Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Оффшорын хууль сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хамааралтай

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу бидний хэлж заншсанаар оффшорын хуулийг баталсан. Уг хуулийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсан. Гэхдээ уг хуульд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан хаагч түүний хамаарал бүхий этгээдүүд хамрагдсан. Ингэснээр хуулийн үйлчлэл нь өргөн цар хүрээг хамарч байгаа болохоор хэрэгжихэд нэлээд түвэгтэй болчихов уу?

-Аливаа хууль батлагдсаны дараа хэрэгжих болов уу яах бол гэдэг яриа гардаг. Өмнө нь Тамхины хяналтын тухай хууль шинэчлэгдэн батлагдахад “Энэ хууль хэрэгжихгүй” хэмээн ярьсан ч уг хууль амьдрал дээр хэрхэн сайн хэрэгжсэн билээ дээ. Ямартай ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ баталчихлаа. Тиймээс цаашаа хэрэгжээд явна. Уг хуульд дөрвөн гол өөрчлөлт орсон юм.

-Тэр нь юу гэж. Засгийн газрын зүгээс өргөн барьсан хуулийг УИХ дээр тэс өөр болгоод баталчихлаа гэсэн шүүмжлэл байна л даа?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр аймаг, дүүргийн дарга, газрын дарга нараас дээш албан тушаал бүхий хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 301 хүнд хамаатуулахаар оруулж ирсэн. Сонгогдсон болон төрийн захиргааны төв байгууллагын цөөн хүнд хамаарах болчихоод байсан тул шүүх, прокурор, цагдаагийнхан гээд эдгээрээс бусад албан тушаалтнууд уг хуульд хамрагдахгүй байсан тул хуулийн үйлчлэлийн хүрээг өргөтгөсөн юм. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39800 хүн уг хуульд хамрагдахаар болсон. Төрийн албанд алба хашиж байгаа бол уг хуульд хамрагдах нь зөв.

Дараагийн алхам нь төрийн албан хаагч болон түүний гэр бүл гэж байсан л даа. Хууль бусаар мөнгөтэй болсон хүмүүс өөрийнхөө болон эхнэр, хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэж мөнгөө хийдэггүй. Тиймээс хамаатан садныхаа нэр дээр данс нээж нуудаг. Тэр утгаараа уг хуулийн үйлчлэлийн хүрээг тэлж өгсөн.

-Гэхдээ хамаарал бүхий этгээд гэдэг нь тодорхой бус байгаа юм биш үү. Яг тэр тэрийг хамаарал бүхий этгээдэд хамруулна гэсэн зүйл байхгүй хууль болчихлоо гэх юм?

-АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг хүснэгтэд өөрийн төрсөн ах, эгч, дүү, аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, нөхөр болон эхнэрийн ах, дүү нар гэж байдаг. Тэр хүрээгээрээ орж байгаа юм. Ингэснээр татвараас зугтаалгасан мөнгийг нуух газаргүй болгож байгаа хэрэг л дээ.

Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын дотор оффшор данстай бол дансаа хаалгаж, оффшор бүст байршуулсан мөнгөө эргүүлэн оруулж ирнэ гэсэн заалттай байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад хариуцлагыг нь дээшлүүлэх үүднээс зургаан сар гэсэн хугацаа байсныг гурван сар болгож өгсөн.

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Уг хууль жижиг дунд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд огт хамааралгүй. Тэд өмнө нь хийж байсан бизнесээ хийгээд явах боломж хэвээрээ байгаа. Уг хууль сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад л хамааралтай гэдгийг дахин хэлье.

-Тэр бизнес хийж байгаа хүмүүс нь ХОМ гаргадаг 39800 этгээдийн хэн нэгний хамаатан садан, найз нөхөд байвал яаж зохицуулах юм бэ?

-Харилцан хамаарал бүхий хүмүүст найз нөхөд хамаарахгүй. Тухайлбал, төрийн албанд ажиллаж байгаа хүний найз нь оффшор бүст данс эзэмших, эзэмшихгүй байх нь тухайн хүмүүсийн хоорондын асуудал. Харилцан хамаарал бүхий гэдэгт нэг аж ахуйн нэгжид хамтдаа хөрөнгө оруулсан, тэндээс хамтдаа ашгаа хүртэхийг харилцан хамааралтай гэж байгаа юм. Тэр аж ахуйн нэгж нь оффшор бүст данс эзэмшиж байгаа бол найз нөхөд, хамтрагч нь энэ хуульд хамаарна. Түүнээс нэлэнхүйд нь найз нөхөд гээд хамруулан ойлгож болохгүй.

-39800 албан хаагчийн ах, эгч, дүү, аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, нөхөр болон эхнэрийн ах, дүү гээд явахаар хэчнээн хүн уг хуульд хамаарах болчихоод байгаа вэ?

-Нарийн тоог нь яг хэлж мэдэхгүй байна. Өөр дээрээ жишээ авахад Оюундарь гэдэг хүний нөхөр, үр хүүхэд, ах дүү, нөхрийн ах, дүү, гээд тооцоод үзэхээр 10 гаруй хүн оффшор бүст данс эзэмшиж болохгүй болчихож байх жишээтэй. Татвараас зугтаалгасан, терроризмоос олсон, мөнгө угаасан мөнгийг л оффшор бүст хадгалж болохгүй. Ариун шударгаар бизнес хийж байгаад олсон мөнгөний талаар огт яригдах ёсгүй. Мөрөөрөө бизнесээ хийгээд явж байгаа хүн оффшор бүст мөнгөө нуух шаардлага байхгүй. Засгийн газраас гадаад улс оронд данстай байж болохгүй гэж оруулж ирснийг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудаас оффшор бүс гээд зарласан давхцлыг нь түүгээд 42 орныг оффшор бүс гэж хамааруулахаар болсон. Гэхдээ жагсаалтыг Засгийн газар батална. Монгол Улс хамтын ажиллагаатай, хөрөнгө оруулалт татдаг, манай орны зүгээс дипломат төлөөлөгчийн газартай, Монгол Улсын иргэд ихээр зорчдог Англи, Финлянд, Швейцарь, Хонгконг ч гэдэг юм уу, эдийн засаг, улс төрийн хүрээнд ойрхон ажилладаг орнуудыг оффшор бүсийн оронд хамруулахгүй байх эрх нь Засгийн газарт бий. Түүнээс шууд энэ 42 орныг хамааруулна гээд байгаа юм байхгүй.

-Ядаж л Швейцарьт очоод ганц цаг, гар утас авахад л оффшорын хуулийг зөрччих хэмжээнд батлагдсан хууль боллоо хэмээн зарим гишүүд ярьж байна л даа?

-Уг хуульд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө орно гээд тусчихсан юм. Үл хөдлөх хөрөнгөд байшин барилга ороод явчихна. Хөдлөх хөрөнгө гэхээр гар утас, цаг, завь, машин, хувцас ч байдаг юм уу ороод явчихна. Бид яагаад хөдлөх хөрөнгийн талаар ярьсан бэ гэхээр 2-3 сая ам.долларын үнэ бүхий автомашин худалдан авч оффшор бүст хамааран оронд тавьчихаж болно. Татвараас нуугдуулсан мөнгөөрөө тэр машиныг авчихсан байж болно оо доо. Тэр утгаараа зарим гишүүд ингэж яриад байгаа юм.

-Уг хуулийн хариуцлага нь хэрхэн суусан юм бол?

-Ямар нэгэн байдлаар алдаа гаргасан сонгогдсон албан тушаалтан албан тушаалаа өгнө. Томилогдсон бол мөн л албан тушаалаа өгч хариуцлагаа хүлээх заалттай.

-Гэхдээ уг хуулийн үйлчлэлийг өмнөх цаг хугацаанд хамаатуулах гэж зарим гишүүд нэлээд зүтгэж байх шиг байсан. Хуулийг нөхөн хэрэглэхгүй гэдэг шүү дээ?

-Өмнө нь төрийн албан хашиж байхдаа оффшор бүст данс эзэмшсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэг иргэдийн хандлага их байсан. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэдгийг манайхан сайтар ойлгох ёстой. Хууль батлагдсанаас хойш төрийн албанд ажиллаж байгаа, төрийн ажиллах хүмүүст хамаарна. Сахилга, баттай улс төр, төрийн албаны ажлаа хий. Эсвэл төрийн албан хамааралгүйгээр бизнесээ хийгээд оффшор бүст дансаа нээнэ үү, байна уу хамаагүй. Өмнөх хүмүүст хариуцлага тооцсонгүй гээд байгаа ч нотлох баримтаар татвараас нуусан, буруу замаар мөнгө олсон, түүнийгээ оффшор бүст байршуулсан нь тогтоогдвол Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Гагцхүү бид хий хоосон хардах биш, нотлох л ёстой болчихоод байгаа юм.

Манайхан 17 тэрбум ам.доллар оффшорт байна гэж яриад байгаа. Хэн, хэзээ, хаана хэлсэн юм бэ. Яг 17 тэрбум ам.доллар оффшор бүст байгааг хэн мэдээд байгаа юм. Хамгийн гол нь нотлох баримт чухал. Цагдаа, прокурор, тагнуул, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан шүүгээд тогтоох хэрэгтэй. Цаанаа хардаж, сэрдүүлээд байгаа хүндээ ч гэсэн амар шүү дээ. Худлаа бол “Уучлаарай, таны нэр хүндийг гутаасан байна” гээд гаргаад ирэх хэрэгтэй.

-Хуулийн хэрэгжилт хэзээнээс эхэлж байгаа вэ. Батлагдсан өдрөөсөө даган мөрдөж байгаа юу?

-Их хурал хуулиа баталчихсан. Одоо соёрхон батлаад, Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болох учиртай. Өмнө нь Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа оффшорын хуулийг батлах гээд оруулж ирсэн ч баталж чадаагүй.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээлэл гарах боллоо. Үнэхээр Үндсэн хууль зөрчсөн хуулийг Их хурал баталчихав уу?

-Зарим хүмүүсийн ойлгож байгаагаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хүний эрх зөрчсөн гэж байгааг дуулсан.


Categories
мэдээ цаг-үе

Драмын театрын залуу гэр бүл

Гэгээн дарь эхийн сүм гэгддэг драмын театрт Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр болон Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын хоёр сайхан гэр бүл бий. Тэгвэл драмын театрын тайзнаа гурав дахь гэр бүл гал голомтоо бадраагаад байна. Драмаар овоглосон шинэ айл бол залуу жүжигчин Г.Алтангэрэлийнх. Түүний гэргий залуу жүжигчин Г.Номуун. Г.Алтангэрэлийг “Зангараг”, “Ану хатан”, “Аав” зэрэг киногоор нь үзэгчид андахгүй биз ээ. Харин гэргий Г.Номуун өнгөрсөн жил ганц хүний жүжгээр “Гэгээн Муза”-гийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан бөгөөд “Ромео Жульетта” жүжгийн Жульетта гэдгээр нь үзэгчид мэдэх байх. Ингээд энэ удаагийн “Танайд өнжье” булангийнхаа зочидтой уулзахаар Улсын драмын эрдмийн театрыг зорилоо. Театрын үүдээр ормогц дээл өмсч, монгол гутал жийсэн залуу жүжигчид хүнгэнэсэн дуугаар амандаа текст уншиж зөрнө. Харин тайзнаас орчин цагийн Ромео гэгддэг залуу жүжигчин Б.Шинэбаяр гар утсаа барьсаар яаран гүйж гарч ирэв. Тэрээр шатны хажууд очиж “Байна уу. Хайрт минь…” гэж утсаар ярих нь тод сонсогдов. Хэсэг чимээгүй цаад хүнийхээ яриаг сонссоноо шатны бариул тас атгаж нулимсаа тэсч ядан гаргаж мэгших нь харагдав.Ахин утсаа шүүрч “Бие нь яаж байна. Чамдаа хайртай шүү” гэж хэлээд утсаа салгав. Юу тохиолдсоныг нь мэдэхгүй ч хэрэгт дурлаж хэсэг түүнийг харж зогслоо. Жүжигчин залуу орос бакал холхигнуулан өмссөн агаад хонгилоор пар пар хийтэл чимээ гарган алхаж басхүү хоёр тийш хана цохин үсрэх.

Харин царайд нь ялимгүй инээмсэглэл тодорно. Энэ зуур жүжигчид өрөөнөөсөө цуварч гарч ирэн “За яасан төрчихсөн үү” гэж асуухад “Тэглээ” гээд нулимсаа арчив. Жүжигчид дуу дуугаа авалцан Б.Шинэбаярыг тэвэрч “За аав болсонд баяр хүргэе” гэсээр ард хоцров. Дашрамд дуулгахад энэ цагийн Ромео бүл нэмж шинэ хүнтэй болсон баярт мэдээг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Ингээд бид түүнд баяр хүргэх олны дундаас “Танайд өнжье” булангийнхаа зочдыг олж уулзаад өрөө рүү нь алхав. Жүжигчин Алтангэрэл, Номуун нар драмын театрт ид мандаж яваа залуу жүжигчдийн төлөөлөл. Тэд нэг хүүтэй. Уран бүтээлдээ ч, амьдрал дээр ч өөрсдийн гэсэн бүхний эхлэлийг тарьж ургуулж яваа залус юм. Биднийг очих үеэр Их Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн түүхэн эмгэнэлт “Жаргаагүй нар” жүжиг мөн “Царцаа намжил” жүжгийн сургуулилт явагдаж байв. Жүжигчин Шинэбаярыг аав болсон гээд найруулагч уран бүтээлчдэд арван минутын завсарлага өглөө. Энэ хооронд бид танилцаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Жүжигчин Алтангэрэлийн аавыг Ганболд, ээжийг Амарбаясгалан гэдэг. Түүний аавыг хөгжмийн зохиолч Түзэлийн Ганболд гэдгээр нь ард түмэн андахгүй биз ээ. Алтангэрэл эхээс гурвуулаа. Аавынхаа зам мөрийг дагаж урлагийн мөр хөөсөн нь Алтангэрэл гэнэ. Тэрээр “Би аав, ээжээ дагавал Баянхонгор аймгийн уугуул. Удам угсаагаа хөөвөл Архангай аймгийн хүн. Манай өвөг, дээдэс хэлмэгдүүлэлтийн үеэр Архангай аймагт нутаглаж байсан гэдэг. Аав, ээж маань Орост сурахаар явахдаа намайг хөдөө эмээ, өвөө рүү “цөлсөн”. Намайг багадаа төмөр орны хөлөөс уяатай өнждөг хүү байсан гэж эмээ ярьдаг.Хоёр хөгшинд багын элэгтэй болохоор сургуулийн амралт эхлэнгүүт л хотын хүүхдүүд шиг зуслан гэж ярихын оронд хөдөө өвөөгийндөө очдог байлаа. Бас болоогүй ээ, айл саахалтын хөвгүүд дунд эмнэг сургадгаараа дээгүүрт бичигддэг байлаа ш дээ” хэмээн хүүхэд ахуй насаа дурсав. Тэрээр нийслэлийн Эрдмийн ундраа цогцолборыг төгссөн бөгөөд 2007 онд СУИС-д шалгалт өгч Б.Мөнхдорж багшийн удирдлага дор жүжигчний ангид оржээ. Түүнийг төгсөх жил Улсын драмын эрдмийн театрт “Тэнгэрийн хүү” жүжиг тайзнаа тавигдаж дөнгөж төгсөж буй оюутанд арван баатрын нэгд тоглох завшаан олджээ. Хэдий олны хэсгийн дүр ч уран бүтээлийн хамгийн том ордны үүд хаалгыг нээж өгсөн болохоор их олзуурхдаг гэнэ. Энэ тухайгаа Алтангэрэл “Намайг төгсөх жил театрын 80 жилийн ой тохиож “Тэнгэрийн хүү” жүжгийг тайзнаа тавьсан юм. Тус жүжигт аравтын баатруудын нэгэнд тоглосон. Баатрууд зэрэг дуугаар “Хүн, хүн, хүн” гэж ухайлдаг хэсэг байдаг. Гурван удаа энэ үгийг хэлдэг. Олуулаа хэлэхээр их сүрлэг сонсогдоно. Гэтэл нэг тоглолт дээр би ганцаархнаа нөгөө хэдээсээ зөрөөд орилчихсон.Их л сонин сонсогдсон байх. Тайзан дээрх жүжигчид шоолж инээж буй нь мэдэгдээд, би ч их эвгүй байдалд орж байсан юм. Би тэр жилдээ театрын дэргэдэх студид дагалдан жүжигчнээр орж хоёр жил ажилласан. Тухайн үед таван жүжигчин байсан. Баярмаа, Дөлгөөн-Аюуш, Баяржавхлан, Цэнгэлжаргал бид тав байсан.Бид “Солиотой” жүжгээр шалгалтаа өгч үндсэн жүжигчнээр орсон” хэмээн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаад амжив. Хэн нэгэн хаалга их хүчтэй татаж “Тайзан дээр гарах цаг чинь боллоо” гэв. Алтангэрэл ч яаран сандран гарч одлоо. Харин гэргий Номуун бид хоёрын яриа цааш үргэлжлэх. Номууны хувьд нөхрийгөө бодвол арай хожуу театрын гэр бүлд багтжээ. Номууны аав Гантөмөр Сэлэнгэ аймгийн харьяат бол ээж нь Төв аймгийн харьяат аж. Тэрээр нийслэлийн 31 дүгээр сургуулийг төгссөн байна. Төгссөн жилээ л багаас мөрөөдөж ирсэн жүжигчний мэргэжлээр СУИС-д шалгалт өгсөн хэдий ч тэнцээгүй байна. Гэвч тэрээр жүжигчин болох хүсэл, мөрөөдлөөсөө няцахгүй дараа жил нь дахин шалгалт өгч. Хоёр дахь оролдлого нь бүтэлгүйтсэнгүй. Тэрбээр хүссэн ангидаа орж чаджээ. Бүр хүндэлж явдаг Л.Дэмидбаатар, Л.Чаминчулуун багшийн ангид орсондоо их баярласан гэдэг. Номуун “Би сургуулиа төгсөөд “Эмоци продакшнд найман сар ажиллаад театрын босгыг алхсан. Гэхдээ нөхөр бид хоёр бусдын л адил хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад шалгалт өгч тэнцээд жинхэлсэн” гэв. Энэ зуур хаалга тогшив. Нэгэн эмэгтэй “За миний охин дажгүй юу. Хүү тайз руу гарчихав уу” гэсээр орж ирэв. Энэ эмэгтэй Номууны ээж Байгалмаа аж. Байгалмаа театрын эмэгтэй жүжигчдийн хувцасны эрхлэгч юм байна. Тиймээс Номуун ухаан орохын л энэ театрт ээжийгээ дагаж ирдэг байж. Тэрээр “Хүүхэд байхдаа үзсэн жүжгийнхээ дүрд одоо өөрөө тоглоод явж байна гэж бодохоор их сайхан мэдрэмж төрдөг. Миний мөрөөдөл театрын жүжигчин болох. Энэ мөрөөдөл минь биеллээ олсонд маш их баяртай байдаг” хэмээн ярив.

АНХНЫ ҮНСЭЛТ

Цаг мөч бүр театрын тайзнаа ажиллаж, амьдарч буй хосуудад нэгнийгээ хардахаас эхлээд хүнд хэцүү зүйл бишгүй л байдаг болов уу. Наад зах нь жүжигт өөр хэн нэгэнтэй үнсэлцэх ч юм уу, гэж сониучирхан асуухад Алтангэрэл “Бид уран бүтээлч. Тиймээс учиргүй хардаж сэрдээд байх зүйлгүй.Гэхдээ “Ромео Жульетта” жүжигт эхнэр маань Шинээтэй үнсэлцэхийг хажуунаас нь хараад зогсч байхад их сонин мэдрэмж төрдөг. Бидний анхны үнсэлт санаанд ордог.Бас болоогүй ээ, эхнэрийгээ хөлөө жаахан өргөвөл гоё харагдана даа гэж бодох үе бий шүү” хэмээн наргив. Хоёулаа хамт ажилладаг болохоор уран бүтээлийн алдаа оноогоо дэнслээд явахад их амар гэнэ. Басхүү өөрсдийн багш нараасаа үлгэр дуурайл авна. Алтангэрэл “Залуу жүжигчид багшдаа хадаг тавьж багш, шавийн барилдлага тавьдаг байсан. Харин энэ жаяг хэсэг мартагдаад яг намайг театрт орох үед эргэж сэргэсэн. Би Цэрэндагва багшдаа хадаг барьж багш шавийн барилдлага тавьсан. Харин манай хүн Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгчийн шавь. Ер нь багштай байна гэдэг их аз шүү” гэв.Харин амьдралын үлгэр дуурайлыг Ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр гуай нараас авдаг гэнэ. Хосууд “Дагва ах, Мэндээ эгч хоёр их сайхан хосууд. Залуус бидний хувьд жинхэнэ үлгэр дуурайл санагддаг. Тэд гэрээ ч, театрыг ч их гоё гэгээлэг гэрэлтүүлж чаддаг. Бид яг л тэдэн шиг гэр бүл болохыг хичээдэг” хэмээн хэлэв.

ҮЗЭГЧДИЙН ӨМНӨ ЭХНЭРТЭЭ ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Ингээд жүжигчдийн нэг өдрийн сургуулилт дуусч тэдэнтэй хамт гэрийнх нь зүг хөдлөв. Залуус харих замдаа дурлалын түүхээсээ хуваалцав. Алтангэрэлийн аав хөгжмийн зохиолч учир тэдний гэрээр тухайн үед О.Дашбалбар, Т.Галсан, Бирваа гуай зэрэг алдар нэртэй хүмүүсийн хөл тасардаггүй байж. Аав нь шинэ ая бичихээрээ хүүдээ сонсгож хоёул гэртээ хөгжмийн аянд хөгжилдөн бүждэг байсан нь одоо хэр санаанаас нь гардаггүй аж. Хүүхэд ахуйн хамгийн нандин мөч хэмээн жүжигчин залуу ярих. Тиймдээ ч дуучин болно хэмээн боддог байж. Наймдугаар анги төгсөх жил нь аав нь түүнд жүжигчин болбол зүгээр гэж зөвлөжээ. Хүү ч аавынхаа зөвлөсний дагуу СУИС-д шалгалт өгч тэнцсэн байна. Харин түүнийг дөрөвдүгээр курст орох жил Г.Номуун оюутан болж орж иржээ. Нэгдүгээр курсийн оюутанд харц, сэтгэл алдарсан залуу дурлалынхаа төлөө их ч явсан гэнэ. Тэднийг оюутан байхад телевизийн олон ангит хилийн цэргийн тухай өгүүлэх “Босго тотго” киноны зураг авалт явжээ. Залуу жүжигчид нэг нь османы дүрд тоглож нөгөө нь цэргийн албан хаагчийн эхнэр Янжинлхамын дүрд тоглосон байна. “Энэ кино л биднийг бие биедээ дотносох боломжийг олгосон доо” хэмээн хоёр биен рүүгээ инээмсэглэн харах аж. Тэгсэн Номуун “Манай хүн анх надад гэрлэх санал тавихдаа хэзээ ч мартагдахааргүй гэнэтийн бэлэг барьсан. Тэр өдрийг би хэзээ мартдаггүй” гэв. Харин Алтангэрэл “Би “Хэлж амжаагүй хайр” жүжгийг тайзнаа тоглох үеэр найруулагч, уран бүтээлччидтэй хуйвалдсан юм. Тэгээд жүжгийн төгсгөлд оюутнууд гар гараасаа барилцаад амьдралын их зам руу хамтдаа гээд хэлдэг яг тэр үед манай хүн ганцаараа тайзан дээр үлдэхэд нь би эхнэртээ гэрлэх санал тавьж бөгж бэлэглэсэн. Үзэгчид шуугилдаад эхнэр маань ч их баярласан. Бидний амьдралын хамгийн анхны дурсамжтай өдөр тэр байсан” гэв.

“БИД ӨӨРСДИЙНХӨӨ ТҮҮХИЙГ ДӨНГӨЖ БИЧИЖ ЭХЭЛЖ БАЙНА”

Уран бүтээлч гэр бүлийн хувьд бүхий л цаг мөчид хамтдаа байдаг хэдий ч ар гэрийн амьдрал орхигдох гээд байдаг тухай гэрийн эзэгтэй Номуун ярьсаар гэртээ ортол өөдөөс нь хүү нь бөөн хөл хөөр болсоор гүйж ирэв. Нүдээ гараараа дарж ээж, аавдаа эрхлэн тоглоно. Хүү өдгөө хоёр ой хүрч байгаа аж. Хүүг өвөө, эмээ нар нь нүүрний хувирал сайтай жүжигчин болно хэмээн өхөөрддөг байна. Гэрийн эзэгтэй хөргөгчнөөс хөлдөөж бэлдсэн бууз гаргаж харагдав. Тэрээр “Бид хоёр амралтын өдөр бууз, банш чимхээд хөлдөөчихдөг.Ажлын өдрүүдэд гэртээ хоол хийж амжихгүй бол бэлдсэн буузаа жигнэнэ, ажилдаа авч явна. Харин завтай үедээ сайхан жигнэсэн гурилтай шөл хийнэ. Нөхөр маань их дуртай. Бас эрчүүд болсон хойно цуйванд нугасгүй. Завтай үедээ аль болох нөхрийнхөө захиалсан хоолыг хийнэ. Харин ажил ихтэй бол цаг бага зарцуулдгаар нь будаатай хуурга хийчихдэг юм” хэмэн инээмсэглэнгээ “Аав ээж нар аль болох шөлтэй устай хоол ид. Дандаа хуурч хайрсан хоол идээд байвал ходоод муутай болно гэдэг юм. Даанч тэр болгонд даалгаврыг нь биелүүлэхгүй юм даа” гэв. Хосууд байрандаа нүүж ирээд удаагүй байгаа бололтой. “Хараахан төвхнөж амжаагүй л байна” хэмээн санаа зовнингуй хэлэв. Харин уран бүтээлийн үеэр тайзнаа авахуулсан зураг хананд хэд хэд өлгөөтэй харагдах. Гэрийн эзэн чөлөөт цагаараа нум сум харвах, сагс тоглох дуртай бололтой спортын хэрэгсэл харагдав. Харин эзэгтэй зураг зурах хоббитой юм байна. Гэрийн эзэн Алтангэрэл “Бид залуу гэр бүлийн жишгээр л явж байна. Өөрсдийнхөө түүхийг бичээд явж байна. Бид хоёрын амьдрал маш сайхан эхлээд үргэлжилж байна. Дагва ах, Мэндээ эгч хоёр шигээ залуу үедээ үлгэр дуурайл болсон айл болно гэж боддог. Хамгийн гол нь эрүүл саруул, элэг бүтэн байх нь чухал. Энэ бүхний ард бидний эцэг эх, хамаатан садан яг л асаалттай арван танк гэдэг шиг тусалж дэмжиж байна. Мөн уран бүтээлийн ах, эгч нар найз нөхөд маань байна” гэсэн юм.

АМЬДРАЛ ДЭЭРХ ХОСУУДЫН УРАН БҮТЭЭЛ ДЭХ ХАМГИЙН АНХНЫ ХОСЫН ДҮР

Уран бүтээлд тоглосон зургийн цомгоо үзэх зуур хосууд хоёулаа нэг театрт ажилладаг уран бүтээлч гэдэг утгаараа дотроо нэгэн зүйлийг битүүхэн хүсч явдаг тухайгаа ярив. Энэ нь хамтдаа дурлалт хосын дүрд тоглох. Гэхдээ хүслээ биелүүлнэ гээд хамаагүй уран бүтээлд тоглохыг хүсдэггүй гэнэ. Өөрсдийн гэсэн уран бүтээлийн цензур тэдэнд бий. Хосуудын дүрд тоглох кино уран бүтээлийн санал мэр сэр ирдэг ч уран бүтээл дэх анхны хосын дүрээ их сайхан, бусдад үлгэр дуурайл болох тийм дүр байгаасай гэж хүсдэг байна. Ялангуяа түүхэн хаан, хатны дүрд тоглох бодолтой гэнэ. Харин саяхан “Царцаа намжил” хүүхдийн жүжигт буга, согоо хоёрын дүрд тогложээ. Тэд “Бид хоёрын уран бүтээл дэх хамгийн анхны хосын дүр гэх үү дээ” гэж хошигноод авав. Хүүхдийн уран бүтээлийн санг арвижуулах зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаан явуулсан бөгөөд үүнд Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тэргүүлсэн учир ийн тайзнаа амилуулаад байгаа аж. Тэд жүжигчин хүний дүрд тоглох шунал барагдахгүй байх л даа. Уран бүтээлч хүний сэтгэл нь байнга “өлөн” явж байдаг хэмээн инээлдэв. Уран бүтээлийн тухайд гэвэл Номуун өнгөрсөн жил моно жүжгийн төрөлд “Гэгээн муза” хүртсэн билээ. Түүний хэлснээр бол ганц хүний жүжгийн давуу тал нь жүжигчин өөрийгөө задалж, өөртэйгөө ажиллаж сурахад маш онцлогтой гэнэ. Тиймээс ганц хүний жүжгийн төрлөөр цаашдаа уран бүтээлд тоглох төлөвлөгөөтэй байгаа бололтой. Мөн театрын хуваарийн дагуу энэ сарын 21-23-ны хооронд Дорнод аймагт, 27-нд Эрдэнэт, Дарханд тоглогдох “Жаргаагүй нар”, “Царцаа Намжил” зэрэг уран бүтээлд тоглохоор бэлтгэл сургуулилт хийж байгаа аж.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван толгой” компаниуд ашигтай ажиллаж, иргэн бүр ногдол ашиг хүртэх боломжтой болно

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын санхүүгийн болон хөрөнгийн удирдлагын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.


-“Эрдэнэс Монгол” компанийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийг хэрхэн даван туулах ёстой гэж харж байна вэ?

-“Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад болон “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниуд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа нэгдэл компанийн хэмжээнд алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах, өөрийн хөрөнгөд суурилсан томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх ажилд анхаарлаа хандуулж байна. Компанийн дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн хүрээнд мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах, хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд захиран зарцуулах замаар өр төлбөр болон ашигт ажиллагааны харьцааны тэнцвэрт байдлыг сайжруулж тогтворжуулах, нийт нэгдэл компанийн хэмжээнд 2017 онд тооцоолсон 1.6 их наяд төгрөгийн орлого, 400 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар бизнес төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. Мэдээж ийм үр дүнд хүрэх гол зүйл нь зах зээл дэх нүүрсний үнийн тогтвортой байдал болон төрөөс баримтлах түүхий эд худалдах гэрээний тогтвортой үнэ юм. Монголын хувьд нүүрсний экспортын гол зах зээл нь Хятад. Коксжих нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээгээрээ Хятад улс дэлхийд тэргүүлдэг.

-Коксжих нүүрсний үнэ энэ жилдээ ямаршуу байх бол. Төлөв, таамаг хэлэх боломжтой юу?

-Урд хөршийн Засгийн газар гангийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг нийт 150 сая тонноор, тодруулж хэлэхэд 2017 онд 50 сая тонноор багасгах төлөвтэй байгаа нь коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж магадгүй. Гэхдээ Австралид тохиолдсон үерийн гамшгаас болж энэ оны хоёрдугаар улиралд нүүрсний зах зээлд 15-20 сая тонны хомсдол үүсэхээр байгаа нь өнөө жил нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх төлөвийг харуулж байна. Иймээс бид 2017 онд нүүрсний экспортын хэмжээ төлөвлөснөөс илүү байх бололцоотой гэж үзээд төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хилийн боомт болон Гашуунсухайтын зам, талбай, дэд бүтцийг хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлснээр манай компанийн ашигт ажиллагаа, улсад төвлөрөх татвар хураамжууд нэмэгдэх, үйлдвэрлэлийн нэгж зардал багасах, худалдан авагчдын хувьд нүүрсний ачаа тээвэрлэлт нэмэгдэж хурдан шуурхай болох боломжтой. Мөн компанийн хэмжээнд эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрт гадны хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийг бэхжүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх тал дээр голлон анхаарна. “Эрдэнэс Монгол”-ын хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийн доод цэгийг даван туулаад өсөлтийн шатанд явж байгаа гэж үзэж байна.

-Та алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах талаар дурдлаа. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг гэх шүүмжлэл байнга сонсогддог. Алдагдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын зах зээл дэх үнийн огцом бууралт, макро эдийн засгийн ханшийн савлагаа зэрэг үүссэн нөхцөл байдалтай уялдуулж нэгдэл компанийн хэмжээнд зардлаа бууруулах, төсөв хэмнэх, хөрөнгө оруулалтын зөв оновчтой бодлого хэрэгжүүлж ажиллалаа. Үүний үр дүнд “Шивээ Овоо” компани 2016 онд 2.1 тэрбум, “Багануур” компани 1.6 тэрбум, “Эрдэнэс Монгол” компани 51 сая төгрөгийн ашигтай ажилласан. Он дамжсан хуримтлагдсан зарим өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, ОУНББ-ийн стандарт журмын дагуу компанийн санхүүгийн тайланд тусгах үйл ажиллагаа зэрэг нь энэхүү ашигт ажиллагаанд нөлөөлсөн. 2017 онд охин компаниудын томоохон хуримтлагдсан өр төлбөрийг цэгцлэх бодлогыг үргэлжлүүлнэ.Төрийн өмчит компанийн хувьд бизнесийн ерөнхий зарчмаа баримталж ашигтай ажиллах, ноогдол ашгийн хуваарилалтыг бий болгохыг зорьж байна. Мөн нэгдэл компанийн 2017 оны төлөвлөгөөнд өртөг зардал бууруулах, уурхайн үйл ажиллагаатай холбоотой машин тоног төхөөрөмж, тусгай программ хангамжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг тусгаж, мөрдлөг болгон ажиллаж байгаа.

-“Чалко”-д төлөх өрийг барагдуулсан үйл явдал өнгөрсөн сард болсон. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд “Одоо компани ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломжийг бий болгохыг зорьж ажилла” гэсэн чиглэл өгсөн. Энэ чиглэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа бол?

-Зургаан жилийн турш сунжирсан “Чалко” компанийн өр төлбөрийг 100 хувь бүрэн төлж дууссан нь “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд Засгийн газартай нягт уялдаа холбоотой ажилласны үр дүн л дээ. “Эрдэнэс Монгол”-ын зүгээс “Эрдэнэс Таван Толгой”-н уурхайн хамтын ажиллагааны холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулах хэлцлүүдийг амжилттай хийснээр тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг өнгөрсөн оны аравдугаар сард 33 ам.долларт, дараа нь 50 ам.долларт хүргэсэн. 2017 оны нэгдүгээр сард 59.3 ам.долларт хүргэсэн. Түүнчлэн Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөж чадсан. Одоо Цанхийн баруун болон зүүн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Монгол Улсын орлого болж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Нэмж хэлэхэд “Чалко”-гийн өрийг барагдуулсан Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

Иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулж ашиг хүртэх хүлээлт их байгаа. “Эрдэнэс Таван Толгой” компани Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу жил болгон ашигтай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой”-н зүгээс Сангийн яамтай хамтарч, хувьцааны бүртгэлийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа, холбогдох шийдвэрийг хоёрдугаар улиралдаа багтаан гаргана гэж тооцоолсон. Үүний үр дүнд холбогдох газруудын процессын чанартай ажлууд бүрэн хийгдэж “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны бүртгэл дуусч, иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ноогдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болно.

-“Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “2018 онд гадаадын хөрөнгийн биржид IPO хийх боломж бүрдлээ” гэж мэдээлсэн. Энэ талаар тодруулга тайлбар өгөөч?

-“Эрдэнэс Таван Толгой” компани IPO хийх нь гарцаагүй зүйл. IPO хийх нь компанийн хувьд санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авч хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх давуу талтай. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьд эхний ээлжинд хувьцааны бүртгэлээ хийж дуусгах, 2018 оны дундуур зарим урт хугацаат өр төлбөрийг цэгцэлж IPO хийх үйл ажиллагаандаа орох байх. Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, хөрөнгө татах тухай тогтоолуудыг гаргаж, чиг үүргийг өгсөн. Эдгээр ажлууд ирэх онд бодит ажил болох үндэс суурь бүрэн тавигдана гэж харж байна. Мэдээж IPO хийхийн тулд санхүү болон үйл ажиллагааны тодорхой шалгууруудыг хангасан байх шаардлагатай. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьд ихэнх хөрөнгийн биржүүдийн шаарддаг санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах нь нэн тэргүүний ажил. Ийм учраас IPO хийх үйл ажиллагааг хангахын тулд тодорхой цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй.

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын өр төлбөрийн хэмжээ ямар байдалтай байгаа вэ? Өр төлбөрийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хувьд нийт өрийн хэмжээ 2016 онд 1,37 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 190 тэрбумаар буюу 14 хувиар өссөн. Үүнд “Багануур”, “Шивээ Овоо” компаниуд төсвийн хөнгөлөлттэй зээл болон арилжааны банкны богино хугацаат зээлүүдийг авч төлөвлөгөөт хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нөхсөн, валютын ханшны өсөлтөөс үүдэлтэй дотоод, гадаадын харилцагчдаас авсан өр төлбөр төгрөгийн илэрхийллээрээ нэмэгдсэн зэрэг нь шууд холбоотой.

2017 онд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа 900 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийн гэрээг шинэчлэх, бэлнээр төлж барагдуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний дотор “Багануур” болон “Шивээ Овоо” компаниудын техникийн шинэчлэлийн хүрээнд 1996-1998 онуудын хооронд Дэлхийн банк, Японы Засгийн газраас Сангийн яамаар дамжуулан авсан зээлийн үлдэгдэл, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээл, бусад богино хугацаат өр төлбөрүүдийг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, Сангийн яам болон Хөгжлийн банктай хамтран, боломжит хэлбэрээр шийдвэрлэхийг голчлон анхаарч ажиллана.

-Эрдэнэс Монгол болон охин компаниудын хэмжээнд хяналтын тогтолцоо хэрхэн хэрэгждэг вэ? Дотоод, гадаад болон хөндлөнгийн аудит яаж хийгдэж байна?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын санхүүгийн тайланд жил бүр төрийн болон хөндлөнгийн аудит хянан баталгаажуулалт хийж байна. 2014, 2015, 2016 онуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж, олон улсын аудитын компаниар баталгаажсан нэгтгэсэн санхүүгийн тайлангаа гаргаж авсан. Санхүүгийн тайлангаа олон улсын стандартад шилжүүлэх чухал алхам болсон үйл явдал гэж харж байгаа. Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт авахад нэн тэргүүнд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага нь болдог. Өөрөөр хэлбэл, охин компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг босгох бэлтгэлийг хангах ажиллагаа явагдаж байна. Мөн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд НББ-ийн нэгдсэн бодлогын баримт бичиг, нэгдсэн санхүү бүртгэлийн цахим программыг 2017 онд багтааж бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрдэнэс Монголын компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Санхүүгийн үйл ажиллагааны аудит, мониторингийн хэлтсийг шинээр байгуулсан. Энэ нэгж нь охин компаниудын үйл ажиллагааны бүхий л цар хүрээнд дотоод хяналт явуулж, гарч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, бууруулах, зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь засч сайжруулах зорилготой.

-Одоогийн байдлаар танай компанийн хөрөнгийн бүтцэд ямар компаниуд байгаа вэ? Толгой компанийн хувьд охин компаниудын менежмэнтэд хэрхэн анхаарч, ямар ажлуудыг хийж байгаа талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Манай компани “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа болон Тавантолгой -Гашуунсухайт автозамыг эзэмшдэг. Мөн “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК болон “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК зэрэг компаниудыг нэгдлийн бүрэлдэхүүндээ багтаасан. 2017 оноос төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж “Эрдэнэс Ашид”, “Эрдэнэс Стийл” хамтарсан компаниудыг байгуулаад байна. Эдгээр компани бүр ашигтай ажиллах, өмнөх жилүүдэд хуримтлагдаад буй өр төлбөрийг барагдуулах зорилготой 2017 оны төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байгаа. Үүнээс “Эрдэнэс Таван Толгой” компани энэ онд 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 280 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван толгой” компаниудын хувьд Хөгжлийн банкны зээлийн хуримтлагдсан хүүгийн өглөгийг өөрсдийн хүчээр төлж барагдуулахаар энэ ондоо хүчин чармайлт гарган ажиллах болно.

Өнөө жилийн батлагдсан төлөвлөгөөгөөр нэгдлийн томоохон компаниуд болох “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой”, “Шивээ Овоо”, “Багануур” компаниуд бүгд ашигтай ажиллана. Ашигт ажиллагааг хангаж ажиллах тал дээр толгой компанийн зүгээс дэмжлэг туслалцаа, чиглэлүүдийг өгч, охин компаниудад төрийн зүгээс зайлшгүй шаардагдах шийдвэрүүдийг гаргуулах тал дээр шуурхай ажиллах болно.

Толгой компани нь “Багануур” болон “Шивээ Овоо” компаниудын нэмэлт хувьцааг гаргах, төрийн мэдлийн хувьцааг Засгийн газрын тогтоолын дагуу тогтсон хувь хэмжээгээр арилжаалах, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулан хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлж, улмаар компаниудад шаардагдах үйлдвэрлэлийн шинэчлэл, тоног төхөөрөмж механизмийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр хяналт тавин ажиллана.

Мөн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, сайн засаглалыг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежмэнтийг чадавхижуулах зорилгоор Азийн хөгжлийн банкаас техникийн туслалцааны төслийг авч хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааны бүхий л чиглэлд нь удирдлагын менежмэнтийг сайжруулах, мөн нэгдсэн “ERP” системийг нэгдэл компанийн хэмжээнд шат дараатайгаар нэвтрүүлэх болно. Мөн бид охин компаниудын ордын үнэлгээний ажлыг энэ онд эхлүүлнэ.

-Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэ төсөл төрийн эзэмшлийн компаниудын алдагдлыг багасгаж, ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежмэнтийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Үүний хүрээнд нэгдлийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай удирдах зориулалттай нэгдсэн ERP системийг нэвтрүүлснээр нэгдсэн санхүүгийн систем болон худалдан авалтын нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлтийг бодитоор хийх, удирдлагын шийдвэр гаргалт сайжрах, ажлын бүтээмжийг үнэлэх, төслийн менежмэнтийг үр ашигтай ашиглах, төлөвлөх, охин компаниудад хэрэгжих төслүүдийг хамтран оновчтой удирдах зэрэг маш олон давуу талыг бий болгоно.

-Өнгөрсөн онд танай нэгдлийн хэмжээнд хэдий хэмжээний татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн бэ?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд 2015 онд улсын төсөвт нийт 60.7 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 53 хувийг “Эрдэнэс Таван Толгой” дангаараа эзэлсэн. 2016 онд “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компаниудын борлуулалт нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн хэмжээ нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт 96 тэрбум төгрөгийг төвлөрүүлж өмнөх оны үзүүлэлтээс 58 хувиар өссөн амжилт гаргалаа. 2017 онд 284 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхийг зорьж байна. Энэ онд “Эрдэнэс Монгол” компанийн 10 жилийн ой тохиож байгаа юм. Бидний зүгээс анх удаа ашигтай ажиллаж, дангаараа улсын төсөвт 4.06 тэрбум төгрөгийг төвлөрүүлж Шилдэг татвар төлөгчдийн 14-дүгээрт жагслаа.

2017 онд уг амжилтаа бататган улсын төсөвт хамгийн их мөнгөн хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах, Монголын иргэн бүрт төрийн эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хувь хүртээх тал дээр чармайн ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ааглаж сагсуурсан дэд сайдуудаа цомхотгохгүй байж Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан тамирчдынхаа цалинг хасна гэдэг ёс жудаггүй асуудал биш үү

2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд Баянхонгор аймгийн наймдугаар тойрогт Монгол ардын намаас М.Билэгт гэж эмэгтэй, Ардчилсан намаас олимпийн аварга Найдангийн Түвшинбаяртай өрсөлдөж ялалт байгуулсан. Н.Түвшинбаяр Монголын ард түмний хайртай хүү. 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж, хүн төрөлхтний их наадмын дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг мандуулсан түүхэн гавьяаны эзэн. 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, дэлхийн шилдэг бөх гэдгээ дахин бататгасан. Дэлхийн дэвжээнд нэрээ мөнхөлж, Монголын ард түмний бахархал болсон Н.Түвшинбаяр аварга Билэгт хэмээх дэлгүүрийн эзэн эмэгтэйд ялагдчихсан нь сонин. Ёстой нөгөө “Ардын намын бор халзан хонь байсан ч сонгуульд ялахаар байлаа” гэдэг шиг намынхаа нэрээр ялсан байх. Тун цөөхөн хүнээр илүү гарлаа гэж дуулдаж байсан. Залуучууд санал өгч, сонгуульд идэвхитэй оролцдог бол бүгд Түвшинбаяр аваргаа дэмжих нь мэдээж. Гэвч залуучуудын санал дутаж, Ардын намын өвөө, эмээ нарын санал арай түлхүү гараад ирсэн байлгүй.

Олимпийн аваргыг өвдөг шороодуулж Их хуралд сонгогдсон М.Билэгт гэж эмэгтэй олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын сар бүр авдаг мөнгөн урамшууллыг байхгүй болгох хуулийн төсөл санаачилсан. Монгол Улсын нэр төрийг дэлхийд гаргасан тамирчид руугаа шороо цацаж, таван цааснаас нь, хоолноос нь салгана гэдэг хувийн өс хонзон мэт дэндүү увайгүй харагдаад л байгаа. Н.Түвшинбаярыг сонгуульд ялж эрх мэдэлтэй болонгуутаа, намынхаа нөхөдтэй нийлж, няц дарах бодлого явуулсан нь ёс жудаггүй асуудал. “Энэ хүүхэн ийм хууль санаачлахдаа ичиж зовдоггүй юм байх даа. Тамирчдыг бүр үнэн голоосоо үзэж чадахгүй байна, Н.Түвшинбаярын дэргэд энэ хүн ямар гавьяа байгуулсан гэж ийм хууль санаачилж байгаа юм” гэх яриа нийгэмд хүчтэй яригдаж байв.

Ардын намын нөхөд Билэгт гэж хүүхнийхээ үгэнд орж улс орны үнэт капитал нэрийн хуудас болсон тамирчдаа хоолноос нь салгахын оронд ааглаж саагласан дэд сайдуудаа байхгүй болгох байсан. Намын нэр барьсан дэд сайдуудаа үхэн хатан хаацайлж, эвийлж бөөцийлчихөөд нялх балчир үрсийн хүүхдийн мөнгийг танаж, төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажилгүй болгож, долоон төрлийн татвар нэмж Ардын намынхан ард иргэдээ дэндүү басамжлан доромжилж байгаа. Жаран таван суудал өгсөнд нь өширхөж байгаа юм шиг мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш ард түмнийхээ халаас руу гараа шургуулсан. Эрх баригчид, дарга сайдууд ам нээх бүртээ ханана танана, хасна тасдана хэмээх шүдээ зуусан айхтар мэдэгдлүүд хийж эхэлсэн. Түүний нэгэн илрэл нь Билэгт гэж хүүхний санаачилсан тамирчдынхаа урамшууллыг байхгүй болгох хууль юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны наймдугаар сард олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох зарлиг гаргасан. Уг зарлигт тусгасны дагуу олимп, дэлхийн аваргын хос медальтай домогт тамирчид болох З.Ойдов 7.5 сая, Х.Баянмөнх 7.0 сая, Н.Түвшинбаяр 7.0 сая, С.Батцэцэг 6.0 сая, П.Сэрдамба 5.5 сая, Э.Бадар-Ууган 5.0 сая, Х.Цагаанбаатар 4.5 сая, Ж.Мөнхбат 3.5 сая, Ц.Дамдин 3.0 сая, Н.Төгсцогт 4.5 сая, У.Мөнх-Эрдэнэ 4.0 сая, О.Гүндэгмаа 3.0 сая, Д.Сэрээтэр 2.5 сая, С.Ням-Очир 2.5 сая, Ч.Дамдиншарав, Р.Даваадалай, Н.Энхбат, Н.Баярсайхан, Д.Нармандах нар тус бүр 2.0 сая төгрөг сар бүр авдаг. Нийт 70 гаруйхан сая төгрөг. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болговол арав гаруй тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо бий. Арван тэрбумын хажууд 70 сая гэдэг бол үнэндээ шүлс шиг мөнгө.

Монгол Улс дэлхийд ямархан хэмжээнд үнэлэгддэг билээ. Бараг л хойд Солонгос шиг хаалттай улс санагддаг байх. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргадаг, төр нь хувийн хэвшлийг дээрэмдэж авдаг энэ бүх жишээ манай улсыг өрөвдмөөр харагдуулж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр дээрэмдэж авсан нь хэрээс хэтэрсэн шийдвэр болсон. Цагаан арьстнуудын фермерийг хүртэл хурааж тэнэглээд Хятадын өрөнд арслан, заан, анаашаа өгч дэлхийд онигоо дэлгэж байгаа хамгийн хөгжил буурай Зимбабве улстай ижил санагддаг байх.

Ийм ичгэвтэр улс орныг энэ хэдэн тамирчид дэлхийд нэрийг нь гаргасан. Хүн төрөлхтний их наадам олимпийн дэвжээнд Монголын бөх аваргалахад “Монгол гэж улс байдаг юм байна. Олимпийн аварга бөхтэй юм байна” гэж дэлхийн тэрбум тэрбум хүн мэдэрсэн. Бид ч гадны жижиг улс орнуудыг тамирчдаар нь мэддэг. Билэгт гэж эмэгтэйн тамирчдынхаа халаасыг хоослохоор улайран дайрч байгааг намын нөхөд нь шууд зогсоох хэрэгтэй байна. Наад зах нь монгол хүний ёс жудаг гэдгийг мэддэггүй юм байна. Сонгуульд өрсөлдөж ялсан болчихоод эрх дархаараа далайлгаж, дахин няц дарахаар дайрна гэдэг эрээ цээргүй хэрэг биш үү. Ядарсан хэдэн тамирчныхаа таван цаас руу шунаглан дайрахын оронд төрийн мөнгөөр тансаглаж байгаа наад хэдэн дэд сайдаа байхгүй болгох хэрэгтэй.

Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн гэсэн 13 нөхрийг сайдын зөөлөн сэнтийгээс нь болиул. Төрийн данхгар бүтцээсээ тэгж салах хэрэгтэй. Хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй гэж хэн хүнгүй ярьж байгаа. Ард түмнийхээ бүсийг чангалж байгаа нь тэр гэж амийг нь чангаахын оронд ааглаж саагласан дэд сайдуудаа эхлээд байхгүй болгох нь хамгийн зөв шийдвэр болно.

Б.БАТБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “АН-аас ядахдаа цагаан халат нөмрөөгүй хэд нь нэр дэвшээч” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Уламжлал ёсоор даваа гаригийн дугаарын эхний нүүрэндээ “Танайд өнжье” буланг онцолдог билээ. Энэ удаад МУГЖ, балетчин Ю.Цэрмаагийнд өнжсөн юм.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Б.Дүрэвдоржтой хийсэн ярилцлага болон УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд “АН-аас ядахдаа цагаан халат нөмрөөгүй хэд нь нэр дэвшээч” нийтлэл хэвлэглээ.

Украинд хууль бусаар их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж явсан Монголын дипломатчийг саатуулган гэх мэдээлэл гараад байга. Энэ талаар дэлгэрэнгүйг Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс унших боломжтой.

“Эмээлт” зах дээр ноолуурын үнэ 65 мянгаас хэтрэхгүй болж, үүнийгээ дагаад гүйлгээ ч эрс багассан байна. Ямар учраас 100 мянгад хүрч байсан ноолуурын үнэ ийнхүү навс унах болов. Энэ талаар 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японд дадлагажигч ажилтан илгээхэд зориулан 560 сая төгрөг төсөвлөжээ

Японд дадлагажигч ажилтан зурган илэрцүүд

Японд дадлагажигч ажилтан илгээхэд зориулан 2017 оны улсын төсөвт 560 сая төгрөг суулгажээ. Энэхүү хөрөнгөөр Япон улсад төлөөлөгчийн газар байгуулах, тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах юм байна.

Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох, тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээх аж. Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээхээр болсон билээ.

Япон улс руу гэрээгээр дадлагажигч бэлтгэх нь БНСУ руу ажилтан илгээх нөхцөлөөс өөр бөгөөд дадлагажигчид Япон улсад тодорхой хугацаанд суралцаж бас ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг хэсгийн төлөөлөгч”-ийг шалгаруулна

Холбоотой ЗурагОрон нутгийн хэсгийн төлөөлөгчдийг чадваржуулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс “Шилдэг хэсгийн төлөөлөгч”-ийг шалгаруулах анхдугаар уралдаан зохион байгуулахаар болжээ.

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан нь орон нутгийн сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн, шийдвэрлэх арга тактикийг сайжруулах, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Уралдаан зохион байгуулах дүгнэх ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, дэд ахлагчаар ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, нарийн бичгийн дарга болон гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна. Тус уралдааныг жил бүр уламжлал болгон зохиох юм.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д барилгын ажил хийж байсан хоёр Монгол иргэн нурангид дарагджээ

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт барилгын нураалтын ажил хийж байсан хоёр Монгол иргэн нурангид дарагджээ.

Осол өнөө өглөө орон нутгийн цагаар 09:58 цагийн үед гарсан бөгөөд аврах багийнхан ирж яаралтай ажилласны эцэст нэг монгол иргэнийг гарган авчээ.

БНСУ-д барилгын ажил хийж байсан хоёр Монгол иргэн нурангид дарагджээ

Харин газар доор B3 давхарт ажиллаж байсан 37 настай А-г гурван цаг гаруйн дараа олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Тэрээр нурангад дарагдсанаас болж хөл, толгойндоо хүнд бэртэл авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Туул, Сэлбэ голын эрэг дагуух хогийг цэвэрлэж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав захиргаа хамтран Туул, Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээ хийж байна. Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд эхлүүлсэн дээрх арга хэмжээнд Батлан хамгаалахын их сургууль, Иргэний нисэхийн авто бааз, Нийслэлийн боловсролын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Сэрүүлэг” их сургууль зэрэг нийт 10 байгууллагын 2000 гаруй хүн оролцож байгаа аж.

Тэд “River beach” амралтаас зүүн тийш Баянзүрхийн гүүр, Хар усан тохойгоос Гачуурт тосгон, Сэлбэ гол, Дунд голын нийт 875 га талбайг дөрвөн хэсэгт хуваагдан цэвэрлэж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

15.1 мянган га-д төмс тариалжээ

Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалжээ. Үүнээс 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийсэн байна. 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байгаа аж.