Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөг байна

Цагаан сарын бөх зурган илэрцүүдЦагаан сарын бөхийн барилдааныг үзэх гэсэн ард түмний эрэлт хэрэгцээг далимдуулан дамлаж өндөр үнээр зарах явдал урьд жилүүдэд гарч байсан билээ. Зарим иргэд цагаан сарын бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар захиалж авдаг болгох хэрэгтэй гэж санал ч гаргаж байсан билээ. Тэгвэл энэ удаад бөөнөөр авч дамлаж зарах явдлыг зогсоож нэг хүнд хоёроос илүүг худалдахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ жилийн бөхийн барилдаан битүүний өдрийн 12 цагт эхлэхээр болсон байна. Дашрамд дуулгахад, цагаан сарын барилдааны тасалбарыг 20-25 мянган төгрөгөөр борлуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Хөшигийн хөндийн нисэх буудлын талаарх өмнөх Засгийн газрын шийдвэр хэрэгжих ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол, Японы Гадаад харилцааны яамдын ээлжит Зөвлөлдөх уулзалтад оролцож буй Японы Гадаад хэргийн дэд сайд, ноён Такэо Акибаг өнөөдөр (2017.02.21) хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны яамдын Зөвлөлдөх уулзалт амжилттай болж байгаа талаар мэдээлэл авснаа УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцлоод, “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр ирсэн Японы Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмэн ямагт гүн талархалтай ханддаг” гэв.

Тэрбээр өнгөрсөн онд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монголд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилсан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ.

Ноён Такэо Акиба хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлэв.

Тэрбээр “Албан ёсоор уулзаж байгаа нь энэ удаа боловч би Таныг нэлээд дээр үеэс мэднэ. 2006 онд Япон Улсын Ерөнхий сайд Ж.Коизүми, 2007 онд Японы угсаа залгамжлах Эрхэм дээд хунтайж Нарухито Монголд айлчлах үеэр миний бие Гадаад хэргийн яамны Монголын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд ирж, Таныг Монгол Улсын Ерөнхий сайд байхад тань уулзаж байсан” гэж ярив.

Ноён Гадаад хэргийн дэд сайд “Зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бид хоёр АНУ болон дэлхий дахины улс төрийн харилцаанд тодорхой өөрчлөлт орж байгаа ийм үед Монгол, Япон хоёр улс нягт холбоо харилцаатай байж, Гадаад харилцааны яам хооронд тогтмол мэдээлэл солилцож, байр сууриа хамтран илэрхийлж байх нь чухал гэж тохиролцлоо. Ноён Д.Даваасүрэнгээс Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хийх гэж буй өөрчлөлтийн талаар олон зүйлийг мэдэж авсан. Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-тай тохиролцоонд хүрч байгаад баяртай байна. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шаардлага гарвал бид та бүхэнд тусалж, дэмжсээр байх болно” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Арваннэгэн жилийн өмнө миний бие Ерөнхий сайдын хувиар Японд айлчилж, ноён Ж.Коизүми Монголд ирж байлаа. Бидний анх эхлүүлсэн Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал барих ажил бодит үйл хэрэг болж, ашиглалтад орох гэж байгаад баяртай байна” гээд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үйл явц, өнөөгийн нөхцөл байдал, хөтөлбөрийн шаардлагын талаар товч мэдээлэв.

Уулзалтын үеэр мөн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд, энэ оны гуравдугаар сард Японд хийхээр төлөвлөж буй Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бэлтгэл ажлын талаар хөндөж ярилцав.

Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежементийг Японы хувийн компаниуд хариуцан ажиллах сонирхолтой байгаа талаарх асуудлыг Гадаад хэргийн дэд сайд ноён Такэо Акиба хөндсөнд УИХ-ын дарга М.Энхболд “Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэр хэрэгжих ёстой. Гол нь үйлчилгээний үнэ тарифаа Монголын нөхцөл, монголчуудын эрх ашигт нийцүүлэхэд анхаарах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Японы Гадаад хэргийн яамны Хятад, Монголын газрын захирал Казүяа Эндо, тэргүүн дэд захирал Шиничиро Хаяаши, дэд захирал Саяако Оцү нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэргээр манай улсын 10 гаруй иргэн Хятадад цаазын ял сонсчээ

Урд хөршид хар тамхитай холбоотой хэргээр манай улсын 36 иргэн хоригдож байна. 2008 оноос хойш БНХАУ-ын ардын шүүхээр хэлэлцэж манай улсын арав гаруй иргэнд цаазын ял оноогоод байгаа билээ. Хамгийн сүүлд Л.Байгалмаа, Н.Золзаяа, Ж.Дамдин нарын дөрвөн хүн мансууруулах төрлийн бодис худалдаалдаг сүлжээ гэмт хэргийн гар хөл болон цаазын ял сонссон билээ. Түүнчлэн Б.Халиун гэх эмэгтэй Малайзад хар тамхи өрөөндөө хадгалж байгаад баригдсан байна. Түүнийг цаазаар авах ялаар шийтгэсэн ч албаны эх сурвалжийн мэдээллээр ялыг хөнгөлж, бүх насаар нь хорих ял болгосон гэх мэдээлэл ч байна. Энэ мэтчилэн манай улсын иргэд хар тамхины сүлжээний тээвэрлэгч, золиос болсоор байгаа бөгөөд сүүлийн үед энэ гэмт хэргийн тоо ч өсчээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг төр засаг гүйцэлдүүлэх үйл явц хамгийн их үгүйлэгдэж байна гэв

Иргэний танхим зурган илэрцүүд“Ардчиллын хөгжил-Иргэний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулжээ.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хөтлөн явуулав.

Уг хурлын үеэр Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Энхбаатар “Төлөөллийн ардчилал, тулгамдсан асуудал” илтгэлдээ төлөөллийн болон шууд ардчиллын эерэг, сөрөг талуудын талаар дурдлаа.

Төлөөллийн ардчиллын сөрөг талаас дурдвал, төрийн бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй, шийдвэр гаргах хүндийн жин нь ард түмэнд биш, төлөөлөгчдөд, бүр тодруулбал, төлөөлөгчдийн ард байгаа намуудад төвлөрдөг. Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөх шинж буурдаг, нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээр суудлын олонхийг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг, парламентын гишүүн харьяалах намын бодлогыг заавал дагах үүрэг хүлээснээс түүний хараат бус байдал алдагддаг гэв.

Энэ байдал өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаан дээр харагдаж байгааг судлаачид хэлж байсан юм.

Энэ бүхэн даамжирснаар парламентын гишүүн яваандаа өөрийн эрх ямба, байр сууриа хадгалахын төлөө бүхнээ зориулах тал руу халтирдаг байна. Мөн яамдын түшмэд, шинжээчдийн хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө их болж, гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоогчдыг шахаанд оруулснаар төрд авторитар хандлага нэмэгддэг. Олон түмэнд парламентад үл итгэх хандлага хүчтэй илэрч, үүний улмаас иргэд сонгуульд оролцохоос зайлсхийх явдал нэлээд газар авч, сонгуульд санал өгсөн сонгогчдын тоо тогтмол буурдгийг илтгэлд тэмдэглэсэн юм.

Удирдлагын академийн дэд захирал, доктор Ш.Батсүх “Шууд ардчилал, иргэдийн оролцоо”сэдвээр илтгэхдээ ард нийтийн санал асуулга явуулах, Иргэдийн нийтийн хурал, орон нутгийн референдум гэсэн шууд ардчиллын гурван хэлбэр Монголд хэрэгжих бололцоотой гэдгийг онцлов.

Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга Д.Ганбат “Монгол Улсын ардчиллын чанар, анхаарах асуудал”-ын талаар илтгэхдээ “Монголын ардчиллын чанарт ахиц гарсан гэж үзэж болохгүй. Либерал ардчиллын үнэт зүйлсийн нэлээд хэсэг Монголд хөгжлөө олоогүй байна. Процедурын хэмжүүр дотор авлигын хяналт, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон эрх зүйт ёс дутмаг. Иргэдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг төр засаг нь гүйцэлдүүлж байх явдал хамгийн их үгүйлэгдэж байна. Сонгогдсон улс төрчдийн авлигад автахаас сэргийлэх хуулийн хамгаалалт дутуу. Сонгуулийн санхүүжилтийн хатуу чанд зохицуулалтыг боловсруулах, Шүүх, хуулийн байгууллагын хараат бус дархлаа, чадамжийг нэмэгдүүлж, улс төрийн нөлөөллөөс ангижруулах нь зүйтэй гэсэн юм.

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Монгол Улсад өнгөрсөн 27 жилийн хугацаанд улс төрийн нам төлөвшөөгүй, иргэний нийгэм бэхжээгүй байна. Төрөөс эрх зүйн орчны шинэчлэл тулгамдаж байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна. Эцэст нь ардчиллын хөгжлийг дэмжихүйц дотоод ардчилалтай, олон нийтийн дэмжлэг авдаг, инстүүцийг бэхжүүлэх нь Монголын ардчиллыг бэхжүүлэхэд нэн тустай болно” гэлээ.

Ч.Энхбаатар багшийн илтгэлд зөвхөн Монголд биш, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудад нэг бэрхшээл, зовлон гарч ирж байна. Үүнийг парламентын хямрал ч гэдэг, ардчиллын хямрал ч гэж ярьж байгаа. Төлөөллийн ардчилал өөрөө хуурамч багтай болсон байна. Үүнээс болж парламентын засаглалд иргэдийн итгэх итгэл унаж байна. Төлөөллийн ардчиллын амин сүнс болсон улс төрийн намуудын нэр хүнд мөн унаж байна гэсэн асуудлыг цогцоор нь хөндлөө. Мөн гарах тодорхой шийдлүүдийг гаргаж тавьсан.

Доктор Ш.Батсүх Төлөөллийн ардчиллыг Монгол Улс үгүйсгэхгүй. Үүнийг бэхжүүлэхээс гадна хариуцлагажуулахын тулд шууд ардчиллын механизмуудыг онцлогтоо тохируулан хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн санааг дэвшүүллээ. Доктор Д.Ганбат Монголд ардчиллын харагдах байдал нь байгаад байна. Гэхдээ бурхан нь байна, шүншиг нь алга гэдэгтэй адилхан ардчиллын агуулга, амин сүнс суларсан байна. Ардчиллын чанарт анхаарах ёстой. Бодит ардчиллаа бэхжүүлье. Ингэхгүй бол ардчиллын дараагийн барометр гарахад манай ардчилал хойшоо ухарсан байж магадгүй. Эрх чөлөөт улс гэсэн үзүүлэлтэс ухарч магадгүй байна шүү гэдгийг анхаарууллаа.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзориг “Орон нутгийн түвшин дэх иргэдийн санаачлах эрх” сэдвээр илтгэсэн юм. Тэрбээр орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцоог хангах нь төрийн дээд түвшинд иргэдийн оролцоог хангахаас өөр. Ганц хуулиар бүх зүйлийг шийдэж чадахгүй. Практик талаас нь анхаарах ёстой гэж онцоллоо.

МУБИС-ийн багш, доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн намуудыг шинэчлэхгүйгээр цаашдаа парламентын ардчиллыг цаашид бэхжүүлж авч явахад хэцүү. Хариуцлагатай, ил тод, бодлогын намуудыг хөгжүүлэхэд Монгол Улс анхаарах хэрэгтэй” гэлээ.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Энэ хурлыг зохион байгуулахад оролцсон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлага, багш, судлаачдад талархал илэрхийлье. Илтгэл тавьж оролцсон нийт судлаач, эрдэмтдэд мөн талархал илэрхийлье гэв.

Энд тавьсан илтгэлүүдээр ном гаргаж судлаач, эрдэмтэд, иргэдийн хүртээл болгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Гарамгайбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Холбоотой ЗурагУИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэрээр Хөгжлийн банкны томоохон зээлдэгч юм. Мөн түүнийг бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж байгаа аж.

АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийжээ. Шалгалтаар 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг холбогдох хүмүүсээр төлүүлэх болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл АТГ-аас Хөгжлийн банк тойрсон шалгалтыг эрчимжүүлж, тус банкны томоохон зээлдэгч, аж ахуйн нэгжүүдээс мэдүүлэг авч эхэлсэн бололтой.

Categories
мэдээ нийгэм

Зайсангийн уугуул 44 иргэнд газрын гэрчилгээг нь гардууллаа

Нийслэлийн ХУД-ийн IV,XI дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 44 иргэнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.

Уг ажлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг газрын давхцалгүй инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй эдгээриргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.

Тус арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол иргэдэд хандан “Богдхан Уулын Зайсангийн ам болон Арцатын аманд олон жил амьдарч байгаа иргэдийн газрын асуудал шийдэгдэхгүй олон жил явж ирсэн. Миний бие эдгээр иргэддээ газар олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг анх гаргаж байсан. Ингээд зөвшөөрөлгүй оршин сууж байсан иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд XI дүгээр хорооны 463, IV хорооны 135 иргэннийт 53.27 га газрыг “Бичил эко аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгоод байна. Газар ашиглах эрхийн гэрчилгээ авч байгаа иргэд газраа байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглаж Хамгаалалтын захиргааны тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ. Газрын гэрчилгээгээ авсан иргэд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж, талархсанаа илэрхийллээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан бас дахин нэг хүнийг АТГ шалгаж эхэлжээ. УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбоотой албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн шалгаж байгаа аж. Яг одоо тэрээр байцаалт өгч байгаа гэнэ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан үндэслэлээр шалгаж байгаа аж.

Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ заасан байдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын III төв эмнэлэг тэргүүлэв

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил–2017” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөө болж байна. Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байгаа юм.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ “Та бид өнөөдөр 2016 онд Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбарт олсон амжилт, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлынхаа талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар хуран цуглараад байна.

2016 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан бөгөөд манай улс ч мөн адил дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн энэхүү тунхаглалд нэгдэж, ирэх 15 жилд хэрэгжүүлэх үндэсний урт хугацааны хөгжлийн бодлого болох “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан билээ. Үзэл баримтлалыг дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөгжлийн ирэх 10 жилийн хугацааны ерөнхий зураглал, төлвийг тусгасан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлуулаад байна” гэв.

Тэрээр мөн эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, хамтран ажилласан салбарынхаа удирдлагууд болон олон улсын байгууллагын хамт олонд талархал дэвшүүллээ.

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн юм.

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс нэгдүгээр байрыг Улсын гуравдугаар төв эмнэлэг 94,5 хувиар, хоёрдугаар байрыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 92,8 хувиар, гуравдугаар байрыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв 92,5 хувиар тус тус эзэллээ.

Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Дорноговь аймаг 88,3 хувиар нэгдүгээр байр, Булган аймаг 88,1 хувиар хоёрдугаар байр, Говь-Алтай аймаг 87,7 хувиар гуравдугаар байрыг тус тус эзлээд байна.

Мөн 2016 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан, эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар:

  1. “Оны шилдэг эмч”
  • Цэднээ овогтой Даваацэрэн – Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Зүрхний мэс заслын эмч
  1. “Оны шилдэг эм зүйч”
  • Дамбарэнцэн овогтой Отгонбаяр – Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эм зүйч
  1. “Оны шилдэг сувилагч”
  • Цэрэн овогтой Шинэцэцэг – Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч
  1. “Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтан”
  • Норов овогтой Болормаа – Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан
  1. “Оны шилдэг эх баригч”
  • Далрай овогтой Жавзандулам – Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч, бага эмч нар тус тус шалгарлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяраар мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлана

Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр онлайнаар орон нутаг дахь Авто тээврийн үндэсний төвийн нэгж, Замын цагдаагийн тасгийн ажилтнуудад сар шинийн баярын үеэр хэрхэн ажиллах чиглэл өглөө.

Сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутаг руу зорчих замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнээс болж осол аваар гарах нь ихэсдэг. Мөн орон нутгийг зорих иргэдийн эрэлтээс үүдэн зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэх, нийтийн тээврийн хэрэгсэл хулгайн замаар зорчиж осол аваар гаргах тохиолдол гардаг байна.

Авто тээврийн үндэсний төв болон Замын цагдаагийн албаны зүгээс орон нутгийн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн эрхтэй мэргэжилтнүүдэд дараахь үүргийг өгөв.

-Авто тээврийн төвүүд орон нутаг талаасаа замын хяналт шалгалт зохион байгуулж ажиллах

-Авто тээврийн төвүүд Мэргэжлийн хяналтын байгууллага, замын цагдаагийн албатай хамтран ажиллах ажиллах

-Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар байнга мэдээлэл солилцож ажлын уялдаатай, нэгдсэн мэдээ мэдээлэлтэй байх

-Хууль бус тээвэрт онцгой анхаарч тэмцэх, хууль бус тээвэр эрхэлдэг жолооч, тээврийн хэрэгсэлийн судалгаа гаргаж, хууль бус тээврийн хор уршгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлэл түгээх

-Осол саатал гарсан үед авто тээврийн улсын байцаагч газар дээр нь очиж тээвэр ашиглалтын дүгнэлт гаргаж ажиллах зэрэг чиглэлийг өглөө.

Өмнөх жилийн сар шинийн баярын үеэр мотоциклийн ослоос үүдэн хоёр хүн амь насаа алдсан тул баярын үеэр мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлах үүрэг өгөв.

Categories
мэдээ нийгэм

П.Цагааны санаачилсан “Дархад дууны цоморлиг”-ийн нээлт боллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны санаачилгаар нутаг нутгийн аялгууг олон нийтэд таниулах, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Дархад дууны цоморлиг” номыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргажээ. П.Цагаан уг номын нээлтийн үеэр ярихдаа “2016 оны УИХ-ын сонгуулиар байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл далайг захлан суусан зон олонтой уулзан, ярилцаж явахдаа тэр хүмүүс өвөг дээдсийн маань 700-800 жилийн соёлын өв, хэл яриа, аялгууг өдий хүртэл тээж явааг хараад Дархад зоны дууг эмхэтгэн хэвлүүлэх санаа төрсөн. Сүүлийн жилүүдэд монголчууд гадны улсын “савангийн дуурь”-т хэт шимтэхийн хэрээр тухайн улсын соёл эрчимтэй нэвтрэхээс гадна уламжлалт соёлын өв тээгчдийн тоо цөөрсөөр байна. Монгол Улсад бусдаас ондооших, омогших мөн чанар гээгдэж, соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай. Монгол монголоороо үлдэх боломж бол эх хэл, соёл юм. Тиймээс хойч үедээ Монгол Улсын оршин тогтнох дархлаа болсон эх хэл, соёлоо нандигнан үлдээх үйлсэд “далайд дусал нэмэр” болгох үүднээс энэхүү номыг хэвлүүлэн гаргалаа” гэв.

Энэхүү номд дархад ардын дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэй ашиглан эмхэтгэжээ.

Мөн газар газарт өөр өөрөөр дуулж ирсэн дархад дууг, гадаад дотоодын үе үеийн судлаачийн бүтээлээс шимтэн түүж, нийт 825 дууг газар усны нэр, үгсийн сангийн өвөрмөц тайлбарын хамт нэгтгэснээрээ урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлогтой гэнэ.

Цаашид тэрбээр буриад, урианхай, хотгойд зон олны ардын болон зохиолын дууг хадгалан хамгаалж нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ.

МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны Дугуй танхимд болсон энэхүү номын нээлтэд Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, академич Д.Төмөртогоо, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, СГЗ, судлаач, орчуулагч Г.Аким нарын эрдэмтэн судлаач, багш нараас гадна номыг бүтээхэд туслацаа үзүүлсэн дархад зоны төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.