Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Шар хүний “хар” тууж” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн тавдугаар нүүрт “Засгийн газрыг огцруулах хэмжээнд тулсан долоон концесст юу багтав” нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлд, “… Хаврын урь орьж ханш нээгдэхтэй зэрэгцэн улстөрчдийн “ханш” давхар нээгддэг нь жам шахуу болчихсон зүйл. Үүний баталгаа нь МАН-ынхны хоорондын цусгүй тулаанаас харагдана. МАН-ынхан асуудлаа бүлэг дотроо чимээгүйхэн ярилцаж гадагшаа хэрүүлийн алим шиддэггүйгээрээ бусад намуудаас ялгаатай. Үүнийгээ ч шагшин ярих нь олонтаа. “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” хэмээх үг бий. Үнэн хэрэгтээ МАН-ынхан албан тушаал, концессын төслүүдээс үүдэн нам доторх хэрүүл нь савнаасаа хальчихаад байгаа нь хаврын хахир өдрүүдэд хачир болж ч байх шиг” хэмээн дурджээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Төрийн хяналт зөвлөн туслах үүргээс хазайж шийтгэх талруугаа хэлбийснийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ” ярилцлага пүрэв гаригийн дугаарт нийтлэгдлээ.

“Суу билэгтнүүдийн өлгий нутаг” буланд Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар хийсэн аян замын тэмдэглэл багтжээ.

Эрдэнэтийн дарга Х.Бадамсүрэнгийн тансаглал хэрээс хэтэрч, таван өрөө байрандаа 180 сая төгрөгийн тавилга худалдан авсан талаарх материалыг өнөөдрийн баримт, үйл явдлын 7-р нүүрээс уншаарай.

“Сав шимийн ертөнц” буланд зэрлэг амьтдыг хурдны зам болон төмөр замын сүлжээнээс авран хамгаалахын тулд тэдэнд зориулсан байгалийн гарц барих туршлагыг монголд нэвтрүүлэх талаар хөндөн бичжээ. Америк, Канад зэрэг өндөр хөгжилтэй хотжилт өндөртэй улсуудад нүүдлийн амьтдад зориулан мянга мянган гүүрийг бетоноор нуруу зангидан дээр нь хөрс дэвсч түүнийгээ зүлэгжүүлж, мод бут тарьснаар зэрлэг амьтдад нэн таатай байгалийн гарц бий болгосон байдаг байна. Энэ талаар дэлгэрнгүй мэдээллийг 19-р нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгана

Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ТАВДУГААР САРЫН 01-НИЙ ДОТОР БҮХ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЖ ДУУСГАНА

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан:

  • Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх
  • Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах
  • Урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгах, зургадугаар сарын 15-ны байдлаар шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлэх, энэ өдрөөс хойш гэрээ байгуулахгүй байх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

УЛСЫН НААДМЫН ТӨСВИЙГ 2.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАТЛАВ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.

ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ШИМТГЭЛИЙГ ТЭГЛЭНЭ

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хаан банкны удирдлагуудтай мөн энэ талын яриа хэлэлцээ хийж байна.

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ ДЭМЖИВ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.

“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.

Эхний хөтөлбөрийг 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч эдийн засгийн өсөлт саарч, макро эдийн засгийн хүндрэл, хуримтлагдсан өр, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулах шаардлагатай болсон. Энэ үүднээс Засгийн газар Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэгтэй хамтран ажиллаж байна.

Энэ удаа Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлээр бодлогын 19 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.

БАНКНЫ САЛБАРТ 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. Энэ бүхнээс үүдэн Засгийн газар банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нь.

Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг бодлогын 12 арга хэмжээ авах юм.

Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсч, 2016 оны байдлаар эргэн доголдолтой зээл нийт зээлийн 14.2 хувь буюу 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн оны эцэст өнгөрсөн зургаан жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.

Нэг тэрбум ам.доллар хүртэл хэмжээний зээлийг БНХАУ олгох бөгөөд энэ зээлээр дэд бүтэц болон бусад салбарт төсөл хэрэгжүүлнэ. Зээлдэгч талын хүсэлт гаргаснаар зээлээр төслийн гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлэх зорилгоор ашиглана. Хэрэв төслийн гэрээнд төлөвлөх, худалдан авах ажиллагаа болон барилгын ажил тусгагдсан бол үүнийг зээлдүүлэгчийн санхүүжүүлэх хэмжээнд оруулж тооцно гэсэн утга бүхий нэмэлт өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна.

БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь долоон жил, зээлийн санхүүжилт 85 хувь, Засгийн газрын санхүүжилт 15 хувь байх зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийг талууд 2015 оны 11 дүгээр сард байгуулж, мөн сард УИХ соёрхон баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замд болгоомжтой зорчихыг зөвлөж байна

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замаар хүнд даацын машин механизм олноороо дамжин өнгөрч байна.

Тус замын эвдрэл 431-373 км хооронд улам нэмэгдэж, нийт 48 цэгт эвдрэл үүсчээ. Тиймээс “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-иас тус замаар зорчиж буй жолооч нарыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Тодотгоход, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн замчид Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 431-373 дэх км-т замын явах ангид овойлт суулт өгч эвдэрсэн хэсгийг механизмаар ухаж, суурийг солин 20 тонны индүүгээр нягтруулан, зорчих хэсгийг аюулгүй болгон ажиллаж эхэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Гэвч санхүүгийн “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-” ангилалд хэвээр үлдээсэн байна. Ийн хэвээр үлдээсэн нь ОУВС-гийн хөтөлбөрөөс үл хамаарч улсын төсвийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байгааг анхааруулсан байна.

Ялангуяа түүхий эдийн зах зээлийн уналт Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэлд цаашид дарамт учруулсан хэвээр байна гэж “S&P”-ээс үзсэн байна. Энэ удаад зээлжих зэрэглэл болон төлөвт өөрчлөлт оруулаагүй нь Монгол Улсын төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн өсөлтийн хандлагад хүлээгдэж буй олон бэрхшээлүүд байгаатай холбоотой гэж тодорхойлжээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн ухаалаг систем нэвтрүүлж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэнэ

Монгол Улсын санхүүгийн гол түнш байгууллагуудын нэг болох Азийн хөгжлийн банк манай улсын зам, тээврийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж эхэлжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон техникийн туслалцааны төслийн багийн ахлагч нартай өнөөдөр уулзаж, хэрэгжиж буй төслүүдийн талаар харилцан санал солилцлоо. Азийн хөгжлийн банкнаас “Тээврийн ухаалаг систем” төсөл болон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийн талаар танилцуулга хийж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа сайдад танилцууллаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлнэ” хэмээн тусгасан байдаг талаар сайд Д.Ганбат мэдээлэл өглөө. Тэрээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийг GPS-ийн төхөөрөмжөөр хянадаг болсон нь автотээврийн салбарын үйл ажиллагааг цахимжуулах эхлэл болсон талаар онцолж байв. Мөн тээвэрлэлтийг хөнгөвчлөх, хурдасгах, нэмэгдүүлэх,замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, бодит тоон мэдээлэл дээр үндэслэсэн тооцоолол гаргахын тулд зам, тээврийн салбарын тоон мэдээллийн санг үүсгэж, шаардлагатай програмыг хөгжүүлэх шаардлагатай байгаа тул уг ажлыг төсөлдөө багтаан хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж, Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид хэлж байлаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарлаж, Монгол Улсын Засгийн газраас 2012 онд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нас барсан хүний тоо 7 хувь, гэмтсэн хүний тоо 9.8 хувь тус тус буурсан үзүүлэлттэй бөгөөд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлснээр ослын тоог илүү бууруулах боломжтой болох юм.

Азийн хөгжлийн банкнаас Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоо бүрдүүлэх, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, автотээврийн хэрэгслийн парк шинэчлэх, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог үе шаттай бууруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж эхлээд байгаа аж.

Цаашид хоёр талын хамтын ажиллагааг тээврийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд санал, санаачилга гаргаж, идэвхийлэн хамтран ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” сэдэвт хамтарсан семинар боллоо

Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкны “Улаанбааар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” ТА-8212MON техникийн туслалцааны багийн хамтарсан семинар өнөөдөр Шангрелла-д боллоо.

Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НАЗГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн нийтийн тээврийн орлогч дарга Х.Булган болон бусад албаныхан оролцлоо.

Арга хэмжээг нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү нээж хэлсэн үгэндээ “Бид 2016-2020 он гэхэд Улаанбаатар хотоо өндөр технологид суурилсан, өөрийн өвөрмөц дүр төрх бүхий Зүүн хойд Азидаа санхүү эдийн засгийн бүс нутаг болгохоор зорин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд BRT төслийг хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийг өөрийн гэсэн өнгө төрхтэй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бид дээрх төслийг хэрэгжүлэхээр зорьж байна. Улаанбаатар хот өвөлдөө маш хүйтэн, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт сайнгүй, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж, соёл муу байгаагаас үүдэн иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос аль болох татгалзаж байна. Энэ төсөл маань үүнийг шийдэж өгнө гэж харж байгаа. Бидний үзэж байгаагаар Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, тэр дундаа МУБИС –аас УИД хүртэлх замд байрлах автобусны буудлуудыг сүүлийн үеийн шилэн пассадтай болгох, барилгууд руу холбож, иргэдийнхээ дулаан, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд уг төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Энэ далимыг ашиглаад төслийн багийн бүрэлдэхүүнийг БНХАУ –ын И Чан хотод очиж туршлага судлах боломжоор хангаж өгсөн Азийн Хөгжлийн банкны хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргжилтэн Ки Жүн Ким “2012 оноос хойш хийгдсэн BRT-ын зураг төслийн ажил нь хуучирсан байсныг шинэчилж нарийвчилсан зураг гаргаж өнөөдөр ийнхүү тайлангуудаа танилцуулахад бэлэн боллоо. Уг төслийн хүрээнд Герман улсаас ирсэн авто зогсоолын тусгай мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын авто зогсоолын төвүүдийн байршлаас хамаарсан төлбөрийг судалж, авто зогсоолын менежментийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Судалгаанууд нь нэлээд үндэслэлтэй, дүн шинжилгээ хийхэд боломжийн байгаа. Мөн үүн дээр өрхийн судалгааны дүнг танилцуулсаны дараа нэлээд зүйл тодорхой болно. Гол асуудал бол Их тойруу, Нам Ен Жү –ийн гудамж зэрэг нь маш их хөдөлгөөнтэй шугаманд хийгдэх ажлууд байна. Энэ хоёр шугамыг зэрэг ажиллуулах боломжгүй учраас гурав дахь шугам буюу 7 буудлаас хотын төв чиглэлийн авто зогсоолын ажлыг Азийн Хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлэх гэж байна” гэлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.ИндраӨнөөдөр BRT төсөл хэрхэн хэрэгжих талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд танилцуулга хийж байна. BRT төслийн төлөвлөлттэй холбогдуулан авто зам, тусгай замын нийтийн тээврийг аль хэсгээр хэрхэн зорчуулах, авто зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг ерөнхий төлөвлөлттэй уялдуулан Авто замын газрын зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулна. BRT төсөл нь энэ оноос эхлэн 2019 он хүртэл хэрэгжихээр болоод байна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийт хүн амын 95.1 хувь нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.04.19/ хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаяр танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шинэ бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш таван удаа хуралдаж, 42 асуудлыг шийдвэрлэн, 33 тогтоол, шийдвэрийг гаргажээ.

Зөвлөлийн анхны ажил нь өмнөх онуудад гаргасан шийдвэр, тогтоолуудад хийсэн дотоод аудитын шалгалт байсан аж. Шалгалтын үеэр маш их зөрчил илэрсэн талаар сайд Н.Номтойбаяр танилцуулгадаа дурдсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гаргаж байсан тогтоол, шийдвэр дүрэм журмуудын ихэнх шаардлага хангаагүй болохыг тэрбээр мэдээллийнхээ үеэр онцолсон.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны гүйцэтгэлээр 1.809.9 тэрбум төгрөг, зарлага 1.720.3 тэрбум төгрөг байжээ.

Нийгмийн даатгалд 43.1 мянган байгууллага, 2.966.3 мянган даатгуулагч хамрагдсан байна. Монгол Улсын нийт хүн амын 95.1 хувь нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 72.2 мянган аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим хувь нь нийгмийн даатгалд бүртгэгдсэн байна.

Тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ авагчдын тоо /давхардсан тоогоор/ 6.295 мянга байгаа бөгөөд 1.697.7 тэрбум төгрөгийг дээрх үйлчилгээнд зарцуулсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/13 тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/03 тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн тогтоож, одоогоор тус салбарын хэмжээнд 1.543 албан хаагч ажиллаж байгаа аж. Нийт албан хаагчдын гурван хувь нь удирдах албан тушаалтан, 83 хувь нь гүйцэтгэх албан тушаалтан, 14 хувь нь гэрээт болон үйлчилгээний албан хаагчид байгаа юм байна.

Сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын салбарт хоёр үе шаттай хяналт шалгалтыг хийхээр төлөвлөсөн гээд нэгдүгээр шатны шалгалтыг хийж дуусгасаныг дуулгасан. Нэгдүгээр шатны шалгалтын үеэр 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүний 840 сая төгрөгийн зөрчил нь хууль зөрчин тодорхой хүмүүсийн тэтгэврийг үндэслэлгүйгээр нэмсэнтэй холбоотой бол 200 гаруй сая төгрөгийн зөрчил нь иргэдийн тэтгэврийг байх ёстойгоос багаар тогтоосонтой холбоотой юм байна. Нийт нийгмийн даатгалын 136 байцаагчтай холбоотой зарчил илэрсэн аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаярын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, А.Ундраа, С.Чинзориг, М.Билэгт, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд, элэгний вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд хэчнээн хүн хамрагдсан, ямар хөнгөлөлт үзүүлж байгаа талаар, хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсан иргэний нэр дээр тэтгэвэр авч байсан асуудлын талаар тодруулсан. Мөн гадаадад эмчлүүлэхээр явж буй иргэд эх орондоо эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломжийг олгохын тулд ямар арга хэмжээ авч байгаа, цалингийн зээлийн хүүг бууруулах боломж бий эсэх талаар лавласан юм.

Сайд Н.Номтойбаярын хариулснаар, элэгний С вирусын эсрэг таван төрлийн эмийг нэг хайрцаг тутамд 210 мянган төгрөгөөр хөнгөлж, даатгалын сангаас дээрх үнийн хөнгөлөлтийг төлжээ. 2016 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс хойш элэгний С вирусын эсрэг эмийг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн 2.5 мянган даатгуулагчид 1.5 тэрбум төгрөгийг даатгалын сангаас нөхөн олгоод байгаа юм байна.

Итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 15.000 иргэн байгааг нэг бүрчлэн шалгахад 30 хувь нь буюу 5000 иргэний асуудал зөрчилтэй гарсан учир зогсоожээ. Энэ нь нас барсан иргэдийн нэрийг барьсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн асуудалтай холбогдож байгаа аж. Тиймээс яаманд ажлын хэсэг гарган ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд, АТГ-тай хамтран хоёр дахь шатны хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа хэмээн сайд хэлсэн.

Түүнчлэн тэрбээр иргэд монголдоо эмчлэх боломжгүй гэсэн шалтгааны улмаас БНХАУ, БНСУ, Тайланд, Японыг их зорьдог гээд жилдээ 400 тэрбум төгрөгийг гадны эмнэлэгт төлдөг гэлээ. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл хөрөнгөнөөс япон стандартын жишиг эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг дуулгасан. 300 ортой орчин үеийн техникээр тоноглогдсон эмнэлэгт жилдээ 35.000 хүн хэвтэн эмчлүүлж, 500 гаруй мянган хүн амбулаториор үйлчлүүлнэ гэсэн төсөөлөл байгаа аж. Ингэхдээ японы зөвлөх эмч нарыг ажиллуулан зөвлөгөө авч, өөрийн эмч мэргэжилтнүүдээ японд дадлагажуулан солилцохоор тооцон судалгааны ажлаа эхлүүлсэн гэж хэлсэн.

Мөн сайд, арилжааны банкуудтай гэрээ байгуулан тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгон бууруулсантай адил аргаар цалингийн зээлийн хүүг бууруулж, эхний ээлжинд эмч, багш нарыг хамруулах ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа ч мөн дуулгасан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

”Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам” баталлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 12 цаг 28 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга Н.Энхболд тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын түүврийн судалгаа энэ сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар явагдаж байна. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр Байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг болон Ажлын дэд хэсэг, санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл анхдугаар санал асуулгыг зохион байгуулж явуулах бэлтгэл ажлыг хангахаар өөрсдийн хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна гээд “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл, тогтоолын хавсралтаар батлах журмын талаар гишүүдэд танилцуулсан юм.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам”-ыг хавсралтаар батлахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын 6 сэдвийг хоёр өдөрт багтааж гурав гурваар нь хэлэлцэж мэтгэлцээн өрнүүлэхэд багагүй цаг хугацаа шаардлагатай учраас ойролцоо агуулгатай зарим сэдвийг нэгтгэж хэлэлцэж болох талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгахыг санал болгов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат анхдугаар зөвлөлдөх санал асуулгын ач холбогдлын талаар олон нийтэд анхнаас нь зөв ойлголт өгөх, түүнчлэн зөвлөлдөх уулзалтын явц байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэхэд Ажлын дэд хэсэг анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдэд зүрхний үзлэг үнэгүй хийнэ

П.Н.Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр ирэх зургаадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэгүй үзлэгт хамруулах юм байна. Уг үзлэгийг П. Н. Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг хийх юм.

Тэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үздэгт хамруулахаас гадна үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд шууд мэс засал хийх юм байна.

Хэрвээ та хүүхдээ үзлэгт хамруулахыг хүсвэл гуравдугаар эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасагт хандаарай.

Categories
мэдээ улс-төр

Гурав хоногийн дотор холбогдох албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав.

Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/- д үүрэг болголоо.

Мөн цэргийн алба, сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, зэвсэг, галт хэрэгсэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хариуцуулав.

Батлан хамгаалахын сайдын энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч /хошууч генерал З.Болдбаатар/-т даалгалаа гэжээ.