Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

Өнөөдөр ардчиллын алтан хараацай, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол энэ өдөр 55 нас хүрэх байсан юм. Өнөөдөр 11:00 цагаас уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд С.Оюун, С.Баяр нараас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батзандан болон 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирсэн юм.

Цэцэг өргөх ёслолын үеэр С.Зориг агсны ах С.Баяр “Хэрвээ Зориг маань амьд сэрүүн байсан бол өнөөдөр 55 нас хүрэх байлаа.Энэ өдрийг өөдрөг сайхан эерэг талаас нь жил бүр дурсдаг өдөр. Жилд хоёр удаа энэ хөшөөн дээр ирж цэцэг өргөдөг. Дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрөөр нь, аравдугаар сарын 2-нд буюу түүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн өдөр энд ирж хүндэтгэл үзүүлдэг. Бид өнөөдөр энэ хөшөөн дээр уламжлал ёсоор ирлээ. Өнөөдөр өглөө 09.00 цагаас МУИС-ийн С.Зоригийн нэрэмжит лекцийн танхимд /С.Зориг агсны хичээл зааж байсан танхим/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Амарсанаа оюутнуудад зориулж С.Зоригийн тухай, ардчиллын тухай лекц уншсан. Мөн өнөөдөр 12:00 цагаас Монголын Үндэсний музейд С.Зоригийн тухай бэсрэг үзэсгэлэн нээлтээ хийнэ. Бид ийм үйл явдлууд дүүрэн дүүгийнхээ төрсөн өдрйиг тэмдэглэж байна.

Ер нь энэ хэргийн талаар сүүлийн үед нэлээд их мэдээлэл гарсан. Ар гэрийнхэн нь зүгээс буюу С.Оюун бид хоёр байр сууриа илэрхийлсэн. Бидний байр суурь хэвээр байгаа. Одоогоор нэмж хэлэх зүйл байхгүй байна” хэмээн хэлсэн юм.

Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгчин охид анхны хожлоо авав

hulbumbugЗүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын охидын шигшээ баг хоёр хоногийн өмнө Азийн тэмцээнээс анхны оноогоо авсан бол өнөөдөр анхны ялалтаа байгууллаа. Хойд Марианы арлуудын багт боломж олголгүй буулган авснаар анхны хожлоо авчээ. Монголын багийн довтолгооны шугамын гол тоглогч Э.Энхмаргад гоолын салхийг хагалж, баг тамирчдаа сэргээсэн. Харин удаах гоолыг тав дугаартай, төвийн хамгаалагч Ван Лора өсөлдөгчийнхөө хаалганд оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын банкууд Монголд орж ирэхэд эрсдэлтэй гэж үзээд харзнана гэсэн хариу өгчээ

УИХ пүрэв гаригийн үдээс өмнөх чуулганаараа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг уг хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Хууль санаачлагч Б.Жавхлан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар танилцуулж, гишүүдийн асуултанд хариуллаа. Тэрбээр “Ийм хууль байх шаардлагатай юм уу” гэсэн нэг бус гишүүний асуултанд хариулах хэрэгтэй болсон юм.

Б.Жавхлан гишүүн:- Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэж бий. Одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гарах гэж байна. Хөрөнгө оруулалтын хууль аж ахуйн нэгжийн тухай хууль. Ерөнхий хууль байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн үзэл санаа нь хүмүүст, багт нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгдөг. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль мөнгөнд зөвшөөрөл өгч байгаа юм. Тодорхой мөнгө орж ирэхэд түүнийг нь шалгаж, зөвшөөрөл өгч, эдийн засаг руу оруулах зохицуулалттай хууль. Ийм зохицуулалттай хууль зайлшгүй байх ёстой. Манай арилжааны банкны хууль дотоодын банкны үйл ажиллагааг зохицуулдаг. Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголыг сонирхох цаг ирэх л байлгүй. Тэр үед нь орж ирэх боломжуудыг нь хуулиараа зохицуулсан, маш тодорхой сонголтуудыг бий болгох шаардлагатай учраас энэ хууль зайлшгүй шаардлагатай юм гэлээ.

Ч.Хүрэлбаатар гишүүн: -Иргэд арилжааны банкнаас зээл авахад зээлийн хүү өндөр байдаг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчид, ард иргэдээ бодвол бид энэ хуулийг дэмжих ёстой. Ер нь санхүүгийн салбарт дутагдаж байгаа юм Хөрөнгө оруулалтын банк. Хөрөнгө оруулалтын банк амьдралын даатгал, хөрөнгө оруулалтын сан гээд Монголд үйл ажиллагаа нь идэвхиж өгөхгүй байгаа энэ бүх зүйлүүдийг давхар хийгээд явдаг. Тийм учраас бид Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг эрт батлах тусмаа Монгол Улсын эдийн засаг хямралаас гаргах үйл явц хурдасна. Энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгж байгаа гэж би боддог. Бид нар харин хуулиа чамбай гаргаж чадах юм бол Монголыг сонирхож байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал яг энэ хуулиар хөшүүрэгдэж, дэмжигдэж улам ихсэх бололцоотой. Одоо ч ярьдаг. Том том аж ахуйн нэгжүүдийн данс нь гадаадад байгаад байна гэдэг. Аргагүй шүү дээ. Тэр аж ахуйн нэгжүүд томоохон зээл авчихсан. Зээл хүсэхээр “Орлогоо манайхаар дамжуул” гэдэг шаардлага тавьдаг. Тэр банкууд Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулах орчныг нь бий болгочихоод бид дараа нь тэр аж ахуйн нэгжүүдэд мөнгөө оруулж ир гэдэг шаардлага тавих учиртай. Гадаадын ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болж байгаа зүйл банк санхүүгийн өнөөгийн хөгжлийн байдал гэж үзэж байна. Тийм учраас энэ хуулийг яаралтай дэмжиж гаргах хэрэгтэй” хэмээн ярилаа. Бас асуулт ч тавилаа. “Хууль санаачлагчдаас нэг л зүйл асууя. АНУ арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк хоёрыг тусгаарлачихсан хууль эрх зүйн орчинтой. Их долоогийн бусад орнууд арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк хоёрыг хольсон хууль зүйн орчинтой. Та бүгдийн санаачилсан хуулиар арилжааны банк, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тусгаарлаж байгаа юу, хольж байгаа юу” гэлээ.

Б.Жавхлан гишүүн: Хосолмол байдлаар явуулах зохицуулалт хийгдсэн. Хөрөнгө оруулалтын банк гэдэг маань хөрөнгийн зах зээл дээр ажиллах институци. Дээрээс нь мөн зээл олголтууд, дотоодын банкуудын өгч чадахгүй байгаа эдийн засагт шаардлагатай зах зээлд ажиллах хэмээн товч хариулав.

Нэг хэсэг Хятадын төрийн банк орж ирэх нь гэж баахан шуугисан, болгоомжилсон. Тэр болгоомжлол гишүүдэд ч хадгалагдаж энэ талаар асууж, лавлаж байлаа. Үнэндээ гадаадын банкууд Монголд орж ирэхээр уралдаад байгаа юм үгүй гэнэ. Б.Жавхлан гишүүн Монголд байгаа гадаадын банкны таван төлөөлөгчийн газарт хандаж үзжээ. “Та нар төлөөлөгчийн газраа банк болгох сонирхол байгаа юу, салбар болгох сонирхол байгаа юу гэж асуусан. Танай эдийн засаг тав, зургаан жилийн өмнөх шиг бидний сонирхлыг татахгүй байна. Одоо юу юугүй банк болоод ороод ирэх нь эрсдэлтэй. Харзнана, судална гэсэн байдалтай байгаа. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах олон боломжийнхоо нэг л сувгийг засах гээд байгаа оролдлого. Цаашид эдийн засаг маань өсч, манай зээлжих зэрэглэл нэмэгдээд ирэхээр гадаадын хөрөнгө оруулалтууд банкны сувгаараа дамжаад орж ирэх байх гэж Б.Жавхлан гишүүн найдаж байна.

Хятадын Төрийн банк орж ирэх талаар Ц.Гарамжав гишүүний болгоомжилсон асуултад Б.Жавхлан гишүүн ийнхүү тайлбарлав.

“Болгоомжилж байгаа нь зөв. Тэрийг зохицуулсан хууль хангалттай байгаа. Дөрвөн жилийн өмнө гарч байсан Стратегийн хөрөнгө оруулалтын хуулин дээр ийм заалт бий. Хэрэв цаад хөрөнгө оруулагч нь төрийн өмчийн оролцоотой бол эхлээд Засгийн газар дээр энэ асуудал хэлэлцэгдэх ёстой гэж заасан. ҮАБЗ-өөр хэлэлцэнэ. Бидний санаачилсан хуулийн төсөлд аль нэг банк, хуулийн этгээдэд зориулсан заалт байхгүй. Бидний болгоомжилж байгаа геополитк, улс төрийн зорилготой хөрөнгө оруулалтыг хязгаарлах зохицуулалтууд өөр хуулиудад байгаа. Хууль хэлэлцэх явцад илүү сайн зохицуулах зүйлээ ярилцаж хийх ёстой.

Хэдэн банк орж ирэх сонирхолтой байгаа талаар хуулийн ажлын хэсэгт багтсан Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг мэдээлэхдээ

-Одоогоор таван төлөөлөгчийн газар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Японы хоёр, Хятадын хоёр банкны төлөөлөгчийн газар, Голландын нэг төлөөлөгчийн газар бий. Өнөөдрийн байдлаар Монгол банкинд салбараа Монголд байгуулах хүсэлт ирээгүй. Монгол банкнаас төлөөлөгчийн газрынхантай уулзахад “Монгол Улсын Зээлжих зэрэглэлтэй холбоотойгоор тухайн банкны дотооддоо баримталдаг бодлоготой нийцэхгүй учраас одоогоор Монголд салбар байгуулах сонирхолгүй байна” гэж зарим банкны төлөөлөгч хэлж байсан гэв.

Д.Лүндээжанцан гишүүн -“Танин мэдэхүйн шинжтэй хэдэн асуулт асууя” гэж байгаад дараахи асуултуудыг тавив. Дотоодын арилжааны банкнаас юугаараа ялгаатайг нарийн сайн ойлгож өгөхгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай банк гэж бас нэг ойлголт байх шиг байна. Манай банкууд ч гадаадын хөрөнгө оруулалт ихтэй шиг байгаа юм. Хүмүүс гадаадын банк орж ирвэл дотоодын арилжааны банкнуудын монополь байдал саармагжаад хүү буурах юм гэнэ гэдэг ойлголттой байгаа. Хөрөнгө оруулалтын банк орж ирэхээр жижиг, дунд бизнест нь очих хүү буурах уу. Нэг өдрийн зээл гээд байдаг юм нь болиосой. Хүмүүсийг хэтэрхий шулж байгаа байдал арилаасай билээ гэж хүсч байна. Үүнд нэмэр хандив болж чадах уу? Анхнаасаа алдаагүй хууль гаргах хэрэгтэй гэж захья гэсэн юм.

Б.Жавхлан гишүүн:

-Хөрөнгө оруулалтын банк гэдэг маань хөрөнгийн зах зээл дээр биржээр дамжуулж явуулдаг бизнесийг ойлгодог. Монгол маань хадгаламжийн эх үүсвэрээр олгодог зээлүүд нь хамгийн эрсдэлгүй байх ёстой зах зээл юм. Хөрөнгө оруулалтын банк гэдэг өөр чөлөөт, урт хугацааны эх үүсвэрээр хөрөнгө оруулалт нь биржээр дамждаг бас биржийн бус замаар хувьцаагаар дамжиж хөрөнгө оруулалтуудыг, бизнесийн үйл ажиллагааг дэмждэг бизнесийг хэлдэг. Тэр зах зээл дээр ажиллах бодол бий. Дотоодын банкны үйл ажиллагаатай аль болох давхацуулахгүй байдлаар ажиллах санхүүгийн байгууллага. Одоо байгаа банкуудын маань найм нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэд одоо ажиллаж байгаа зах зээлийн модель дээрээс ашиг хүртэх гэж орж ирж байгаа. Энэ хуулиар орж ирэх банк бол дотоодын эх үүсвэрээс булаацалдахгүйгээр гаднаас эх үүсвэр авчирч, манай хөрөнгийн зах зээлд ажиллаж болох зохицуулалттай гадаадын хөрөнгө оруулалттай банкууд байх юм. Хөгжлийн банкныханд анхааруулж хэлэхэд өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөнөөс айх биш бэлтгэх учиртай. Энэ өрсөлдөөнөөс Монголын эдийн засаг хожно. Сингапур, Люксембург гээд гадны хөрөнгө оруулалт олон байдаг жижиг улсуудын жишээ татдаг. Ерээд оноос хойш дэлхий нийтийн өөрчлөлт дунд Зүүн Европын улсууд санхүүгийн зах зээлээ либеральчилсан түүх 2000 оны эхээр болсон. Бид түүнээс хойш 15-20 жилийн дараа энэ өөрчлөлтийг ярьж эхэлж байна. Тэр улсуудаас алдсан, оносон нь бий. Хамгийн сайн жишээ нь Унгар, Польш, Чех. Тэнд одоо дэлхийд байдаг бүх л том банкууд бий. Яагаад гэвэл эдийн засаг нь сайн, бизнес байгаа учраас банкууд сонирхож орсон. Тэндээс хэн хожсон гэвэл улсын эдийн засаг, бизнесийнхэн л хожсон. Сайн жишээ, бодит түүх нь тэр. Бид тэдний араас явж байгаа юм л даа.

Сү.Батболд: -Ер нь бид шийдвэр гаргахдаа нийгэмдээ зөв ойлголт өгөхгүй бол буруу ойлголт, тайлбар, хардалт төрд үл итгэсэн байдал яваад байдаг. Өмнө нь бид хөрөнгийн зах зээлийг сайжруулъя гээд дэлхийн жишгээр явъя, Лондонгийн хөрөнгийн биржийн жишгээр хөрөнгийн зах зээлийн менежментээ сайжруулъя гэж байгаад энэ ч болохгүй юм байна, буруу гэсээр байгаад аль ч үгүй болоод дууссан шүү дээ. Гэтэл өнөөдөр жижиг, дунд бизнес ч том нь ч нөгөө л богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээсээ хамааралтай. Урт хугацаатай бага хүүтэй зээлийн тухай ярьдөг мөртлөө хэрэгждэг зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын банк орж ирсэнээр бизнесийг дэмжихэд хэр хувь нэмэр оруулах вэ. Урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэр тал дээр бодитой өөрчлөлт оруулах боломж бүрдэх үү? Эсвэл дахиад нөгөө байгалийн баялаг, лиценз бүх зүйлээ барьцаалаад гадаад дотоодын хяналтад ороод алдана гээд яриад байх юм бол энэ маань хэрүүлийн алим болоод дуусна. Үүн дээр Монгол банк, хууль санаачилсан гишүүд тодорхой ойлголт өгч хэлж өгнө үү. Арилжааны банкны үйл ажиллагаатай давхардсан зөрчилдсөн зүйл бий юу гэж гишүүд асууж байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулна гээд байсан. Үүнтэйгээ уялдах уу?

-Б.Жавхлан гишүүн:-Арилжааны банк, хөрөнгө оруулалтын сангуудын хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гээд бид хууль батлаад байдаг. Хөрөнгө оруулалт хийдэг газар байна уу гэж хоёр, гурван гишүүн асуулаа. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гарсан. Харамсалтай нь энэ хуулиар зохицуулагдах тэр сувгаар орж ирэх хөрөнгө оруулалтууд манайд нэмэгдээгүй. Бизнесийн цикл нь ч тэгж таарлаа. Дээрээс нь ийм юм ойлгох хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хүнд өгдөг зөвшөөрлийг зохицуулдаг. Танай тав, арван хүнтэй багт хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өглөө гэдэг. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль мөнгөнд өгөх зөвшөөрлийг зохицуулдаг. 500 тэрбумын дүрмийн сантай ийм аж ахуйн нэгж хөрөнгө оруулагчид манай дотоодын зах зээл дээр санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч байна гэдгийг зохицуулах хууль. Энэ сувгаар мөнгө орж ирэх илүү бодитой юм. Харамсалтай нь одоо бизнесийн циклийн хувьд сонирхол татахаар үе биш. Гэхдээ цаг хугацааны хувьд оройтож үндсэндээ бараг нөхөж гаргаж байгаа хууль. 1990-ээд оны сүүлээр Зүүн Европт болж байсан өөрчлөлтүүдийг одоо хийж байгаа юм. Нэлээд хашир болсон хойноо их зөв хууль гаргах гэж байгаа гэж бодож байна. Цаг хугацааны хувьд зайлшгүй гаргах ёстой цаг нь мөн гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсаны дараа гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхээр болж, Хөрөнгө оруулалтын банкны хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Б.ЭГШИГЛЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ганхуяг: Сангийн яамныхан өмнө нь оролдоод чадаагүй өөрчлөлтөө валютын санд дулдуйдаж хийх гэж байх шиг байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Оффшорчдын эсрэг жагсаал Англиас эхлээд гадны улсуудад, саяхнаас Монголд өрнөөд эхэллээ. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Тэмцэж буй хүмүүсийн хувьд үнэн голоосоо эсэргүүцэж байгаа байх. Хамгийн гол нь бай нь хуурамч. Хоосон юм руу дайруулаад байна. Нохойг туу гээд юм бариулж сургадаг даа. Тийм технологи хэрэглэж хүмүүсийн тархийг угаагаад байх шиг. Гадаадын тэр тусмаа Оросын иймэрхүү хар пиарыг манайхан маш сайн сурсан юм шиг санагддаг.

-Оффшор гэхээр болохгүй бүтэхгүй юм гэж харж, ярьж байна. Үнэхээр тийм аюултай эд үү?

-Оффшор гэдгийн тодорхойлолт уг нь их энгийн. Ерөөсөө л нам доогуур татвартай, давхар татварын хууль тогтоомж нь таатай, тогтвортой бизнесийн орчин. Жишээ нь зуун төгрөг хийлээ гэхэд хоёр газар татвар төлдөггүй тийм улсыг л хэлээд байгаа юм. Голланд, Швейцарь, Люксенбург бүгд л оффшор бүс. Гэтэл оффшорыг тэс хөндлөн тайлбарлаад байна л даа. Хамаг муу хулгайч нар авлига, хар тамхинаас олсон мөнгөө АНУ, Орос, Европын холбооны Засгийн газруудаас зугтаалгаад хэзээ ч олдоггүй, хэн ч мэдэхгүй харь гариг шиг ертөнц рүү авааччихдаг гэж тайлбарлаад, тийм ойлголтыг нийгэмд бий болгочихлоо. Уг нь тийм биш. Саяхан даа, Олон улсын валютын сангийн нэг нөхөр тодотголын талаар ярьж байхдаа “Монгол бол маш олон талаараа оффшорын шинж чанарыг агуулсан улс” гэчихэж байгаа юм. Муулж хэлээгүй. Татвар нь сүүлийн арван жилд маш доогуур байсан гэсэн утгаар хэлсэн хэрэг. Бизнес хийх гэж байгаа ямар ч хүн бага татвартай газрыг сонгоно. Нэг улсаас нөгөөд хөрөнгө оруулалт хийхдээ нэгэнд нь тав, нөгөөд нь гучин хувийг төлөхийг хүсэхгүй. Өнөөдөр бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол хөрөнгө оруулалт. Манай улс руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээр дамжиж орж ирсэн. Унгар улс оффшор маягийн шинж агуулдаг. Ийм шалтгаанаар хүмүүс Унгар руу мөнгөө шилжүүлдэг болж байна. Энэ бол муу зүйл биш. Нам доогуур тогтвортой татвартай, давхар татвар авдаггүй бүсийг л оффшор гээд ойлгочих хэрэгтэй. Оффшор бүсийн тухайд нэг талдаа хувь хүний нууцыг хадгалж чаддаг шинж чанартай. Банкинд гурван сая төгрөг хадгалуулсны маргааш “Ганхуяг гурван сая төгрөгийн хадгаламж нээлгэжээ” гэвэл надад лав таатай санагдахгүй.

-Гэхдээ л оффшор улс төрийн том сэдэв болчихсон шүү дээ. Улстөрчид нь хөмсгөө зангидаж ирээд байж боломгүй зүйл мэтээр яриад байгаа…?

-Манай улстөрчид оффшорт байгаа авлигын мөнгийг буцааж авчруулах ёстой, ингэвэл Монгол Улс хөгжинө гэсэн утгагүй юм яриад байдаг. Гэтэл нөгөө талд мөнгө хулгайлсан хэд хэдэн дуулиантай хэргүүд байгаа. Эзэд нь ч тодорхой. Энэ хэргүүдийг л ярих ёстой. Наад зах нь төмөр зам дээр өчнөөн мөнгө алдсан. Тэр их мөнгө Монголын банкинд байна уу, гадаадын банкинд очсон уу, алт мөнгө, барилга байшин болсон уу гэдгийг шалгаад гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй байж оффшор гэх мэт хоосон бүтэхгүй юм руу олны анхаарлыг хуйлруулаад нэмэртэй юм болохгүй.

-Олны анхаарлыг мөнгө идсэн том хэргүүдээс холдуулж сарниулах арга гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь тийм. Улс төрийнхөө өрсөлдөгчдийг харлуулах нэг арга. Энэ мэт хоосон хэрэг тохож олон түмний дунд дахиж хэзээ ч сонгогдохгүй болтол нь доош хийх хэлмэгдүүлэлтийн арга хэрэглэж байна.

-Түрүүн та оросуудын хэрэглэдэг хар пиарын технологийг ашиглаад байна гэж цухас дурдсан. Тэгэхээр цаанаа том бодлоготой явуулга болж таарах нь уу?

-Хоосон дайсан гаргаж ирээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгөөр худалдан авч олны тархийг хүчээр угаах ийм аргыг Орост их хэрэглэдэг.

-Эрдэнэтийг 100 хувь төр авах шийдвэрийг засгийн зүгээс гаргачихлаа. Энэ хэр зөв шийдэл гэж та бодож байна?

-Өнөөг хүртэл өрнөсөн процесс тодорхой. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Нөгөө талд анхаарах учиртай нэг асуудал бий. Дарга нар өөр зуураа манай авгайд наадахаа өгчихөөрэй гээд шахаа, бизнес хийдэг нь тодорхой болчихлоо. Өмнө нь нээлттэй ярьдаггүй байсан болохоос тодорхой байсан л даа. Төрийн гэх тодотголтой компаниуд яагаад дандаа алдагдалтай ажилладаг, ямар хүмүүсийг ямар шалгуураар гүйцэтгэх захирлаар нь тавьдаг, тэр хүмүүсийн цалин хэд юм гэдгийг олон түмэнд ил болгох цаг ирсэн. Эрдэнэтийн бизнес төлөвлөгөөг гол хувьцаа эзэмшигчид болох ард иргэдээс нуух нь утгагүй. Эрдэнэтийн тухайд хөрөнгийн биржээ хөгжүүлэх нэг том гарц гэж харж байгаа. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гучин хувийг нь зараад, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн засаглалыг жинхэнэ утгаар нь оруулж ирэх хэрэгтэй.

-ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилчихлоо. Яг л төрийн өмчит бусад компаниудынх шиг. Таны хэлсэн шиг алхмыг хийсэнгүй…?

-Арай өөрөөр шийдэх болов уу гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй. Зүй нь ТУЗ-д намын өмч зүтгэлтэн гэдгээр хандаж болохгүй. Бизнес, эдийн засаг, санхүү, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбоотой хүмүүсийг ТУЗ-д оруулах ёстой. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци их сайн жишээ. Улаанбаатар хот зуун хувь энэ корпорацийг санаачилж байгуулсан ч ТУЗ-ийн гурван гишүүн л эднийхээс томилогдсон. Гурвыг нь бизнесийн салбараас буюу Улаанбаатарын хотын танхим СЕО клубээс дэвшүүлсэн. Үлдсэн гурван гишүүн нь хараат бус. Хотын өмнөх болон одоогийн удирдлага энэ чигээс хазайгаагүй. Тэгэхээр Эрдэнэтийн ТУЗ-ийг зөв бүтэцтай байлгах тал дээр бизнесийнхэн хатуу байр суурьтай байх ёстой.

-Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гэсэн тайлбартайгаар хэд хэдэн татвар нэмэх нь тодорхой болж байна. Эдийн засаг хэцүү байхад бизнесийнхэн болон иргэдийн нуруун дээр ачаа нэмэх нь хэр зөв шийдвэр вэ?

-Валютын сан татвараа нэм гээгүй байх. Төсөв чинь асар их хэмжээний алдагдалтай болчихож, санхүүгийн тогтвортой, тэнцвэртэй байдал нь алдагджээ, орлогоо нэмэгдүүлээд зардлаа тогтвортой барь гэсэн үндсэн чиглэл л өгсөн. Сангийн яамныхан л өмнө нь оролдоод чадаагүй зүйлээ сая чоно борооноор гэдэг шиг валютын сангаар дулдуйдаад хийж байгаа болов уу. Энэ бол бодлогын том алдаа. Эдийн засаг зогсонги байдалд орсон, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж ядаж байгаа энэ үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засгаа өсгөнө гэж байгаа бол татварыг нэмж, мөнгөний бодлогыг чангалж болохгүй. Харин эсрэгээрээ мөнгөний бодлогоо зөөллөж, татвараа бууруулж байж эдийн засаг сэргэнэ. Татвараа бууруулдаггүй юм гэхэд тогтвортой барих ёстой. Хувь хүний орлогын албан татвар дээр өөрчлөлт гарах нь. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэж байна. Хямралын шуургыг даваад амьд гараад ирсэн хэдэн компанидаа дахиад дарамт болох эрсдэлтэй. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гадныханд тодорхойгүй байдал үүсгэж итгэлийг нь алдах аюул бий. Татвар нэмлээ гэхэд мөнгөө нэгэнт хийчихсэн “Оюу толгой”-нхон баярлахгүй нь тодорхой.

-Хүн амын орлогын албан татвараас эхлээд татварууд нэмэх нь эдийн засагт ямар эрсдэл авчрах бол?

-Хориод жил ярьж байж арай гэж зөв тайлагнаж эхэлсэн компаниудыг буцаагаад албан бус эдийн засаг руу түлхэх эрсдэл бий. Өнөөдөр хүмүүст, бизнес эрхлэгчдэд мөнгө, итгэл аль нь ч алга.

-Татвар нэмэхээс өөрөөр төсвийн орлогыг нэмэх гарц байгаа гэж боддог. Наад зах нь алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудаа хувьчлаад эхэлбэл…?

-Санал нэг байна. Алдагдалтай ажилласан зуун компанидаа ашигтай ажиллах үүрэг өгөх бүрэн боломжтой. “Монгол шуудан”-гийн 34 хувийг олон нийт авсан. Өмнө 75 сая төгрөгийн ашиг хийж байсан компани тэрбум төгрөгийн ашиг хийчихлээ. Ганцхан жилийн дотор шүү. Бүх компани ийм болох ёстой. “Эрдэнэс Таван толгой” 23 сая тонн нүүрсээ 350 сая ам.долларын өрөө төлөхийн тулд гадагш нь экспортолсон байна. Тооцоод үзэхээр нэг тонныг нь 15 ам.доллараар өгсөн болж таарч байгаа юм. Гэхдээ 15-аар хийсэн гэрээ ганц ч байхгүй. Анх 70 ам.доллараар эхэлж, 30, 40 гэх мэтээр явсан. Тэр бүх үнийн зөрүү хаашаа орсон бэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Юу яасан оффшор, жинхэнэ том асуудал тэнд байна. Таван толгойгоос нүүрс зөөдөг машины эздийг гаргаж ирэх ёстой. Ямар даргын машинуудаар өнөөг хүртэл нүүрс зөөж байна гэдэг жинхэнэ асуудал. Жирийн иргэдэд тийм эрх олддоггүй. Биднийг санаачилга гаргаснаас хойш хүмүүсийн чих ашгүй онгойгоод эхэллээ. Ерөнхий сайд Таван толгойн удирдлагад ашигтай ажилла, ноогдол ашиг хуваарил, 1072 хувьцаагаа амилуул, хөрөнгийн бирж дээр арилжаал гэсэн үүрэг өгч байна. Энэ сард болох хурлаа нээлттэй явуул, орох хүмүүсийг нь оруул гэж байна. Энэ бол ахиц. Бид нар хохирлоо тогтоолгох гэж шүүхэд хандаж байгаа. 2011, 2012 онд сая төгрөгийн ханштай байсан. Банкинд хадгалсан байсан бол өгөөж нь өсөх байсан. Тэгэхээр төдийгөөс өдий хүртэлх алдагдлыг хэн үүрэх вэ гэсэн том асуулт бий.

-Төсөв хэт томссон шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Таван тусдаа явсан төсвийг зангидаад нэг тоо болгоод гаргаад ирсэн учраас хэтэрхий том харагдаж байгаа. Цалин сүүлийн таван жилд нэмэгдээгүй. Тэтгэвэр нэмэгдээгүй. Элдэв халамжууд танагдсаар ирсэн. Хүүхдийн мөнгийг ч хязгаартай олгож эхэллээ. Ийм байтал төсөв нэмэгдэж орж ирсэн нь төсвийн гадуурх зарцуулалтууд нэг болсонтой холбоотой.

-Төсвийн тодотгол одоогийнхоороо батлагдвал яах бол?

-Тодотгол энэ чигээрээ батлагдвал алдаа болно. Бид зээлээ төлчихсөн. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнханд зээлээ төлсөн гэдгээ харуулсан. Одоо нэг хэсэгтээ хойноос буудчих зовлонгүй. Тиймээс наад төсөл чинь унах аюултай шүү, уян хатан байгаарай гэж хэлсэн. Би МАН-ын бүлэгт орон тооны бус зөвлөх хийж байгаа. Бид сая хэлснээ л зөвлөнө. Тэтгэврийн шинэчлэл хийнэ, цалин орлогыг нэмэгдүүлнэ, бизнес эрхлэгчдэд боломж олгоно, гадаад хөрөнгө оруулалтыг татна, том төслүүдээ явуулна, цахилгаан станцаа барина гэсэн бол тэрийгээ хийх хэрэгтэй. Хувьчилна гэсэн юмаа хувьчлах ёстой. Төрийн албаа цомхон чадварлаг байлгана гэсэн бол хэлсэн зорьсондоо хүрэх учиртай. Чадварлаг цөөхөн хүнийг өндөр цалин хөлстэйгөөр ажиллуулах цаг болсон. Хамгийн гол нь төсвөө нээлттэй байлга, ойлгомжтой байлга, шилэн дансаа хөтөл гэж л хэлмээр байна. Мөнгөний бодлого, татвар дээр би бизнесийн төлөөллийн хувьд эсэргүүцэж байгаа. Хуучин машинаас татвар авах, хадгаламжийн хүүд татвар ногдуулахыг бол дэмжинэ. Төр өөртөө ачааллаа авна гэж Ерөнхий сайд хэлсэн. Хэлсэн шигээ төрийн албан хаагчдыг цуглуулаад төрийн зуун компанийнхаа шүүсийг шахах хэрэгтэй.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртлээ

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсад үргэлжилж байна.

Манай тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Пара Жюү-Жицүгийн төрөлд болон өсвөрийн төрөлд өрсөлдсөн бол өчигдрөөс насанд хүрэгчдийн хөх бүсний ангилалын тэмцээнүүд эхэллээ. Өчигдөр болсон ягаан бүсний буюу “Purplebelt” ангилалд манай тамирчдаас дэлхийн аварга Ц. Батцэцэг, хөх бүсний буюу “Bluebelt” ангилалд Б.Хулан нар барилдан хүрэл медалийн болзол хангалаа. Энэ ангилалд манай эмэгтэй тамирчид анх удаагаа медаль хүртэж буй нь энэ юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчид, өсвөрийнхөн, мастерс, пара гэсэн дөрвөн ангилалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 103 орны 7000 тамирчин оролцож байна.


Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн салбар комисс байгуулагдав

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комисс 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хуралдлаа.

Хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгуулав.

Хуулийн дагуу Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоо хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд ийнхүү байгууллаа.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдаж байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Таван салбарыг хамарсан технологийн үзэсгэлэн болж байна

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ.

Уг үзэсгэлэн хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй мах сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд оролцож байна. Мөн энэ үеэр гадаадын компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцууллаа.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” шиг нэг дор таван салбарыг хамарсан технологийн олон үзэсгэлэн өмнө нь Монгол зохиогдож байгаагүйгээрээ онцлогтой аж. Энэ удаагийн үзэсгэлэн, хурлын хоёр дахь давуу тал нь барууны шилдэг технологиудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбогдож ажил хэргийн яриа, уулзалт зохион байгуулах боломжийг нээж өгч байгаа юм байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд – 2017” ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн захирал Ж.Мядагмаа олон улсын үзэсгэлэнд оролцох компаниудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ Хуурай аргаар нүүрс баяжуулах дэлхийн хамгийн том үйлдвэрийг барьсан “Allmineral” компани ХБНГУ-аас ирлээ. Нүүрс зэсийг нойтноор баяжуулахад гарах их хэмжээний хаягдал усыг шүүж дахиж ашиглах боломжтой тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Андриц” компанийн Австри болон Өмнөд Африкийн салбарынх нь удирдах түвшний хүмүүс ирсэн” гэв.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэнгийн талаар Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Энэ удаагийн олон улсын чуулга уулзалт эдийн засагт голлох таван салбарыг онцолж шилдэг технологиудыг танилцуулж байгаагаараа үр өгөөжтэй, онцлогтой. Бизнес эрхлэгчдэд боломж олгосон хурал болж байна” гэв.

“Монголын уул уурхайн үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээх боломж”, “Сэргээгдэх эрчим хүч”, “Хотын хөгжил” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах хүсэлт гаргалаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалт өнөөдөр болж нийслэлийн Хүндэт доноруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр олон асуудал хөндөж, ярилцсан.

Энэ удаагийн уулзалтаар хөдөлмөрийн насны Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах хүсэлтийг тэд гаргасан юм. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 литр түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог юм байна. Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжих нь зүйтэй гэж үзэн АН-ын бүлэг НИТХ-ын 10 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр өргөн барьжээ. Энэ асуудлыг НИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэсэн тохиолдолд Хүндэт донорууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой болох юм.

Categories
мэдээ улс-төр

Элэгний С вирусын өвчлөлийг устгахыг бодлогоор дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөрийнхөө хүрээнд Гилеад Сайнсес компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж иргэдийнхээ элэгний өвчлөлийг бууруулах, цаашлаад монгол хүн бүрийг элэгний С вирусээс хамгаалах зорилго тавиад байна.

Элэгний С вирусыг 98 хүртэл хувийн үр дүнтэй эмчилдэг Харвони эм нь дэлхийн зах зээл дээр ижил төрлийн үйлчилгээтэй ерөнхий нэршлийн эмнүүдээс хамгийн өндөр үнэтэй борлуулагддаг. Гэсэн ч бизнесийн зорилгогүйгээр Архангайн иргэдэд хандивлаж, Засгийн газраас нь дэмжлэг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлсэн хэрэглэгчдэд ач тусаа өгч байна гэж Гилеад Сайнсес компанийн төлөөлөл хэлээд Цаашид “Хүртээмж” хөтөлбөрөө Архангай аймагт бүрэн хэрэгжүүлж дуусгана гэлээ.

Архангай аймагт эхлүүлсэн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээрэй, Цаашид бусад аймагт хэрэгжүүлэх тохиолдолд бизнесийн зарчмаар ажиллах учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ХО-ын банк хязгааргүй ашгийг хязгаарлана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 81.4 хувиар дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-аас Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсан нөхцөлд өнөөдрийн арилжааны банкуудаас олгож байгаа өндөр зээлийн хүү буурах, хязгааргүй ашиг олдог байдлыг хазаарлана гэж үзэх гишүүд байгаа ч хэлэлцүүлгийн шатанд анхаарах асуудал байгааг ч тодотгов. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг уяж өгөх, ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг босгоход ашиглах, арилжааны банкуудтай өрсөлдөж мэдэхээр байгаа зарим салаа утгатай заалтуудыг засах зэрэг санал дэвшүүлэв.

Одоо УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.

Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.