Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар гурав хоног амарна

Цагаан сарын шинийн нэгэн 27-ны даваа гаригт тохиож байна. Тэгвэл нийтээр тэмдэглэх энэхүү уламжлалт баяраар шинийн 1,2,3-ны өдрүүдэд амарна. Тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сараар билгийн тооллын 1,2,3-д амарна гэж заасан байдаг.

Энэ дагуу энэ жил хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1 хүртэл амарч 2-нд буюу пүрэв гаригт ажилдаа орох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн шок өрхөд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ

Эдийн засаг зурган илэрцүүдЭдийн засгийн шок өрхөд хэрхэн нөлөөлж байгааг судлаач, доктор Д.Ган-Очир, Б.Ариун-Эрдэнэ нар тодорхойлжээ. Тэд энэхүү судалгааг 2016 оны 3-8 сарын хооронд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн байна. Судалгааны сэдэв нь “Монголын өрхийн секторын стресс тестийн загвар”. Стресс тест гэдгийг манайхан онцгой нөхцөл байдлын шинжилгээ гэж орчуулдаг. Өөрөөр хэлбэл үнэ өсөх, валютын ханш сулрах, зээлийн хүү өсөх, ажилтай байсан хүн ажилгүй болох гэх мэт сөрөг өөрчлөлтүүд өрхийн санхүүд хэрхэн тусч буйг судлаачид сонирхжээ. Өрхийн санхүүгийн байдал муудахад банкуудад хэрхэн нөлөөлөхийг мөн тандсан байна.

Дэлхийн эдийн засгийн 2008-2009 оны хямралаас хойш эдийн засагчид тэр тусмаа төв банк болон санхүүгийн бодлого боловсруулдаг бусад байгууллагууд энэ төрлийн аргачлалд илүү ач холбогдол өгдөг болсон гэнэ. Дэлхийн эдийн засгийн хямралын үед судлаачид өрхөд учирсан хүндрэл нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг алдагдуулдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрч л дээ. Америкт болсон хямралын үеэр орон сууцны үнэ унаж эхлэхэд ипотекийн зээл авсан олон хүн “Би зээлээ төлж чадахгүй юм байна, орон сууцаа ав” гэцгээжээ. Банкууд зээлийн хүүгийн орлогуудаа хураахын оронд баахан байшинтай үлдсэн түүхтэй. Өр нэмэгдсэн үед нь эдийн засагт гэнэтийн шокууд бий болоход өрхүүд зээлээ төлж чадахаа байчихсан хэрэг. Банкууд зээлийн төлбөрөө авч чадахгүй болохоор санхүүгийн салбарынх нь тогтвортой байдал алдагдахад хүрчээ.

“Ийм хэлбэрээр бий болж байгаа санхүүгийн тогтворгүй байдал нь илүү гүнзгий, удаан хугацааны эдийн засгийн хямрал руу аваачдаг юм байна” гэж Австралийн Үндэсний их сургуульд эдийн засгийн ухааны доктор хамгаалсан судлаач Д.Ган-Очир хэллээ. Учир нь 2008-2009 оны эдийн засгийн хямрал өмнөхөөс илүү гүнзгий байсан гэнэ. АНУ-ын Холбооны нөөцийн банк өнгөрсөн арванхоёрдугаар сараас хүүгээ өсгөж эхэлсэн. Энэ хүртэл эдийн засгийн сэргэлтийг хангалттай гэж үзээгүй хэрэг. Тийм учраас энэ асуудлыг байнга судалж энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж судлаачид үздэг. Монголын хувьд ч энэ асуудал анхаарлын төвд орж ирсэн нь өрхүүдийн өр нэмэгдэж буйтай холбоотой. Өрхийн секторын өр ялангуяа 2013 оноос хойш идэвхитэй өсч байгаа гэнэ. Банкны салбарын нийт зээлийг авч үзвэл өрхийн секторын зээл бараг 40 хувь өссөн дүнтэй байна. Нийт банкны системийн зээлийн 40 хувь нь өрхийн зээлтэй холбоотойгоор эрсдэх магадлалтай гэсэн үг. Макро шок бий болоход өрхүүд илүү эмзэг байдалд орж эхэлжээ. Өмнө нь гэр бүлийн гишүүдийн нэг нь ажилгүй болсон ч үлдсэн хүмүүсийнхээ орлогоор амьдарч байсан бол одоо тэр хүний орлого байхгүй л бол тухайн айл зээлийн төлбөр төлөхөд хэцүү болж, эсвэл хэрэглэж байгаа хүнснийхээ хэмжээг хасахад хүрчээ.

Уг нь бол банкууд “Хамгийн найдвартай нь ипотекийн зээл” гэдэг. Ипотекийн зээлийг бусад зээлтэй харьцуулахад чанаргүй зээл бага аж. Гэхдээ энд яриад байгаа өрхийн зээлийн зөвхөн нэг хэсэг нь орон сууцны зээл шүү дээ. Хэрэглээний зээл, тэтгэвэрийн зээл бүгд өрхийн зээлд багтдаг.

Доктор Д.Ган-Очир ярихдаа “Бид бусад улс оронд хийгдсэн судалгаануудыг суурь болгож ашигласан. Өрхийн зээл ДНБ-ний харьцааг авч үзэхэд анх 2012 он хүртэл харьцангуй нам түвшинд 15-20 орчим хувь байсан. Орон сууцны зээл хэрэгжиж эхэлсэн 2013 оноос маш өссөн. Сүүлийн гурван жилийн дунджаар авч үзэхэд өрхийн нийт өр ДНБ-ний 25 орчим хувьд хүрсэн. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад Евробүсийн шинэ гишүүн орнууд (Чех, Польш гм)-тай ойролцоо түвшинд очсон. Санхүүгийн зах зээл нь өндөр түвшинд хүрсэн орнуудынхтай ойролцоо очсон гэсэн үг. Дээр дурдсан орнуудын хувьд хүмүүсийн орлого, ажил эрхлэлт сайжраад ийм түвшинд хүрсэн. Харин манайх бол татаастай хүүнд хэт хошуурах байдлаар механикаар энэ түвшинд очсон тал бий. Дунд орлоготой орнуудтай харьцуулахад манай 25 хувь гэдэг хамаагүй өндөр байгаа юм. (Монгол дунд орлоготой гэсэн ангилалд ордог) Гэхдээ дунд орлоготой бусад улсуудтай харьцуулахад өртэй байдал нь өндөр түвшинд байна. 2013-2014 оны механик өсөлтөд мэдээж орон сууцны 8 хувийн зээл нөлөөлсөн. Энэ зээл өрхүүдийг өртэй болгохоос гадна макро эдийн засагт дараагийн шокыг бий болгосон юм. Зээл өгч эхлэнгүүт орон сууцны үнэ ихээр өссөн. Одоо ч орон сууцны үнийн хөөсний хагаралт үргэлжилж байгаа. Нэг талаас энэ нь өрхүүдийг илүү эмзэг болгосон. Бас санхүүгийн шокыг эдийн засагт бий болгосон үйл явц боллоо” хэмээн дүгнэв.

Гэхдээ өрөө төлж чадахгүй өрхийн тоо олширвол банк шууд дампуурна гэсэн үг хараахан биш юм байна.

-Санхүүгийн зах зээлд барьцаа гэж бий. Барьцааны хөрөнгийн үнэлгээ, авсан зээлийнх нь зөрүүгээр банкны эрсдлийг тооцно. Барьцаанд тавьсан байр нь 80 сая, тухайн хүн 100 саяын өртэй бол зөрүү 20 саяын алдагдал хүлээх болдог. Хамгийн найдвартай барьцаа банкны хувьд орон сууц байдаг гэлээ.

ЗЭЭЛЭЭ
ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ ӨРХИЙН ТОО НИЙТ ӨРХИЙН 14.
4 ХУВЬ БАЙНА

Зээлээ төлж чадахгүйд хүрэх магадлалтай өрхийн тоо нийт өрхийн 14,4 хувь нь байна. Орлого багатай эсвэл өндөр настай гишүүдтэй өрхүүдийн хувьд дампуурах хандлага илүү ажиглагдаж байгаа юм. Үлдсэн 85.6 хувь нь эерэг үлдэгдэлтэй гэсэн үг. Манайх Финлянд, Австри, Норвегтэй энэ түвшнээрээ ойролцоо очжээ. 500 мянга хүртэл төгрөгийг хуримтлуулж чадаж байгаа өрх хэд байгааг судлаачид бас сонирхсон байна. Өрөө төлөөд, хоол, хүнс, цахилгаан дулааны төлбөр, хувцас хунар гэх мэт зайлшгүй зардлаа дараад, 500 мянгыг үлдээж чадаж байгаа өрх 60 хувь нь байсан гэж Д.Ган-Очир ярилаа.

Харамсалтай нь эдийн засаг үүнээс илүү муудаж болохыг ч бодолцохоос аргагүй.

-Нөхцөл байдал илүү муудвал нэмж хэдэн өрх хүнд байдалд орох, санхүүгийн салбарт хэр их алдагдал хүлээхийг тооцож үзсэн. Зээлийн хүү өсвөл юу болох вэ, ажилгүйдэл нэмэгдвэл ямар нөхцөл үүсэх, орон сууцны үнэ үргэлжлээд буурвал юу болох вэ. Энэ бүгд нэг зэрэг тохиолдвол юу болох вэ гэдэгт энэ судалгаагаар хариу өгөхийг хичээсэн. Зээлийн хүү одоо байгаа түвшнээс 5 нэгж хувиар нэмэгдэхэд сөрөг үлдэгдэл орлоготой 14,4 хувийн өрхүүдийн тоо 15 хувь болж өсөх төлөв бий. Зээлийн хүү ийм хэмжээгээр нэмэгдвэл банкны алдагдал 8,4 хувьд хүрэх жишээтэй. Инфляци 10 хувь болоход сөрөг үлдэгдэл орлоготой 14,4 хувийн өрхийн эзлэх жин 19 хувь болж өсөхөөр байгаа юм. Орон сууцны үнэ 20 хувиар буувал банкуудын хүлээж болзошгүй алдагдлын хэмжээ 7,6 хувь болох нь.

Байдал илүү муудвал гэдэг нь зөвхөн муу амалсан төдий биш. Өмнө нь эдийн засаг хямрах үед тохиолдож байсан шокууд давтагдвал байдал ямар байхыг ч тооцож үзсэн байна.

Өмнөх түүхийг сөхвөл орон сууцны үнэ 2014-2015 онд 12 орчим хувиар буусан удаатай. 2009-2011 онд хүү 2,25 нэг хувиар өсчээ. Энэ бол манайд ажиглагдсан шокууд шүү дээ. Хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 2009-2011 оны хооронд 12 орчим хувиар өсчээ. 2012 оны нөхцлүүдийг авч ийм тооцоолол хийж үзэхэд сөрөг үлдэгдэл орлоготой өрхийн тоо 21-22 хувь гарчээ. Зээлээ төлж чадахгүй балрах магадлалтай өрхийн тоо одоогийнхоос илүү олон байсныг анзаарав уу. Үүнээс хүн амын орлого, өрхийн санхүүгийн байдал өмнөхөөс сайжирсан гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэсэн ч өдгөө өрхүүдийн өр нэмэгдсэн болохоор илүү эмзэг болсон гэдэг нь муу мэдээ.

ДАМПУУРАХ
МАГАДЛАЛТАЙ ӨРХҮҮДЭД УЧРАХ ДАРАМТЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

-Бусад хүчин зүйлтэй харьцуулахад үнийн өсөлт, зээлийн хүү нэмэгдэх нь зээлтэй хүмүүст ирэх дарамтыг нэмэгдүүлдэг. Зээлийн хүүг тэлэх байдалд хүргэх ёсгүй. Тэтгэврийн зээлтэй хүмүүст энэ шокууд илүү дарамт учруулдаг. Тийм учраас тэдэнд чиглэсэн төрийн бодлогуудыг хэрэгжүүлэх шаардлага бий. Инфляцийг өсгөхгүй, зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй байх, тогтвортой орчныг бүрдүүлэх учиртай. Зорилтот хэсэгт нийгмийн халамжийг сайжруулах хэрэгтэй гэж судлаач Д.Ган-Очир хэллээ.

Монголд ч бас зээлээ төлж чадахгүй, байраа хураалгах нөхцөл байдал үүсэх болов уу гэж хэрэгт дурлаад авлаа.

-Монгол хүний онцлог бий л дээ. Монгол хүн нэгэнт байраа аваад тохижуулж, гал голомтоо бадраан, зээлийн эргэн төлөлтийг хийгээд эхэлсэн бол байраа хаяхгүй. Тэгээд ч байраа зараад дахиад байр авна гэдэг зардал өндөртэй. Бичиг баримт бүрдүүлэх, банктай учраа олох, шүүхээр явах, дахиад байр хайх гээд олон эрсдэл бий гэж судлаач тайлбарлав. Зээлийн мэдээллийн нэгдсэн сан байгаа учраас байраа хураалгасан найдваргүй этгээдэд дахин зээл олдохгүй л болов уу. Америкт бол залуус нь түрээсийн байранд амьдраад явах бололцоотой байдаг бол монголчуудын хувьд байр худалдаж авах нь насаараа хийх хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт байдаг гэх мэт соёлын ялгаатай шүү дээ.

Categories
гадаад мэдээ

Хятад улс Хойд Солонгосоос нүүрс импортлохоо албан ёсоор зогсоолоо

БНХАУ өчигдрөөс эхлэн энэ оныг дуустал БНАСАУ-аас авдаг нүүрний импортоо албан ёсоор зогсоож буйгаа мэдэгджээ. БНХАУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд “Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2321-дүгээр тогтоолд заасан хориг арга хэмжээг дэмжиж, дагаж мөрдөхөөр болжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолоос гадна Пхеньян өнгөрсөн долоо хоногт баллисик пуужин харвасан, түүнчлэн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам амиа алдсан зэрэг шалтгаан нүүрсний импортыг хязгаарлах шийдвэрт нөлөөлсөн бололтой.

НҮБ өнгөрсөн 11 дүгээр сард тус улсад эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авсан юм. Үүнд Хойд Солонгосыг гарах гарцгүй болгох нэгэн заалт байгаа нь тус улсын экспортын орлогыг 62 хувь буюу 800 сая ам.доллар бууруулах тухай юм. Ингэснээр 2017 онд Хойд Солонгосын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний орлого 400 сая ам.долларт хүрч, жилд 7.5 сая тонн нүүрс экспортлох юм.

Тэгэхээр энэхүү эзгүйрч буй 18 сая тонн нүүрсний импортыг монголчууд яагаад нөхөж болохгүй гэж.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирна

Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллав.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байна.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс, орнуудад зориулагдсан бөгөөд урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог юм.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь 3 жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд, ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана.

Төлбөрийн тэнцлийг сайжруулан макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг өөрчлөх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлснээр, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт нэмэгдэж 8.1 хувь, инфляцийн түвшин 6.1-7.0 хувь болно.

Төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангана.

Энэ хүрээнд татварын бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тохирч, ингэхдээ эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг аль болох бага байлгах, иргэдийн орлогын ялгааг нэмэгдүүлэхгүй байх, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах зарчмыг баримтална.

Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Төсвийн зарлагыг үе шаттай бууруулах хүрээнд нийгмийн хамгаалал, халамжийг хавтгайруулахгүй буюу хүн амын орлого багатай эмзэг хэсэгт түлхүү чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц болон хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас төсөвт үүсэх зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг эдийн засгийн бодит өсөлт, орлогын боломжоос түрүүлж нэмэгдүүлэхгүй байх, удирдлагын зардлыг царцаах, үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

Өрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд төсвийн алдагдлыг үе шаттай бууруулж, урт хугацаатай, хүү багатай гадаад зээлийн санхүүжилтийг түлхүү ашиглах замаар богино хугацаатай өндөр хүү бүхий дотоод үнэт цаас гаргалтын хэмжээг бууруулж, төсөв дэх хүүгийн зардлыг багасган, төсөвт учруулах төлбөрийн дарамтыг жигдлэх бодлого баримтална.

Хөгжлийн банкны төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бондын эх үүсвэрээс санхүүжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шилжүүлэн, засаглалыг сайжруулан, бие даасан хараат бус байдлыг ханган, арилжааны чиглэлийн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн.

Инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, Төв банкны засаглалыг сайжруулах, валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, төсвийн шинж чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх зэрэг бодлогын арга хэмжээ авахаар тусгасан.

Санхүүгийн салбарын тогтвортой байдал, санхүүгийн зуучлалын үр ашгийг тодорхойлох үүднээс банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Тус үнэлгээг үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг авна.

ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.

Categories
мэдээ спорт

Өсвөр үеийн зуун буудалт даамны аваргууд тодорлоо

Өсвөр үеийн зуун буудалт даам зурган илэрцүүдЖил бүр уламжлал болон зохиогддог Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит зуун буудалт даамны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-нд 15 дахь удаагаа боллоо. Тэмцээнд 137 тамирчин ухаанаа уралдуулж, швейцар системээр 7-9 өрөг тоглож 6-9 насны охидоос Б.Эрчис (39-р сургууль), хөвгүүдээс Б.Лхагватогтох (Өвөрхангай аймаг), 10-12 насны охидоос Ч.Марал-Эрдэнэ (Орхон аймаг), хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон аймаг), 13-15 насны охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), хөвгүүдээс С.Мөнх-Оргил (Хасу-Мегастарс клуб), 16-18 насны охидоос Г.Хэрлэнмөрөн (Шавь цогцолбор), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль) нар аваргын алтан медалийг хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүн дөрвөн сая төгрөгийн азтан болжээ

Ням гаригт болсон НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны эхний тохирол боллоо. Энэ удаагийн тохиролд 2017 оны нэгдүгээр дүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны хоёрдугаар сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 7,182,740 баримт хамрагджээ. Үүнээс:

4 сая төгрөгийн 3

500 мянган төгрөгийн 74

100 мянган төгрөгийн 726

20 мянган төгрөгийн 7224 баримт тохиролд таарч, нийт 7259 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын өмнөх өдрүүдэд тэнгэр ямар байх вэ?

Цагаан сарын өмнөх цаг агаар зурган илэрцүүд

21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 22, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 21-нд говь, талын нутгаар, 22, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 14-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Хүний эрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хангагдах ёстой

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Их хурал дэмжлээ. Уг хуулийн төсөлд зарчмын шинжтэй ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн чухал хуулиудын нэг нь яах аргагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийг тухайн ажиллагаанд оролцож байгаа оролцогчдын эрх зүйн байдлыг хэрхэн сайжруулав гэдгээр тайлбарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас оролцогчийн эрхийг нэлээн дэлгэрэнгүй тодорхой болгох боломж нөхцөлийг тусгаж өгсөн. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч хохирогчийг хамгаалах талаар зохицуулалт байхгүй. Харин шинэ төсөлд гэрч хохирогчийг хамгаалах талаар тусгай бүлэг оруулсан байх жишээтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэрч хохирогчид ямар хамгаалалтын арга хэмжээ авч болох вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн.

-Тахарын алба татан буугдсан. Түүнээс хойш гэрч, хохирогчийг хамгаалах байгууллагагүй болсон. Гэрч хохирогчийг хамгаалах ямар зохицуулалт орсон бэ?

-Тухайн хүний нийтэд танигдаж болох мэдээллээс гэрч хохирогчийн мэдээллийг түр хугацаагаар арилгах, улсын бүртгэлээс гэрч хохирогчид холбоотой мэдээллийг түр нууцлах арга хэмжээ авахаар тусгасан. Гэрч, хохирогч өөрийн биеэр мэдүүлэг өгөх боломжгүй, амь нас, аюулгүй байдалд нь тодорхой заналхийлэл учирсан тохиолдолд өмгөөлөгчийг нь байлцуулан гэрч, хохирогчоос дуу, дүрсний бичлэг ашиглан авах боломжийг суулгаж өгсөн л дөө.

Тахарын албаны чиг үүрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн. Тиймээс энэ асуудлыг орхигд-сон гэж ойлгож болохгүй.

-Таслан сэргийлэх арга хэмжээг уг хуульд хэрхэн суулгаж өгсөн бэ. Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 болгосон гээд байгаа?

-Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчилж, хугацааг нь богиносгосон. Одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 72 цаг баривчлаад үргэлжлүүлэн сэжигтнээр 14 хоног цагдан хорьж болохоор заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд сэжигтнийг цагдан хорих тухай асуудал байхгүй. Сэжигтнийг баривчлах хугацааг 24 цаг болгосон. Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийн хувьд хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах төрлүүд нэмэгдсэн л дээ. Энэ нь аль болох цагдан хорихгүй байх үүднээс тухайн хүний зорчих эрхийг хязгаарлаад өөрийн орон гэр, ажил үүргээ биелүүлээд явах боломж бүрдүүлж байгаа юм.

-Тухайн хүнийг гэм буруутайг нь тогтоогоогүй байж хорьчихоод дараа нь нотлох баримтаа цуглуулдаг гэдэг шүүмжлэл бий…

-Сэжиг таамгаар хүнийг баривчилж, үргэлжлүүлээд 14 хоног цагдан хорьж байгааг дээр ярьсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд таслан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн хугацаа хоёр сар хүртэл байдаг. Шинээр боловсруулж буй хуулийн төсөлд нэг сар болгосон. Цагдан хорих дээд талын хугацаа 24 сар байсныг 18 болгохоор тусгаад байгаа. Сэжиг таамгаар хорьдог, яах нь мэдэгдэхгүй олон хоногоор саатуулж байна гэсэн иргэдийн гомдол их байдаг. ШШГЕГ-ын судалгаанаас үзэхэд 2014 онд 1863 хүн баривчилснаас 72 цагийн хугацааг дуусгаад баривчлах байрнаас 650 хүнийг суллаж, 913 хүнийг 14 хоногийн хугацаатай сэжигтнээр цагдан хорьсны дараа сулласан байдаг. 2016 онд гэхэд эндээс 300 хүн нь яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон. Өөрөөр хэлбэл, нийт баривчилсан иргэдийн дөрөвний гурав нь буюу 75 хувь нь хэрэгт ямар нэгэн холбогдолгүй байсан гэсэн үг.

-Хүний эрхэд л халдаад байгаа юм биш үү, тэгвэл?

-Энэ нь өөрөө шалтгаан, баримт нотолгоогүйгээр хүнийг барьж саатуулдаг байж болзошгүй гэх үндэслэл гарч ирж байна. Хууль шүүхийн байгууллага гарцаагүй нотлох баримтад үндэслэж байж хүний үндсэн эрхэд халддаг байх ёстой гэсэн шаардлагаар уг өөрчлөлтийг хийж байгаа юм.

-Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед дуу, дүрсний бичлэг хийх юм гэсэн. Ямар тохиолдолд үүнийг ашиглах юм бол?

-Хуульд туссан учраас заавал хэрэгжүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх, давхар дуу дүрсний бичлэг хийх, шүүх хуралдааны тэмдэглэлийг гараар бичихийн хажуугаар дуу, дүрсэнд буулгахаар заасан байгаа. Хэрвээ дуу, дүрсний бичлэг, гараар бичсэн тэмдэглэл хоорондоо зөрвөл дуу, дүрсний бичлэгийг барихаар хуульд заасан. Нарийвчилсан зохицуулалт багтсан учраас практикт хэрэглэхэд дөхөмтэй гэж үзсэн юм.

-Хялбаршуулсан журам гээд байгаа. Энэ хялбаршуулсан журмынх нь давуу тал нь юу вэ?

-Хялбаршуулсан журам аль болох процессыг хялбаршуулж, оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чиглэж байгаа. Одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх гэсэн бүлэгт Эрүүгийн хуулийн хөнгөн ангиллын гэмт хэргийн зүйлээр нь заасан. Үүнийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно гээд заачихсан. Дээр нь нэмээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч өөрөө хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргавал энэ дагуу явахаар заасан байгаа. Гэхдээ яллагдагч прокурор яллах дүгнэлт үйлдэхээс өмнө гаргах ба мэдээж яллагдагчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадаж болохгүй. Яллагдагчаас өөрөөс нь хүсэлт бичих, шүүх хурлын үеэр өөрөөс нь “Та гэм буруугаа өөрөө, сайн дураараа хүлээсэн үү” гэдгийг тодруулж асуух гээд бүх зохицуулалт орсон.

-Яллагдагч гэм буруугаа хүлээлээ, хохирлоо яаралтай барагдуулсан тохиолдолд яах юм бол. Хохирлыг нь барагдуулчихаад байхад л явдал суудал нь суудаггүй тал бий?

-Эрүүгийн хуульд заасны дагуу ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахад энэ чухал. Байцаан шийтгэх ажиллагааны зардал багасна. Яллагдагч цаг хугацаа алдахгүй, үүнийг дагаад зардал чирэгдэл багасна шүү дээ.

-Тухайн хүний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно гэдэг ч зарим хууль хяналтын байгууллага “Тухайн хүнийг ийм хэрэг үйлдсэн” гэдгийг урьдчилан зарладаг байдал түгээмэл. Түүнийг шалгаад эхэллээ ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар мэдээлэл түгээчихдэг. Ийм байж болох уу?

-Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд хүнийг шүүхийн өмнөх шатанд гэм буруутан шиг харьцахыг хориглосон байдаг л даа. Үндсэн хуульд шүүх л гэм бурууг нотолж тогтооно гээд заачихсан юм. Яллагдагчийг гэм буруутай гэж шүүхийн шийдвэр гарахаас өмнө прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэн ч бай, урьдчилан дүгнэлт өгөх боломжгүй. Шүүх эцэслэн шийдвэрлэнэ гэсэн агуулгаар орсон. Хуулийн байгууллагын албан хаагчдын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас учирсан хохирлын нөхөн төлөх зохицуулалтыг төсөлд оруулсан. Үүнд, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд зарлаад шүүхийн цагаатгах тогтоол гарсан, эсвэл гэм буруугүй нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хэрэг үүсгэж шалгах болохоороо олон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх үүргийг тусгасан. Манайхан нийтэд зарлаад хаячихдаг, хэрэг нь хаагдаад хэрэгсэхгүй болохоор зарладаггүй. Нөгөө хүн нь олон нийтэд гэмтэн болоод л нэр төр, амьдралаараа хохироод дуусдаг. Ийм байж таарахгүй. Мэдээллийн хэрэгслийн ямар төрлөөр тухайн хүний талаар мэдээлэл цацсан, түүгээрээ залруулга хийдэг байхыг үүрэг болгосон.

-Мэдээллийг хэвлэлийн хурал зарлаад сүржин тараадаг мөртлөө сүүлд нь хэвлэлийнхнийг буруутгах зүйл анзаарагддаг. Залруулга гаргаж шахдаг тал бий. Хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгсөн бол тэгж залруулга хийнэ гэсэн үг үү?

-Тэгэх шаардлагатай.

-Тухайн мэдээлэл хийсэн байгууллага залруулга гаргах ёстой байх, тийм үү?

-Тэгнэ.

-“Сэжигтэн гээд орхичихдог. Буруу ч юм уу, буруугүй ч юм уу бүү мэд. Нэг түдгэлзүүлснээ эргээд сэргээлээ” гэдэг. Хуулийн байгууллага дур зоргоороо түдгэлзүүлдэг, шалгахгүй орхидог асуудалд хариуцлага тооцох уу?

-Хууль зөрчсөн ажиллагаанаас үүдсэн хохирлыг нөхөн барагдуулах гэсэн хэсэгт тодорхой заасан. Тухайн хүнийг хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар тооцож, яллагдагчаар татсан, хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хорьсон нөхцөлд тухайн хүнд учирсан хохирлыг нөхөн төлөх тохиолдлуудыг тодорхой заасан. Нөгөө талдаа энэ хуулийн төсөлд сэжигтнээр татаад шууд цагдан хориод явах зохицуулалт байхгүй. Сэжигтэн гэж гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан, 24 цагийн дотор баривчлагдаж байгаа хүнийг хэлэхээр байгаа юм. Сэжигтэнг цагдан хорихгүй. Сэжигтний талаар хэрэг бүртгэлийн арга хэмжээ явуулж, ийм хэрэг гарсан байна уу, энэ гэмт хэргийг үйлдсэн байна уу гэдэгтэй холбоотой баримт материал цуглуулсны эцэст яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсний дараа тухайн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тусгасан. Энэ нь хүний эрхийг хамгаалах талд чухал ахиц гарч байгаа гэж үзэж байгаа.

-Олны анхаарлыг татсан хэргийн шүүх хурал хаалттай болж байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллага болоод иргэдийн шүүмжлэлд өртөхөд хүргээд байна. Ер нь нээлттэй байж болдоггүй юм уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд төрийн нууцтай холбоотой насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалахдаа холбоотой шүүх хуралдааныг хаалттай бусад нөхцөлд нээлттэй хийхээр зохицуулсан.

-Төрийн нууцтай холбоотой хэсгийг нь нууцлаад бусдыг нь нээлттэй явуулж болох уу?

-Шүүх хурлыг тэр чигээр нь, эсвэл тодорхой хэсгийг хаалттай явуулах зохицуулалт төсөлд байгаа. Төрийн нууцтай холбоотой хэсгийг нууцлаад бусад хэсгийг нээлттэй явуулах ёстой. Аль болохоор нээлттэй байх зарчимтай. Хаах тохиолдол нь гагцхүү энэ хуульд заасан цөөхөн байх шаардлагатай гэсэн үг.

-Шүүх олон хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Энэ зохицуулалтад ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юу?

-Одоогийн хуулийн төсөлд шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар заасан. Гол зорилго нь шүүхийн бэлтгэл хангах, шүүх хуралдаанаас хэрэг буцах явдлыг хаах зорилгоор урьчилсан хэлэлцүүлэг бий болгосон. Энэ нь оролцогч эрхээ хамгаалах бас нэг боломж. Хохирогч, яллагдагчийн өмгөөлөх эрхийг хассантай холбогдох хязгаарлалт, хуульд заасан тохиолдолд өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан ч байдаг юм уу, энэ бүх ажиллагаанд гомдол гаргаж, хэргийг үнэн зөв шийдэх нөхцөлийг хангаж, бэлтгэл ажлыг цэгцлэх боломж бүрдүүлж байна гэсэн үг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх байсан ажлыг мөрдөгч хийгээгүй байх тохиолдол байдаг. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргаад байхад хүсэлтийг нь хангах эсэх нь мөрдөгчийн үзэмжийн асуудал болсон байдаг. Хэчнээн их хүсэлт гаргасан ч мөрдөгч шаардлагагүй гэж үзвэл орхичихдог. Ингэж эрх нь зөрчигдсөн хүмүүс урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүхэд танилцуулаад хэргийг буцааж, мөрдөн байцаалтыг зохих хэлбэрээр нь явуулах боломжтой болсон. Нөгөө талдаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүх хуралдааны товыг талуудын саналыг харгалзаж, шүүх тогтоохоор байгаа. Энэ нь өмгөөлөгч ирээгүй, прокурор ажилтай гэх мэтчилэн шүүх хуралдаан хойшлох боломжгүй гэсэн үг. Мэдээж оролцогч талууд боломжит цагаа хэлж хоорондоо тохирно гэсэн үг. Урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буруу бүрдүүлж ирсэн хэргийг буцаах боломж шүүхэд нээлттэй байгаа. Харин үндсэн хуралдаанаас прокурорт хэргийг буцаах явдлыг хуулийн төслөөр халсан байгаа. Хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх мөрдөн шалгах ажиллагааны аргууд нэмэгдсэн. Хэргийн материал цуглуулах боломжтой арга хэрэгслүүд илүү нэмэгдсэн. Дээр нь нууц мөрдөн шалгах ямар ажиллагаа хийж болох вэ гэдэг төрлүүд орж ирсэн.

-Мөрдөн байцаагчийн мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн зохицуулж байна вэ?

-Мөрдөгч бие дааж хийх таван мөрдөн шалгах ажиллагаа, дээр нь прокурорын зөвшөөрөлтэй хийх 21 ажиллагаа байгаа. Үндсэн хуульд заасан хүний суурь эрхэнд буюу хүний бие болоод эд зүйл рүү халдаж нэгжлэг хийх, харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээлэл авах гэх мэтчилэн ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийнэ.

-Шүүгчийн захирамжийн хугацааг хэрхэн уялдуулах вэ?

-Тухайн хүнийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр саатуулах хугацаа 24 цагаас хэтэрч болохгүй. Энэ 24 цагт багтаагаад мөрдөгч, прокурор, шүүх ажиллах ёстой. Энэ 24 цагт шүүгч захирамж гаргасан бол шууд суллах ёстой. Энэ нь тухайн үйл явдал, цаг хугацаанд хуулийн байгууллага, албан хаагчдыг хамгийн хурдан, шуурхай ажиллах явдлыг хангах агуулгатай.

-Мэдүүлэг авах нэрийдлээр иргэдийг хүлээлгэж, дахин дахин дуудаж залхаадаг явдал бий. Энэ тал дээр анхаарсан болов уу?

-Мөрдөгч тухайн хүний байгаа газар нь очиж мэдүүлэг авч болно. Өөрөө дуудаад мэдүүлэг авч болно. Гэхдээ мөрдөгчийн дуудсан цагт ирэхгүй байлаа гээд хууль зүйн үр дагавар үүсэхгүй. Одоо бол мөрдөгч “Дуудсан цагт ирэхгүй бол шууд цагдан хорино шүү” гэдэг зүй бус байдал үүсгэдэг тал бий. Хэрэв хүнийг зайлшгүй дуудаж байцаах шаардлагатай бол мөрдөгч прокурорт танилцуулаад прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, прокурор тухайн хүнийг дуудах үндэслэл байна уу гэдгийг нягталсны үндсэнд өөрийнхөө мэдэгдэх хуудсыг өгнө гэсэн үг. Тэгээд ирэхгүй бол албадан ирүүлнэ. Тэгэхээр мөрдөгч хохирогчийг өдөр болгон дууддаг, үүдэндээ хүлээлгэж залхаадаг байдал хаагдана гэж үзэж байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтуудыг багцлаад нэрлээч гэвэл та юуг тодотгох вэ?

-Хохирогчийн эрх, эрх зүйн байдал сайжирсан. Буцаагдсан хуулийн төсөлд хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулахгүй байхаар заасан байсан. Хохирогчийн эрх ашгийг прокурор төлөөлж оролцоно гэсэн утгаар орсон. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний эрхүүдийг зөрчиж байгаа юм. Одоо хохирогч оролцогч болж шүүх хуралд оролцоно. Гэм буруутай нь нотлогдохгүй байхад л нотлоод ир гээд шүүх нь яллагч тал болчихсон буцаадаг ойлголтыг халсан. Гэм буруутай нь нотлогдохгүй бол цагаатгах суурь зарчмыг шүүхэд хэрэгжүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, шүүхээс хэрэг буцдаг байсан. Урьдчилсан хэлэлцүүлгээс ч шүүхээс ч хэрэг буцахаар зохицуулалттай байсан. Одоо шүүхээс хэрэг буцахааргүй зохицуулалт орсон. Гуравдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны мөрдөгчийн бие дааж явуулах тав, нийт явуулах 21 мөрдөн шалгах ажиллагааны 11-ийг шүүх, 10-ыг прокурор олгохоор заасан байсныг прокурор олгохоор болсон. Үндсэн хуульд прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хяналт тавина гэж заасантай нийцүүлсэн гэсэн үг. Бүхэлд нь дүгнэвэл Үндсэн хуульд заасан хүний эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хангагдах ёстой гэдэг гол зарчмыг энэ хуулийн төслийг боловсруулахдаа баримталж ажиллалаа.


Categories
мэдээ цаг-үе

Төв аймгийн Батсүмбэр суманд өвөлжиж буй улсын аварга саальчин Ц.Цэцэгмаагийнд өнжлөө

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын өмнө Засгийн газраас улсын аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил улсын аварга саальчнаар таван хүн шалгарсны нэг болох Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн малчин Цэнд-Аюушийн Цэцэгмаагийнд өнжлөө.

Тэднийх сумаасаа баруун хойд зүгт долоон километр зайтай Нэгдүгээр фермер хэмээх газар нутагладаг юм байна. Биднийг очиход Ц.Цэцэгмаа гуай гэртээ ганцаараа байж таарав. Тэрбээр “Та нар чинь ярьж байгаад ирэхгүй дээ. Эмээ нь гадуур хэдэн үхрийнхээ өвс, тэжээлийг нь тавьж өгөх ажилтай явж байлаа. За хүүхдүүд минь гэрт орцгоо” хэмээн нэлээн тэвдсэн аятай урилаа.

Хашаан дотор нь газар тариалангийн багаж хэрэгсэл, жижиг “пад пад” трактор болон саяхан шороо асгаж засч янзалсан бололтой гэрийн буурь харагдлаа. Цэцэгмаа гуай цай аягалах зуураа “Манай өвгөн өглөө хот руу явсан. Удахгүй ирэх байх. Би энд ганцаараа ойр зуурын аж ахуйн ажил хийж байлаа. Манай халтар үнээ өнөө, маргаашгүй тугаллах гээд байгаа юм. Түрүүн үхрийн саравчинд орж, тэжээл зуурч өгчихөөд гарч ирж байгаа нь энэ” гэлээ. Энэ үеэр хөрш айлынх нь эмэгтэй орж ирээд “Цэцэгмаа гуай та наад сүү, сааль болсон хувцсаа тайлаад гоё дээлээ өмсчих. Би хоол, цай бэлдье” хэмээн хэлэв. Аварга маань зүгээр сууж чаддаггүй, их ажилсаг хөдөлгөөнтэй хүн ажээ.

Тэднийх “Алатау” хэмээх сүүний чиглэлийн гуч гаруй үхэртэй гэнэ. Өвлийн улиралд сүүний гарц мууддаг учир өглөө, оройдоо хоёр л удаа үхрээ саадаг юм байна. Нэг үнээнээс таваас найман литр сүү гардаг гэнэ. Харин өдөрт дунджаар 150-200 литр сүү сааж, хотын сүүний үйлдвэрт нэг литрийг нь мянган төгрөгөөр тооцон нийлүүлдэг байна. Харин зундаа сүүний гарц сайжирдаг ч үнэ ханш нь 350 төгрөг хүртэл унадаг гэнэ.

ААВ, ЭЭЖДЭЭ Ч ХЭЛЭЛГҮЙ ИЛГЭЭЛТЭЭР БАТСҮМБЭРТ ИРЖ СААЛЬЧИН БОЛЖЭЭ

Ц.Цэцэгмаа гуай энэ нутагт анх 1973 онд илгээлтээр ирж, ажиллаж, амьдарснаас хойш өдгөө дөчин дөрвөн жил мал маллаж, саальчин хийж байгаагаа дурслаа. Уг нь тэрбээр Булган аймгийн Могод сумын уугуул хүн аж. 1954 онд Цэнд-Аюушийн удаахь охин болон мэндэлжээ. Далан нэгэн онд Хишиг-Өндөр сумын сургуулийг дүүргэж, Төв аймгийн Заамар сумын Хөдөө аж ахуйн ТМС-т хуваарилагдан суралцаж 1973 онд төгсчээ. Анх ТМС-д хамт суралцаж байсан найзтайгаа Батсүмбэрийн сангийн аж ахуйн баруун фермерт саальчнаар ажиллах илгээлт авч, Заамараас ачааны машинд дайгдан хотыг зорьжээ. Тухайн үед илгээлт авсан залуучуудад 14 хоногийн чөлөө олгодог байсан гэнэ. Харин аварга саальчин маань чөлөө ч авалгүй, гэр орондоо ч хэл дуулгалгүй шууд л хотыг чиглэсэн аж. Улмаар хотод ирж нагац ахаа сураглаж явсаар долоон буудалд амьдардаг хэмээн сураг сонсчээ. Гэвч яг хаана амьдардаг болохыг нь мэдэж чадаагүй гэнэ.Өглөө болгон найзтайгаа хамт нагац ахаа олж уулзахаар долоон буудлын айл өрхөөс сураглаж хэрэндээ л их явдаг байж. Харин эрэл сурал болж буй хамаатных нь нэр нь Б.Зөнөг гэнэ. Тэр хавийн оршин суугчдаас “Танай энд Зөнөг гэдэг нэртэй хүн амьдардаггүй биз” хэмээн сураглахад дургүйцсэн янзтай хариулдаг байж. Зарим нь бүр “Зөнөг өө” гэж уулга алдан инээдэг байсан гэнэ. Хамаатнаа олж уулзаж чадалгүй явсаар улсын баяр наадмын өмнөх өдөр нь найзтайгаа хамт эрлийн ажлаа үргэлжлүүлэх гээд гэрээсээ гарч явтал яг хажуугийн хашаан дотор нь Зөнөг гуай үхрээ саачихсан сууж байсан аж. Ингэж хамаатантайгаа уулзаж бөөн баяр хөөр болсон гэнэ. Мөн ээжийнх нь дүү Б.Дорж гэдэг хүн Батсүмбэрийн сангийн аж ахуйд техникч хийдэг байж. Цэцэгмаа гуай 19 настайдаа илгээлтээр Батсүмбэр сумын Нэгдүгээр фермерт ирж саальчин болжээ. Тэр үед улсын төвлөгөө биелүүлэхийн тулд нэг саальчин өдөрт хорин таван үнээ сааж, 200 гаруй литр сүү бэлтгэн өгөх үйлдвэрлэлийн даалгавартай. Ингэхдээ өглөө таван цагт, өдөр 12-т, орой наймд, шөнө 12 цагт үнээгээ саадаг байжээ. Фермерийн 400 гаруй үхрийг 16 саальчин саадаг байсан тухай ярилцлаж суутал гаднаас гэрийн эзэн С.Дамба гуай тортой зүйл барьсаар ороод ирлээ. Ц.Цэцэгмаа гуай “Өө ашгүй, хөгшин маань хүрээд ирлээ. Хотоос сонины хүмүүс ирсэн. Зураг авах гээд байна. Хурдан дээлээ өмсчих” хэмээв. С.Дамба гуай Баянхонгорын гаралтай гэнэ. Батсүмбэрт анх гурван настайдаа гэр бүлийн хамт ирж суурьшчээ. Улмаар 1974 онд фермерт аж ахуйн ажил хийж байхдаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон гэнэ. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Д.Батцэцэг нь Булган аймгийн Орхон суманд малчин, том хүү Д.Батдэлгэр нь Эрдэнэт хотод хувийн бизнес эрхэлдэг, отгон хүү Д.Эрдэнэхүү нь фермерийн цахилгаанчин хийж, эхнэр, охиныхоо хамт аав, ээжийнхээ хажууд мал маллах арга ухаанд давхар суралцдаг аж. Бэр нь ээжийнхээ сүү саалийн ажилд нь оролцож, дэм болдог байна. “Алсдаа отгон хүүдээ мал хөрөнгөө өвлүүлэн үлдээнэ дээ” хэмээн аварга саальчин ярилаа.

1996 оны зун III хороололд сүү борлуулдаг худалдаачдын хамт

НАМАЙГ МОСКВА ЯВЖ БАЙСАН ГЭХЭЭР ХҮМҮҮС ИТГЭДЭГГҮЙ ЮМ

1977 онд Ц.Цэцэгмаагийн ажил хөдөлмөрийг нам засаг, Залуучуудын байгууллагаас өндрөөр үнэлж “Залуу аварга малчин” цол олгожээ. Мөн Москва, Новосибирск рүү хорин нэг хоног аялах эрхээр шагнасан гэнэ. Тухайн үед хань С.Дамба нь цэрэгт байсан юм байна. Түүнийг цэрэгт байхад ар гэрээс нь “Нөхөр Дамбын эхнэр Цэцэгмаа нь Залуу аварга малчин цол хүртсэн тул 48 цагийн чөлөө олгоно уу” гэсэн цахилгаан иржээ. Ийн баяр хөөр болсоор гэртээ иртэл хань нь хойшоо аялах бэлтгэлээ базааж байж. Ажил үйлсээрээ шалгарсан арван хэдэн залуучууд тухайн үеийн залуусын мөрөөдөл болж байсан алтан Москвагийн зүг хүлгийн жолоо залахдаа хөдөлмөр зүтгэлийн үр шим гэдгээ ухаарч улам шамдан ажиллахын хүслэн оргилж байлаа. Ингэж явахдаа үзэж харсан сурч мэдсэн зүйл хэмжээлшгүй их, олон сайхан найз нөхөдтэй болсноо аварга маань дурсах ажээ. “Өмнө ном сонин дээрээс л зургийг нь харж байсан Москвагийн Улаан талбайд өөрийн биеэр очиж үзнэ гэж зүүдлээ ч үгүй байлаа. Их Орос орны байгаль, холын цуутай хотын үзэмж нүд алдам сайхан.Зөвлөлтийн ажил амьдралтай танилцаж өдөр бүр шинэ содон зүйл олж мэдэх нь нэн сонин. Миний амьдралын хамгийн сайхан мөч тэр байсан” хэмээн инээмсэглэн хэллээ. Хожим ач, зээ нар нь орос хэлний ном уншиж байхад нөгөө алдарт Улаан талбайн зураг гарч иржээ. “Эмээ нь энэ сайхан газар очиж байлаа шүү дээ” хэмээн заахад хүүхдүүд нь итгэхгүй байсан гэнэ. Энгийн саальчин эмээгээ ид хийж бүтээхийн төлөө зүтгэдэг залуу насандаа ямар хүн байсныг нь багачууд болоод бусад хүмүүс мэдээгүй биз ээ. Ц.Цэцэгмаа гуай “Одоо ч тэр сайхан үеэ дурсаад хүнд хэлмээр санагддаг. Гэвч намайг Москва явж байсан гэхээр хүмүүс итгэдэггүй юм” гэлээ.

МАЛДАА ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ БАЙЖ Л АШИГ ШИМИЙГ НЬ ХҮРТЭНЭ

Цагаан сүүний буян их ээ.Нэгэн насны минь амьдралыг тэтгэж байгаа хэдэн үхэртээ байнга санаа тавьж хэвтэр бууцыг нь хуурай байлгах хоол тэжээлийг нь тохируулах гээд малчин саальчин хүний ажилд цаг нар гэж байдаггүй ч насаараа хийсэн ажил болохоор өөрийгөө голохгүй зүтгэж л байна. Малдаа хоёргүй сэтгэлээр хандаж байж л ашиг шимийг нь хүртэнэ шүү дээ. Манай Батсүмбэр чинь нийслэл хотынхоо иргэдийн сүүний хэрэглээг хангаж байдаг фермерийн том аж ахуйн газар. Үнээ мал гэдэг чинь аманд л юм өгөхийн хэрээр сүүгээ өгдөг амьтан. Бусад нутгийн малчид, фермерчид манай эндээс цэвэр цусны сүүний чиглэлийн үүлдрийн үхэр авах гэж их ирдэг. Эдгээр хүмүүс аль болох том дэлэнтэй үхэр сүү сайтай гэж боддог. Үхэр хичнээн том дэлэнтэй байлаа гээд сүү сайн гардаг гэсэн үг биш л дээ. Бид үхэр худалдан авч байгаа улсуудад “Сүү сайтай үхэр дэлэндээ биш хэлэндээ байдаг юм” гэж хэлдэг. Учир нь үхэр гэдэг амьтан хоол тэжээлээс шалтгаалж мах сүүний ашиг шим нь өсдөг. Ямар хэмжээнд идүүлж, усалж байна, тэр чинээгээр сүүгээ өгдөг амьтан л даа. Сүүлийн жилүүдэд өвс тэжээлийн өртөг өндөр, бидний гар дээрээс авч байгаа сүүний үнэ хямд болохоор жижиг фермерүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй байна. Манай тэжээлийн аж ахуйнууд үйлдвэрлэсэн тэжээлээ гадаадад гаргадаг болсон нь үнийн өсөлтөд нөлөөлөөд байна уу даа. Хэн нь ч гэсэн ашиг харж ажил хийдэг болохоор үүнийг буруутгаад ч яахав. Тэгэхээр өөрсдөө л өөрийнхөө хэрэгцээний хадлан тэжээлийг бэлтгэх нь чухал байгаа юм. Гэтэл хөрөнгө мөнгөтэй, танил талтай нь хадлангийн талбайг хашиж авчихаад таван үхрийнхээ сүүгээр амьдралаа залгуулж байгаа хэсэгт нь хадах талбай олдохгүй байгаа зовлонг Ц.Цэцэгмаа гуай өгүүлж байлаа. Эднийх наймдугаар сард хадландаа гарч 20-30 машин өвс, бага хэмжээний ногоон тэжээл бэлтгэж авдаг гэнэ. Тэгээд бусад хэрэгцээний өвс тэжээлээ худалдан авдаг юм байна. Нэг уут тэжээлийг ойролцоогоор арван хоёр мянган төгрөгөөр авдаг бөгөөд зун бол арай хямд байдаг ажээ.

Төв аймгийн Батсүмбэр сумын Эрдэнэтолгой хэмээх газарт 1984 оны хавар халуун ам бүлээрээ

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭНД МАНАЙХ ХҮМҮҮСИЙН ХӨЛД ИХ ДАРАГДАНА ШҮҮ

Удахгүй болох цагаан сарын баяраар “Улсын аварга саальчин” хэмээх хүндтэй цолоо гардан авах Ц.Цэцэгмаа гуай “Энэ жил чинь сүрхий хүйтэн өвөл болж өнгөрөх юм яриад байсан. Харин ч дулаахан, өнтэй жил гарч байна” гэлээ. Удахгүй болох цагаан сарын баярын тавгийн боов, идээ цагааг нь бага хүүгийнхэн нь бэлтгэн авч өгөх юм байна. “С.Дамба ах, Ц.Цэцэгмаа эгч хоёр манай багийн ахмадууд болохоор айл саахалт, фермерийн бүх хүмүүс энэ хоёр хөгшинтэй золгохоор ирдэг” хэмээн тэдний хөрш эмэгтэй хэлж байв. Энэ үеэр Ц.Цэцэгмаа гуай “Цагаан сарын баяр сайхан. Шинийн нэгэнд манайх хүмүүсийн хөлд их дарагдана шүү. Тэр өглөө манай өвгөн хүүгээ дагуулаад Мандал овоон дээр гарч ирэх жилийнхээ зүг мөрөө гаргадаг юм. Хөгшин бид хоёр тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр зочдын гар цайлгах бэлэг хотоос захиулсан байгаа. Одоо цагт юмны үнэ өсөөд байдаг хэрнээ чанар нь бүр муудах болж. Энэ хэдэн хүүхдэдээ хүний нүүр улайлгахгүй гайгүй юм авч явуулаарай гэж хэлсэн. Өчигдөр манайх буузаа хийсэн. Нас ахих тусам хэдэн хүүхдүүд минь бид хоёрт их тус болж байна. Манай бага хүү “Аав, ээж хоёр минь өөрсдийгөө ядраагаад байлгүй дулаахан гэртэй сууж бай л даа” гэдэг юм. Бид хоёр чинь хүүхэд ахуй наснаасаа мал дагаж, ам тостож яваа улсууд. Яаж зүгээр суух билээ. Хүн хөдөлгөөнтэй байж гэмээн эрүүл саруул амьдарна. Өдгөө бид хоёр дал төхөж яваа ч дөчин настай залуучуудаас дутахгүй шүү (инээв). Аварга болсон малчдад иж бүрэн гэр өгч байгаа гэж дуулаад өчигдөр Эрдэнэхүү гэрийн буурь янзалсан юм. Энэ жил өвгөн бид хоёр шинэ гэртэй цагаална” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан буй Цэцэгмаа гуай олон жилийнхээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэнд сэтгэл хангалуун байгаа нь илт харагдлаа.

Э.МӨНХТҮВШИН

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна.