Эрдэнэс Монгол, МАК компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлээр ажиллах “Эрдэнэс Ашид” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурж, уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулав.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрдэнэс Монгол компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Дэд захирал О.Одбаяр, Дэд захирал Г.Ганболд, Монголын алт корпораци (МАК)-ийг төлөөлж Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт, Дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нар оролцлоо.
“Эрдэнэс Ашид” хамтарсан компани нь хайгуул, судалгааны ажил хийгдсэн болон хийгдээгүй эрдсийн хуримтлал бүхий талбайд геологийн эрэл-үнэлгээ, нарийвчилсан хайгуулын ажил эрхлэх, орд газрыг түшиглэн ашигт малтмалыг баяжуулах болон олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Монгол Улсын хэмжээнд судлагдаагүй ашигт малтмалын асар их нөөц бололцоо байгаа. Эдгээр эрдэс баялгийг судалж, эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах, ордын нөөцийг тооцоолох, үнэлгээ өгөх чиглэлүүдэд үндэсний тэргүүлэгч компани Монголын Алт Корпорацитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Уул уурхайн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулсан нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бий болгоход чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
“Эрдэнэс Монгол” компани нь 2016 оноос эрчим хүчний Шивээ Энержи цогцолбор төсөлд нүүрсний нөөц бүрдүүлэх зорилгоор “Шинэ Шивээ” компанитай хамтарсан “Эрдэнэс Шивээ Энержи” компанийг байгуулан ажиллаж байгаа юм.
Монголын алт корпораци (МАК) нь металл, ашигт малтмалын чиглэлээр эрэл хайгуулын ажлыг нарийвчлан хийж, шинээр орд илрүүлж, нөөцийг тогтоох, ордын нөөцийг нэмэгдүүлэх, геологийн мэдээлэл цуглуулах, хянах, боловсруулах ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (JORC, CIM) стандартад нийцүүлэх зэрэг чиглэлээр ажилласан арвин туршлагатай, геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хөрөнгө оруулалттай тэргүүлэгч компани юм.