Categories
мэдээ нийгэм

Сар шинээр иргэдэд нэмэлт автобус үйлчилнэ

Сар шинийн баяр, шинийн нэгнээс гуравны өдрүүдэд буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд алслагдсан гэр хороолол, хүн ам ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгслийг тоог 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Тодруулбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийг тоог 10 хувиар нэмэгдүүлж, иргэдэд үйлчлэхээр болсон байна.

Мөн сар шинийн баярын өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуй нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, нийслэл дотор таксины үйлчилгээнд 12 аж ахуй нэгжийн 529 такси нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУВС-гаас Монголд 440 сая ам.долларын зээл олгохоор боллоо

Өнөөдөр Сангийн яам, Монголбанк, ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Манай улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн үр дүнгийн талаар энэ хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан юм.

ОУВС Монгол Улсыг “Extended facility fund” хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Монгол Улсын Сангийн Яам, Монголбанк нь ОУВС-ийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллалаа. ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ” гэсэн юм.

ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы дугаарт хүргэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Гончигийн Тэрбиш: Увсынхан надад хайртай байдаг юм

Г.Тэрбиш зурган илэрцүүд

Монгол Улсын гавьяат жүжигчин, найраг баянхуурч, хөгжмийн зохиолч Г.Тэрбиштэй уулзаж хөөрөлдлөө.


-Уулзсан хүмүүс нэг л цөвүүн цагт арга ядан аж төрж буй юм шиг их эвэр хошуулцгаах юм. Та сайхан өвөлжөөд байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Он сайхан гарлаа. Би ард түмний хайрыг нөмөрч, хайранд хучигдаж амьдарч байна. Манай Бавуугийн Лхагвасүрэн “Ээжийн цагаан сүү нөмөрч өссөөн” гэдэг шиг жаргаж л явна. Энэ оны босгон дээр олон сайхан найрагчтай ойртож танилцлаа. Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, их эрдэмтэн Б.Ринчений шавь Т.Галсан ахтай өнгөрөгч намар төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа багшийн ойгоор Баянхонгор явахдаа бүүр сайхан дотнослоо.

-Та хоёр чинь өмнө нь хамтарч уран бүтээл хийх ч юм уу, хундага дарсны ард хамт сууж байгаагүй хоёр уу?

-Тэнгэр бид хоёрыг тэгж учруулаагүй байхгүй юу. Би Улаанбаатар хотод долоодугаар ангийн хүүхэд байхдаа орж ирэхдээ Галсан найрагчийг “Төрд тэрсэлсэн, Баянхонгорт тэмээчнээр цөлөгдсөн хүн юм гэнэ ээ. Их сургуулийнхаа ромбыг малгай дээрээ зүүчихээд “Би энэ сүйхэлжинг зүрхээрээ аваагүй тархиараа авсан юм” гэж хэлдэг ёж үгсийг нь мэддэг байснаас Галсан гуайг алиа шогч, ардын ерөөлч хүн байна даа гэж боддог байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадашийн цолны мялаалгын найран дээр бид хоёр “километр” зайтай суусан юм. Нацагийн Жанцанноров багшийн ардын жүжигчний найран дээр бас л ойрхон сууж чадаагүй. “Өрөөсөн жигүүртэй шувуу” гэж дууны шүлгийн номоо нэгэнтээ өгснийг нь Шувуун фабрикийн уран бүтээлийн гэртээ орхичихсон. Харин намар хамт явахдаа гайхамшигтай соён гэгээрүүлэгч хүн гэдгийг нь мэдэрсэн. Тэгээд Галсан гуайд хамтарч дуу зохиоё гэсэн санал тавьсан юм.

-Өвгөн найрагч тэгсэн юу гэж байх юм бэ?

-Мөрдорж багш ардын богино дууг завхай дуу гэдэг байсан юм. Тиймээс би Галсан гуайд “Та надад завхай дууны шүлэг зохиогоод өг. Хошин дуу байвал бүүр сайн” гэлээ. Тэгсэн саяхан утасдтал “Хүрээд ир” гэж байна. Очтол “Тэмээчний омогшил” гэж их сайхан дууны найраг өглөө. Би гэртээ ирүүт аялгуу хийсэн. Баянхонгорын уугуул хүү, алдарт гарч яваа дуучин Баярмагнайгаар дуулуулах гээд байж байна.


-Та сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Би соёлын гавьяат зүтгэлтэн, хошин шогийн нэрт мастер И.Цэрэнжамц ахтай “Учиртай дөрвөлжин” гэж мюзикл дуурь хийж байгаа юм. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавих гэж байтал соёлын тэргүүний ажилтан, дуучин Нарантуяагийн Гантулгыг маань даргынх нь ажлаас өөрчилчихлөө. Уг нь овоо л ажиллаж байсан юм.

-Та чинь тэтгэвэртээ суугаагүй хэрэг үү. Одоо хүртэл Цэргийн дуу, бүжгийн чуулгадаа ажилласаар байгаа юм уу?

-Чөлөөт уран бүтээлч болсон ч аккордианаа мөрнөөсөө тайлаагүй хэвээр, хөгжмөө туурвисаар явна. Гавьяаныхаа амралтанд гарсан ч гэсэн гандан буурахгүй л явна.

-Та ч урын сандаа овоо олон дуутай даа?

-Дан хөгжмийн бүтээл, найрал дуу, нийтийн болон мэргэжлийн дууны 450-иадхан бүтээл байна.

-Олонд танигдсан бүтээлүүд тань ч үнэхээр сайхан шүү?

-“Сайн байна уу, ээж ээ”, “Эрээн нуур”, “Наадмын морьдын тоос”, “Наран тотгот наадам”, “Увс нуур”, “Ганга нуур”, “Найман нуур”, Г.Жанчив агсны дуулсан “Дэлгэр мөрөн”, гавьяат жүжигчин Г.Батбаярын дуулсан “Галшарын унага”, дуурийн алдарт дуучин П.Ганбат агсан эхэлж дуулаад сүүлд нь ардын жүжигчин А.Дашпэлжээгийн дуулсан “Тольтой мөнгөн эмээл” гээд лус савдгийг баярлуулсан нэлээд олон дуу бий. Би уран бүтээл хийхдээ тооны төлөө хөөцөлдөөгүй. Хэдхээн дуу зохиогоод ард түмнээ, байгаль хангайгаа баярлуулъя гэж анх бодсон. Сүүлд бүртгээд үзтэл өдий тооны юм болж. Хаяж гээгдсэн ч байгаа л байх. Энэ дуунуудын ихэнх нь дуулах эзнээ хүлээж байгаа. СУИС болон бусад урлагийн сургуулиудаас олон дуучин төгсөж байна л даа. Гэхдээ л надад дуулагдаагүй дуу их байгаа.

-Эзнээ олоогүй хэд орчим дуу байх юм?

-Дуулагдсан зуу орчим дуу байгаа болов уу. Радиогийн алтан санд бараг зуугаад дуу байгаа байх. Дуунаас гадна тайзны бүжгийн хөгжим, олуулаа бүжгийн аяз нэлээд бий. Тухайлбал, ансамблийн “Морьт цэргийн бүжиг”, “Тангаргийн баяр”, “Уран хээ” гээд гавьяат Ламжав гуайн дэглэсэн бүжгийн хөгжмүүд өнөөдөр хүртэл тоглогдсоор байгаа. Мэргэжлийн марш, цэргийн дуунууд ч ЦДБЭЧ-ын урын санд их байгаа. За, дөрөв таван симфони байна. Гар хуруу загатнасандаа би энэ олон бүтээлийг туурвиагүй. Төр нийгмийн захиалгаар бүтээсэн л гэж боддог. Эцэг, эхээс төрөхөд л ийм сайхан үйлийн үртэй байсан юм байлгүй.

-Уран бүтээл туурвихыг зохиолч В.Инжанаши “Тамын жаргал” гэсэн маягтай бичсэн байдаг даа?

-Тэгж хэлж болно. Би бясалгал хийдэг хүний хувьд муу юм яримааргүй байна. Гэхдээ наад үг чинь үнэн шүү. Бид өөрсдөө л тархиа зовоож байж оюунаа шавхаж бүтээж байгаа учраас ард түмэн хүлээж авч байгаа. Тэгээгүй, зүгээр л нэг “Эрээн нуур”, “Дэлгэр мөрөн” гээд шүлстээд хаячихсан ая байсан бол яалаа гэж энэ дуунуудыг говь-алтайнхан, хөвсгөлийнхөн амны уншлага болтол дуулах вэ дээ. Хэрвээ нэг халтуурны аятай байсан бол “Увс нуур” дуу яалаа гэж увсынхны сүлд дуу болов гэж.

-Увсынхан ч нутгийнх нь бөх түрүүлэнгүүт “Увс нуур”-ыг дуулаад л Төв цэнгэлдэхийг долгисуулаад хаячихдаг юм билээ?

-Харин тэгдэг юм байна лээ.

-Сүлд дууг нь зохиож өгсөн гээд увсынхан танд шагнал урамшуулал өгсөн тохиолдол байна уу?

-Увс аймгийнхан надад их хайртай байдаг юм. Увс аймгийн ерэн жилийн ой болоход урьсан. “Тэр далай их наадамд хутгалдаж очоод намайг тоох хүн байгаа ч уу” гэж бодоод очоогүй. 2005 онд Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Увс нуур” дууг сүлд дуугаа болгож баталсан юм байна. Тэгсэн цахим ертөнцөд “Гавьяат жүжигчин Г.Тэрбиш “Увс нуур” дууг зохиож өгсөнд увсынхан талархаж америк жийп бэлэглэв” гэж тавьсан байна лээ. Хэзээ нэг цагт надад тийм сайхан унаа өгөх юм байна гэж би хувьдаа баярлаад байгаа. Тэр машинаа унаад би хаа хүрнэ гэж бодож байна.

-Хаа хүрнэ гэж?

-Говь-Алтайгаа нэг орно. Сайхан шүү дээ.

-Та ч тэгвэл бүтээлээрээ мундаг “баяжаа” л байгаа хөгжмийн зохиолч байна даа?

-Өө, би баян. Хорин нэгэн аймагт зөндөө малтай. Адуу мал сүргээрээ л байгаа. Бөхчүүд бол нэхэл хатуутай учраас хүн мал бэлэглүүт л маргааш нь очоод тамгалж тэмдэглээд авчихдаг юм. Айлын хүргэнийг “Цэргийн шалдан банди” гэж ярьж байдаг даа. Би тэрэн шиг л цэргийн шалдан банди юм чинь Увсаас, Өмнөговиос, Дундговиос яаж малаа цуглуулж чадахав. (инээв) Манай Говь-Алтайн Жаргалан сум хүртэл “Эрээн нуур”-ын хорин таван жилийн ойгоор таван хошуу мал өгсөн. Би одоо хүртэл нэхэж авч чадаагүй л явна. Тэр малчныхаа ч хөлс цалинг өгч амжаагүй л байгаа.

-Өвлийн идшээр харин ч нэг айдаггүй юм биш үү, та?

-Тэр олон малчдынхаараа очдоггүй, эргэж уулзахгүй болохоор хаа, ямар мал байгааг ч мэддэггүй. Итгэлт баян байсан бол ч “Дотроо дугуйтай нь хээлтэй мал” гээд л нэг бүрчлэн данслаад авах байх л даа. Малчдынхаараа ч бууж амжихгүй. Хаа нэгтээ очингуутаа тоглочихоод, ансамблийн муу автобусандаа суугаад буцчихаж байгаа юм чинь. Малын эзэн тааралдвал гэргийнхээ өгсөн боодолтой бэлгийг гардуулж “Таван хошуу мал маань өсөх болтугай” гэж ерөөхөө бас мартахгүй ээ. Энэ гоё шүү. Дорнодын Хөлөнбуйрт ч илүү нугаламтай хонин сүрэг надад байж л байна. Гавьяат жүжигчин Гончигийн Жанчив шүлгийг нь бичсэн “Хөлөнбуйр нутаг” гэж сайхан дууны минь буян тэр.

-Яг одоо ямар уран бүтээл туурвиж байна?

-Оны зааг дээр “Сүлд” телевизийн “Эрдэнийн эрхи” нэвтрүүлэгт гурван ч найрагч бүсгүйтэй хамт оролцсон юм. “АПИ-МОН” амьд зөгийн эмнэлгийн захирал, яруу найрагч Жалбуугийн Ганчимэг “Арван хоёулаа билээ, бид” шүлгээ уншсан. Би тоо орсон шүлэг дуу болдоггүй гэж бодож явдаг байлаа. Тэгсэн тэр шүлэг аялгуу дагуулж бичигдсэн шүлэг байх юм. “Тэнгэрийн шившлэг” номыг нь харж байгаад эл шүлгээр дуу хийлээ. Тэр бол бадагт хэлбэрийн биш дууль дуу болсон. Өмнөд Монголын дуучин Тэнгэр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Би хамгийн анх “Сайн байна уу, ээж ээ” хэмээх монгол дууг дуулж сурсан” гэхэд би их баярласан. Ээжийгээ мэнд сэрүүн байхад 1968 онд Барилгын хоёрдугаар батольоны барилгачин, байлдагч түрүүч байхдаа би энэ дуугаа зохиож байсан юм. Ж.Ганчимэгийн “Тэнгэр” гэж их сайхан шүлэг байна аа.

“Сартайхан байлаа ч

Салхитайхан байлаа ч

Хөх тэнгэр та

Эзэн заяаны ээлтэй бурхан

Ээжийн адилаар биднийг ивээдэг ээ

Энэрэлт тэнгэр ээ” гэсэн шүлэгт аялгуу зохиож Тэнгэр хэмээх тэр том дуучнаар дуулуулъя гэж бодлоо.

-Найраг баянхуур үнэхээр эгшиглэнтэй хөгжим шүү. Та хөгжим гэдэг жинхэнэ утгаар нь амилуулдаг болохоор ч тэгж санагддаг байж магадгүй. Хэдэн насандаа анх дарж сурав. Таны залгамж болсон пиано аккордианч төрөх нь үү?

-Шатрын агуу их мастер Фишер “Танаас илүү шатарчин байна уу” гэхэд “Одоохондоо би л байна даа” гэсэн гэдэг. Мухамед Али бас тэгсэн гэдэг шиг одоохондоо би л Монголдоо энэ хөгжмөөр дагнан тоглож байна даа. Энэ хөгжмийг чинь уг нь “Тэврээд явдаг төгөлдөр хуур” гэж дэлхий даяар үнэлдэг юм шүү дээ. Төгөлдөр хуурыг бол тийм ч амар хөдөө гадаа аваад явчихгүй еэ дээ. Тэгэхэд найраг баянхуур авсаархан, хамгийн гол нь төгөлдөр хуурын тоглох бүх аялгууг гаргадаг. Оросын яруу найрагч Евгений Евтушенко Монголд айлчлаад буцахдаа Бал даргад “Танайх говьтой, хангайтай үнэхээр сайхан орон юм. Даанч авьяастныг бордох газар л байхгүй юм” гэсэн гэдэг шиг найраг баянхуурын нэг ангийг урлагийн сургуулиуддаа байгуулчихвал Монгол Улсад их л хэрэгтэй байсан юм. Тэгэхэд өнөөдөр морин хуурын төчнөөн анги, төгөлдөр хуурын зөндөө анги байдаг. Төгсөгчид очоод хөгжимдье гэсэн ч дуугарахгүй, хөггүй хэдэн эвдэрхий төгөлдөр хуураас өөр юм театр, чуулгуудад нь байдаггүй. Энэ их харамсалтай хэрэг шүү. Монголд сонсголоороо болон ноот хараад тоглочихдог мэргэжлийн шахуу баянхуурч, аккордианч олон бий. Миний хувьд таван настайгаасаа аман хуур тоглож сурсан юм. Аймгаас нутаг заагдсан тэнсэн ялтай Дашпунцаг гэдэг хүн манай Жаргаланд шохой шатаах ажил эрхэлдэг байсан. Тэр Дашпунцаг гуай охиндоо, надад, манай эгчид нэг нэг аман хуур авчирч бэлэглэсэн юм.

-Өө бас сонин л тохиол юм даа?

-Миний бага эгч Цагаач гэж хөдөлмөрийн баатрын болзлыг хоёр гурван ч удаа хангасан шувуучин хүн байлаа. Тэр үед бид гурав аман хуур гэж гайхамшигтай дуу ордог хөгжим гэдгийг огт мэдэхгүй худлаа л шүгэлдүүлж үлээгээд л орилуулж явдаг байлаа. Миний ууган ах Содномцэрэн гэж Завхан аймагт сургууль төгссөн мундаг нягтлан бодогч хүн байлаа. Энэ өндөр ахыг аав Завханы Цагаанчулуутаас адуу малын өр нэхээд ир гэсэн чинь авлаганд пягтруул гэдэг юм аваад ирдэг байгаа. Цагаанчулуут чинь Цэрэнпунцаг гарьд, агуу дуучин Адарсүрэн аваргуудын нутаг шүү дээ. Пягтруулыг Жамцын Бадраа багш эгшигт хайрцаг гэж мөн гоё нэрлэсэн юм шүү. Нөгөө эгшигт хайрцгаар чинь “Учиртай гурван толгой” дуурь, Оросын мундаг симфони оркестр сонссоор байгаад урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. Тэр үед манай сумын кино механикч байсан Чойдог ах манай Завхан гол багт ирж кино гаргахдаа миний аман хууранд “Хүмүүн төрөлхтөн”-ий аяыг тоглолоо. Энэ Чойдог ах ноот мэдэхгүй мөртлөө хөгжмийн мундаг сонсголтой хүн байсан. Хожим “Алтай” чуулгын хөгжмийн найруулжуулгыг хийдэг хөгжмийн зохиолч хүн байсан. Тэгж л хөдөөгийн эгэл жирийн хүү би анх аман хуурыг дуу оруулж болдог гайхамшигтай амьтай хөгжим юм байна гэдгийг мэдэрсэн дээ. Жаргалантын Нурамтын овоог тахих наадамд Батсуурь ах түрүүлж, би их баярлан хадны цуурайтай нийлүүлэн аман хуураа үлээж байсан минь одоо бодоход анхны хөгжмийн бүтээл маань байж. Хожим би ахдаа зориулж “Аварга Батсуурь” гэдэг дуу хүртэл зохиосон.

-Монгол Улсын аварга Шаравын Батсуурь таны хамаатан юм уу?

-Тэр том бөх чинь миний нагац ах л даа. Бид хоёр чинь эгч дүүсийн хүүхдүүд байхгүй юу. Тиймээс миний гар чинь ийм том байгаа юм. Даанч би мэх сураагүй. Нохой мордох ганцхан мэхтэй. Тэр мэхээрээ ансамблийн хэд хэдэн нөхөртэй мөрий тавьж давж л байлаа. Аман хуур сурсны дараа сургуульд орсон хойно аав Шуя хотод үйлдвэрлэсэн гармони хөгжим авч өгсөн. Аав, Чойдог ах, Говь-Алтайг эрүүлжүүлсэн эмч Галсангийн Миеэжав гэж Монгол Улсын циркийн нэгдүгээр зэргийн калернитчин нар миний анхны багш нар болсон доо.

-Мундгуудаас хэн таны багш байв?

-Самбын Гончигсумлаа багш байна. Ерээд онд картын барааны үеэр багш гэртээ их урина. Очихоор ганц юм задална. Тэгтлээ нэг их уугаад байдаггүй хүн шүү дээ. Хамгийн гол нь уухаасаа илүү ярьж сууж юмаа үлдээх ухаан нь байхгүй юу. Тэрбиш гэдэг хүүд өөрийнхөө явсан зам мөрийг, өөрийнхөө багш, алдарт хөгжимчин Түдэв гүнийг ярьж үлдээх гэж дуудаж, дөрөвдүгээр дэлгүүр рүү хамт алхаж, картын бараанд дугаарлаж зогсдог байсан юм билээ. “Түдэв багш хуучраар гайхамшигтай тоглодог учраас Богд хаанаас гүн цолоор шагнагдсан юм билээ” гэдгийг ойлгуулах гэж дууддаг байж. Гончигсумлаа, Бирваа, Хаянхярваа нарын Монголын хөгжмийн бурхадтай хөдөө гадаа хамт явж, ойр дотно явахдаа “Энэ чинь зүүд үү, юу вэ” гэж өөрийгөө чимхэж үзэх нь халаг хувь заяагаараа бахархдаг байсан даа.


Categories
мэдээ цаг-үе

С.Болд-Эрдэнэ: “Чингис хаан” дууг анх дуулсан хамтлагийнхан бидэнд хамтран дуулах санал тавьсан

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр саяхан нээлтээ хийгээд буй “Хоёр амь” киноны гол дүрийг бүтээсэн билээ.


-Саяхан “Хоёр амь” уран сайхны кино нээлтээ хийлээ. Та энэхүү киноны гол дүрийг бүтээжээ. Энэ дүрийн хамгийн их сэтгэлийг тань татсан зүйл юу байв?

-“Хоёр амь” кино хамгийн анх “Өргөл” гэсэн нэртэй байсан юм. Харин дараа нь “Хоёр амь” гэж нэрийдсэн л дээ. Бид зохиол дээрээ хоёр жил гаруй хугацааг зарцуулсан. Зураг авалтдаа өнгөрсөн оны найман сард орж 40-өөд хоног ажилласан юм. Би гол дүр болох нэгэн аавын дүрийг бүтээлээ. Энэхүү кинонд миний дүрд тохиолдож буй үйл явдлууд нь маш хурц. Тиймдээ ч надад таалагдсан гэж болно. Ерөнхийдөө уг кино маань аав, хүү хоёрын харилцаа болоод эцэг хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө юу хийж чаддаг юм бэ гэдгийг харуулснаараа онцлог.

-Германы “Чингис хаан” хамтлагийн Чингис хаан дууг “Драмын дөрөв” хамтлаг дуулжээ. Энэхүү дууг яагаад дуулах болов?

-“Чингис хаан” дуу бол Германы “Чингис хаан” хамтлаг дуулж хүмүүст хүргэсэн дуу л даа. 1979 онд Евровижн дууны уралдаанд Баруун Герман улсыг төлөөлөн оролцсон бүтээл юм. Бид энэ дууг Монголын Үндэсний радио, телевизийн 2015 оны “Баярын мишээл” нэвтрүүлэгт зориулж дуулсан. Биднийг түүхэн сэдэвт дуу дуулаачээ гэсэн хүсэлт тавьсан юм. Тэгж л энэ дууг анх дуулах болсон л доо. Харин энэхүү дуулсан бичлэг маань сошиалд цацагдсанаар хүмүүс чамгүй сонсож байх шиг байна. Тэр дундаа ОХУ, Буриад, өмнөд монголчуудад маань илүү хүрсэн байна лээ. Мөн энэ дууг хамгийн анх дуулж байсан “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлчид бидний дуулсныг олж сонссон байна лээ. Тэд бидэн рүү цомгоо явуулсан. Монголчууд өөрсдөө баатрын хувцастай, “Чингис хаан” дууг нь дуулсан нь магадгүй их сонирхолтой санагдсан байх. “Чингис хаан” хамтлагийнхан “Бид Монголд очиж та бүхэнтэй хамт баатрын хувцас өмсөөд дуулмаар байна” гэсэн хүсэлт тавьсан л даа. Биднийг Европ руу очиход хүнээр холбоо барих хаяг зэргээ явуулсан байсан юм. Даанч бидний зав болоогүй. Одоохондоо тэрхүү саналыг ажил болгож амжаагүй л явна. “Драмын дөрөв” хамтлагийнхан тус, тусынхаа ажлыг хийгээд тун чиг завгүй л байна. Хамтлагийнхаа ойд яг сайн төвлөрч чадахгүй л юм. Ямартай ч тусдаа болон хамтарсан уран бүтээлүүдээрээ цомог хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Та бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар гуайн хүү шүү дээ. Урлагийн төлөө бүхий л амьдралаа зориулсан энэ хүнээс магтаал, зэмлэл хэр их сонсдог байв?

-Аавдаа оюутан байх үедээ шүүмжлүүлдэг байсан. Өөрийгөө дайчлахгүй, сэтгэхгүй, бодохгүй байна гэдэг байлаа. Тэр л сэтгэлд минь их үлдсэн дээ. Жүжигчин хүн үг дааж сурах хэрэгтэй л дээ. Зэмлэлээ гэхэд гутраад байхгүй, магтлаа гэхэд нисчихгүй байх ёстой. Үүнийг л оюутан байх хугацаанд минь ойлгуулсан гэж боддог. Ер нь аав минь намайг айхтар их зэмлэж эсвэл магтдаггүй байсан. Гэхдээ миний аав үр хүүхэд, хань ижилтэй болоход, драмын театрт жүжигчнээр орж, уран бүтээл тасралтгүй хийсээр явааг минь хараад баярлаж л байсан болов уу. Тэр бүхнийг ил хэлж хөөргөөд байдаггүй ч сэтгэл дотроо баярлаж, бахархаж байсан гэж боддог.

-Та МУГЖ С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав” дууны клипэнд аавтайгаа хамт тоглож байсан. Энэхүү саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-“Хоёр амь” киноны найруулагч Б.Ганболд надад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав” гэсэн сайхан уран бүтээл хийж байгаа тухайгаа ярьсан юм. Харин тэрхүү дууны клипэнд намайг аавтайгаа хамт тоглоочээ гэсэн санал тавьсан л даа. Анх юу ч бодохгүй л тэр клипэнд тоглож байлаа. Залуу ч байж дээ. Одоо эргээд харахад нэгэн уран бүтээлд аавтайгаа хамт тоглоод, тэр нь дэлгэцэнд мөнхрөөд үлдчихсэн болохоор маш их баярладаг.

Дэлгэцийн бүтээл гэдэг тийм л давуу талтай байх юм. Дурсамж болж үлдсэн болоод ч тэр үү, их гоё санагддаг. Б.Ганболддоо их баярлаж явдаг даа.

-Хүүхдүүд тань урлагийн хүн болох сонирхолтой болов уу. Хэрэв болно гэвэл та яаж хүлээж авах вэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том охин маань урлагийн хүн болох сонирхолтой байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтаараа СУИС-д нэгдүгээрт, МУИС-д ч дээгүүр жагссан юм. Миний хувьд урлагийн хүн байна гэдэг амаргүй гэдгийг мэдэх учраас тийм ч таатай байгаагүй. Ялангуяа эмэгтэй хүнд бүр ч хэцүү. Ирээдүйд эзэгтэй, ээж болно. Гэр бүлээ халамжлахын хажуугаар уран бүтээл хийнэ гэдэг амар биш. Гэхдээ мэдээж сонголтыг бол охин минь хийсэн. Их эргэлзсэн л дээ. Одоогоор МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаа. Эмээ нь урлагийн хүн болгох дуртай байсан. Бүр СУИС-д шалгалт өгөхөд нь хүртэл бэлдсэн шүү. Ээж минь “Миний охинд авьяас байсан юм даа” л гэдэг юм.

-Ээж тань таныг ч гэсэн СУИС-д ороход бэлдсэн гэдэг бил үү?

-Тийм шүү. Ээж минь жүжигчин хүн л дээ. Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Цэрэндагва, Мягмарнаран гэсэн хоёр мундаг Ардын жүжигчинтэй суралцаж төгссөн. Нэргүй гэж хүн байдаг. Жүжигчин мэргэжлээрээ ажиллаагүй ч Соёлын орднуудаар найруулагч хийж байсан. Хувийн үзүүлбэр ихтэй хүн л дээ.

-“Гамлет” театрын тайзнаа хэзээ дахин амилах бол?

-Манай театр гэгээн хайрын баярыг тохиолдуулаад “Парисын дарь эхийн сүм” мюзиклыг тоглох гэж байна. Харин гуравдугаар сар бүрийг сонгодог жүжгийн сар болгон зарласан байдаг юм. Энэ үеэр “Гамлет” дахин тоглогдоно.

-“Гамлет” жүжигт хүний гавлын яс хэрэглэгддэг. Үүнтэй холбоотой нэгэн дурсамж байдаг юм билээ…

-Гамлет бол амьдралын утга учир, мөн чанарыг хайгаад л яваа юм л даа. Товчхондоо, яагаад бүгд мөнх бусыг үзээд байгаа юм бол, бид яаж амьдрах ёстой юм бол гэдгийг л хайж яваа дүр юм. Бүх л зүйл эхлэл, төгсгөлтэй байдаг. Тэр дундаа хүний амьдрал. Баян тансаг, эрх мэдэлтэй байна уу гэдэг огт хамаагүй. Бүгд л мөнх бусыг үзэж хохимой толгой болдог. Энэ тухай “Гамлет”-д өгүүлдэг учир гавлын яс ашигладаг юм.

“Гамлет”-ын дүрийг хамгийн анх Жамсранжав гуай бүтээж байсан шүү дээ. Харин анх тавигдаж байх үедээ гавлын яс байгаагүй болохоор цаасаар хийгээд орлуулж байсан юм билээ. Жүжгийн үеэр цохиход нь яс цохиж байгаагаас өөрөөр дуугараад, бас цоорчихсон гэдэг байх шүү. Жинхэнэ гавлын яс байвал хүмүүс сэртхийж, илүү их хүн ойлгож, мэдрэмжийг нь зөв авах нь мэдээж. Үүнийг Жамсранжав гуай мэдсэн учраас “Намайг бурхан болохоор миний гавлын ясыг авчирч театрт минь өгөөрэй” гэсэн гэдэг. Бодитой байлгах нь зүйтэй юм байна ч гэж бодсоноос гадна урлагт тэр дундаа театртаа үнэн зүрх сэтгэлээ зориулсан хүн байсан учир тэгж хэлсэн байх. Тэр үгнээс урлагийн төлөө гэсэн чин сэтгэл харагдаж байгаа биз.

-Ариун сүм гэгддэг театрын босгыг давна гэдэг амаргүй. Таны бодлоор театрын уран бүтээлч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Энэ хүнийг өнгөлөөд байвал юм гарах нь, дүр төрх нь ч өвөрмөц юм, авьяас чадвар ч байна тиймээс театрт хэрэгтэй гэж дүгнэвэл театрт авдаг. Гэхдээ шууд биш шүү дээ. Эхлээд театрын дэргэдэх студидээ авдаг юм. Түүнээсээ жилийн дараа ч юм уу, шигшиж байгаад театрын жүжигчин болгодог. Би 1999 онд СУИС-ийг төгссөн. Мөн л дээрх зарчмын дагуу орж байлаа. Театрт ороод хамгийн анх У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” гэсэн жүжигт тоглосон. Дараа нь “Улаан дарвуулт хөлөг онгоц”, “Сэтгэлд нууцлагдсан амраг” гэсэн жүжгүүдэд тоглож байлаа.

Театр бол босго өндөртэй газар. Тиймээс бүхий л зүйлээ зориулж, сэтгэл зүрхээ гаргаж байж энд үлдэнэ. Мөн жүжигчин хүн олон найруулагчтай ажиллаж, тогтмол бэлтгэл сургуулилт дор туршлагажиж хүнээс үг дуулж сурдаг. Нэг том сонгодог жүжигт тоглосны дараа нэг их сургууль төгссөнтэй дүйцэхүйц болдог гэж ярьдаг. Алдаа оноогоо дэнсэлж, илүү хүчтэй болгодог. Театрын жүжигчин хүн ийм л онцлогтой. Театр бол тухайн хүнд өсөж дэвжих том боломжийг өгдөг ариун сүм шүү дээ.

-Та “Хөлтрөг” уран сайхны киног найруулж байсан. Цаашид кино найруулах уу. Ажиллаж буй кино бий юү?

-Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж үгүй. “Мэргэжлээс илүү хүсэл мөрөөдөл чухал” гэсэн гоё үг байдаг шүү дээ. Хүсэл мөрөөдөлтэй байж л даль жигүүр ургана гэж боддог. Тиймээс ихийг хийж бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэл бий.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дөчин жилийн ойтой золгож буй Ховд аймгийн Чандмань сумын найман жилийн нэг ангийнхан

Хүмүүн заяанд анги хамт олон хэдэнтээ тохиож болох авч алсрах тусмаа ээнэгшин санагалзах балчир насны он жилүүд найман жилийн нэгэн ангийнхны сэтгэлд л мөнхөд хоногшин үлдэх бөлгөө. Ээжийнхээ мөөмнөөс гараагүй балчирхан наснаасаа авахуулаад өөрсдийгөө эрийн цээ, бүсгүйн зиндаанд хүрлээ гэж гэнэхэн сэтгэлдээ омогших хүртлээ бүтэн найман жилийг нэг танхимд үймүүлж бужигнаж, үсэрч наадаж өнгөрөөсөн болохоор арга ч үгүй биз ээ. Ийм нэгэн ангийнхан болох Ховд аймгийн Чандмань сумын найман жилийн сургуулийг 1969-1977 онд суралцан төгссөн хамт олныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд наймдугаар ангийн хоёр бүлэгт тавин тавуулаа төгсчээ. Үүнээс арваннэг нь аймгийнхаа ерөнхий боловролын сургуульд үргэлжлүүлэн суралцаж, тав нь техникумд, арав нь Техник мэргэжлийн сургуульд хуваарилагдаж, 19 сурагч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан байна. Энэ онд төгсөлтийнхөө 40 жилийн ойг ёслон тэмдэглэж, уулзалт зохион байгуулах тухай ангийн дарга Б.Сэмүүхэн хэлж байв. Ойн арга хэмжээнийхээ хүрээнд төрөлх сургуульдаа төгсөгчдийн нэрэмжит ногоон төгөл байгуулах, спорт урлагийн өдөрлөг зохиох зэрэг олон төрлийн ажлыг төлөвлөжээ. Тус төгсөлтийн хоёр анги сургуульдаа анх удаа төгсөгчдийн бүтээлч ажлыг санаачлан Л.Бэгз багштай наймын “А” ангийнхан сургуулийн цаг уурын ажиглалтын талбай, Р.Батдэлгэр багштай наймын “А” ангийнхан сургуульдаа ногооны зоорь хийж байгуулан хүлээлгэн өгч байжээ. Тэр үеийн хөдөөгийн сургуулийн ахлах ангийн сурагчид ямаа самнах, малын хашаа хороо засах, хадлан бордоо гээд нийтийг хамарсан ажилд нэг биш удаа оролцож явахдаа хөглөж, хөгжилдөж явснаа дурсацгаана. Эдний ангийн Б.Мөнхсайхан гэдэг нөхөр тухайн үед хүмүүсийн ам дамжин ярьдаг байсан “Хар гар” хэмээгдэх аймшгийн яриаг давс хачир нэмэрлэн ярьж охидыг нойргүй хонуулсан хийгээд, нутгийнхаа Цагаан голын хадлан дээр Б.Мэндбаяр “Цагаан тэмээ” гэж нэрлэдэг олиггүй муухай аалзыг оосорлож гэрийн баганаас уяж орхисноос болж, гал тогооны охид боорцгоо түлж сүйд болох шахсан хөгжилтэй дурсамж дэлгэв. Залуу байхдаа бие биетэйгээ уулзахдаа гэр бүлтэй болсон үгүйг нь, идэрхэн үедээ хэдэн хүүхэдтэй болсныг асуудаг байсан бол өдгөө ач, зээ нарынхаа тоог асууж, амар мэндээ эрэх болсон гэнэ. Багш, эмч, инженер, санхүүч, жолооч, холбоочин, мужаан, малчин гээд төрөл бүрийн ажил мэргэжилтэй энэ анги хамт олны дундаас од болж онцгойрсон нь үгүй ч салбар салбартаа нэр хүндтэй, үнэнч шударга, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн үр хүүхэд, ач зээ нараа тойруулан бусдын адил амьдарч яваа улсууд байдаг аж.

Нэг мянга есөн зуун далан долоон оны төгсөлтөөс өдгөө Д.Саруул, Ё.Наранцэцэг нар нь Дархан-Уул аймагт эмч, Ц.Батсуурь нь Эрдэнэт хотын дунд сургуулийн багш, Д.Цэрэн нь Зүүн-Хараад, Д.Бямбахамба, Б.Баасанхүү нар нь Батсүмбэрт таван хошуу малаа өсгөн аж төрөн амьдарч яваа юм байна. Бусад нөхөд нь Монгол орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдарч, хэд хэдэн нөхдүүд нь гадаадад амьдардаг ч үргэлж холбоотой байдаг гэнэ. Эднийг холбож байдаг чухал үүрэгтэй ангийн анд нь Дэмбэрэлийн Хүрэлцоож ажээ. Тэрбээр Улаанбаатар Төмөр замд вагоны машинистын ажилтай юм байна. Түүний санаачилгаар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн бэсрэг уулзалтыг зохион байгуулжээ. Анх нэгдүгээр ангид нь тосон авч мэлмийг нь нээсэн ачит багш Д.Нямжав, наймдугаар анги төгсгөсөн Р.Батдэлгэр багш нар нь гэр бүлийн хүмүүс аж. Өдгөө шавь нартайгаа үе тэнгийн юм шиг ануухан буурлууд байдаг гэнэ. Мөн ангийнхнаас нь Сэрж Цэвэлмаатай, Бямбахамба Баасанхүүтэй учир заяагаа холбосон өрх айл болжээ. Нэг ангиас төрсөн эдгээр гэр бүлд найз нөхөд нь хамгийн их очих дуртай гэнэ. Хүлээн авч байгаа ангийн хосууд нь ч хөөр баяр болж, хүүхэд ахуй насныхаа дурсамжуудыг ам булаалдан ярьж баясдаг бололтой. Харамсалтай нь ирж буцдаг хорвоогийн үйлээр Сэрж анд нь бурхны оронд залраад удаагүй байгаа юм байна. Сумынхаа баяр наадамд бүтэн долоон жил босоо байсан аймгийн начин цолтой сайн анд нөхрөө ангийнхан нь халаглан дурсацгааж байлаа. Эдний ангиас Б.Мэндбаяр, Ж.Энхтөр нар нь сурлагаараа сайн хүүхдүүд байсан тухай ангийн дарга Б.Сэмүүхэн дурсаж байв. Энэ үеэр ангийн анд Ж.Энхтөр “Гэхдээ сахилгын асуудал ярихад хоёулаа толгой дээгүүрээ сум тавиулсан тарвага шиг нугдайн, урд суудаг хүүхдийнхээ ардуур тонгойдогсон” хэмээв. Тэр айхтар сахилгын доголдол гэдэг нь хичээл дээр ярих, хааяа охидоо шоглох төдийхөн ажээ. Ж.Энхтөр нь төгсөлтийнхөө уулзалтад зориулж

Алдаа оноо хоёр минь

Аяны замын нугачаанд бий

Амьдрал дүүрэн нас минь

Алсаас ирсэн ухаарал байна

Ангийн минь мөнгөн цонхоор

Алтан наран мандана даа

Анд нөхөд минь бүгдээрээ

Ахин уулзаж жаргая даа гэсэн үгтэй дуу хийж байгаа гэсэн шүү.

Нэгэн анги хамт олон гэгдэж сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суусан цагаасаа тооцвол бараг хагас зууны туршид үерхэн нөхөрлөж алс буйдхан нэгнээ сураг тавин анирдах энэ эрхмүүдийн уулзаад ярилцдаг гол сэдэв нь эрдэм номын их өргөө төрөлх сургууль, үе үеийн багш нар, сурагч хонгор насны гэгээн дурсамжууд ажээ. Аль хэзээний өвөө эмээ болж, нас намба нь тогтсон нэгэн ангийнхан маань уулзахаараа яг хүүхэд насандаа очдог гэнэ ээ. Та бүхний төгсөлтийн 40 жилийн ойгоо тэмдэглэж хүүхэд насандаа эргэж очих тэр баярт учралыг эргэн сурвалжлахаа амлаж энэхүү тэмдэглэлээ түр завсарлая.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 11 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байна .

Categories
мэдээ улс-төр

С.Г.Левченко эрчим хүч, аялал жуулчлалын хамтын ажиллагааг онцоллоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Сергей Георгиевич Левченког хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд түүний Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд энэ оны намар болох Эрхүү мужийн 80 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлэв.-Манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхжиж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилж, 2016 онд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Улаанбаатар хотноо Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд 2016 оны 10-р сарын сүүлчээр ОХУ-ын Новосибирск хотноо “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтыг хоёр улсын парламентын гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор амжилттай зохион байгуулсан билээ. Би өнгөрсөн оны 12-р сард ОХУ-д айлчлахдаа Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нартай уулзаж, хоёр улсын парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон асуудал хөндөж ярилцсаны дотор хоёр улсын хил залгаа бүс нутгийн харилцааг бүхий л түвшинд өргөжүүлэх асуудал чухал байр суурь эзэлсэн.

Цаашид бид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү идэвхтэй, өргөн хүрээнд хөгжүүлэхийн зэрэгцээ, хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал. Энэ үйл ажиллагаанд газар нутгийн хувьд ойр, харилцааны баялаг сайхан уламжлалтай Эрхүү муж чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглэж хэлэв.

Тэрбээр 10-аад жилийн өмнө Улаанбаатар хотын Мэрээр ажиллаж байхдаа Улаанбаатар, Эрхүү хотын харилцаа олон салбарт, амжилттай хөгжиж, урлаг соёлын олон сайхан арга хэмжээг хамтран зохион байгуулж байснаа дурсаад “Ноён С.Г.Левченко Таны энэ удаагийн айлчлал ах дүүсэг, найрсаг сайхан харилцааг сэргээн идэвхжүүлж, шинэ агуулгаар баяуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

-Бид төр засгийн болон орон нутгийн ажлын өргөн баялаг туршлагатай, манай хоёр орны харилцааны өв уламжлалыг гүнээ хүндэтгэдэг Л.Амарсанааг Эрхүү мужийн Консулаар томилсон нь санаандгүй хэрэг биш юм. Түүнийг маш сайн ажиллаж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт огт эргэлзэхгүй байна гэж М.Энхболд онцоллоо.

Ноён С.Г.Левченко хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Эрхүү мужийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон төрлийн арга хэмжээнд монгол нөхдөө хүлээн авахад бэлэн байна гээд УИХ-ын даргыг Эрхүүд хүрэлцэн очихыг урилаа.

Тэрбээр Улаанбаатар хотод саяхан байгуулагдсан ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дэргэд “Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлаг” буюу төлөөлөгчийн газар үүдээ нээж байгааг мэдээлэв.

Ноён С.Г.Левченко “Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрхүүгийн 25 томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд багтаж яваа. Тэд монгол түншүүдтэйгээ хамтын ажиллагааны олон гэрээ, хэлцэл хийж байна. Эрхүүгийн Зам, тээврийн их сургууль монгол оюутныхаа тоог нэмж, ирэх намраас жил бүр 105 оюутан сургах гэрээ байгуулсныг жишээ нь, дурдаж болно.

Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахдаа монгол, орос “Оюутны отряд”-ыг Эрхүү болон Монгол Улсад харилцан ажиллуулах санал тавьсан. Манай залуу үеийнхэн ийнхүү хамтран сурч, ажилласнаар ахмад үеийнхнийхээ нөхөрлөл, найрамдалт харилцаа, үлгэр дуурайлыг өвлөн авах боломж нээгдэнэ. Манай Эрхүүгийнхэн Монгол Улсын хүүхдийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай Боловсролын сайд яваа. Тиймээс боловсролын харилцааг өргөжүүлэх олон асуудал хөндөж ярьж байгаа нь тодорхой.

Энэ оны 4-р сард Эрхүүд Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. Энэ арга хэмжээ хоёр орны бараа эргэлт, худалдаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэрбээр хоёр гол асуудалд УИХ-ын дарга М.Энхболдын анхаарлыг хандуулахыг хүсч байна гэв. Нэгдүгээрт, Монгол Улсын эрчим хүчний системийг барьж байгуулахад Эрхүүгийн болон ЗХУ, ОХУ-ын инженер, техникийн ажилтнууд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Манай Эрхүү муж эрчим хүчний үйлдвэрлэлийн баялаг туршлагатай, шилдэг мэргэжилтэнтэй, хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг. Эдгээр үзүүлэлтээр Оростоо тэргүүлдэг. Дэлхийн II дайны дараа Братскийн, Иркутскийн, Усть-Илимскийн гээд олон томоохон усан цахилгаан станцууд барьж байгуулсан нь одоо ч амжилттай ажилласаар байна. Монгол Улс эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг бид мэднэ. Энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд бид оролцож, тусалж дэмжихэд бэлэн байна.

Хоёрдугаарт, аялал жуучлал бол манай хоёр орны хамтын ажиллагааны нэг чухал чиглэл мөн. Хөвсгөл-Байгал нуурын аялал жуулчлалын томоохон маршрут нээхээр хоёр тал тохиролцсон. Гэвч Хөвсгөлөөс ОХУ-ын хил, Байгал нуур хүртэл сайн чанарын зам байхгүй учраас энэ төсөл урагшлахгүй байна. ОХУ-ын Засгийн газар Байгаль нуурын бүс нутагт тусгайлан анхаарлаа хандуулж, эрэг орчмын үйлдвэрүүдийг хаах, дэд бүтэц, экологийг хамгаалахад илүү анхаарал тавьж байгаа. Тиймээс замын асуудалд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхаарлыг хандуулах шаардлагатай гэж бид үзэж байна. 2017 оны Комиссын хуралдааныг Эрхүү хотод зохион байгуулж өгнө үү гэж миний бие Засгийн газраасаа хүсэх бодолтой байна. Таныг Монгол талаас энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.

Ноён С.Г.Левченко Эрхүүд хоёр орны хамтарсан мод боловсруулах үйлдвэр байгуулах талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай санал солилцсоноо дурдаад УИХ-ын дарга М.Энхболдод “Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын паспорт” гардуулав. “Энэхүү паспортод ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн жагсаалт байгаа. Жагсаалтад Монголын төсөл хөтөлбөрүүд ч багтана гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн форум, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөжилтөд нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Манай муж эдийн засаг, нийгмийн олон үзүүлэлтээр ОХУ-даа тэргүүлж байна. Манай муж Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү амжилт олох болно” гэж тэрбээр хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатарт Худалдааны төлөөлөгчийн газраа байгуулсанд нь баяр хүргээд дэвшүүлсэн санал болон хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Нэгийн үнээр хоёрыг авахгүй байхыг анхааруулав

Cap шинийн баярыг угтаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтаар худалдаа үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүн, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов мөн нэгийн үнээр хоёрыг гэсэн хадгалах хугацаа нь дууссан бараа зарах зөрчил түгээмэл илэрсэн байна.

Сүүлийн үед автобусны буудлын ойр орчимд бараа бүтээгдэхүүн зарж буй иргэд олширсон. Энэ нь БНХАУ болон ОХУ-аас импортлосон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм болон түргэн гэмтэх бүгээгдэхүүн ихээр худалдаалж байгаа аж. Тиймээс гар дээрээс худалдан авалт хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бөхөнгийн сэг зэм устгах цэгүүдийг татан буулгажээ

Монгол бөхөн гоц халдварт мялзан өвчнөөр хорогдож буйтай холбогдуулан өвчний голомттой нутаг дэвсгэрт сэг зэм устгах цэг байгуулан ажиллаж буй.

Монгол бөхөнгийн тархац нутгийн 80 гаруй хувь нь Говь-Алтай аймагт хамаардаг бөгөөд өвчний голомттой Баян-Уул, Шарга, Хөхморьт, Дарви суманд устгалын найман цэг ажиллуулж байснаа татан буулгасан талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан мэдээллээ.

Бөхөнгийн тархац нутаг өрген уудам, 14.000 ам км-ийг хамардаг, энэ том газар нутгийг самнах нь нэлээд хөдөлмөр шаардсан ажил. Тэгээд ч сүүлийн үед бөхөнгийн сэг зэм таарах нь цөөрч буйгаас ийм шийдвэр гаргасан гэнэ. Цагаан сарын дараа уг ажлыг үргэлжлүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” руу нэмэлт автобус үйлчилж байна

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/51 тоот захирамж гаргасан билээ. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2017 оны хоёрдугаар сарын 18-ны бямба, 19-ний ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагт иргэдэд үйлчилнэ.

Чиглэлийн нэр

Үйлчлэх цаг

Үйлчлэх ААНБ

1

Орбит-Нарантуул зах

10:00

12:30

15:00

Тэнүүн-Огоо ХХК

2

Нарангийн гол-Нарантуул зах

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

3

ХМК-Нарантуул зах

Сутайн буянт ХХК

4

Баянхошуу-Нарантуул зах

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

5

Нисэх-Нарантуул зах

Автотерминал трейд ХХК

6

Яармаг-Нарантуул зах

Эрдэмтранс ХХК

7

Дэнжийн 1000-Нарантуул зах

Монкара ХХК

8

Чингэлтэй-Нарантуул зах

Эрдэмтранс ХХК

9

Бэлх-Нарантуул зах

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

10

Шархад-Нарантуул зах

Тэнүүн-Огоо ХХК

11

Улаанхуаран-Нарантуул зах

БлюбусХХК

Дүн

Түүнчлэн иргэдийн “Хүчит шонхор” худалдааны төвийг зорих эрэлтийг хангах зорилгоор Дэнжийн мянгын автозамын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төв /хуучнаар/-ийн уулзвар хүртлэх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08.00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулж явуулах зохицуулалтыг хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.