Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс өдөрт гарч байгаа хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой

Зураг

Өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Ногоон замнал” хог хаягдлын менежментийн зөвлөгөөн болж, оролцогчид хог хаягдлын менежмент болон цаашид баримтлах бодлогын хүрээнд санал бодлоо солилцлоо.

БОАЖЯ, БСШУСЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус зөвлөгөөнийг дэмжин оролцож байгаа. Энэхүү зөвлөгөөнөөр байгаль орчин, хог хаягдлын чиглэлээр ажилладаг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Жон Лангтри мэндчилгээ дэвшүүлэв. Энэ зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагч Хангарьд Ротари клуб ТББ нь тус улсын КЕСАБ байгууллагатай хамтран Австралийн Засгийн газрын бичил төсөл хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, иргэдийн ухамсарт нөлөөлж, зөв дадалд сургах зорилгоор “Ногоон замнал” хог хаягдлыг дахин боловсруулах мэдлэг олгох төвийг СХД-ийн 9 дүгээр сургууль болон МУБИС-д байгуулан сургалт явуулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 2500-3500 тонн хог хаягдал гардаг бөгөөд үүний 80 орчим хувийг дахин боловсруулах боломжтой гэсэн судалгаа байдаг. Уг асуудалд тодорхой арга хэмжээ авч хогийн уут тарааж, ангилан хаях хогийн савыг байрлуулдаг боловч иргэдийн ухамсрыг өөрчлөх, зөв дадалд сургах талаар төдийлөн ач холбогдол өгдөггүй, ангилсан хогийг тус тусад нь тээвэрлэдэггүй. Мөн хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмждэггүйгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгүй болдог байна.

Хангарьд Ротари клуб ТББ-ын ерөнхийлөгч Г.Ууганбаттай уулзаж энэ зөвлөлгөөний үр дүнгийн талаар сонирхлоо.

“ Монгол Улсын хэмжээнд хог хаягдлын талаарх боловсролын өнөөгийн байдлыг авч хэлэлцэн, цаашид олон улсад амжилттай хэрэгжиж байгаа хог хаягдлын боловсролын арга ухааныг түгээн дэлгэрүүлж, таниулан сурталчлах үйлсийг өрнүүлэх, ЕБС болон их дээд сургуулиудын хичээлийн агуулгад хог хаягдлын талаар сургалт, хөтөлбөр бий болгох, шинэчилж сайжруулах талаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэхийг зорьж байна. Мөн хог хаягдлын менежмент дахин боловсруулалтыг иргэдийн оролцоо, ухамсар, шинэ ойлголт, санаачлагын талаар ярилцах юм. Эндээс тодорхой үр дүн, шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Бидний хэрэгжүүлж байгаа “
Ногоон замнал” бичил төслийн хамтрагч Австралийн КЕСАБ нь хог хаягдлын менежментийн чиглэлээр 50 гаруй жилийн туршлагатай байгууллага. КЕСАБ нь маш олон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд дэлхийн 27 оронд уг сургалтаа зохион байгуулдаг. Бидний хувьд хоёр сургалтын хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, их дээд сургуулиуд болон бага дунд ангийн сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ дашрамд, бидний төслийг сэтгэл зүрхээрээ дэмжиж, ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, энэ удаагийн “Хог хаягдлын менежмент” зөвлөгөөн хийх боломжийг олгосон “Business Association Group”-ийн удирдлага болон нийт ажилтнуудад талархаж байна” гэлээ.

Энэхүү зөвлөгөөний үеэр нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулж хүний хэрэгцээт зүйл үйлдвэрлэж байгаа “Хэв хашмал хуванцар” ХХК зэрэг аж ахуйн нэгж. байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнг гаргасан байв.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын байлдааны хөлөг онгоц Солонгосын хойгт бус Австралид хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын эрх баригчдыг хуурчээ. Трамп АНУ-ын тэнгисийн цэргийн цохилт өгөх ангиа Солонгосын хойг руу илгээх зарлиг буулгаж байлдааны хөлөг онгоцнуудын далайд гарч буй бичлэг зураг хаа сайгүй тархсан.

Тэгвэл Нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлгөөр ахлуулсан байлдааны онгоцууд Солонгосын хойгийг бус Австралид хүрсэн талаар АНУ-ын Номхон далайн командлал олон нийтэд мэдээлэв. Уг анги тус улсад сургуулилт хийхээр төлөвлөж бөгөөд одоогоор Индонезийн Суматра болон Жава арлын хооронд Сунда хоолойд байгаа гэнэ.

Одоогоор Пентагон болон Цагаан ордон албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газрыг цахимаар олгоогүй

Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна.

Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна. Харин иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил түр хугацаагаар зогсоод байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн номын өдөр”-ийг Төрийн ордонд зохион байгуулав

Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан “Дэлхийн номын өдөр”-ийг өнөөдөр (2017.04.19) Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд зохион байгуулж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын зүгээс хүүхэд залуучуудыг номонд дуртай болгох, номыг нийтэд түгээх үүднээс Номын сангийн тухай хуулийг 2014 онд баталсан. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх номын сангийн удирдлага, зохион байгуулалт, номын сангийн фонд, номын сантай холбоотой бүхий л асуудал хуулийн хүрээнд зохицуулагдаж байгааг дуулгахад таатай байна” гээд УИХ-ын Тамгын газар гурав дахь жилдээ “Дэлхийн номын өдөр”-ийг амжилттай зохион байгуулж байгааг онцоллоо.

Дараа нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Зүмбэрэллхам нарт УИХ-аас хэвлэгдэн гарсан хандивын багц ном гардуулан өглөө.

Мөн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга үг хэлсэн юм. Тэрбээр “Энэ жил “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулж байна. Үүний дотор хараагүй, харах мэлмийний бэрхшээлтэй иргэдийг номоор хангах ажлыг чухалчилж байна. Манай улсад 16 мянган хараагүй иргэд бүртгэлтэй байдаг. Нийт 2005 оноос хойш ердөө 260 ширхэг хэвлэмэл материалыг хараагүй иргэдэд зориулж гаргасан тоон баримт байна. Ялангуяа хараагүй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, гарын авлага дутмаг байгаа тул төр, засаг, олон нийтийн байгууллагууд, тэр дундаа ном, хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ асуудлыг анхааралдаа авна уу” хэмээн хүслээ.

Номын өдөрлөгт “Интерном”, “Аз хур”, “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулж, номны хямдралтай үйлчилгээ үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын бизнесийн зөвлөл ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжжээ

Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) дөрөвдүгээр сарын 17-нд сар тутмын ээлжит уулзалт хэлэлцүүлгийг “Хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Блүүмберг ТВ Монголиагийн гүйцэтгэх захирал Э.Долгион хөтөлж, зочид төлөөлөгчдөөр Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт, Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэр, ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел, Япон Улсын Элчин сайд Масато Такаока нар оролцлоо.

АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улс, АНУ хоорондын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлон, хоёр орны хамтын ажиллагаа бүх талаар тэлж, өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Мөн тэрээр Олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах хэлэлцээр 2017 оны гуравдугаар сарын 20-нд хэрэгжиж эхэлсэн ба тус хэлэлцээр нь Монгол Улс, АНУ хоорондын харилцааг илүү бататгах, тогтвортой, урьдчилан харах боломжтой эрх зүйн орчинг бий болгох, ил тод байдлыг хөгжүүлэх нийтлэг зорилготойг онцлов. Монгол Улсын Засгийн газартай харилцаа холбоог үргэлжлүүлэн өрнүүлж Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд МБЗ-ийг хамтран ажиллахыг хатагтай Элчин сайд уриаллаа.

2015 оноос хойш Монгол Улс руу эдийн засаг, бизнесийн эерэг хандлага нэмэгдэж байгааг Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэр тэмдэглэлээ. Түүнчлэн тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг Монголын аж ахуйн нэгжүүд болон Канадын компаниуд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, бататгах зорилгыг 2017 онд хэрэгжүүлэх тухай ноён Элчин сайд дурьдав.

Хэдийгээр Монгол Улс, Япон Улс нийгэм, улс төрийн өргөн харилцаатай ч эдийн засаг бизнесийн хувьд чамлалттай байгааг Япон Улсын Элчин сайд Масато Такаока онцоллоо. Энэ хүрээнд томоохон ажил хөтөлбөр төлөвлөн ажиллаж байгаа ба хоёр улсын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратеги, улс төр, эдийн засгийн үйл ажиллагааг тодорхойлсон байна. Хууль, эрх зүйн орчны таамаглашгүй байдал нь Монголын бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байгааг ноён Элчин сайд тэмдэглэж, Япон Улс институцийн реформ, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэлээ. Мөн тэрээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монголыг шинэ өнцгөөс харах боломжийг бий болгож, худалдааг өргөтгөх нөхцлийг бүрдүүлсэн хэмээв.

Герман-Монголын Технологийн Институтыг олон улсын түвшинд нийцсэн инженерүүд төгсөж байгаа ба МБЗ-ийн гишүүн байгууллагуудыг хамтран ажиллаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдэд ажил олгох, дадлага хийх боломжийг бүрдүүлэхийг ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел уриалав. Тэрээр 2017 оны эхний хагаст Монгол Улсын эдийн засгийн байдал тогтворжино гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэж, эдийн засгийн хөгжил нь ойрын зайн хурдан гүйлт гэхээс илүү марафон уралдаан юм гэлээ.

Мөн уулзалтаар МБЗ-ийн Татварын ажлын хэсгийн дарга, Махони Лиотта ХХН-ийн захирал Даниель Махони төсвийн тодотголд тусгасан татварын өөрчлөлтүүд, тэдгээрийн хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн талаар МБЗ-ийн гишүүн байгууллагуудад товч танилцуулга хийсэн юм. МБЗ ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа ба татварын өөрчлөлттэй холбоотой УИХ, Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшилтэй хамтран ажиллаж бүх оролцогч талуудад харилцан үр ашигтай нөхцөл байдлыг бий болгоно гэсэн хүлээлттэй байгаа гэнэ.

Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудад тулгамдаж буй асуудал хэлэлцэх, хамтран шийдэл олох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болгох мөн цаг үеийн хэрэгцээт мэдээллээр хангах зорилготойгоор МБЗ сар бүрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага болно

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

Дадлага сургууль “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр явагдах бөгөөд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас бүрэлдэхүүн оролцоно.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зэрэг зорилгоор энэ удаагийн “Говийн чоно-2017 олон улсын дадлага сургуулийг зохион байгуулна.

“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил зургаа дах удаагаа болох юм.

Дадлага сургуульд хүмүүлэгийн тусламжийг хүлээн авах, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, харьяа яам, агентлагуудаас нийт 200 гаруй хүн оролцоно.

Сургалтыг танхимын болон дадлага сургууль хэлбэрээр явуулах бөгөөд хээрийн дадлага сургуулийг Даланзадгад, Цогтцэций сумдад зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөрс хамгаалах” өдөртэй боллоо

Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа. Түүнчлэн нийслэлийн “Хөрс хамгаалах” өдрийг жил бүр тогтмол тэмдэглэж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж, ажиллах аж.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай болон бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийт найман асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх, эргүүлэн авах ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм.

Мөн хурлаар ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталсан байна. Журамд ТҮЦ байршуулах газар, ТҮЦ-ийн хэмжээ, тохижилт болон цагийн хуваарийг зааж өгчээ. Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа цахилгаанд холбогдоогүй 20 мянга гаруй өрхийн цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр боллоо. “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг дэд хөтөлбөр болон Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 18 ерөнхий төлөвлөөг баталлаа. Мөн нийслэлийн хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгохоор шийдвэрлэлээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Ноолуур хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 600 сая ам. доллар зарцуулна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 09 цаг 36 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ

Хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд, 2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар битүү цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 14 аймгийн 85 сум цагаан зудтай, 13 аймгийн 62 сум зудархуу байдалтайөвөлжсөн. Өвөлжилтийн нөхцөл байдал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын таван удаа хуралдаж, 8.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв. Тухайлбал, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, сумдын эрүүл мэндийн төв, зарим аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ-т нийт 44 автомашин, улсын нөөцийн 8920 тонн өвсний үнийг 100 хувь, 7408 тонн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлж, 41.8 сая төгрөгийн малын эм бэлдмэл өгсөн гэдгийг дурдлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгой байдлын албаны хүч хэрэгслийг нэмэгдүүлэн бэлтгэл бэлэн байдлын чадавхийг сайжруулах зорилгоор ОБЕГ-т 125-165 морины хүчин чадалтай 26 тракторыг шилжүүлсэн нь цас зайлуулах, түймрээс сэргийлэх зурвас гаргах, тариалангийн талбайд цас тогтоох зэрэг ажлын чадавхи нэмэгдсэн. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 200-аас доош малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өндөр настан, амьжиргааны нэг, хоёрдугаар зэрэглэлд байгаа зэрэг үзүүлэлтүүдээр 8459 өрхөд бэлэн мөнгө, хүнс, малын тэжээл, эм бэлдмэл, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 4.1 тэрбум төгрөгийн тусламж хүргэгдээд байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд 10 аймгийн тусламж хүрээгүй 36 суманд 370 тонн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.

Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж 12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс 30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой “Шуурхай штаб” ажиллуулж байгаа бөгөөд хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна гэдгийг П.Сэргэлэн сайд мэдээлэлдээ дурдав.

“Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар асуулт асууж, санал хэлэв.

Гишүүдийн хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүд ямар шатандаа явааг сонирхохын зэрэгцээ, малын халдварт, гоц халдвар өвчний вакциныг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломж байгаа эсэх, вакцины чанар, хадгалалт, тээвэрлэлтийн асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа болон устсан байсан малын халдварт өвчин дахин тархаж байгаагийн шалтгаан, ноолуурын талаар салбарын яамны баримтлах бодлого, үрийн нөөц хэр байгаа зэргийг тодрууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн, Малын халдварт өвчин тэр дундаа цэцэг өвчний асуудалд бид онцгойлон анхаарч ажиллаж байгаа. УИХ-д өргөн барьсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг яаралтай батлуулж, малын эрүүл мэндийн асуудалд хандах хандлага, арга барилаа өөрчлөх шаардлагатай байна. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулахаар УИХ-ын Байнгын хороо болон салбарын яам дээр Ажлын хэсэг, дэд хэсэг гаран ажиллаж байгаа.

Вакцины чанарыг шалгахад үр дүн сайн гарсан. Бидний хувьд дотооддоо вакцин үйлдвэрлэхийн тулд Биокомбинат үйлдвэрт Унгар улсын дэмжлэгээр 25 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ, хэлэлцээрийг хийж байгаа.

Ноолуурын хувьд малчдаас ноолуурыг нь худалдан авч, олон улстай нэг цонхоор гарган борлуулах бодлогыг барьж байна. Иймд “Ноолуур хөтөлбөр”-ийг боловсруулан удахгүй Засгийн газарт танилцуулна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд 600 сая ам. долларын асуудал яригдаж байгаа. Салбарын яамнаас Тариаланчдын улсын зөвлөгөөнийг хийж, уринш, намрын ургац, үрийн буудайны асуудлыг ярилцсан. Үрийн буудайны нөөц боломжийн байгаа. Бид БНХАУ-руу 10 мянган тонн үрийн буудай гаргах асуудлаар яриа, хэлэлцээр хийж байна гэж хариулж байв.

Харин Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс, Малын гоц халдварт өвчин зүүн болон баруун аймгууд буюу БНХАУ-тай хил залгаа сумдын нутгаар амьтан, малын хөл, худалдаа, салхиар дамжин тархаж байна гэж олон улсын шинжээчдийн баг дүгнэлт гаргасан. Вакциныг зохих зааврын дагуу хадгалалт, тээвэрлэлт тусгай стандартын дагуу хяналтаа тавин ажиллаж байгаа гэж нэмж хариулав.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийв

Үргэлжлүүлэн “Монгол орны нутгийн 2017 оны 4-5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшиний мэдээллийг сонссон юм.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд, Зуны улирлын агаарын температур 2,4..4,2С-аар дулаарч, хур тунадасны хэмжээ 8-10 хувиар буурч байна. Монголын нутгийн төв хэсгээр энэ дулааралтын эрчим, хур тунадасны бууралт хамгийн эрчимтэй байна. Монгол орны нутгаар сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд газар орчмын агаарын температур 2,24С дулаарч, хур тунадас аажмаар буурч байгаа бөгөөд дулааралт газар нутаг, улирлаар өөр байна. Дөрөвдүгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар 1-12мм бороо хур тунадас орж, агаарын температур уур амьсгалын дунджаас дулаан, хуурайшилт их байгааг онцолсон юм.

Дөрөвдүгээр сарын 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22,26-нд төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 23-24,27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи говь, тал хээрийн нутгаар 12-14м/с, говийн нутгаар зарим үед 16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн агаарын температур 17,22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсч цас бүрэн арилаагүй байгаа нутгаар өдөртөө +3..+8С шөнөдөө -6..-11С, говийн бүс нутгаар өдөртөө 11..+16С шөнөдөө 0..+5С, бусад нутгаар өдөртөө +6..+11С шөнөдөө -3..-8С байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17..+22С бусад нутгаар +11..+16С байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга мэдээлэлдээ дурдав.

Харин тавдугаар сард уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур уулархаг нутгаар +5..+10С, өмнөд говиор 15..+19С, бусад нутгаар +9..+15С, хур тунадас баруун ба говийн нутгаар 3-11 мм, бусад нутгаар 12-30мм ордог. Энэ сард Монголын ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Төв, Хэнтийн хойд, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд сумдаар дунджаас ахиу, бусад нутгаар дундаж хэмжээний орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байгаа аж.

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат, Байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв. Энэхүү тэмдэглэлд, Бүс хооронд үржлийн малын худалдааг хоёр жилийн хугацаанд хязгаарлах, хурдны зориулалттай адууны шилжих хөдөлгөөнийг замын постууд дээр хянаж, тухайн орон нутгийн мал эмнэлгийн шинжилгээний бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлэх, төл малын вакцинжуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд орон нутгаас гарсан зардлын асуудлыг яаралтай шийдвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлдмэл, халдвар хамгааллын хувцасны худалдан авалтыг шуурхай зохион байгуулах, шүлхий өвчний байгалийн халдварын болон вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт шинжилгээний ажлыг гүйцэтгэх” зэрэг саналууд тусгагдсан байв. Байнгын хорооны гишүүд хуралдааны тэмдэглэлд цаг агаарын заалтыг үнэн зөв болгох, цаг агаар, орчныг шинжлэхэл ашиглаж байгаа хоцрогдсон техник, төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг нэмж тусгахаар санал орууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Пирамид сүлжээнд хууртахаас сэрэмжлүүлэв

Элдэв нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж, бусдыг залилсан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлсэн байна.

Иргэдийн их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Иймд иргэдийг олон нийтийн сүлжээ, фэйсбүүк хуудсаар мэдээлэл нь гарч буй элдэв төрлийн нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагаанд оролцож, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хохирол амсахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.