Categories
мэдээ нийгэм

​Байгалийн барагшун экспортлохыг хориглов

Байгалийн барагшун экспортлохыг хориглов Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг хориглолоо.

2014 онд түүхий барагшуныг 5 жил экспортлохыг хориглосон ч 2016 оны дөрөвдүгээр сард энэ шийдвэрийг хүчингүй болгож, зөвхөн 2016 онд л гэхэд 2335 тонн түүхий барагшуныг экспортлосон мэдээ байна.

БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутгуудад судалгаа хийж, ойролцоогоор 300 гаруй тонн цэвэр Барагшуны нөөцтэй болохыг тогтоосон байна.

Одоогоор манай улсын хэмжээнд Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Тавин-Ус”, “Монос” групп, “Мон Энзим” ХХК, “Барагшун фарм”, “Бэц Баун” ХХК, “Сауап” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага байгалийн барагшуныг боловсруулж, найман нэр төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Урт хугацааны туршид байгалийн үзэгдлийн хувьсац өөрчлөлтөөр хуримтлагдан бий болдог, удаан нөхөн сэргээгддэг, байгалийн барагшун түүхий эдийг дотоодын нэр бүхий аж ахуйн нэгжүүд боловсруулалт хийхгүйгээр экспортод гаргаж байгаа юм. Энэ үйл явдал удаан үргэлжилсэн бол манай улс барагшуны нөөцгүй болох, цаашид импортоор авах эрсдэлтэй тулгарах байсан юм. Энэхүү асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол анхааралдаа авснаар ийнхүү цэгцэндээ орлоо.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэхээр ажиллаж байна

“Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх” төслийн зохицуулагч Ч.Содномпил, ОУ-ын зөвлөх Лионел Женти, Үндэсний зөвлөх А.Болд нар өнөөдөр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт төслийн үйл ажиллагааны явцын талаар танилцууллаа.

Уг төсөл АХБ-ны санхүүжилтээр 2016 оны наймдугаар сард эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын зургаан эмнэлгийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийн тухай тушаалын дагуу ЭМЯ-ны харьяа УГТЭ, АӨСҮТ, Чингэлтэй дүүргийн ЭМТ, Төв, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-үүд сонгогдон хамрагдаж байгаа юм. Одоогоор тухайн эмнэлгүүдэд ямар чиглэлийн сургалт явуулах шаардлагатай байгаа талаар үнэлгээ хийгдэн, нэгтгэгдэж, тус үнэлгээнээс гарсан чиглэлийн дагуу сургалт зохион байгуулахаар гарын авлага бусад материалуудыг эмхэтгэж байгаа аж. Мөн тус төслийн зүгээс “Удирдах зөвлөлийн гишүүдэд олон нийтийн төлөөллийг оролцуулах” журам, “Эмнэлгийн дарга нарыг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хэрхэн сонгох тухай” журмыг тус тус боловсруулан батлуулсан байна.

Энэхүү төслийн үр дүнд эмнэлгийн үйл ажиллагаа болоод хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирч, байгууллагын бие даасан байдал бэхжих юм.

Categories
мэдээ нийгэм

“ЕВРО-АЗИЙН ОРОН ЗАЙ ДАХЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТОЛЦООНЫ ИНТЕГРАЦЧЛАЛ” сэдэвт олон улсын бага хурал болов

Дэлхийн эрчим хүчний холбооны хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO), ОХУ-ын “Россети” НХН-ээс хамтран зохион байгуулсан “Евро-азийн орон зай дахь эрчим хүчний тогтолцооны интеграцчлал: Дэлхийн эрчим хүчний холбоог хөгжүүлэх, Торгоны замын Эдийн засгийн бүс байгуулах хэтийн төлөв” сэдэвт олон улсын бага хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Москва хотноо болов.

ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновский, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын Эрчим хүчний хорооны нэгдүгээр орлогч дарга С.Я.Есяков, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушки, “Россети” НХН-ийн Ерөнхий захирал О.М.Бударгин, Дэлхийн эрчим хүчний холбооны хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэн Чжицян, БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан Элчин зөвлөх Чжан Ди, Москвагийн эрчим хүчний их сургуулийн ректор Н.Д.Рогалев зэрэг төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид бага хуралд оролцов. Монгол Улсын Эрчим хүчний сайд П.Ганхүүг төлөөлөн Элчин сайд Б.Дэлгэрмаа хүндэт зочноор уригдан бага хурлыг нээж үг хэлэв. Тэрээр аюулгүй, найдвартай, байгальд ээлтэй, цэвэр эрчим хүчний бат бөх тогтолцоог бий болгоход чиглэсэн Монгол Улсын эрчим хүчний бодлого, сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж, тус салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв. Бага хуралд тус ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Ц.Баттөр мөн оролцов.

Төлөөлөгчид дэлхийн, ялангуяа Европ, Ази тивийн улс орнуудын эрчим хүчний харилцан уялдааг хөгжүүлэх, улс орнуудын харилцан давуу талыг бүрэн ашиглан байгальд ээлтэй нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх, сурталчлах, цахилгаан дамжуулах инновацийн тоног төрөөхөмжийг бүтээх, боловсон хүчнийг мэргэшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Бага хурлын төгсгөлд Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын “Россия 24” сувагт ярилцлага өгч, Монгол-Оросын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилго, тулгамдаж буй сорилт, түүнийг даван туулах арга зам, тухайлбал, усан цахилгаан станцын асуудал, эрчим хүчний гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс сансрын тойрог замд хиймэл дагуултай боллоо

Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг Сингапур Улсын “ABS”компанийн Зүүн хойд Ази хариуцсан захирал Доналд Чо Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа.

УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол орны өргөн уудам бүс нутаг даяар чанартай, шуурхай хүргэх ажлыг эхлүүлж байсан нь ийнхүү биеллээ оллоо.

“МОНГОЛСАТ-1” хиймэл дагуул энэ оны 1-р сараас тойрог замд ороод байгаа бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс Монгол Улс ашиглаж эхэлж байгаа юм. Энэхүү хиймэл дагуулыг ашиглан бид хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, онцгой байдлын зэрэг олон салбарын маш чухал мэдээллийг хүлээн авахаас гадна интернэт болон телевизийн өргөн нэвтрүүлгийн хэрэглээг хамгийн хямд үнээр, хамгийн чанартай хүртэх боломж бүрдэж байгаа юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Арав гаруй жилийн өмнө эхлүүлсэн ажил маань биеллээ олж, Монгол Улс орчин үеийн хамгийн дэвшилт технологитой “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуултай болж байгаа нь бидний хувьд маш бахархалтай түүхэн үйл явдал юм” гэж тэмдэглэлээ.

Ноён Доналд Чо “Монголчуудын хиймэл дагуултай болох хүсэл мөрөөдөл 10 гаруй жилийн өмнө эхэлснийг би ойлгосон. Энэ мөрөөдлийг биелүүлэхэд эрхэм УИХ-ын дарга Та ихээхэн хүчин чармайлт гаргасныг ч мэднэ. Тиймээс Танд талархал илэрхийлж, баяр хүргэе” гэв.

“МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ өнөөгийнхөөс 50 хувь хямдарна. Монгол орны аль ч газар нутагт ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн гар утасны хэрэглээнд чанарын хувьсгал гарна. Илүү чанартай, өндөр хурдтай, 2 дахин хямд хэрэглээгээр хангагдана. Кабелийн телевизийн 100 орчим сувгийг хот, хөдөө хаана ч шууд үзэх боломжтой болно. Хамгийн товчхон хэлэхэд Дэлхийн улс орнуудаас хамгийн хямд, хамгийн чанартай интернэтийг сансрын хиймэл дагуул ашиглан хэрэглэх боломж Монгол Улсад анх удаа тохиож байна” гэж тэрбээр онцоллоо.

Сингапурын “ABS” компани энэ чиглэлээрээ 11 жил үйл ажиллагаа явуулсан, сансарт 7 хиймэл дагуул эзэмшдэг, олон улсын хэмжээний, тэргүүлэгч компани юм байна. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтаар энэхүү хиймэл дагуулыг хөөргөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Токио хотын тохижилт, хог хаягдлын менежментийн төвтэй танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, “Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү болон бусад албаныхан Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төвийн захирал Үнэмүрагийн танилцуулснаар тус төвд Токио хотын 23 дүүргийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал ирдэг байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэрийн хог, цэвэрлэх байгууламжийн лаг шаврыг хүлээн авдаг аж. Хог хаягдлыг далайн эрэг дагуу булдаг байна. Тус төвийн гадаад харилцаа, сурталчилгаа хариуцсан ажилтан Накамура хэлэхдээ “Япон улс 120 сая хүн амтай. Токио хотод 13 сая хүн амьдардаг. Үүнээс 9 сая хүний өдөр тутамдаа гаргадаг хог хаягдал энд ирдэг. Токиогийн хогийг булах эцсийн цэг энэ. Үүнээс цааш өргөтгөх боломжгүй. Өнөөгийн хэмжээнд ашиглавал 50 жилийн дараа хог булах цэг дүүрч, ашиглах боломжгүй болно. Тиймээс бид оршин суугчиддаа хог хаягдлаа багасгаж, дахин боловсруулах уриалга гаргаж байгаа” хэмээв.

Тохижилт, хог хаягдлын менежментийн төв нь агаарын бохирдол, усны чанарт мөн хяналт хийдэг байна. Токио хотод хогийг ачихдаа шатдаг, шатдаггүй, том хэмжээтэй, дахин боловсруулж болох гэж 4 ангилдаг аж. Хог булсан цэгүүддээ метан хийний улмаас гал гарахаас сэргийлж үе үе усалгаа хийдэг байна. Үүндээ цэвэрлэх байгууламжаас гарсан усыг ашиглаж иржээ. Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төв үйл ажиллагаандаа хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн их чухалчилдаг гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод танилцууллаа. Тэд өдөр тутмын ахуйн хэрэглээндээ анхаарвал хог хаягдлыг багасгах боломжтой гэж үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ардын экспертүүд, Ерөнхийлөгчийн шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх ажилд өнөөдөр дүн тавина

АРДЫН ҮГ: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд өнөөдөр дүн тавина“Ардын үг” аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд үргэлжилж өнөөдөр өндөрлөх гэж байна. Өнгөрсөн арав хоногийн хугацаанд Монголын медиа корпораци дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажил, санал, санаачилгуудыг олон нийтэд хүргэсэн. Шударга ёсыг тогтоох чиглэлээр хийсэн дээрх ажлуудыг дахин багцалж сануулахад “Авлигын эсрэг хуулийн засаглал”, “Том төрөөс ухаалаг төр рүү” зэрэг санаачилга гаргаж, үндэсний хэмжээний аян болгон өрнүүлсэн, Монгол Улс цаазын ялгүй болсныг зарлаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Авлигатай тэмцэх хөтөлбөрийг санаачлан батлуулсан, хар тамхитай тэмцэх чиглэлээр дорвитой алхам хийсэн зэрэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийсэн онцлох ажлууд. Мөн шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох чиглэлээр Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хуулиудыг санаачлан батлуулсан, “Шүүхийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шүүхийн багц хуулийг шинэчлэн батлуулсан юм.

Нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албыг авлигаас ангид болгох, шүүхийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ эхний жилээс ярьж, улмаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулгануудыг санаачлан зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан шүүх эрх мэдлийн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэн билээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 36 хуулийг УИХ-аар батлуулсны дийлэнх нь шударга ёс, хуулийг засаглалыг тогтоох, авлигагүй нийгмийг бий болгоход чиглэсэн байна.

АРДЫН ҮГ: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд өнөөдөр дүн тавинаЭнэ бүх мэдээллийг олон талын эх сурвалжтайгаар, дэлгэрэнгүй хүлээн авсан иргэд өнөөдөр МҮЭСТО-д иргэдийн Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцож, Ерөнхийлөгчийн шударга ёсны төлөөх ажлуудад нууц санал хураалтаар дүнгээ тавих юм.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжийн усалгаанд саарал усыг ашиглана

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь энэ сарын эхээр Ногоон байгууламжуудын арчилгаа, модны хэлбэржүүлэлт, тайралт, усалгааны ажлаа эхлүүлсэн билээ. Ногоон байгууламжийн талбайг услахад өдөрт 700 тонн ус зарцуулдаг. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд гүний усыг хэмнэж, стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаандаа ашиглаж эхэллээ. Одоогийн байдлаар АПУ болон М-Си-Эс Кока Кола компанитай гэрээ байгуулан ус ундааны үйлдвэрээс нь гарч буй усыг хэрэглэж байна. АПУ компаниас авсан усаар хотын төв, М-Си-Эс Кока Кола компаниас авсан усаар хотын зүүн бүсийн ногоон байгууламжийг усалж байна. Харин ногоон байгууламжийн усалгааны систем байхгүй, цэвэршүүлсэн усыг машинаар зөөх учир хотын баруун хэсгийн ногоон байгууламжийг саарал усаар услах боломж хомс байгаа юм. Иймд саарал ус нийлүүлэх хүсэлтэй компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монголын чөлөөт бөхийн тамирчид Азийн аваргад оролцохоор боллоо

Монголын чөлөөт бөхийн тамирчдын мэдүүлэг цагтаа очоогүйгээс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байсан.

Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбооны хүсэлтийг хүлээн авч манай тамирчдыг тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан талаараа хариу ирүүлсэн байна.

Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-нд болно.

Тивийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрсийг яаралтай мэдүүлэхийг Дэлхийн бөхийн холбоо сануулсан тул яг одоо энэ асуудлаар Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон багш, дасгалжуулагчид хуралдах гэж байна.

Сануулахад, тэмцээний зааварт заасны дагуу урьдчилсан мэдүүлгийг гуравдугаар сарын 10-д өгч, тэмцээн эхлэхээс нэг сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 10-нд багуудын нэрийн мэдүүлгийг хүлээн авах хугацаа дуусч, бүртгэлийн “Athena” систем хаагдсан тул тэмцээнд оролцох Монголын багийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүйг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдэгдээд байсан юм.

Categories
гадаад мэдээ

2025 он гэхэд Японд худалдагчгүй автомат дэлгүүрүүд бий болно

Image result for Японд худалдагчгүй автомат дэлгүүрүүд

Японы засгийн газар мини супермаркетын сүлжээ ажиллуулдаг таван гол компанитай хамтран тус улсад худалдагчгүй автомат дэлгүүрүүд байгуулах шийдвэр гаргажээ. Ийм дэлгүүрүүд 2025 оноос ажиллаж эхэлнэ гэж Киодо агентлаг мэдээллээ.

Үүний тулд барааны талаарх мэдээлэл бүхий тусгай чипүүдийг ашиглах юм. Кассын машин худалдан авагчдын тэргэнцэр дотор байгаа бараануудын үнийг автоматаар агшин зуур бодох аж. Эл үйл явц ердөө 10-хан секунд үргэлжлэх юм. Үүний дараа кассны машинууд худалдан авагчдад хариулт мөнгө болон тасалбарыг өгөх бол роботууд бараануудыг тэр даруйд нь савлах аж.

Ийм загварыг Осака мужийн Моригүти хотын нэгэн дэлгүүрт туршиж үзсэн байна. Гэхдээ орон даяар уг системийг ашиглахад нэлээд цаг хугацаа хэрэгтэй байгаа аж. Учир нь, барааны талаарх мэдээлэл бүхий цахим зүүлтийг үйлдвэрлэх өртгийг багасгах хэрэгтэй болоод байна. Ингээгүй тохиолдолд барааны үнэ өсч, худалдан авагчид дайжихад хүрэх билээ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам чипний үнийг бууруулах үүднээс түүнийг бөөнөөр нь үйлдвэрлэх сонирхолтой компаниудад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тус улсад худалдагчийг хөлслөн ажиллуулах нь улам бүр өртөг өндөртэй болж байгаа учраас автомат дэлгүүрүүдийг байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Яндангийн оч үсэрч гэр, малтайгаа шатсан хэрэг гарчээ

Өчигдөр Булган аймгийн Бугат суманд гэрийн яндангаар үсэрсэн очноос түймэр дэгдэж, гэр мал нь шатсан осол гарчээ. Гал богино хугацаанд өвөлжөө рүү тархаж, 17 хонь, 20 хурга түймэрт амьдаараа шатаж үхсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Уг хэрэгтэй холбогдуулан иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хаврын улиралд хуурайшилт ихэсдэг тул ил задгай гал унах төдийд түймэр дэгдэх аюултай байдаг. Үүнийг ч мэргэжлийн байгууллагынхан сануулж, татсан тамхины ишээ хямгадаж, ил задгай гал гаргахаас татгалзахыг иргэдэд зөвлөж байна.