Categories
мэдээ нийгэм

Бөхийн барилдааны тасалбарыг шагчид 40-70 мянган төгрөгөөр худалдаалж байна

Сар шинийн бөхийн барилдаан эхэллээ. Бөхийн барилдаан эхлэхтэй зэрэгцэн шагийн билет Бөхийн өргөөний гадаа 70 мянган төгрөгөөр зарагдаж байна. Бөхийн билетээ авч амжаагүй ч боломжийн үнээр билет аваад бөх үзчих хүсэлтэй иргэд олон байхтай зэрэгцэн шагчид ч маш олноор гарчээ. Тухайлбал, шагчид урд эгнээний суудлыг тасалбарыг нэгийг нь 70 мянган төгрөгөөр дунд хэсгийн эгнээнийхийг 50,60 мянган төгрөг, арай арын эгнээ нь 40 мянган төгрөг зэрэг ханш тогтоочихсон борлуулж байна. Харин 11:40 цагийн байдлаар лав билетийн касс хаалгаа барьсан байна лээ.

Гэхдээ өнөөдрийн 12:30 цагийн байдлаар билет авч байгаа иргэд цөөхөн байв. Баянзүрх дүүргийн иргэн Г.Мөнхөөтэй уулзаж зарим зүйлийг тодруулахад “Цагаан сарын бөх үзчих санаатай ирсэн чинь шагийн билет доод тал нь 40 мянган төгрөг гэж байна. Жил бүр л билет шаглах юм. Энэ нь Бөхийн өргөөний бизнес байдаг юм уу, эсвэл шагчидаа дэмжсэн ажил уу. Арай л үнэтэй байна. Шаглахдаа хүртэл учиртай зарчихаж болдоггүй юм байх даа. Шагийн билет сайн зарагдахгүй байгаа харагдаж байна. 40 мянгаас жаахан хямдруулчихвал бөх үзчихмээр л байна. Бөх эхэлснээс хойш ядаж 30 мянган төгрөгөөр олдчих болов уу гэж бодож байна. Эхний нэг хоёрын даваа ч яахав явж л байг” гэж ярилаа.
Монголынхоо уламжлалт цагаан сарын бөхийн барилдааныг монгол эр хүн бүхэн үзэхийг хүсдэг ч билет олдохгүй, суудал хүрэхгүй гэх ийм зовлонтой шалтгаантай жил бүр нүүр тулдаг. Уг нь цагаан сарынхаа барилдааныг Буянт-Ухаа спорт цогцолбор зэрэг томоохон зааланд зохион байгуулаад, билетээ хангалттай борлуулсан бол сайн сан. Бөхийн өргөө 2500 хүний суудалтай ч 1.5 сая хүн амьдардаг Улаанбаатарын эрчүүд бөх үзэх болоход жижигдэж байгаа нь энэ.
Өнөө өглөөнөөс эхэлж бөхийн тасалбарыг Бөхийн өргөөний билетийн кассаар 20-25 мянган төгрөгөөр худалдаалсан бөгөөд иргэд шөнөөс эхэлж дугаарлаж байж арай гэж нэг тасалбар авцгаажээ. Гэхдээ дугаарласан хүмүүсийн тал хувь нь тасалбаргүй хоцорчээ. Учир нь шагчид тасалбарыг бөөндөөд авчихсан бололтой юм. Уг нь жил бүр шагчдад тасалбар бөөндөхгүй гэдэг ч Бөхийн өргөөний удирдлагуудын энэ үлгэр биеллээ олоогүй байгаа нь энэ.

Н. Ганболд-н зураг.

Н.ГАНАА

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт өнөөдөр ээлжит тулаанаа хийлээ

Монгол Улсын гавъяат тамирчин, Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр ээлжит тулаанаа хийлээ. Тэрээр энэ удаад Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жеминотой тулалдлаа. Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 KO), долоо ялагдаж, нэг тэнцэж байжээ. “The Disaster” буюу “Гамшиг” хочит Жхон Дамас Жемино чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчин юм. Тулаан АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17 600 хүний суудалтай ордонд болсон бөгөөд FOX USA, USA FOX Sports 1, USA Fox Espanol, United Kingdom Sky, New Zealand Sky, Panama Channel 4 ТВ сувгууд шууд дамжуулан үзүүлжээ. Ингээд түүний тулааныг хүргэж байна.

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон монголчуудад хандан цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Трамп болон америкчуудын өмнөөс бид хоёрдугаар сарын 27-нд гэр бүл хамаатан садан, найз нөхдөөрөө тэмдэглэх цагаан сарын баярыг тохиолдуулан монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Ирж буй жилдээ хөгжил дэвшил, амжилт бүтээлээр дүүрэн байж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосоны 30 жилийн ой тохиож буй энэ үед АНУ-Монгол улсын иргэдийн ойр дотно харилцаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга: Рекс Тиллерсон
Вашингтон хот

2017 оны 02 сарын 24

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтын монгол түмний баяр цагаан сард зориулан мэндчилгээ дэвшүүллээ

“Та бүхэн амар байцгаана уу? Элчин сайдын яамныхаа хамт олны нэрийн өмнөөс Арван долдугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилдээ аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!”

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ зурган илэрцүүд

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ. Өнөөдрийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр нар гаран барилдаж байна. Бөхчүүд Цагаан сарын барилдаанд наадмаас дутахгүй ач холбогдол өгч, аймаг аймгаараа бэлтгэлээ хийдэг. Өнөө жилийн хүчит бөхийн барилдаан хоёр цагийн өмнө ийнхүү эхэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дээрэм хулгайн гэмт хэрэг илрүүлэх 100 камер байрлуулжээ

Улаанбаатар хотод хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгийн судалгааг гаргаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор зөөврийн хяналтын камер байрлуулан ажиллаж байна.

Энэхүү хяналтын камерыг гэмт хэрэг үйлдэгдэх магадлалтай эмзэг цэгт өндөрлөг газар байрлуулсан ажээ. Дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийтдээ 100 гаруй хяналтын камерыг суурилуулж, түүний тусламжтайгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлж, үйлдэл дээр нь таслан зогсоож, гэмт этгээдийг түргэн шуурхай илрүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан талаар МЗК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин ингэж тайлбарлалаа

Монголын хамгийн баян хүнээр тодроод байгаа Монголын зэс корпорацийн эзэн Ц.Пүрэвтүвшин гэгч анх удаагаа цэнхэр дэлгэцээр “морилов”. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан процессынхоо талаар дэлгэрэнгүй ярьжээ. Хууль тогтоох байгууллагын дэд дарга нь хүртэл хайгаад олоогүй түүний ил гарсан шалтгаан нь ОХУ-аас авчирсан 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбоотой аж. Энэ талаар Ц.Пүрэвтүвшин чухам юу ярьсныг дараах бичлэгээс үзэж болно.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн даахь үргээх ёсон

Эмэгтэй хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, эрэгтэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээ гэсэн ёстой.

Ингэхдээ ихэвчлэн зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээнэ.

Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ.

-Энэ ёслолд хүүгийн /охины/ авга, нагац нар заавал байх учиртай. Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг ажээ.

Найр ёслолыг бага үдээс өмнө эхэлж, ивээл жилтнээр хүүгийн /охины/ үсэнд модон хутга хүргэн домноод дараа нь хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авна. Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан “урт насалж удаан жаргаарай, аав ээждээ ачтай, ахан дүүсдээ тустай, төрдөө үнэнч, түмэндээ хүндтэй сайн хүн болоорой” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үг хэлж, бэлэг сэлт өгнө. Ийнхүү ёслол найрын идээ зоог барьж ирсэн хүүхэд бүхэнд найрын хувь хүртээнэ.

Цээрлэх нэгэн зүйл: Үс гэзэгний сэвээ хамаагүй хаяхыг онцгой цээрлэдэг. “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг нь бас учиртай. Хээр гадаа хаясан сэвээр шаазгай мэт үүр барьдаг шувуу үүр бархидаа хэрэглэх учир зовлонд унагана хэмээн цээрлэдэг байна.

Categories
мэдээ цаг-үе

Зургаан залуу заан буюу цагаан сарын бөхийн өнгө

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №042 (5609), 045 (5612) дугаарт

Цагаан сарын барилдаанд 11 дараалан түрүүлсэн Бат-Эрдэнийг Сүхбат ерэн есөн онд баруун гараараа далавчлан гуядаж хаяснаар бөхийн нэгэн шинэ үе гарч ирснийг Монгол даяар зарлан тунхагласан юм. Жижиг Сүхбат Бат-Эрдэнэ аваргыг тэгэхэд анх удаа хаясан юм биш. Ерэн долоон онд байна уу даа, чансаа өндөр бөхчүүдийн тойргийн барилдаанд их аваргыг өөрийн хадам аав болох Баянаа аварга, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж нарын өмнө аваачиж байгаад уран гоё тонгорч хаясан. Спортын төв ордонд бөхийн барилдаан болдог байх тэр үед юм. Сар шинээр аваргыг анх хазайлгахад Бөхийн өргөө дүүрэн цугласан олон баяр хөөртөө бахдаж ядан оволзоод л босоод ирсэн сэн. Сар шинийн барилдаан гэдэг ийм л үүх түүх, өнгө жавхаатай олон түмний сэтгэлд үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.

А.Сүхбат тэр жил зургаагийн даваанд Одгэрэл зааныг тунаж долоогийн даваанд Цэрэнпунцаг заан (одоогийн гарьд)-ыг давж наймд Өсөхбаяр заан (дархан аварга)-ыг мөн л тунан давж түрүү үзүүрт Бат-Эрдэнэтэй үлдэж байв. Монгол бөхөд нэгэн үзэгдэл болсон зургаан залуу зааны үе эхэлсэн нь тэр байв. Тэр жилийн наадмаар Ганбат Балжинням аваргаар долоо давж заан болсноор зургаан залуу заан ид жагсаж ирсэн юм. Их шөвгийн наймд Бат-Эрдэнэ аварга Хатансайхан начинг, Балжаа аварга Мөнх-Эрдэнэ арсланг амласнаар зургаан зааны дөрөв нь буюу Цэрэнпунцаг, Гантогтох, Өсөхбаяр, Сүхбат нар тунаж үлдэж байлаа. Цэрэнпунцаг тэр гурваас Сүхбатыг амлаад тахимаа өгсөн. Сүхбатын шуугиан дэгдээдэг цагаан сараар Дорноговь аймгийн харьяат улсын начин Алтангэрэлийн Хатансайхан тун сайн барилдсан. Дашзэвэгийн Эрдэнэбат заанаар тав давж дунд шөвөгт шалгарахад нь үзэгч олон “Хатансайхан маань бараг л начнаа баталчихлаа” гэж инээд наргиан болгож байлаа. Залуу заануудын нэг Увсын Баруунтурууны Батжаргалын Ганбат ерэн найман оны сар шинийн барилдаанд улсын цолгүй байхдаа Өсөхбаяр заан, Мөнх-Эрдэнэ арслан нарыг өвдөглүүлж үзүүрлэн шуугиан тарьсан. Тэгвэл хоёр мянган оны цагаан сараар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, даншгийн алдарт Буянтоо аваргын удмын бөх Цэрэндашдоржийн Магалжав гэж шоволзсон цагаан залуу мөн л дуулианы эзэн болсон юм. Улсын цолгүй бөх тэрээр Баярсайхан заан, Балжаа аварга нарыг тав, зургаагийн даваанд өвдөглүүлж, Сүхбат зааныг долоогийн даваанд бариан зөрөөн дээр ард нь гарч давснаар үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Бараг л түрүүлэхээ алдсан. Бөх сонирхогч олон түрүүлснээс дутуугүй баярлаж, Магалжавыг дэмжиж хайрласан юм даг.

Хоёр мянга нэг онд Агваансамдангийн Сүхбат арслан цолтой хоёр дахиа түрүүлсэн. Өсөхбаяраар зургаа, Цэрэнпунцагаар тунаж долоо давж түрүү үзүүрт Сумъяабазартай үлдэж байгаа юм. Сумъяабазар нь болохоор Ганбат, Гантогтох нарыгаа дараалан тунаж даваад, их шөвөгт Бат-Эрдэнэ аваргыг унагаж, түрүү, үзүүрт гарч ирж байгаа юм. Ингэж л өнөө зургаа чинь хоорондоо гал маналзтал үзэж байлаа. Бөх судлаач, бөхчүүдийн хэлдгээр “Монгол үндэсний бөхийн барилдааныг урлаг болтол нь хөгжүүлсэн” тэдний барилдаан хэрхэн үзүүштэй, амттай болдгийг уншигч олон бүгд мэднэ. Хоёр мянгаад оны эхэн үеийн буюу залуу заанууд хоорондоо тамираа тасартал хүчийг үзсэн барилдааны бичлэгүүд “youtube”-ээр дүүрэн бий. Хоёр мянга нэг оны сар шинийн бичлэг ч бий. Сүхбат баруун хөлийг нь хонгодоод дайрахад Сумъяабазар дагуулаад тонгордог. Хоёулаа л тархиараа газар шаагаад унадаг. Гэвч Сумъяагийн толгой түрүүлж хүрсэн гэж үзсэн. Харин 2002, 2003 оны сар шинийн барилдаанд Долгорсүрэнгийн Сумъяабазар дараалж түрүүлсэн. Эхний жил уран барилдаанч начин Мижиддоржийн Жамънпүрэвээр тав, Өсөхбаяр, Сүхбат нараар тунаж зургаа, долоо даван түрүү, үзүүрт Ишдоржийн Доржсамбуу заан (одоогийн гарьд)-тай үлдэж түрүүлсэн бол дараа жил нь Гантогтохоор тунаж зургаа, Одгэрэлээр тунаж долоо даван Сүхбат аваргатай даагаа нэхэж барилдаад давж түрүүлсэн юм. Тэр жил Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат уран барилдаант начин Наранцэцэгийн Бүрэнбаатар Батзориг заанаар тунаж тав, Бат-Эрдэнэ аваргаар зургаа давж их шөвөгт шалгарч байсан удаатай. Тухайн үед зургаан залуу заанаас гадна Дамирангийн Бумбаяр, Ишдоржийн Доржсамбуу, Очирын Одгэрэл, Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн нарын хүчтэй заанууд, мөн Жамъянпүрэв начин ид үздэг байлаа. Энэ хэдийн дундаас шинэ залуу бөх дээшээ гарч ирнэ гэдэг үнэндээ амаргүй байсан. Тэдний хооронд хоёр мянгаад оны үеийн бөхийн барилдаан өрнөдөг байв.

2004, 2005, 2007 онын сар шинийн барилдаанд Гэлэгжамцын Өсөхбаяр аварга түрүүлсэн байдаг. Эхний жилээ түрүүлэхдээ Ганбат заан (арслан)-аар зургаа, Мягмарсүрэн заанаар долоо, Доржсамбуу гарьдаар найм давсан бол хоёр дахь жилээ мөн л Ганбатаар долоо, Сумьяабазараар найм давж түрүүлсэн нь бий. 2005 оны их шөвөгт Өсөхбаяр, Сумъяабазар, Ганбат, Чогсомын Батзориг энэ хэд үлдсэн бол 2007 онд мөн Өсөхөө, Сумъяа, Ганбат гуравтай Цэдэвийн Мягмарсүрэн заан шалгарч байх жишээний. Тэгээд л төрийн наадамд олонтаа үлдсэн жишгээрээ Сумъяа, Өсөхөө аваргууд түрүү үзүүр булаалдаж Өсөхөө аварга түрүүлж байсан. Хоёр мянга найман онд Ишдоржийн Доржсамбуу гарьд сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Дугардоржийн Батбаяр начин үзүүрлэв. Тэр жил түрүү үзүүрт баттай хүрнэ гэж ард түмний итгэл хүлээлгэж байсан Сумъяабазар аваргыг Завхан аймгийн Идэр сумын харьяат залуу бөх Жаргалсайхан (одоогийн гарьд) дотуур хутгаж, ар бөгсөөр нь суулган шуугиулж байсан удаатай. Ингээд хоёр мянга есөн онд Батжаргалын Ганбат мөн л анх удаагаа түрүүлж, бөхөд хайртай түмнээ баярлуулсан. Хоёр жилийн дараа тэрээр төрийн наадмын түрүү бөх болж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Ганбат арслан цагаан сарын барилдаанд ч, төрийн наадмын түрүү үзүүрт ч хоёуланд нь Өсөхөө аваргатай үлдэж давж байсан юм.

Ганбатыг улсын наадамд түрүүлэх Сүхбат аварга дээс тоглож байгаа охин шиг жигтэйхэн дээр үсэрч баярлаж буй нь тод харагддаг. Зургаан залуу заанаас ганцаархнаа бууриа сахин цолтойгоо хоцорсон түүнийг арслан боллоо хэмээн ард түмний баяр бахдалын нэгэн дүр зураг тэр болов уу. Ганбат арслангаас монгол бөхөд бас нэгэн шинэ үе орж ирсэн нь хоёр арван оны цагаан сараар хэмжигддэг. Тэр жил Санжаадамба гэх залуу До.Ганхуяг арслан, Өсөхөө аварга нарыг бараг л гарынхаа үзүүрээр нударчихаад салхилчихсан. Цэргийн арслан цолтой залуу тийнхүү сар шинийн барилдаанд түрүүлж нэгэн амжилт тогтоосон бол удаа ч үгүй Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Шарын Мөнгөнбаатар гэж залуу мөн л аймгийн арслан цолтойдоо түрүүлсэн юм.

Ингэж наяад оны дундуур эхээс мэндэлсэн Санжаадамба, Мөнгөнбаатар хоёр сар шинийн барилдаанд улсын цолгүй байхдаа түрүүлж байлаа. Санжаа нь өнөөдөр аварга цолтой, харин Мөнгөө нь аанай л аймгийн арслан хэвээр байх шив дээ. Эрхэмбаяр аварга, Рагчаа гарьд хоёрыг эс тооцвол хоёр мянга арван оноос хойших сар шинийн барилдаанд Сүхбаатарын Мөнхбат, Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Цэдэвийн Содномдорж гээд үе чацуутан буюу наяад оны залуучууд түрүүлээд байгаа. Рагчаа гарьдын түрүүлэх жил онгодтой сайхан барилдсан бөх бол Оргихын Хангай юм. Ховд аймгийн Буянт сумын уугуул, ээжийнхээ талаас Засагт ханы хөх харчуудын нэгэн алдарт Шаравын Батсуурь аваргын удамд хамаардаг тэрээр Мөнхбат аварга гээд бүгдийг дараалуулж орхиод түрүү үзүүрт гараад ирсэн. Яг Рагчаатай гардгийн даваан дээр Мягаа заан, Батзориг заан гээд нутгийн ах, багш нар нь очиж нэгийг зөвлөсөн. Рагчаад унаад өгчих өө, ийм залуудаа түрүүлбэл улсын өндөр цолонд хүрч чадахгүй гэх ухааны сургаал хэлсэн байж магадгүй. Дараа нь тийм таамаг бөх сонирхогчдын дунд байсан. Батзориг, Мягаа нар тэгж хэлсэн нь бас учиртай.

Тухайн цагт Санжаадамба заалны бүхий л барилдаанд түрүүлдэг хэрнээ улсын наадмын дөрвийн даваанд унадаг байв. Ямар сайндаа Давааням зааны хүү Лхагвадорж начинг “Санжаадамбын эрлэг” гэж байхав. Мөн Мөнгөнбаатар цолгүй бөх түрүүлээд улсад бас л хоёр, гурваас дээш давахгүй байсан. Энэ бүхнийг бодолцож Хангайг унаж өг гэж хэлсэн байж болох талтай. Цагаан сарын барилдаан ийм л яриа хөөрөөтэй болж тухайн жилийнхээ онцлогийг хадгалдаг. Харин хоёрхон хоногийн дараа болох “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан хэрхэн болох бол. Архангай аймгийн Булган сумын харьяат Рэнцэнбямбын Пүрэвдагва, Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгс гээд хоёр идэрхэн арслан байна. Өнгөрөгч жилийн наадмаас хойш, хэдхэн хоногийн өмнө болсон “Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит цагаан сарын сорилго барилдаан хүртэлх томоохон барилдаануудад ихэвчлэн түрүүлсэн. Тухайлбал, Пүрэвдагва наадмын дараахан болсон даншиг наадамд түрүүлж, даншгийн аварга цол, эзэн хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн шилдэг бөхчүүдийн барилдаан, мөн Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаан, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний ой зэрэг барилдаануудад түрүүлсэн бол Бүрэнтөгс Юмжаагийн Цэдэнбалын 100 насны ой, Их Монгол аваргын наадам зэрэгт түрүүлээд байна. Ер нь Пүрэвдагва бол Даш начинг өмсөж шидээд, Санжаа аваргыг дунгуйлдаж татаад гойд байгаа л даа.

Энэ хоёр арслангийн цаана өнгөрөгч жилийн наадмын 1024 бөхийг магнайлсан Санжаадамба аварга, хийгүй нягт барилдаантай Ховдын Пүрэвсайхан заан, сүүлийн зургаан жил төрийн наадамд тасралтгүй шөвгөрсөн амжилт үзүүлээд буй Гончигдамба гарьд, түрүү жилийн цагаан сарын тэргүүн бөх Содномдорж харцага, үймээн бужигнаан тарьж мэдэх Баасанхүү харцага, Эрдэнэбатын Даш начин гээд олон бөхчүүдийн нэр дурдагдана. Хорин хоёр насандаа төрийн наадамд түрүүлж халхын их хүчтэн Мөөеө аваргын түүхэн амжилтыг давтсан Энхтөгсийн Оюунболд арслан ч дээгүүр барилдаж таараа. Ингээд тааварлаад үзэхээр өнгөө жилийн цагаан сарын барилдаан үзүүштэй сайхан болох нь дамжиггүй юм.


Categories
мэдээ цаг-үе

Э.Жигмэддорж: Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай Ловон ширээтийн эрдэм чадлын талаар өөрт тохиолдсон явдлыг дурссан байдаг

Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддоржтой ярилцлаа.


-Наймдугаар Богд гэгээнтнээ сунтаг айлтгаснаар Галсангийн Рэнцэндоржийг Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны ширээт ламын дөрөвдүгээр дүрээр тодруулсны 120 жилийн ой тохиог тэмдэглэн өнгөрүүлсэн юм байна. Ловон ширээт ламын үүх түүхээс яриагаа эхлэх үү. Та энэхүү ялгуусан эрдэм чадалтай хүний тухай ном бүтээл гаргажээ?

-Тэгсээн, ноднин “Хошуу даасан хувилгаан лам” (Ловон ширээт Рэнцэндоржийн намтрын балархайг тодруулахуй) нэртэй судалгааны ном гаргаж, нутгийн олны хүсэлт, дэмжлэг, Ловон ширээтийн удам судрын хүмүүс төрөл садныхны оролцоотойгоор Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны туурь дээр энэ алдарт ламын суваргыг босгосон. Судалгааны явцад бид Ловон ширээт судлалыг бас урагш ахиулж, тэр алдарт хүний төрсөн болоод тодруулсан, Ловон ширээтээр заларсан он зэргийг архивын баримт сэлтэд тулгуурлан зөв тогтоож, цаазлуулсан гэж үздэг байсныг залруулж хөдөө нутагтаа өөд болсныг нь тодруулсан юм.

-Ловон ширээт лам хошуу нутгаа даасан хосгүй эрдэм чадалтай хувилгаан байсан гэдэг. Энэ хүний тухай ярихаар мэдээж Бишрэлт гүн Сундуйн тухай, мөн цаашлаад Түшээт ханы тухай дурсаж таарах нь?

-Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Хүрээ нь нэр эрдэм ном төгс, анагаах увдис чадварыг биедээ нэвт шингээсэн нэр алдар бүхий олон тооны маарамба нартай байснаараа онцлог юм. Хошууны хүрээ хийдэд шавилан сууж байсан С.Цэрэндагва лам Хүрээний маарамба нарын тухай “Манай нутаг олон сайхан маарамбатай байсан юм шүү. Сосоржав гуай бол Хүрээний толгой маарамба байлаа. Хүрээний мамба дацанг тэргүүлдэг байсан. Авзага хайрхны ар Уртын хүн. Миний мэдэх маарамбууд гэвэл Сосоржав, Балдан, Бат, Цэвэл, Жавзмаа гавж маарамба, Гэцлэн аймгийн хоёр Гомбожав буюу бор Гомбожав, бага Гомбажав, Цэдэвбазар, Чог, Раднаабазар, Пүрэв (шар), Далхжавын Сандагжав, Сэдэд, Гочоо, Х.Чимэд-Осор, тарган Банзар, халбага Дорж, Чойдорын Алтангэрэл нар юм. Одоо бол манай нутаг олон эмчтэй байгаа юу даа. Гол нь орон нутагтаа эмч нараа бэлтгэдэг байжээ” хэмээн бахархан ярьж байсан нь үүний нэгэн баталгаа билээ. Бишрэлт гүн Сундуйн хувьд ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэнд өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн түүхэн зүтгэлтний нэг юм. Тэрбээр Чингис хааны алтан ургийн тайж гаралтай, албан бичигт өгүүлснээр “…төрөлхийн цэцэн ухаантай, монгол бичигт боловсорсон…” язгууртан байсан бөгөөд түүний намтар, үйл ажиллагаа өнөөг хүртэл судлаачдын анхаарлыг татсаар байна.

Ловон ширээт хувилгаан ламын тухай олон хууч яриа тархсан байдаг. Тэр бүхнээс түүхч Дамбын Доржсүрэн гуай олж сонссоноо эмхэтгэн “Ловон ширээт” гэдэг товхимол гаргаж байсан. Бид бас хэд хэдийг олж нэмсэн. Сонирхолтой нь Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай “Бохоодой Зундуй” гэж хүн Ловон ширээтийн эрдэм чадлыг өөрт тохиолдсон явдлаар дурсан өгүүлснийг Ц.Дамдинсүрэн гуай сийрүүлэн бичиж аваад дор нь Ш.Гаадамба ярив гэж бичсэн баримт олдсоныг дээрх номд оруулсан.

-Ширээт ламын эрдэм чадлын тухай домог түүх шиг л яригддаг. Хамбын ямба, ном билэгт гэдэг бол зүгээр ч нэг хүнд олгочихдог цол хэргэм биш байх. Энэ тухай та тодорхой ярихгүй юу?

-Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны хамбын ямба, номч билэгт, дөрөвдүгээр дүрийн Ловон ширээт Галсангийн Рэнцэндоржийн намтар, түүхэнд холбогдох баримт Монгол Улсын Үндэсний төв архив, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив болон “Монгол улсын шастир” зэрэг түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг юм. Сурвалжид тэмдэглэснээр Ловон ширээтийн хоёр, гурав, дөрөвдүгээр дүрийг хошууны ноёд, лам нараас Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад сунтаг айлтгаж, Богд гэгээний лүндэнгээр тодруулж байжээ. Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бээр Бадаргуулт төрийн XXI (1895) оны хөхөгчин хонь жил Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Галсангийн хөвгүүн Рэнцэндоржийг ловон ширээт ламын дөрөвдүгээр дүр мөн хэмээн айлдаж, тамгагүй хутагтаар өргөмжилсөн бөгөөд тухайн үед Рэнцэндорж хөвгүүн таван настай байжээ. Энэ тухай албан бичигт: “…хойд дүрийг Бадаргуулт төрийн хорин нэгэн (1895) онд Богд гэгээнээ сунтаг шүүсэнд нэг биш хэд хэдэн хүүхэд тохирсон тул тэдний нэрийг цаасанд алт буюу мөнгөн бумбанд хийж савхаар шового татсанд (сугалаа сугалах мэт) Галсангийн Ринчиндоржийг ловон ширээт мөн хэмээв. Дөрвөн үе залав” гэжээ.

Ловон ширээт хувилгаан 1902 онд Богд Жавзандамба хутагтад Халхын дөрвөн аймаг, шавь таван газар Бат-Оршил өргөхөд бараалхан мөргөсөнд Богдоос түүнд хамбын ямба, соном хадаг шагнасан ба мөн онд Гүмбүм хийдэд ном хуруулан буян үйлдэж, Гүмбүм сүмийн хамба ламаас шар шүхэр, дадар бэлгэнд авчээ. Баримтад бичсэнээр “…Бадаргуулт төрийн XVII онд Гүнбум хийдэд хурал хуруулж, буян үйлдсэн тухай Гүмбум хамбаас шар шүхэр, дадар, барсын сүүл хос дайгаар шагнан өгчээ. Мөн онд Очирдара Богд гэгээнтнээ дөрвөн аймаг, шавь таван газраар Бат-Оршил /21б/ өргөхөд бараалхан мөргөх тухайд Ринчиндоржид хамба ямба, соном хадаг шагнажээ”.

Архивын баримтаас үзвэл, Рэнцэндорж хувилгаан бээр хамбын ямба, номч билэгт цолтой, ловон тушаалтай, ширээт лам байв. Тухайлбал, Үндэсний Төв Архивт буй Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны 1918 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын бүртгэлд “Манай хошууны хамбын ямба, номч билэгт ловон ширээт хувилгаан Рэнцэндорж” хэмээн бичсэн нь үүний баталгаа юм.

-Нэрт түүхч Д.Доржсүрэн “Ловон ширээт” ном бичиж, уг хүний тухай судлалыг эхлүүлжээ. Улсын төв архивын хөдөлшгүй баримт, Богд хааны бадаргуулт төрийн зарлиг зэргийг тодорхой гаргасан байна лээ. Энэ тухайд ярихгүй юу.

-Ловон ширээтийн талаарх судалгааны явцад бид түүхч Д.Доржсүрэн гуайн өөрийн гараар хийсэн Бишрэлт гүний хүрээний тойм зургийг хувийн архиваас нь олсон. Доржсүрэн гуай өөрөө багадаа хүрээндээ цөөн жил шавилан сууж байсан юм билээ. Уг зурагт Сундуй гүн, Ловон ширээтийн өргөө ойролцоо байсныг дүрсэлсэн байдаг. Энэ бол Хошуу ноён, Ловон ширээт хоёр ойр дотно харилцаатай байсныг гэрчлэх наад захын баримт.

Ширээт ламын хоёрдугаар дүр Гончигийн Лувсандэндэв, гуравдугаар дүр Жаргалын Ёндондорж, дөрөвдүгээр дүр даруй Галсангийн Рэнцэндорж юм. Энэ тухай “Монгол улсын шастир”-т “Жанч халсны хойно хоёрдугаар үеийн хувилгааныг VII Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Гончигийн хөвгүүн Лувсандэндэв мөн хэмээн зааж айлтгаснаар мөн сүмд залж шашин амьтнаа ихэл тустай явж жанч халсны хойно гуравдугаар үеийн хувилгааныг VIII Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Жаргалын хөвгүүн Ёндондоржийг (21а) мөн хэмээн зааж айлтгаснаар мөн сүмд залжээ. Жанч халсны хойно дөрөвдүгээр үеийн хувилгааныг Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Галсангийн хөвгүүн Ринчиндоржийг Лонбумба ширээт мөн хэмээн зааж айлтгаснаар харьяат сүмд залж шашин хурлыг дэлгэрүүлэн суулгажээ” гэсэн байна. Эндээс Бишрэлт гүний Хүрээний үе үеийн ловон ширээт хувилгаан нь “шашин амьтнаа тустай”, “шашин хурлыг дэлгэрүүлэн явж”, сүсэгтэн олон түмнийг буян номын үйлээр тэтгэж байсныг харж болно. Нутгийн ард олны дунд ловон ширээт хувилгааныг “өндөр дүр”, “номч дүр”, “догшин дүр”, “тарган дүр”, “хайлдаг дүр” хэмээн цээрлэн нэрлэж байсэн гэдэг.

-Ловон ширээт ламын судлал амжилттай үргэлжилж байгаа юу?

-Ловон ширээт хувилгаан бол сүм дуганы дотор тусгайлан зассан арслант ширээнд залран хурал номын үйлийг удирдаж, Хүрээ хийд, ард олны дунд үлэмж нэр хүндтэй, хошуу даасан хувилгаан лам, мэргэч төлгөч, үзмэрч хүн байжээ.

Нутгийн ард олны дунд ам дамжин ирсэн хууч яриа, домог зэргээс үзэхэд хувилгаан бээр анх тодорсон үеэс жанч халах хүртлээ номын хүчээр олон түмэнд буян үйлдэж, хүмүүний итгэл бишрэлийг хүлээж, шавь нартаа дотоод сэтгэлийн ариусал, гэгээрэл, амар амгаланг мэдрүүлж, өвчин зовлон, гай түйтгэрээс авран хамгаалж байсныг олон жишээгээр өгүүлж болно.

Ловон ширээт өргөөндөө заларч байгаа сургаар хошууны сүсэгтнүүд ном хуруулах, сан тавиулах, сэржим өргүүлэх, уул овоо тахих, мэргэ төлгө тавиулах зэрэг олон зүйлийн арга засал хийлгэхээр хувилгаанд бараалхан адис хүртэх бөгөөд үргэлжид хөл ихтэй байсан тухай нутгийн буурлууд хуучилдаг юм.

Монголын буддын шашны түүхээс үзэхэд, сүсэгтэн олон буян хураахын тухайтад арван хар нүглийг цээрлэхийн сацуу бурхан шүтээнд өргөл, лам хуврагт өглөг өргөж, бурхан маанийн хүрд, номын бар, суварга бүтээж байжээ. Энэ лугаа адил Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний Хүрээний туурин дээр сүсэгтэн олны дэмжлэгээр хошуу даасан хувилгаан лам ловон ширээтийн суварга босгосон, цаашид шашин соёлын дурсгалт газар, цэцэрлэгт хүрээлэн болгож өргөжүүлэхэд нутаг орныхон анхаарч байгаа. Ловон ширээт судлалын тухайд цаашид Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу төдийгүй Эрдэнэ дайчин вангийн хошуу, Жонон гүний хошуу, Үйзэн гүний хошуу, Хатанбаатар вангийн хошууны үүх түүхийг судлах замаар судалгааны хүрээг улам өргөжүүлэх бололцоотой гэж бодож байна.