Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдэл болно хэмээн сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өнөө шөнө Хэнтий өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурах гэнэ. Мөн өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүч тэнцвэргүй нөхцөлд дотоодын банкуудын үйл ажиллагааг дэмжих, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ

Хуралдаанаар эхлээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн интеграци эрчимжихийн хэрээр санхүүгийн зах зээл нэгдмэл болж, энэ нь Монгол Улсын банкны салбарт тусгалаа олж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банкны найм нь гадаадын хөрөнгө оруулалттай бол гурван банкинд гадаад улсын иргэн хувьцаа эзэмшдэг байна. Өмнө нь гадаадын банкны салбар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан туршлага байсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдаад өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаад улсын банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг зохицуулж буй эрх зүйн орчны талаар мэдээллээ.

Цаашид Монгол Улс гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь валютын хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд нэмэгдүүлэх тэргүүтэй олон талын ач холбогдолтой аж. Хамгийн чухал нь хөрөнгийн хоёрдогч захын урсгалыг нэмэгдүүлэх, банк хоорондын зах зээлийн хүүгийн суурь түвшинг бууруулахад нөлөөлж, эх үүсвэрийн дундаж хугацааг уртасгахад чухал хүчин зүйл болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан онцолж байв.

Иймд гадаадын хөрөнгө оруулалтай банк болон салбар, нэгжийг тодорхой нөхцөлтэйгөөр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан болохыг танилцуулгад дурдлаа. Үүний зэрэгцээ хэрэв гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжийн Монгол Улс дахь үйл ажиллагааг бүрэн хяналтдаа байлгаж чадахгүй бол банкны салбарт хүч тэнцвэргүй өрсөлдөөн бий болж, дотоодын банкуудын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй аж. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай бие даасан хуулийг баталж, гадаадын хөрөнгө оруулалт бүхий банк, салбар, нэгжийн Монгол Улсын санхүүгийн талбарт үйл ажиллагаа явуулах заагийг хуулиар тодорхойлох нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнчлэн хүч тэнцвэргүй нөхцөлд дотоодын банкуудын үйл ажиллагааг дэмжих, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагын үүднээс 5 бүлэг, 21 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан тохиолдолд Хөгжлийн банкны үйл ажиллагаатай давхцал үүсэх эсэхийг тодруулсан С.Чинзориг гишүүний асуултад “Тодорхой хэмжээний давхцал үүснэ, өрсөлдөөн бий болно. Харин өрсөлдөөнөөс харилцагч, салбарын зах зээлийн оролцогчид хождог. Салбар дахь өрсөлдөөнөөс зугтаад сайн үр дүн гарахгүй тул Хөгжлийн банкны үйл ажиллагаагаа дэмжих, ялангуяа Засгийн газрын дэмжлэгийг тодорхой болгож, эрсдлий бууруулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн төсөл санаачлагч хариулт өглөө. Гадаадын банкууд, тэдгээрийн салбар, нэгжийг Монгол Улсад ажиллуулахын тулд мөнгөний томоохон урсгал байх ёстой атал манай улсын уул уурхайн салбарын бүх мөнгөн эргэлт гадаадад явагддаг гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хэлэв. Ийм нөхцөлд гадаадын банкуудыг татах ямар боломж бий хэмээн харж байгааг тэрбээр тодрууллаа.

Оюутолгой тэргүүтэй манай улсын мега төслүүдийн санхүүгийн эргэлт гадаадад явагдахаар гэрээндээ заагдсан байдаг учир өнөөгийн нөхцөлд дотоод дахь валютын урсгал болон бизнесийн орчноор л гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын төлөвөөс хамааралтайгаар гадаадын банкууд 4-5 жилийн өмнөх шиг сонирхож, олноор хандахгүй байх магадлалтай. Гэхдээ бид сонирхогч талуудад эерэг дохио болгох үүднээс эрх зүйн орчноо сайжруулж, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийж байна гэдгээ харуулах нь чухал ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохиромжтой хэмээн үзэж буйгаа тайлбарлав. Түүнчлэн цаашид Хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сувгаар гадаадын банк, санхүүгийн байгууллагуудыг татах зорилготой бол дээрх гэрээнүүдэд өөрчлөлт оруулах, хууль эрх зүйн зохицуулалтуудыг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хариулт өгсөн.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ талуудын оролцоог хангаж, хамтран ажиллах нь чухал гэдгийг хэлж байв. Түүнчлэн гадаад улсын төрийн болон төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагыг дотоодын банкны салбарт оруулахгүй байх тал дээр онцгой анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж байсан. Гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжүүд Монгол Улсын банкны салбарт оруулахдаа үйл ажиллагаа явуулах заагийг нарийвчлан тодорхойлж, уул уурхайн бус салбарын үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хэлэв.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлж дууслаа. Дараа нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Шуурганаар уруудсан 2000 шахам адууг хилчид тогтоожээ

Монгол орны ихэнх нутгаар өчигдөр цасан болон шороон шуурга дэгдсэн. Шуурганы улмаас өчигдөр 2000 орчим адуу улсын хилд тулж очсоныг Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн хилчид тогтоосон байна.Тодруулбал, Дорнод аймаг хилийн 0132 дугаар анги, … дугаар заставуудын хариуцсан хэсгийн хилийн бүсэд улсын хилийн шугамаас 60-80 километрт нутагладаг Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн сумын малчдын 2000 шахам тооны адуу шуурганд уруудаж хилийн шугамд тулжээ.

Улмаар Хилийн заставт хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байсан хилчид дээрх адууг улсын хил дээр тогтоож, иргэдэд хүлээлгэн өгсөнөөр, ард иргэдэд учирч болзошгүй 1,4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, үүргээ амжилттай биелүүлсэнбайна.

Categories
мэдээ нийгэм

300 сонсогч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүрэг дэх Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах зорилгоор 1000 иргэний “Эргүүл”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өдөрт 300 сонсогч, оюутан, иргэд цагдаагийн алба хаагчийн хамт эргүүлд гарч байгаа юм.

Өнөөдөр дүүргийн захын хороололд Батлан хамгаалах их сургуулийн 300 сонсогч, суралцагч цагдаагийн алба хаагчийн хамт хэв журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэж ажиллаж байна.

Мөн Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль, Их Засаг олон улсын их сургууль болон төрийн болон ТББ-ууд уг арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүлэмжийн хийг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Өнөөдөр БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч З.Батжаргал, Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Ганбаатар, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн дарга Каваниши Масато нар Японы “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурлаа.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тооллогыг 1990 оноос хойш 3 удаа явуулахдаа тухай бүрд богино хугацааны зөвлөхийн баг бүрдүүлэн хийж гүйцэтгэж байсан. Хүлэмжийн хийн тооллогыг тогтмол, үнэн зөв, ил тод, олон улсын шаардлагад нийцсэн арга зүйн дагуу хийх чадавхийг бэхжүүлэх, хүлэмжийн хийн тооллогын дүн мэдээг цуглуулахад үндэсний хэмжээний хүлэмжийн хийн тооллогын явцийг сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Иймээс уг төслийг хэрэгжүүлсэнээр хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тооцооны үнэмшил, нарийвчлал сайжирч Монгол Улсаас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах, шингээгчийг нэмэгдүүлэх арга стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд үндэслэл болох ач холбогдолтой. Үүнээс гадна, улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх боловсон хүчний чадавхи бий болж, тооллогын нэгдсэн системийн тогтвортой байдал хангагдах боломжтой болох юм.

“Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь”-ийн урьдчилсан суурь судалгааны ажил хийгдэж дууссан бөгөөд уг судалгааны үр дүн, тайлан мэдээг төв байрандаа танилцуулсаны үндсэн дээр гэрээ эцэслэн шийдэгдэж ийнхүү хоёр улс хамтран ажиллахаар болсон байна. Гурван жилийн судалгааны ажлын үр дүнд төсөл хэрэгжихэд бэлэн болсон бөгөөд төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжин 2021 онд дуусах юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Монголын шүүх 64 хувиар шинэчлэгдэж, өмнөхөөсөө илүү нээлттэй болсон

Ц.Элбэгдорж: Дээд шүүхийн шүүгчид алдаа гаргах эрхгүй“Монголын медиа корпороци”-ас зохион байгуулж буй АРДЫН ҮГ: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд дүн тавих аян яг одоо МҮЭСТО-нд болж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүрэлцэн ирлээ.

Тэрээр “Шүүхийн шинэчлэлийг хүн ардын, нийгмийн төлөө хийсэн ажил. Сайхан амьдарна гэдэг хуулийн дагуу амьдрахыг хэлж байгаа юм. Хуулийн дагуу амьдрах, хүн болж төрсөндөө заяандаа эзэн болох, бие дааж амьдрах ёстой. Монголчууд хуулиар төрийг засдаг юм байна гэдгийг дэлхийд таниулж явсан орон. Бидний өнөөгийн зорьж байгаа байгуулах гэж явж буй нийгэмд янз бүрийн нэр өгөөд хэрэггүй. Би ажлаа авсныхаа дараа гаргасан хоёр дахь шийдвэр нь хууль шүүхийн байгууллагад шинэчлэл явуулах тухай байсан. Шүүхээр явж танилцаж байхад бүх зүйл хаалттай байсан. Жилийн өмнө Германы судалгааны байгууллага “Монголын шүүх 64 хувиар шинэчлэгдсэн байна. Өмнөхөөсөө илүү нээлттэй болсон” гэх дүгнэлтийг хийсэн. Шүүгчид шийдвэр гаргасан бол яллах дүгнэлтээ нээлттэй болго гэдгээс ажлыг нь эхлүүлсэн. 2010 оноос энэ шаардлагыг тавьж, 2012 оноос шүүх.мн сайтад байршуулдаг болсон. Жилд энэ сайтад гурван сая хүн ханддаг болсон байна. Асар өндөр тоо шүү. Өдөрт 15 мянган хүн тогтмол орж, 150 мянган шийдвэрийг иргэд татаж авсан байна. Энэ бол шүүх нээлттэй болсны илрэл. Аливаа нийгэм, хүн аз жаргалтай явъя гэвэл харьцаа сайтай байх хэрэгтэй. Өмнө нь шүүхээр орж шийдэгддэг байсан хэргүүдийн 20 хувь нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна. Энэ бол гайхалтай шинэчлэл. Иргэдийнхээ төлөө хийсэн шинэчлэл юм. Амжилттай эвлэрүүлэн зуучлуулсан тохиолдолд маш олон бий. Ингэж явах нь ололт учраас харьцааг чухалчлаад байгаа юм. Хэн бүхэнд нээлттэй, шударга хандах ёстой. Үүнийг шударга ёс гээд байгаа хэрэг. Төр гэдэг бол шүүх. УИХ хууль тогтоодог байгууллага. Тэнд байгаа хүмүүс асуудал гаргасан бол шүүхээр шийдүүлдэг. Шүүхэд хүн ажиллаж байгаа учир алдаа дутагдал бий. Гэхдээ шинэчлэлийг маш богино хугацаанд хийж чадлаа” гэсэн юм.

Ц.Элбэгдорж: Дээд шүүхийн шүүгчид алдаа гаргах эрхгүй

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо илэрхийлж байна.

Г.Баасан: Хүн өвдөхөөрөө хамгийн түрүүнд эмнэлэгт очдог шиг ямар нэг асуудал болохоор шүүхэд ханддаг. Шүүх засаглал үнэхээр шинэчлэгдсэн. Ямар шүүх хурал болж байгаа нь самбар дээр урсдаг болсон. Энэ бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ингэж ажлаа тайлагнаж байгаагүй. Энэ бол маш сайн жишиг боллоо. Цаашид төрийн өндөр дээд албан тушаалтнууд ийм жишигт суралцмаар юм байна. Шүүхийн шинэчлэл бүх шатанд эхлүүлэхийг хүсч байна.

Бат: Би 2011 оноос хойш иргэний хэргээр маргаантай явдаг байгууллагын захирал юм. Энэ хугацаанд сайн, муу олон зүйл болсон. Анхан шат болон нийслэлийн шүүх харилцан адилгүй шийдвэр гаргадаг нь иргэдэд эргэлзээ төрүүлж байна. Таван шүүгч шийдлээ гэхэд буруу зөв шийдсэнийг нь шалгуулах боломж байдаггүй. Хүн алдаа гаргаж болно. Ерөнхий шүүгч иргэдийн үгийг сонсоход хойрго байна.

Ц.Элбэгдорж: Аль ч оронд нийгмийн байгуулалт нь төгс төгөлдөр болоогүй байна. Манайд сонгуулийн үеэр гардаг маргаан, шүүмжлэл аль ч оронд бий. Хүний нийгэм асуудлаа төгс төгөлдөр шийдэж чаддаггүй юм байна. Шүүх байгууллагын хувьд өөрийнхөө уламжлалыг бодох ёстой. Өмнө нь Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын алба давхар хашдаг байсан. Үүнийг салгах ёстой гэж олон хүн хэлдэг байсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөл хараат байгууллага байх ёстой гэж үзэн тусад нь байгуулсан. Өнөөдөр Монголд 470 орчим шүүгч ажиллаж байгаагийн 145 нь шинээр ажилд орсон. Маш их нээлттэй, асар их өрсөлдөөнтэй. Шүүхүүдэд ёсзүйн хороо гэж бий. Энэ хороонд гомдол гаргаж болно. Мэргэжлийн хороо гэж бас бий. Шүүгч байх эрхийг нь хасах эрхтэй хороо юм. Дээд шүүхийн шүүгчид алдаа гаргах эрхгүй. Шүүхийн зохион байгуулалт бол хүн төрөлхтний үнэт зүйл. Шүүгч хараат бусаар ажиллах нөхцөлийг Шүүхийн ерөнхий зөвлөл хангаж ажиллана гэж заасан байдаг. Аливаа хэрэгт Ерөнхй шүүгч, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг. 100 хувь бидний зөв байхаар шийдсэнгүй гэх ямар ч боломжгүй. Өмнө нь шүүх дээр хэрэг очихоор буцаадаг байсныг болиулсан. Нэг шүүгчийн шийдэж байгаа хэрэг хэр олон удаа давж заалдах руу явж байгаа вэ гэдгийг хараад тухайн шүүгчийн ажлыг үнэлдэг.

Баянгол дүүргийн иргэн С.Баатар: Та өнгөрсөн найман жилийн хугацаанд маш их ажил хийсэн байна. Таньд амжилт хүсье.

Ховд аймгийн иргэн Нарантуяа: Юуны өмнө баярласнаа илэрхийлэх гэсэн юм. Шүүхийн байгууллагын шинэчлэл надад маш их мэдрэгдэж байгаа. Одоо энэ шинэчлэлийн хүрээнд прокурор, өмгөөлөллийн байгууллагад шинэчлэл хийж өгөөч гэх хүсэлт тавьмаар байна.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэг улсад аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Сурэш Бабуыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Д.Оюунхорол сайд “Манай хоёр улсын Засгийн газар 1998 онд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан ч жил ирэх бүрт Энэтхэг улсаас Монгол Улсыг зорих жуулчдын тоо буурч байна. Тиймээс энэхүү урсгалыг нэмэгдүүлэх тал дээр манай яам Энэтхэг улсын холбогдох яамтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нэн тэргүүнд шаардлагатай. Энэтхэг улс аялал жуучлалын салбараа өндөр хөгжүүлсэн орны нэг. БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр төрийн албан хаагчдыг урт, богино хугацааны сургалтад хамруулдаг. Манай яамны зүгээс танай Засгийн газрынITEC болон бусад хөтөлбөрт салбарын мэргэжилтнүүдээ хамруулах сонирхолтой байна. Нөгөөтэйгүүр, байгаль орчны тулгамдсан асуудлуудаа Энэтхэг улс хэрхэн шийддэг хийгээд урьдчилан сэргийлдэг талаар харилцан туршлага солилцох хүсэлтэй байна. Энэтхэгийн томоохон хотуудад агаар, орчны тэр дундаа хөрсний бохирдлын асуудал тулгамдаж байгаа нийтлэг энэ бэрхшээлийг даван туулахад харилцан туршлага, мэдлэгээ солилцох нь чухал байна” хэмээсэн юм.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Сурэш Бабу “Манай 2 улсын хооронд 1998 онд байгуулсан хэлэлцээр зогсонги байдалтай байна гэдэгтэй санал нэг байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудал дээр танай яамтай манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. Таны хэлснээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд боловсролтой хүний нөөц хамгийн чухал. Тиймээс таны хүсэлтийг хүлээн авч, мэргэжилтэн бэлтгэх богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг онцгой анхааран ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрэлч нохойн алба байгуулахаар бэлтгэж байна

Эртнээс хүний сайн нөхөр байсаар ирсэн нохойг орчин цагт хил гааль, цагдаа хүчний байгууллагууд гэмт хэрэгтнийг илрүүлэх, онцгой обьект хамгаалуулах, хил хамгаалах, гамшиг ослын үед эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна.

Манай орны хувьд ч сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна.

Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолд ОБЕГ-ын харьяа Нохойн алба байгуулах заалт орсон бөгөөд 2017 оны улсын төсөвт зардал нь тусгагдсан юм.

Мөн Монгол Улс 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа. Олон улсын аврах багтай болох гол шалгуурт ч эрэлч нохойн албатай байх ёстойг тусгасан байдаг байна.

Эрэлч нохойн албатай болсноор Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагч нарын аюулгүй байдлыг хангах, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, цаг хугацаа хожих зэрэг давуу талтай юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

Categories
мэдээ спорт

Ж.Мөнхбатын нэрэмжит Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болно

Чөлөөт бөхийн төрлөөр олимпийн наадмын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ удахгүй болох гэж байна. Тус тэмцээн энэ сарын 24-27-нд “Буянт-Ухаа” Спортын ордонд болно.

Тэмцээнийг “Монголын чөлөөт бөхийн холбоо”, “Хакүхо сан” хамтран зохион байгуулах аж. Энэ жил ДАШТ-ээс анхны медалийг хүртсэн 50 жилийн ой тохиож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой” компани 13 мянган хүн амыг цэвэр усаар хангалаа

Зураг“Оюу толгой” компани 13 мянган хүн амыг ундны усаар хангах хүчин чадал бүхий “Цэвэр усан хангамжийн цогцолбор”-ыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв.

6.9 сая ам.долларын санхүүжилтээр барьсан тус цогцолбор Ханбогд сумын иргэдэд найдвартай, цэвэр ундны усыг 6.6 км шугам хоолойгоор дамжуулан хүргэх аж.

“Оюу толгой” компани нь 2015 оны 4 дүгээр сард Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бусад сумдтай гэрээ байгуулж, өмнийн бүсийн тогтвортой хөгжилд чиглэсэн урт хугацааны түншлэлийг эхлүүлсний нэг ажил нь “Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан” байгуулан жил бүр 5 сая ам.доллар төвлөрүүлснээр хоёр цэцэрлэг, Баян-Овоо сумын хүн эмнэлэг, Даланзадгад сумын сургуулийн спорт танхим, Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжсан байна.

Тус сангийн санхүүжүүлэлтээр “Малын эрүүл мэндийн сум дундын төв”-ийн шавыг тавьжээ. “Малын эрүүл мэндийн сум дундын төв” нь энэ оны сүүлчээр ашиглалтад орох бөгөөд Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумд болох Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэцийн малчид, иргэдэд мал эмнэлэг, үржил төдийгүй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарын лабораторийн үйлчилгээ үзүүлэх аж.