Categories
мэдээ цаг-үе

Дархадын хотгор, Тайгын заставт амьдрал өрнөж байна

г

Хилчид хилийн манааны үеэр цайлж байгаа нь

Хөвсгөлийн их хөвч тайгад амьдран суух нутгийн олны аж амьдрал, Монголын хойд хил буюу тайгын хилийн заставын өвөрмөц онцлог, Дархадын хотгорын өвлийн их үзэсгэлэн зэргийг сонирхон сурвалжлахаар хоёрдугаар сарын 8-ны өдөр замдаа гарлаа. Хөвсгөлд очиход нэвсийсэн их цастай, хөдөөгийнх нь замд буухад гутлын түрий давсан цастай ч тогтуун дулаахан байх аж. Зарим уул нурууд нь ар хөвчөөрөө их модтой, зарим нь урдуураа мод ихтэй мөнх ногоон гацуур олонтой юм байна. Хөвсгөлийн хойд хэсгийн баруун талын уул нурууд нэлээд өндөр шовх оройтой бол зүүн тийшээ урт үргэлжилсэн налуувтар харагдана. Өвөлдөө ууланд цас ихтэй учраас морины дөрвөн хөлийн арьс зулгарчихдаг гэнэ. Харин цаа бол их цасанд ажирдаггүй гэх. Манай аяллын багийг Хил хамгаалах Ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас ахалж явсан учир биднийг Хөвсгөл аймаг дахь Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257 дугаар ангийнхан угтан авав. Монгол Улсын хилийн заставуудын хэмжээнд анх удаа Хөвсгөл аймгийн анги бүрэлдэхүүн “Тайгын нударга” хэмээх гардан тулааны клуб байгуулжээ. Энэ клубийн нээлтийн үеэр хилийн заставынхан өөрсдийн сурсан мэдсэнээ тайлагнаж, гардан тулааны тоглолт хийж үзүүллээ. Эрэгтэй эмэгтэйгүй бүгд л гардан тулааны дасгалдаа шимтэн, чадварлагаар гүйцэтгэж байв. Штабын дарга, дэд хурандаа М.Эрдэнэбуян өөрөө гардан тулааны хар бүстэй, каратэгийн спортын мастер шилдэг тамирчин ажээ.

Мөн Хөвсгөл аймаг дахь хилийн цэргийнхэнтэй аяллын багийнхан гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион явуулахад заставын дарга нарын баг тэмцээнийг тэргүүллээ. Хөвсгөлийн хилийн заставынхан гар бөмбөгийг мэргэжлийн тамирчид шиг тэгш тоглодог юм байна. Түрүүлсэн багийн залуус үндэсний бөхийн баг тамирчид гэж андуурагдмаар хулгар хулгар чихтэй, том биетэй залуус байх. Угаас заставтаа үндэсний бөхийн цолтой цөөнгүй хүнтэй юм байна. Ямар сайндаа л тэдний дунд түгсэн нэг сүрхий онигоотой. Тээр нэг жил наадмын үеэр хилийн заставт шинэхэн ажилд орсон залуу ажлын байраа сахиад хоцорсон үед аймгийн хилийн ангиас гэнэтийн шалгалт иржээ. Шалгалтын багийн ахлагч “За танай заставт хэн хэн байна, дарга нар чинь хаачив” гэхэд мань нөхөр хэн ах сумын наадамд барилдах гээд явсан, хэн ах бас барилдаж байгаа гэсэн гэдэг. Тэд нар чинь ямар цолтой юм гэхэд сумын заан, сумын начин, би өөрөө залуу бөх Бямблаа” гэж тайлбарласныг заставынхан одоо ч дурсан ярьж инээдэм болгох юм. Би ч мөн хошуу нэмэрлэж, танай хилийн цэрэг бөх залуусыг ажилд авдаг, бөхийн цолтой залуусаа заставын дарга болгоод байдаг юм уу гэхэд хилийн 0232 дугаар заставын дарга О.Мөнгөн “Хөвсгөлийнхөн бөх сайтай, барилддаг эрчүүд олон. Мөн манай хилийн цэрэг залуусынхаа спорт, бие бялдарт нэлээд анхаардаг. Гэхдээ бид цэргийн ажил гээд барагтай бөхийн бэлтгэл хийж амждаггүй, ажлаа хийж яваад л наадмаар ойрхон байх аль нэг суманд очиж барилдаад хэд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэчихсэн л залуус. Бөх хөөсөн бол ч аймгийн цолоор тогтохооргүй амжилттай барилдах эрчүүд байгаа юм даа” гэж нөгөөдүүлээ магтав. Заставын дарга, ахлах дэслэгч О.Мөнгөн өөрөө Завханд болон Хөвсгөлийнхөө сумдад барилдаж, түрүүлсэн сумын заан цолтой аж. Тэрээр Заставынхаа эмэгтэйчүүдийг алив манай хүүхнүүд ингээрэй, тэгээрэй, алив манай цэргүүд ингэ тэг, хурдал, за манайхан ингэнэ шүү гэх зэргээр нэлээд найрсаг хандах инээд алдсан хээгүй эр байна лээ. Ямар сайндаа л манай багийнхан зураг дарахад инээхгүй, төв царайлаад ууртай дарга шиг харагдаач гэж байхав. О.Мөнгөн Халх голд цэрэгт очоод тэндээсээ гэрээт цэрэгт шилжээд, үлгэр жишээ цэрэг хэмээн Хилийн цэргийн их сургуульд явж суралцаад, сургуулиа төгсөөд, хилийн заставт даргын орлогчоор томилогдож, дараа нь энэ заставын дарга болж ирээд байгаа нь энэ аж.

Хилчид хилийн манаанд явж буй нь

Хөвсгөлийн хилийн цэргийн удирдлагууд хамт олноо урлаг спортоор тэгш чадварлаг хөгжүүлэхийг зорьдог гэнэ. Тиймдээ ч аймагтаа зохиогддог байгууллагуудын урлаг, спортын наадмуудад ихэвчлэн тэргүүн байр эзэлж, монгол улсын хилийн цэргийн хэмжээний болон улсын уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцдог ажээ. Үүнд хөвсгөл аймаг дахь 0257 дугаар хилийн цэргийн үлээвэр хөгжмийн “Хилчин харгуй” хамтлаг болон тус ангийн соёлын төвийн дарга, соёл сурталчилгааны хэлтсийн ажилтан ахлах дэслэгч Б.Нямсайханы үүрэг их аж.

Ингээд бид Мөрөнгийн төвөөс гарч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт байх хилийн 0232 дугаар салбарыг зорилоо. Ахлах дэслэгч, О.Мөнгөн даргатай тус застав өнгөрсөн 2016 оны шилдэг застав болжээ. Хоёр жилийн дараа заставынхаа 40 жилийн ойг нижгэр тэмдэглэнэ гэж өөрсдийн боломж бололцоогоор цэргийн байр шинээр барьчихсан байна. Уулнаас модоо бэлтгээд, гэрээт цэргүүд болон ажилчдынхаа хүчээр байр барьсан гэнэ. Халаалтыг нь хүртэл шийдээд тохилог барилга бариад цэргүүдээ оруулчихсан, ажлын байр болон бусад барилгуудаа сайхан тохижуулсан байхыг харахад аргагүй шилдэг застав байхаар харагдаж байв.

О.Мөнгөн зам зуур явахдаа “Манайхан зочид ирнэ гээд л сүрхий баярлачихсан. Нааш цааш гүйлдээд бэлтгэлээ базааж байгаа байх. Гаднаас зочин очиход манайхан их баярлана. Уулын мухарт утасны сүлжээ ч барихгүй, шувуу ч нисэхгүй шахуу газар шүү дээ. Хойд талынхаа уулан дээр гарвал харин “Жи мобайл”-ын сүлжээ барьдаг. Би нөгөөдүүлдээ сонинг нь авлаа. Өдөр тутмын сонингуудаа ч цагт нь уншиж чаддаггүй юм. Аймагт бөөгнүүлж байгаад застав руу хүн явбал аймгаас нааш нь явуулдаг. Бартаа ихтэй учраас манай заставт очих машин ховор. Шинэ сонин ирлээ гээд манайхан их баярлана. Сонинг ёстой реклам, он сартай нь юу ч үлдээхгүй уншиж дуусгана даа” гэж ярилаа.

Мөн бидэнтэй хамт явсан хилийн 0257 дугаар цэргийн ангийн сэтгэлзүй мэдээлэл соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хошууч Л.Очирсүрэн ярихдаа “Ээж ааваасаа хол, олон сар жилээр цэргийн алба хааж байгаа. Хөвч ой тайга, цас зудтай хүнд нөхцөлд уул хадаар явж үүрэг гүйцэтгэж, хилээ манадаг залууст юу уншуулах, юу үзүүлж сонсгох, заах ёстой гэдгээ нарийн зөв сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол бид энэ залуусынхаа сэтгэл санааг хямраах зүйл сонсгож болохгүй. Ямартай ч бид улс оронд юу болж байгааг тогтмол мэдээлж байдаг. Мөн эх орны сэдэвтэй номнуудыг сонгож уншуулна. Өдөр тутмын гол хэвлэлүүдийг тогтмол захиалж үүрэг гүйцэтгэж буй цэрэг, ахлагч, офицеруудад хүргэдэг” гэлээ.

Өлийн давааны 13 овоо

Тус застав орох зам бартаа ихтэй юм. Уулын хяраар ганцхан машин явах, нэг л эвгүй дарвал өндөр хясаа руу нисэхээр замаар ч явлаа. Ийн даваа, гүвээ ихтэй уулархаг замаар гэлдэрсээр оройдоо хүрч очлоо. Биднийг очиход гэрээт цэргүүд жагсчихсан сүртэй сайхан угтлаа. Мөн застав гаднаас ирэх зочдыг хүлээн авах зочид буудал бариад тохижуулчихсан байна. Зочид буудлын хаалгаар ороход заставын эмэгтэйчүүд банкны ажилтан шиг цагаан цамц, алчууран зангиа хар юбкаар жигдэрчихсэн жигтэйхэн ганган, инээд алдсаар ёстой л баярлаж байгаа юм байна даа гэмээр угтав. Мөн тэд өөрсдийн гараар бэлдсэн төрөл бүрийн жимсний шүүс, жимсний чанамал, талх ааруул, үхрийн махан зууш, шинэхэн өрөм тарагтай олон төрлийн амтлаг хоол цайтай жигтэйхэн халгиж цалгисан байдалтайгаар зочдоо дайллаа. Энэ заставын эмэгтэйчүүд зундаа олон төрлийн эмийн ургамал, самар, жимс зэргээ түүгээд өвлийнхөө хэрэглээг нөөцөлчихдөг юм байна. Баргийн хүнсийг худалдаж авдаггүй, өөрсдийн гараар хийдэг гэсэн үг. Мөн олон төрлийн гар урлалын бүтээл, дээл хувцас зэргийг урласан байна лээ.

Энэ заставын бас нэг онцлог нь гэрээт цэрэгтэй. Гэрээт цэргийн албанд орох сонирхолтой, нэг жилийн цэргийн алба хаасан залуусыг сонгон шалгаруулж авдаг аж. Тэд сарын 600 гаруй мянган төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хуулиараа жилдээ нэг удаа ээлжийн амралт авчихдаг. Гэрээт цэргийн алба хааж буй залуусын ихэнх нь 4-5 жил болжээ. Тэд цалингийнхаа 20 хувийг бэлнээр аваад, үлдсэн хэсгийг нь шууд хадгаламжиндаа оруулдаг. Тэгэхээр дөрвөн жил болсон залуу гэхэд л 20 гаруй сая төгрөгийн цалин хураачихсан, дээр нь банкных нь хуримтлалын хүү бодогдож байгаа гэсэн үг. Тэд гэрээт цэргийн албаа сунгаж сайн ажиллаад ахлагч буюу ажилчдын эгнээнд шилжих сонирхолтой, цэргийн амьдралд дассан эрчүүд байх юм. Хөвсгөлийн хилийн цэрэг өмнө нь хугацаат цэрэгтэй болж үзсэн боловч 18-хан настай гэрээсээ хол явж үзээгүй залуус уул тайга намаг шалбааг ихтэй хүнд нөхцөлд алба хааж чадахгүй, ямар сайндаа л модон дотор явахаараа модонд өлгөгдчих гээд их цасанд хэрхэн морь унах зэргийг ч мэдэхгүй хүндрэл бэрхшээл ихтэй байсан учир хугацаат цэргийг больжээ. Харин зарим застав нь гэрээт цэрэгтэй бол тайгын заставууд цэрэггүй, ахлагч офицерууд нь өөрсдөө хилийн манаанд явж хилээ хамгаалдаг байна. Манай сонин өмнө нь “18 настай хүүхдээр хилээ мануулах байтугай итгэж манаачаар ажиллуулах албан газар байхгүй” гэж бичиж байсан нь Хөвсгөлд яг биеллээ олж дээ гэж бодогдлоо. Хугацаат цэргийн албанд яваад тэндээсээ улирч гэрээт цэрэг болсон залуус байхаас гадна их сургууль төгссөн бакалаврын дипломтой эрчүүд хүртэл гэрээт цэрэг болчихсон цохиж явна лээ. Ихэнх нь Хөвсгөл аймгийн залуус байх бол Зүүн болон баруун аймгуудаас говиос ирсэн цэрэг ч байна. Хилийн цэрэгт орсон эрчүүд нэлээд эх оронч, хөдөлмөрч хатуужилтай, амьдралын ухаантай, цэргийн амьдралд дуртай болсон байдаг гэнэ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас алба хааж буй гэрээт цэрэг Ж.Мягмардорж ярихдаа “Эр хүн болж төрснийх хилээ манана гэдэг сайхан. Эр хүний байх ёстой газар хилийн цэрэг гэж би боддог. Гэрээт цэргийн албаа сайн хаагаад цаашид эндээ ахлагч болж үлдэх хүсэлтэй” гэж байлаа. Энэ жил гэхэд л долоон жил гэрээт цэргийн алба хаасан залуусыг ахлагч болгосон байна. Тиймээс залуус ахлагч болж дэвштэлээ гэрээт цэрэгт цуцалтгүй зүтгэдэг байна. Хилийн заставынхан цагаан сарын үеэр 14 хоног манаанд гарна. Манаанд гарахдаа битүүлгэнийхээ болон сар шинийн хоол унд, чанаж идэх бууз зэргээ зэхээд явдаг байна. Мөн шинийн нэгний өглөө хилийн баганадаа мөргөж сар шинээ гаргадаг уламжлалтай аж. Хилийн манаанд цэргүүдийг дагаж явж үзлээ. Тэд манааны ахлагчтайгаа нийлээд зургуулаа явах аж. Ингэхдээ мод ихтэй уулаар голдуу явдаг тул ар араасаа нэг жимээр явна нэг нь баруун талаа хянаж, дараагийнх нь зүүн тал руу, дараагийнх нь урагшаа гэх зэргээр хяналт зохион явах аж. Мөн боорцог, чанасан мах, шар тос, элсэн чихэр болон цайны идээ давс зэргээ хүнсэндээ зэхэж явдаг юм байна. Өвлийн хүйтэнд шар тостой халуун хар цай уухад их өег байдаг гэнэ. Хоол ундаа бэлтгэх үедээ нэг нь хоточ нохойтойгоо манаанд зогсож бусад нь цайлна. Мөн зөрчил илрүүлэхийн тулд уулын модонд гал түлэхгүй, хоол ундаа бэлтгэж идэхгүй байх үе байдаг гэнэ. Малын хулгай, хулгайн ангийн зөрчил нэлээд гардаг байна. Энэ застав ОХУ-ын Тува улстай хиллэдэг. Хойд хөрш манайхаас өөр. Тодруулбал, улиралдаа нэг удаа нисдэг тэргээр хилээ эргэдэг сурагтай. Цэргүүд чөлөөт цагаараа сонин унших дуртай, сонин уншихдаа эхлээд хамгийн гоё, гэгээлэг мэдээллээс эхлээд улмаар урлаг соёлын эсвэл уран зохиолын сэдэвтэйг уншаад, сүүлдээ рекламыг нь түүж уншдаг гэнэ. Хөвсгөлийн хилийн цэргийн анги байгууллагууд бүгдээрээ “Өдрийн сонин” тэргүүт өдөр тутмын гол хэвлэлүүдийг тогтмол захиалан уншдаг юм байна.

Тус заставын байрлах нутаг болох Баянзүрх суманд цас зуд ихтэй байв. Гэхдээ тэндэхийн айлууд уулын орой бэл хяраар өвөлжөөгөө барьчихсан их өндөрлөг газар голдуу нутаглах аж. Мөн сарлаг, адуу голдуу малтай. Тэжээлийн хэдэн сарлагаа үлдээгээд бусад сарлагаа айлууд ууланд залчихаж. Сарлаг нь бараг зэрлэгшчихсэн, тэндээ өвөлжөөд хавар бууж ирдэг байна. Сарлаг биеэ чангалаад хяраад хэвтэхээр арьсыг нь чоно ч даадаггүй гэнэ.

Эндээс бид дараагийн заставаа буюу Дархадын хотгорыг зорилоо. Цас ихтэй ихэнх зам даваа хаагдчихсан учраас Хөвсгөлийнхөн ихэвчлэн гол, нуураар давхиад л нэг сумаасаа нөгөө сум руугаа дамжаад явчихдаг юм байна. Бид ч мөн Бэлтэсийн голоор давхисаар, голоосоо зүүн хойш хэвийгээд л Өлийн их даваан дээр ирлээ. Өлийн даваан дээр Дархадын 13 овоо гэж байх. Энд ирсэн хүмүүс гол овоо болох том овоонд мөргөөд дараа нь өөрийнхөө жилтэй овоонд мөргөх ёстой юм байна. 13 гэдэг нь Дархадуудын шүтдэг тоо бөгөөд үүнийгээ 10 зүг гурван цагтаа даатгал өргөж байгаа хэрэг гэж үздэг байна. Мөн энэ даваагаар Хотгойдын шадар ван Чингүжав дайтаж, манжуудаас зугтаж явсан зэрэг эртний түүхтэй.

Өлийн их даваагаар даваад л Дархадын цэнхэр хотгор эхэлж буй нь энэ. Энэ давааны цаахантай Цэнхэр хотгорын Улаан -Уул сум байх. Тус сум нь алдарт Дэлгэрхаан уулын баруун ард, Хорьдол сардагийн нурууны ноён оргилуудын баруунтай оршино. Хорьдол сарьдагийн нуруу цааш гурван сумын нутаг дамнан дүнхийх аж. Улаан-Уул сумын нутгийн 70 гаруй хувь нь ой тайга, 30 хувь нь бэлчээрийн бүс нутаг бөгөөд дархад ястны өлгий нутаг …

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнх-Оргил: Хоёр хөрштэй дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ойрын хугацаанд ОХУ болон БНХАУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Тэрбээр энэ айлчлалынхаа үр дүнгийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудлыг хөнджээ. Тухайлбал, хөрөнгө оруулалт, төмөр зам, Эгийн гол, Шүрэнгийн голын усан цахилгаан станцыг хэрхэх тухай яриа хэлэлцээр хийсэн байна. Ц.Мөнх-Оргил сайд айлчлалынхаа үеэр Сергей Лавров сайдтай уулзаж, мөн Евроазийн Эдийн засгийн холбооны худалдааны асуудал хариуцсан сайдтай хэлэлцээр хийжээ. Түүнчлэн ОХУ-ын Техникийн зохицуулалт, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн асуудал хариуцсан сайдтай хэлэлцээр хийж, ОХУ-ын Эдийн засгийн хөгжил Ази Номхон далайн улс орнуудын хамтын ажиллагааг хариуцсан сайдтай уулзаж ярилцсан байна.

ОХУ-ААС 100 ТЭРБУМ РУБЛИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХААР ТОХИРОЛЦОВ

Манай зүгээс ОХУ-д хэд хэдэн асуудлыг хөндөн тавьсан тухай Ц.Мөнх-Оргил сайд мэдээллийнхээ үеэр онцлов. Энэ онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ОХУ-д айлчлал хийлгэхээр тохирсон байна. Түүний айлчлалын үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийг сая Ц.Мөнх-Оргил сайд айлчлалынхаа үеэр тохиролцоод иржээ. Үүнд төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар ярилцаж, гарын үсэг зурахаар болсон байна. Мөн байгаль орчинг хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр хийхээр тохиролцжээ. Бас эрчим хүчний салбарын ерөнхий хэлэлцээр хийхээр тохирсон гэнэ. ОХУ-тай Эгийн голын УЦС-ын талаар дэлгэрэнгүй ярилцсан. Ингээд Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон. Хоёрдугаарт, Эгийн голын УЦС, Шүрэнгийн голын УЦС баривал Байгал нуурын эко системд хэрхэн нөлөөлөхийг хамтарч судлахаар болжээ. Хоёр улсын эрдэмтдийн дүгнэлтийг үндэслэн дээрх цахилгаан станцуудыг барих эсэхийг шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ удаагийн айлчлалаар бүс нутаг хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрчээ. Харин ОХУ-аас хөрөнгө мөнгө татах асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн тухай Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ “Өмнө нь Сергей Лавров сайд манай улсад айлчлал хийх үеэр ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах тухай асуудлыг хөндсөн. Сая энэ асуудлыг хурдан шийдвэрлүүлэх талаар ярилцлаа. ОХУ-ын тал Олон улсын валютын сангийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байна гэдгээ мэдэгдсэн. Бид хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дэд бүтэц УБТЗ, эрчим хүчний томоохон төслийг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх чиглэл баримталж байгаа. Орос улс энэ саналыг баяртай хүлээж авсан. Одоо хамтарч ажиллах төслөө тохироод, УБТЗ-д бэлдсэн хэд, хэдэн төсөлд анхаарал хандуулахаар болсон” гэв. Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ, БНХАУ болон манай улсын эдийн засгийн коридорыг сайжруулах талаар ярилцсан гэнэ. Энэ хүрээнд ирэх гуравдугаар сард Бээжин хотод болох шинжээчдийн уулзалтаар хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болжээ. Харин Оросын талаас олон жил шийдэгдэхгүй явсан үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. “1990-ээд оны эхээр ОХУ өөрийн мэргэжилтэн, цэргээ татаж авахдаа Монгол Улсад цөөнгүй тооны үл хөдлөх хөрөнгө шилжүүлээд явсан. Одоогоор ОХУ-ын бүртгэлтэй 30-40 барилгын асуудал бүртгэлжүүлж өгөх хүсэлтэй байна” гэжээ. Мөн УБТЗ-ын үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн байна.

БНХАУ 100 ТЭРБУМ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, 100 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОНО

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийсэн айлчлалын гол зорилго нь ирэх хавар урд хөршид хийх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын бэлтгэл ажлыг хангах явдал байсан байна. Энэ хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар “Нэг зам-Нэг бүс” олон улсын хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцохоор болжээ. Ц.Мөнх-Оргил сайд мэдээлэлдээ “БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, буцаж ирэх, тээвэрлэн явуулах Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийг Хятадын талаас соёрхон баталсан. Энэ нь худалдааны зардлыг бууруулахад ихээхэн түлхэц болох юм. Хэлэлцээрийн үр дүнд Хятадын долоон боомтыг Монгол Улс ашиглах бололцоо нээгдэж байна. Манай талаас БНХАУ-аас Монголын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлэхийг санал болгосон. Хятадын тал дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. ОУВС-тай тохиролцоонд хүрч байгааг олон улсын түвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой үйл явц бүрдүүлж байна хэмээн сайшаасан. БНХАУ ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкаар дамжуулан дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн хоёр улс Төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар болж байна. Өнөөдөр Монголбанкны төлөөлөгчид тус улсын Ардын банкныхантай хэлэлцээр хийж байна. Мөн манай талын хүсэлтийн дагуу своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг судалж байна. Нааштай шийдвэрлэнэ гэсэн. Үүний зэрэгцээ нэмэлт зээл авахаасаа өмнө нь шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэх тухай асуудлыг хөндсөн. Өнгөрсөн жил тус улсын Ерөнхий сайд манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал ярьсан. Үүнийг шийдье, гэхдээ уг хөрөнгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин барилгажуулах, 1000 айлын орон сууцны цогцолбор болон Монголын боомтуудыг бэхжүүлэхэд зориулна. Мөн БНХАУ-ын талтай мах болон нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр болсон. БНХАУ-тай манайх улс төр болоод нийгмийн зөрчилтэй ямар нэг асуудал байхгүй гэдгийг хоёр тал сэтгэл ханамжтай тэмдэглэсэн” гэв. Хэвлэлийн бага хурлын дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Орос, Монголын төмөр замын шинэчлэлийн асуудал олон жил яригдаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Таны айлчлалын үеэр энэ асуудлыг хэрхэн хөндөв?

-Оросоос авах 100 тэрбум рублиэрээ төмөр замаа шинэчилье гэж бодож байгаа. Төмөр замаа шинэчлэхийн тулд бараа эргэлт хэрэгтэй. Бараагүй бол төмөр зам шинэчлээд хэрэггүй. Хос төмөр зам тавьж, цахилгаанжуулсан ч тэрүүгээр нь бараа гүйхгүй бол ач холбогдолгүй. Бараагаа нэмэгдүүлье гэхээр төмөр зам чинь бэлэн үү гэдэг асуудал тавигдаад байна. Тэгэхээр төмөр зам бэлэн биш байсан учраас бараа хайгаад байж болдоггүй. Одоо бол Оросын талаас авах 100 тэрбум рублийг төмөр зам руу оруулна. Ингэснээр төмөр замаа шинэчилж чадвал тээвэрлэх бараа нь бэлэн байгаа. Аль нь түрүүлэх үү гэдэг асуудал яригдаж байгаад одоо хөрөнгө оруулалт нь эхэлж асуудал шийдэгдэж байгаа учраас энэ ажил хөдөлнө.

-Төмөр замыг хотоос гаргах, Богд уулын араар тавих зэрэг асуудал яригддаг. Үүнийг шийдэх үү?

-Тэр асуудлыг ч гэсэн бид Оросын талд тавьж байгаа. Үндсэндээ дөрвөн төмөр замын асуудал бий. Улаанбаатарт байгаа гол шугамаа шинэчлэх, цахилгаанжуулах, дөрвөн төмөр замын асуудлыг Оросын талд тавьж байгаа. Тэд бүгдийг нь сонирхож байна. Мөн баруун чиглэлийн төмөр зам, зүүн чиглэлд Оросоос Монголоор дайраад Хятад руу гарч байгаа асуудлуудыг ч ярьж байгаа.

-Оростой хийж байгаа манай гадаад худалдаа алдагдалтай байдаг. Худалдааны тэнцлийн асуудалд ямар гарц эрэлхийлж байгаа вэ?

-Хоёр улсын нийт бараа эргэлт 963 сая ам.доллар. Экспорт ердөө 54 сая ам.доллар. Тэгэхээр бараг 95 хувь нь Оросоос авч байгаа импорт болж байна. Үүнийг засахын тулд Орост зарах бараатай болох хэрэгтэй. Орост махаа заръя гэхээр шүлхий өвчин асуудал болоод байдаг. Оросын тал монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж өгнө гэсэн.

Таныг ОХУ-д айлчлах үеэр айлын тал “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн үү. Мөн таныг “Монроснефть”-ийн удирдлагуудтай уулзана гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?

-Тэр бол худлаа мэдээлэл байсан. Бид ОХУ-д айлчлах үеэрээ ямар нэгэн хувийн компанитай уулзъя гэсэн асуудал тавиагүй. Мөн Оросын талын ямар нэгэн компани бидэнтэй уулзъя гэсэн хүсэлт ч тавиагүй. Яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яригдаагүй. Олон сэтгүүлчтэй уулзаж байхад ч хөндөгдөөгүй. Харин хүндэтгэлийн зоогийн үеэр Лавров сайд “Танайд “Эрдэнэт”, “Монроснефть”-тэй холбоотой асуудал гараад байгаа юм уу. Манайхтай холбоотой ямар нэгэн асуудал байна уу” гэж тодруулж байна лээ. Хариуд нь “Танайхтай ямар нэгэн асуудал байхгүй. Засгийн газрын хооронд, хоёр компанийн хооронд ч байхгүй. Хэлцэл хийгдсэн, төлбөр төлөгдсөн, өмчлөл шилжсэн. Зөвхөн бидэнд дотоодын асуудал ярьж байгаа” гэсэн. “Тэгвэл хоёр улсын хоорондын харилцаанд хамааралгүй юм байна. Тийм үү” гэхэд нь “Тийм ээ” гэсэн.

-ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр Хятадын Ардын банктай Төв банк хоёр тэрбум ам.долларын своп хэлцэл хийхээр болсон. Айлчлалын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал яригдсан гэлээ. Энэ тухай тодруулахгүй юу?

-ОУВС-тай хийсэн саяын тохиролцоонд БНХАУ-ын Ардын банк, манай төв банкны хооронд байгуулсан своп хэлцлийг сунгана гэж орсон. Үүнийг Хятадын тал албан ёсоор шийдвэрээ гаргачихсан сунгаж байгаа. ОУВС-гийн тохиролцооны хүрээнд ороогүй, гэхдээ хоёр банкны хооронд яригдаж байгаа асуудал бол хэмжээг нь нэмэгдүүлэх асуудал байгаа. Хэдий хэмжээгээр гэрээгээ байгуулах нь банкуудын хоорондын асуудал.

-БНХАУ-аас хэдий хэмжээний мөнгө зээлэхээр тохиролцсон юм бэ?

-Хятадын тал эхний ээлжинд нэг тэрбум ам.доллар, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон.

-Засгийн газраас томоохон төслүүдийг хөдөлгөнө гэж байгаа. Та хоёр хөршид айлчлахдаа энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулав?

-Юуны өмнө ОХУ-аас авах 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Оросын хөрөнгө оруулалт, Оросын бизнесүүдтэй хамтарч том төсөл хэрэгжүүлье гэж байгаа. “Бид танайхаас зээл авчихаад өөр улстай төсөл хэрэгжүүлээд явахгүй. Бидэнд Оросын технологи хэрэгтэй байна” гэдгээ айлын талд илэрхийлсэн. Оросууд төмөр зам, автозамын асуудал дээр сонирхож байгаа. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор нь гурван улсын хувьд хамтын ажиллагааны чухал салбар болоод байна. Тиймээс Оросын тал бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин Хятадын талтай томоохон төсөл, хөрөнгө оруулалтын асуудлуудыг гуравдугаар сард Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг очиж яриа хэлэлцээр хийнэ. Тэрбээр уул уурхай, төмөр зам, автозам, чөлөөт бүс, эрчим хүчний дамжуулах шугамууд зэрэг томоохон асуудлуудаар яриа хэлэлцээр хийнэ.


Categories
энтертаймент-ертөнц

“Оскар”-н шагнал гардуулах ёслолд алдаа гарчээ

89 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол боллоо. Найруулагч Дэмьен Шазелийн “Ла Ла Ланд” мюзикл кино 14 номинацид нэр дэвшиж 7 шагналын эзэн болсон байна. Энэхүү шагнал гардуулах ёслол 1927 оны тавдугаар сарын 16-нд анх удаагаа зохиогдож байжээ. Хамгийн анхны шагналыг “Wings” хэмээх дэлхийн I-р дайны үеийн нисгэгчийн хайр сэтгэлийн тухай гардаг хар цагаан дуугүй кино байжээ. 1980 оноос хойш Оскарт нэр дэвшиж байгаа кинонууд илт сайжирч хувцас загварын хувьд өөрчлөгдөж классик чиглэл рүү орж эхэлсэн байна.

Энэ жилийн “Оскар”-н шагнал гардуулах ёслол дээр нэгэн бүдүүлэг алдаа гарсан байна. Оскарын шагнал гардуулах ёслолын төгсгөл хэсэгт “Шилдэг зураг” номинацийн эзнийг “Moonlight” биш “Ла ла ланд” гэж зарлан жүжигчид гарч ирж үгээ хэлсний дараа буруу зарласнаа хэлж шагналыг буцаан жинхэнэ эздэд нь олгожээ.

Шилдэг кино:

  • “Arrival”
  • “Hell of High Water”
  • “Hidden Figures”
  • “La La Land”
  • “Lion”
  • “Manchester by the Sea”
  • Ялагч: “Moon light”

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин:

  • Ялагч: Кейси Аффлек “Manchester by the Sea”
  • Эндрью Гарбилд “Hacksaw Ridge”
  • Рьян Госслинг “La La Land”
  • Вигго Мортенсен “Captain Fantastic”
  • Дензен Вашингтон “Fences”

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин:

  • Ялагч: Махершала Али “Moonlight”
  • Жефф Брижис “Hell of High Water”
  • Лукас Хеджс “Manchester by the Sea”
  • Дев Пател “Lion”
  • Майкл Шэннон “Nocturnal Animals”

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин:

  • Изабель Хюпперт “Elle” Рут Негга “Loving”
  • Натали Портмэн “Jackie”
  • Ялагч: Эмма Стоун “La La Land”
  • Мерил Стрип “Florence Foster Jenkins”

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин:

  • Ялагч: Вайола Дэвис “Fences”
  • Наоми Харрис ““Moonlight””
  • Николь Кидмэн “Lion”
  • Октавия Спенсер “Hidden Figures”
  • Мишель Уилльямс “Manchester by the Sea”

Шилдэг энимэйшн кино:

  • “Kubo and the Two Strings”
  • “Moana” “My Life as a Zucchini”
  • “The Red Turtle”
  • Ялагч: “Zootopia”

Шилдэг зураг авалт:

  • “Arrival”
  • “La La Land”
  • “Lion”
  • Ялагч: Moonlight”
  • “Silence”

Шилдэг хувцас дизайн:

  • “Allied” “Fantastic Beasts and Where to Find Them”
  • “Florence Foster Jenkins”
  • Ялагч: “Jackie”
  • “La La Land”

Шилдэг найруулагч:

  • Деннис Вилленью “Arrival”
  • Мел Гибсон “Hacksaw Ridge”
  • Ялагч: Дамьен Шазель “La La Land”
  • Кеннет Лонерган “Manchester by the Sea”
  • Барри Женкинс “Moonlight”

Шилдэг баримтат кино:

  • “Fire at Sea”
  • “I Am Not Your Negro”
  • “Life, Animated”
  • Ялагч: “O.J.: Made in America”
  • “13th”

Шилдэг эвлүүлэг:

  • “Arrival”
  • Ялагч: “Hacksaw Ridge”
  • “Hell of High Water”
  • “La La Land”
  • “Moonlight”

Гадаад хэл дээрх шилдэг кино:

  • “Land of Mine”
  • “A Man Called Ove”
  • Ялагч: “The Salesman”
  • Tanna”
  • “Toni Erdmann”

Шилдэг нүүр хувиргалт:

  • “A Man Called Ove”
  • “Star Trek Beyond”
  • Ялагч: “Suicide Squad”

Киноны шилдэг дуу:

  • “La La Land” киноны “Audition”
  • “Trolls” киноны “Can’t Stop the Feeling”
  • Ялагч: “La La Land” киноны “City of Stars”
  • “Jim: The James Foley Story” киноны “The Empty Chair”
  • “Moana” киноны “How Far I’ll Go”

      Оскарын шагнал гардуулах ёслол дээр Justin Timberlake “Can’t stop the feeling” дуугаа дууллаа

      О.ӨНӨР

      Categories
      мэдээ улс-төр

      УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

      Монгол түмэндээ айлчлан ирж буй Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
      Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр Ардчилсан нам шинэчлэлийг эхлүүлж, олон чухал ажлуудыг шинээр эхлүүлж, олон томоохон шийдвэрүүдийг гаргаж чадлаа. Ирэх жилдээ ч бас энэ эрчээ алдалгүй шинэчлэлийг өрнүүлэн, Монгол улсынхаа хөгжлийг түүчээлж, улс орны ирээдүйг тодорхойлох бодлого баримтлалтай хүчирхэг Ардчилсан намыг бий болгож чадна гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна. Монгол улсын ирээдүй Ардчилсан намын хувь заяа хоёр салшгүй холбоотой гэдэг нь хэн бүхэнд тодорхой учраас энэхүү шинэчлэлийн ажилд иргэн бүр тэр дундаа Ардчилсан намын гишүүн бүр анхаарлаа хандуулж, биечлэн оролцож санал бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэж байна.
      Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

      Categories
      мэдээ нийгэм

      Шинийн нэгний өдөр цээрлэх 10 зан үйл

      Шинийн нэгний өдөр зурган илэрцүүд“ЛАМРИМ” ТББ-ийн www.budda.mn цахим хуудаснаа “Шинийн нэгний өдөр цээрлэх 10 зан үйл”-ийг нийтэлжээ.

      -“Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

      -Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

      -Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.

      -Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөл жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.

      -Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.

      -Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбал үхэл хагацал нүүрлэнэ.

      -Шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг авай.

      -Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог ажээ.

      -Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын өс жаягийг зөрчихийг цээрлэнэ.

      -Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай” гэжээ.

      Categories
      мэдээ улс-төр

      ФОТО: Төрийн өндөрлөгүүдийн золголт

      Тахиа жилийн сар шинийн нэгэнд төрийн гурван өндөрлөг ахмад настнуудаа хүлээн авч золголоо.

      Тахиа жилийн сар шинийн өнгө сайхан гарч байгаа тухай билигтэй ерөөлийг хэлэлцэж ард түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

      Categories
      мэдээ нийгэм

      Шүүгч, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа

      Монгол түмний цагаан сар, 17 жарны “Алтанунжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд амжилт гаргасан шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

      Төрийн одон, медалиар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан нар оролцлоо.

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 28 дугаар зарлигаар төрийн дээд”Алтангадас” одонгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Түмэнжаргалын Мэндсайхан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цогийн Оч, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дорлигийн Лувсандорж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны хяналт шалгалт хариуцсан референт Бадарчийн Энхбаатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Данжаадын Уранчимэг, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Санжмятавын Энхбаяр нарыг тус тус шагнасныг гардуулж, баяр хүргэлээ.

      Төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхмүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Шүүхийн шинэтгэлийн том үйл хэрэгт шүүгч, шүүхийн ажилтнуудын оруулж байгаа, оруулах хувь нэмрийг урамшуулж байгаа шагнал гэж ойлгож байна. Эдгээр шагнал нь хөдөлмөрөө үнэлүүлсэн, хийх ёстой ажилд урин дуудсан урам зоригийн эхлэл юм. Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

      Categories
      мэдээ нийгэм

      Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

      Холбоотой ЗурагМонгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдррийн А/47 дугаар тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

      Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.

      Сар шинийн баярын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчид улс эх орон, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

      Categories
      онцлох-нийтлэл туслах-ангилал

      Галшар адуу

      Байгалийн хатуу ширүүнийг тэсвэрлэн зохицож, монгол нутгийн хээрийн билчээрт, мянга мянган жил оршин амьдарсан нь монгол адууны бусад үүлдрийн адуунаас ялгагдах давуу чанар нь ажээ. Энэ онцгой чанараараа монголчуудыг амьдруулж, мандуулж, монгол гүрнийг байгуулсан мөнхийн гавъяатай.

      Монголчууд “хүлгийн сайныг унан байж мэддэг, хүний сайныг ханилан байж таньдаг” … гэдэг дээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат малчин, том уяач Д.Даваахүү “ Галшар адуу гэдэг чинь уяхад хурднаас гадна унаж эдлэхэд шал өөр эрдэнэ байхгүй юу” гэж ярьдаг хүн. Энэ хүнтэй зиндаархаж мэдэмхийрэх уяач , шинжээч, судлаач өнөө үед үгүй бизээ.

      Монгол адууг газар орноос хамаарсан онцлог, хурд, хүч, хэлбэр галбир, унаа даах чадвар гэх мэт ялгаатай шинжээр нь Галшар адуу, Говь шанхын адуу, Тэс адуу, Дархадын цагаан адуу, Мянгад адуу гэж таван омогт хувааж онцолж иржээ. Эдгээр таван омгийн адуунаас уналга, эдэлгээ, хурдны чиглэлээр хамгийн давуу сайн нь Галшар адуу гэдгийг түүхэн сурвалжаар, өнөөгийн шинжлэх ухааны судалгаагаар тогтоон баталгаажуулжээ. Түүнийг бүтээгч нь зөвхөн монгол адууг өөр хооронд нь сайжруулсаар Галшар адууг цогцлоосон хүн бол заяа заслын эрдэмд гэгээрсэн, суу билэгт Хардэл жанжин бэйс ноён М.Пүрэвжав болой.

      Бэйс ноён М.Пүрэвжав одоогоос 172 жилийн өмнө анх эхээс мэндлэхдээ нуруугаа дагасан их хар үстэй, хар дэлтэй хүүхэд төрсөн гэдэг. Тиймээс “Хардэл” гэж нэрлэх болсон гэдэг. Тэрээр Сэцэнхан аймгийн цэргийн жанжин, удам залгасан ноён, бэйс зэрэгтэй төрийн хүн байв. Ноёны албаа хүүдээ залгамжлуулан шилжүүлэн өгснөөс хойш он удаан жил олон дотроо морио уясаар “Өвгөн ноён” гэх нэрээр хүндлэгдэн мөнхөрчээ. Түүнээс гадна уяач, шинжээч, зураач, бичгийн хүн, төрийн зүтгэлтэн, суу билэгтэн гэх мэтээр бичиж ярьдаг тэр бүр нь цаанаа утга агуулгаа хадгалсан хүндлэл нэрүүд юм.

      Үүнээс түүний уяач, шинжээч, зураач зэрэг төрмөл гоц авьяас, боловсрол, хүчин зүтгэлийн үр дүн нь Галшар адууг цогцлоон мөнхжүүлжээ. Тэрээр “Азарга гүүний тохироо” гэх өөрийн онолыг гаргаж өөрийн хошуундаа нууцлан хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд “морь, бөх төрдөг” гэдэг байсан нийтлэг ойлголтыг өөрчилж “хурдан сайн адууг төрүүлдэг” ухааныг олж хэрэгжүүлсэн хүн.

      Хардэл бэйс М.Пүрэвжав 1885 онд даншиг наадмын соёолонгийн түрүүг анх удаа авч байсан тэр жил 41 насан дээрээ хошуу ноёны хэргэм залгамжилж 65 насан дээрээ ноёны албаа хүүдээ шилжүүлснээс хойш “өвгөн ноён” гэгдсээр 88 насыг зоогложээ. Түүний 80 хүрэх насандаа бүтээсэн “Нууцаас нууц, далдаас далд, шулуун журамт” нууц судар нь адуун соёлын хөгжлийг баталгаажуулсан ховор түүхэн бүтээлийг өвлүүлэн үлдээсэн байна.

      Түүхэн үнэн сэргэж буй эдүүгээ үед “Морин эрдэнийн заяа заслын эрдэмд” гэгээрсэн хүн Өвгөн ноёноос өөр тодроогүй байна. Тэрээр “далдыг хардаг далай лам” гэхчээр нүдэнд харагдахгүй, биед баригдахгүй зүйлийг харж, мэдэж шинжиж хэлдэг байсныг одоо хүртэл шинжлэх ухаанчаар тайлбарлаж чадаагүй л байгаа. Тэр бүгд үнэмшимгүй атлаа өдий хүртэл хэлэгдсээр хэрэгжээд байдаг нь гайхамшиг гэхээс аргагүй.

      Өвгөн ноён тогтож харсан эсвэл хэрээ шувуу уяан дээр суусан бол морь заавал түрүүлж айрагддаг байж. Тиймээс “Хардэл бэйс хараад өгөөсэй. Хар хэрээ уяан дээр суугаасай …” гэдэг үг гарчээ. Гадин засгийн хошуунд өртөөний гэрт байхад нь үдэш шөнө янцгаах дуугаар нь хүрэн үрээг авчируулж, бас нэг удаа адууны сүүлд явсан шар үстэй эцэнхий хээр үрээг шинжиж авсан зэрэг нь хожим Өвгөн ноёны зандан хүрэн, алдарт гуулин хээр гэх мэт алдарт хүлгүүд болсон байдаг. Өвгөн ноён унага байхаас нь шинжээд хурдан морь , хурдан азарга болох эсэхээс эхлээд төл сайтай азарга болох эсэхийг нь хүртэл хэлдэг. Гүү үзээд тийм азарганд таарах гүү байна, таарахгүй гүү байна гэх мэтээр шинждэг байсан нь билгийн нүдтэй , гоц авъяастан байж гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм. Түүнээс гадна дотооддоо азарга, гүү гаднаас авахаас гадагш зарахгүй гэх мэт сахилга, дэглэм тогтоон хэрэгжүүлж байсан нь үр дүнд хүрэхэд нөлөөлсөн нь гарцаагүй.

      Билэг авьяаст М.Пүрэвжав ноён өөрийн хошуундаа өндөр сахилгатайгаар “өнөөгийн шинжлэх ухааны хэллэгээр үржлийн ажил явуулж “ хурдны удамт Галшар адууг бий болгосон нь түүхэн үнэн бөлгөө. Галшарын удамт хурдууд даншигийн болон төрийн наадамд алтан жолоо өргүүлж, хошуу нутгаа алдаршуулан цоллуулж түмэн олноо баясгасан он цаг үргэлжилсээр зуун дамжин ирлээ. Энэ тухай түүхэн баримтууд дэлгэгдсээр буй.

      Анх 19 дүгээр зууны төгсгөлд 1899 оноос, Богд гэгээнтэнд мандал өргөх даншиг наадамд азарга уралдуулж эхэлсэн гэж үздэг. Анхны энэ наадамд Сэцэнхантны хээр азарга түрүүлж саарал азарга нь тавд, Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын мэнгэт халиун аман хүзүүдэж хээр азарга нь гуравт хурдалж Боржгин Сэцэнван Цэрэнсандивын хээр дөрөвт тус тус хурдалсан гэсэн цуваа бий. Эндээс Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын азарга аман хүзүү, гуравт орсон нь тохиолдлын зүйл биш байжээ гэдэг дүгнэлтэд аяндаа хүрдэг юм.

      Үүнээс хойш 1911 онд Сэцэнхан аймагт Богд Жавзандамба хутагт морилон заларч намрын эхэн сард том наадам болжээ. Халхын хурдны хамгийн өндөр довонд болсон энэ наадмын азарганы уралдаанд Сэцэнханы Мангал туслагчийн улаан азарга түрүүлж түүний араас шил даран Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавтаны “Эсгэл хээр, Номин цэнхэр, Зандан хүрэн, Хоовон саарал, Зул шарга гээд” 5 азарга завсаргүй цуваад айрагдсан байна. Энэ бол онцлог үйл явдал мөн бөгөөд өөр цаана нь Өвгөн ноёнд ийм хурдан азрганууд олон байсан байдаг. Үүнээс дүгнэхэд Өвгөн ноён тэр үед хурдны угшлын дотоод сүрэг бий болгочихсон байсан хэрэг.

      Монгол адууны соёлын дээд хөгжил болсон энэ хүү эрдэмт хүний бүтээл “хурдний удамт” монгол адуун сүрэг нь Богд хаант засгийн үед “Хардэл бэйсийн унага” ардын засгийн үеэс ” Галшарын хурдан адуу” гэж нийтэд алдаршжээ.

      Засаг төр өөрчлөгдөхөд 1923 оноос Бишрэлтийн буюу Хардэл жанжин бэйсийн хошууг Галшар уулын хошуу, дараа нь 1931 оноос Галшар сум гэх болсон байдаг.

      Монгол улсад ардын засгийн анхны үндсэн хууль батлагдсаны хойтон жил, 1925 онд Богд хаант улсын “олноо өргөгдсөн” 15-р оны ардын хувьсгалт цэргийн баяр наадмыг нийслэл хүрээнд өргөн зохион байгуулж зургаан насны морь уралджээ. Нийслэл хүрээ, Галшар уулын хошууны хооронд 400 гаруй км зайтай газраас хөсөг тэрэгтэй уяачид зорин очиж нааддаг байж. Энэ наадмаар азарганд Галшарын хошууны Өвгөн ноёны “элбэг хээр” түрүүлж, Галшарын тайж Сүрэнхоролын бор азарга 5-д хурдалсны дээр, нас бүрд айрагдуулсан байдаг. Хойтон жил нь 1926 оны улсын наадмаар хардэл жанжин бэйс Пүрэвжавын хүү “халхын сайхан эр” гэж алдаршсан ван ноён Доржцэрэнгийн “хулан хонгор” азарга түрүүлсний дээр энэ наадамд Галшарынхан нийтдээ 3 түрүү 5 айраг авчээ.

      1930 оны улсын баяр наадмаар Хардэл жанжин бэйс Пүрэвжавын ач хүү гүн Д.Пунцагнамжил ирж азарганы түрүү, аман хүзүүг авч наадамчдыг шуугиулж байв. Гэтэл их насны морины түрүүг дахин авсан нь Галшарынхан азарга, их насны түрүүг хоёуланг авчихлаа гэсэн сонин сайхан мэдээ өртөөлөн дамжсан онцлог сайхан наадам болжээ. Энэ наадмаас Галшарынхан нийтдээ 4-н түрүү 8 айраг авч. Тэд бүх түрүүг авах боломжтой байсан хирнээ “төрийн наадмын 6 түрүү хүнддэнэ” гээд мэриймжээ хойш татаж харин тэр даруйдаа “цагаан хэл ам дайрна” гээд гандан хийдэд засал ном хуруулж байсан гэдэг юм.

      Үүний дараа жилээс хошууд татан буугдаж, Хардэл жанжин бэйсийн хурдны удамт сүргийг дотоод яам хураан аваачиж нийслэлээс баруун хойш гарган Жаргалантын морин заводын адуу болгон эрлийздэн үржлийн ажил явуулсан байна. Энэ үйлдлийг цаг хугацааны өнөөдрийн өндөрлөгөөс дүгнэвэл хураагдан очсон Галшарын олон мянган удамт хурдууд эрлийздэн уусан устаж алга болсон эмгэнэлтэй түүх үлджээ.

      1930-аад оны эхэн үеэс 1950-иад он хүртэл коммунист үзэл, харгислалын он жилүүд дайрч, Галшарын хурдны удамт дотоод сүрэг хураагдан саринаж, Өвгөн ноён таалал төгсч, түүний үр хүүхэд, дээдэс уяачид баригдан хороогдсон хэлмэгдэл , гашуудлын 20 жилийг өнгөрүүлсэн мартах аргагүй хар түүх бий.

      Харгислалын хатуу цаг үе саармагжиж 1951 онд төр засгийн тогтоол шийдвэр гарч Ардын хувьсгалын 30 жилийн ойн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх хөдөлгөөн орон даяар өрнөв. Энэ наадамд Галшарын удамт хурдыг сэргээн залгамжилсан шинэ үеийн уяачид Донойн Цэгмэд, Бумын Лосол, “ангасай” Д.Банзрагч, “начин” Зундуй, “Шандангийн” Лхаязав, “нүхийн” Дугаржав гээд залуучууд өргөн уяагаар хөдөлсөн байна. Энэ том ойд Донойн Цэгмэдийн саарал азарга, хүрэн халзан хязаалан түрүүлж Галшарынхан энэ наадмаас 4 түрүү 11 айраг авсан нь аль тэртээх хорин жилийн өмнөх амжилт нь давтагдаж байсан байдаг.

      Галшар нутагт их хэлмэгдлийн өмнөх үеийн өвгөн ноёны дотоод сүрэг, их уяачдын соёл, эрдэм ухаан, өөрөөр хэлбэл “Хардэл жанжин бэйс”-ийн үе эргэж ирээгүй ч үндэсний морин уралдааны өндөр их соёлыг тэдний хойч үеийнхэн ийнхүү залгамжлан авч үлджээ. Энэ цаг үеэс хойш наадам хазаартай болж Галшараас ирэх уяачид эрс цөөрчээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд Галшарын удамт адуун сүрэг олон сувгаар гадагш тархан дэлгэрсэн байлаа.

      Өвгөн ноёны дотоод сүргээс анх гарсан хурд бол 1928 онд улсын наадамд түрүүлсэн “СО” сайдын зээрд халзан азарга гэж үздэг. Хардэл жанжин бэйсийн ач хүү Пунцагнамжил найздаа бэлгэнд өгсөн тухай Манлай сумын Занданбал уяачийн хүүхдүүд сэтгүүлч Цагаандалайд тодорхой ярьсан байдаг. Өмнөговь аймгийн Манлай сумын” Говь- Шанхын” хурд үүнтэй холбогддог юм.

      1927 оны үед Галшарын Дагмид-Очир мээрэн өөрийн багш өвгөн лам Цэгмэдэд өргөсөн, цайрсан буурал духтай, огтор сүүлтэй хонгор үрээг хүү Батбуянд нь авчирч өгчээ. Улсын наадамд 1930, 1931,1933, 1934 онуудад айрагдаж, түрүүлсэн Төв аймгийн Баянцагааны Батбуянгийн “их зэгэл” гэх хонгор халзан азарга энэ юм. Мөн түүний төл “бага зэгэл” гэдэг “хонгор халзан” азарга нь 1936 онд түрүүлсэн, хөх цавьдар 1938 онд айрагдсан гэх мэтээр үе залгасан хурдууд Баянцагааны адууг сайжруулсан нэг эх нь болж иржээ. Энэ бол нэг л жишээ.

      1930-аад оны дундуур Хардэл жанжин бэйсийн цөм сүрэг хураагдаад туугдаж явах үед сольж хольж авч үлдсэн нь олон, тэр бүрийг тогтоох боломжгүй. Тэдний нэг дотоод яамны Совд гэхч бор, хул халзан хоёр даага авч баз хүргэндээ хүргүүлжээ. Энэ нь Мөнгөн морьтын удганы Намсрайн 1942,1944,1945 онуудад айрагдсан улаан бор азарга, 1944 онд түрүүлсэн хул халзан азарганууд юм.

      1940-өөд оны сүүлээр Хөвсгөл аймагт ч Галшарын хурд гарчээ. Тэр нутгийн Ядамын Зана, Ядамын Нацаг нар нилээд хэдэн азарга адуу Галшараас аваачаад нутагтаа их хурдлуулж Галшар адууны хурдыг гайхуулсан гэдэг. Хөвсгөл аймагт хуучин Бүрэн, одоогийн Алаг-Эрдэнэ сумын хурдны удам ийм ажээ.

      Тэр үед нэрт уяач “дулаан” Дамдинжав Галшараас хурд авчирч улсын наадмаас 14 айраг түрүү авсан байдаг. Дулааны хонгор морь 19 түрүүлсэн гэж эрдэмтэн Намнандорж номондоо бичсэн нь бий. Уяачдын дунд Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагааныхан “Дулаан адуу”-гаар адуугаа сайжруулсан гэх нэгэн үе байжээ.

      1950-иад оны дундуур Өвгөн ноёны хүргэн асан “өндөр” Гомбожав дотоод сүргийн Тонж ногооны угшлын хүрэн азаргатай адууг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хамаатандаа өгчээ. Тэндээс Баян-Өнжүүл сумын адууны хурд эрс сайжирч хожим улсын наадамд гурав түрүүлсэн Ханддорж гуайн хонгор халзан морь төрсөн байдаг.

      Бас нэгэн түүх сөхье. Одоогийн Сүхбаатар аймгийн Асгат, Халзан суманд 1937 оны үеэс Галшарын удамт хурдууд хүргэгдсэн юм билээ. Цэрэг дайны цаг үе эхэлснээс тэндэхийн \байшинтын дивизд\ цэргийн ангид аргал түлээ нийлүүлэх албан журмын ноогдол Галшарынханд ирж. Аргал түлээний оронд Асгат, Халзан сумын малчдад азаргаар нь адуу хүргүүлж албан журмын ноогдолоо ацгалж хаалгадаг байж. Ингэж Галшарын удамт хурд аль эртээс тэнд хүргэгдсэн байжээ. Сүхбаатар аймагт хурд тарьсан “олныхны шарга , далиу ногоон, хүүхэн шүүлэнгийн хээр”… гэх мэт хурдууд аргалын ацгийн адуу байв. Одоогийн Сүхбаатарын Асгат , Халзан сумын хурдны дээд удам нь Галшараас гаралтай гэдгийн учрыг тайлсан өндөр настан Наянтай, Б.Өвгөнхүү нарын яриа хэвлэлд нийтлэгдэж цахим сошиалд тавигдсан байдаг. 1973 оны хавар Халзан сумаас “механик” Дулмаа гэдэг уяач ирж Галшар сумын дарга Батсүхтэй уулзаж адуугаа сайжруулна гэж нэгдлийн шилмэл сүргээс хээр даага эхтэй нь авч явжээ. Нутагтаа авч очоод “хээр даагыг хурдлуулсан тухай баяр талархлын захидал ирүүлж байсан” гэж Хэнтий аймагт байгаа өндөр настан Батсүх дарга одоо дурсан ярьдаг юм.

      Өнөөгийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян , Төвшинширээ, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Их хэт гэх мэт Галшарыг тойрсон нутаг залгаа сумдуудын адууны угшил нэг болчихсон нь илэрхий зүйл болжээ.

      Ер нь өнөө үеийн олонд дуурсагдсан түмний эх азарганууд Хөдөлмөрийн баатар, гавъяат, их уяач Д.Даваахүүгийн “цолмон халтар”, Төв аймгийн Сэргэлэн сумын 1970-80-аад оны улсын түрүү Дорнойн Сундуйн хүрэн, Ренцендоржын хар хамгийн сүүлийн үеийн Дорнодын Цэндбаатарын “тугал” ухаа Бат-Эрдэнийн улс халзан, Наранхүүгийн монгол хээр, Хөвсгөлийн “магнай” халиун азарга гээд одоо үеийн нэрт хурдууд бүгд л дээд угшил нь Галшар адуу болдог. Зөвхөн ардын хувьсгалын 30,40,50,70,80,90 жилийн тэгш ойнуудаар түрүүлсэн Донойн Цэгмэдийн саарал, Цэнджавын хүрэн халзан, “ангасай” Банзрагчийн саарал, Сүрэнхорын “босоо”хээр, Дарамренчингийн алаг, Шинэтулгын “улс халзан” азаргануудын дээд угшил Галшарын буюу өвгөн ноёны удамт сүргийн угшилтай түмэн эхүүд болох нь тогтоогддог юм. Угтаа бүхий л нутгийн уяачдын Галшар адуугаар адуугаа сайжруулах бодлого тасралтгүй үргэлжилсээр одоо бол бүх сум багт малчин түмэн, наадамч олны хүндлэл хүлээсэн “хүлэг эрдэнэ” болон төрж, өсөн үржиж ирсэн нь бодит үнэн юм.

      Өнгөрсөн зун Засгийн Газрын гишүүн Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд Р.БУРМАА 2016 оны 06 дугаар 10-ны өдрийн А-86 дугаар тушаалаар “Галшар үүлдрийн адуу” болохыг баталгаажуулж, зохион бүтээгч нь М.Пүрэвжав гэж тогтоон шийдвэрлэсэн “А-2 дугаар ГЭРЧИЛГЭЭ”-нь Галшар сумын тамгын газарт хадгалагджээ. Монгол адуун соёлын охь Галшар адууны түүхэн сурвалж товчдоо ийм бөлгөө. Хардэл жанжин бэйс, өвгөн ноёнтны суу билэгийг биширмой.

      2016.11.03

      Манай сонины орон нутаг дахь тусгай сурвалжлагч, судлаач Н.САНЖААДОРЖ

      Categories
      энтертаймент-ертөнц

      “Оскар-2017” улаан хивсний ёслол: Оддын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёлЭнэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг анх удаагаа хошин шогийн жүжигчин, ток шоуны хөтлөгч Жимии Киммел хөтлөхөөр болжээ. Тэрээр “American Music Awards”-аас гадна 2012 болон 2016 онд “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолуудыг хөтөлж байсан туршлагатай нэгэн билээ. Оскарын шагнал гардуулах ёслолыг өмнө нь бидний сайн танил Эллен Деженерс, Сет Макфарлейн, Вүүпи Голдберг болон Нейл Патрик Харрис нар хөтөлж байсан.

      Лос Анжелесын Долби Театрт өнөөдөр өглөө улаан хивсний ёслол болон шагнал гардуулах ёслол эхэлсэн. Монгол НD телевизийн “Volume+” энтертэймайнт суваг албан ёсны эрхтэйгээр “Оскар”-ыг шууд дамжуулан хүргэж байгаа юм.

      Дэлхийн загварын ертөнцийн содон, чамин, тансаг даашинз, хослолыг нэг дороос тольдох боломжийг олгодог. Ингээд “Оскар”-ын улаан хивсний ёслолд ирсэн оддын гоёлыг хамтдаа тольдоё.

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл

      Оскар-2017: Оддын улаан хивсний ёслолын гоёл