Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүзүү нуруу, нугасны гэмтэл согогийн тасаг өнгөрөгч сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж эхэлжээ. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Т.Дэлгэрхүүтэй ярилцлаа.
-Нурууны гэмтэл засах шинэ технологийг нэвтрүүлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоогоор хичнээн хүнд хагалгаа хийгээд байна вэ?
-Одоогоор нэг хүнд хийгээд байна. Өнөөдөр дэлхий нийт хүнд хөнөөл багатай мэс заслыг чухалчилдаг болсон. Бид энэ чиглэл рүү, дэлхий нийттэй хөл нийлэх эхлэл тавигдаж байгаа нь гэдгээрээ ач холбогдолтой. Солонгос улсад хоёроос гурван эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан. Цаашид энэ технологиор хагалгаа хийх эхлэл бүрэн тавигдсан гэдгийг онцолмоор байна.
-Тоног төхөөрөмжөө аль улсаас, ямар санхүүжилтээр оруулж ирэв?
-Солонгосын нэгэн компаниас бэхэлгээ, шураг хэрэгслийг цөөн тоогоор эхний удаад үнэ төлбөргүй нийлүүлсэн. Хоёр хүнд хагалгаа хийж болох найман ширхэг төхөөрөмж ирсэн байгаа.
-Нурууны ямар гэмтэл согогийн үед шинэ технологиор хагалгаа хийх вэ. Гадаадад энэ технологиор хагалгаа хийлгэхэд ямар өртөгтэй байдаг бол?
-Иргэд шинэ технологи, шинэ зүйлийг хамгийн сайн гэж бодож туйлшрах тал бий. Тухайн хүний өвчин болон биеийн байдлаас шалтгаалаад аль мэсэл засал тохиромжтой гэдгийг бид шийдвэрлэнэ. Зарим хүнд ил, нээлттэй мэс засал хийх нь эерэг үр дүн авчрах тохиолдол ч байж болно. Гадаадад, тухайлбал Солонгос улсад энэ шинэ технологиор хагалгааг 25 мянган воноор хийдэг. Бидний хувьд шинэ технологиор анх хагалгаа хийлгэсэн хүнээс төлбөр аваагүй. Сүүлийн үед иргэд бүх зүйлийг үнэ төлбөргүй, хямд төсөр байлгах гэдэг хандлагатай болжээ. Амь нас, эрүүл мэнд гэдэг бол тухайн хүнд юугаар ч үнэлэшгүй үнэ цэнэтэй зүйл. Тийм болохоор цаашид энэ хагалгааны зардлын 25 хувийг иргэн өөрөөсөө, 75 хувийг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийлгээд явах боломжтой болов уу гэж харж байна.
-Энэ төрлийн мэс заслыг шинэ технологиор хийх болсон нь ямар давуу талтай вэ?
-Урьд нь бид энэ төрлийн хагалгааг том хүрцээр 14-15 см зүсдэг байсан бол одоо арьсны гаднаас 1.5 см урттай дөрвөн жижиг зүсэлт хийгээд нурууны хугарал болон согогийг эмчлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр шархны халдварын эрсдэл бага, эдгэрэлт хурдан болно. Мэс засал хийлгээд оройдоо ч хөл дээрээ босох боломжтой дэлхийн түвшинд хүрсэн дэвшилтэт арга гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.
-Хүзүү, нуруу, нугасны гэмтэл согогийн тасагт өөр ямар эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж байгаа вэ?
-Манай тасаг тархины тасагтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг байж байгаад 2012 онд бие даасан тасаг болж гарсан. Манай тасгаар жилдээ 1500-1600 хүн хэвтэн эмчлүүлж, 600 гаруй хүнд мэс засал хийж байна. Нийт мэс заслын 100 гаруй нь хүзүүнд хийгддэг. Бид хүзүү нурууны тасаг болж шинэчлэгдсэний үндсэн дээр шинэ технологийг нэвтрүүлж, шинэ өвчлөлүүдийг эндээ эмчлэх боломжтой болсоор байна. Тухайлбал, 2012 оноос хойш нугасны хавдрын мэс заслыг 6-7 удаа хийлээ. Мөн хүзүүний мэс засал дээр шинэлэг арга нэвтрүүлж, зүслэг, хүрцээ багасгаад байна. Хүзүүний мэс заслыг хийхдээ бид урьд нь нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч оронд нь ташаан толгойноос нь яс авч орлуулдаг байлаа. Энэ шинэ аргыг нэвтрүүлснээр нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг аваад тэр хооронд хиймэл жийргэвч тавьдаг болсон. Ингэснээр тухайн хүний хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх, босоод явахаар хөл нь доголохгүй байх зэрэг олон давуу тал бий болж байгаа юм. Цаашлаад манай эмнэлгийн захиргаанаас нурууны дурангийн мэс заслыг нэвтрүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Нурууны өвдөлт, бөөрний өвчин хоёрыг хооронд нь ялгахад хэцүү байдаг. Энэ хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Манай эмнэлгийн амбулатори орой 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Тийм болохоор нуруугаар өвдсөн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид эхлээд үзүүлэх хэрэгтэй. Нуруу дотроо хүзүү, сээр, бүсэлхий, аарцаг гээд олон хэсгээс тогтдог. Энэ бүх хэсгийн өвдөлтүүд бөөр, цөс гэх мэт дотор эрхтэний өвчлөлөөс хамаарч өвдөх тохиолдол байдаг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгч тохирсон эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Мэс заслаас наана нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болно шүү дээ.