Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавина

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУЦЛАГА-2017” аяныг зохион байгуулж байна.

Аяныг 2017 оныг дуустал хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулан явуулах юм. Түүнчлэн аяныг илүү үр дүнтэй байлгах үүднээс энэ сарын 10-аас ирэх зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эрчимжүүлэх аж.

Тус аяны хүрээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигчдод хяналт тавих, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн 52 ажилтан өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Мөн Олон нийтийн цагдаагийн ажилтан нарт Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт орж, зааварчилгаа өглөө гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Венесуэльчүүдийн эсэргүүцэл үргэлжилсээр байна

ЗурагВенесуэлийн нийслэл Каракас хотод эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацжээ.

Лхагва гарагт Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгчид гудамжинд гарч жагсах үеэр гурван хүн амиа алдсан юм.


Эдийн засаг нь гүн хямралд орсонтой холбоотойгоор нийслэл Каракас хот болон баруун нутгийн хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсоор байна.

Ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль хийж, хорионд байгаа улс төрчдийг суллахыг шаардан жагсаал хийхийг тус улсын сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес энэ долоо хоногийн эхээр ард түмэнд уриалсан юм.

Өчигдөр Каракас хотод эсэргүүцлээ илэрхийлэгчдийг тараахыг оролдсон хуягт тээврийн хэрэгсэлтэй цагдаа нар руу нүүрэндээ баг зүүсэн жагсагчид чулуу нүүлгэжээ.

Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэсний улмаас жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна.

Инфляцийн түвшин нэмэгдэж, гэмт хэрэг газар авч, өргөн хэрэглээний барааны хомсдолд орсонд явдалд засгийн газар буруутай гэж Венесуэлийн сөрөг хүчнийхэн шүүмжилж байна.

Харин тус улсын Засгийн газар болон засгийн газрыг дэмжигчид “АНУ тэргүүтэй империалист хүчнүүд Венесуэлийг эдийн засгийн хямралд оруулсан. Бид бол “эдийн засгийн дайн”-ы хохирогчид” гэж мэдэгдэхийн сацуу “бид Боливарын хувьсгалыг хамгаалах болно” гэж мэдэгдсээр байгаа юм.

Засгийн газар болон сөрөг хүчнийхэн яриа хэлэлцээ хийхээр нэг бус удаа оролдсон боловч амжилт олоогүй юм. Ойрын хугацаанд шинээр хэлэлцээ хийж эхэлнэ гэдэг амаргүй гэж ажиглагчид үзэж байна.

Тус улсын СЕХ орон нутгийн сонгуулийг товыг зарлан, нөхцөл байдлыг намжаахыг оролдож магадгүй.
Гэхдээ ойрын үед тус улсын байдал намжиж, эсэргүүцлийн жагсаал зогсоно гэдэг эргэлзээтэй байна.
Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, санхүүгийн түрээсийг нэвтрүүлнэ

УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр ярихдаа:-Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа /үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай/, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байна.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Засгийн газраас 2016 онд баталсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэн 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийж, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, тогтвортой өсөлтийг бий болгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Үр тариалангийн даатгалын тухай хууль болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тариалангийн талаарх зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, “Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын дагуу “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэхээр тогтож, уг ажлыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гарган ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нийтдээ 22 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 500 гаруй тариаланчид, ногоочид, тариалангийн салбарын удирдах ажилтан мэргэжилтнүүдийг оролцуулсан Улсын зөвлөгөөнийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, энэ оны хаврын тариалалтын талаарх бодлого, технологио тариалан эрхлэгчидтэй зөвлөлдөн, тэдний саналыг сонсож бэлтгэл ажилдаа анхааран ажиллаж байна. Мөн энэхүү зөвлөгөөнд оролцогчдод дулааны улирлын цаг агаарын төлөв байдал, таримал ургамал тариалах ерөнхий технологи зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ус, цаг уурын хүрээлэнгийн зөвлөмжүүдийг танилцуулсан байна.

Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүдэд 2016 оны ургацаас 39.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдсэн бөгөөд 4.1 мянган тонн буудайн үр дутагдаж байгааг зохицуулах арга хэмжээг авч, 2017 онд төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийхэд шаардагдах үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрсдийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудайг импортоор авах зөвшөөрөл олголоо. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил явагдаж байна.

Төмсний тариалалтад нийтдээ 39.5 мянган тонн үрийн хэрэгцээ байгаа бөгөөд аж ахуйн нэгж, хоршоо, иргэд хэрэгцээт үрээ бүрэн нөөцөлсөн мэдээтэй байна. Түүнчлэн холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хийсэн гэрээний дагуу вирусгүй бичил булцуунаас төмсний 32 тонн супер элит үр үйлдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан үр шинэчлэлд зориулан олгоод байна. “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл ба маркетинг” төслийн хүрээнд 75 тонн төл сонгины үрийг Голланд улсаас импортлохоор гэрээ хийгдэж, ачигдаад байна.

Хаврын тариалалтад 7.1 мянган тонн, уринш боловсруулалтад 7.9 мянган тонн, ургац хураалтад 5.4 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах 20.4 мянган тонн дизелийн түлшийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 40 хувийн, 4200 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн холбогдох аж ахуйн нэгжүүд, байгууллага болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан хооронд гэрээ байгуулж эхлээд байна.

Хаврын тариалалтад 2980 зүтгэх хүчний трактор, 2017 үр тарианы үрлүүр, 5787 хөрс боловсруулах техник, 498 төмс, хүнсний ногооны үрлүүр ажиллах бөгөөд техникийн засвар, үйлчилгээний ажил аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцан дуусах шатандаа орж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авах, мөн 7.9 мянган га талбайг услах хүчин чадал бүхий усалгааны тоног төхөөрөмж, бороожуулагч машиныг үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн захиалгын дагуу нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 мянган морины хүчтэй трактор, услалтын намираа систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон холбогдох хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байна. Энэхүү арга хэмжээг авснаар газар тариалангийн салбарыг сэргээж, тогтвортой өсөлт бий болгох, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангахад томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 197.5 мянган тоннын багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглагдаж байгаа нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгалах боломжтой юм. Иймд Улаанбаатар хотод 10.0 мянган тоннын багтаамжтай агуулах бүхий хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах, томоохон аймгийн төв болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн голлох сумдад тус бүр нь 1000 тоннын багтаамжтай 12 зоорь барих, мөн эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд 5 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төслийг тус тус боловсруулаад байна. Шинээр байгуулагдах зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, гуравдагч дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд залуучуудыг татан оролцуулах, ахмад ногоочдын туршлагыг залуучуудад өвлүүлэх, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт хүргэж, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Залуу тариаланч” төслийг боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр “Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хүйтэнд тэсвэртэй алим, чавганы суулгацыг турших, нутагшуулах, мэргэжилтний чадавхыг сайжруулах ажлыг эхлүүллээ.

Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордооны жагсаалт болон тэдгээрийг хэрэглэх тун, хэмжээг гарган хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна. Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үр ариутгалын бодис 10 тонн, тарилтын үеийн хог ургамал устгах ургамал хамгааллын бодис 11.5 тонн, 130.0 мянган га талбайд химийн уринш боловсруулахад шаардагдах гербицид 500 тонн, нийлмэл бордоо 5000 тонныг тус тус нийлүүлж, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг зохион байгуулж байна.

2017 оны дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр газар тариалангийн бүс нутагт агаарын температур 4-5 сард сэрүүвтэр, 6-8 сард уур амьсгалын дунджаас дулаан буюу халах магадлалтай байх тул хуурайшилт нэмэгдэх төлөвтэй. Иймд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан байгаль, цаг уурын болзошгүй эрсдлээс сэргийлэх замаар дэвшилтэт техник, технологи, арвин их мэдлэг, туршлагадаа түшиглэн тариалалтаа хийхийг нийт тариаланчиддаа онцгойлон анхааруулъя.

Цаашид тариалан эрхлэгчдийг дэмжих, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна:

-“Атрын–III аян”-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд улаанбуудайн үрийн шинэчлэлийн бодлого, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дунд хугацааны хөтөлбөр, “Залуу тариаланч” төслийг батлан хэрэгжүүлэх;

-Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх;

-Тариалангийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох;

-Хөрсний үржил шимийг хамгаалах, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;

-Таримлын сэлгээн дэх ээлжийн тоог нэмэгдүүлэх, тэжээлийн болон буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх;

-Тосны ургамлын тариалалтыг нийт тариалах талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй байх ажлыг зохион байгуулах зэрэг болно.

Энэ онд Засгийн газар, яам, аймаг, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон манай нийт тариалан эрхлэгчид маань өөрсдийн шаргуу хөдөлмөр, бүтээлийнхээ үр дүнд арвин их ургац хураан авна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Самсунг-S5 утасны батерей дэлбэрчээ

Түрүү жилийн есдүгээр сард Самсунг компанийн үйлдвэрлэсэн Samsung Galaxy Note 7 гар утас баттерейний доголдлоос болж дэлбэрсэн хэрэг гарч тус компани энэхүү загварын утсаа татан авч багагүй алдагдалд орсноо зарлаж байсан. Өмнө нь Швейцарт 18 настай бүсгүйн өмднийх нь халаасанд байсан “Samsung Galaxy S3” гар утас дэлбэрч тэрээр хөлнөөсөө салах дөхөж байсан.

Харин саяхан монголд ийм явдал гарчээ. М хэмээх бүсгүйн түрүү жилийн наймдугаар сард худалдан авсан “Самсунг-S5” утас гэнэт дэлбэрсэн байна. Тэрээр утасныхаа батерейг үл ялиг бөмбийсөн байхыг олж хараад утасныхаа тагийг бүрэн таглах гэж дарж үзсэн боловч болоогүй байна. Тэгээд батерейгаа аван бичгийн ширээн дээрээ тавьтал гэнэт сонин дуу чимээ гарчээ. Дэлбэрч магадгүй гэж бодон өрөөнөөс дөнгөж гаруут ард нь чад пад хийн дэлбэрч утаа, хиншүү нь дээш олгойджээ. Ширээн дээр байсан цааснууд бүгд шатан компьютерийн гар болон утаснууд нь яах ийхийн зуургүй гал авалцсан байна.

Тэрээр энэ тухай ярихдаа, “Үнэхээр сүртэй дэлбэрдэг юм байна лээ. Маш их тортог гарсан. Түүнээс болж хөөрхий загаснууд маань хордоод их сонин болчихсон. Ширээн дээр тавьсан нь болсон байна лээ. Гар хөлөө түлээгүй. Дээрээс нь хөшигөнд ойрхон байсан бол гал авалцан нэлээд хохирол амсах байлаа” хэмээн ярьсан юм. Иймээс энэ загварын утасны батерей нь жаахан л бөмбийсөн байвал бушуухан арга хэмжээ аваарай, аюултай юм байна шүү гэж тэрээр захилаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” уралдааны тэргүүн байрын эздэд шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс зарласан “БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч Д.Сүнжид, төслийн ажилтнууд, эссе бичлэгийн уралдаанд оролцогчдын төлөөлөл оролцов.

“Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго нь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны эрх зүйн орчныг улам боловсронгүй болгоход чиглэсэн юм. Ингэснээр улс, орон нутгийн түвшинд гарч буй шийдвэрүүд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж чаддаг гэж үзсэн байна.

“БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааныг өсвөр нас, залуучууд, бусад насны түвшинд төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт яаж оролцох, тодорхой хууль тогтоомжийн эрх, үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог сурталчилах, идэвхжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан юм.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Иргэдийн оролцоо” төсөл хэрэгжүүлж байна. Иргэдийн оролцоог улс төрийн хүрээнд нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан боловч УИХ төслийг буцаасан. Цаашдаа иргэд төрийн хэрэгт шууд оролцох эрх зүйн орчин, улс төрийн эрхийг нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах ёстой гэж бодож байгаа.

Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг цаашид УИХ-д оруулж иргэдийн улс төрийн шууд эрхийг хэрэгжүүлэх тогтолцоог бид бүрдүүлэх ёстой юм. Төлөөллийн зарчим гэдэг бол орон нутгийн Иргэдийн Хурал, аймгийн Иргэдийн Хурал, УИХ-ын гишүүдээ сонгоод, тэднээрээ дамжуулж төрийн эрх барьдаг тогтолцоо өнөөдөр явж байна. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн нэг гол зарчим болсон иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр төслийн хүрээнд боловсруулсан хууль цаашдаа Монгол Улсын хөрсөн дээр амьдрах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс “БИДНИЙ ОРОЛЦОО – УЛСЫН ХӨГЖИЛ” эссе бичлэгийн уралдааныг зарласан. Уралдааны гол зарчим бол янз бүрийн насны иргэдийг улс төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд яаж оролцуулах вэ, тодорхой хууль тогтоомжийн эрхүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, иргэдийн оролцоог хэрхэн сурталчилж, идэвхжүүлэх вэ гэдэгт чиглэсэн юм.

Ардчилсан нийгмийн нэг гол зарчим бол хамтын шийдвэр байдаг. “Иргэдийн оролцоо” төслийн гол зорилго бол шийдвэр гаргах үйл явцад иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх, үүгээр дамжуулж шат болгонд гарч буй шийдвэрүүдэд иргэдийн оролцоо ямар байх вэ гэсэн шаардлагыг хангахад гол нь чиглэж байгаа.

Уралдааны шалгаруулалтад нийт 155 эссе ирснээс 25-аас дээш буюу бусад насны ангилалд иргэд маш идэвхтэй оролцож 80 эссе ирүүлсэн байна.

Эссе бичлэгийг 5 ангиллаар шалгаруулж, насны 3 ангиллаар тэргүүн байр эзэлсэн хүмүүст шагнал гардуулж байна. Уралдаанд идэвхтэй оролцож тэргүүн байр эзэлсэн та бүгдэд баяр хүргэе” гэлээ.

Эссе бичлэгийн сэдвийн хувьд дараах 5 ангиллаар хүлээн авсан байна.. Үүнд:

  1. Хүрээлэн буй орчны асуудал /байгаль хамгаалал, орчны бохирдол, хог хаягдал, худаг зэрэг/
  2. Төлөөллийн байгууллагаараа /Иргэдийн нийтийн Хурал, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурал, төрийн байгууллагууд/ дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох
  3. Төсөв, татвар, хураамжийн зарцуулалтад /хотын татвар, замын хураамж, телевизийн зэрэг/ хяналт тавих, саналаа хэлэх
  4. Боловсролын асуудал, эрүүл мэндийн үйлчилгээ
  5. Бусад

Эдгээрээс иргэд тулгамдсан асуудал гэж үзэж буй сэдэв нь хүрээлэн буй орчин болон боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ байсан бөгөөд нийт иргэдээс ирүүлсэн эссе бичлэгийн тал хувь нь дээрх сэдвүүдийг хөнджээ.

Гурван насны ангилал тус бүрт 1-3 дугаар байрт шалгарсан дараахь иргэдэд шагнал гардууллаа. Үүнд:

Өсвөр нас:

1-р байр: О.Тэргэл

/Говь-Алтай аймгийн Тонхил сумын бүрэн дунд сургууль, 9-р ангийн сурагч/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Багийн хурлаас иргэний оролцоо эхэлдэг”

2-р байр: Б.Ганбат

/Увс аймгийн Улаангом сумын 1-р арван жилийн сурагч/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Багш нарын хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ”

3-р байр: Д.Нандин-Эрдэнэ

/Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, “Шавь” цогцолбор сургууль, 12-р ангийн сурагч/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Монгол Улсын гэр бүл, эрүүл мэнд, боловсролын асуудал ба бидний оролцоо”

Залуучууд:

1-р байр: Б.Жаргал

/Австри улсад оюутан/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Жинхэнэ иргэн – ээж” /Төсвийн тухай хууль, ОНХС/

2-р байр: О.Тэмүүлэн

/Технологийн дээд сургуулийн Хүнсний инженерчлэлийн 1-р курсын оюутан/

Эссе бичлэгийн нэр, сэдэв:”Байгаль хамгаал ба иргэдийн оролцоо”

3-р байр: Б.Шагж

/СЭЗИС-ийн 2-р курсын оюутан/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд иргэд бидний оролцоо”

Бусад:

1-р байр: Ж.Амарсанаа

/Булган аймгийн Хутаг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн багш/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Иргэд нь оролцдоггүй иргэдийн Нийтийн Хурал”

2-р байр: Н.Мандал

/ Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” ТББ-ын гүйцэтгэх захирал/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: “Төөрдөг байшин дахь миний амьдрал” /Газар, хот төлөвлөлт/

3-р байр: Р.Мөнхзул

/Хуульч, өмгөөлөгч/

Эссе бичлэгийн нэр, сэдэв: Байгаль орчин, хүрээлэн буй орчны асуудал сэдвээр тус тус уралдаанд оролцон шагналын эзэд боллоо.





Categories
мэдээ нийгэм

Приус машины үнэ дунджаар 5 сая төгрөгөөр нэмэгдэнэ гэв

Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн хуулийг эсэргүүцэж машин импортлогч иргэн, аж ахуй нэгжүүд хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Тухайлбал бензинд хэмнэлттэй, хос хөдөлгүүрт автомашин болох приус-д 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор байгаа. Тэд хэлэхдээ, “тээврийн хэрэгслийн татвар ингэж огцом нэмэгдсэн нь маш хохиролтой байна. Бид хуулийг эсэргүүцэн Засгийн газарт 800 гаруй хүний гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн. Хэрвээ бидний саналыг хүлээж авахгүй, хууль тавдугаар сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлбэл өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээг авна” гэлээ.

Тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулан Тээвэр зуучийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Татвар нэмэгдсэнээр приус машины зарагдах үнэд ямар өөрчлөлт ороод байгаа вэ?

-Приус машин 6-7 саяын хооронд орж ирдэг. Гэтэл шинэ хуулиар татвар нэмэгдэж хамгийн бага үнэтэй машин 5 сая-р нэмэгдэж, хамгийн хямд машин 13 сая төгрөгөөр зарагдах болоод байна.

-Одоогийн байдлаар хууль гарахаас өмнө наашаа ачуулсан хэдэн машин байгаа вэ?

-2500 приус орж ирэхээр гэрээ хийгдэж зарим нь наашаа ачигдан, үлдсэн нь ачигдах гэж байгаа. Иргэд 5 сая-н нэмэгдэлтэй машин наашаа импортлох боломжгүй, тиймээс машинаа наашаа битгий тээвэрлээрэй” гэж байна. Гэтэл бид цаад газартайгаа гэрээгээ хийчихсэн учир хохиролтой байна.

-Засгийн газарт ямар хүсэлт тавьж байгаа вэ?

-Татвараа нэмж болно. Гэхдээ бидэнд ямар ч хугацаа өгөөгүй огцом хоёр, гурван хувиар ч биш арав гаруй хувиар нэмсэн. Тэгэхээр Хууль батлагдахаас өмнө 4-р сарын 14-нд японы дуудлага худалдаанаас авсан автомашинаа хуучин хуулиар тооцуулахыг л хүссэн.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Томилгоотой холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, шийдэхээр боллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нарын томилгоо удаашралтай байгаа асуудлаар өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын хариуг авахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батданзан, Д.Мурат, З.Нарантуяа нар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нартай өнөөдөр уулзсаныхаа дараа мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын дарга нартай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Хууль ёсыг сахиулах, иргэдийн сонголтыг хүндэтгэх тухай бид ярьж байгаа. Бидний тавьсан гол асуудал бол Сүхбаатар аймгийн ИТХ-ын үр дүнгээр гарсан Засаг даргын томилгоо, мөн Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрөх, гурав дахь нь Орон нутгийн сонгуулиар 12 суманд ялсан сумын Засаг дарга нарыг хуулийн дагуу томилуулах тухай асуудлаар бүлгийн гишүүдийн хамт санал солилцлоо. Үүнд нэг л зүйл бий. Ерөнхий сайд улс төрийн ажил, Засгийн газрын ажил тусдаа шүү гэж өөрөө хэлсэн. Сонгуулийн үр дүнгийн дараа засгийн ажил улс төрөөс ангид үргэлжлэх ёстой. Иймд энэ томилгоогоо яаралтай хийх хэрэгтэй гэдгийг хэллээ.

Энэ уулзалтаар бид ахицтай байлаа гэж ойлгож байна. Ирэх долоо хоногт томилгоотой холбоотой санал зөрөлдсөн асуудлаар ажлын хэсэг байгуулж, нэг тийш нь болгоё гэдэг дээр санал нэгдлээ. Цөөн үлдсэн сумдын маргаантай асуудлыг шийдвэрлэж, засгийн ажлыг тасралтгүй үйл ажиллагаагаар хангая гэдэг дээр санал солилцож, ойлголцсон гэж хүлээж авч байна. Хэрэв энэ асуудал ирэх долоо хоногт шийдэгдэхгүй бол халаа сэлгээ, томилгоотой холбоотой асуулгыг УИХ-ын гишүүн Л.Болд тавьсан байгаа. Үүнийг үргэлжлүүлэн сонсох болно. Орон нутгийн намын гишүүдийн болон иргэдийн бухимдлыг үл хүндэтгэсэн гэж үзэн цаашдынхаа тэмцэлд орох болно. Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг бид ойлгож байгаа. Иймээс эхний уулзалтыг үр дүнтэй болсон гэж үзье. Эхний уулзалтын үр дүн ирэх долоо хоногт гарна гэж найдаж, уулзалтыг өндөрлүүллээ.

Ер нь цаашдаа ардчилсан Монгол орон иргэдийн сонголтыг хүндэтгэх ёстой. Улс төрийн үйл ажиллагаа дууссан бол засгийн үйл ажиллагаа үргэлжлэн ард иргэдийн амьжиргаа, нөхцөл байдлыг хангах нөхцөл бололцоог Засгийн газар үргэлжлүүлж, хуулийн дагуу авч явах ёстой гэсэн шаардлагыг үндэслэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 20 гаруй хорооны иргэд “Эерэг сэтгэлгээний давалгаа”-нд нэгдлээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Жэй Си Ай Лидер салбар байгууллагатай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар зорин ажиллаж байна. Энэ удаагийн “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 гаруй хорооны 250 иргэн, оюутан залуусыг хамруулан тус дүүргийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсрол олгох сургуулийн урлагийн танхимд амжилттай зохион байгууллаа. Cургалтыг цаашид нийслэлийн бүх дүүрэгт шат дараатай зохион байгуулах юм. Одоогоор “Эерэг сэтгэлгээний давалгаа”-нд нийтдээ 4000 гаруй хүн хамрагдаад байна. Мөн уг аяны хүрээнд Гэр бүлийн радио ФМ 104.5-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” радио нэвтрүүлгийг долоо хоног бүрийн мягмар гаригийн 22.00-22.30 цагт хооронд залуучууддаа зориулан тогтмол нэвтрүүлж байгаа тул эрхэм сонсогчид та бүхнийг “Эерэг сэтгэлгээний давалгаа”-нд нэгдэхийг уриалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гранат дэлбэрч хоёр алба хаагч амиа алдсанд БХЯ, ЗХЖШ-ынхан бүгд буруугүй гэнэ

Хэдхэн хоногийн өмнө Таван толгойн цэргийн ангийн сургуулилтын талбайд гранат дэлбэрч хоёр алба хаагч амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ үеэр ангийн захирагчийг согтуу байсан гэдгийг ЗХЖШ, цагдаагийнхны ажлын хэсэг шалгалтаар тогтоосон байна. Хамгийн ноцтой зүйл нь 350-р ангийн алба хаагчид Таван толгойн цэргийн ангийн сургуулилтын талбайд батлагдсан хуваарийн дагуу буудлага хийх хугацаа нь дөрөвдүгээр сарын 9-нд байсан гэнэ. Гэтэл өөр нэг цэргийн анги сургуулилтын талбайд буудлага хийгээд эхэлчихсэн байжээ. Хоёр цэргийн анги сургуулилтын талбайд буудлага хийх нь аюултай тул тус ангийнхан маргааш нь бэлтгэл хийхээр болжээ. гэвч энэ хооронд бүх галт зэвсэг хэрэгслийг хадгалах байрнаас нь гаргачихсан байсан гэнэ.

Мөн гадаа гаргасан РГД-5 загварын хоёр гранатын галыг угсарсан байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, гар бөмбөгийн тэслэгчийг нь холбосон байсан гэнэ. Үүнийг ахмад Б.Мөнгөншагайгаар ахлуулсан салааныхан огт мэдээгүй байсан аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Өдрийн сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“МӨНГӨН УС ХУДАЛДАЖ АВНА” гэсэн залилангаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Мөнгөн усыг Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалаар “Мөнгөн ус”-ыг “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д хамруулсан байдаг.

Гэтэл сүүлийн үед уг хорт, аюулт бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээ, фэйсбүүкээр “ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны Зил хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна, эдгээр зүйлс дотор улаан мөнгөн ус байдаг, хятад иргэд өндөр үнээр худалдаж авна” гэх иргэдийг төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэн энэхүү цуурхалд итгэж, хохирсон тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх боллоо.

Тиймээс мөнгөн устай холбоотой гэмт хэргийн мэдээ мэдээлэл, хорт, аюулын талаар хүргэж байна.

https://www.youtube.com/watch?v=Gmvu_wZmyas