2003 он цагаан сарын шинийн нэгэн. Манай гэр бүлийнхэн
Сар шинийн баяр ойртож буй энэ өдөр айл хотол, аав ээж, эмээ өвөө, ахан дүүстэйгээ золгон цалгиж байсан бага насныхаа цагаан сарын тухай дурсъя гэж бодлоо. Манайх Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар багийн “Хөшгийн өвөр” гэх их хадтай уулын өврөөр нутагладаг аймгийн алдарт уяач Д.Ням-очир буюу нутгийн олны нэрлэж заншсанаар Халзаа панзынх гэж айл. Манайхан хүүхдүүдээ бүтэн нэрээр нь эсвэл нэрийг нь таллаж дууддаггүй уламжлалтай учраас аавыг багад нь ээж, аав нь Халзаа гэж авгайлан нэрлэсэн юм билээ.
Аав маань Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аварга малчин Дулам гэж хүний хүү бол ээжийн маань аав нутаг олондоо “Өндөр” Ж.Пүрэв нэрээр танигдсан сум нэгдэлдээ нярав гэхчилэн алба хашиж байсан “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага” зэрэг уртын дууг сайхан дуулдаг, гүндүүгүй эр хүн байлаа. Намайг ухаан орсон цагаас эхлэн манайх ээжийн аавынхтай хоёр гэрээр нутагладаг байв. Цагаан сар өргөн дэлгэр, урт удаан үргэлжилнэ. Угаас цагаан сар, наадам хоёр малчдын хувьд хамгийн том бөгөөд хамгийн сайхан баярт тооцогдоно. Манай нутагт цагаан сарын бэлтгэл ажил ихэвчлэн нэг сар гаруйн өмнөөс эхэлнэ. Цагаан сараар хүн болгон шинэ дээл өмсөнө гэдэг нь бичигдээгүй хууль байдаг болохоор ээж бидэнд дээл оёно. Гэхдээ хүүхдийн дээлийг шинэ материалаар хийдэггүй, хээтэй торго дурдан зэргээр урлахыг бүр ч цээрлэнэ. Манай том ах 10 настай, бага дүү хоёр настай байх үед буюу 1997,1998 оны үеийн цагаан сараар бидэнд томчуудын урагдаж, өнгөө алдсан дээлийг задалж угаагаад өнгийг нь эргүүлээд дээл оёод өгчихөж байсан юмдаг. Нэг жил надад эмээгийн хуучин хөх дээлээр дээл оёж өглөө. Би шинэхэн дээлээ өмсөж хэрэндээ гангарч аваад л ахтайгаа хөтлөлцөөд нэг километр хэрийн цаана байх буурал ээжийнх рүүгээ очиж мялаалгаж байлаа. Буурал ээж орос чихэр, жигнэмэг зэргээр шагнаад дээл мялаахдаа ерөөл хэлж урд хормойных нь дотор талд жаахан шар тос түрхэж өгч билээ. Тухайн үед бага байсан болохоор унага, даага гэж хэлээд л мялааж байна гэж ойлгодог байлаа. Эмээ ах бид хоёрт тав, зургаан ширхэг орос чихэр өгнө. Би харих замдаа хамгийн гоёос нь түүж идсээр дуусгачихаад ирдэгсэн. Харин ах Н.Ганхүрэл маань нэгийг ч идэхгүй ээждээ эмээдээ, өвөөдөө, аавдаа, дүүдээ өгнө гээд хүний тоогоор нь хадгалчихдаг тооцоотой хүүхэд байсан.
Ингээд цагаан сар болохоос 20-30 хоногийн өмнө айлууд буузаа хийнэ. Манайх бол адууны, хонины махтай гээд хоёр төрлийн бууз хийгээд настай хүмүүст шөлтэй хоол хийж өгөх нь илүү дээр байдаг хэмээн банш бэлдэж хөлдөөнө. Бууз хийхэд айл саахалтын хүмүүс, ахан дүүс тусална. Мөн нэг том ажил нь хавсай хийх. Хэвийн боовыг манай нутагт хавсай гэж нэрлэнэ. Өдрийн сайныг харж байгаад хэвийн боов сайн хийдэг хүнийг урьж залж авчраад хамтдаа өдөржин хэвийн боов хийцгээнэ дээ. Хэвийн боовноос гадна манайхан алаг маажуур, том мушгиа боов зэргийг хийдэг. Бууз, боов хийх том ажлын дараагаар угааж цэвэрлэж цэгцэлсээр байгаад л цагаан сарын битүүнтэй золгоно доо. Битүүний орой радиогоор бөх сонсонгоо аав идээгээ засна, өвөөгийнх ууцаа чанангаа эмээ битүүлгэний хуушуур хайрна. Харин ээж гэрээ цэвэрлэж, бидний хувцсыг бэлдэнгээ хамгийн сүүлийн дээлийнхээ товчийг хадна, шинэ орны бүтээлэг хөшиг зэргээ гаргаж зэхнэ гээд мундахгүй их ажилтай. Ингэж байтал эмээ, өвөө хоёр битүүлгэний идээ ундаагаа хуушууртайгаа бариад манайд ороод ирнэ. Хуушуурыг нь идэцгээж, өвөөд архи задлаад, ярьж хөөрөлдөнө. Ингээд ээж их ажилтай байдаг учраас битүүлгэний хоол гэж ихэвчлэн буузаа жигнээд идээ будаагаа зэхэж өвөөгийнх рүү аваад бүгдээрээ орно доо. Өвөөгийнд цай унд болж, өвөө ганцаараа архи хүртэнгээ босож зогсчихоод “Эрдэнэ засгийн унага”, “Эр бор харцага”-аа дуулж гэрийн жавар үргээнэ. Биднийг багад аав маань залуу байсан болоод ч тэр үү, огт архи амсдаггүй байлаа. Тиймээс архийг 60 гарсан өвөө минь л хүртэнэ. Багадаа уртын дууг ойлгохгүй, өвөөгөө ямар урт дуу дуулдаг юм бэ гэж боддог байж билээ. Битүүний орой эмээ бидэнд чихэр өгнө. Ингээд цагаан сарын баяр эхэлчихэж байгаа юм болов уу гэмээр байж байгаад л унтацгаана. Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэж бодохоор миний нойр хүрэхгүй шүү дээ. Ингээд шинийн нэгний өглөө ээж эртээ босож цайгаа чанахаас эхэлнэ. Цайгаа чанаж гэрээ цэвэрлэчихээд, мөрөө гаргаж, хонь малаа бэлчээрлүүлчихээд, дахин шинэ цай чанаж бууз жигнээд л золгоцгооно. Бид эхээс тавуулаа, насныхаа дарааллаар зогсоод эхлээд аавтайгаа, дараа нь ээжтэйгээ золгоцгоож цайгаа ууж, буузаа идчихээд л аав, ээжтэйгээ бүгдээрээ өвөөгийнд золгож орно. Өвөөгийнд орохдоо халуун савтай шинэ цайтай, жижгэвтэр идээгээ бариад орно. Ингээд өвөөгийндөө золгуутаа хийчихээд, нэг километр хэрийн цаана байх аавын ээжийнх рүү морин тэргээ хөллөөд шогшчихно шүү дээ. Хоёр ах морио унаад хонь адуугаа нэг эргүүлчихээд бидний араас очдог байсан. Авга эмээгийнх бидэнд хамгийн гоё бэлгийг өгнө. Эмээ дугуй цагаан еэвэн, ёотон, орос чихэр, нар хамба, нандин чавга зэрэг тухайн үедээ бол жилдээ бараг ганц иддэг амттануудыг сонингийн цаасанд боогоод өгнө. Ингэхдээ бидний үеийн бүх хүүхдэд яг ижилхэн бэлэг өгдөг. Харин манай том ах авга өвөөгийнд өссөн болохоор гутал, эсвэл өмд зэрэг их том бэлэг авна. Ингээд дараагийнхаа айл руу буюу аавын хамгийн том ахынх руу явцгаана. Тэднийх мөн л гурван километр хэрийн цаана, уулын хярд байна. Ингэж, хоёр гурван айлаар орсоор шинийн нэгний өдөр өндөрлөнө дөө. Харин маргааш нь аавын дүү нар манайд ирж золгоно. Тухайн үед ихэнх айлууд жижигхэн шилтэй, үйсэн бөглөөтэй шимийн архи, бэлэгтэй золгож ирнэ. Жишээлбэл, аавд дүү нар нь нэг дээлийн даавуу, нэг хүзүүний ороолт, нэг шил шимийн архи өгнө, ээжид нэг дээлийн торго, эмжээр зэргийг чихэртэй өгнө. Бэлэгний чихэр гэдэг нь тухайн айлын хэвийн боов, боорцогны дээж дээр нэг жигнэмэг хэдэн чихэр тавьсан харагддаг.
Айлын бэлгийг багадуулж өгч болохгүй гээд бэлэгтэй нь дүйцэхүйц бэлэг бэлдээд дээр нь заавал нэг хоёр зүйл нэмж өгнө. Мөн архитай ирсэн айл бүрт архиных нь үнэ гээд мөнгө тавьж өгдгийг би их тод санадаг юм. Цагаан сараар элбэг дэлбэг байхыг бэлгэддэг болоод ч тэрүү нэлээд тооцоотой, нягт нямбай ээж маань цагаан сараар их өглөгч болчихсон харагддаг байв. Бэлэг гэдэг чинь цагаан сараар бараг эцэс төгсгөлгүй үргэлжилнэ шүү дээ. Айлууд бэлэгтэй ирнэ, эргүүлээд манайх бэлэг өгнө. Нөгөө ирсэн айлууд нь хүүхэдгүй айл байж таарвал ээж тооцож үзэж байгаад бидэнд өгсөн бэлэгтэй нь дүйцэхүйц мөнгө бэлэг дээр нь нэмж тавина гэх жишээний. Бидэнд ирсэн бэлгийг ээж хурааж аваад айлын хүүхдүүдэд өгчихнө. Ийм учраас цагаан сараар айлууд нэг их нүсэр бэлэг бэлдэхгүй. Айлын өгсөн бэлгийг эргүүлж, зөрүүлж өгсөөр байгаад зөрөлдөөд таарна гэсэн үг. Харин эмээ, өвөөд л тусгайд нь бэлэг бэлддэг байсан юм. Ингээд шинийн гуравнаас аав өвлийн бооцоот уралдаанд хурдан мордио аваад явчихна. Манай морьд ямар ч уралдаанд очсон айраг түрүүгүй ирэхгүй. Тиймээс морины шагнал гэж хивс, халуун сав, дээлийн торго гээд ганзага дүүрэн ирнэ. Аав хурдан морьдын уралдаанд явахдаа хамгийн жороо морио унаад, тэнзэн ташуур, арван баавартай мөнгөн тоногтой эмээлээ зэхээд, хурган дээл, булган малгай, угалзтай монгол гут-лаа өмсөөд нүнжигтэй явна. Тиймдээ ч ах нарт сайхан хувцаслаж, ухаантай, арчаатай явж байхыг үүрэгдэнэ.
Ингээд аав уралдаанаас ирсний дараа аав, ээж хоёр хол байх ах дүү, найз нөхдийнхөөрөө явж золгоно. Ингэхдээ биднийг авч явахгүй, хоёулаа мотциклиороо явчихна. Аав Архангай, Завхан, Булган зэрэг хөрш зэргэлдээ аймаг болон Хөвсгөлийнхөө бүх сумдад найз нөхөдтэй, тэднийхээрээ хүртэл очиж золгох үе байна. Яагаад гэхээр манай аав нэг доголон даагыг шинэ мотоциклиор худалдаад авчихдаг, эсвэл нэг шинэ мотоциклио азарга адуу болгочихдог, 10 адуу өгөөд нэг даага авчихдаг, өөр бусад аймгуудаас ноолуурын чиглэлийн ямаа, сүүний чиглэлийн үхэр зэргийг цуглуулж, малаа чанаржуулдаг зэргээрээ нутагтаа нэртэй хүн байв. Тиймээс ч хангайн бүсэд Халзаа панз гэхээр хүмүүс аавыг андахгүй мэддэг. Гэхдээ аавын наймааны зарчим нь ядуу хүнтэй наймаа хийхдээ өөрөө хохирч, тэр хүнд буян болно, баян хүнтэй наймаалцахдаа хэн, хэнийгээ холгохгүй хэн, хэндээ сэтгэл хангалуун байхаар наймаалцана гэх маягтай. Сайн адуу авах гэсэн, морь уях талаар зөвлөгөө хүссэн хүмүүс өөр аймгуудаас манайхыг их зорьж очно.
Цагаан сараар манай голын айлын хүүхдүүд тав, арвуулаа морьтой давхилдаад л айл хэсэж бэлэг цуглуулна. Ингэхдээ тэд бараг таних, танихгүй бүх айлаар орно. Аав хоёр ахыг ах дүү шиг болсон таньдаг голынхоо хэдхэн айлаараа ороод ир, жороо цайвар сайн морио унаад сайхан хувцаслаад яв, хүмүүстэй бүрэн бүтэн сайхан мэндэлж бай, жижиг хөөрөг бариад явж болно гээд жижигхэн халтар манан хөөрөг аваад өгчихсөн байдаг байж билээ. Аав ах нарт өндөр шаардлага тавина, бүх л ажлыг хийж чаддаг, тэвчээртэй, олонтой, хүмүүстэй найрсаг сайхан харилцдаг байх ёстой гэнэ.
Манай нутагт цагаан сар их өргөн дэлгэр болно. Гурав, дөрөвдүгээр сард ч хүмүүс золгож ирсээр л байдаг байв. Зун зусланд гарчихсан хойно ч зарим холын зочид ирнэ. Тиймээс ээж ирээгүй айлуудаа тооцоолоод бэлэг бэлдчихсэн байдаг юм. Би оюутан болсон хойноо өвлийн амралтаар гэртээ харьчихаад шинийн дөрвөнд хотод ирлээ. Тэгсэн хотын айлууд ямар ч цагаан сар болоогүй мэт чимээгүйхэн сууцгааж байлаа. Би тухайн үед хүн нас барсан юм болов уу гээд ихэд гайхаж байж билээ. Гэтэл хотын цагаан сар шинийн гурванд бараг дуусчихдаг юм билээ. Одоо манай эмээ хотод амьдардаг болсон. Ач зээ нар нь хүнд бэлэг өгөх хэрэггүй гэж цагаан сар болгоноор эмээд зөвлөнө. Харин эмээ минь бүх хүнээс зөрөөд заавал ирсэн хүн бүрт бэлэг өгнө. Бэлэг өгч буй шалтгаанаа тайлбарлахдаа цагаан сараар заавал хүний алга дээш нь харуулах ёстой байдаг. Өгч байгаа бэлэг нь захтай, эсвэл метрийн энтэй зэрэг хүндэтгэлийн агуулгатай байх ёстой гэдэг сэн.