Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлсэн. Түүний уриалга, санаачилгыг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа ч хаана хэнд хандаж өгөх нь тодорхой бус байсан юм.
Уриалгад нэгдсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 сая төгрөг хандивлахаар болсон ч одоогоор хэн нь хэнд гардуулж өгсөн нь тодорхой бус байгаа юм.
Тиймээс Монгол улсын Төр түүхэндээ анх удаа иргэдээсээ хандив авахаар албан ёсны данс нээлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэж байр сууриа илэрхийлсэн боловч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм.
Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосоны дагуу хандивын данс нээгдлээ.
Энэ дагуу Сангийн яамнаас хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээснийг мэдээллээ. Үүнд:
Төрийн сан 100900080800 Хандив MNT,
Монгол банк 3332444 Хандив USD,
Төрийн банк 106030080800 Хандив MNT, USD
Дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх юм байна.
Нэг талаар Монгол улсынхаа төлөө сэтгэл зүрх цохилж байгаа иргэд олон буйг харуулах сайн талтай боловч нөгөө талаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар түүхэнд бараан хуудас үлдээх нь.
Гэхдээ иддэг уудагаараа цоллуулж, эх орноо худалдсан дээрэмчид хэмээн цоллуулдаг түшээд ард түмнээ баярлуулахаа мартаагүй нь яамай. Ямар ч байсан хандив өргөсөн иргэд үр ач, хойч үеийнхэндээ үлдээх талархалын дурсамжтай болох нь. Тодруулбал, эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.