Categories
мэдээ спорт

Олимпийн аварга Азийн наадмын 16 дугаар байрт оров

Азийн өвлийн спортын наймдугаар наадам Японы Саппоро хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Обихиро хотод болсон тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд Я.Зоригтбаатар 37.73 секундэд замаа дуусгаснаар 16 дугаар байрт оров. Тэрээр хэдхэн хоногийн өмнө “Алмата-2017” Универсиад наадамд улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн билээ. Энэ зайд Д.Гочоосүрэн 39.17 секундэнд замаа дуусгаснаар 18 дугаар байрт хурдаллаа. Уг төрөлд нийт 21 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Япон, БНСУ-ын тамирчид медалийн тавцанд гарав. Харин эмэгтэйчүүдийн 1000 метрт А.Зул 15 дугаар байрт орсон бол түүний ард залуучуудын олимпийн наадмын аварга Б.Сумъяа орсон байна. Энэ төрөлд тэмцээн зохион байгуулагч орныхон алт, мөнгөн медаль хүртэж, манай урд хөршийн тэшүүрчид хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Тухайлбал, сар бүр тогтмол өдрийг сонгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ болон дүүргийн иргэний танхим, хороодоор дамжуулан иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг ажил энэ сараас эхэлж буй бөгөөд өчигдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг энэ сарын 20-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ дамжуулан зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд нийт 400 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч ажиллажээ. Иргэд газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг сонирхсон асуудлаараа хуульчдаас зөвлөгөө авсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийн мэдлийн бүх оффист нэгжлэг хийжээ

Н.Алтанхуяг зурган илэрцүүдӨнгөрсөн даваа гариг (II/20)-т Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эзэмшлийн бүх оффист нэгжлэг хийсэн байна.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгааны өмнөхөн хууль хүчний байгууллагаас Н.Алтанхуягийн оффист нь шалгалт хийсэн нь түүнийг дэмжигчдийн дургүйцлийн багагүй хүргэсэн байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай нь Н.Алтанхуяг учраас зориуд хууль хүчний байгууллагаар шалгуулж эхэлсэн гэх хардлага байгаагаа нуусангүй. Өмнө нь Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдсөн түүнийг сонгуулийн санал хураахаас нэг өдрийн өмнө ATГ-аас дуудан байцааж, улмаар яллагдагчаар татсан тухайгаа мэдэгдсэн билээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эртний нянг амилуулжээ

Мексикийн Найка хотын ойролцоох агуйн аварга том талстуудаас нян авч амилуулжээ. Тэдгээр бичил биет наад тал нь 10, магадгүй 50 мянган жилийн өмнө “унтсан” гэнэ. Амьд бие махбодь таагүй орчинд дасан зохицох чадвартайг ийнхүү дахин нотоллоо. Генийн сан мэдээлэл нь байхгүй нянгууд гэдэг утгаараа гайхалтай ажил боллоо” гэж АНУ-ын Калифорни муж улсын Моффет-Филд нисэх буудал дахь сансрын НАСА агентлагийн Одон орон, биологийн хүрээлэнгийн захирал, профессор Пенелопа Бостон тайлбарлажээ.

Грэл нэвтэрдэггүй ийм орчинд амьд организм хемосинтезийн аргаар буюу уулын хөрснөөс л шаардлагатай тэжээлээ авах ёстой аж. Тэрээр энэ удаагийн нээлтээ харь гаригийн амьдралтай холбоотой эсэхийг судлах гэнэ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болов

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар нэрт эрдэмтэн, зохиолч Гаадамбын хүү, доктор, профессор Билгүүдэй сонгогджээ. Тэрбээр өчигдөр тус хүрээлэнгийн өмнөх захирал, академич Л.Болдоос ажлаа хүлээн авсан юм. Хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу хамт олноосоо хамгийн их санал авсан хоёр хүний нэрийг өнгөрсөн долоо хоногт ШУА-ын Тэргүүлэгчдийн газарт хүргүүлсэн бөгөөд тэндээс Г.Билгүүдэйг томилсон байна.

Г.Билгүүдэй нь 1989 онд Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орсноос хойш өнөөг хүртэл мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа юм. Тэр дундаа сүүлийн 20 орчим жил нь нэрт эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгчээр ажиллажээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

“Торгоны зам сан”-гийн сургалт семинар зохион байгуулах асуудлаар тохиролцжээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Ин, Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзав.

БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Монголын тал Ли Юаньчао дэд даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж буйг уламжлав.

БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Интэй хийсэн уулзалтаар хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизмыг байгуулсан нь хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болсныг талууд тэмдэглэж, энэхүү байнгын уулзалтын механизмын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.

БНХАУ-ын Худалдааны яамны сайд Гао Хучөнтэй хийсэн уулзалт, Гао Хучөн сайдаас Ц.Мөнх-Оргил сайдыг хүндэтгэн барьсан зоогийн үеэр сайд нар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, ЗГХК-ын Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулах, хилийн хамтарсан бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, “Торгоны зам сан”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны шугамаар сургалт семинар зохион байгуулах зэрэг асуудлаар тохиролцов. Монгол Улс санхүү, эдийн засгийн бэрхшээлтэй байгаа үед хоёр талын санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хятадын тал илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрлэл технологийн паркуудыг 3 үе шаттайгаар барьж байгуулна

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт өчигдөр болж өнгөрсөн. Уулзалтын үеэр Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ инновацийн тогтолцооны өнөөгийн байдлын талаар болон дүүргүүдэд үйлдвэрлэл технологийн парк байгуулах талаар танилцуулсан юм. Түүний тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл, Инновацийн газар нь МУ-ын Засгийн газар, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтыг хангах үйлдвэрлэл, инноваци өндөр технологи, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр 2016 оны 8 дугаар сард шинээр үүсгэн байгуулагдсан. Дараах 3 үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулна:

  1. Нийслэлийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, хэтийн төлөвийг тодорхойлох,
  2. Инноваци, өндөр технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, эко системийг бүрдүүлэх,
  3. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр ашигтай тогтолцоог бий болгох, хэрэгжилтийг хангах юм.

ИННОВАЦИЙН ТОГТОЛЦОО, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Улаанбаатар хот нь үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх боломжтой хот юм. Учир нь манай хотод ШУ, академийн байгууллага, их дээд сургуулиуд, үйлдвэрлэл эрхлэгчид, эрэлт, нийлүүлэлт зэрэг инновацийн тогтолцоог бий болгох бүхий л оролцогч талууд оршин байна. Нөгөө талаас нийслэл хотод маань орчин үеийн технологи мэдлэгт түшиглэж шийдвэрлэхээс өөр аргагүй маш олон асуудлууд тулгарч байна. Тиймээс дээрх олон асуудлыг шийдвэрлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааны уяалдааг сайжруулахаар технологи болон мэдлэгийн чөлөөт урсгалыг бүрдүүлэх замаар мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах экосистем буюу инновацийн тогтолцоог хөгжүүлэхээр зорин ажиллана.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, КОНЦЕСС

Өнөөгийн нийгэмд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй үед дараах асуудлуудыг Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй бөгөөд эдийн засаг, нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын зарчмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах нь маш чухал юм. Ингэснээр хувийн хэвшлийхэнд хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бий болгох, нөгөө талдаа төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, төр болон хувийн хэвшлийн харилцан ашигтай байх “win-win” зарчим дээр тулгуурлан ажиллана.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 436.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 32 төсөл концессын гэрээ байгуулагдсан. Эдгээрээс 13 төсөл амжилттай хэрэгжиж 72.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Бусад төслүүдийн хувьд төслийн бэлтгэл ажил, санхүүгийн хаалт хийх ажил явагдаж байгаа ба цаашид 2017 онд төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн тэргүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналыг боловсруулан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулахаар ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭТИЙН ТӨЛӨВ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт үйлдвэрлэлийн чиглэлээр дагуул, хот, тосгодыг үйлдвэрлэлд суурилан хөгжүүлэхээр нийт 16 байршилд төлөвлөснөөс эхний ээлжинд Эмээлт, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар бэлтгэл ажлуудыг гүйцэтгэн ажиллаж эхлээд байна.

Үйлдвэрлэлийн паркуудыг байгуулах гол ач холбогдол нь орчин үеийн байгаль орчинд ээлтэй технологи бүхий хүнс, хөнгөн, барилгын материалын болон жижиг, дунд үйлдвэрүүдийг хаяа, дагуул, хот, тосгодод байгуулан тодорхой үүрэг чиглэлтэй үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал тэнцвэртэй хөгжсөн, оршин суугчдын амьдралын ая тухтай орчинг бүрдүүлсэн, эко харилцан уяалдаа холбоотой улсын эдийн засагт голлох байр суурьтай хот байгуулалт, суурьшлын систем болгож хөгжүүлэх юм.

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Үйлдвэрлэл технологийн паркыг хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлээс нийт гуч орчим хууль, тогтоол, журам, хөтөлбөрүүд гарсан байдаг. Үүнд:

2003 онд УИХ-ын 54 дүгээр тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”, 2008 онд 12 дугаар тогтоолоор “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” батлагдсан. Энэхүү бодлогын баримт бичиг нь 2021 он хүртэл хэрэгжинэ.

Түүний дараа НИТХТ-д Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр баталсан бөгөөд тус хөтөлбөр нь 2025 он хүртэл хэрэгжих чухал баримт бичиг, мөн Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09 –ний өдрийн “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоолууд тус тус гарсан.

Хамгийн чухал баримт бичиг паркийн хувьд бол 2009 онд Улсын Их Хурлаас “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батласан явдал юм. Энэ хууль батлагдсанаар үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин бий болж, паркууд хөгжих боломж нөхцөл бүрэлдсэн гэж үзэж болно.

Энэхүү хууль эрх зүйн орчины хүрээнд үйлдвэрлэл технологийн паркууд дээр байршсан үйлдвэрүүд дараах хөнгөлөлтүүдийг эдлэхээр тусгагдсан байдаг.

Үүнд: Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас 100%, газрын төлбөрөөс мөн 100%, орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөгдөхөөр заасан байгаа.

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ

Үйлдвэрлэл технологийн паркуудыг 3 үе шаттайгаар барьж байгуулан хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2016-2017 онд зураг төсөл ТЭЗҮ зэрэг бэлтгэл ажлуудыг бүрэн дуусгаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн мөн 2017-2020 онд Үйлдвэрлэл технологийн паркийн шаардлагатай дэд бүтцүүд эхний үйлдвэрлэлүүдийг байршуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр 2020-2025 он Үйлдвэрлэл, технологийн паркууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эхлэх юм.

“ЭМЭЭЛТ” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Эмээлт хөнгөн Үйлдвэрлэл технологийн паркийг арьс шир, ноос ноолуур, зэрэг хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ОУ-ын жишигт нийцүүлэн кластераар хөгжүүлэхээр Хан-уул дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрших Шар хөцийн хоолойд нийт 160 га газарт барьж, байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлуудад Нийслэлээс 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэхүү үйлдвэрлэл технологийн парк нь байршлын хувьд авто зам, төмөр зам, Нисэх буудлуудад ойр зэрэг үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой байрлал юм. Тус үйлдвэрлэл технологийн парк нь арьс шир, ноос ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгох бүх нэмүү өртөг шингээн энэ салбарын нийт эргэлтийг 1 их наяд төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа.

Хүчин чадлын хувьд арьс, шир боловсруулах 19, Ноос, ноолуур угаах, самнах 8, Дахин боловсруулах дэмжих 4, Бэлэн бүтээгдэхүүний 4 үйлдвэр тус тус байршиж, нийт 10,000 орчим ажлын байр бий болгохоор төлөвлөөд байгаа. “Эмээлт” үйлдвэрлэл, технологийн паркийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулан бүх дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулахад нийт 300 орчим сая.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас үйл ажиллагаанд нэн шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцэд 58.6 сая ам.доллар, дараагийн ээлжний буюу паркийг бүрэн хүчин чадлаар ажиллуулж эхлэхэд шаардлагатай дэд бүтцэд нийт 82.7 сая.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

“БАГАНУУР” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Энэхүү үйлдвэрлэл, технологийн парк нь Хүнд, Хөнгөн, Хүнсний үйлдвэрлэлийн бүсүүд болон Ургамал-нанобиотехнологийн цогцолбор гэсэн 4 үндсэн чиглэлээр Багануур дүүрэгт 403.3 га газарт байгуулахаар төлөвлөн судалгаа болон зураг төсөл, ТЭЗҮ зэрэг бэлтгэл ажлууд хийгдээд байна. Паркийн давуу тал нь авто, төмөр замын зангилаан дээр байршил сайтай бөгөөд Багануур дүүргийн Төвлөрсөн дулаан, цахилгааны төв шугамд холбогдох боломжтой, ажиллах хүч, түүхий эдийн арвин нөөцтэй, нүүрсний уурхайг түшиглэн байгуулж байгаа нь онцлог юм.

Жишээ нь: Хүрэн нүүрс боловсруулах бүх төрлийн үйлдвэр, гумины бордооны үйлдвэр зэрэг хүнд үйлдвэрүүдийг нүүрсний уурхайг түшиглэн байгуулах боломжтой юм. Паркт 80-110 үйлдвэрүүдийг хүчин чадал хэмжээнээс хамааруулан байршуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд 6000 орчим ажлын байр шинээр бий болно. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжний дэд бүтцүүдэд 18.4 сая доллар, бүрэн чадлаар ажиллуулж эхлэхэд шаардлагатай дэд бүтцэд нийт 24 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Дашрамд дурдахад 2016 онд Япон улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Силк Роуд Аэвори” компани үйлдвэрлэл, технологийн паркт байрлах эхний үйлдвэрийг байгуулахаар шав тавьсан бөгөөд энэ оны 4 дүгээр сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус үйлдвэр нь жилд 9000 тонн ноос гүн боловсруулах, 1000 тонн ноолуур гүн боловсруулах хүчин чадалтай байх юм.

“НАЛАЙХ” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, орчин үеийн үйлдвэрийн дэд бүтэц, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн цогцолборыг би болгон хөгжүүлэх зорилгоор “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийг Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 га газарт байгуулахаар төлөвлөн, өнөөдрийн байдлаар Нийслэлийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг судалгаа, зураг төсөл, ТЭЗҮ зэрэг бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудад зарцуулаад байна. Бусад Үйлдвэрлэл, технологийн паркуудын адил дэд бүтцийн хувьд авто зам, төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой. Налайх хотыг түшиглэн байгуулж байгаа нь ажиллах хүч, түүхий эдийн хувьд нөөц хангалттай зэрэг давуу талтай. Тус паркт 50 гаруй барилгын материалын үйлдвэрлэлүүдийг байршуулан 1500 орчим ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөөд байна.

Налайх паркийг төлөвлөгдсөн бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулахад шаардлагатай дэд бүтцэд нийт 60.9 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Парк ашиглалтанд орсноор Монгол улсын барилгын материалын үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг. Мөн төлөвлөгдсөн бүрэн хүчин чадлаар ашиглалтанд оруулж, бүх дэд бүтэц үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтад нийт 90.7 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол бий.

“БАГАХАНГАЙ” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Багахангай дүүргийг үйлдвэрлэл худалдаа хөгжсөн дагуул хот болгон хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн байгуулахаар тусгагдсан. Дээрх чиглэлүүдийн дагуу 2017 онд бид тус паркийг барьж байгуулахад шаардагдах судалгаа, Техник эдийн засгийн үндэслэлийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус дүүрэг нь барилгын материалын эрдэс түүхий эдийн нөөцтэй дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, мөн Богд Хаан төмөр замыг Багахангай өртөөнөөс салаалхаар төлөвлөгдсөн зэрэг давуу талуудыг ашиглан тээвэр логистик, бөөний худалдаа, хүнс, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

О.Магнай шинэ албанд томилогджээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга асан О.Магнай Ардчилсан намын хэвлэл, мэдээлэл олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн даргын албанд томилогджээ.

Түүнийг энэ албан тушаалд томилох шийдвэрийг Ардчилсан намын шинэ дарга С.Эрдэнэ гаргасан байна. О.Магнай нь 2009 онд Ардчилсан намд элссэн нэгэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үзэсгэлэнт минь” тоглолт болно

Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд Х.Лхагвасүрэн үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээжүүдийн тухай дуунуудаа дуулахаас гадна урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох гэнэ. Тоглолт “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимд болно.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

НҮБ дахь Оросын элч Виталий Чуркин Нью-Йорк хотод гэнэт нас баржээ

Даваа гаригт ОХУ-ын НҮБ дахь төлөөлөгч, элчин сайд Виталий Чуркин зүрхний шигдээсээр гэнэт нас баржээ. Энэхүү үйл явдал 65 насных нь төрсөн өдрөөс нэг өдрийн өмнө болж Нью-Иорк хотын эмнэлэгт хүргэгдээд өөд болжээ.

НҮБ-ын ерөнхийлөгч Петер Томсон, “Бид байгууллагынхаа хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэгийг алдлаа. Зөвхөн Орос орон хайртай хүүгээ алдсан юм биш НҮБ ч хамгийн үнэнч хүнээ алдлаа. Түүний нэр НҮБ-ын түүхэнд маш тодоор бичигдэн үлдэх болно” гэжээ. Мөн ОХУ-ын Путин ч энэхүү харамсалтай мэдээг сонсоод цочирдсон бөгөөд ар гэрийнхэндээ эмгэнэл илэрхийлжээ.

О.ӨНӨР