Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийн талаар Ерөнхийлөгчийг байр сууриа илэрхийлэхийг хүссэн хүсэлт одоо ч ирсээр байгаа аж. Тэрээр УИХ-ын чуулганд хэлсэн үгээ өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн. Иргэд түүний үгийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын засаглал “Эрдэнэт” үйлдвэрт зайлшгүй хэрэгтэй гэдгийг ихэнх нь зөвшөөрсөн байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн намрын чуулганы хаалтын хуралдаанд хэлсэн үгээс Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хувь заяатай холбоотой саналыг түүвэрлэн хүргэж байна.
1. “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг шилэн болгох хэрэгтэй
“Эрдэнэт” үйлдвэрийн дансыг шилэн болгох ёстой. Харамсалтай нь Шилэн дансны хуулийг манай өнөөгийн эрх баригчид хөтлөхгүй байна. Хуулийг сонгож хэрэгжүүлдэг. Өнөөдөр энд нэг л их хариуцлага, шударга ёс ярьж байна. Та бүхэн гарч ирээд хуулийг сонгож хэрэгжүүлдэг болж байгаа шүү дээ. Шилэн дансны хуулийг нийт албан тушаалтны 60 хувь нь мөрдөхгүй байна.
2. Худалдан авалт бүр ил тод байхыг шаардах ёстой.
“Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг шилэн болгох хэрэгтэй. Хаанаас, дотоодоос ямар бүтээгдэхүүн, ямар үнээр авч байгаа юм. Хүн бүхэн шууд интернэтээр ороод харчихдаг боломжтой байх ёстой. Үүнийг бид шаардах ёстой.
3. Олон улсын стандартад нийцсэн засаглал нэвтрүүлье
“Эрдэнэт” үйлдвэр дээр олон улсын стандартад нийцсэн засаглал байх ёстой гэж шаардах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр дээр жил бүхэн олон улсын стандартын дагуу аудит хийж байх ёстой гэж шаардах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь дээр байгаа нөхдүүдээс “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хөгжлийн асуудал дээр бодлого оруулж ир гэж шаардах ёстой.
4. “Эрдэнэт” өөр шинэ үйлдвэр Монголд хэрэгтэй
“Эрдэнэт”-ийн баялаг нь дуусаад ирэхэд бид өөр шинэ үйлдвэрүүдтэй болсон байх ёстой Одоо Монголд 100 хувь хүрэд ирсэн юм бол “Эрдэнэт” үйлдвэрийнхээ зэсийг Монголдоо хайлуулна аа. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой. Зэс хайлуулах үйлдвэрээ түшиглээд зэсээр юм хийдэг үйлдвэрүүдийг байгуул гэж шаардах ёстой. Нэмж ажлын байр бий болго. “Эрдэнэт” үйлдвэр дээр Эрдэнэтийн баялаг нь дуусаад ирэхэд бид өөр шинэ үйлдвэрүүдтэй болсон байх ёстой. Энэ бодлогыг одоо бид ярьж байх ёстой. Үүнийг 49, 51 хувь дэр байгаа нөхдөөс шаардах учиртай.Энэ шаардлага, энэ зүйлүүд өнөөдөр явахгүй байна.
5. Эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана
Энэ шийдвэрийг гаргасан цаг мөчөөс эхлээд Монгол руу харах гэж байсан санхүүгийн байгууллага, эдийн засгийн бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсооно. Шууд эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана. Аль нэг улсын Засгийн газар шийдвэр гаргахгүй байж болно. Монгол руу зүглэж яах юм бэ. Өөрийнхөө бизнесээс булааж авч байгаа улс хүний бизнесийг хайрлах уу?
6. Ард түмэндээ хувийг нь өгөх, хяналт бий болгох алхмыг хийж болно
Эрдэнэтийн 49 хувь Монголд ороод ирсэн. Эргүүлээд ард түмэндээ, хүмүүст хувийг нь Хөрөнгийн биржээр өгөх, хяналт бий болгох алхмыг хийж болно. Би ийм хувилбар бодож байсан. 51-ээс 17 хувь ч гэдэг юм уу, 49-өөс нь 16 хувь, ингээд 16, 17 гэх юм бол 33 хувь. Ийм хэмжээнд Хөрөнгийн биржээр зарж болно. Хувийнх нь 33 хувьтай байж болно. Нөгөө тал нь 34-тэй байж болно. Иймэрхүү байдлаар ард иргэдийн оролцоотой, төрийн оролцоотой, хувийн хэвшлийн оролцоотой асуудлыг шийдэх боломж байж болно. Ийм зүйл ярьж болно. Энэ дээр Засгийн газар зуучлаад, хамтарч оролцоод орж ирж болно.