Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн залуучууд хөгжлийн хөтөлбөртэй болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
хөтөлбөрийн 4.6.1 дэх хэсэгт “Нийслэлийн залуучуудын талаар баримтлах
бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу
нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн хөтөлбөр
боловсруулахаар ажиллаж байна. Тус хөтөлбөрийн төсөлд олон талын саналыг
тусгах зорилгоор нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд,
дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллага,
оюутан сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг 40 гаруй
байгууллагын оролцоотойгоор хөтөлбөрийн төслийн эхний хэлэлцүүлгийг
зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хөтөлбөрт тусгах
санал бодлоо илэрхийлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй
орчин бий болгож, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, нийт
залуучуудад урлагаар дамжуулан эерэг хандлага төлөвшүүлэх, эрүүл мэндийн
боловсрол олгох, зэрэг чухал асуудлыг хөндсөн юм.Мөн тухайн хөтөлбөрт
хамаарах насны бүлгийг 15-35 насны залуучууд гэж авч үзэх нь зүйтэй
хэмээн оролцогчид санал нэгдэв.

Уг хөтөлбөр нь залуучуудын хөгжлийн
тулгуур индекс болох залуучуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд
ба амгалан тайван байдал, эерэг хандлага, улстөрийн болон нийгмийн
оролцоо гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Нийслэлд анх удаа “Нийслэлийн
залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлснээр
залуучуудын эрүүл амьдрах, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх таатай
орчинг бүрдүүлэхэд дэмжлэг болно.Мөн хотын хөгжил, соёл, тохижилт
төдийгүй бүх шатанд залуучуудын оролцоо дээшилж, залуучуудын хөгжлийн
төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус
байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо
сайжирч ажлын үр дүн нэмэгдэнэ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна

Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг
бууруулах зорилгоор “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
гэж байгаа билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг нийслэлийн
Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/86 тоот захирамжаар
байгуулсан. Тус ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт 2 дахь удаагаа
хуралдаж, ирсэн саналуудыг нэгтгээд хөтөлбөрт тусган шинэчлэн
боловсруулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэлээ

Зэвсэгт хүчний 96 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэлээ.

Тэрбээр өмнө нь 2015 онд Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж байсан юм. Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын харцага Н.Жаргалбаяр нар шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 3, 8-р төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлнө

Хуульд зааснаар 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр сард, 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сард багтаан албан татвараа төлөх ёстой. 1, 2 дугаар сард татвараа төлвөл зохих нийт 170 мянга 260 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаагаас 77 мянга 533 буюу 41,6 хувь нь татвараа төлжээ. Харин гуравдугаар сард 3,8-р төгссөн автомашины дугаартай жолооч нар татвараа төлөх ёстой.

Замын цагдаагийн албанаас хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болсон талаар энэ үеэр мэдээлсэн юм. Энэ талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд “Гуравдугаар сараас татвараа төлөлгүй гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийж эхэллээ. Замын цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг зогсоож шалгаад татвараа төлсөн бол хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгууль ноогдуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авна. Гэрчилгээг харьяа дүүргийн татварын хэлтэст хүлээлгэн өгч, татвараа төлсөн тохиолдолд буцаан олгоно” гэв.

Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болно

НҮБ-аас “Дэлхийн усны өдөр”-ийг “Хаядал ус-Нөөц баялаг” уриан дор тэмдэглэхээр зарласан.

Энэ өдрийг тохиолдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын оюутны холбооноос “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Хурал энэ сарын 22-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.

Улсын болон хувийн их дээд, сургуулийн оюутнууд оролцох боломжтой уг хуралд,

-Гадаргын усны горим, нөөцийн судалгаа
-Усны барилга байгууламжийн тооцоо, судалгааны дэвшилтэт технологи
-Уур амьсгалын өөрчлөлт ба усзүй
-Гадаргын ба газрын доорхи усны хамаарал, хөдлөлзүй
-Бэлчээр усжуулалт
-Усалгаатай газар тариалан
-Гадаргын болон газрын доорх усны загварчлал
-Хот суурин газрын усан хангамжийн систем, оновчлол
-Хүн амын унд ахуйн усны хүртээмж, чанарын асуудал
-Ус ба эрүүл мэнд
-Ус ба аялал жуулчлал
-Бороо, цас, үерийн усны ашиглалт зэрэг 25 сэдвээс сонгох боломжтой аж.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар нэрээ дэвшүүлээд байна

Нийслэлийн Ардчилсан намын даргад
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан
Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөөр болжээ. Нийслэлийн Ардчилсан намын даргад өөр хүн
нэрээ дэвшүүлээгүй байна.

Одоогийн Нийслэлийн Ардчилсан намын даргаар
Э.Бат-Үүл ажиллаж байгаа билээ. Э.Бат-Үүл ажлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин түүнийг орлох хүн Д.Баттулга уу, Ш.Түвдэндорж
уу гэдгийг ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болох сонгуулиар шийдэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Хятад улс Байгаль нуураас ус татах хоолойгоо Монголын нутгаар дамжуулна

Хятад улс Байгаль нуураас ус дамжуулах хоолой барих замаар ундны усны хомсдолоо шийдэхээр болжээ. Байгаль нуур, Гансу мужийн төв Ланжоу хотыг холбох цэвэр ус дамжуулах хоолой барих төслийн талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байна. Гансу мужийн нийслэл Ланжоу хотоос Байгаль нуурын баруун урд хэсгийг холбосон уг хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжихаар эл төсөлд тусгагдсан бөгөөд нийт урт нь 1000 км урттай байх юм байна.

Гансу мужийн хувьд олон жилийн турш ган гачигт нэрвэгдээд байгаа бөгөөд өнгөрсөн жил л гэхэд ердөө 380 мм хур тунадас орсон гэнэ. Тус мужийн удирдлагууд, инженерүүдтэйгээ хамтдаа зохиосон уг төслийг зарим байгаль хамгаалагчид “Хятадын цангааг тайлах аргаа барсан алхам” хэмээн үзэж байгаа ч үүний цаана маш их эдийн засгийн ашиг сонирхол буйг харах ёстой гэж байгаа юм. Хятад улсын хувьд хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэргээс үүдэж ундны усны хомсдолд ороод байгаа. Ялангуяа Бээжин хотын хувьд ундны усны хомсдол 2020 он гэхэд аюултай түвшинд хүрэхийг дотоодын судлаачид нь эртнээс сануулсаар ирсэн. Гансу мужийн хувьд хэт хуурайшилттай, ганд нэрвэгдсэнээс ундны усны асуудал хүндрээд байгаа учир хамгийн хурдан хугацаанд усны хомсдлоос гарах арга зам нь Байгаль нуураас ус татах болоод байгааг Ланжоугийн удирдлагууд өгүүлжээ.
Уг төслийг санаачлагчдын нэг, Хятадын Эдийн засгийн шинэчлэлийн нийгэмлэгийн дэд тэргүүн Ли Луоли “Италийн Комо нуурын усыг Лондон хот руу татдагтай адил зарчимтай. Тиймээс үүнийг цочирдон хүлээн авах зүйл байхгүй. Техникийн асуудал нь бүрэн шийдэгдсэн. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс л барилгын ажил эхэлнэ. Тиймээс хоёр тал дипломат ширээний ард суух л үлдээд байна” хэмээсэн талаар “Глобал Таймс” сонинд бичсэн байна.
2016 онд Оросын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев “Хятадын Шинжаан муж руу Казахстанаар дайрсан ус дамжуулах хоолой барихад манай улсын эрх ашгийг тусгасан тохиолдолд татгалзах зүйлгүй” гэснийг төсөл санаачлагчид эш татжээ. ОХУ-ын эдийн засгийн шинжээчид ч Хятад руу ус экспортлох нь улсад нь ашигтай хэмээн толгой дохин зөвшөөрөөд байгаа юм.
Байгаль нуур бол дэлхийн цэвэр усны хамгийн том нөөц. Харин ОХУ Байгаль нуураасаа ус өгөх үү, өөр нөөцөөсөө “илүүчлэх” үү гэдэг дээр эргэлзээ үүсвэл энэ төсөл замхарна гэж Хятадын тал болгоомжилж байгаагаа ч нуухгүй байна.
Манай улс нутаг дэвсгэр дээгүүрээ ийнхүү хоёр том гүрнийг усаар холбосон хоолойг дамжуулах нь олон талын ашигтай. Гэхдээ Байгаль нуур манай томоохон гол мөрнүүдээс эх авдаг учир алсуураа манай улсын усны нөөц байдалд нөлөөлөхийг үгүйсгэхгүй болохоор үүнд хашир хандахыг учир мэдэх хүмүүс болгоомжлуулж байгаа юм. Хэрвээ бид энэ төслийг байгаль экологид сөрөг нөлөөтэй хэмээн эсэргүүцвэл хятадууд манай хилийг тойруулаад хоолойгоо тавьчихаж мэдэх улс. Тиймээс үүнд яаран хориг тавьж түлхэх хэрэггүй. Монголчуудыг Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төслөө хэрэгжүүлэх гэхээр “Байгаль нуурын экологид сөргөөр нөлөөлнө” хэмээн хойд хөрш маань цааргалсаар ирсэн. Харин одоо тэд өөрсдөө Байгаль нуураас Гансу муж руу цэвэр ус дамжуулах хоолой тавихыг зөвшөөрвөл бидэнд Эгийн голын станцын ажлаа урагшлуулах боломж бүрдэнэ гэж харж болно. Нөгөөтэйгүүр Монгол Улс томоохон гол, нуураасаа иймэрхүү замаар ус экспортолж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж ч шинээр гарч ирж байна гэж бодох хэрэгтэй. Бидний хувьд ус дамжуулсны төлбөр авахын зэрэгцээ, говийн нутгаа ч усжуулаад авах боломж гарч болох юм. Бас хоолойг арчилж, харж хамгаалах ажилд монголчуудаа дайчилж ОХУ, БНХАУ-аас цалинжуулаад явах зохицуулалт ч байж болно гэдэг олон санал гарч байна.
Харин Хятад улсын хувьд нэгдүгээрт ОХУ Байгаль нуураасаа ус экспортлох зөвшөөрөл олгох эсэх нь л хамгийн чухал болоод байгаагаас биш уг хоолойг хаагуур яаж дамжуулах нь дараагийн асуудал гэсэн байр суурьтай байна. Гансу мужийнхны гаргасан уг төсөл хэрвээ хүчээ авч Хятадын төрийн эрх мэдэлтнүүд анхааралдаа даруй авбал ус дамжуулах хоолойн барилгын ажил ирэх зунаас эхэлчихнэ гэж төлөвлөжээ.
Д.САРУУЛ
Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд М.Ахмет Язал: Туркээс жилд 45 мянган жуулчин Монголд ирүүлнэ

Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар М.Ахмет Язал томилогдсон билээ. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар илэн далангүй ярилцлаа. Эрхэм Элчин сайд М.Ахмет Язал сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.


-Эхлээд та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу. БНТУ-ын Элчин сайдаар томилогдсоноор ажлаа юунаас эхлэхээр төлөвлөөд байна вэ?
-Миний бие Ойрхи дорнодын техникийн их сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургууль, Төрийн захиргааны тэнхимийг 1992 онд дүүргэсэн. БНТУ-ын ГХЯ-ны Боловсон хүчний газарт улс төрийн ажилтнаар орж, ажлын гараагаа эхэлж байлаа. Ингээд БНТУ-ын ГХЯ-ны Умард болон Төв Европ, Балтийн орнуудын газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Сараево дахь Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Брегенц дэх Ерөнхий консулын газарт дэд консул, Скопье дэх Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, Ром дахь Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, БНТУ-ын ГХЯ-ны Балкан болон Төв Европын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, НАТО дахь БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байв. Монголд Элчин сайдаар томилогдохоос өмнө Ирак Туркийн харилцааны асуудлаар ажиллаж байсан. Гэр бүлийн байдлын хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
-Турк Монголын худалдаа эдийн засгийн харилцаа тийм ч идэвхтэй биш. Монголын бизнесийн салбарт Туркийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Хоёр улсын улс төрийн харилцаа бол маш сайн түвшинд хүрсэн. Ялангуяа улс төрийн харилцааг 2016 оны долдугаар сарын 15-нд болсон Турк улсад төрийн эргэлт хийхийн дараахан үе шатанд ч бид илүү сайн анзаарсан. Туркийн хууль ёсны Засгийн газрын ардчиллын төлөөх тэмцэлд Монголын ард түмэн дэмжлэг, сэтгэлийн туслалцаа үзүүлж ирсэн. Харин эдийн засаг худалдааны салбарт төгс харилцаа бий болох суурь тавигдаагүй байгаа. Энэ бол хоёр талаас ямар нэгэн хүсэл сонирхолгүй байгаа гэсэн зүйл биш юм. Хоёр улсын худалдаа эдийн засгийн салбарыг ямар нэгэн байдлаар хөдөлгөх хэрэгтэй. Ямартай ч галт тэрэг хөдлөөд явбал хурдыг нь нэмэх асуудал хялбар байх болно. Ялангуяа Туркийн гадаад худалдаа болон аялал жуулчлал давамгайлсан салбар байдаг л даа.
Дэлхийн бусад улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хоёр алхам байдаг. Нэгдүгээрт, тухайн улстай дипломат харилцаа тогтоосны дагуу ЭСЯ-аа нээж ажиллуулах. Хоёрдугаарт, Туркийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг үйлдэх чиглэл нь суурь нөхцөл болдог. Энэ нь Туркийн хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийнхэнд итгэлийг төрүүлдэг юм. Аялал жуулчлалын хувьд Туркээс Монгол руу чиглэсэн урсгалын суурь потенциал өндөр байдаг. Монголын ариун тагшин газрыг үзэх сонирхолтой туркчууд олон бий. Тэгэхээр жуулчдын тоо өндөр болсноорТукийн аялал жуулчлалын компаниудыг Монголд татаж авчирна. Бидний хүсч хүлээж байгаа хэлэлцээрээр жилд Туркээс 45 мянган жуулчин ирж, буцдаг байна. Мэдээж, цаашлаад ирэх жуулчдын тоо улам өсөх боломжтой. Энэ бол хоёр улс хамтраад гаргах шийдвэр юм. Ойрын хугацаанд бид Туркийн хөрөнгө оруулагчдын төлөөлөгчдийг Монголд урьж авчиран салбарынхантай нь уулзуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Туркийн хөрөнгөөр нийслэлд арван эмнэлэг барина гэж байгаа. Эмнэлгүүдийн хүчин чадал ямар байх вэ. Байршлуудыг тогтоосон уу?
-Энэ бол Станбул хотын захиргаа Нийслэлийн захирагчийн ажлын албатай ярилцаад явж байгаа асуудал юм. Арван эрүүл мэндийн төвийг хаана, хаана барьж байгуулах асуудалд Монголын тал газраа санал болгосон. Өнгөрсөн хугацаанд Станбулаас Монгол Улсад ирж ажилласан хүмүүс маань тухайн газарт эрүүл мэндийн төвүүдийг барьж байгуулах боломжуудыг судлаад явсан. Эмнэлэг хаана илүү шаардлагатай, үр дүнтэй байхыг Монголын тал шийдэх ёстой.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг хаах тухай асуудалд хөндөгдсөн. Эдгээр сургуулиудын сургалтад эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдаг. Сургуулиудын үүсгэн байгуулагдсаныг судлаад үзэхээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд юм билээ. Сургуулиудыг шууд хаана гэхээр Монголын дотоод асуудалд халдаж байгаа хэрэг биш үү?
-Мэдээж хэрэг эдгээр сургуулиудыг хаах шаардлагатай гэдэг байдлаар хандах юм бол олон улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, гуравдагч орны дотоод асуудалд шууд халдсан явдал болно. Тэгэхээр бидний хандлага бол огт тийм биш. “Fethullah G-lenii” байгууллагын Турк улсад болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс террорист байгууллагын жагсаалтад багтсан байгууллага юм. Бидний илэрхийлж байгаа зүйл гэвэл “Fethullah G-lenii” террорист байгууллагатай холбоотой этгээдүүд Монголд байгаа сургуулиудын удирдлагыг гартаа атгаж байна. Боловсролын салбараас босгосон мөнгийг өөр зорилгоор ашиглаад байна гэдэг сэтгэл зовнилыг илэрхийлж байгаа. Энэ байгууллагатай холбоотой эргэлдэж буй өмч хөрөнгө нь Монголын гуравдагч хөрш болох Туркийн аюулгүй байдалд заналхийлж байгаа явдал. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжилвэл ирээдүйд Турк улсад заналхийлсэн аюулыг Монгол Улсад бий болгож болзошгүй юм. Сургуулиудыг хаана гэхээс илүү сургуулиудад төлж байгаа төлбөр нь тэдний санхүүжүүлэх эх үүсвэр болоод байна уу гэдэгт санаа зовж, толгойгоо ажиллуулах шаардлагатай байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар төсөл хэрэгжүүлнэ гэж байсан байх аа?
-Хоёр улс хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх төсөл яригдаж байсан. Энэ нь хэрэгжих хараахан болоогүй. Хэрэв Монголын талаас дахиад энэ чиглэлээр хамтарч ажиллах санаачилга гарсан тохиодолд бид хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр Турк бол арвин туршлашгатай орон.
-Хоёр улс харилцан 30 хоног визгүй зорчиж байгаа. Цаашид визний журамд өөрчлөлт орох уу?
-Турк, Монголын иргэд харилцан 30 хоног визгүй зорчиж байгаа явдал нь хоёр орны иргэдийн эрх ашигт нийцсэн. Ойрын хугацаанд визний журамд өөрчлөгдөх зүйл яригдахгүй.
-Гадаадын иргэдийн хувьд Турк улсад ажиллаж, амьдрах ямар боломжууд байдаг вэ?
-Туркт амьдрах маш олон боломж байдаг. Энэ бол хувь хүний карьер, чадварын асуудал. Ямартай ч Туркийн аж ахуйн нэгжүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд ажлын визийг чөлөөтэй олгодог байгаа. Тэнд урт хугацаатай хамтарч ажиллах хөдөлмөрийн гэрээтэй хүмүүс бий. Консулын хэлтсээс гаргасан мэдээгээр Турк руу зорчиж байгаа монгол иргэдийн 30 хувь нь ажиллах зөвшөөрөлтэй, хөдөлмөрийн гэрээтэйгээр хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад журмын дагуу виз горилж байгаа иргэдэд олгохгүй гэсэн шийдвэр одоо хүртэл гараагүй. Нийт Турк руу явж байгаа хүмүүсийн 50-60 хувь нь оюутны виз бүрдүүлж байгаа.Монголчуудын Турк хэл сурч буй чадварыг би Монголд ирээд гайхсан. Хэлтэй хүмүүст ажил амархан олдоно. Туркт очиж байгаа хүмүүст сануулж хэлэхэд мах нь эндэхээс үнэтэй ч монгол махны амтыг гүйцэхгүй. Гэхдээ Туркийн бусад хоолнууд гарцаагүй таалагдана.
-Туркт очсон охид, эмэгтэйчүүдийн хувьд ямар байх ёстой вэ. Шашин, соёлыг нь тэр болгон сайн мэдэхгүйн улмаас ил задгай хувцас өмсч, ямар нэгэн халдлагад өртөх эрсдэлтэй гэх зэрэг мэдээллүүд байдаг. Та үүнд ямар хариулт өгөх бол?
-Би бол эмэгтэйчүүдэд зөвлөх нэг зүйл байна. Эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодолдоо үнэнч байх хэрэгтэй. Соёлын ялгаа мэдээж гарна. Монгол залуу бүсгүйчүүдийн хувцаслаж байгааг харахад Туркт очоод буруу зөрүү ойлголт огт төрүүлэхгүй. Монгол охид бүсгүйчүүд Турк улсад сурахаар явж байгаа тохиолдолд өөрийн амьдарч суурьшиж байгаа хотыг илүү сайн таньж мэдэх хүртлээ найзуудтайгаа аль болох хамт олноороо байх хэрэгтэй гэдгийг зөвлье.
Categories
мэдээ цаг-үе

“Атарчдын алдар”-аар далуулаа шагнуулсан агрономичид

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Агрономичийн анхны төгсөлт уригдан оролцож байна. Өмнө МУИС-д агрономич бэлддэг байсан бол анх удаа Хөдөө аж ахуйн дээд сургуульд агрономич бэлдэж эхэлжээ. Анхны элсэлт 1960 онд явагдаж 18 аймгийн 72 хүүхэд элсэн орсон аж. Харин гуравдугаар курстээ жимс, жимсгэнэ болоод үр тарианы агрономийн ангид хуваагдан суралцсан байна. Гэсэн ч далуулаа ажил, амьдралын урт замд нэг сэтгэл зүрхээр ижилдэцгээж байсан даа хэмээн дурсацгааж байв. Тэд хэдийн 70 нас хэлбийж ач, зээгээ үзсэн буурлууд болжээ. Гэсэн ч оюутан ахуй цагаа болоод үеийн нөхдөө дурсан ярихдаа яг л тэр үедээ очсон мэт нүдэнд нь баяр хөөр гийж байсан юм.
Тэд 1965 онд шинэхэн боловсон хүчин болон төгсч эх орныхоо өнцөг булан бүрт томилогдон газар тариалангийн салбаруудад ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа Монгол Ардын хувьсгалт намын “Атар эзэмшигч” гэх аяны хүрээнд хэрэгжсэн “Эх орныхоо гурилын хэрэгцээг дотооддоо хангах” гэсэн том зорилтыг биелүүлэх ажилд гар бие оролцжээ. Тэд “1979 онд атар газар эзэмшсэний 20 жилийн ой болоход хөдөө орон нутгийн сангийн аж ахуйн үтрэмүүд, мөн Дархан, Улаанбаатарын цэнгэлдэхүүд үр тариагаар дүүрч байсан даа” хэмээн ихэд бардам ярьж байсан юм.
Агрономичид зөвхөн үр тариагаар зогсохгүй хүнсний ногоо, жимс жимсгэний салбарыг өргөжүүлэх ажлыг эхлүүлж байжээ. Жимс ногоог ургуулах, хураах, хадгалах гээд бүхий л үйл ажиллагааг хийж байсан гэнэ.

“Алтан гадас” одонт, агрономич Б.Ванчигсүрэн “Увс аймаг чацарганаараа алдартайг одоо хэн бүхэн мэднэ. Үүнийг тариалах, боловсруулах их үйлс манай ангийнхнаас гаралтай юм. Манай ангиас Увс аймагт томилогдсон дэд эрдэмтэн Бат-Очир, Басамжаа, Зузаан нар тэрхүү үйлдвэрийг голлон бий болгосон. Одоо Увс аймгийн чацаргана Монголын тэргүүлэх зэргийн хүнсний бүтээгдэхүүн болчихсон байна. Ингэхээр ангийн нөхдийн минь хөдөлмөр улам өргөжин өнөөдрийн энэ хөгжилд хүргэжээ гэж бид маш их бахархдаг. Зөвхөн Увс аймаг ч гэлтгүй Говь-Алтай аймгийн Бигэр сум, Баянхонгор аймгийн Эхийн гол, Сэлэнгэ аймгийн Шаамар зэрэг сумдад хүнсний ногоо, таримал жимс бий болгох ажилд бидний анд, нөхөд маань өөрийн хүч, хөдөлмөр мэдлэгийг зориулан ажилласан. Хишигээ, Нямаа хоёр маань Өмнөговь аймагт “Жимсний төгөл” байгуулж явлаа шүү дээ. Энэ мэтчилэн манай агрономичид жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлж, хөл дээр нь босгосон. Мөн Улаанбаатар, Дархан зэрэг төв газруудад хүнсний ногоог хадгалах зоориудыг бий болгох ажлыг хийж байлаа. Лхам, Уртнасан, Дорж тэргүүтэй хүмүүс энэ ажлуудыг хийж жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоо хэрэглэх арга технологийг нэвтрүүлж байсан юм шүү дээ” гэлээ.

Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономын факультет жимсчин агрономийн
анхны төгсөлтийнхөн 25 жилийн дараа

Хөдөө аж ахуйн дээд сургуулийн анхны агрономичид 24 охин, 48 хүүтэй байжээ. Дарга, цэргийн хүүхэд гэхээсээ илүү энгийн малчин ардын хүүдүүд ихэнх хувийг нь эзэлж байсан аж. Тиймдээ ч сургуулийнхаа дотуур байранд ихэнх оюутнууд амьдардаг байсан гэнэ. Тэд дулааны үед Туул гол дээр очиж усанд орцгооно. Пүрэвжав, Дондог нар гараараа загас барихдаа их сурамгай гэж жигтэйхэн байж. Барьсан загасаа голын эрэг дээр таатайхан шарж идэцгээдэг байж билээ хэмээн дурсаж байлаа. Түүнчлэн тэдний хамгийн гэгээн, тунгалаг дурсамжтай мөчүүд сангийн аж ахуйд өнгөрсөн аж. Хоёрдугаар курсээсээ эхлээд л сангийн аж ахуй руу хаврын тариалалт, намрын хураалт гээд жил алгасахгүй явдаг байсан тэд ажлын амтыг ёстой л мэдрэх шиг болдог байсан гэх. Басхүү зуны амралтаараа 45 хоногийн хугацаатай говь усжуулалтад Дорноговь аймгийн Хөвсгөл сум руу явсан нь марташгүй дурсамжийнх нь нэг гэсэн. Булаг, шанд сэргээж явах үед сумын наадам таарах юм бол эрчүүд нь бөхийн барилдаанд хүч үзчихдэг байж. Аз нь таарах юм бол хоёр давчихна. Харин гурав давж үзээгүй шүү хэмээн тэд хөгжилдөж байлаа.
Тухайн үед “Ганган байгаль”, “Би чамд хайртай” дуунууд ид эгшиглэж байжээ. Хөдөө аж ахуйн дээд сургуулийнхаа спорт зааланд Октябрийн баяр болон Майн баяраар үдэшлэг, цэнгүүн хийж бүжиглэцгээдэг байсан нь тэдний хамгийн гэгээн дурсамжуудын нэг. Харин сэтгэл нь хөөрсөн залуус сургуулийнхаа үдэшлэгээс гараад Залуучуудын соёлын ордон, Барилгачдын соёлын ордонд очиж бүжиглэцгээдэг байсан гэнэ. Эргээд буцах гэхээр автобус унаа тун ховор. Тиймээс Барилгачдын соёлын ордноос Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дотуур байр хүртэл алхана. Байрандаа ирэхэд хүрэмнийх нь ар хэсэг цана цохичихсон байдаг байжээ.
Төгсөлтийнхөн 50 жилийн дараа
Түүнчлэн тус анги сургуульдаа урлаг, спортоороо шилдэгт нь ордог байсан гэнэ. Тухайлбал, ангийн хөвгүүд баг бүрдүүлж сургуулийнхаа волейболын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна. Улмаар өөр факультетийн оюутнуудтай нийлж Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд түрүүлж байсан сайхан түүх бий. Мөн сургуульд нь боксын дугуйлан хичээллэж ангийн хөвгүүд ихэд сонирхон оржээ. Түүний нэг нь Б.Ванчигсүрэн байж. Түүнийг дугуйланд ороод удаа ч үгүй байтал сургуулийн аварга шалгаруулах боксын тэмцээн болж, тэрээр олигтой ч бэлтгэл хийж чадалгүй орохоор болсон байна.Тэрээр “Рингэн дээр гарч байснаа л санаж байна. Харин рингнээс буухдаа хаагуур буухаа ч мэдэхээ байтлаа зодуулж билээ. Үгүй ээ мөн хөгтэй юм болж билээ” хэмээн инээд хөөр болон дурсаж байв.
Агрономчийн ангийн оюутнууд урлагаараа ч тэр шилдэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл энэ ангиас Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн төржээ. Энэ эрхэм цолыг хүртсэн агрономич И.Төмөрбат оюутан байхын л дуу, хөгжимд дуртай, авьяаслаг залуу байсан аж. Тиймдээ ч дээд сургуулиа төгсөөд сургуулийнхаа эвлэлийн хорооны даргаар үлдэж улмаар Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын даргаар томилогдон хурандаа цол авч олон ч жил ажилласан байна. Мөн Пүрэвжав, Дондог нар ч сайхан дуулдаг байжээ.
Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономичийн ангийн багшийн үүргийг Д.Дамба гүйцэтгэж байсан бол факультетын деканы үүргийг Ичинхорлоо гэх сайхан эмэгтэй гүйцэтгэж байжээ. Мэргэжлээрээ олон ч залуус амжилт гарган, сайн агрономичид болж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадсан нь энэ эрхэм багш нартай салшгүй холбоотой.
Б.Уртнасан “Би Архангай аймгийн хүн л дээ. Архангайд нэг арван жил төгссөн Б.Лхагвасүрэн бид хоёр агрономичийн ангид хамтдаа элсэн орж байсан юм. Б.Лхагвасүрэн маань Хилийн цэргийн удирдах газар Ерөнхий агрономич болсон. Монгол Улсын хэмжээний бүх л хилийн анги салбар, хилчин дайчдыг ногоогоор хангах чухал үүрэгтэй, сайн ч ажилласан. Харин миний хувьд “Хүнсний ногооны хадгаламжийн II аж ахуй”-д насаараа ажилласан. Бид Улаанбаатар хотыг төмс, хүнсний ногоогоор бүрэн хангаж байсан шүү. Харин манай ангийн нөхөд болох Дорж, Лхам нар хадгаламжийн аж ахуйн даргаар ажиллаж байлаа” гэв.
Мөн тэрээр “Манай ангийнхан бүгд л ажил хөдөлмөр эрхэлж байсан даа. Ер нь зүгээр суусан хүн нэгээхэн ч байгаагүй юмдаг. Тиймдээ ч манайхан Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар олгодог, одонтой дүйцэхүйц “Атарчдын алдар” гэх медалийг бүгдээрээ авсан. Ер нь л сэргэлэн цовоо, мэрийлттэй, овжин хүүхдүүд байлаа” гэж байв. Тэд эх орныхоо гурилын хэрэгцээг дотооддоо хангах, жимс жимсгэнэ тариалах, хүнсний ногоо хадгалах зоорь байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлж, хэрэгжүүлсэндээ туйлаас их омогшиж явдаг хэмээн ам бардам хэлж байлаа. Тэд “Агрономийн салбар үүсч хөгжин газар тариалангийн бүхий л асуудлыг шийдэх их ажилд бидний залуу, халуун нас, хөдөлмөр минь зориулагдсан юм. Мэргэжлээрээ ажиллахаас гадна эрдмийн зэрэг хамгаалж мөн одон медаль хүртэцгээсэн. Артбазар, Бат-Очир, Жамъяндорж, Ичинхорлоо нар минь эрдэмтэн профессор боллоо.
Мөн Хундмаа, Халтар, Хаадгар нар гавьяат агрономич болсон. Хаадгар маань Хөдөө аж ахуйн яамны газар тариалан эрхэлсэн орлогч сайдын албан тушаал эрхэлж байлаа. Манай Намсрайжав, Магвандорж, Жавзандорж, Бизьяа, Гончигсум нар сангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан. Энэ мэтчилэн одон медалиар энгэрээ мялааж, төрийн хайр хишгийг хүртсэн анд нөхөд минь олон доо” хэмээн хуучилсан.
Энэ ангиас И.Төмөрбат Б.Лхагвасүрэн, Жавзандорж Хандаа, Батчимэг Баасанхүү, Дагва Дармаа нарын зургаан хос төрж тоонот гэрт толгой холбожээ. Зөвхөн тэд ч гэлтгүй үр хүүхдүүд нь ч ойр дотно нөхөрлөж нэг нэгнээ гэдэгт үргэлж баярлаж явдаг тухайгаа агрономичид ярьж байлаа. Хамт олон гэдэг зовлон, жаргал бүх зүйлд л муу ах дүүгээс илүү нэг нэгнээ гэдэг нь сайхан юм даа. Бид төдийгөөс өдий хүртэл ямар ч үедээ нэгнээ гэсэн сэтгэлээр тус дэм болж ирсэн уламжлалтай шүү гэцгээж байв.
О.АРИУНЦЭЦЭГ
Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн байгаль орчны манлайлал”-ын өргөдлийг өнөөдрөөс авч эхэлнэ

Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй залуучуудын хөгжлийг дэмжих
зорилготой “Орон нутгийн байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн өргөдлийг
өнөөдрөөс онлайнаар хүлээн авч эхэллээ.

Хөтөлбөрт оролцогч залуучууд монголын өнөөгийн байгаль орчны
асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид
салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм гэж зохион
байгуулагчид онцоллоо. Мөн оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж
амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн залуус байх
шаардлагатай гэнэ. Зориг сангийн санаачлан хүргэдэг уг хөтөлбөр нь
зургаан жилийн турш хэрэгжихдээ 120 гаруй залуусыг хамарчээ.