Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэнг “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр танихгүй хүн ховор. Түүний тухай “Найруулагч, багш Лайхансүрэнгийн Лхасүрэн” хэмээх ном саяхан гарчээ. Ингээд нэрт жүжигчин, найруулагч Лхасүрэн агсны хүү Энхбаатартай ярилцлаа.
-Лхасүрэн гуай аль нутгийн хүн бэ. Урлагийн зам мөрд хэрхэн орсон юм бол?
-Аав минь Завхан аймгийн Алдархаан суманд 1946 онд төрсөн. Багаасаа олон төрлийн дугуйлан секцэнд хамрагддаг нийгмийн идэвх сайтай байсан юм билээ. Пионерийн ордонд жүжгийн дугуйланд явж анх урлагт сонирхолтой болсон гэдэг юм. Тэр дугуйланд Чүлтэмжамц гуай, дараа нь Дугар гэж эмэгтэй багшилдаг байжээ. Хэдэн жилийн өмнө Пионерийн ордны 60 жилийн ой болоход аав Дугар багшдаа очиж золгоно гээд явж байсан юм.
Улмаар аав минь Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн ЗХУ-ын ардын жүжигчин, найруулагч И.М.Тумановын ангид суралцан найруулагч мэргэжил эзэмшсэн. Түүнээс хойш Улсын хүүхэд-залуучуудын театрт жүжигчин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, Эрдэнэт хотын театрт 1987-1989 оны хооронд хүртэл ерөнхий найруулагч, УБИС, СУИС-д насан эцэслэтлээ багшилж олон сайхан шавь өлгийдөн авсан даа.
-Саяхан амьдрал, уран бүтээлийнх нь тухай ном гарсан байсан. Энэхүү ном хэрхэн бүтсэн юм бол?
-Өнгөрсөн жилийн хавар аавын минь найз орчуулагч Норовын Пүрэвдагва ахтай таарсан юм. Тэрээр аавын тухай ном гаргах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Надад маш сайхан санагдсан. Учир нь би аавынхаа тухай ном хийчих юмсан гэсэн хүсэлтэй байсан хэдий ч юунаас яаж эхлэх, бичих учраа ч олохгүй явсан юм. Аавын минь 70 насны ой өнгөрсөн онд тохиосон учир ном хийх бодол л хамгийн түрүүнд төрж байсан. Миний зүгээс аавынхаа тухай баримт, сэлт зэргийг цуглуулах үүрэгтэй. Н.Пүрэвдагва ах Д.Отгонбаяр сэтгүүлчтэй холбож өгч, энэ хүн “Найруулагч, багш Лайхансүрэнгийн Лхасүрэн” номыг бичсэн.
-Аавын тань бүтээсэн дэлгэцийн бүтээлүүдээс “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрийг мэдэхгүй хүн ховор байх. Ер нь хамгийн анх ямар уран бүтээлд тоглож байсан юм бэ?
– Миний аавын “Ацаг шүдний зөрөө” киноны Сорвит, ”Гарын таван хуруу”-гийн Шагдар, “Говь Хянганд тулалдсан нь” киноны Лувсан, “Би чамд хайртай” киноны захирал болон “Болд хэрхэн хатаагдсан нь”-ы Корчагин,”Ромео Жульетта хоёр”-ын Ромео зэрэг дүрүүд үзэгчид, мэргэжил нэгт нөхдийнхөө хүндэтгэлийг хүлээдэг. Хамгийн анхны дэлгэцийн дүр нь “Тус биш ус” киноны гол дүр болох Осорын дүрийг бүтээсэн. Дараа нь “Агуйн нууц” киноны багшийн дүр, “Төгсгөл” киноны Мөнхөө гэсэн дүрүүдэд тоглосон доо. Алдарт “Гарын таван хуруу”-ны Шагдарын дүрийг бүтээхээс өмнө “Төгсгөл”-ийн Мөнхөө гэдэг дүрээр нь хүмүүс сайн таньдаг байсан шүү. Шагдарт тоглосны дараа хүмүүс “Нөгөө Мөнхөө чинь Шагдар болчихжээ” гэдэг байсан.
-Харин танд “Гарын таван хуруу” киног анх үзчихээд ямар сэтгэгдэл төрж байв?
-Ямартай ч энэ кино Дархан хотод хийгдэж байсан юм. Би долдугаар ангид байсан. Тухайн үед одоогийнх шиг уран бүтээлчдийн гэр бүлийнхнийг киноны нээлтэд урина гэсэн ойлголт байгаагүй. Кинонд тоглосныг нь мэдээд байдаг ямар кинонд тоглосон тухай, хэзээ хаана нээлтээ хийх зэргийг нь мэддэггүй байлаа. Хүүхэд болоод ч тэр үү, анзаардаггүй л байсан байх. Гэтэл нэг өглөө ангийн маань хүүхдүүд “Танай аав хүнтэй үнсэлцдэг кинонд тоглосон байна лээ. Чи үзээч” гээд билет авчирч өгч билээ. Тэр үед хүмүүс үнсэлцэж байгааг харуулсан монгол кино бараг л гараагүй байж дээ. Тийм болоод ч тэр үү, ангийнхнаасаа их ичиж билээ.
Би багын л их гөжүүд, зөрүүд хүүхэд байсан л даа. Жаахан загнуулчих юм бол долоо хоног гэрийнхэнтэйгээ дугардаггүй байв. Кино үзсэн биш нөгөө гөжүүд зан нь хөдлөөд аавтайгаа долоо хоног дугараагүй. Ээжээр дамжуулж аавтайгаа харьцаад л. Аавыгаа хүнтэй үнсэлцдэг кинонд тоглолоо гээд уурлаж байгаа нь тэр. Тийм л хөгтэй юм болж билээ. Харин нэг удаа манай нагац өвөөгийн хөрш нь “Танай хүргэн Мөнхөө, Осор гээд овоо дориун дүрд тоглоод байсан. Шагдар гээд муухай дүрд тоглочихжээ. Муухай харагдаж байгааг нь” гэсэн гэдэг. Аавын минь ээж, аав хоёр эрт бурхан болчихсон юм билээ. Тиймдээ ч эмээ, өвөө хоёр аавд минь их сайн. Хүү шигээ л хайрладаг байсан даа.
Ер нь аавтайгаа хамт явж байгаа үед хүмүүс “Өнөөх Шагдар явж байна” гэдэг байсан. Харин миний үеийн хүүхдүүд “Муухай Шагдар явж байна” гэвэл би зодолдох нь холгүй юм болно. Аав минь бол тоохгүй л дээ. Эргээд бодоход Шагдарын дүр хүмүүст маш сайн хүрч, басхүү залуучуудад ухаарал өгч чадахуйц болсны илрэл юм даа.
-Та найруулсан кино, жүжгийнх нь тухайд дурсаач?
-“Эхнэр нөхрийн элгийн паян”, “Ханиа сонгосон нь”, “Дурлалын нулимс”, “Оргодлын паян”, “Хүн хөрөө” гэх зэрэг кинонууд найруулж хийсэн. Ж.Б.Мольер “Бэрд”, “Аргагүйн эрхэнд оточ” гэсэн хоёр жүжиг орчуулсан. Зун зусланд гарчихаад шөнө ч унтахгүй ширээний чийдэн асаачихаад орчуулаад суудаг байлаа. Аав ажил нь амарчихаад байхад унтахгүй юм л гэж боддог байсан. Тэр хөдөлмөр нь талаар болоогүй тэр хоёр жүжиг нь Монголын театруудын урын санд тоглогдоод явж байна.
-Лхаасүрэн гуайн шавь нараас дурсахгүй юу. Тасралтгүй уран бүтээлээ хийж буй хүмүүс цөөнгүй бий гэж сонссон…
– Аав минь олон сайхан дүрээрээ мөнхөрснөөс гадна үл тасрах урлагийн галыг маналцаж, уран бүтээл туурвиж байгаа олон сайхан шавь нартай. Тухайлбал, 1987 оны төгсөгчид болох Эрдэнэтийн театрын Баярмагнай, “Язгууртан” театрын Наран-Амгалан, МҮОНТВ-ийн хөтлөгч Цовоо нар, 1992 оны төгсөгчид болох гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, С.Өлзийхүү, Хүрлээ, 1995 оны төгсөгчид болох Ундармаа гээд олон уран бүтээлч төрсөн. Мөн УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин, “Маск” продакшны жүжигчин Мөнхсайхан, Гэрлээ байна. Энэ уран бүтээлчид өдгөө урлагт өөрийн гэсэн байр суурьтай болж хэдийнэ өндөрлөгт гарчээ. Аавын минь хөдөлмөр талаар болоогүйн илрэл гэж боддог. Оюутнууд нь “Багш оюутнуудаа аливаа зүйлийг өөрөөр нь эрж олуулж, бодуулж хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Нэг хайрцагт оруулахыг хүсдэггүй. Хүн бүрийг өөрийнхөө чаддаг, сонирхдог зүйлээр нь хөгжүүлэхийг боддог” гэж хэлдэг юм. Ер нь ч тийм л зарчимтай хүн. Надад ч гэсэн бэлэн зүйл хэлж өгөхийг боддоггүй. Аль болох өөрөөр минь судалж, мэдүүлэхийг хүсдэг байсан. Энэ нь сурч буй хүндээ асар ач холбогдолтой. Миний аав сайн аав, сайхан багш байсан даа. Шавь нартайгаа их ойр дотно байсан. Шавь нар нь манайд их ирнэ. Хонож өнжөөд л зарим нь бүр амьдардаг ч байлаа.
-Та эхээс хэдүүлээ вэ. Аавынхаа мэргэжлийг эзэмшсэн хүн бий юү?
-Миний ээж Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, бага эмч мэргэжилтэй хүн байдаг. Аав, ээж хоёр минь хоёулаа II сургуулийг төгссөн юм. Нэг сургууль байснаас гадна анх бие биенээ таньдаг болсон түүх нь их хөгтэй. Аав минь урлаг, спорт гээд бүхий л зүйлд идэвхтэй сурагч байсан гэдэг. Нэг удаа сургуулийнх нь спартакиад болж л дээ. Ээж их муу гүйдэг болохоор барианд орж чадахтай үгүйтэй, бахардчихсан гүйж байж. Гэтэл аав ирээд чирж гүйсээр байгаад барианд оруулчихаж л дээ. Барианд ороогүй хүүхэд нь муу гардаг байсан юм билээ. Гэхдээ ээж аавд гүйж чадахгүй бахардаж байхад нь чирж гүйлээ гээд их уурласан гэдэг шүү. Ингэж л анх бие биенээ мэддэг болж яваандаа танилцаж гэр бүл болцгоосон юм билээ.
Би эцэг, эхээс гурвуулаа. Аав, ээж хоёр минь уул нь хоёр хүү, нэг охинтой хүн юм. Уул нь гэсний учир нь миний ах одоо байдаггүй. Ах минь урлагийн хүн байсан. Гуравдугаар ангиа төгсөөд Украин руу балетын сургуульд явсан. УДБЭТ-д балетчинаар ажиллаж байгаад өвчний улмаас бурхан болсон юм. Би айлын дундах хүү. СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Дүү минь зураач мэргэжилтэй. Тэгэхээр гурван хүүхэд нь гурвуулаа л урлагийн талын мэргэжилтэй болсон байна. Аав минь харахад их том биетэй, сүрлэг харагддаг хэдий ч дотроо маш зөөлөн хүн байсан. Ямар сайндаа л хүүхдүүдээ нусны алчуураар зоддог байх вэ дээ. Ах бид хоёрыг дүрсгүйтээд хэрэг тарих юм бол нусны алчуураар л цохих, илэх хоёрын хооронд хүрдэг байсан гэдэг. Бид хоёр ч сүйд болоод уйлдаг байсан гэдэг юм. Ер аав минь надад айхтар гар хүрч байсныг би мэдэхгүй. Тийм л их хайранд өссөн дөө.
-Лхаасүрэн гуай хэнтэй их найзалж, нөхөрлөдөг байв?
-Багаасаа л Нямгаваа, Мөнхдорж, Доржсамбуу найруулагч нартай их нөхөрлөдөг байсан. Мөн Хүүхдийн театрынхан их ирдэг. Жанчивдорж, Дашхүү ахтай их дотно. Жанчивдорж ах манайхаар орж гардаг байсан. Намайг “Чи миний өвөр дээр өссөн нөхөр шүү дээ” гэдэг байж билээ. Мөн УДЭТ-ын дарга байсан Зориг багштай ойр дотно. Сайхан найзууд байсан. Зориг багшийг бурхан болоход нь бичсэн дурсамж байдаг. “Тэр минь одоо алга, тэгэхэд би тэнэгтээд л энд байж байх юм даа” гэж эхэлдэг юм. Найзалж, нөхөрлсөн хүмүүсдээ үнэнч, уужуу тайвуу сэтгэлтэй хүний хайлан байсан даа аав минь.
О.АРИУНЦЭЦЭГ