Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай хүүг хөнөөсөн Хятад иргэнд холбогдох шүүх хурал хойшиллоо

БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүг заазуурдаж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд гарч олон нийтийг цочроосон.

Тус хэргийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагт Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биеийн байдал муу ирээгүй учраас шүүх хуралдааныг 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшилжээ.

Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт түүний өмгөөлөгчийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрлийн шингээлтийн аргаар хорт утааг тодорхойлох туршилт хийгдэж байна

Агаарын бохирдлын 10 хувийг автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа эзэлдэг талаарх судалгаа бий. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор автотээврийн хэрэгслээс ялгарах утааг багасгахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн нэгдүгээр сард тушаал гарган ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд холбогдох албаныхан агаарын автотээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдолтой тэмцэх ажлыг судлан санал боловсруулж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шалган бүртгэх товчооны дэргэд RSD (Remote Sensing Device) буюу зайнаас мэдрэх төхөөрөмж суурилуулжан хэмжилт хийж эхлээд байна. Энэ нь тус товчоогоор өнгөрөх бүх тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг гэрлийн шингээлтийн аргаар зайнаас тодорхойлох юм. Зам, тээврийн хөгжлийн яам болон БОАЖЯ-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас тус судалгааны ажлыг энэ сарын 17-ны өдрөөс туршилт судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү багаж нь автомашин дамжин өнгөрөхөд тухайн тээврийн хэрэгслийн марк, хийн үзүүлэлт, тухайн агшин дахь агууламжийг тооцож гаргадаг. Хурд, дамжин өнгөрөх агшин зуурын хурд, нүүрс ус төрөгч, тоос зэрэг бүхий л үзүүлэлтийг гаргах боломжтой бөгөөд тээврийн хэрэгслийн утааны ялгаралд тавигдах стандартад нийцэж буй эсэхийг энэхүү багажаар тодорхойлох юм.

Тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг тодорхойлохын тулд тухайн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвд аваачиж, утааны хэмжилт хийж шалгах нь цаг хугацаа их шаарддаг тул энэхүү туршилтын үйл ажиллагааны үр дүнг гармагц шат дараатайгаар үргэжлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

Image result for Хүчтэй салхи шуургатай

22-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 23-25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн зүгийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-ноос нутгийн зүүн хагаст сэрүүсч Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна

Image result for төл мал2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 17 аймгийн 147 сум хүндэвтэр өвөлжсөн.

2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдалд УОК-оос 2 удаагийн “Шуурхай бүлэг” ажиллуулж үнэлгээ хийсэн дүгнэлтийг үндэслэн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын 5 удаагийн тогтоолоор 8.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн 12 аймагт 1.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 21 аймагт 44 автомашин, улсын нөөцийн 8920 тн өвсний үнийг 100 хувь, 7408 тн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлж, 41.8 сая төгрөгийн малын эм бэлдмэл олгосон.

ХХААХҮЯ-наас онцгой байдлын албаны хүч хэрэгслийг нэмэгдүүлэн бэлтгэл бэлэн байдлын чадавхийг сайжруулах зорилгоор ОБЕГ-т 125-165 морины хүчин чадалтай 26 тракторыг шилжүүлсэн нь цас зайлуулах, түймрээс сэргийлэх зурвас гаргах, тариалангийн талбайд цас тогтоох зэрэг ажлын чадавхи нэмэгдсэн.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 200-аас доош малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өндөр настан, амьжиргааны 1 ба 2 дугаар зэрэглэлд байгаа зэрэг үзүүлэлтүүдээр 8459 өрхөд бэлэн мөнгө, хүнс, малын тэжээл, эм бэлдмэл, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 4.1 тэрбум төгрөгийн тусламж хүргэгдээд байна.

ХХААХҮЯ-наас санаачилсан “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд 10 аймгийн тусламж хүрээгүй 36 суманд 370 тн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлэв.

Өвөлжилтийн бэлтгэл болон эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүнд том малын зүй бусын хорогдол одоогийн байдлаар улсын хэмжээнд 315.8 мянга байгаа нь оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж хэвийн гэж үзэж байна.

Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж 12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс: 30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна. ХХААХҮЯ Шуурхай штабаараа дамжуулан аймаг, орон нутагтай байнгын холбоотой ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан “Чио Чио Сан” дуурийг найруулжээ

ЗурагУДБЭТ-ын театрын уран бүтээлчид маргааш Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дуурийг тайзнаа толилуулна.

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурийн үзэсгэлэнт ухаалаг бүсгүй Чио Чио Саны дүрийг УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран анх удаа бүтээх юм. Сузукид Ж.Энхмаа, Пинкертонд Б.Батжаргал, Шарплесд Л.Болдцэрэн, Город СТА, Б.Гомбо-Очир, Ямадорид С.Бат-Эрдэнэ, Бонзад СТА Э.Бумхүү, комиссард Э.Амарсайн, Чио Чио саны эхийн дүрд Д.Цэрмаа нар тус тус тоглоно.

Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байна.

Дэлхийн сонгодог эл дуурийг манай тайзнаа 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг.

Энэхүү дуурь дэлхий дахинаа тогтвортой, хамгийн их тоглогддог дуурийн зургадугаарт бичигдэж байгаа аж.
Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын байр шатжээ

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын байр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Хатгал тосгон нь аймгийн төвөөс 101 км-ын зайтай юм.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 ангийн 13 албан хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 75 хүн, гурван автомашинтайгаар ажиллан гал түймрийг бүрэн унтраалаа.

Энэ үеэр хүний эрүүл мэнд, амь нас хохирсон асуудал гараагүй.

Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Канадын арлын эрэгт аварга том мөсөн уул хөвж иржээ

Канадын Ньюфаундлэнд арал дээрх Феррилэнд хотод байгалийн нэгэн гайхамшигт үзэгдэл болжээ. Учир нь маш үзэсгэлэнтэй, аварга том мөсөн уул тус хотын эрэгт ойртон иржээ. Энэхүү мөсөн уулыг Улаан өндөгний баяраар өөрийн нүдээр үзэх гэсэн иргэд Феррилэнд хот руу орох замд түгжрэл үүсгэсэн байна.

Энэ мужийн эрэг дагуух газрыг нутгийнхан “Мөсөн уулсын өргөн чөлөө” хэмээн нэрийддэг аж. Энд жил бүрийн хавар Арктикаас салсан олон тооны мөсөн уулс хөвөн ирдэг гэнэ.

Энэ удаа эрэгт ойртон ирсэн аварга мөсөн уул хөрсөнд суусан учраас эндээсээ холдохгүй байх хэмээн Феррилэнд хотын дарга Эйдриан Кавана ярьсан байна. Мөсөн уул хотын эрэгт ингэж ойрхон ирсэн нь жуулчдад зураг авах ховор боломжийг олгож өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “… шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… өөрийгөө өмгөөлөх, … шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Энэ асуудлаарх цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал томилогдож, маргаантай холбогдуулсан тайлбараа Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцсэн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “… шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… өөрийгөө өмгөөлөх, … шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчөөгүй байна гэсэн 03 дугаар дүгнэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар Хууль зүйн байнгын хороо болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хийсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, О.Батнасан, М.Билэгт нарын асуултад Байнгын хорооны ажлын хэсэг болон төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар хариулт өгсөн юм.

Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчил гаргадаг ч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Иймээс төсөл санаачлагч хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуульд “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ.

Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь гурван сараас илүүгүй байхаар тусгасан байна. Мөн манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон энэ талаарх бусад хууль тогтоомжид “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй учраас хуулийн төсөлд “Цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгаж, тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар зохицуулжээ. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээх, хэрэв хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил олгогчид тодорхой хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Ингээд Байнгын хорооны саналаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжиж баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээний үеэр хүн амины хэргийн сэжигтнийг илрүүлж, хулгайчийг барьжээ

 Гэмт хэргийг шуурхай илрүүлсэн цагдаагийн албан хаагч, сонсогчдыг шагналааБаянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс санаачлан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэрийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүргийн Цагдаагийн I, III хэлтэс болон Замын цагдаагийн хэлтэстэй хамтран гудамж талбай, олон нийтийн газар, гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гарч байгаа газруудад эргүүл ажиллуулахад иргэд, олон нийтийг татан оролцуулах “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн I, II, III хэлтсээс хамтран зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Батлан хамгаалах их сургуулийн 300 сонсогч, Цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоож, урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тодруулбал, “1000 эргүүл” арга хэмжээний хүрээнд дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн амины гэмт хэргийн сэжигтнүүдийг тус хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Г.Уухайбаатар,Цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар 24 цагийн дотор шуурхай илрүүлэн ажилласан байна. Мөн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнхмарт нар халуун мөрөөр нь илрүүлжээ. Хэв журам сахиулах эргүүлийн үүргээ нэр төртэй биелүүлж, гэмт хэргийг шуурхай илрүүлсэн цагдаагийн албан хаагч, сонсогчдыг нарыг дүүргийн Цагдаагийн II хэлтсийн “Баярын бичиг”-ээр шагнасан юм. Шагналыг тус хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном гардууллаа хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Манай эдийн засгийн бодлого ч, хувь хүмүүсийн үйлдэл ч байгаль орчиндоо халтай байна

Ж.Эрдэнэбат: Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх үүрэгтэйМонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Нийслэл, орон нутгийн Байгаль хамгаалах нөхөрлөлийн 800 гаруй гишүүн тус чуулганд оролцов. Энэхүү чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.

-Байгаль хамгаалал бол өөрөө амьд явах, үр хүүхэд, хойч үедээ эрүүл амьдрах орчин бүхий эх орон өвлүүлэх чин хүсэлтэй хүн бүрийн үйлс юм. Энэхүү эрхэм үйл хэргийг манлайлан үлгэрлэж унаган нутаг, уул, усаа хамгаалах, нөхөн сэргээх ариун үйлсэд зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж яваа Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн, Та бүхэн бол зөвхөн байгаль хамгаалагчид биш юм. Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалан ногооноор нь авч үлдэх үйлст амьдралаа зориулж яваа Та бүхний ажил бол эх орноо манаж байгаа эр цэргийнхтэй дүйх хариуцлагатай бөгөөд, нэр төртэй.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны болон бусад олон хөтөлбөрт тусгасан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, зохистой ашиглах томоохон зорилтуудыг хангахад Байгаль хамгаалах нөхөрлөлийн үүрэг, оролцоо туйлын чухал билээ. Та бүхэн энэ үүргээ ч, оролцоогоо ч энгийн иргэдээс илүү сайн мэдэж, ухамсарлан зүтгэж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд миний бие нэн талархалтай байна.

Байгаль орчныг хамгаалах асуудал дээр алдаа гаргасан улс орнууд ямар сүйрэл, хохирол амсдагийг бусдын бэлэн жишээ бидэнд бэлээхэн харуулж байгаа. Тэдний алдааг давтах эрх бидэнд байхгүй. Хэрвээ давтвал үр хүүхэд, хойч үе маань биднийг өршөөхгүй. Бид хойч үедээ зөвхөн бүтэн эх орон л хүлээлгэн өгөх үүрэгтэй. Бүтэн эх орон гэдгийг би хил хязгаар хүртэлх талбайн хэмжээг хэлсэнгүй. Хүн бүр эрүүл энх амьдрах орчин бүхий агаар, газар, ус, хүрээлэн буй орчин гээд байгаль дэлхийгээ бүтнээр нь хойч үедээ, ирээдүйдээ үлдээх ёстой юм. “Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, харин үр хүүхдээсээ зээлдэж байгаа” гэсэн эртний мэргэдийн үг, чухамдаа энэ утгыг илэрхийлж байгаа гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас л бид бусдын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Юуг, яаж хийвэл алдааг давтахгүйгээр ахиц дэвшилд хүрч болох вэ гэдгээ энэ чуулганаар давхар ярилцъя.

Өнөөдөр дэлхийн улс орон бүр эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтаа улсынхаа байгаль орчны даац, чадавхид тааруулан, нийцүүлэн хөгжүүлж байна. Олон улсын эрдэмтэн судлаачид Монгол Улсыг “хөгжих асар их боломжтой” гэж тодорхойлдог нь зөвхөн зэс, нүүрс зэрэг уул уурхайн баялгаар нь хэмжиж харсан шалгуур биш юм. Хөгжих, эдийн засгаа өсгөх, нийгмийн томоохон бүтээн байгуулалтаа даах асар их байгаль орчны даац, чадавхи Монгол Улсад байнаа гэдгийг хэлж сануулсан хэрэг. Харамсалтай нь, бид өнөөдөр тэр боломжоо ашиглаж чадсан уу, хараахан чадаагүй байна. Манай орны байгаль орчны чадавхи, даац нь хэтэрчихээд улсын маань хөгжил зогсч, эдийн засаг нь хямраад байна уу гэвэл бас үгүй. Харин манай улсын эдийн засгийн бодлого ч, хувь хүмүүсийн үйлдэл ч байгаль орчиндоо хэтэрхий халтай байгаад л хамаг учир байна.

Монгол Улс байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх гарц шийдэлгүй болчихоогүй. Байгальд халтай хүрэн эдийн засгаас байгальд ээлтэй ногоон эдийн засагт шилжих нь Монгол Улсын тогтовортой хөгжлийн замын зураг, 2020 он гэхэд хүрэх зорилго гэдгийг бид НҮБ-ын төвшинд тунхаглан ажиллаж байна.

Хүрэн эдийн засаг аль болох богино хугацаанд эдийн засгийн ашиг олохыг илүүд үзэж бусад сөрөг үр дагаварыг үл тооцдог сул талтай. Харин ногоон эдийн засаг товчоор хэлэхэд, шилдэг технологи, сайн менежментийг хослуулж байгальд хамгийн бага хохирол учруулах, учруулсан тохиолдолд түүнийгээ нөхөн сэргээдэг тогтолцоо юм. Энэ бол хууль тогтоомжийн хүрээнд бодлогоор төр, засгийн төвшинд хийж эхлэх ажил. Засгийн газраас энэ бодлогын хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргасан бөгөөд тухайлбал, гол мөрөн, голын ус бохирдуулсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, шаардлагатай бол лицензийг нь цуцлах шийдвэр гаргаад байна. Мөн уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулахаас гадна дэнчингийн мөнгө урьдчилан байршуулж, нөхөн сэргээлтийн үр дүнг харгалзан буцаан олгох зарчим баримтлах талаар судалж байна. Утаагүй үйлдвэрлэл болох аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа тэтгэх, эрчим хүчний алдагдалгүй ногоон барилгын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих чиглэлд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Байгаль орчин хүн төрөлхтний эрүүл амьдрах орчин, амьсаглах хүчилтөрөгч болохоос нэг хэсэг хүний, нэгэн үеийнхний амьдралын хэрэгцээг хангахад зориулагдсан нэг удаагийн санхүүгийн хэрэгсэл биш юм. Иймд цаашид алтыг нь авсан хоосон авдар, ухсан нүх үлдээхгүйн тулд манай Засгийн газар “Байгаль орчны сайн засаглал”-ыг илүү бодитой хөгжүүлэхийн төлөө ажиллана. Үүний тулд сайн боловсон хүчин, орчин цагийн шилдэг технологи, санхүүгийн зөв урамшуулал, нутгийн иргэд болон энд цугларсан Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн Та бүхний хяналт хамгийн их хэрэгтэй. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулж ажиллах нь байгалийн нөөц баялгийг хадгалж хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чухал механизм болохыг бодлогын түвшинд тодорхойлж, эрх зүйн хувьд хуульчилж чадсан нь томоохон өөрчлөлт болсон билээ. Энэ хүрээнд Байгал хамгаалах нөхөрлөлүүд байгуулагдаж, улмаар нэгдсэн зохион байгуулалтад орж өөрсдийн санаачлагаар 2014 оноос Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо байгуулан ажиллаж байгаа нь менежментийн маш зөв хэлбэр гэж Монгол Улсын Засгийн газар үзэж, бас сайшааж байна. Жишээ нь, ойн салбарт гэхэд нөхөрлөлөөр хамгаалагдсан ой, нөхөрлөлгүй ой хоёр эрс тэс ялгаатай байгааг Та бид бүгдээрээ мэдэх болсон билээ. Дашрамд дурдахад ой, хээрийг түймрээс хамгаалах нь орон нутгийн удирдлагуудын үндсэн үүрэг болохыг хатуу сануулж, энэ ажилд урамшуулал, хариуцлагын механизмыг хослуулан хяналт тавьж ажиллахыг хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад онцгойлон анхааруулж байна.

Байгалиа, байгаль орчноо хамгаална гэдэг нь тойруулж хашаа хатгаад, хүний гар огт хүргэхгүй байхыг хэлэхгүй. Монголчууд бид зөвхөн амьдралын хэвшлээрээ нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн биш ээ. Бидний оюун санаа, сэтгэлгээ ч цаг үе, нийгмийн хэв шинжээ дагаад нүүдэллэж чаддаг. Орчин цагийн байгаль хамгаалал бол байгалийн баялгаа зөв, зохистой ашиглах явдал юм. Хүн эрүүл амьдрахад хүрээлэн буй орчин хамгийн чухал шиг, улс орон хөгжихөд мөнгө, мөнгө олоход байгалийн баялгаа ашиглахаас өөр сонголт одоогоор бидэнд алга. Манай улс өнөөгийн нөхцөлд байгалийн нөөц, баялагтаа тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох, дэмжихээс өөр аргагүй байна. Ингэхдээ аль болох байгаль орчиндоо хохирол багатай аргаар нөөцийг ашиглах, амьд байгалийн өөрийн нөхөн сэргэж байх нөхцөлийг хангасан үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Ингэж зөв бөгөөд зохистой ашигласан, дараа нь нөхөн сэргээсэн бол энэ нь байгаль орчны хамгийн сайн хамгаалал болно. Эдийн засгаа тэтгэж, улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбараа тэлэх хүслэн байхад, байгаль орчны сөрөг нөлөөгөөр хүний эрүүл, аюулгүй амьдралын орчин хумигдах хяслан бас зэрэгцэж байна. Хүсэл, хясал хоёрын тэнцвэрийг хангахад төрийн бодлогоос гадна иргэдийн оролцоо маш чухал. Ялангуяа манайх шиг өргөн уудам газар нутагтай орны хувьд нутгийн иргэдийн оролцоо нь байгаль орчноо хамгаалах, зохистой ашиглахад хамгийн хүчтэй хяналт болно.

Мөнгө үнэргүй ч, мөнгийг бохир, хөдөлмөр шингэсэн мөнгө үнэ цэнэтэй гэж манай ард түмэн ярьдаг. Байгаль орчноо сүйтгэж олсон мөнгө бол бохир мөнгө. Эх дэлхийгээ уйлуулж, ирээдүйгээ хорлож олсон тийм мөнгө эдийн засгийг тэтгэхгүй. Үр хүүхдүүдийн маань сайхан ирээдүйгээс үнэ цэнэтэй эдийн засгийн өсөлт гэж байх ёсгүй. Тийм учраас байгалийн баялгаа зохистой ашиглаж, байгаль орчноо нөхөн сэргээж олсон ийм мөнгө үнэ цэнэтэй бөгөөд өгөөжтэй байх болно. Тэр бол ирээдүйнхээ төлөө хийж байгаа бидний эерэг хөрөнгө оруулалт юм. Түүнээс бус, цөлжсөн талбай, хомсдсон усны нөөц, устсан ой, бохирдсон агаар үлдээх, өвлүүлэх эрх бидэнд байхгүй. Одоо бүгдээрээ ширгээснээ бус, сэргээснийхээ тоог хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч, зүтгэл гаргаж ажиллах ёстой. Ухая, олборлоё гэж байгаа хэсэг нь унаган төрхөөр нь эргэж сэргээх төсөвтэй, төлөвөлөгөөтэй, хамгийн гол нь сэтгэлтэй байхыг шаардаж ажиллая. Өөрөөр хэлбэл, хамгаалагдсан байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн хослол бол манай Засгийн газрын бодлого, баримталж ажиллах үндсэн зарчим байх болно гэдгийг хэлье.

Монгол эх орныхоо газар шороо, байгаль орчныг ариун төрхөөр нь хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэх эрхэм үйлсийг тэргүүлэх үүрэгтэй Та бүхний амьдралд аз жаргал, ажилд амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.