Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн бүх аж ахуй нэгж, байгууллага гаднах орчны 50 метр хүртэлх зам талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлүүлэх, гэрлийн шон дээрх зарлал, сурталчилгааны хуудсыг хуулж, дээвэр дээрх цас мөсийг буулгаж цэвэрлэх юм. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгжийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Month: February 2017
Монгол улсын хоёр иргэн Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар “Синьхуа” агентлагт мэдээллээ.
Хэрэгт холбогдсон гэх Энхжаргал нь бямба гаригт Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөж явжээ. Түүнчлэн Эрээн хотын гаалийн хяналтынхан мөн өдөр Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм хар тамхины ургамал зөөвөрлөн авч явсныг илрүүлэн баривчилжээ.
“Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Казакстаны иргэн Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь баривчилжээ. Түүнтэй хамт найман хүнийг саатуулсан байна.
Ж.Марат нь сүлжээний бизнес эрхлэн олон иргэнийг хохироосон байж болзошгүй хэмээн ийнхүү саатуулжээ. Одоогоор түүний дансанд байсан зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа гэнэ. Эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдийн хэмжээний мөнгө угаасныг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байна.
Түүнд хилийн хориг энэ сарын 10-ны өдөр тавигдсан байжээ.
Харин түүний эхнэр хилийн хориг тавьсан тэр өдөр Монгол Улсын хилээр гарч чадсан байна.
Коксжих нүүрсний үнэ 4.7 хувиар хямдарч, мягмар гаригт тонн нь 154.8 ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сарын эхнээс хойших доод үзүүлэлт гэдгийг mining.com цахим хуудсанд бичжээ. Уг нь нүүрсний томоохон худалдан авагч Хятадын нийт импорт нэгдүгээр сард өссөн дүнтэй гарсан билээ. Тус улс өнгөрсөн онд 59.2 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2015 оныхоос 24 орчим хувиар нэмэгдсэн юм. Үүний 23.6 сая тонн нь Монгол Улсад ногдсон нь 85 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Тэгвэл коксжих нүүрсний нийлүүлэлт 9.3, 19.4 хувиар багассан гэнэ. Харин АНУ урд хөрш рүү коксжих нүүрс нийлүүлээгүй аж. Гагцхүү Монгол Улсын нүүрсний үнэ зах зээлийнхээс 75 хувиар хямд байгааг дээрх цахим хуудсанд дурджээ.
О.ӨНӨР
Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка цагаан ордны эзний сэнтийд заларч хоёр талдаа АНУ болон Канадын лидерийг зогсоосон зураг дэлхий дахиныг шуугиулж байна. Тэрээр зургаа твиттерт тавьж “Эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн талаар дэлхийн хоёр лидертэй гайхалтай сайхан яриа өрнүүллээ” хэмээн бичжээ.
Энэ нь 1961 оноос хойш АНУ-ын бүх Ерөнхийлөгч сууж Америкийн болон дэлхийн хэргийг эрхэлж байсан ширээ юм. Энэ ширээний ард анх удаагаа эмэгтэй хүн сууж гэрэл зургаа олон нийтэд цацсан нь гол шуугиан дэгдээж байгаа бололтой. Иванкагийн хойд эх Меланиа Трампыг нүүж ирэхээс өмнө тэрээр тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байгаа юм.
О.ӨНӨР
Манай улсад жуулчны визээр 2001 онд орж ирээд “харласан” БНХАУ-ын иргэн Сэргэлэн гэгчийг өчигдөр шүүхийн шийдвэрээр баривчлан саатуулжээ.
Өмнө нь түүнийг цагдаагийнхан нэг бус удаа илрүүлж байжээ. Тэрбээр Монголд “харлаад” тогтохгүй иргэний үнэмлэх гаргуулан амьдарч, манай нэг томоохон компанид удирдах алба хашиж байжээ.
Мөн манай улсын иргэнтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон байна. Хууль сахиулах байгууллагынхан нарийвчилсан шалгалт хийснийхээ дараа албадан гаргах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх юм байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд гадаадын 450 иргэнийг албадан гаргажээ.
Увс аймгийн Улаангом суманд хиймэл нуурын далан сэтэрчээ. Үүний улмаас улсын чанартай авто замын зорчих хэсэг хаагдах, 500 гаруй айл өрх усанд автах нөхцөл байдал үүссэн байна.
Энэ тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар хоёрдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч нийт 62 хүн, 6 автомашинтай ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Одоогоор албан хаагчид усны урсгал өөрчилж, суваг татах, татсан сувгийн дагуу далан босгох ажлыг хийж байгаа аж.
Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт өчигдөр (2017.02.15) Монголын сэтгүүлчидтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны тухай нээлттэй ярилцлаа. Хатагтай Женифер Зимдал Галт ярилцлагын эхэнд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан хийсэн ажлаа товч танилцууллаа.
Мөн тэрээр Монголчуудыг түр хугацаагаар Америкт ажиллуулах Н2 визний хөтөлбөрийн талаар ярьсан юм. Тэрбээр, “Хөтөлбөр тодорхой хэмжээний шалгуур квот бий аж. Шалгуурыг хангахын тулд Монгол Улс АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллах шаардлагатай. АНУ-д зөрчил гаргасан, буцаж ирэх болсон иргэддээ бичиг баримт олгох тал дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа учраас Н2 хөтөлбөрт оролцох боломж бүрдэх болов уу гэж найдаж байна.
2017 оны нэгдүгээр сарын байдлаар АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яам Монголыг H2 хөтөлбөрт оролцох боломжтой гэж үзсэн. Ер нь бол сүүлийн үед АНУ-д ажиллаж амьдарч буй ч бичиг баримтын зөрчилтэй, Монгол руугаа буцах буюу албадан гарах иргэдээ бичиг баримтжуулах тал дээр нягт хамтран ажиллаж байгаа учраас H2 хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангах найдвар бий. Энэ хөтөлбөрт Монголыг оролцуулах эсэх нь зөвхөн манай улсын Дотоодыг аюулаас хамгаалах яамны асуудал” хэмээв.
Дэлхийд орлогоороо байнга шахам тэргүүлж байдаг АНУ-ын тэрбумтан Билл Гейтс тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон “WeChat” сүлжээнд нэгджээ. Билл Гейтс өөрийнхөө блогт Хятадын хамгийн том олон нийтийн сүлжээгийн хэрэглэгчидтэй мэндчилсэн байна. Тэрээр олон нийтийн сүлжээнд уулзсан хүмүүсийн тухай, түүнчлэн уншсан номуудын талаар сонирхолтой баримтуудыг хуваалцана гэдгээ бичжээ.
О.ӨНӨР
Пауэрлифтингийн хоёр дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Уг тэмцээнд Увс, Архангай, Өвөрхангай, Булган, Улаанбаатар зэрэг аймаг хотуудаас 23 клубын 240 гаруй тамирчин оролцож байна.
Уг тэмцээн нь суулт, хэвтээ шахалт, газраас татах гэсэн гурван төрлөөр явагдах аж. Холбооны нарийн бичгийн дарга Д.Баттулга: Нэгдүгээр сард хэвтээ төрлөөр явагдаж байсан бол энэ удаа raw, classic буюу ямар ч хэрэглэлгүй болж байгаа нь онцлог” гэлээ. Мөн энэ удаад допингийн эсрэг төвтэй хамтран тамирчдаас шинжилгээ авч байгаа юм байна. Тамирчид 372 медалийн төлөө 32 жинд өрсөлдөж, маргааш аваргуудаа тодруулах юм байна.
О.ӨНӨР