Categories
мэдээ улс-төр

“Буян”-н Б.Жаргалсайхан АН-д элсчээ

“Буян”-н Б.Жаргалсайхан АН-д элсчээ. Тэрээр өмнө нь Ардчилсан намын их хуралд оролцон “Би АН-ын гишүүн байсан.Намынхаа гишүүнчлэлийг сэргээх хүсэлтэй байгаа” хэмээн ярьж байсан нь саяхан. Тэгвэл түүнийг энэ удаад намдаа авахаар болсон бололтой.

Өмнө нь Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай Ардчилсан намд элсэх өргөдлөө гараар бичин өгч байсан удаатай. Хариуд нь түүнийг авахгүй гэдгээ намын дарга асан н.Эрхэмбаяр мэдэгдэж байсан юм. Тэд телевизорын ярилцлаганд хамт орохдоо бие биенийхээ урдуур орж бөөн хөгөө чирч цахим ертөнцийн од болж байсан удаатай. Харин энэ удаад Б.Жаргалсайхан нь түүний урд гишгэсэн бололтой.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 27 удаа хуралдаж, бие даасан 8 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72хууль, Улсын Их Хурлын 13 тогтоолыг хэлэлцэн, батлуулжээ. Энэ хүрээнд Байнгын хорооноос 49 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэж, хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явцад 670 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг гаргасан байна. 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор 12 Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нийтдээ 66 удаа хуралджээ. Мөн иргэд, байгууллагуудаас тус Байнгын хороонд 145 өргөдөл, албан бичиг ирүүлсний 102-ыг нь шийдвэрлэж, хариу өгсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээлэв.

Мөн тэрбээр Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэгт бэлтгэн УИХ-аар батлуулсан бие даасан 8 хууль тус бүрийн талаар танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан бөгөөд нийгэмд онцгой анхаарал татаж байсан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртдөг иргэдээ хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ. Энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болохыг хуульчилсннаар хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаархи бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах юм байна. Мөн нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдах бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид харьяалал харгалзахгүй 24 цагийн турш цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрджээ. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлж, гэмт хэрэгтэн болон хуулиар хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй иргэн, албан хаагчдад шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгасан аж.

Мөн тус Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны үндсэн чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар журамлажээ.

Түүнчлэн Монгол Улсын дотоодын цэргийн тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий 5 бүлэг 40 зүйлтэй Дотоодын цэргийн тухай хуулийн талаар танилцууллаа.

2002 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-аар батлуулжээ. Монгол Улс нь НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан жишигт нийцсэн, аль ч улс орны арбитрын шатанд хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны хэлбэр механизмийг бүрдүүлсэн Арбитрын тухай хуультай болсныг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр олон улсад танилцуулахаар төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдэд мэдээлэв.

Мөн төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий 2 үе шаттайгаар 6 жилийн хугацаанд хэрэгжих Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан байна. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын талаар танилцууллаа.

Ирэх хаврын чуулганаар Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн томоохон хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг хэлэлцэж байгааг онцоллоо. Энэ хуулийн хүрээнд өмнө нь гэмт хэрэгт тооцогддог байсан зарим хөнгөн гэмт хэрэг зөрчлийн тоонд орж нийтдээ 1470 зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх аж. Тиймээс нийгмийн харилцаанд оролцож буй хүн бүрт хамааралтай тус хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэд, бизнесийн байгууллага, ТББ-ын оролцоог ханган, амьдралд нийцэхүйц, зөв хууль гаргах зорилгоор Байнгын хороо ажиллаж байгаа бөгөөд төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ бүх хувилбараар Хууль зүйн байнгын хороонд уламжлах боломжтойг онцлон мэдээлэв. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, ээлжит чуулган завсарласан байгаа ч Байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилсээр байгааг дуулгав. Ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх Ш.Раднаасэд даргын онцлон нэр дурдсан гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа аж. Мөн гуравдугаар сарын 06, 13, 20, 27-ны өдрүүдэд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, дээрх хуулийн төслүүдийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар иргэд, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд, судлаачид, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан, санал, дүгнэлтийг нь авахаар төлөвлөсөн байна.

Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Ганбаатар хэвлэлийн хуралд оролцсон юм. Тэрбээр, олон хууль батлагдах хэрээр нийгмийн харилцаа сайжирч, улс орны хөгжил дээшлэхгүй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлээд “Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр хэт нэг талыг баримтлах вий гэдгийг анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь хааж, боомилсон хууль, тогтоол гаргуулахгүй байх чиглэлээр ажиллах болно” гэлээ. Мөн санаачилсан хуулийн төсөл, батлуулсан хуулийн тоо үйл ажиллагааны үр дүн биш, тэр хүрээнд эрх зүйн ямар өөрчлөлт, дэвшилтэт зохицуулалтууд хийгдэж байгаад хэвлэл мэдээлэл болон иргэд анхаарал хандуулж байх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн.

Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд явагддаг хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Австралийн нэр бүхий сургуулиудад магистрын зэрэг олгох уг хөтөлбөрт тэтгэлгийн болзол хангасан Монгол улсын иргэн төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдана.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр 2013 оноос эхэлсэн бөгөөд Австралийн тэтгэлэг нь хувь хүний чадамж, манлайлах ур чадварыг хөгжүүлснээр тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, хувь хүн, байгууллага, улс орны хүмүүс хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэгддэг.

Тэтгэлэгт хөтөлбөр оролцогсдын хүсэлтийг энэ сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30 хүртэл цахимаар авах аж.

2017 оны Австралийн тэтгэлэгт хөтөлбөр

2018 оноос суралцах өргөдөл гаргагчдад зориулж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2017 онд зарлана.

Өргөдөл гаргах хугацаа 2017 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр ирүүлнэ.

2017 оны өргөдөлд тавих шалгуурт зарим өөрчлөлт орсон. Тэдгээрийг доор товч дурдаж, Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэлд оруулсны зэрэгцээ энэхүү цахим хуудасны холбогдох хэсгүүдэд тусгасан. Өргөдөл гаргах талаар тодруулга хэрэгтэй бол Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй даруй холбогдоно уу.

2017 онд орсон өөрчлөлтүүд

Болзол шалгуурууд

2017 онд орж буй өөрчлөлтүүдийг дор хураангуйлан үзүүлэв. Үүнд:

2017 – Англи хэлний түвшинд тавих шаардлага

Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.5-аас доошгүй, доторх нэгж оноо 5.0-аас доошгүй байна.

Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй, үүнээс унших, бичих чадварын оноо 5.0-аас доошгүй байна. Сонсох, ярианы чадварын оноо ижил түвшинд буюу 5.0 байхыг шаардах боловч, орон нутгаас өргөдөл гаргагчдын хувьд тухай чадваруудын оноо доогуур байхад өргөдөл гаргахыг зөвшөөрнө.

Жич: интернэтэд суурилсан болон цаасан хэлбэрээр өгдөг Official TOEFL-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө.

Ажлын туршлагад тавих шаардлага

Өргөдөл гаргагчид нь 2017 оны 2-р сарын 1-ний байдлаар, хоёр жил тасралтгүй ажилласан туршлагаа нотлон харуулна. Энэ хугацаанд нэг байгуулагад тогтмол ажилласан байхыг үл шаардана.

Төрийн байгууллагаас (Ангилал 1) өргөдөл гаргагчид 2017 оны 2-р сарын 1-ний байдлаар, төсвийн байгуулагад хоёр жил тасралтгүй ажилласан байна. Гэхдээ төрийн өөр яам, агентлаг, байгууллагад ажилласан байж болно.

2017 онд шаардагдах баримт бичгүүд

Өргөдөл гаргагчид Австралид сурч ирээд хэрэгжүүлэх Буцаан байршуулах төлөвлөгөөболовсруулж, өргөдөлдөө хавсаргана. Буцаан байршуулах төлөвлөгөөний үлгэрчилсэн загварыг энэхүү цахим хуудаснаас татаж авах боломжтой. Төлөвлөгөөнд өргөдөл гаргагч, түүний дарга, удирдлага хоёр хоёулаа гарын үсэг зурсан байна.

Австралийн сургалтын тэтгэлгийн хэлбэрүүд

2017 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг магистрын түвшинд судалгааны болон танхимын сургалтад хамрагдах өргөдөл гаргагчдад олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй.

Мэдээлэл өгөх уулзалтууд

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас 2017 оны 2, 3-р саруудад Улаанбаатар хот болон сонгосон аймаг орон нутагт тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх уулзалтуудыг зохион байгуулна. Уулзалтын хуваарийг байршил, хугацаа тодорсны дараа цахим хуудсаар мэдээлнэ

Өргөдөл гаргах тухай семинарууд

Өргөдлийн маягтыг яаж бөглөх, шаардлагатай материалуудыг хэрхэн хавсаргах талаар удирдамж өгөх семинаруудыг 3, 4-р саруудад Хөтөлбөрийн байранд явуулна. Семинарын хуваарийг 2017 оны 1-р сард цахим хуудсанд байршуулна.

Энэхүү семинарт оролцохыг сонирхож буй хүмүүс суудлаа баталгаажуулахын тулд http://australiaawardsmongolia.org/ цахим хуудаст бүртгүүлээрэй.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов зарж байжээ

МХЕГ-ын байцаагчид Цагаан сарыг угтан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалтад 82 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч 226 иргэн, нийт 308 цэг салбар хамрагдаж, хяналт шалгалтын явцад 265 зөрчил илрүүлэн, одоогийн байдлаар илэрсэн зөрчлийн 55.4 хувийг нь арилгуулсан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Шалгалтын явцад түгээмэл илэрч байгаа зөрчлүүд нь худалдаа үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй буюу үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг бичээгүй, хаяг шошго нь хятад хэл дээр бичигдсэн бүтээгдэхүүн худалдаалах нь их байжээ.

Тухайлбал: Юмт бөмбөгөр, Эрдэнэбулган, Барс-2 захын лангуунуудад БНХАУ, ОХУ-аас импортлогдсон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм, ястай чангаанз худалдаалсан, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон хиам, зайдсыг үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тавилгүйгээр нийлүүлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн иргэн н.Од гэртээ хэвийн боов үйлдвэрлэн өөр аж ахуйн нэгжийн нэр дээр савлан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн орчимд худалдаалсан зөрчлүүд илэрлээ.

Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан 13 нэр төрлийн 326 ширхэг тамхийг улсын орлогод оруулахаар, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хадгалах хугацаа дууссан 93 нэр төрлийн 807 ширхэг, 229 кг 2.292.750 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн байна.

Шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 23 нэрийн, 20.5 кг, 1055 ширхэг, 2.324.600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Сар шинийн баярын өдрүүд буюу 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд НМХГ-ын газрын даргын баталсан хуваарийн дагуу улсын байцаагчид хариуцлагатай жижүүрээр ажиллаж, иргэдийн санал, гомдол, хүсэлтийг Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн сүлжээний бизнесийн талаар Ерөнхий прокурорт ханджээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлжээ.

Албан бичиг:

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес газар авч, энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал энэхүү үйл ажиллагаа нь шууд пирамидын зарчмаар хэрэгжиж, уг сүлжээнд энгийн иргэд ялангуяа Эрдэнэт хотын амьжиргааны баталгаат түвшнээс бага орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлдээ автагдаж, бодит бус мэдээлэл, ухуулга сурталчилгаанд автан эдийн засаг, эд материалын хохирол авах нөхцөл бүрдэж эхэлсэн тухай иргэдээс УИХ-ын гишүүн миний нэр дээр гомдол санал ирүүлсээр байгаа болно.

Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын хувьд таны зүгээс бодит нөхцөл байдлыг газар дээр нь судлах Ажлын хэсгийг чиг үүргийнхээ хүрээнд байгуулж, шалгалт хийлгэн гэмт хэргийн шинжтэй аливаа нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй таслан зогсоож, иргэдийг гэмт хэргийн золис болохоос урьдчилан сэргийлж ажиллахыг хүсье.

Ажлын явц, үр дүнгийн талаар зохих мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлнэ үү гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Шведэд монгол хүүг үлдээхийг шаардаж найз нар нь жагсчээ

Монгол сурагчийг Шведээс албадан гаргахыг эсэргүүцэн 1500 оюутан жагсаал хийлээНэгэн монгол хөвгүүнийг өмөөрсөн жагсаал Шведийн Стокгольм хотноо болжээ. Тус хотод оршин суугч И.Жаргалсайхан аав ээжийнхээ хамт 2010 онд гэр бүлээрээ оршин суух эрх авчээ. Гэвч 2016 онд И.Жаргалсайхан 18 нас хүрснээр түүнийг эх орондоо буцахыг шаарджээ. Харин тэрээр Монгол руу ирэхийг хүсэхгүй байгаа бөгөөд монголын боловсолын систем болон төр засаг нь авлигалд идэгдсэн учир тэнд сурч амьдрах боломжгүй хэмээн найз нөхөддөө хэлжээ.

Монгол сурагчийг Шведээс албадан гаргахыг эсэргүүцэн 1500 оюутан жагсаал хийлээ

Түүнийг дэмжиж 1500 сурагч түүнийг “Гэртээ тавтай морил, тэр энд сурах эрхтэй” гэх мэтчилэн лоозон барьж дуу дуулан жагсжээ. Мөн И.Жаргалсайхан ч цуглаан дээр гарч ирэн үгээ хэлсэн байна. Одоо тэрээр үлдэх хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд өгөөд байгаа юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Бөөр орлуулах эмчилгээ хүлээгдэлгүй боллоо

ЭМЯ-наас бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахаар судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулснаар гемодиализ эмчилгээ хүлээгдэлгүй боллоо.

Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй 7 хувийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тодруулбал, Люкс диализ, Интермед, Эрин, Айсию, УБ мед зэрэг хувийн эмнэлэг бөөрний архаг дутагдалтай 70 гаруй хүнд үйлчилж байгаа бөгөөд Нарт-Эрдэнэс, Агапе хоспис эмнэлэгт 54 хүн нэмж хуваарилах юм. Ингэснээр тус тусламж үйлчилгээнд хамарч чадахгүй хүлээгдэж байсан 120 гаруй хүн гемодиализийн эмчилгээнд тогтмол хамрах боломжтой болов.

Ийнхүү шийдвэрлэснээр бөөрний архаг дутагдалд орсон хүн үнэ төлбөргүйгээр 7 хоногт 3 удаа тогтмол гемодиализ эмчилгээнд хамардаг болж санхүүгийн дарамтнаас бүрэн чөлөөлөгдөж байна. Тэд нэг удаа орохдоо 125 мянга, 7 хоногт гурван удаа ороход 375 мянган төгрөгийг насан туршдаа төлөх байсныг төрөөс бүрэн хариуцдаг болов.

Цаашид иргэдээ бөөрний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, тус өвчний хор уршгийн талаар зөвлөгөө зөвлөмж гарган ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн зарлигаар долоон хүнд “Академич” хэргэм хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээснийг өнөөдөр гардуулан өгөв.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Надмидын Бэгз, Түдэвийн Ган-Эрдэнэ, Чимиднямын Доржсүрэн, Ширчиний Дэмбэрэл, Агипарын Бакей, Дэлэгийн Сангаа, Дамдинсүрэнгийн Цэвээндорж нарт “Академич” хэргэм хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан эрдэмтдэд энгэрийн тэмдэг, Академичийн жуухыг гардуулан өгч, баяр хүргэв.


Categories
мэдээ нийгэм

Алтны салбарынхан “MONGOLIA GOLD 2017”-д чуулна

Монголын алтны салбарынхан чуулганаа хийх гэж байна. Энэхүү чуулганы зорилго нь Монголын алтны салбарт хөрөнгө оруулагчдыг татах, шинэ дэвшилтэд техник технологийг нутагшуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршиж байгаа юм байна. Монгол улсын уул уурхайн салбарт олборлолт, үйл ажиллагаа явуулж буй компаниудын 45%-г алтны компаниуд дангаараа эзэлж байна.

Монгол улс эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлээс гарах нэг чухал гарц бол алтны олборлолтыг өсгөж, алтны экспортоос эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх юм.

Монголбанкинд 2016 оны 11-р сард 680 орчим сая ам.доллартай тэнцэх 17.6 тонн алт тушааж Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлжээ. Жилээс жилд алт олборлолт өсөж, алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нэмэгдэж байна. Алтны салбарт хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаад, дотоодын байгууллагууд ч олноор бий болж байна. Монгол улсын засгийн газар алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр Алт-2 хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Алтны хайгуул, олборлолт, боловсруулалт, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт гэх мэт олон асуудлууд тулгаран гарч ирж байна. Мөн алтны хайгуул, олборлолтын эрх эзэмшигчид хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, санхүүгийн боломжуудыг эрэлхийлж байна. Эдгээр үндсэн шалтгаанууд дээр үндэслэн Монголд анх удаа ”Монгол Алт 2017” чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Чуулганы зорилго:

  • Алтны салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, тогтворжуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх.
  • Алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах
  • Дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох.
  • Алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ түвшинд хүргэх

Чуулганаас хүлээх үр дүн:

  • Төр, хувийн хэвшил, мэргэжлийн холоодууд зөвлөлдөж, гарцуудыг хайн, хамтран ажиллах шийдэлд хүрч, санамж бичиг байгуулах
  • Чуулга уулзалтанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах
  • Алтны салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүдийн эмхтгэл гаргах
  • Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР

Үндсэн хуралдаан:

1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй

2-р хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл

3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага

4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР/Урьдчилсан хөтөлбөр/

9.30-10.00 Төлөөлөгчдийн бүртгэл

10.00 Нээлтийн үг: МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат

МУ-ын УУХҮ-н сайд Ц. Дашдорж

10.30-11.20 1-р хэсэг: Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй:

Илтгэгчид: Засгийн газрын төлөөлөл, төрийн адбаны удирдлагууд, судлаач, мэргэжилтэнгүүд.

Хэлэлцэх асуудал:

  • Монгол улсын алтны үйлдвэрлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Алтны салбарыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, Алт-2 төсөл
  • Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах
  • Алтны олборлолт, боловсруулалтад дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх нь
  • Алтны компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь

11.20 – 12.00 Цай & кофе завсарлага, Бизнес уулзалт

12.00 – 13.00 2-хэсэг: Алтны шороон болон үндсэн ордын бодлого, шийдэл

Илтгэгчид: Төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтэн, алт олборлогч компаниудын удирдлага, төлөөлөл, судлаач мэргэжилтэнгүүд

Хэлэлцэх асуудал:

  • Шороон ордын олборлолтод тулгарч буй бэрхшээл, гарц
  • Шороон ордын ашиглалт ба тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний оновчлол.
  • Шороон ордын ашиглалтад оператор компанийн оролцоотой шийдлүүд.
  • Шороон ордод дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх нь
  • Үндсэн ордын төсөлд учирч буй хүндрэл, бэрхшээл, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг сайжруулах нь
  • Үндсэн ордод дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь
  • Шороон ордын алтыг баяжуулах шийдлүүд
  • Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт
  • Алтны уурхайн нөхөн сэргээлтийн туршлага

13.00 – 14.00 Үдийн завсарлага, Бизнес уулзалт

14.00 – 15.10 3-р хэсэг: Алтны төслүүд, хөрөнгө оруулалт, Нөхөн сэргээлт, олон улсын туршлага

Илтгэгчид: Алтны төсөл хэрэгжүүлэгч компаниудын удирдлага, төлөөлөл, Банк санхүүгийн мэргэжилтэнүүд, Олон улсын компаниудын төлөөлөл

Хэлэлцэх асуудал:

  • Алтны төслүүдийн танилцуулга
  • Хөрөнгө оруулалтын боломж
  • Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломж
  • Олон улсын алтны компаниудын туршлага

15.10 – 16.30 4-р хэсэг: Алтны хайгуул, Геологи судалгаа, хайгуулын эрх эзэмшигч, Ханган нийлүүлэлт

Илтгэгчид: Алтны хайгуулын компаниудын удирдлага, төлөөлөл, геологич, зөвлөх мэргэжилтэнүүд, хайгуулын эрх эзэмшигчид, санхүүгийн зөвлөхүүд

Хэлэлцэх асуудал:

  • Алтны хайгуулын төслүүдийн танилцуулга
  • Алтны шороон ордын хайгуулын өрөмдлөгийн ажил
  • Алтны хайгуулын төсөлд санхүүжилт авах боломжууд
  • Алтны төслийн геологи хайгуулын үр дүн
  • Алтны хайгуулд дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь
  • Алтны уурхайд ханган нийлүүлэх нь
Categories
мэдээ улс-төр

Астана-Өлгийн чиглэлд нислэгийн шинэ шугам нээх санал тавьжээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгийд ирэв.

Замдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2-р багийн малчин Х.Есенкелдийнд зочлов. Х.Есенкелдийнх хэдэн үеэрээ Толбо нуурын эргэн тойрон нутагласаар өдийг хүргэсэн, малч удмын хүн аж. Эднийх аймаг, сумандаа шилдэгт тооцогддог малчдын нэг. Хонь, ямаа голлосон 1000 гаруй малтай, хоёр хүүхэд нь удмаа дагаж малчин болсон байна. Эдний гал голомтод Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Н.Багабанди нар зочлон ирж байсан бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын дарга М.Энхболд айлчлан ирсэнд бэлгэшээн баярлаж байгаагаа гэрийн эзэн хэлж байв.

М.Энхболд дарга тэдэнд мал сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн ашиглах, малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйгаа дагасан жижиг үйлдвэрлэл хөгжүүлэхийн чухлыг онцлон захиад удахгүй болох Наурызын баяраа сайхан тэмдэглэхийг, айл хотлоороо амар жаргалантай амьдрахын ерөөлийг дэвшүүлэв.

УИХ-ын даргыг Өлгийд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсан угтаж, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар орон нутгийнхаа ажил байдлаас танилцуулав.

47.5 мянган ам км газар нутагтай, 13 сум, нэг тосгон, 90 багтай, 102.0 мянган хүн ам, 23.3 мянган өрх, түүний дотор 8800 малчин өрхтэй, 2.2 сая малтай тус аймгийнхан дулаахан, сайхан өвлийг үдэж байна. Булган, Сагилаас бусад сум цас зудгүй, 2016 онд мал өссөн дүнтэй байна.

Аймгийн удирдлагууд 1974 онд, 50-иад мянган хүн амтай байхад баригдсан Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэх, Өлгий-Ховдын хоорондох 100 гаруй, Цагааннуур-Улаанбайшинтын чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замыг дуусгах, Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй босоо тэнхлэгийн замын трассыг Өлгийн төвөөр биш, хажуугаар тавьж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ. Түүнчлэн сумын дайтай буюу 10 жилийн дунд сургууль, эмнэлэг, цэцэрлэгтэй, хүн ам олонтой 6 багийг сум болгож өгөхийг хүссэнийг “Хуулийн дагуу сум, аймгийн ИТХ шийдвэрээ гаргаж ирүүлбэл УИХ хэлэлцэнэ” гэж УИХ-ын дарга хэллээ.

Тус аймагт хамгийн тулгамдсан асуудал нь ажилгүйдэл аж. Ажилгүйдлийн түвшин улсын дунджаас их буюу 14.9 хувьтай байна.

УИХ-ын дарга М.Энхболд аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомж, тэдгээрийн ач холбогдлын талаар танилцуулав.

Тэрбээр:

-Өмнөх Засгийн газрын алдаатай бодлого, үйл ажиллагааг засаж залруулах, унаж уруудсан эдийн засгаа сэргээхэд төр, засаг, бүхий л аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүхний хүчин чармайлт шаардлагатай. Аймгуудад иргэдтэй уулзаж явахад хүндрэлийг даван туулахад зориулж мал өгье, мөнгө хөрөнгө, цалин тэтгэврээ хандивлая гэсэн хүмүүс цөөнгүй байна. Тэдний энэ сайхан сэтгэлд гүнээ талархаж байна. Гэхдээ хүн бүр ажиллаж, хөдөлмөрлөж, бүтээн босгож байж амжилтад хүрнэ гэдгийг мартаж болохгүй.

УИХ-аас эдийн засгаа сэргээх, төсвийн нэгдмэл байдлыг хангах, ахмад настан, эхчүүд, хүүхэд, малчдын талаар авах нийгмийн хамгааллын бодлого, банк санхүү, үйлдвэрлэл эрхлэлтийн эрх зүйн орчныг сайжруулахад голлон анхаарч ажиллалаа. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй хөнгөн, хүнсний 4 чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 1.0 хувийн татвар ногдуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ бол хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд маш том боломж гэж харж байна. Хүн бүхэн, айл өрх бүр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж орлоготой, ажилтай байж гэмээнэ бид хямралаас богино хугацаанд гарч чадна. Хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь хөдөөд байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэл хөгжүүлэх гол алхам байх болно. Энэ зорилтыг бүс нутгийн хөнгөлөлтийн бодлого явуулах замаар хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна.

Ажлын байр бий болгож буй санаачилга бүрийг дэмжих нь чухал. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, тээвэрлэлт, худалдаанд татварын хөнгөлөлт олгох нь зүйтэй. МАН засгийн эрх барьж байх үедээ Хөдөө аж ахуйн бирж байгуулсан нь эхний үр дүнгээ өгч байсан ч өнгөрсөн 4 жилд үндсэндээ хаягдсаныг засаж залруулах арга хэмжээ авна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, энэ төрлийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэглээг бүрэн хангах, цаашид экспортлогч орон болох зорилтоо цаашид тууштай үргэлжлүүлнэ.

Бид төрийн албанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх, төрийн институци, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч байна. Хэрвээ үүрэгт ажлаа сайн хийж чадахгүй, дутагдал гаргавал албан тушаалд томилж болсон юм, хариуцлага тооцож бас болно гэсэн зарчмыг бид баримталж байгаа гэдгийг дуулгая гэлээ.

Иргэд аймагт Нэгдсэн эмнэлэг, Цементийн үйлдвэр барих, бүрэн дунд боловсролын 2-р сургуулийн дутуу гүйцэтгэлтэй барилгыг дуусгах, Хүүхдийн хөгжлийн ордон байгуулах, ажилгүй иргэдийг ажилтай болгох, Астана-Өлгийн чиглэлд нислэгийн шинэ шугам нээх, хил гаалийн ажмиллах цагийг уртасгах зэрэг саналыг тавьж, цөөнгүй асуулт тавьсанд УИХ-ын гишүүн А.Баделхан, Г.Солтан, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, Дэд сайд Ё.Отгонбаяр, Л.Бямбасүрэн, Б.Цогтгэрэл, Ж.Сауле нар хариулт өглөө.

Мөн аймгийн төвийн дулааны алдагдлыг багасгах, утаа ихсэж буй тул эртнээс арга хэмжээ авах, үүний тулд Улаанбаатар болон бусад аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн шөнийн цахилгааны хөнгөлөлтөд Өлгийнхнийг хамруулах санал гаргасанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хариулт өглөө.

Иргэд Үндсэн хуульдаа зохих өөрчлөлтийг оруулах, хууль ёсыг төрийн байгууллагуудад сайтар сахиулах нь нэн чухал байгааг УИХ-ын даргад хандан захиж байлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.