Categories
мэдээ цаг-үе

Б.Орхонтуул: “Нисдэг нь” зураг маань анх нэргүй бүтээл байсан

Монголд зураач, урчууд ямар чиг хандлагатай уран бүтээл туурвиж байгааг багцлан харах боломжтой “Алтан бийр”, “Намар”, “Оны шилдэг бүтээл” гэх үзэсгэлэнгүүдийг Монголын урчуудын эвлэлийн хорооноос уламжлал болгон гаргадаг. Энэ удаад дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд “Алтан бийр-11” үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэнд 100 орчим уран бүтээлчийн 120 гаруй шинэ ажил дэлгэгдсэн байна. Эдгээр уран бүтээлчдээс Б.Орхонтуулын “Нисдэг нь” гэх нэртэй зураг шилдэг бүтээлээр шалгарсан юм. Түүнтэй бүтээлийнх нь талаар ярилцлаа. “Алтан бийр-11” үзэсгэлэнд шилдгээр шалгарсан зураач Б.Орхонтуул МУЭ-ийн хорооны Урлангийн байранд нэг жил ажиллах эрх, мөнгөн шагнал, “Сувд” арт галерей, “Ninth Art Gallery”-д тус бүр нэг удаа үзэсгэлэн гаргах эрхээр шагнагджээ.


-Эл бүтээлээ “Нисдэг нь” гэж нэрлэсэн учир юу байна?

-Зургийг нэрлэхэд их хэцүү байдаг. Анх Монголын урчуудын эвлэлийн хороон дээр бүтээлээ аваачиж өгөхөд нэргүй байсан ч “Нисдэг нь” гээд нэрлэчих үү гэхээр нь зөвшөөрчихсөн юм. Сүүлд хараад байхад нэр нь оносон юм шиг санагдсан.

-Зураг дээр чинь байгаа хоёр хүн их анхаарал татаж байна л даа?

-Хоёулаа би өөрөө байгаа юм. Амыг нь утсаар боочихсон учраас бөмбөлөг хийгээр дүүрдэг шиг уран бүтээлч хүн өөрийгөө илэрхийлэхдээ ч учиртай илэрхийлж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Дотоод хувьслаа л илэрхийлж байгаа хэрэг л дээ. Тийм учраас миний нэг дүр хийлсэн бөмбөлөг болж харагдаж байгаа. Харин дээр нь мордчихсон нөгөөх нь хуруугаараа амаа дарсан нь аливаа зүйлд дандаа хийлсэн бөмбөлөг шиг байж болохгүй, сэтгэлзүйгээ хааяа дарж чимээгүй байх хэрэгтэйг бэлгэдлээр харуулсан л даа.

-Сар ч бас бөмбөлөг юм биш үү?

-Тэр харахад сар боловч бас нэг бөмбөлөг байгаа юм. Ер нь сар, бөмбөлөг гэхээсээ илүүтэй уран бүтээлч хүний хүрэх ёстой зорилгыг төлөөлүүлсэн бэлгэдэл. Тиймээс бөмбөлгөн нүүр, бөмбөлгөн сар хоёр хоорондоо утсаар холбоотой байгаа. Монгол уран зургийн бэлгэдлийг орчин үеийн урлагтай холбож л зурсан юм. Би багаасаа үлгэр домог сонсож өссөн болохоор бэлгэдлийн зүйлийг ургуулан бодох их дуртай.

-За, тэгвэл цөл ч юм шиг, мөхсөн ертөнц ч юм шиг энэ уулс юуг бэлгэдэж байна?

-Бөмбөлөг, сар, бөмбөлгөн нүүрт хүн гээд бүгд зөөлөн биетүүд учраас зургийнхаа зохиомжийн тэнцвэрийг хадгалах үүднээс ийм талстан уулсыг дүрсэлсэн хэрэг. Хатуу, зөөлөн хоёр чинь энэ орчлонгийн мөн чанар юм л даа. Агаарт байгаа гурвалжингуудын тухайд бөмбөлөг, бөмбөлгөн нүүртай таарч орхивол хагалчихна. Гурвалжин гэдэг өөрөө хатуу ирмэгтэй хурц зүйл. Харин бөмбөлөг бол эмзэг зөөлөн. Тиймээс сарыг хүртэл бөмбөлөг болгон зурсан.

-Өөрөө өөрийгөө унадаг нь яаж байгаа юм бол?

-Ер нь зургийг тайлбарлах хэцүү л дээ. Хүний дотор сэтгэлд бурхан, чөтгөр хоёр орон зайгаа булаалдаж байдаг гэдэг дээ. Бодит ертөнцийн бие махбодон Би-гээс гадна, оюун санааны Би гэж нэг юм байдаг байх. Тэр оюун санааны Би магадгүй хүнийг далдаас эрхшээгээд байх шиг санагддаг. Уран бүтээл хийгээд байж байхад би заримдаа нэг л их хөгшин ухаантай би болчих шиг санагддаг. Мэдээж амьдрал дээр бийр барьсан би хэвээрээ л байгаа шүү дээ. Энэ хоёр би бие биеэ унаагүй, хоёулаа агаарт хий орон зайд нисэж яваа юм. Тэр нисэж байгааг тодруулах гэж доод талын уулсыг дүрсэлсэн. Бөмбөлгөн сарыг зорьж байгаа маань далд байгаа, алс холхийг мөрөөдөж байгаагийн бэлгэдэл гэх юм уу даа.

-Их л учиртай философитой бүтээл болж дээ?

-Аливаа уран бүтээлч амаараа бүтээх нэг хэрэг. Амаар бүтээсэн болгон хөөс хий л болдог. Тиймээс хийгээр дүүрсэн бөмбөлөг болчихгүйн тулд том том ярьж хөөрөхгүй байж байгаад сайн уран бүтээл туурвих нь чухал юм шиг санагддаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

104 настай Маарын Цогдог гуайг ахмад дайчны бүртгэлд оруулах хэрэгтэй

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул М.Даваажав

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-ээр дамжуулан Батлан хамгаалах яам, Монголын ахмад дайчдын холбоонд дараахь сонордуулах гэсэн юм. Юуны өмнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хоёрдугаар багийн өндөр настан Маарын Цогдог гуайн тухай товч өгүүлье. Тэрбээр өнөө жил 104 нас хүрсэн боловч өвчин зовлон байхгүй, ялимгүй чих нь хатуурсан ч ухаан нь эрүүл саруул, нэг насны хань болсон 97 настай хөгшнийхөө хамт Шинэ-Идэр сумынхаа төвд амьдарч байна. М.Цогдог гуай 1941-1945 онд ардын цэргийн алба хашиж, тухайн үедээ Хэнтий аймагт байрлаж байсан Ардын цэргийн отрьяд болон Улаанбаатар хотод дөрвөн жил албаа нэр төртэй хашиж халагдсан байдаг. Энэ тухай БХЯ-ны архиваас холбогдох лавлагаа баримтыг түүний охин нь олж авчээ. Тэрхүү баримтад цэрэгт татагдсан он сар өдөр, алба хаасан анги, цэргээс халагдсан хугацаа зэргийг тодорхой дурдсан байгаа. Цэргээс халагдсаныхаа дараа нутагтаа нэгдлийн малчин, тоо бүртгэгч, цахилгаан моторчин зэрэг ажил хийж байгаад 1970-аад оны дундуур өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Харамсалтай нь 104 настай энэ өвөө өнөөдрийн Монголын ахмад дайчдын бүртгэлд нэр нь байхгүй. Өөртэй нь хамт өтөлж яваа эмгэн, ганц охинтойгоо хөдөөд амьдардаг, мэдээлэл муутай энэ буурлыг албан ёсоор ахмад дайчдын бүртгэлд оруулахад орон нутгийн төр захиргааны байгууллагын анхаарал дутагдсан байж болох юм. Ямартай ч энэ ахмад дайчны эрх ямбыг эдлэх нь бүү хэл албан ёсны бүртгэл тооцоонд ороогүй байна. Зуу давсан өндөр настан гэлтгүй ахмад дайчид улам бүр цөөрч буй өнөө үед төр засаг, БХЯ холбогдох байгууллагууд энэ буурлыг анхааралдаа авч, зохих дэмжлэг, хайр хишгийг хүртээгээсэй билээ. Ингэж гэмээнэ 104 настай М.Цогдог гуай төдийгүй Шинэ-Идэрчүүд, нутгийн зон олон маань ихээхэн баярлах болно.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

С.ЦОМОРЛИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганы нэгдсэн хуралдаанаар юу хэлэлцэх вэ?

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, асуудлын жагсаалтыг баталлаа. УИХ хаврын чуулганаараа 30 гаруй асуудал хэлэлцэхээр баталсан. Гэвч Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тутамд УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалт багасч, төлөвлөснөө хэлэлцэж амжихгүй байж мэдэхээр байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 25-ны Мягмар гаригт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

04 дүгээр сарын 26-ны Лхагва гаригт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 27, 28-ны Пүрэв, Баасан гарагт:

  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатараас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын эргэлтэд тавих хяналт, өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Шугам засварын ажил үргэлжилж байна

Налайх дүүргийн ойролцоо Бүс нуурын орчимд байрлах нийслэлийн цэвэр усны шугам хагарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ус сувгийн удирдах газрынхан газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар цэвэр усныхаа шугамын усыг шавхах ажил үргэлжилж байна гэв.

Цэвэр усны шугамын 4-5 км орчмын усыг бүрэн шавхаж дууссаны дараа хоолойг ухаж гаргаж ирэх ажлыг эхлүүлэх юм байна. Одоогийн байдлаар ажил 30 хувьтай үргэлжилж байна гэж Ус сувгийн удирдах газрынхан мэдээллээ.

Сануулахад, өнөөдөр Налайх дүүргийн орчимд байрлах нийслэлийн цэвэр усны шугам хагарч, их хэмжээний ус цацарсан. Энэхүү дуудлага Ус сувгийн удирдах газар өнөөдөр 06.45 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Ус сувгийн удирдах газрын ажилтнууд газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа юм.

Цэвэр усны шугам хагарснаар нийслэлийн иргэдийн цэвэр усны хангамжийг зогсоохгүй, нөөц шугамаа ашиглаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“The Jazz Train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийг хийнэ

Шинээр гарч ирж буй залуу жазз квинтет хамтлаг “The Jazz Train” нь анхны цомгийнхоо нээлтийг олон улсын жазз өдрийг тохиолдуулан энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Castle”-д хийх гэж байна. “The Jazz Train хамтлаг” нь анхны бие даасан цомгоо энэ жил “The Jazz Train” нэртэйгээр гаргасан бөгөөд энэ нь Монголын хамгийн анхны стандарт жазз инструментал цомог юм.

Цомгийн нээлтээр “The Jazz Train” хамтлаг цомогтоо бичигдсэн зохиолуудаас мөн дэлхийн алдартай жазз уран бүтээлүүдээс хүргэх бөгөөд Монгол дахь олны танил жазз уран бүтээлчид хамтран оролцох нь ээ.

“The Jazz Train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийг хийнэ

“The Jazz Train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийг хийнэ

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Заяабаатарын “Дүрвэгсэд ба босогчид” номын нээлт болно

Амьд хөгжмийн “Лорд” хамтлагийн дуучин Б.Заяабаатарын “Дүрвэгсэд ба босогчид” номын нээлт маргааш “Аз хур” номын их дэлгүүрт болно. Өдрийн 14:00 цагт эхлэх номын нээлтийн үеэр тус дэлгүүрийн худалдаалж буй ном 50-80 хувь хүртэл хямдрах аж. Мөн “Лорд” хамтлагийнхан номонд шимтэгчиддээ зориулан задгай талбайд ая дуугаа өргөх юм байна.

“Дүрвэгсэд ба босогчид” номын зохиогч Б.Заяабаатар нь Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат аж. Тэрбээр амьд хөгжмийн ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж олон сайхан уран бүтээлээрээ сонсогчидоосоо өндөр үнэлгээ авсан нэгэн.

Дашрамд дурьдахад тус хамтлагийнхан 2013 оны анхныхаа цомгийг гаргаж, 2015 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Дулааны улирлын хувцсанд шилжлээ

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг энэ сарын 21-ний өдрөөс дулааны улирлын хувцсанд шилжүүлжээ.

Дулааны улирлын хувцсан шилжих болсонтой холбогдуулан өчигдөр хувцасны үзлэгийг зохион байгуулж, албан хаагчдад нийтлэг илэрч буй алдаа дутагдлыг арилгах үүргийг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийг цэвэр усаар хангадаг шугам хагарчээ

Цахим сүлжээгээр газраас олгойдон гарч ирэх усыг гайхан харж, зургийг нь авч буй бичлэгийг та өнөөдөр олныг харсан байх. Тэгвэл “Цонжин болдог”-ийн ойролцоо олгойдон гарсан энэ ус нь ямар нэг байгалийн гайхамшигт үзэгдэл биш Нийслэлийн иргэдийн цэвэр усны хэрэгцээг дамжуулдаг цэвэр усны шугам хагарсан нь тэр байжээ.

Тодруулбал Налайх дүүргийн орчимд байрлах цэвэр усны шугам хагарсан бөгөөд энэ тухай дуудлага УСУГ-т 06:45 цагт ирсэн байна. Гэмтлийг засахаар УСУГ-ын ажилчид газар дээр нь ажиллаж байгаа аж.

Цэвэр усны шугам элэгдэж, хагарсан байж болзошгүй учир цэвэр усны нөөцийн шугамыг холбож, тухайн хагарсан шугамтай хэсгийг хаасан байна. Хагарсан хэсгийг ухаж гаргаж аваад шугамыг нөхөх, эсвэл бүрэн солих эсэхийг шийдэх аж. Одоогоор иргэдийг нөөц шугамаа ашиглан цэвэр усаар хангаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Морин хуурын гэрэлт хөшөөг сүндэрлүүлнэ

ЗурагДорноговь /МОНЦАМЭ/.Улсын филармони гэх их айлын гурван том найрал хөгжмийн хамтлагийн нэг “Морин хуурын чуулга”-ын тулгын чулууг тавихад Дорноговь аймгийн Мандах сумын уугуул морин хуурч, Монгол Улсын ардын жүжигчин, профессор, удирдаач Цэндийн Батчулуун агсаны оруулсан хувь нэмэр их бий.
Тиймээс Мэргэжлийн урлагийн энэхүү томоохон хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Батчулуун багшийнхаа гэгээн дурсгалд зориулж 25 жилийн ойн концертоо Дорноговь аймгийн Сайншанд хотын “Саранхөхөө” театрт энэ сарын 17-нд эгшиглүүлсэн юм.
Мөн 18-нд төрсөн нутаг Мандах сумын соёлын төвийн тайзнаа тогложээ. Энэ үеэр алдарт морин хуурчийн хүй цөглөсөн нутагт морин хуурын гэрэлт хөшөөг спонсорлогч, дэмжигч байгууллагуудын оролцоотойгоор бүтээхээр хамтран зүтгэгчид нь шав тавьсан байна.
Дээрх ажлыг наадмаас өмнө дуусгаж хүлээлгэж өгөхөөс гадна хөшөөний нээлтэд морин хуурийн чуулгынхан хүрэлцэн ирж бүтээл туурвилаа дээжлэн барихаар болсон аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ 10 хоногийн дотор тодруулна

Сонгууль зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-оос эхэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ирэх арав хоногийн дотор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсний дараа ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ний дотор нийтэд мэдээлэх юм. Харин нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох учиртай.

Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн санал авах бөгөөд зургадугаар сарын 10, 11-ны өдрүүдэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах юм байна.

Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм аж.