шийдэл. Хуучин машины татвар ба хадгаламжийн хүүгийн татвар ч зөв алхам. Хадгаламжийн хүүнээс татвар авах асуудал цаг хугацааны хувьд яг одооноос хэрэгжүүлэх нь хэр зохистой юм бол гэсэн бодол байна. Бага зэрэг эргэлзээ бий. Монголд санхүүгийн зах зээл төлөвшиж чадаагүй, зээлийн хүүгийн түвшин өндөр, Засгийн газрын хүү хадгаламжийн хүүгээс давсан байгаа ийм үед хадгаламжийн хүүнээс татвар авах нь хуримтлалд хандах иргэдийн сонирхлыг бууруулах сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабарын “Золбин нохойн гэдэс шар тос тогтоодоггүйн учир” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Х.Болорчулуун гишүүн концессын асуудлаар Засгийн газрыг огцруулах санал оруулж ирнэ гэжээ. Тэрбээр,”…Бүлгийн хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн долоон төрлийн концессын асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хооронд үл ойлголцол үүссэн байна. Засгийн газрын зүгээс оруулж ирсэн автозам, эрчим хүч, сургууль, цэцэрлэг тэргүүтэй долоон төрлийн концессоо үргэлжлүүлэх ёстой гэсэн ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Болорчулуун нарын гишүүдээс эхлээд хүчтэй эсэргүүцжээ…” хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: “Хямралаас богино хугацаанд гарч чадвал тэтгэврийн нас, татвар нэмсэн асуудлуудыг эргэж харах боломжтой” ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

Тэрбээр ярлцлагадаа, “Сангийн сайд маань өөрөө ОУВС-гийн шахалт шаардлагаар гэдэг үгийг хэлээд байгаа юм. ОУВС харин “Бид зарлагаа багасгаж, орлогоо нэмэгдүүл гэдэг шаардлага л тавьсан. Хэрхэхийг Монгол Улсын Засгийн газар шийднэ” гэдэг зүйл ярьсан байна лээ. ОУВС-гийн төсөл хөтөлбөр өмнө нь хэрэгжихдээ сайн байгаагүй талаар олон улсад нэлээд шүүмжлэгдэж байсан тул тэд өөрсдийн бодлогодоо тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан” хэмээн ярьсан байна.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав: “Зөвшилцлөөр ярьсан зүйлс ажил хэрэг болоогүй тохиолдолд татвар төлөгчдийн тэмцэл үргэлжилнэ” ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр, “ УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдтэй татвар төлөгчдийн төлөөлөл болох аж ахуйн нэгжийн компаниуд, танхимын төлөөлөл уулзаж үндсэн найман асуултыг тавьсан. ОУВС Засгийн газартай дөрөвдүгээр сарын 28-нд гэрээ байгуулах эсэхээ шийднэ. Хөтөлбөр хэрэгжээд эхлэхэд хамтран яаж ажиллах тухай нэг цаг 15 минутын хугацаанд бид ярилцсан. УИХ-ын даргад хэлсэн саналуудын үр дүн ирэх аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд ажил хэрэг болохгүй тохиолдолд татвар төлөгчид дараагийн шат шатны арга хэмжээгээ авна гэдгээ илэрхийлсэн” хэмээн ярьсан байна.

Баримт, үйл явдлын 7-р нүүрт согтуу эр 60 настай иргэнийг гудамжинд зодож амь насыг нь хөнөөсөн хэргийн талаар нийтэлжээ. Баянзүрх хүнсний захын зүүн урд талд энэхүү хэрэг гарсан байна.

13-р нүүрээс МЗЭ-ийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагватай хийсэн “Н.Норовбанзад гуайн хоолой хангинаж цангинаад, ярих нь хүртэл дуу шиг санагдаж билээ” ярилцлагыг уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Ариунболд: Солонгос дахь ЭСЯ ар гэрээ Монгол руу буцаасан гэдэг худал мэдээлэл

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хилийн чанад дахь ДТГ-ууд болон Монголчуудын холбоо, ТББ-уудтай цахим уулзалт хийсэн тухай ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг мэдээлэв. Дээрх уулзалтад Монгол Улсаас хилийн чанадад суугаа 45 ДТГ, 28 оронд үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд оролцсон талаар дурдаж, гурав дахь удаагийн энэхүү цахим уулзалт амжилттай болсныг онцлов.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд:Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй манай улсын иргэдийн ихэнх нь БНСУ-д байдаг. 2017 оны эхний гурван сарын мэдээллээс үзэхэд тус улсад одоогоор 36661 иргэн ажиллаж, амьдарч байна. Тиймээс нөхцөл байдал хурцадвал манай иргэд аюул, эрсдэлд өртөх магадлалтай.Иргэдийн ихээр асууж байгаа зүйл бол БНСУ-д байгаа манай иргэдийн аюулгүй байдлын асуудал болоод байна. Хойд Солонгос өнгөрсөн бүтэн сайн өдөр цөмийн зэвсэг туршсан ч бүтэлгүйтсэн. Энэ нь БНСУ-д онцгой байдал зарлах нөхцлийг бүрдүүлээгүйбайна. Гаднаас нь ажиглахад тухайн улс сонгуулийнхаа үйл ажиллагааг хийгээд явж байна. Гэхдээ манай ЭСЯ, Консулын газрууд иргэддээ онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Манай Сөүл дэх ЭСЯ, Пусан дахь Консулын газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Элчин сайдын яам болон консулынхан ар гэрээ Монгол руу буцаасан гэдэг албан бус бөгөөд худал мэдээлэл” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийг 100 хувь газын системд шилжүүлнэ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн ард иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: “Нийслэл Улаанбаатар хот 2017 онд 660 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааны зардалд тусгасан. Энэ хүрээнд хамгийн эхэнд хэд хэдэн томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. 2017 оныг “Эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Нийтийн тээврийн салбарт гурван сарын хугацаанд судалгаа хийж, 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ. Иргэдийн хувьд картаар зорчих болсонд ам сайтай байна. Картын борлуулалт нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад ухаалаг системийн энэ ажил сайжрах боломжтой гэж үзэж байна. Цаашдаа бид бүхий л төлбөрийн хэрэгслүүдээр автобусанд зорчих боломж болоод орон нутгаас ирсэн иргэдэд зориулсан нэг удаагийн карт гаргах талаар судалж байна. Мөн нийтийн тээврийг 2 жилийн дотор 100 хувь газын системд шилжүүлэхээр ажиллаж байна” хэмээлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын нийслэл Токио хотод айлчилж байна. Хотын дарга Токио хотын Захирагч хатагтай Юрико Койкэгийн урилгаар тус хотод энэ сарын 17-21-ний өдрүүдэд айлчилж байгаа юм.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн болон Токио хотын тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Токио хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын дарга хатагтай Юрико Койкэтай маргааш уулзана. Мөн Японы “Киодо цуушин” мэдээллийн агентлагт ярилцлага өгөх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.