Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн тоогоор ажилласан хугацааг 1.5 жилээр нэмнэ

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир,
Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2017.02.03/
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр
эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн
төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн
төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар эцэслэн баталсан юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“-Энэ хоёр хуулийн төсөл батлагдсанаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН
мөрийн хөтөлбөртөө тусгасан зарим асуудал шийдэгдэж байгаа гэж ойлгож
болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн
ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, малчдын нийгмийн хамгааллыг
сайжруулах гэсэн багц асуудлыг зохицуулахаар тусгасан.

Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Нэгдүгээрт, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил,
тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгахаар зохицуулалт хийсэн. Олон
хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ.
Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлж,
төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан ажилласан жил,
нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно.
Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан болон нийгмийн
даатгал төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно. Хэрэв зургаан
хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн
жил дээр есөн жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ээжүүд тэтгэвэрт
гарахдаа цөөн жил ажилласан байдаг, бас эрт тэтгэвэрт гардаг. Үүнээс
хамаараад нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийн хэмжээ маш бага
гардаг. Тийм учраас дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан
хүүхэд төрүүлж, өсгөсөн бол есөн жил нэмэгдэж, улсад ажилласан жил,
нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил өндөр тогтоогдож, цалингаасаа
тэтгэвэр бодуулах хувь өндөр тооцогдох юм. Ингэснээр ээжийн авах
тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, ээжүүд дийлэнхдээ хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө
асарч, хамгаалж, өсгөж, хүмүүжүүлдэг учраас энэ хугацааны нийгмийн
даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, төлөгддөггүй. Олон хүүхэд төрүүлж,
өсгөх тусмаа тухайн ээжийн улсад ажилласан жил, нийгмийн даатгалын
шимтгэл тасалдаж, бага тэтгэвэр авах нөхцөл болдог. Тийм учраас гурван
нас хүртэл нь хүүхдээ өөрийн биеэр асарч хамгаалж, бойжуулж байгаа
ээжийн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдсөн хугацаа
тасалддаггүй байх зохицуулалт хийсэн.

Албан журмын даатгалд хамрагдсан ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч
байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч
төлнө. Харин сайн дурын даатгалд даатгуулсан ээж хүүхэд төрүүлээд,
хүүхдээ гурван нас хүртэл асарч бойжуулж байгаа бол энэ хугацааны
нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн
сангаас төлдөг байя гэж буй юм.

Улсын хэмжээгээр 90 орчим мянган ээж нийгмийн даатгалын шимтгэл
төлдөг судалгаа, тооцоо бий. 90 орчим мянган ээжийн 30 хувь нь ажил
хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй байдаг. Тийм учраас ямар нэг
ажил эрхэлдэггүй ээж төрөөд, хүүхдээ гурван нас хүртэл өөрийн гар дээр
өсгөж бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50
хувийг төр хариуцан төлдөг байя, 50 хувийг ээж өөрөө төлнө гэсэн
зохицуулалт хийсэн байгаа.

Мөн, манай ээжүүдийн нэг хэсэг албан журмын даатгалд, нөгөө хэсэг нь
сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгагдсан хэлбэрээс хамаарч жирэмсний
болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100
хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг. Харин бидний
санаачилсан хуулийн зохицуулалтаар даатгуулсан л бол даатгагдсан
хэлбэрээсээ үл хамаараад 100 хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ
авдаг байхаар тусгасан.

Гуравдугаарт, хуучин хуулиар ээж хүүхдээ төрүүлээд, асарч хамгаалж
байх хугацаандаа дахин жирэмсэлж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бол
тэтгэмжийг өгнө. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд энэ тэтгэмжийг
олгохгүй гэдэг байсан. Тийм учраас бид үүнийг өөрчилж байгаа. Төрөлт
болгонд амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг авч байх зохицуулалт
хийсэн.

Энэ хуулинд орсон малчидтай холбоотой зохицуулалтын талаар мэдээлэл өгье.

Улсын хэмжээгээр 330 орчим мянган малчин бий. Нийт ажиллагсдын 30
орчим хувийг малчид эзэлдэг. Малчин хүний хөдөлмөр хүнд. Төв суурийн
газрын бид өдөрт найман цаг, нар салхинаас хамгаалсан орчинд ажил албаа
явуулдаг бол малчин хүний өдөрт үргэлжлэх ажлын цаг найман цагаар
хязгаарлагдахгүй. Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий тасартал ажил нь
үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж, нар салхинд хамгийн ихээр гандаж
явдаг энэ хүмүүсийн дундаж наслалт төв суурийн газрын хүмүүсээс доогуур
байдаг. Энэ нөхцлийг харгалзан үзэж малчдын тэтгэвэрт гарах насыг таван
насаар наашлуулж байгаа юм. Одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэй 60,
эмэгтэй 55 настай тэтгэвэрт гарч байгаа. Харин бидний санаачлан
батлуулсан энэ хуулиар эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах
нөхцөл бүрдэнэ.

Бидний санаачлан боловсруулж, батлагдсан хоёр дахь хуулийн төсөл нь
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг
удаа нөхөн төлүүлэх тухай хууль юм.

Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа
байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод
хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд юм. Тэгсэн мөртлөө малчдын есөн хувь,
хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл
төлдөг гэсэн тооцоо байна. Нийт ажиллагсдын 47 хувийг эзэлж байгаа
малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ийм бага хувиар нийгмийн даатгалын
шимтгэл төлдөг нь эдгээр хүмүүс нийгмийн хамгааллын гадна байна гэсэн
үг. Тиймээс нийт ажиллагдсын 47 хувь атлаа нийгмийн даатгалын шимтгэл
төлөлт асар бага энэ бүлэгт нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй
шаардлагатай гэж бид үзсэн. Энэ утгаараа бид малчин болоод хувиараа
хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн
төлүүлэх энэ хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан.

Малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын
шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр
хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж
өгч байгаа юм. Гэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч
танд хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ,
шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. 15-60 насны иргэд
хамрагдах бүрэн боломжтой. Нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг
хүртэл гэсэн зохицуулалтаар хийсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр
эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль
хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар
гарахгүй бөгөөд эхчүүд, малчдын нийгмийн баталгааг хангах, малчдын
нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө
гэж үзэж байна” хэмээн мэдээлэл өгөв.

Дараа нь хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өргөн барьсан гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтний шинэ бүтээл “Nature”сэтгүүлд хэвлэгдлээ

Японы RIKEN Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнд дархлал судлаачаар
ажилладаг, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Nature” сэтгүүлд тухайн
нээлтийн нэгдүгээр зохиогч буюу эрдэм шинжилгээний төслийн гол удирдагч
хэмээх нэрээр бүтээлээ хэвлүүлжээ.

Монголын шинжлэх ухааны түүхэнд анх удаа монгол хүн удирдсан төслийнхөө
судалгааг “Nature” сэтгүүлд хэвлүүлж байна. Тэрбээр дархлааны эсийн
нэгэн төрөл, байгалийн “алуурчин” Т эсийн ялгаран хөгжих арга замын
талаар нээлт хийсэн юм.

Эрдэмтэд олон улсад нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд бүтээлийнхээ
тухай хэвлүүлснээр судалгааных нь ажлын үр дүнг дэлхий нийт хүлээн
зөвшөөрдөг.

Монгол эрдэмтэний уг нээлт нь дархлааны эсийн ялгарах хөгжлийн онолыг
сууриар нь өөрчилж, шинэ түвшинд гаргаж байгаа гэдгээрээ онцлогтой нээлт
юм. Мөн харшил үрэвсэл, дархлааны тогтолцооны элдэв эмгэг, хорт хавдрыг
дархлааны эсээр эмчлэх аргад дэвшил гаргахад том түлхэц болох
магадлалтай. Тэрбээр энэ судалгааны ажлаа хийхдээ 10 гаруй жилийн
уйгагүй хөдөлмөрөө зарцуулсан байна.

Д.Нямбаяр нь 2001 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч
мэргэжлээр төгсөөд Японы Хоккайдогийн үндэсний их сургуульд, 2006 онд
докторын зэрэг хамгаалсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр манай улсад айлчилж буй
Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн гишүүн, хатагтай Валовая
Татьяна Дмитриевна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Монгол Улсын Засгийн газар болон Евроазийн эдийн засгийн холбоо
хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун
байна. Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд энэ талын судалгааны хамтарсан баг ажиллуулахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн
засгийн асуудал эрхэлсэн гишүүн, хатагтай Валовая Татьяна Дмитриевна,
Ерөнхий сайдын саналыг дэмжиж, гишүүн орнууд хамтын шийдвэрээ гаргаж, та
бүхэнд удахгүй хариу өгнө гэдгээ хэллээ. Сүүлийн жилүүдэд хоёр талын
худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй, 2010 оны төвшиндөө л
байна, иймд Евроазийн эдийн
засгийн холбооны гишүүн орнуудын болон Монгол Улсын бизнес эрхлэгчид
оролцсон форум хийх хэрэгтэй байгааг хатагтай Валовая Татьяна Дмитриевна
онцоллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бизнес форум
зохион байгуулахыг дэмжиж байна, талууд ярилцаад хугацаагаа товолъё.
Манай монголчууд бол Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын,
ялангуяа ОХУ-ын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж
ойлгодог уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн. Тийм учраас таны холбооны
гишүүн орнуудын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахад
нээлттэй, зах зээлтэй, бас бэлэн хэрэглэгчидтэй.

Манай Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа онцгойлон авч үзэж
байгаа, бүтээгдэхүүн нь цэвэр экологийн гаралтай. Эдгээр бүтээгдэхүүнээ
Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад нийлүүлье гэхээр, танай
стандарт өөр. Энэ бүгдээ зохицуулж зах зээлээ харилцан нээх, эдийн засаг, худалдааны салбарт элдэв хүндрэл бэрхшээлгүйгээр харилцахад Чөлөөт худалдааны хэлэлцээр ч, Бизнес форум ч чухал ач холбогдолтой” гэлээ гэж Засгийн гзарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​ Ерөнхийлөгч ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн хоккейчдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж Монголын өвлийн болон багийн спортын түүхэнд бичигдэх амжилт гаргасан хоккейн багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ нь Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртэж буй анхны медаль юм.

Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Даваасамбуу, Монголын бөмбөгтэй болон шайбтай хоккейн ахлах дасгалжуулагч ОУХМ Мэргэн, багийн ахлах дасгалжуулагч, спортын мастер Отгонбаяр, шайбтай болон бөмбөгтэй хоккейн багийн ахлагч ОУХМ Тамир, ДАШТ-ний шилдэг довтлогч, шилдэг цохиурын эзэн ОУХМ Баярсайхан, Энхбаяр, Болдбаяр, ДАШТ-ний хоёр удаагийн шилдэг хаалгач Мөнхболд, шилдэг довтлогч Шинэбаяр нарын зэрэг тамирчид, дасгалжуулагчид оролцлоо.

Монголын бөмбөгтэй болон шайбтай хоккей дундаа нэг багтай юм байна. Бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед Улсад нэгдүгээр сарын 24-29-нд болсон юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоккейчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багийг 6:5-аар хожиж ийнхүү түүхэн амжилтын эзэд болжээ. Ингэж амжилт гаргахад ОХУ-ын гурван хоккейчноор хүчээ сэлбэсэн нь мөн нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

Тус тэмцээнд Монголын хоккейчид нийт зургаан тоглолт хийж “А” хэсэгт Япон, Унгар, Украины хоккейчидтой учраа таарсан бөгөөд Монголын шигшээ багийнхан ганц ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж, Украиныг 9:6, Японыг 10:2, Унгарыг 9:5-аар хожсон байна. Үүний дараа Голландын шигшээгийнхнийг 6:2-оор хожиж хагас шигшээд шалгаран Канадын багтай эн тэнцүү тоглож 6:5-аар хожигдон хүрэл медалийн эзэд болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих чиглэлээр гаргасан зарлигийн анхны үр дүн мөсөн талбай дээр энэхүү медалиар гарсан хэмээн хоккейчид уулзалтын үеэр хэлж байлаа. Зардал мөнгө хэцүү байсан ч бүх бололцоогоо дайчлан тэмцээнд оролцож медаль хүртсэндээ тэд баяртай байсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Манай хоккейчид ийм мундаг амжилт гаргасанд баяр хүргэх гэж та бүхэнтэй уулзаж байна. Хамтарч ажиллана. Багийн спорт Монголд хөгжих ёстой, хүн бүхэн дэмжих ёстой, төр, засгийн зүгээс анхаарах шаардлагатай байгаа юм.

Би хөлбөмбөгт их дуртай, хөлбөмбөг хардаг. Хөлбөмбөг үздэг хүмүүсийн ихэнх нь хоккей үздэг. Энэ чиглэлд цаашдаа ч хамтарч ажиллаж, та бүхэнтэй санал солилцож, боломжтой зүйл дээр дэмжлэг үзүүлж ажиллана.

Монгол Улсын хувьд, Монголын ард түмний хувьд их сайхан мэдээ байлаа. Ийм сайхан мэдээ сонсох нь улс орны хувьд ч сайхан байсан гэдгийг хэлье. Энэ амжилт маш олон хүмүүс, маш олон залуучууд, эцэг эхчүүдийг багийн спорт руу анхаарал хандуулах, залуучууд, хүүхдүүд энэ спортоор хичээллэдэг болоход уриалан дуудсан дуудлага болно гэж би бодож байгаа.

Ялангуяа ийм амжилт эргээд тухайн ард түмнийг, улс үндэстнийг, тухайн хүмүүсийг тэр спорт руу ороход хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Багийн спорт тэгж мундаг хөгжсөн улсын тамирчидтай тоглоод медаль аваад ирнэ гэдэг бол үнэхээр том амжилт гэдгийг хэлье.

Амжилтаа бататгаад, улам цаашаа сахилга, зохион байгуулалтаа сайжруулаад, бэлтгэлээ сайжруулаад ажиллах хэрэгтэй. Та бүхэнд бүгдэд нь баяр хүргэе” гэлээ.

Уулзалтын төгсгөлд тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчид хоккейн өмсгөл, цохиур бэлэглэж, хамтдаа Есөн хөлт их цагаан тугийн дэргэд дурсгалын зураг татуулцгаав.

Categories
мэдээ улс-төр

​Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

Тэрбээр, Усан замын тээврийн үйлчилгээг аялал, жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, түүнд хамрагдах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усанд хүний амь осолдох эрсдэл сүүлийн жилүүдэд ихэсч байгаа нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой бөгөөд цаашид усан замын тээврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг бэлтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурт усан замын тээвэрлэлт хийх, түүний дотор усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа үйлчилгээ боловсронгуй болохоос гадна тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гаднаас оруулж ирж байгаа хуучин завинд хатуу хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэлээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​Олон улсын стандартын дагуу замын тэмдэглэгээ хийнэ

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар шийдлээ.

Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.

Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдан өнөөг хүртэл 10 гаруй удаа өөрчлөлт оруулж мөрдөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж авто замын ашиглалт нэмэгдэж өмнөх жилүүдээс ачаа тээврийн эргэлт 65 орчим хувь, зорчигч тээвэр 98 хувьд хүрч өссөн нь одоогийн мөрдөж байгаа Авто замын тухай хуулиар уг салбарын тулгамдаад байгаа асуудлуудыг зохицуулахад учир дутагдалтай гэж үзэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Уг хууль батлагдсанаар авто замын засвар, арчлалтын ажлын чанар, технологи сайжирч, иргэд авто замаар аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал, зорчих хугацаа багасч, зам ашиглагчид авто замын салбараас бодит хэмнэлтийг хүртэх боломжтой болох аж. Түүнчлэн авто замын сүлжээ хөгжүүлснээр зам дагасан бүс нутгийн хөгжил хурдасч, тухайн орон нутгийн хүн амд хүрэх нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмж нэмэгдэж, уул уурхай хөгжих нөхцөл бүрдэж байгаль орчин, хөрс бэлчээрийн доройтол, тоосжилт буурах зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн эерэг үр дүнгүүд бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар замын тэмдэг, тэмдэглээнээс эхлээд шинэ стандарт, шинэ технологи нэвтрүүлсэн өндөр чанартай зам барих, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж, түгжрэлийг багасгасан, эдийн засагт үр ашигтай байх зохицуулалтуудыг тусгах, ажлын хэсэг байгуулж, ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Баделхан, О.Батнасан, С.Чинзориг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Сумьяабазар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Л.Элдэв-Очир, Д.Ганболд, Д.Гантулга, Я.Содбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав замын чанарыг сайжруулахын тулд ямар стандартыг баримтлах вэ. Цаг агаарын нөхцөлд тохирсон замын шинэ стандартыг турших судалгааны ажил хийгдэж байгаа юу хэмээн лавласан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын чанарыг сайжруулахын тулд онцгой анхаарч стандартыг шинэчлэх ажлууд хийгдэж байна гэлээ. Тэрбээр замын чанар сайжирснаар зам арчилгааны урсгал зардлууд хэмнэгдэнэ. Замын орчин үеийн дэвшилтэт стандартыг нутагшуулах талаар дэс дараатай ажлууд хийгдэж байна. Ер нь цемент бетон хучилттай зам тавьснаар замын эдэлгээ уртсах учир, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг шинэчлэхдээ бетон хучилттай тавихаар судалгаа, туршилтын ажил хийгдэж байна. Өмнө нь хэд хэдэн газарт ийм стандартаар зам барьсан туршлага бий хэмээн хариулсан.

Гишүүд замын тэмдэг тэмдэглэгээ, замын барилгын ажил гүйцэтгэдэг гэх компаниудын үйл ажиллагаа, нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудын талаар тодруулж байлаа.

Салбарын сайдын хариулснаар, олон улсын тэмдэг тэмдэглэгээг тавих асуудал учир дутагдалтай байгаа аж. Тиймээс олон улсын стандартын дагуу замын тэмдэг тэмдэглэгээг хийхээр үүрэг даалгавар өгч ажил эхлээд байгаа юм байна. Эхний ээлжинд замын тэмдэглээгүй газруудад хийж, цаашдаа бүх замуудын тэмдэглэгээг шинэчилэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн тэрбээр зам, тээврийн барилгын ажлын зардал хэт өссөн тухай асуудлыг шалгах үед ноцтой асуудлууд илэрснийг дурдаад цаашдаа авто зам барьдаг компаниудыг журамлах хэрэгтэй байгааг онцолсон. Авто зам барих тусгай зөвшөөрөлтэй 550 гаруй компани бий ч техник хэрэгсэл, хүн хүчтэй нь цөөхөн, дийлэнх нь зөвхөн тамга тэмдэгтэй аж. Тэдгээр компаниуд зам барих тендерт орж хямд үнэ санал болгож тендерт ялчихаад дараа нь үнээ өсгөх асуудал гаргадаг талаар ч өгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 6 аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй байгаа бөгөөд 500 гаруй км авто зам барихад дээрх аймгууд холбогдох аж. Энэ ажлыг 2021 он гэхэд дуусгана гэж сайд Д.Ганбат хэлсэн.

Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.

Categories
мэдээ улс-төр

​Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ыни нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

“Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгожээ. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

Тэрбээр, дээрх хуулийн төсөл нь төлбөр хариуцагч, хүлээн авагчийн хоорондын төлбөр тооцоог төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэх, системийн оператор, оролцогчийн хооронд үр дүнгийн тооцоолол хийх, түүнчлэн системийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.

Хууль батлагдсанаар бэлэн мөнгө, төлбөрийн баримтаас гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлон төлбөр тооцоонд хэрэглэх зөвшөөрлийг Монголбанкнаас олгох, хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, хөдөлгөөнт банкны үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлд нэвтэрч байгаа төлбөрийн үйлчилгээ, түүний хэлбэрүүдийн хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулсан.

Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж хариулт авсаны дараа үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ улс-төр

​Үндэсний сурын харваачдын цолны төрлийг нэмэгдүүлнэ

УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэв.

Төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.

Тэрбээр, Монголчууд 1206 оны Улаан барс жил Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтон олон мянган жилийн турш уламжлалт үндсэн хэв маягаа хадгалж ирсэн.

Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт урлаг, спорт, үндэсний үзэл санаа дэлгэрэн хөгжихөд чухал ач холбогдол бүхий баяр мөн.

2003 онд анх удаа Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж үндэсний сурын харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог болсон. Үндэсний их баяр наадмын 94 жилийн түүхэнд үндэсний сурын харваанд 6 удаа түрүүлж Дархан мэргэн цол хүртсэн харваач нэг эмэгтэй байна. /эмэгтэй харваач 65 м, эрэгтэй харваач 75 метрээс харвадаг /

Өнөөдөр монгол үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөөн их болж байгаа нь үндэсний сурын дархан мэргэн төрөх боломжгүй болж байна.

Үндэсний сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа нь харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын улмаас уг төслийг өргөн барилаа гэлээ.

Хууль санаачлагч үндэсний сурын харваачдыг дэмжих, цолны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ нар үндэсний спортын төрлүүдийн цолны асуудлыг цогцоор нь авч үзэх, цол олгох эрхийг мэргэжлийн холбоодод өгөх талаар саналаа илэрхийлж байсан бөгөөд хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Гантулга, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүлжүүлэх байрны тоог цагдаагийн дарга батална

УИХ үдээс өмнөх нэгдсэн чуулганаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 07 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажпыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан аж.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэгтгэж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж байна гэлээ.

Тухайлбал:

-эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх;

-аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор байсныг цагдаагийн төв байгууллагын дарга батлах гэж өөрчлөх;

-эрүүлжүүлэх байрны ажилтанд хориглох зүйлд шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх асуудлыг тусгах;

-эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нар асуулт асуусны дараа байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​УИХ Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлттэй танилцлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг, мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.

Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурдсан байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй байна.