Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дарга Х.Энхжаргал Канадын Элчин сайд Эд Жэйгарыг хүлээн авч уулзжээ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эд Жэйгар-г өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны талаар танилцуулаад өнгөрсөн онд Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог бүх чиглэлээр түлхүү нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа талаар танилцуулж, Канад улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Азийн сангийн төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйд талархал дэвшүүлэв.

Ноён Эд Жэйгар Канад улс, Монгол улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд, Авлигын эсрэг үндэсний чуулган амжилттай болсон талаар онцолж цаашид Авлигатай тэмцэх газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчид сайд Эд Жэйгар цаашид хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүний амь хөнөөгөөд шатаасан хэрэг гарчээ

Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн баруун урд далангийн орчим дулааны шугам дамжуулах хоолойд гал гарч, хүн нас барсан хэрэг гарчээ.

Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгахад тодорхой оршин суух хаяггүй Э /эм.40н/, Б /эр.48н/ нарыг БЗД-10 хороонд суух Б /эр.28н/, Э /эм.32н/ нар нь согтуурсан үедээ амь насыг нь бүрэлгэж, улмаар шатаасан байх магадлалтай тул цагдаагийн байгууллага дээрх этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн болно

ОБЕГ-ийн Марш, тусгай бэлтгэл зурган илэрцүүдНийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний гол зорилго нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Тэмцээн жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгт тамирчид эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зарим ЭСЯ, Консулын газрыг түр хугацаагаар хаалаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Индонези Улс болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав.

Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараа сэргээн ажиллуулах аж. Одоо тус дипломат төлөөлөгчийн газруудыг түр хаахтай холбогдсон арга хэмжээг олон улсын харилцаанд тогтсон хэм хэмжээ, холбогдох зохицуулалтын дагуу зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ариутгал хийж явна гэх нэрийдлээр дээрэмдэх гэж байжээ

Өөрийгөө “ариутгал хийж явна” хэмээн танилцуулж айлд нэвтрэн дээрэм хийхийг завдсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, 25 настай М гэгч нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өдрийн цагаар бага насны хүүхэд, хөгшид зэрэг биеэ хамгаалах чадваргүй иргэдийг хуурч мэхлэн дээрэмдэх гэж байсан байна. Түүний гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн саатуулжээ.

Иргэдийг сууц өмчлөгчдийн холбооноос явж байна, ариутгал цэвэрлэгээ хийнэ гэх мэт худлаа ярьж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Categories
мэдээ нийгэм

Сүм, хийдийн барилгуудын аюулгүй байдлыг шалгаж байна

Сар шинийн баярын аюулгүй байдлыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг өчигдрөөс эхлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Шалгалтаар Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын ажилтан, иргэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмчихлээ

“Петровис”, “Шунхлай” зэрэг компаниуд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн шатахууны үнийг төрөл тус бүрт 100 орчим төгрөгөөр нэмээд байгаа билээ. Тухайлбал, АИ92 бензин 1,625 төгрөгт хүрсэн байна. Уг нь Засгийн газраас шатахууны импортын татварыг бууруулж, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс уг асуудалтай холбогдуулан өчигдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл гаргасан байна. Уг мэдээлэлд “Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өссөн. Ингээд шатахууны импортын үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамд 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн. Тиймээс Засгийн газрын тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллараар өссөн байна. Тиймээс шатахууны зарим компани хоёрдугаар сараас эхлэн шатахууны үнийг литр тутамд 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ашигт малтмалын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулж ажиллаж эхэллээ” гэх мэдээллийг өгсөн.

Тиймээс дээрх асуудалтай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагватай ярилцлаа.


-Зарим компани шатахууны жижиглэнгийн үнээ нэмсэн асуудал гарлаа. Үүнийг танай байгууллага шалгаж байна уу. Энэ талаар хэрэглэгчдээс санал, гомдол ирсэн үү?

-Сүүлийн хоёр, гурван өдөр шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдээс нэлээд гомдол санал ирж байна. Энэ асуудалд бид анхаарч ажиллаж байна. Саяхан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ахлуулсан үнэ тогтворжуулах зөвлөл шатахууны үнийн асуудлыг хэлэлцээд шатахууны импортын жижиглэнгийн үнийг нэмж болохгүй гэж тохирсон.

Харин алдагдалтай ажиллаж буй зөрүүг нөхүүлэх журмаар импортын онцгой татварыг бууруулах зөвлөмжийн дагуу Засгийн газар импортын шатахууны албан татварын хэмжээг бууруулсан шийдвэр гаргасан. Шатахууны үнийг тогтвортой байлгах, хяналт тавих ажлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон ШӨХТГ-т үүрэг болгосон. Тиймээс бид хяналт тавьж ажиллаж байна. Гэвч зарим компаниуд шатахууны жижиглэнгийн үнийг өнгөрсөн өдрүүдэд 50-150 төгрөгөөр нэмсэн байна. Манайх энэ асуудлыг шалгахаар улсын байцаагчдаа томилон ажлын хэсэг гаргаж, ажиллаад эхэлсэн. Мөн өнөөдөр би шатахууны компанийн эздийг дуудаж дураараа үнэ нэмсэн шалтгааныг тодруулж, үнийг хуучин үнэд нь оруулах шаардлага тавилаа. Дэмжлэг үзүүлээд байхад үнэ нэмэх асуудал байж болохгүй. Бүх бүтээгдэхүүний үнэ өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учраас, дураараа үнэ нэмэх асуудал байж болохгүй. Энэ бол үнэхээр хариуцлагагүй зүйл боллоо.

-Шатахууны үнэ нэмэх гол шалтгаан юу байв?

-Үе үеийн Засгийн газар шатахууны үнийн онцгой татварын хөнгөлөлт зээл тусламж зэрэг арга хэмжээг авсаар ирсэн байдаг. Гэтэл дураараа үнэ нэмсэнд харамсаж байна. Ямартай ч ажлын хэсэг албан ёсоор үнэ нэмсэн шалтгааныг шалгана. Үнээ буулгаж, хуучин үнэд нь оруул гэдэг шаардлагыг шатахууны компанийн эздэд тавиад байна. Шатахууны жижиглэнгийн үнийг Засгийн газар барьж байгаа. Эдийн засаг хүнд байгаа өнөө үед засгаас зохицуулалт хийсээр байгаа. Зохицуулалт хийсээр байтал зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмчихлээ. Энэ нь зохион байгуулалттай улс төрийн явуулгатай ажил байх вий гэж эмзэглэж байна. Манайхан баяр ёслол, сонгууль дөхөхөд аливаа бүтээгдэхүний суурь үнийг хөдөлгөдөг. Яагаад гэвэл томоохон аж ахуйн нэгжийн ард улстөрчид байдаг. Тиймээс бид маш сайн хяналт тавьж, торгууль шийтгэлийг ногдуулж ажиллана. Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байхад үнээ нэмж байгаа нь ард түмнийг төрд итгэх итгэлгүй болгох ажил байж болно. Тиймээс энэ байгууллагуудын эздийг судалж шалгана. Үнэхээр үнэ нэмэх асуудал байгаа бол саналыг нь хүлээн авч ярилцана. Шатахууны компаниуд туйлын хариуцлагагүй зүйл хийлээ.

-Шатахууны компаниудын эзэд шатахууны үнэ нэмсэн асуудлаа хэрхэн тайлбарлаж байна вэ. Шатахууны компанийн эзэд хоорондоо тохироод үнээ нэмсэн байна уу?

-Баруун, зүүн аймгуудын хилээр орж байгаа шатахууны онцгой татварыг тэглэчихсэн байгаа. Цаашдаа хилийн үнэ нэмэгдэх асуудалтай байгаа гэдэг тайлбар тавьж байна. Өнөөдөр нэмэгдээгүй учраас энэ тайлбарыг бид хүлээж авахгүй. Тохирсон, хуйвалдсан гэдгийг хэлэхэд эрт байна. Бид шалгаж байгаа. Тийм байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр нэг газар нь “Шунхлай”, нөгөө нэг газарт нь “Петровис” бас нэг газар “МТ” гэх жишээгээр зөрүүлж үнээ нэмсэн асуудал ажиглагдсан. Өнгөрсөн хугацаанд шатахууны компаниуд үнэ нэмнэ гэдэг асуудлыг тавьсаар ирсэн. Гэхдээ энэ удаа ийм санал тавиагүй хэрнээ гэнэт үнээ нэмсэн. Тэгэхээр удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор, санаатайгаар иргэдийн бухимдлыг нэмэгдүүлэх гэж байгаа нэг арга гэж ойлгож болохоор байна. Санал тавиагүй хэрнээ ингэж байна гэдэг төрийг иргэдтэй харшуулах гэж байгаа зүйл юм биш биз. Үнэхээр үнэ нэмэхээс өөр аргагүй болсон бол асуудлаа холбогдох газарт тавих хэрэгтэй. Шатахууны компаниуд үнээ нэмэхгүй бол дампуурахаар тийм хүнд байдалд лав ороогүй. Бид сайтар судалж байж хэлдэг.

-Манай улс цаашид газрын тосны үйлдвэр барьчихвал шатахууны үнэ өсөх асуудлаас айхгүй болох болов уу?

-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам газрын тосны үйлдвэр барина гээд санал тавиад яваад байгаа. Барих газар нь олдохгүй байна уу, эсвэл ямар шалтгаантай байна, одоохондоо ажил хэрэг болоогүй л байх шиг байна. Манайх Орос, Солонгос зэрэг гадны улсаас шатахуунаа импортолж байна. Аюулгүй байдлын хүрээнд ч гэсэн дотооддоо үйлдвэртэй болчихвол сайн. Ер нь үйлдвэрүүд бий болгох замаар аливаа салбар хөгжинө.

-Хууль бусаар шатахууны үнэ нэмсэн компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

-Хууль бусаар нэмсэн тохиолдолд өрсөлдөөний тухай хуулийн дагуу торгууль шийтгэл тавина. Шалтгалтын дүнгээс хамаарч ямар хариуцлага үүрүүлэх нь тодорхой болно.

-Дүнжингарав худалдааны төв түрээсийн үнээ нэмсэн байна. Үүнтэй холбоотой санал, гомдол танайд ирэв үү?

-Одоогоор ирээгүй байна. Түрээслэгч, түрээслүүлэгчдийн хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдээр зохицуулагдах ёстой. Тиймээс ойлголцож, зохицож ажиллах хэрэгтэй. Хэрэв гомдол ирвэл хэрэглэгчийн өрсөлдөөний хулиар хохироосон зүйл байна уу гэдгийг шалгана.

-ШӨХТГ сүүлийн үед ямар, ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна вэ. Ихэвчлэн ямар гомдол иргэдээс их ирж байна?

-Манайх хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг, бизнес эрхлэгчдийг дэмждэг байгууллага. 2017 оны хувьд бид хэрэглэгчийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг зорилтыг гарган ажиллаж байгаа. Ганцхан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага биш. Хэрэглэгч, аж ахуйн нэгж, төр засгийн гурвалсан холбоог сайжруулахад анхаарна. Сүүлийн үед Сууц өмчлөгчдийн холбоо, худалдааны төв дэлгүүр, үүрэн телефон зэрэгтэй холбогдолтой гомдол санал их ирж байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд 100 гаруй санал гомдол ирсэн. 2012 онд намайг ажиллаж байхад гардаг байсан гомдлууд ч гарсаар байгаа. Тиймдээ ч иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс хэвлэл мэдээлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тиймээс хийж байгаа ажил болон хууль тогтоомж хэрэглэгч та юун дээр анхаарах вэ гэдэг асуудлыг хэвлэлийн байгууллагуудаар дамжуулан өгч байгаа зэрэг нэлээд олон ажлыг шинээр хийж хэрэгжүүлж байгаа гэв.

Өнгөрсөн өдрүүдэд хамгийн түрүүнд “Шунхлай”, “Петровис” шатахуун түгээх станцууд шатахууны үнээ нэмсэн байлаа. Тухайлбал, “Шунхлай” групп нийслэл болон хөдөө орон нутгийн салбартаа шатахууны жижиглэнгийн үнээ нэмжээ. Гэхдээ зарим салбартаа үнээ хөдөлгөөгүй юм билээ. “Шунхлай” групп шатахууны үнээ зарим салбарт нэмсэн шалтгаанаа тайлбарлах боломжгүй, ихэнх салбартаа хуучин үнээрээ борлуулж байгаа гэдэг тайлбар өглөө. Өчигдөр “Сод Монгол” шатахуун түгээх станцад Аи92 -1530, Аи95-1730, “Шунхлай” шатахуун түгээх станцад Аи95-1720, Аи92 -1510, “Жаст ойл”-д Аи95 -1730, Аи92 -1530 төгрөгийн үнэтэй байлаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Ээжүүд болон малчдын нийгмийн хамгааллыг сайжруулсан хоёр хуулийн төсөл батлагдлаа

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.



ХҮҮХДЭЭ ГУРВАН НАС ХҮРТЭЛ НЬ ГЭРТЭЭ ХАРСАН ЭЭЖҮҮДИЙН НДШ-ИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ

-Өнгөрсөн долоо хоногийн уиХ-ын нэгдсэн чуулганаар таны өргөн барьсан тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хоёр хуулийг баталлаа. Хуулийн гол ач холбогдол юу вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулж батлууллаа.Хууль батлагдсанаар хэд хэдэн асуудал шийдэгдэж байгаа. Ялангуяа олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулах тал дээр тодорхой арга хэмжээ авахаар болсон. Тухайн ээжийн төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцдог байх, хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг нь тасалдуулахгүй төлнө. Ингэснээр ажилласан жил тасалдахгүй. Мөн даатгуулсан хэлбэрээс үл хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэврээ бүрэн авдаг байх гэхчилэн олон хуулийн заалтыг оруулж өглөө.

-Гэртээ хүүхдээ харж буй ээжүүдийн НДШ-ийг улсаас төлөхөд хэдий хэрийн хөрөнгө зарцуулах бол?

-Төсөвт зохих хэмжээний ачаалал өгөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ талууд санхүүгийн ачааллаа жигд хариуцах учраас дан ганц төсөвт ачаалал өгөхгүй. Хүүхдээ гэртээ гурван нас хүртэл харж буй ээжүүдийн НДШ-ийг ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас төлнө. Харин огт ажил хөдөлмөр эрхэлдэггүй ээжүүд бий. Тэдний НДШ-ийн тал хувийг төр хариуцахаар болж байгаа. Үлдсэн хувиа иргэн өөрөө төлнө. Нэг ёсондоо ажил олгогч, төр, иргэн, Нийгмийн даатгалын сан дөрвүүлээ ачааллаа жигд хуваах юм.

-Уг хууль хэрэгжээд эхлэхээр тав ч юм уу арван жилийн дараа төрөлт нэмэгдэнэ гэсэн судалгаа бий юү?

-Төрөлт хэрхэн нэмэгдэх вэ гэсэн нарийвчилсан судалгаа хийгдээгүй. Гэхдээ ээжүүдийн нийгмийн баталгаа сайжраад олон хүүхэд төрүүлсэн хөдөлмөрийг нь бодитоор үнэлээд ирэхээр төрөлт нэмэгдэнэ гэж бодож байгаа. Нийгмийн хамгаалалтай холбоотой арга хэмжээ хэрэгжүүлэхээр төрөлт нэмэгддэг судалгаа байдаг юм билээ.

МАЛЧИД НДШ-ЭЭ ТӨЛЖ БАЙГААГҮЙ БОЛ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

-Малчдын тухайд мөн олон боломжийг нээж өгсөн биз дээ?

-Аль ч Их хурлын үед малчдын нийгмийн асуудал орхигдчих гээд байдаг байсан. Тиймээс хатуу ширүүн уур амьсгалд ажиллаж, амьдарч буй малчин түмнийхээ хөдөлмөрийг бодитой үнэлэхийн тулд нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлуулсан. Байгалийн хатуу ширүүн нөхцөлд жилийн дөрвөн улиралд мал малладгаас хамаараад малчдын дундаж наслалт, төв суурин газрын иргэдийн дундаж наслалтаас харьцангуй доогуур байдаг. Үүнтэй холбоотойгоор малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах шаардлагатай байна гэж үзсэн юм. Мөн өнөөдөр улсын хэмжээнд 1.1 сая ажил хөдөлмөр хийж буй хүн бий. Үүний 47 хувийг нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд эзэлж байгаа. Тэгсэн атлаа нийгмийн даатгалын төлөлтийг нь аваад үзэхээр малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Ерөнхийдөө малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80-90 хувь нь үндсэндээ нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Ахмад, өндөр настан болсон хойноо Нийгмийн хамгааллын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсэхгүй, ирээдүйн нийгмийн баталгаа нь алдагдах нөхцөлтэй байгаа. Ийм учраас малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломжийг олгосон хуулийн зохицуулалттай болчихлоо.

-Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулахаар мөн төсөвт ачаалал ирнэ биз дээ?

-Мэдээж хэрэг ачаалал ирнэ. Гэхдээ малчдын төлөөгүй байгаа НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэхээр 200-300 орчим тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд төвлөрөх байх гэсэн тооцоо бий. Энэ хөрөнгөнд зөв менежмэнт хийгээд өсгөж чадвал малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулсан ч гэлээ төсөвт ачаалал өгөлгүйгээр шийдэх боломжтой.

-Алдар цолтой ахмадуудад нэмэлт хөнгөлөлт олгоно гэсэн. Энэ хуулийн талаар?

-Засгийн газраас ахмад настнуудтай холбоотой хоёр хуулийн төсөл оруулж ирсэн. Нэг нь Ахмад настны тухай хууль. Энэ хууль батлагдсанаар ахмадууд маань ахмад сургагч багш болж байгаа юм. Тэдний мэдээллийг бүрдүүлсэн мэдээллийн сантай болж хүсэл сонирхол, мэдлэг, мэргэжил, чадварт тохирсон хөдөлмөрийг санал болгож байх юм. Мөн залуу үедээ сургаал, туршлагаа хуваалцах ажлууд зохион байгуулна. Мөн шүдний протезын хугацаа таван жил байсныг гурав болголоо. Алдар цолтой ахмадуудад нэмэгдэл хөнгөлөлт олгоно. Үүний дагуу гавьяат цолтой ахмадууд маань сар бүр 150 мянган төгрөг авна.

-Оффшорын хуулийн тухайд гишүүд янз бүрээр байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд энэ хуулийн төсөл дээр ямар бодолтой байгаа вэ?

-Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийн ерөнхий агуулга, зарчмыг нь дэмжиж байгаа. Ер нь улстөрчид болоод төрд зүтгэж, албан тушаал хашиж байгаа хүн бол тэр татваргүй бүс буюу оффшорын бүсэд данс эзэмших ёсгүй. Гэхдээ одоо УИХ-д хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн томьёоллыг нь харахаар санал нийлэхгүй асуудал байна. УИХ дээр Засгийн газраас орж ирээд хэлэлцэгдсэн хуулиар бол нэлэнхүйд нь буюу гадаад улсад данстай байхыг хориглох гээд байгаа юм. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Нэг төрийн албан хаагч байлаа гэхэд хүүхэд нь гадаад орны тэтгэлэгт хамрагдаад гадагшаа сургуульд сурч болно. Бас манай улсаас эрүүл мэндийн асуудлаар гадагш, дотогшоо явдаг улсууд байж л байдаг. Тэд бас хязгаарлагдчих гээд байгаа юм.

-Тэгвэл яах ёстой гэж?

-Ерөөсөө гадаад улсад дансгүй бай гэж хориглохгүйгээр харин яг тэр татваргүй бүс буюу татвараас зугтдаг, хууль бусаар олсон орлогоо нуудаг оффшор бүсдээ данстай байхыг нь хориглоё гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Мөн Засгийн газраас орж ирсэн саналд зөвхөн тухайн төрийн албан хаагчийг гадаад улсад данстай байхыг нь хориглочихсон. Цаана нь үр хүүхэд, ах, дүү нь данстай байх нь нээлттэй байгаад байна.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Ариунжаргал: Сүүлийн үед нялх хүүхдүүд комбинзоны хатгаа их тусч байна

Ардын уламжлалт “Наран М” эмнэлгийн их эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.


-Сүүлийн үед уушгины хорт хавдрын тархалт нэмэгдэж, уушгитай холбоотой өвчин дэгдэж байгаа юм байна?

-Уушгины хорт хавдрыг үүсгэхэд нөлөөлдөг тодорхой гол хүчин зүйлүүд бий. Нэгдүгээрт, хувь хүний онцлог гэж бий. Жишээ нь, тамхи татдаг хүмүүс мөн уул уурхай ч юм уу утаа, тоостой газарт ажилладаг улсууд байна. Эдгээр хүмүүст ажлын онцлогоос хамаарч хорт хавдар тусах магадлал бий. Хоёрдугаарт, хотын утаа нөлөөлж байгаа юу гэвэл нөлөөлж байгаа. Утаа тортогноос болоод хотын иргэд л уушгины хорт хавдар тусаад байна уу гэвэл үгүй. Хөдөөний хүмүүс, тэр дундаа малчдын дунд уушгины хорт хавдартай хүн их гардаг юм. Тэднийг ажиглаад судалгаа хийхээр яалт ч үгүй тамхи татдаг хүмүүс байдаг.

-Уушгины өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Ууланд явж, агаар салхинд гарч байна гэдэг чинь уушгиа цэвэрлэж байна гэсэн үг. Шилмүүст ойд хоёр цаг хэртэй алхахад уушги цэвэрлэгддэг. Уушги цэвэрлэгдэж байгааг яаж мэдэх вэ гэхээр нус гоожоод шингэрч хамар, цээж онгойгоод эхэлдэг. Үүнийг ууланд тогтмол алхдаг хүмүүс маш сайн мэднэ. Ингэж алхах нь уушгиа цэвэрлээд зогсохгүй, зүрх, судсаа ч цэвэрлэчихэж байгаа хэрэг. Хүн хөдлөөд хөлс гаргахаар биед хуримтлагдсан муу бүхэн хөлсөөр гадагшилчихдаг.

Хавдар тусах олон хүчин зүйл байдаг ч ер нь хавдар ямар хүнд тусдаг вэ гэхээр дархлаа султай хүнд л тусдаг. Дархлаа нь сулраад ирвэл хавдар, эсвэл сүрьеэ тусах магадлал нэмэгдэнэ.

-Уушгины хорт хавдрын үед тухайн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Турж эцнэ, ядарна. Цээж хөндүүрлэнэ, зогсолтгүй ханиалгана.

-Уушгины хавдар, ханиад, хатгааны үед ардын уламжлалт эмнэлэг ямар эмчилгээ хийдэг юм бэ?

-Уушгины хавдрын үед хавдрыг нь авч дараа нь химийн эмчилгээ хийдэг. Уламжлалт эмнэлгийн хувьд уушгины хавдартай хүнд хордлого тайлах эмчилгээ хийж болно. Дараа нь хавдар нь бүрэн эдгэрсэн гэсэн тохиолдолд эмчилгээ хийж болдог юм.

-Нохой, чонын мах уушгинд сайн гээд манайхан ярьдаг. Энэ нь ямар учиртай юм?

-Чонын мах уушгийг төлжүүлдэг. Үнээний уушгийг бас иддэг. Дээр үед сүрьеэ маш их элбэг байсан шүү дээ. Тэрийг эдгээдэг ганц зүйл нь үнээний уушги байсан юм. Мөн гөлөгний цус уулгадаг гэж ярьдаг байсан. Харин өнөө үед уушгины хавдартай хүнд цэвэр хавдрын эмчилгээг хийгээд хажуугаар нь уламжлалт эмнэлгээр давхар явж болдог болсон.

-Хүүхдүүд сүүлийн жилүүдэд ханиаданд дарлуулж, хатгаа авч, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон. Эцэг, эхчүүд хатгааг нь хүндрүүлчихгүй юмсан, уушгинд нь юм үлдээчихгүй юмсан гэж их хичээж янз бүрийн эм өгч байгаа харагддаг?

-Уушги хамгийн сайхан эмчилгээ авдаг эрхтэн. Хатгааг монгол эмнэлэг их сайн эмчилчихдэг юм. Хэсэг газар бумба тавьж болно, харшилдаггүй бол зөгийн балтай татлага хийж болно. Уушгины их сайн тангууд бий. Энэ тархаад байгаа ханиадны үед томчуул нь “Лидэр 7”, “Мана 4” танг уухад ханиадыг маш сайн дарж байна. Өнөө айхавтар хүчтэй эмүүдэд дарагдаагүй гэсэн ханиадыг тангаар эмчилж байна. Гэхдээ заавал хэсэг газрын эмчилгээ хийнэ. Уушги чинь өөрөө тэр чигээрээ цусан хангамжаар баян эрхтэн. Тэрийг нь ихэсгээд өгөхөөр илүү үр дүнтэй. “Лидэр 7” бол нян нядалдаг, хижиг халууныг дардаг тан. Энэ дэгдээд байгаа, вирусийн гаралтай ханиадыг уламжлалтаар хижгийн халуун гэдэг юм. Настай хүмүүст “Норов 7” тан өгдөг. Хүүхдүүдэд “Үзэм 7” тан маш сайн таарч байгаа. Эвгүй ханиалгаж байгаа, юм л бол бронхит болчих гээд байгаа ханиаданд тан үнэхээр сайн үйлчилдэг. Уламжлалт эмнэлэгт чинь европ эмнэлгээр яваад эм тариа их хэмжээгээр хэрэглэчихсэн хүмүүс л ирдэг.

Хэрвээ унаж татдаг өвчтэй л биш бол энэ ханиадны үед хүүхэд халуурахад гэмгүй л байгаа юм. Халуурахаар хүүхдийн бие организмд дархлааны урвал явагддаг. Хүүхэд халуурангуут л яараад халуун бууруулах эм өгчихдөг нь давхар хордуулаад байгаа гэсэн үг. Жаахан хүүхдүүд антибиотикийн хордлогод ороод мөөгөнцөртөж ирж байна. Эм тариа их хэрэглэснээс болж таван сартай хүүхэд хүртэл мөөгөнцөртөж байна шүү дээ.

-Цаан арьсан гутал, элдэв ан амьтны үс ноостой хувцас өмсөх эсхүл салхи нэвтэрдэггүй нийлэг материалтай хувцас өмсөх нь хатгаа авах нэг том эрсдэл болоод байгаа тухай ярьдаг?

-Зарим эцэг, эхчүүд хүүхдээ хэтэрхий их дулаалаад байдаг. Хэт бигнээд хөлсөндөө нортол нь баглачихдаг. Эсхүл хэт дааруулаад байдаг. Агаар сайн солилцдог, цэвэр, аль болох нийлэг материал бага орсон хувцас өмсгөх хэрэгтэй. Нялх хүүхдүүдэд комбинзон их өмсгөдөг. Сүүлийн үед комбинзоны хатгаа гэж ерөөсөө салдаггүй, олон дахидаг хатгаа их тусч байна. Яадаг вэ гэхээр нийлэг материалаар хийсэн өнөө комбинзоныг өмсгөчихөөр хүүхэд хөлрөөд эргээд даарахаараа хөлсөө шууд дотогш татаад хатгаа болчихдог. Бага насны хүүхдүүдийг агаарт сайн гаргаж байх хэрэгтэй. Долоо хоногт багаар бодоход нэг удаа дулаан хувцас өмсүүлээд агаарт гарга. Болж өгвөл нийлэг, гялгар, гялтганасан материалтай хувцас битгий өмсгө. Хямдхан, элдэв хурц үнэртэй, будагч бодистой хувцаснаас татгалзах хэрэгтэй. Ийм материалтай хурц үнэртэй хувцаснаас хүүхэд хорддог. Өмсч байгаа хувцас, тоглож байгаа тоглоомонд нь хүртэл учир бий шүү. Хүүхдийн өвчлөл, харшил яагаад ихсээд байна вэ гэхээр хэрэглэж байгаа эд зүйл, хувцас хунар, тоглоомтой нь шууд хамааралтай.

-Энэ дэгдээд байгаа ханиадны үед аль болох эмнээс татгалзаж аньс, чацарганы шүүс ууж хөлрөх нь үр дүнтэй гээд байгаа?

-Ханиад хүрвэл аль болох өөрөөрөө эдгээхийг бодох хэрэгтэй. Эм тариагаар нүдэх биш. Хоол ундаа сайн тохируулах хэрэгтэй. Энэ ханиаданд цагаан гаатай сүү үнэхээр сайн үйлчилж байна. Оройгоор буцалгаж ууж болж байна. Усан хулгана болтлоо хөлөрнө гэж ярьдаг. Тэрэн шиг өөрөөрөө сайхан хөлөрчихөөд дараа нь дулаан хуурай хувцас өмсөх хэрэгтэй. Хөлрөхөөр уушги маш сайн цэвэрлэгддэг юм. Халуурлаа гэхэд халуун бууруулдаг гэх эмүүдийг шууд өгөхөөс татгалзаасай. Хүүхдийн биед гаднаас нян орохоор тэрнийх нь эсрэг хариу урвал дөнгөж явагдаж, организм өөрийнхөөрөө дархлааны системээ ажиллуулж халуурч өнөө нянгаа дарах гэнгүүт дээрээс нь халууны эмээ өгөөд халууралтыг зогсоож урвалыг нь зогсоочихдог. Нэг удаа эм тариа хэрэглэчихсэн хүүхэд эмнэлгээс салдаггүй. Анзаараад байхад нэг удаа эмнэлэгт хэвтсэн хүүхэд дараагийн удаа ханиад хүрлээ гэхэд хүндрээд өнөө тариагаа тариулж байж эдгэх гээд байдаг. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ эм тариа замбараагүй хэрэглэснээс эмнэлгээс хараат хүн болгочихоод байгаа байхгүй юу. Ер нь бага насны хүүхэд өвдөнө гэдэг явж явж асаргаатай шууд холбоотой байдаг юм.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан нь малчдыг мал шиг нь амьдруулах хууль болжээ

Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хуулийн төсөл батлагдлаа. Манай улсын хэмжээгээр 330 орчим мянган малчин бий. Энэ нь манай нийт ажиллах хүчний 30 орчим хувийг бүрдүүлдэг байна. Одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гарч байгаа. Саяын шинэ хуулиар бол малчин эрэгтэй 55, эмэгтэй нь 50 настай тэтгэвэртээ суухаар болжээ. Энэхүү хуулийн өөрчлөлтийн талаар С.Чинзориг гишүүн ингэж ярьсан байна лээ, “Малчин хүний хөдөлмөр хүнд. Төв суурин газрын бид өдөрт найман цаг нар салхинаас хамгаалсан орчинд ажил албаа явуулдаг. Харин малчин хүний хөдөлмөр цагаар хуваарилагдахгүй. Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий болтол тасралтгүй ажил нь үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж байгаа тэдний дундаж наслалт төв суурин газрын хүмүүсийнхээс доогуур байдаг. Энэ нөхцөлийг харгалзан үзэж малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулж байгаа юм” гэж.

XXI зуун гарчихаад байхад Монголын төр иргэдээ мал дагуулж, майханд амьдруулж, жалганд хүндрүүлж, жаран жилийн өмнөхөөр нь амьдруулж байгаа нь олон улсад бол шившиг юм. Үүнээс дор ичгэвтэр зүйл болсон нь малчдынхаа насыг хороосон албан мэдээллийг төрөөс өглөө. Юу гэж ойлгох вэ. Тэртэй тэргүй энэ хэдэн малчин чинь 60 наслахгүй болчихоод байна. Тэгэхээр 55 нас хүрвэл хүргээд тэтгэвэрт нь гаргая гэж. Малчдынхаа нас хорогдсоныг төр нь баталлаа. Энэ нь хуулиар бас батлагдав. Тийм болохоор бид энэ хуулийг эрс эсэргүүцэж байна. Иргэдээ ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Бүр цаашилбал өвөг дээдсээ доромжиллоо гэж харж байгаа.

Америкийн зарим дэлгүүрийн гадна талд лоовууз өмссөн монгол малчин шиг зэс хөөмлийг тод гэгч нь хадчихсан байдаг юм. Тийм дэлгүүрээр индианчууд орж архи, тамхи үнэгүй авч хэрэглэдэг. Индианчуудаа их харж үзсэн хууль баталсан нь энэ. Тэд ч живсэн л дээ. Ер нь архи, тамхиндаа хордоод үхэцгээсэн. Америкийн нэрт нийтлэлч Майкель нэгэнтээ бичихдээ “Цагаанууд нь улаанаа маш ихээр хядсан. Тэгсэн өнөөдрийн улаануудад зориулсан халамж нь тэднийг илүү их хядлаа. Эцэстээ улаанууд буюу индианчууд нь хядлагаар нэг мөр дуусаагүй, халамжаар сөнөцгөөсөн юм” гэж бичсэн байдаг. Манай өнөөдрийн малчны тэтгэврийг таван жилээр нааш нь татсан хууль үүнтэй агаар нэг сонсогдож байна. Наанаа бол энэ хоёр үндэстэн их маш асарч халамжилсан, тухайн үедээ гоё хууль мэт харагдах ч тодорхой хугацааны дараа ерөөсөө л сүйрэл дагуулсан хуулиуд. Жишээ нь архи, тамхи үнэгүй юм чинь хэрэглэж байгаа хүмүүс нь үхэж дуусна биз дээ. Манай малчдын насыг таван жилээр нааш татсан нь яг л адилхан. Халамжийн арав таван төгрөгөө юунд зориулахыг мэдэхгүй. Хөдөө хэдэн дов толгодоос өөр харах юмгүй, сэнсэрсэн хэдэн хөгшин, сэгсийсэн хэдэн жаал л байгаа. Малынхаа араас өдөр шөнөгүй явж байгаад тэртэй тэргүй үхэцгээнэ гэсэн үзэл санаатай хууль тэдэнд зориулан гаргачихлаа. Ерөөсөө энэ хууль нь үзэл санааны хувьд их муухай. Төв суурин газар 60 нас хүртэл нийгмийн даатгалаа төлөөд байгаа хүмүүс нь таван жилийнхээ даатгалыг ижил насны малчин нөхөртөө төлөөд өөрөө хөдөлмөр эрхлээд явах нь. Энэ мэтээр харвал их юм бий.

Таван жилийн наана үхнэ гэсэн ийм хууль гаргаж байхаар малчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулсан, бүрдүүлсэн хуулийг төрөөс гаргаж олигтойхон дэмжээд өгөөч. Үнэндээ нүүдлийн аж ахуй, нүүдлийн соёл иргэншил гэдэг нь өнөөдрийн хувьд дэлхийд музейн үзвэр болчихсон зүйл. Тийм зэрлэг бүдүүлгүүд Монголын хээр талд хэд гурваараа нүүж явааг үзэх гэж, ийм бүдүүлгүүд энэ дэлхийн нэг хэсэгт байна шүү гэсэн үзмэр. Өөр ямар ашиг байгаа юм бэ. Америкт хэдэн индианчууд байсныг нь дээр хэлсэн хуулиар архи, тамхинд живүүлж, амьдрах ямар ч боломжгүй хүмүүс болгож хувиргалаа. Австралид аброгенчууд гэж хэдэн нөхөр хээрээр явдгийг төрөөс бодлогын хуулиар бас дуусгаж байгаа юм билээ. Монголын хээр талд хэдэн нүүдэлчин үлдсэн, тэднийг төр нь ийнхүү насгүй болгож эхэллээ.

Манай малчдын өнөөдөр эрхэлж буй аж ахуй нь тэдэндээ ашиг багатай. Өдөр шөнөгүй гадаа байдаг, ийм хүнд хүчир, өнөөдрийн төрийнхний үзэж байгаагаар тэгсгээд үхэх нь тодорхой хэсгийнхэн. Монголын төр ингэж муухай хэлэхийн оронд засгийн бодлогоор, хууль гаргаад хагас нүүдлийн ч гэдэг юм уу, бидний нэршилдгээр эрчимжсэн мал аж ахуй руу оруулмаар байна.

Монголын саруул сайхан хөдөө, хээгүй зочломтгой… өөр юу юу гэж хөөргөн магтдаг билээ. Ядарсан малчдыг, тэр их хаврын хавсарга, их хуурайшилт, цас бороо, тэсгим хүйтний дунд тэсч амьдардгийг диваажин мэтээр магтан дуулдаг бичгийн хүмүүс, яруу найрагчид, зохиолчид байдаг. Тэдний хэн нь тэгээд магтаад байгаа хөдөөдөө очиж амьдраад, сайхныг нь мэдрээд байгаа юм. Энэ бол нэг талаас үзэл суртал. Амьдрал үнэн юманд л дуртай. Эдэн дээр нэмэгдсэн бас нэг хөдөөг магтдаг хүмүүс бий болсон нь УИХ-ын гишүүд, улстөрчид юм. Үнэхээр өвлийн тэсгим хүйтэнд морины хүйтэн цулбуурт гараа хайруулж үзсэн хүн эдний дунд бий юү. Хаврын хавсарганаар малын салиатай холилдож үзээгүй байж нэг л их хөдөөний сайхан нүүдлийн соёл иргэншил гэж ярьсан хүмүүс. Ингэнээс ботго авах хамгийн хэцүүг мэдэх үү. Нялх ботго энэ хорвоод бараг байхгүй эмзэг хэврэг амьтан байдаг юм шүү дээ. Хөдөөний сайхныг хийгээд маш хүнд хэцүүг мэддэг хүн гэвэл цөөхөн. Өнөөдөр цас зудын мэдээг үзээд бараг өмнөөс нь яс хавталздаг байхгүй юу.

Их гүрний хаяанд байсан индианчуудын гунигт түүх архи, тамхи хоёрын үнэтэй дууссан. Монголын нүүдлийн соёл иргэншил таван жилийн нас татсан энэ хуулиас болох нь гэж харагдаж байна. Ийм дэмийн балай хуулийнхаа оронд малчин түмнийхээ хүн шиг сайхан амьдрах орчинг бүрүүлж өг. Тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж өг. Малчны хүүхдүүдийг 10 настайд нь сургуульд оруулна ч гэх шиг. Арван нас хүртлээ мал царайлаад явна гэсэн үг үү. Дэлхийн жишиг нь өөрөө хоёр, гурван настайгаас нь эхлэн сургалтын хөтөлбөрт хамруулж байна. Тийм атал Монголын төр юунд мэдрэл муутай царайлна вэ. Төр засаг нь дэлхийн хөгжлөөс хол хоцорсон юм яриад байхаар чинь энэ Монгол Улс сөнөдөг юм байгаа биз дээ.

Эцэст нь хатуухан хэлэхэд, малчны тэтгэврийн насыг таван жилээр татсан энэ хууль чинь өнгөн дээрээ халамж энэрэл шиг харагдах ч малчдыг мал шиг нь амьдруулах гэсэн өргөн утгатай хууль болох нь цаг хугацаа өнгөрөх тусам мэдрэгдэх болох нь. Уг нь мал шиг бус хүн шиг амьдруулах хууль хэрэгтэй болохоос эрт үхнэ, үхэхээс нь таван жилээр ч болтугай нааш нь татъя гэж хууль батлах нь буруу юм аа. Малынхаа хотонд мал шигээ амьдарч буй малчдаа хүн шиг, хүн ёсоор амьдруулах, дэлхийн хөгжлийн жишигт амьдруулах нь л тэдэнд жинхэнэ төрөөс өгч буй энэрэл халамж юм.

Б.НЯМАА