Categories
мэдээ нийгэм

​Өвөлжилт хүндэрсэн 137 суманд өвс, малын тэжээл хүргэнэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5000 тонн өвсийг үнэгүй, мөн 5218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо. Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болов. Эдгээр ажилд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв.

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 137 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрээд байна.

Categories
мэдээ нийгэм

​Нялхсын эндэгдэл он гарсаар 22 хувиар буурчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний сард 5502 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12,7 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ оны нэгдүгээр сард 5502 хүүхэд төрсөн нь сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээтэй харьцуулахад хамгийн бага төрөлт юм байна. Тодруулбал 2014 оны нэгдүгээр сард 6487, 2015 оны нэгдүгээр сард 6721, 2016 оны нэгдүгээр сард 6304 хүүхэд улсын хэмжээнд мэндэлж байжээ.

Нялхсын эндэгдэл улсын хэмжээнд 2017 оны нэгдүгээр сард 94 болж, өмнөх оны мөн үеийнхээс 27 буюу 22,3 хувиар буурчээ. Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 113 болж, өмнөх оноос 27 буюу 19,3 хувиар буурчээ.

Categories
мэдээ спорт

​Азийн өвлийн наадамд манай улсын 42 тамирчин оролцоно

Азийн өвлийн спортын наадам Японы Саппоро хотод энэ сарын 19-26-нд болно. Найм дахь удаагийн тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хорооны хурлын танхимд боллоо.

Тус наадамд цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг гэсэн спортын 11 төрөл зайд шар тивийн 45 орны баг тамирчид 64 багц медалийн төлөө өрсөлдөх юм. “Саппоро-2017” Азийн наадамд манай баг тамирчдын хувьд гүйлтийн тэшүүр, шорт трек, гүйлтийн тэшүүр, уулын цана, биатлон, хоккейн төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 42 тамирчин хурд сорих юм байна. Тус наадмын Монголын шигшээ багийн тугчаар биатлоны төрөлд өрсөлдөх Э.Бархүүг томилов. Тэрээр хэдхэн хоногийн өмнө биатлоны Европын АШТ-д дээгүүр байр эзэлсэн нь тугч болоход нөлөөлөх шиг боллоо.
Монголын багийн бүрэлдэхүүнд “Лиллехаммер-2016” залуучуудын олимпийн наадмын аварга Б.Сумъяа, “Сочи-2014” өвлийн олимпийн наадам, “Алмата-2017” оюутны “Универсиад” наадамд тоосоо өргөсөн Ч.Отгонцэцэг нарын туршлагатай тамирчин бий. “Саппоро-2017” Азийн өвлийн олимпийн наадмын Монголын багийг Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох удирдах юм. Манай тамирчид тус наадмаас өмнө нь дөрвөн төрөлд медаль хүртэж байв. Тухайлбал, “Саппоро-1990” Азийн наадмаас цанын эрэгтэйчүүдийн буухиа төрөлд хүрэл, “Чанчүнь-2007”-оос Ү.Марал-Эрдэнэ уулын цана, чөлөөт гулгалтын төрөлд хүрэл, “Алма-Ата-2011”-ээс бөмбөгтэй хоккейн баг, цанатай зүг чиг олох төрөлд хүрэл медаль хүртэж байлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Тусгай салаа” кино Берлиний кино наадмаас шагнал хүртжээ

Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог “Cinema for Peace” буюу “Энхийн төлөө кино” шагналыг Монголын кино уран бүтээлчид хүртжээ. Тус наадам нь энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Берлиний кино наадмын хүрээнд 15 дахь удаагийн “Cinema for Peace” ёслолын арга хэмжээ болж байгаа юм.

Энэ үеэр “Best Supporter” буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн төсөлд олгосон байна. Шагналыг тус төслийн санаачлагч, зөвлөх продюссер УИХ-ын гишүүн Л.Болд ахлагчтай баг Рейхстагийн ордонд гардан авчээ. Тэдний энэхүү шагналыг Францын алдарт жүжигчин Катерин Денёв болон Монгол-Германы хамтран бүтээсэн “Газарчин” киногоор монголчуудад танигдсан Югослав-Германы жүжигчин Гойка Митич нар гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй 64 иргэнийг бүртгэлжүүлжээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын баталсан “Тэнэмэл” арга хэмжээг хэрэгжүүлэх ажил эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдардаг гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 63 иргэнийг бүртгэлд хамруулж, Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Тэрхийн цагаан нууранд осолдсон атомашиныг татан гаргажээ

Архангай аймгийн Тэрхийн цагаан нууранд живсэн суудлын автомашиныг Онцгой байдлын газрын 12 албан хаагч 3 хоног ажиллан гаргаж ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Grand- Mark-2 автомашинтай 3 иргэн явж байгаад мөс цөмөрч, хоёр нь амиа алдсан хэрэг 2016 оны 12 дугаар сарын 17-нд гарсан. Тухайн үед хоёр иргэний цогцсыг Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид нуурын усанд шумбалт хийн түргэн шуурхай гаргаж хууль хяналтын байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Харин нууранд живсэн автомашин нь нуурын эргээс нэг км-ийн зайд, 6 метрийн гүнд, мөн нуурын мөс нимгэн, сайтар хөлдөөгүй байсан учраас автомашиныг гаргаж авч чадаагүй байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Алтайн ятга” тэргүүтэй 300 гаруй үзмэрийг дэлгэн үзүүллээ

нөөдөр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн 2008-2010 оны хооронд Ховд аймгийн нутагт хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Манхан сумын Жаргалант хайрхан, Булган сумын Баян-Өндөр ба Чонот уулын хадны оршуулгуудаас олдсон “Алтайн ятга” тэргүүтэй 300 гаруй олдворыг дэлгэн үзүүллээ.

Энэхүү үзэсгэлэнг Үндэсний музейд гуравдугаар сарын 15 хүртэл үзэж сонирхож болох юм байна. Алтайн ятгын тухайд эх бие, царан дээр зургаан буга, янгир, таван нохой сийлснээс гадна “руни” бичгээр “яаялиг” буюу аялгуут, “Чүрэ” хэмээх эзний нэр зэргийг багтаасан нийт 64 тэмдэг бичээстэй байдаг байна.

Мөн ховор үзмэрүүдийн тоонд 1287 оны Юань улсын цаасан мөнгө орж байна. 28 см урт, 23.5 см өргөнтэй энэ мөнгийг модны холтос, ургамлын навч зэргийг хольж тусгай аргаар боловсруулсан цаасан дээр барласан энэ мөнгө нь 100 ширхэг зоостой тэнцэх үнэлгээтэй гэнэ.

Ховд аймгийн Булган сумын Чонот уулын хадны оршуулгаас олсон хавтага нь загасны хайрсаар хийгдсэн байсан гэнэ. Тэрхүү уутан дотор жижиг арьсан уут, сүлжэн болон сүлжээгүй сур, богийн шагай, ясан тээг зэрэг зүйлс байжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

ББСБ-ууд нэг өдрийн зээл нэрээр мөнгө хүүлэх эрхгүй

“Нэг өдрийн” буюу “хоногийн” зээл гэх санхүүгийн харилцаанд ойрын жилүүдэд ард иргэд, тэр дундаа жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид олноороо холбогдож, багагүй хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирох, санхүүгийн болон сэтгэлзүйн дарамтанд өртөх явдал байсаар байгаагийн дээр энэ зүй бус үйл ажиллагаанд ББСБ-ууд оролцож байна гэсэн мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй нь анхаарал татаж байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хууль, тогтоомж, Хорооноос батлан мөрдүүлж байгаа журам, заавруудаар ББСБ-ууд өдөр тутмын төлөлт нэхэх, 100 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөл бүхий “нэг өдрийн зээл” олгох эрхгүй болно. Хэрвээ ББСБ-ууд эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлыг далимдуулан ёс зүйгүй үйлдэл гаргаж, зохисгүй, хатуу нөхцөлтэй зээл олгон, зээлдэгчдэд өрийн болон хүүгийн дарамт үүсгэж, тэдний амьжиргааны эх үүсвэрийг барьцаалах үйл ажиллагаа явуулж байгаа бол үүнийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй тул Хороонд хандан, зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхийг ард иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөж байна.

Харин иргэд хоорондоо сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, зээлийн харилцаа үүсгэхийг Хорооны зохицуулалт болон хууль, журам, хяналт, шалгалтын арга хэрэгслүүдээр хязгаарлах боломжгүй боловч зээлийн гэрээг хэт нэг талыг барьж байгуулах нь тэгш зарчим, шударга ёс, эрх зүйн холбогдох хэм хэмжээгээр хориотойг сануулж байна. Зээлийн болон бусад гэрээ нь талуудын эрх, үүргийг тэгш хангаж, харилцан бололцоо олгосон нөхцлөөр хийгдэх ёстойг зохицуулсан эрх зүйн боломжийг ашиглан, шударга бус мөнгө хүүлэлтэд өөрийгөө болон гэр бүлээ өртүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Чинээлэг бүлгийн хэрэглээ 42.1 хувийг эзэлж байна

Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

-Мөнгөний нийлүүлэлт 2017 оны нэгдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 203.0 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2024.0 тэрбум буюу 20.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2017 оны нэгдүгээр сарын эцэст 736.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 87.6 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 22.3 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар өсчээ.

-Аж ахуй нэгж, байгууллагад олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны нэгдүгээр сарын эцэст 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 42.7 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 590.2 тэрбум төгрөг буюу 5.0 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны нэгдүгээр сарын эцэст 1056.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.5 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 162.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.

-Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны нэгдүгээр сард 440.6 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 465.9 тэрбум төгрөг болжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

-Өрхийн нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 (0.8 хувь) мянган төгрөгөөр буурлаа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого буурахад тэтгэвэр, тэтгэмжийн орлого 15.2 мянган төгрөг, бусад орлого 5.2 мянган төгрөгөөр өссөн хэдий ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 19.9 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 898.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 43.0 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120.0 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 96.6 мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 154.8 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 158.3 мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 297.5 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 292.2 мянга байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 33.9 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 42.6 мянга байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 42.1 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ

УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэгдэн Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Энэхүү лобби бүлэг нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэх зорилготой юм байна. Гишүүд уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, хариуцлагатай, ил тод, нээлттэй хөгжүүлэх ёстой. Үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, уурхайг нээх хаах, нөхөн сэргээх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой гэж үзжээ.