Categories
мэдээ нийгэм

Хотын дарга 90-ээс дээш настай ахмадуудад сар шинийн бэлэг хүргүүллээ

“Алтан унжлагат хэмээх гал тахиа” жил гарах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд ерэн наснаас дээш нас сүүдэр зооглож байгаа ахмадууд гарын бэлэг хүргүүлж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар амралтын өдрүүдэд өндөр настаны гэрт нь очиж, хотын даргын бэлгийг өглөө.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн , Монгол улсын генерал Т. Алтангэрэл гуай энэ жил 99 нас хүрч байна. Цэргийн байгууллагад 47 жил тасралтгүй ажилласан, 1945 онд Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгаас шилжин ирж амьдарч байна. Агаарын хүчинд алба хаахаас өгсүүлээд 1945 оны чөлөөлөх дайнд хүртэл байлдаж явсан түүхтэй азай буурал юм. Энэ эрхэм азай буурлыг хүндэтгэн хотын даргын бэлгийг гэрт нь ирж гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын системийн дагуу иргэд худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, Ebarimt.mn сайтад бүртгүүлсэн баримтаараа сугалаанд оролцох болсон.

Одоогийн байдлаар 2016 онд бүртгүүлсэн баримтын сугалааны тохирлыг 19 удаа явуулаад байгаа бөгөөд 2017 онд хамаарах баримтын сугалааны тохирол маргааш “Боловсрол” суваг телевиз болон Ebаrimt фэйсбүүк хуудсаар явагдах юм.

Сугалаанд оролцохын тулд худалдан авсан баримтуудаа хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой.

Тохирол 19:35 цагаас орон даяар шууд явагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Ээж, аавууд утааны эсрэг дахин жагсахаа илэрхийлэв

“Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ноос дахин жагсахаа илэрхийллээ. Өнгөрсөн оны сүүлээр нэгдсэн аав ээжүүд хоёр ч удаа утааны эсрэг томоохон жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаалын үеэр Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-д шаардлага хүргүүлсэн юм. Харин уг шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй гэдгийг тус холбооныхон хэлж байна. Иймээс цаашид шаардлагын албан ёсны хариуг ирүүлэхгүй бол дахин жагсана хэмээн мэдэгдлээ.

Тус холбооныхон хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээллийг долоо хоног бүр статистик тоогоор гаргах, хүүхдийн эмнэлэг барих, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байрлуулах, Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч агентлагын автомашиныг 15-40 хувь бууруулах, Утааны голомтод байгаа жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг утааны улиралд хотоос гаргах зэрэг арга хэмжээ авахыг шаардсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачлагаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү уулзалтын гол зорилго оршиж байгаа юм.

Бизнес уулзалтын талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Энэ жилийн хамгийн гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт дэд бүтцийн ажилруу чиглэнэ. Зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны салбаруудруу дийлэнх хөрөнгө оруулалт, худалдан авалтын үйл ажилгаанууд зарлагдаж байгаа. Энэ салбаруудыг бид бизнесийн салбарынхандаа танилцуулах гэж байна. Нийт 65 худалдан авалтын 174 тэрбум төгрөгний худалдан авах ажиллагааг бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдэд зарлан танилцуулна. Мөн энэ удаагийн уулзалтын гол онцлог нь ААН-үүдийг алдаа гаргалгүй ажиллахад зөвлөн туслах, үнэн бодит зөв мэдээллээр хангах зорилго чиглэлтэйгээр зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар зөв бодлого барих ёстой вэ гэдэг дээр харилцан ойлголцсон чухал уулзалт болно гэж үзэж байгаа” хэмээн Засаг даргын орлогч П.Баярхүү хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Гадаад, дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа танилцуулах аж.

Хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг TV5, UBS, BLOOMBERG телевиз болон Монголын үндэсний олон нийтийн телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Урьдчилсан дүгнэлтээр есөн сургууль, 30 цэцэрлэг барих боломжтой гэж гарчээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөрийн албаны дарга Андерс Петтерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Нийслэлийн Боловсролын газраас санал болгосны дагуу АХБ-наас өнгөрсөн нэгдүгээр сард барилга, газар, байгаль орчны үнэлгээ хийх мэргэжилтэнгүүд ирж ажиллаад есөн сургууль, 30 цэцэрлэгийн барилга барих ажлыг санхүүжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан аж. Үүнийг ажил хэрэг болгох талаар өнөөдрийн уулзалтын үеэр талууд ярилцсан юм.

Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэ төслийг нийслэлд хэрэгжинэ гэж найдаж байна. Бид сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж, цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хэрэгтэй. НЗДТГ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Төсөл хэрэгжиж эхлэх болбол манай талаас бүхий л боломжоороо дэмжин ажиллах болно” хэмээлээ.

Ноён Андерс Петтерсон “Та бүхний саналыг нааштайгаар хүлээн авч байна. Бид судалгааны ажлаа дуусгаад энэ төслөө ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэдгийг хэллээ.

Нийслэл хотод төрийн өмчийн цэцэрлэггүй 25 хороо, төрийн өмчийн сургуульгүй 51 хороо байдаг аж.Улаанбаатар хотод 240 хүүхдийн 162 цэцэрлэг, 960 суудалтай 69 сургууль барих шаардлагатай гэсэн тооцоо байдаг юм байнагэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ховд аймгийн Үенч суманд 40 тонн өвс үнэгүй олголоо

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнөөдөр (2017.02.18) Ховд аймгийн Үенч суманд ажиллаж байна.

Сумын хэмжээнд өвөлжилт нэлээд хүндрээд байна. Цас их хэмжээгээр орж, дагтаршсанаас мал бэлчээрлэх боломжгүй болсон. Ихэнх малын тавхай, шилбэ халцарсан. Одоогийн байдлаар 3982 толгой мал хорогджээ.

Сумын хэмжээнд 133 мянган толгой мал өвөлжиж байгаа аж. Өвөлжилт хүндэрснээс 269 малчин өрх отор нүүдэл хийн өөр сум, аймгийн нутагт очсон.

Мөн нэлээд хүнд нөхцөлд өвөлжиж байгаа 100 орчим малчин өрх байна гэдгийг орон нутгийн удирдлагууд Шадар сайдад танилцууллаа.

Өнгөрсөн жил зуншлага сайн байсан тул өвс, хадланг сайн бэлтгэж авч нөөцөлсөн байна. Гэвч мал бэлчээргүй болж, мөн малын тавхай, шилбэ халцарч гэмтсэн тул малчид малаа хотонд нь тэжээсээр өвс, тэжээлээ дуусаж буй аж.

Энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга цаг хүндэрсэн Үенч суманд ажиллаж байгаад нутгийн удирдлагууд төдийгүй иргэд талархаж байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Шадар сайд тус суманд 40 тонн өвс үнэгүй олгож, 50 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо.

Мөн сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн машин олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж нөхцөлөөр хангаж өглөө.

Үүний зэрэгцээ малчдад олон улсын байгууллагуудын тусламж болгон илгээсэн хөнжил, гудас, хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хуваарилалт хийн олголоо.

Үенч сум нь Улаанбаатар хотоос 1500 км алслагдсан бүс нутаг юм. Нийт 4500 хүн амтай.

Шадар сайд сум, аймгийн удирдлага, Онцгой байдлын газрынханд тодорхой үүрэг чиглэл өгч, цагийн байдалд тохируулан хүч нөөцөө зөв хуваарилан, тусламж үйлчилгээг яаралтай хүргэн, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Хүч хүрэлцэхгүйд хүрвэл шууд Улсын Онцгой комисст хандахыг мөн үүрэг болгосон юм.

Цас орж шуурсан нөхцөлд зам даваа хаагдаж, эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэхэд хүндрэл учирдаг тул хаагдсан зам давааг түргэн хугацаанд нээх, хүнд нөхцөлд өвөлжиж байгаа малчдын эрүүл мэндэд онцгой анхаарах. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн болон эх, нялхаст хүргэх төрийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй хүрэх ёстойг эрүүл мэндийн байгууллага болон онцгойгийнхон, сумын удирдлагад үүрэг болголоо.

Одоогийн байдлаар Үенч суманд хээр талдаа цасны зузаан 20-29 см, уулархаг газраа цасны зузаан 48 см хэмжээтэй байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга өнөөдөр Үенч суманд ажиллачихаад Алтай сум, дараа нь Ховд аймгийн төвд ажиллахаар төлөвлөөд байна гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөвсгөлөөс Байгал нуур хүртэл сайн чанарын замгүй учраас аялал жуулчлалын боломжоо алдаж байна гэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Сергей Георгиевич Левченког хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд түүний Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд энэ оны намар болох Эрхүү мужийн 80 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлэв.-Манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхжиж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилж, 2016 онд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Улаанбаатар хотноо Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд 2016 оны 10-р сарын сүүлчээр ОХУ-ын Новосибирск хотноо “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтыг хоёр улсын парламентын гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор амжилттай зохион байгуулсан билээ. Би өнгөрсөн оны 12-р сард ОХУ-д айлчлахдаа Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нартай уулзаж, хоёр улсын парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон асуудал хөндөж ярилцсаны дотор хоёр улсын хил залгаа бүс нутгийн харилцааг бүхий л түвшинд өргөжүүлэх асуудал чухал байр суурь эзэлсэн.

Цаашид бид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү идэвхтэй, өргөн хүрээнд хөгжүүлэхийн зэрэгцээ, хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал. Энэ үйл ажиллагаанд газар нутгийн хувьд ойр, харилцааны баялаг сайхан уламжлалтай Эрхүү муж чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглэж хэлэв.

Тэрбээр 10-аад жилийн өмнө Улаанбаатар хотын Мэрээр ажиллаж байхдаа Улаанбаатар, Эрхүү хотын харилцаа олон салбарт, амжилттай хөгжиж, урлаг соёлын олон сайхан арга хэмжээг хамтран зохион байгуулж байснаа дурсаад “Ноён С.Г.Левченко Таны энэ удаагийн айлчлал ах дүүсэг, найрсаг сайхан харилцааг сэргээн идэвхжүүлж, шинэ агуулгаар баяуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

-Бид төр засгийн болон орон нутгийн ажлын өргөн баялаг туршлагатай, манай хоёр орны харилцааны өв уламжлалыг гүнээ хүндэтгэдэг Л.Амарсанааг Эрхүү мужийн Консулаар томилсон нь санаандгүй хэрэг биш юм. Түүнийг маш сайн ажиллаж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт огт эргэлзэхгүй байна гэж М.Энхболд онцоллоо.

Ноён С.Г.Левченко хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Эрхүү мужийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон төрлийн арга хэмжээнд монгол нөхдөө хүлээн авахад бэлэн байна гээд УИХ-ын даргыг Эрхүүд хүрэлцэн очихыг урилаа.

Тэрбээр Улаанбаатар хотод саяхан байгуулагдсан ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дэргэд “Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлаг” буюу төлөөлөгчийн газар үүдээ нээж байгааг мэдээлэв.

Ноён С.Г.Левченко “Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрхүүгийн 25 томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд багтаж яваа. Тэд монгол түншүүдтэйгээ хамтын ажиллагааны олон гэрээ, хэлцэл хийж байна. Эрхүүгийн Зам, тээврийн их сургууль монгол оюутныхаа тоог нэмж, ирэх намраас жил бүр 105 оюутан сургах гэрээ байгуулсныг жишээ нь, дурдаж болно.

Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахдаа монгол, орос “Оюутны отряд”-ыг Эрхүү болон Монгол Улсад харилцан ажиллуулах санал тавьсан. Манай залуу үеийнхэн ийнхүү хамтран сурч, ажилласнаар ахмад үеийнхнийхээ нөхөрлөл, найрамдалт харилцаа, үлгэр дуурайлыг өвлөн авах боломж нээгдэнэ. Манай Эрхүүгийнхэн Монгол Улсын хүүхдийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай Боловсролын сайд яваа. Тиймээс боловсролын харилцааг өргөжүүлэх олон асуудал хөндөж ярьж байгаа нь тодорхой.

Энэ оны 4-р сард Эрхүүд Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. Энэ арга хэмжээ хоёр орны бараа эргэлт, худалдаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэрбээр хоёр гол асуудалд УИХ-ын дарга М.Энхболдын анхаарлыг хандуулахыг хүсч байна гэв. Нэгдүгээрт, Монгол Улсын эрчим хүчний системийг барьж байгуулахад Эрхүүгийн болон ЗХУ, ОХУ-ын инженер, техникийн ажилтнууд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Манай Эрхүү муж эрчим хүчний үйлдвэрлэлийн баялаг туршлагатай, шилдэг мэргэжилтэнтэй, хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг. Эдгээр үзүүлэлтээр Оростоо тэргүүлдэг. Дэлхийн II дайны дараа Братскийн, Иркутскийн, Усть-Илимскийн гээд олон томоохон усан цахилгаан станцууд барьж байгуулсан нь одоо ч амжилттай ажилласаар байна. Монгол Улс эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг бид мэднэ. Энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд бид оролцож, тусалж дэмжихэд бэлэн байна.

Хоёрдугаарт, аялал жуучлал бол манай хоёр орны хамтын ажиллагааны нэг чухал чиглэл мөн. Хөвсгөл-Байгал нуурын аялал жуулчлалын томоохон маршрут нээхээр хоёр тал тохиролцсон. Гэвч Хөвсгөлөөс ОХУ-ын хил, Байгал нуур хүртэл сайн чанарын зам байхгүй учраас энэ төсөл урагшлахгүй байна. ОХУ-ын Засгийн газар Байгаль нуурын бүс нутагт тусгайлан анхаарлаа хандуулж, эрэг орчмын үйлдвэрүүдийг хаах, дэд бүтэц, экологийг хамгаалахад илүү анхаарал тавьж байгаа. Тиймээс замын асуудалд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхаарлыг хандуулах шаардлагатай гэж бид үзэж байна. 2017 оны Комиссын хуралдааныг Эрхүү хотод зохион байгуулж өгнө үү гэж миний бие Засгийн газраасаа хүсэх бодолтой байна. Таныг Монгол талаас энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.

Ноён С.Г.Левченко Эрхүүд хоёр орны хамтарсан мод боловсруулах үйлдвэр байгуулах талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай санал солилцсоноо дурдаад УИХ-ын дарга М.Энхболдод “Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын паспорт” гардуулав. “Энэхүү паспортод ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн жагсаалт байгаа. Жагсаалтад Монголын төсөл хөтөлбөрүүд ч багтана гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн форум, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөжилтөд нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Манай муж эдийн засаг, нийгмийн олон үзүүлэлтээр ОХУ-даа тэргүүлж байна. Манай муж Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү амжилт олох болно” гэж тэрбээр хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатарт Худалдааны төлөөлөгчийн газраа байгуулсанд нь баяр хүргээд дэвшүүлсэн санал болон хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өчигдөр хуралдсан АИТХ-ын ээлжит V хуралдаанд оролцож “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувьтай холбоотой мэдээлэл хийлээ.

УИХ-аас тогтоол гаргаж Засгийн газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд буцаан авах чиглэл өгсөн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ярихдаа “Монголын зэс” корпораци тус үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа төлсөн 400 сая америк долларын дийлэнх нь зээл гэдгийг онцоллоо. Тухайлбал, Монгол Банкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 орчим тэрбум төгрөгийг зээлээр авсан зэрэг нь баримтаал нотлогдоод байна. Тиймээс хоорондын суутгал хийхэд Монгол Улсын төрөөс тус компанид төлөх мөнгөний хэмжээ бага байна гэж тооцож байгаа гэлээ.

Түүнчлэн Олон Улсын Валютын сантай хэлэлцээр хийж хөтөлбөрт хамрагдахгүй бол Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна гэсэн юм. Учир нь ирэх сарын 21-нд манай улс 580 сая америк долларын зээлийг төлнө. Мөн 8-р сард нэг тэрбум 700 сая америк долларыг Хятадын талд төлөх ёстой. Тиймээс улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын ажил хийхэд хүндрэл үүсэж байгааг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэллээ.

Энэ онд концессын гэрээгээр “Эрдэнэтийн Дулаан цахилгаан станц” ТӨХК-ийн үнсэн санг шинэчлэх болон “1А” хорооллын дэд бүтцийн ажлыг хийхээр болсон. Түүнээс гадна Цагаанчулуут багт цэцэрлэгт хүрээлэн барьж, “Орхон” цогцолбор сургуулийг өргөтгөхөөр болжээ. Мөн санхүүжилтгүй болсон шалтгаанаар ажил нь зогсоод буй Эрдэнэ багийн сургууль, Дэнж багийн соёлын төв, Хүүхдийн эмнэлэг, “2А” болон “Евро эко” хорооллын дэд бүтцийн ажилд улсын төсвөөс санхүүжилт хийхээр болсон талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцууллаа. Тэрээр энэ амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн комиссоос Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүллээ

Хүний эрхийн комис зурган илэрцүүд

Монголын Морин спорт уяачдын холбооноос өнгөрсөн жилийн 2 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын морин уралдааны явцад 16 хүүхэд мориноос унаж, 2 хүүхдийн хөл хугарсан байна. Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүллээ.


Categories
мэдээ нийгэм

“Монгол шуудан” ХК цэвэр ашгийн 30 хувийг ногдол ашиг болгон тараана

Холбоотой Зураг“Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 14-ны өдрийн тогтоолоор нэгж хувьцаандаа 3,03 төгрөг буюу 2016 оны нийт цэвэр ашгийн 30 хувь болох 301.9 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр гарчээ.

Энэхүү ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тарааж эхлэх юм байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болжээ.