Categories
мэдээ нийгэм

“Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ

“Мөнгөн
Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагааг 2017
оны 2 дугаар сарын 4-ны бямба гаригт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам
цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн
Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд
үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй
7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт
тус тус үйлчилнэ.

Тайлбар: Нийслэл, дүүргийн нутгийн
захиргааны байгууллагууд өөрсдийн унаагаар зорчих болно. Үйлчилгээтэй
холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан бус боловсролд хамрагддаг хүүхдүүдийг “үдийн цай” хөтөлбөрт хамруулахаар боллоо

Налайх дүүргийн албан бус насан туршийн
боловсролд хамрагддаг хүүхдүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдын адил “Үдийн
цай” хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Дүүргийн Хангамж үйлчилгээний
төвийн дарга О.Энхтайван судлан үзэж шийдвэрлэсэн байна. Тус дүүрэгт
албан бус насан туршийн боловсролд хамрагддаг бага дунд ангийн 130 гаруй
хүүхэд долоо хоногт хоёр удаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдахаар
боллоо.

Өчигдөр дүүргийн Засаг даргын Нийгмийн
хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Хангамж үйлчилгээний төвийн
дарга А.Энхтайван нар Албан бус насан туршийн боловсрол төвийн
сурагчидтай уулзаж, үдийн цайны хэрэглэгдэхүүнийг нь гардуулж өглөө. Энэ
үеэр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал н.Энхбаяр Налайх
дүүргийн АБНТБТ-д ажиллаж байхтай тааралдан дүүрэгтээ энэ асуудлыг нөөц
боломжоороо шийдвэрлэсэнд талархалтай байгаагаа дурдсан юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

Б.Ганболдын “Хоёр амь” өнөөдөр нээлтээ хийнэ

Жаргал хүү осолд орж эмнэлэгт хүргэгдлээ
гэсэн гэнэтийн мэдээг дуулаад Галаа эмнэлэг рүү яаран гүйнэ… Хүүг
сэхэхгүй ч байж мэднэ гэх эмч нарын яриаг аав нь сонсохыг ч хүсэхгүй
байв. Олон сар ухаангүй хэвтсэн хүүгийнхээ төлөө шантралгүй тэмцэх эцэг
хүний сэтгэл. Галаа хүүгээ нэг л өдөр ухаан орно гэдэгт итгэсээр…

Энэ бол найруулагч Б.Ганболдын “Хоёр амь” хэмээх шинэ уран бүтээл.

Б.Ганболд найруулагчийг хүний амьдралын
эрээн барааныг харуулах сэтгэлзүйн эмгэнэлт драм болох “Орхидос”,
өнөөгийн галзуурчхаад байгаа нийгмийн талаар өгүүлэх “Улаан дөрвөлжин”
зэрэг нийгэмд бугшсан далд сэдвийг хөндөж тавьдгаар нь үзэгчид сайн
мэдэх билээ.

Тэгвэл тэрбээр энэ удаагийн шинэ
бүтээлдээ сэтгэл эмзэглэм үйл явдал, эцэг хүний үрээ гэсэн хайр, тэмцэл,
хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн чин сэтгэлийг өгүүлэхийн сацуу буян
нүглийн талаарх ойлголтын талаар энэхүү бүтээлээс олж харах ажээ.

”Хоёр амь” кино нь “Монгол контент” ХХК, “Хамба фильм”, “SB picture”-ын хамтын бүтээл бөгөөд маргааш нээлтээ хийнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Элэг нэгтэн” кино гадаадын шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хүртжээ

“ДОЗ
ПЛАС” энтертайнмэнтын уран бүтээлчид сүүлийн үеийн кинонуудынхаа
зургийг гадны улс оронд аваад зогсохгүй гадны шилдэг уран бүтээлчидтэй
хамтран уран бүтээлээ туурвих болсон. “Дүүлэн нис”, “Хөх толбот хүмүүс”,
“Кино шиг амьдрал” болон “Элэг нэгтэн” зэрэг кинонууд шинэ өнгө төрхийг
бий болгож, олны таашаалыг хүртэж байсан. Тэдний бүтээсэн “Элэг нэгтэн”
кино дэлгэцэнд гарсан даруйдаа олон улсын наадмаас хэд хэдэн томоохон
шагнал хүртээд байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид саяхан болж
өнгөрсөн “Navi Mumbai international film festival” наадмаас дахин шилдэг
кино,шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг болно

Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрөгч нэгдүгээр сард төв талбайд зохион байгуулсан билээ.

Өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож унших зорилготой тус өдөрлөг нь сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон. Тэгвэл үүний дагуу маргааш 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд тус өдөрлөг болох гэж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард болсон өдөрлөгөөр 300 орчим иргэд номоо солилцон уншжээ.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа

Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, хүн амын 70 орчим
хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр айл, өрхийн тэжээвэр нохой, мөн
түүнээс гадна сүүлийн үед золбин муур, нохойн тоо ихсэж байгаа нь галзуу
өвчний эрсдэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байна гэж Нийслэлийн эрүүл
мэндийн газраас мэдээллээ.

Он гарсаар Хөвсгөл,
Увс, Говь-Алтай, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын
Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 22
тохиолдол бүртгэгдсэн
байна. Тухайлбал, ХУД-ын 12 дугаар хорооны
нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 25-наас 26-ныг шилжих шөнө тэжээвэр гурван
нохой 200 гаруй тооны малд халдсан иргэд үхсэн малын арьсыг өвчилж
өөрсдөө эрсдэлд өртсөн тохиолдол гарсан.

Иймээс айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд
хамруулах, хашаандаа тогтмол уях, гадуур авч гарах бол амны хамгаалалт,
хошуувч хийх, мөн иргэд гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой
байхыг сэрэмжлүүлж байна.

Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтан үзэгдсэн тохиолдолд

Онцгой байдлын газар-105

Нийслэлийн мал эмнэлэгийн газар-70141401, 70141403, 70141407, 70141409
Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70282853

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв-70210316

Нийслэлийн эрүүл мэндийн газар- 11-320981 утсанд яаралтай мэдэгдэхийг мөн санууллаа.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын
хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж,
байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэх асуудлуудыг танилцуулан
дөрвөн асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо. Засгийн газраас өнгөрсөн оны
арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл
баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн
танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
Б.Чойжилсүрэн хийсэн юм.

“Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их
Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг
сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй
ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн
төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар,
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон юм. Одоо
мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник,
технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны
хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй,
төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий
этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй,
төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд
төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай,
найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн
системийн бодлого, төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй, үр
ашигтай байх зарчим, төлбөрийн системд оролцогчдод тавих нөхцөл,
шаардлагыг тодорхойлон, хяналт тавих чиглэл, үндэслэл, хэрэглэгч, төв
банк болон системийн оролцогчдын эрх хэмжээг зохицуулахаар тусгасан
байна. Түүнчлэн төлбөр тооцоог бэлэн болон бэлэн бус төлбөрийн
хэрэгслээр хийх зохицуулалтыг өргөтгөн, бэлэн мөнгөний хэрэглээг
багасгах, зардлыг хэмнэх, улмаар бэлэн бус төлбөр тооцоог дэмжих
зорилгоор цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлох төлбөр
тооцооны хэрэгслээр гүйцэтгэх нөхцөл, журмыг тусгажээ. Цаашид зах зээлд
нэвтрүүлэх шинэ үйлчилгээ, хэрэгслийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг нь
хангах зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна. Ингэснээр төлбөр
тооцоо гүйцэтгэхэд үүсч болзошгүй эрсдэл буурч, хэрэглэгчийн итгэл
нэмэгдэн, найдвартай, аюулгүй байдал хангагдана хэмээн төсөл санаачлагч
үзсэн байна. Нөгөөтэйгүүр үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаанд
Төв банк хяналт тавихаар хуулийн төсөлд тусгасан болохыг Сангийн сайд
Б.Чойжилсүрэн танилцуулгадаа дурдсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын
Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар ажлын хэсгээс асуулт
асуусан юм. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Монголын банкуудын
холбооноос санал авч, хамтран ажилласан бөгөөд ойлголтын зөрүүтэй
саналууд гараагүй гэдгийг хэллээ. Хоёр удаагийн хэлэлцүүлгийн дараа цөөн
тооны саналыг ажлын хэсэгт ирүүлсэн, үүнийг хэлэлцүүлгийн шатанд шийдэх
боломж бий хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт
өгөв. Мөн бэлэн бус төлбөр тооцооны нэг хувийн шимтгэлийн талаарх
Ж.Ганбаатар гишүүний асуултад хариулахдаа нэг хувийн шимтгэл нь карт
гаргасан банк, гүйлгээг дамжуулах үйлчилгээ үзүүлсэн банк, картын төлбөр
тооцооны төв зэрэг бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч
байгууллагуудад хуваагддаг болохыг тайлбарласан. Ийнхүү асуулт, хариулт
явагдаж дууссны дараа төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхтэй
холбоотойгоор санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндэсний төлбөрийн
системийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газар,
Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн
ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв

Дараа нь 2017 оны нэгдүгээр сарын 30-ны
өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд
найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий
хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн
газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг
танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах
Польш Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн нөхцөлт зээлийн
ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохиролцжээ. Уг
зээлийн хүү жилийн 0.15 хувь, хугацаа 28 жил бөгөөд үндсэн төлбөрөөс
чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй,
боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийг 100 хувь уг
зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд зээлийн ерөнхий хэлэлцээр
байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцүүлж, Польшийн талд хүргүүлэх аж. Зээлээр хэрэгжүүлэх
төслийг Польш Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компани гүйцэтгэх бөгөөд
тухайн экспортлогчийн Монгол Улсад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн,
үйлчилгээний 60 хувь нь тус улсын гарал үүсэлтэй байх үндсэн
шаардлагатай аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Монгол
Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын
нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр
санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 83.2
хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал,
дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр
тогтов.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл
баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг
Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцууллаа.

Авто замын тухай хууль нь 1998 онд
батлагдсанаас хойш нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдгээр
нэмэлт, өөрчлөлтүүд нь бусад хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор
хийгдсэн байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд авто тээврийн
салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр авто замын сүлжээг өргөтгөх
шаардлага тулгамдаж байгаа гэв. Нийгэм, цаг үеийн өөрчлөлт болон хэтийн
чиг хандлагад нийцүүлэх шаардлагын үүднээс Авто замын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их
Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын
гишүүн Д.Дамба-Очир, авто замын сүлжээг өргөтгөх шаардлага байгаа ч
цаашид уг бүтээн байгуулалтын өртгийг бууруулахад түгээмэл тархацтай
ашигт малтмалын ашиглалт, үнэ өртгийн талаар шийдвэр гаргах шаардлага
байгааг хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар
нар хувийн хэвшлийн байгууллагууд авто замын сүлжээг өргөтгөхөд оролцох
сонирхолтой байдгийг тэмдэглэж байв. Нэгэнт эрх зүйн орчныг шинэчилж
байгаа бол дэвшилттэй, үзэл баримтлалын хувьд эрс өөрчлөлт болох, шинэ
боломж, гарцуудыг нээх хэмжээнд төслийг боловсруулах нь зүйтэй гэдэг
саналыг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, авто
замын бүтээн байгуулалт нь зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа
эсэхэд анхаарал хандуулж, шинээр баригдсан авто замын баталгаат хугацаа
нэг жил байдгийг өөрчлөн, уртасгах шаардлагатай гэсэн байр суурийг
илэрхийлсэн юм. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй
холбогдуулан гишүүдийн зүгээс гаргаж буй саналуудыг ажлын хэсэг анхаарч,
тусгах нь чухал болохыг Байнгын хорооны дарга хэлж байв. Ийнхүү санал
хураалт явуулахад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүд
дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Мөн уг хуулийн
төслийг чуулганы хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх
үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, ахлагчаар нь Улсын Их
Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Үүний дараа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл
баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Зам
тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хууль санаачлагчийн илтгэлийг
танилцуулав.

Усан замын тээврийн тухай хууль нь 2003
онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч
буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах,
зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн
тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг
асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын
тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ,
шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг
үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
боловсруулсан байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд усан
замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал, зорчигчдын амь
насны даатгал, усан замын тээвэрлэлтийн чиглэл тогтоох, батлах,
зорчигчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн болон нутгийн
захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагын эрх, үүргийг
тодорхой болгох асуудлыг тусгасан байна. Түүнчлэн усан замын тээврийн
хэрэгслээр үзүүлж буй үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, хяналтын
тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгаль орчны бохирдлоос
урьдчилан сэргийлэх, зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хангах
зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол байгуулах,
засвар үйлчилгээ хийх, тэдгээрийг шатах тослох материалаар хангах цэг
байгуулах асуудлыг тусгажээ. Мөн иргэдийн зорчих хэрэгцээ нэмэгдсэн,
усан замын тээврийн хэрэгслийн тоо олширсон, усан замын тээвэрлэлт
өргөжсөнтэй уялдан аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн
хэрэгслийн бүртгэл болон хяналт тавих тогтолцоо, байгаль орчныг
бохирдуулахгүй байх зохицуулалт, усан замын тээврийн мэргэжпийн боловсон
хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг усан замын
тзэврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн болон
төрийн бус мэргэжлийн байгууллагад хуулиар шилжүүлэх, усан замын
тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн, усан замын тээврийн үйл
ажиллагаанд оролцогч хуулийн этгээд болон бусад этгээд усан замын
тээврийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн, усан замын тээврийн
хэрэгслийн осол, зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх
хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох аж.

Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэр-Очир,
Ч.Хүрэлбаатар, Л.Болд нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм.
Тухайлбал, манай улсад аялал жуулчлалын зориулалтаар усан замын
тээвэрийн зохицуулалтууд яригддаг гэдгийг Ч.Хүрэлбаатар гишүүн дурдаад
энэ хуулийн төсөлд иргэдэд хамааралтай ямар зохицуулалт байгааг
тодрууллаа. Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар
хариулахдаа, усан замын тээврийн хэрэгслийг урт, хөдөлгүүрийн хүчин
чадлыг үндэслэн ахуйн болон арилжааны зориулалтынх хэмээн ангилсан
байна. Арилжааны зориулалтаар ашиглах усан замын тээврийн хэрэгсэл нь 8
кВт-ээс дээш хүчин чадалтай хөдөлгүүртэй байх бөгөөд үүнийг улсын
бүртгэлд бүртгэж, хүн тээвэрлэх тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг
тусгасан байна. Харин тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх иргэд
тасалбар худалдан авахдаа даатгалын болон бусад үйлчилгээний хөлсийг
төлж байгаа учир нэмэлтээр ямар нэг үйлчилгээний хөлс, төлбөр төлөхгүй
гэлээ. Мөн усан тээврийн хэрэгслийн жолооч бүр хариуцлагын даатгалд
хамрагдсан байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, хуулийн
төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд өмч хөрөнгө, байгаль экологийн
асуудал, хамгийн чухал нь хүний амь настай шууд хамааралтай гэдэг утгаар
нь Монгол Улсын усан тээврийн аюулгүй байдлыг анхаарах шаардлага
тулгараад байгааг тэмдэглэн хэлсэн юм. Гэхдээ экологийн асуудлыг тооцож,
судалгаа хийн, монгол орны унаган төрх, онгон байгалийн төрхийг
хамгаалах, хадгалахад онцгойлон анхаарч, энэ төрлийн зохицуулалтыг
хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулав. Монгол Улсад усан тээврийн
хэрэгсэл жолооддог мэргэжилтнүүдэд жил бүр сургалт явуулж, шалгалт авч,
мэргэшүүлэх ажлыг гүйцэтгэдэг бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг,
оношлогоог холбогдох газрууд жил бүр хийж байгаа талаар ажлын хэсгээс
хариулт өгөв. Мөн удаан хугацаанд ашиглаж, бохирдсон усан замын тээврийн
хэрэгслийг өөр гол, нууранд шилжүүлэн явуулснаас үүдэн гол, нуур
бохирдож, дахин цэвэршихээргүй болж сүйрдэг жишээ бусад улс орнуудад
олон бий. Далайд буюу давстай усанд явж байсан усан онгоц, завинд замаг
ургаж, олон төрлийн нян хуримтлуулсан байдаг ба ийм төрлийн тээврийн
хэрэгслийг импортлон, ашиглах явцад тухайн нуур, голыг бохирдуулж, эко
системийг нь сүйрүүлэх эрсдэл бий. Одоогоор манай улсад ашиглаж байсан
усан тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон эрх зүйн зохицуулалт
байхгүй гэдгийг Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар
хэллээ. Уг хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, энэ
талаарх зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй гэдэг саналыг
хэллээ. Асуулт, хариултын төсгөлд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва,
далайн тээвэрт Монгол Улсын далбааг ашиглуулж байгаатай холбоотой нөхцөл
байдал, эрх зүйн зохицуулалтын талаар тодруулсан.

Усан замын тээврийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн
хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэж, Улсын Их Хурлын чуулганы
нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Мөн тус хуулийн төслийг
чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх
үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан
байгуухэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Үндэсний сурын холбоо байгуулагдлаа

Дундговь аймагт үндэсний сур харвадаг, цаашид түгээн дэлгэрүүлэх,
хөгжүүлэх зорилготой харваачид нэгдэн Дундговь аймгийн үндэсний сурын
холбоо ТББ-ыг үүсгэн байгууллаа. Тэд анхдугаар хурлаа хийж холбооны
дүрмээ баталж тэргүүнээ сонгосон байна. Тэргүүнээр аймгийн Засаг дарга
О.Бат-Эрдэнэ, Дэд тэргүүнээр залуу харваач Х.Анхбаяр, нарийн бичгийн
даргаар залуу харваач С.Эрхэмбаатар нарыг мөн найман тэргүүлэгчийг
сонгожээ.

Тус холбоо нь сумдад салбартай болох зорилготой бөгөөд Говь-Угтаал суманд анхны салбараа байгуулсан байна. Одоогоор Дундговь аймагт 20 гаруй насанд хүрэгчид, 10 гаруй хүүхэд үндэсний сурын спортоор хичээллэж буй.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүний амь аварсан Г. Ганбаярыг онцгой байдлын албанаас шагнажээ

Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх
цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах
дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд
хүлээн авч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагнажээ.

Ахлах дэслэгч Г.Ганбаяр нэгдүгээр сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд
гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан дөрвөн хүний амийг нь аварсан сайн үйлс бүтээсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Эхний ээлжинд 450 сая ам.доллар авахаар ярьж байна

ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Тус сангийн
төлөөлөгчидтэй Сангийн яамны удирдлагууд уулзаж, хэлэлцээ хийж буй юм.
Тодруулбал, манай улс “стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ
илэрхийлээд байгаа. Хөтөлбөрт хамрагдвал эхний ээлжинд 450 сая ам.доллар авахаар ярьж буй юм.
Өнгөрсөн оны сүүлчээр тус сангийн техникийн баг ирж ажиллаад явсан бол
энэ өдрүүдэд Ази номхон далайн газрынхан ирээд байгаа аж. Хэлэлцээ ямар
шатанд байгаа талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Уулзалт хэлэлцээг хэдийнээс хийж эхлэв. ОУВС-гийнхэн хэзээ буцах вэ?

-Яриа хэлэлцээг хоёр талаас хийж байна. Янз бүрийн санал гарч байгаа.
Бид хөтөлбөрт хамрагдах тооцооллыг ярьж байна. Хэлэлцээ ирэх долоо
хоногийн дунд үе хүртэл үргэлжлэх байх.

-Хэлэлцээрт ямар төлөөллүүд оролцож байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Монголбанк оролцож байна. Харин ОУВС талаас Ази номхон далайн газрын холбогдох хүмүүс хэлэлцээ хийхээр ирсэн.

-Хоёр тал хэлэлцээгээ амжилттай хийвэл хөтөлбөрт хэдийнээс хамрагдах боломжтой юм бол?

-Эхний ээлжинд хэлэлцээрээ дуусгах шаардлага байна. Эцсийн байдлаар шийдэгдээгүй байна шүү дээ.

-БНХАУ-аас дөрвөн тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Өмнөд хөрштэй улс төрийн нөхцөл байдал сайнгүй байсан учраас зээл
авах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Гэхдээ харилцаа
эргээд сэргэж байгаа бол нааштайгаар шийдэгдэх байх.

-Татвараа нэмж, халамжийн бодлогыг танах шаардлагыг зарим гишүүн Засгийн газарт тавьж байна. Үүнд ямар бодлого барих вэ?

-Ийм байр суурийг зарим гишүүн гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ
халамжийг хэт их танахгүй. Энэ талаар аль аль талдаа ойлголцоод явж
болох байх.

-Энэ оны төгсгөлд эдийн засаг тогтворжино гэж та хэлж байсан. Үнэхээр эдийн засаг сэргэх нөхцөл байдал бий болох юм уу?

ОУВС-тай хэлэлцээгээ амжилттай хийвэл эдийн засаг сэргэх тооцоо бий. Цаг хугацаа тооцооллыг харж байгаад ийм мэдээлэл өгсөн.

-Ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийнэ гэсэн. Хэдийгээр байх юм бэ?

-Аль зээл дээрээ тохиролцох вэ гэдэг нь эхний асуудал. Үүний дараа шаардлагатай бол төсөвт тодотгол хийнэ.