“Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу” нийтлэл “Өдрийн сонин”-д гарсныг уншаад Н.Банди гуай бидэнд хандсан юм. Тэр үеийн үйл явдлын гэрч болох хүмүүстэй уулзаж явсны хувьд Улсын баатар Т.Борын талаар сонсч дуулснаа Н.Банди гуай бидэнтэй хуваалцлаа. Хустайн цогцолборт газар төвийн захирал байсан түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та Т.Борын тухай юу ярих гээд биднийг зориод ирэв ээ?
-Би Өмнөговийн Ханбогд гээд Цогтцэций сумын залгаа сумын хүн л дээ. Цэрэгт байхдаа Түвдэнгийн Борыг хорооход оролцсон хүнтэй уулзаж явсан юм. Тэгээд л танай сонинд Түвдэнгийн Борын тухай нийтлэл гарахаар олзуурхаад хүрээд ирлээ.
-Тэр хүмүүс нь одоо байдаг уу?
-Байхгүй болсоон. Т.Борын амь үрэгдсэн талаар барин тавим мэдэх хүмүүстэй тавь гаруй жилийн өмнө уулзаж, асууж, шалгааж явсан болохоор чиний бичсэнийг би сониноос уншаад энэ талаар хүмүүст ойлгуулах нь зөв болов уу гэж бодоод хүрээд ирлээ. Би 1960-аад оны сүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд цэргийн алба хааж байхдаа Т.Бор болон түүний нөхдийг егүүтгэхэд оролцсон нэгэнтэй уулзаж, чухам юу болсныг яриулсан юм. Тэр хүнийг Пагамын Гөлөгөө гэдэг байсан. Намайг уулзах үед тэр хүн Цогтцэций сумын Билгэх бригадад хоньчин байсан. Гөлөгөө гэдэг хүн Түвдэнгийн Борыг алахад оролцсон Лувсандорж гэдэг хүний төрсөн дүү.
-Тэр хүн энэ тухайгаа танд бүгдийг ярьсан хэрэг үү?
-Тэгсэн юм аа. 1932 оны хавар тэднийх Заарагийн уснаас баруун өмнө гурван гэрээр хаваржиж байжээ. Тэгэхэд Гөлөгөө хэдий 22 нас хүрсэн том эр ч гэрийнхнийхээ үгнээс гардаггүй, адуунаасаа унаагаа солиод уначих мэдэлгүй, бүрэг ноомой нэгэн байж. Тэр нэг өдөр Гөлөгөө хоньтойгоо хамт хээлтэй үнээгээ хариулаад гэрээсээ холгүйхэн явж байтал хургалсан хоньд нь төлдөө тэмүүлж, гэр рүүгээ явах гээд нар баруунаа ташсан ч хонио хотлуулах болоогүй болохоор хониныхоо өмнө гарч арайхийн тогтоож байтал тэднийхээс нэг бараан морьтой хүн Заарагийн усыг чиглэн хар хурдаараа давхиж, хойноос нь хоёр гурван морьтой хүн хар хурдаараа элдэж харагдсан гэдэг. Түрүүчийн хүн Заарагийн усны хонхор руу далдарч, түр азнаснаа хэдүүл болон гарч ирэн араас нь хөөж яваа улсуудыг тосч очсон гэдэг. Тэр бүхнийг харж зогссон Гөлөгөө захалсан хонинуудаа эргүүлчихээд довон дээр гарч хартал нөгөө хүмүүс бүгд мориноосоо буучихсан харагдаж. Тэднээс нэг хүн мориндоо мордон Гөлөгөө рүү ирсэн нь түүний ах Лувсандорж байсан юм билээ.
-Та тэртээ тавиад жилийн өмнө сонссон зүйлсийг яасан тод санаж байх юм.
-Өө, элдэвт дуртай хүн шүү дээ. Би ер нь бага залуудаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан юм. Сонин содон түүх, адармаатай сонирхолтой зүйлийг их сонирхож, хүн хартай уулзан, бичиж тэмдэглэж явдаг. Тэгээд ч тэр яриа миний сонирхлыг ихэд татсан болохоор санаанаас огт гардаггүй юм. Мөн Гөлөгөөгийн хувьд ч тэр хэзээ ч санаанаас нь гараагүй үйл явдал болохоор та нарын хэлдгээр надад өнгөтөөр нь ярьж өгсөн хэрэг шүү дээ.
-За хоёул түрүүчийн яриа руу оръё. Ах нь ирээд юу болсон бэ?
-Ах нь Гөлөгөөд “Чи наад хонь, үхрээ орхи. Өөрсдөө гаднаа очно биз. Чи надтай хамт яв” гэж хэлж. Өнөөх залуу яахав дээ. Ахынхаа үгнээс зөрөх биш, араас нь давхиж. Нөгөө хүмүүс ч тэр хоёртой зэрэг шахуу тэдний гэрийн гадаа ирэв. Очиход нь хэсэг хүн хүлээстэй байсны дотор цэнхэр дээлтэй, дунд зэргийн нуруутай, хорь орчим насны шавилхан бүсгүй байж. Гэрээс хоёр хүн гарч ирснийг тэд хамжин барьж хүлжээ. Гэрт ортол Гөлөгөөгийн таних, тэдний нутгийн ногооны Сандаг, бартаг Лут, их толгой Лувсандорж гурав хүлээтэй байсныг суллажээ. Ингээд нар жаргахаас өмнө тэд Лүнгийн хийд рүү явсан байгаа юм. Ах нь мөн л дүүгээ хамт яв гэж. Шөнө Лүнгийн хийд дээр очиж, хүлээтэй хүмүүс буюу Түвдэнгийн Бор тэргүүтэй хүмүүсийг нэг муу шавар тагзанд хорьж л дээ. Гөлөгөө юу болж байгааг нарийн ойлгоогүй гэсэн. Ахаасаа асуухаас айж чимээгүй л дагаад явж. Энэ хүмүүсийг яагаад хүлж байгаа юм бол гэж бодон жасын гэрт орж унтахаар хэвттэл Сэрээ тайжийн жонгиносон дуу хадаж, хэн нэгнийг зодож занчиж байгаа чимээ гарч. Өдөр нь Сэрээ тайж өнөөх цэнхэр дээлтэй бүсгүйг “Улааны муу өлөгчин чи хаачиж яваа вэ. Биднийг барих гэж яваа юу. Аз чинь дутаж дээ. Хойд насандаа бариарай гэж хорсон хэлэхэд бүсгүй “Тийм ээ, бид эсэргүү та нарыг барих гэж явсан” гэж хачин тайвнаар хэлж байсан аж. Гөлөгөө тэр үед Сэрээ тайжийг яагаад эсэргүү гэж байгаа юм бол. Энэ танихгүй хүмүүс юун хүмүүс юм бол гэж гайхширсаар нам унтчихсан гэдэг. Өглөө ах нь сэрээгээд “Морьд бариад ир” гэж. Холдоогүй хоносон чөдөртэй морьдоо бариад ирэхэд нь өнөөх хүлээстэй хүмүүсийг шавар тагзнаас гаргаж байжээ. Үдэш таван хүн байсан өглөө зургаан хүн болчихож. Бүгдийнх нь нүүр ам булуу болтол хавдаж, цус нөж наалдаад хатчихсан байв. Өнөө хэдийг зайдан моринд мордуулж, хөлийг нь доогуур нь холбон уяж, хүлээг нь тайлаад дээлийнх нь ханцуйгаар унийн мод оруулан тэлж, цааш авч яван Тугийн цохионы зүүхэн талын жалганд ирж, мориноосоо бууцгаан, нөгөө авч явсан хүмүүсээ мориноос буулган, дахин хүлж, чирч гулдран аваад явав.
-Өнөөх Т.Бор нарын хэдэн залуусыг тэр цохион дээрээс түлхэж алсан гэдэг байх аа…
-Аан тийм, тэр цохио мөн, мөн. Сэрээ тайж Гөлөгөөг “Морьд харж бай” гэж. Нэлээд удаж байтал буун дуу гарсан гэдэг.
-Нөгөө хэдийг буудчихсан хэрэг үү?
-Гөлөгөөгийн ярьснаар эсэргүү гэгдэх өөрийнх нь ах болон хамт явсан хүмүүс буцаж ирэхэд хүлээстэй байсан хэдэн нөхдөөс хэн ч байгаагүй гэдэг. Их толгой Лувсандорж нь “Яасан адтай өлөгчин бэ” гэсээр ирэхэд нь Сэрээ тайж “Тэр сүрхий залуучуудын эвлэл гэдэг нь одоо үхсэн хүүрийг нь босгоод ирэхийг харах юмсан” гэж ярилцаж байсан гэх юм билээ. Ингээд Гөлөгөө гэртээ ирэхэд гэрт байсан эмэгтэйчүүд “Юу болов“ гэлцэн асуухад “Бүгдийг нь алчих шиг боллоо” гэж л дээ. Хүүхнүүд “Бурхан гончигсум минь” гэлцээд зул өргөн залбирцгааж.
-Танд ярьсан тэр Гөлөгөө гэдэг хүн жаахан давс хужир нэмж ярьсан юм биш биз дээ. Яг л кино шиг яриад байх чинь….
-Би чамд ярьсныг нь л дамжуулж байгаа. Тэр үед тийм л юм болж.
-За тэгээд цааш нь юу болсон юм?
-Хэд хоногийн дараа ах Лувсандорж нь давхиж ирээд “Одоо хоёулаа явахгүй бол болохгүй. Хонь малаа орхи” гээд ойрхон байсан адуунаасаа урьд нь огт унуулдаггүй хоёр сайхан морь барьж өгчээ. Хаашаа явж байгааг ч мэдэлгүй ахыгаа дагаад Гөлөгөө явж. Замд нь тэдэнтэй ногооны Сандаг, үеийнх нь залуу Гомбодорж хоёр нийлжээ. Тэд өдөр нь ууланд бүгж, шөнөөр явдаг байв. Гөлөгөө бол эхэндээ хаашаа явааг ч мэдээгүй гэдэг. Гэтэл хил давахаар явж байж л дээ. Үүнийг мэдээд нөгөө Гомбодорж хэмээх үеийн залуутайгаа ярилцан “Хоёул сэмхэн буцъя” гэлцэн зугтах гэж яваад нөгөө хэддээ буцаад баригдчихаж. Ингээд гурав дахь хоногтоо тэд хил давсан байдаг. Хоёр залууг зугтаж магадгүй гээд морийг нь цулбуурдан хөтөлж хил гарсан гэдэг.
-Тэр үед зарим айл хил давчихсан л байсан байлгүй дээ. Эсэргүү гэгдээд нутаг хошуугаа орхиж их олон өрх айл нүүсэн гэдэг биз дээ.
-Хилийн цаана ар Монголоос баян голдуу айл нүүж гарсан байсан хэрэг. Тэгээд өнөөх Гөлөгөө маань Содномынх гэдэг баян айлын тэмээ хариулж, гэдэс тэжээх болсон юм билээ. Хүн алсан хэргээр баригдана гэж л ах нь болон нөгөө хүмүүс тэгэж дайжиж явсан хэрэг л дээ. Хил давж ирсэн улсын зарим нь өдөр шөнөгүй архидаж, даалуудан, хамаг хөрөнгө мөнгөө мөрийтэй тоглоомд өгч, зарим нь буцаж хил даван хулай дээрэм хийдэг нь ч байж.
-Өнөөх хамт хил гарсан Гөлөгөөгийн ах Лувсандорж, бусад хүмүүс хаачсан юм бол?
-Хил даваад амьдрах гэж янз янз болцгоосон биз. Сүүлд ахыгаа нас барсан л гэж дуулсан юм билээ. Ингэж зүдэрч явахдаа гэр орноо их санаж, нутгийн зүг харахаар буцаад явмаар санагддаг байсан гэж Гөлөгөө хэлж байсан. Нөгөө айлд хэсэг зарагдаад унаж очсон морьд нь ч үхэж, Содном гэдэг айл ажлын хөлсөнд нэг үрээ өгсөн нь ч бас үхэж. Сүүлд нь хүнээс хавх гуйж, үхсэн малын сэг дээр зүүж, үнэг авлаж, түүгээрээ ганц дээлийн даалимба худалдаж аваад түүнийгээ бааданд бүсэлчихээд явж байхад гэр оронтой болсон юм шиг сайхан санагдаж билээ гэж Гөлөгөө надад дурсаж байсан. Тэгээд бага сага наймаа хийдэг болж, азаар баян Хорол гэдэг хүний охин Дэмбэрэлтэй дотносон, ханилсан юм билээ.
-Тантай уулзсаныг бодоход нутагтаа буцаж иржээ дээ..
-1945 онд Монгол-Зөвлөлтийн цэрэг Хятадыг чөлөөлж, элгээ бэтгэртэл санаж явсан нутаг руугаа очих боломж олдсон юм билээ. Гэхдээ төрсөн нутагтаа шууд очвол баригдаж магадгүй гээд Дорноговь аймгийн нутгаар хил даван Монголдоо ирж, Хатанбулаг суманд хэсэг амьдарсан юм билээ. 1953 оны тавдугаар сарын нэгэнд хоёр буутай хүн ирж баривчлаад аваад явж. Тэгээд өнөөх хэргийн учир хорин жил хоригдох ял сонсчээ. Гэвч таван жил хоригдож, таван жилийн ажлын хоног авч, 1958 онд суллагдсан юм билээ. Гөлөгөө хэлэхдээ “Миний дүйнгэ маанагаас тэр хүмүүсийн амь үрэгдсэн. Тэр шөнө би мордож давхиад Шанхайн цэргийн ангид хэл хүргэсэн бол тэд амь аврагдах л байсан байх. Надад тийм ухаан төрөөгүй. Тэр бүү хэл юу болж байгааг ухаарах сөхөө ч байгаагүй” гэж ярьсан.
-За их сонин түүх байна. Харин танд Т.Борын тухай өөр сонссон зүйл хэр байна. Түвдэнгийн Бор үнэхээр түүхэнд байдаг шиг алдартай, гавьяатай хүн мөн үү. Эсвэл цаг үеийн шаардлагаар ухуулга хийж яваад, золгүй үхлээр хорвоог орхисон нь түүнийг баатар болгочихов уу?
-Түвдэнгийн Бор 1932 онд 19 настай байсан юм. Би Борыг тийм гавьяатай хүн гэж хэлж мэдэхгүй. Ямар ч байсан хил давуулаад айл нүүлгэхийн эсрэг ухуулга хийж явсан хүн юм билээ. Тэр үед 19 настай эмэгтэй Эвлэлийн үүрийн дарга болно гэдэг нэлээд сэргэлэн, галтай цогтой хүн байсан байж таарна. Эндээс эргүүлээд бодоход тэр амь гуйж байгаагүй. “Залуучуудын эвлэл мандтугай” ч юм уу нэг тийм юм хэлсэн шиг байгаа юм.
-Үзэл сурталд хэт автчихсан, жаахан бүсгүй л байсан юм биш үү. Эх орныхоо төлөө ямар баатарлаг гавьяа байгуулсан юм бол. Харин ч тэр ухуулганд оролгүй хил давж чадсан хүмүүс нь амьд мэнд үлдсэн нь одоо харахад зол юм шиг. Хэрэв Т.Бор нар шиг хүмүүс ухуулж сэнхрүүлэн хил давж явахыг нь хориглоогүй бол илүү олон хүн амьд мэнд үлдэх ч байсан юм бил үү?
-Би тэрийг дүгнэж цэгнээд яахав. Т.Борын үхлийн тухай би нэлээд зүйл бас сонссон. Цогтцэций сумын Их Шанхай нэгдлийн дарга байсан Д.Норовдорж (Нутгийнхан нь Момоо гэж авгайлдаг) гуай Т.Борын алагдсан талаар надад нэлээд зүйл ярьсан. Т.Борд Улсын баатар цол нэхэн олгох үед Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооноос олон арга хэмжээ зохион байгуулахдаа Т.Бортой хамт эсэргүү нарт баригдсан ч азаар амьд гарсан Сайнбаяр гэдэг хүнийг Дундговь аймгийн Өлзийт сумаас урьж ирүүлэн, тэр аллага болсон Тугийн цохион дээр аваачиж яриулсан юм билээ. Сайнбаярын ярьсныг Норовдорж гуай надад ярьж өгсөн юм. Архангай, Хөвсгөл аймагт “Хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” ид өрнөж байх үед Өмнөговь аймагт бас үймээн самуун дэгдэж, Дэл хөнжил уулаар нутагтай Дэлэгсамба гэгч хамсаатнуудынхаа хамтаар Монголд шинээр тогтсон ардын засгийг эсэргүүцэн айлуудыг хил давуулах гэж бужигнуулж өгч дээ. Зарим айл нь ч бас нүүж суух дургүй байсан л гэсэн. Тэр үед аймаг, сумын албаны хүмүүс айл хэсч ард иргэдэд ухуулан сэнхрүүлж, нүүж болохгүй гэж явж. Т.Бор ч бас тэгж үүрэг аван ухуулга хийж явж л дээ. Тэгж явахдаа л эсэргүү нарын хамсаатан гэх үү, эсэргүү гэх үү өнөөх ногоон Сандаг, бартаг Лут, нарыг бариад Гөлөгөөгийн ах Лувсандоржийг барихаар очиход цаадах нь морьтой зугтаж. Хувьсгалт залуучуудын эвлэлийн залуусын хоёр нь барьсан улсаа харж үлдээд гурав нь Лувсандоржийн араас явж л дээ. Лувсандорж зугтаж явахдаа Заарагийн усан дээр байсан Сэрээ тайж нарын хүмүүст хэл хүргэж, тэд Гөлөгөөгийн дээр өгүүлснээр араас нь хөөж явсан гурвыг тосч очин барьж, гэртээ ирж, тэнд үлдсэн хоёрыг бас барьж, өөрийнхөө гурван хүнийг сулласан юм байна. Сайнбаярын ярьснаар тэд тавуул эсэргүү нарт баригдсан ч Лүнгийн хийд дээр хоносон шөнө сумын дарга Мөнхөөг нэмж барьж иржээ. Гөлөгөөгийн хэлснээр өглөө нэг хүн нэмэгдчихсэн байсан гэдэг нь тэр юм.
-Бусад үйл явдлыг та түрүүнд ярьчихсан болохоор Тугийн цохион дээр юу болсон нь сонин байна л даа.
-Өглөө нь тэднийг Тугийн цохион дээр авчраад цохионы өврийн том чулуун дээр сумын дарга Мөнхөөг хонь мэт өрлөн алж, бусдыг нь овооны орой руу чирч гулдран гарчээ. Тугийн цохио нь араасаа налуу, өвөр энгэр нь эгц цавчим, 5-6 метр өндөр цохио.
-Киноноос харахад айхтар өндөр цохио хаднаас л уначихдаг биз дээ…
-Орой дээрээс нь хүнийг түлхчихэд бэртэж гэмтэнэ үү гэхээс үхэж үрэгдэхээр өндөр халил биш. Эсэргүүнүүд ганц цахиур буутай, тэр нь ганцхан пан гээд л дуусаа. Дахиж цэнэглэх зав ч байгаагүй юм байлгүй, хүлээстэй хүмүүсийг нэг нэгээр нь цохион дээр дамжилж аваачин, толгойгоор нь хад саваад доош хаяж байжээ. Сайнбаярын хар багаасаа өвөр түрийдээ орж тоглож өссөн Ёндон гэгч тэдгээр эсэргүүнүүдийн нэг байж. Ёндон тэр үед харуул хийж ойролцоох толгой дээр сууж байж. Хүмүүсийг алсны дараа Сайнбаярыг хамгийн сүүлд үлдээн өнөөх найз нөхөр явсан Ёндонгоос “Энийг алах уу, яах уу” гэж асуухад “Ал, ал” гэж хашгирч. Тэгээд нэгнийх нь найз учраас тарчлаахгүй алах гээд дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөн цааш харуулан суулгаж байгаад цахиур буугаараа бууджээ. Сайнбаяр түрүүлгээ харан унасан ч толгой нь дээлээр тунтраастай, ухаан алдаагүй байж. Нөгөө эсэргүү гэгдэх хүмүүсийн нэг нь ирж, үхсэн эсэхийг шалгаж байгаа бололтой хөл рүү нь өшиглөж үзсэнээ “Энэнээс авах юм юу байдаг билээ” гэж асуухад нөгөө нь “Гаансыг нь ав” гэж. Гутлын түрийнээс нь гаансыг нь аваад тэд явцгаажээ. Буцаад ирж магадгүй гээд Сайнбаяр хөдөлгөөнгүй удаан хэвтэж. Босоод хартал эргэн тойронд хэн ч байхгүй болохоор нь уулнаас бууж, хөндий уруудан сажилжээ. Сум хөндий цээжээр нь нэвт гарч цус их алдсан тул тамир тасарч явж чадахаа болиод сүүлдээ мөлхжээ. Хэсэг хэвтээд өндийж хартал ойролцоо тэмээтэй хүн явах нь харагдаж. Хамаг чадлаараа хашгирч, даллатал хүрээд иржээ. Нэлээд настай хөгшин хүн байж. Сайнбаяр ч чадахаараа л тайлбарласан юм байх. Хөгшин ойртсон ч үгүй, дуугарсан ч үгүй, хэсэг харж байснаа яваад өгч гэнэ. Гэтэл төд удалгүй өнөөх хөгшин буцаж ирэхдээ нэг домботой юм, модон тагштай үлдээгээд явжээ. Хамаг чадлаа шавхан өнөөх домбонд мөлхөн хүртэл ингэний шар тос самарсан, шар будаатай цай байж. Түүнийг ууж тэнхэл ороод босч сажилсаар айлын бараа харж амь аврагдсан юм билээ. Сайнбаярын сүүлд ярьснаар Т.Бор тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой, ханилж суухаар ярилцсан байжээ. Сумын захиргаанаас үүрэг аваад хөдөө явчихаар санаа нь зовоод очиж, хамт явж байгаад баригдсан нь тэр.
-Тэдгээр хүмүүсийг алсан зарим нь хил гарч, бусад нь баригдсан уу. Тэр тухай та юм сонсч байв уу?
-Би Цогтцэцийд цэргийн алба хааж байхдаа Лүнгийн хийдэд шавилан сууж байсан бас нэг хүнтэй уулзаж байсан юм. Одоо нэрийг нь мартжээ. Тэр хүн тэгэхэд арваад насны л хүүхэд байсан гэсэн. Аллагын урьд өдөр Т.Бор өөр нэг хүний хамт Лүнгийн хийд дээр ирж, тэднийд унд цай ууж, явахдаа Заарагийн ус орно гээд явсан байдаг. Хэдийд, хаана тэр эсэргүүнүүдийг бариад Жигмэд тойны Лувсандоржийнд очсон юм бол, мэдэхгүй. Эсэргүүнүүд тэднийг Лүнгийн хийд дээр авчирч хонодгийн маргааш өглөө айгаад хөдөө гэр рүүгээ явган гүйчихсэн, дахиж хийд рүүгээ очоогүй гэж ярьж байсан. Харин намайг Цогтцэцийд байхад мөнөөх үст Ёндон сумын төвд амьдарч байсан юмдаг. Гэвч нутгийн хүмүүс түүнийг тэр үеийн тухай огт ам ангайдаггүй, маш зожиг, түгжигдмэл хүн гэцгээдэг тул би түүнтэй уулзаагүй юм.
-Та энэ бүх түүхийг сонссон хүн. Борыг баатар байх ёстой хүн гэж бодож байна уу?
-Би бодсон л доо. Баатар гэж хэнийг хэлэх вэ гэж. Хамгийн аймшигтай юм бол үхэл. Тэгээд үхлээс айдаггүй хүнийг л баатар гэдэг юм бол энэ хүн баатар хүн. Бас үхлээс айхгүйдээ хүн ардад хэрэгтэй юм хийж явсан. Тэр ухуулга хийгээд үлдээсэн хэсэг улс байж л таарна. Гэхдээ буруудсан гэх нь хаашаа юм. Хил гарсан олон хүн нь буцаж ирсэн. Төрсөн нутаг үнэ цэнэтэй шүү дээ. Энэ хэрэг 80 гаруй жилийн өмнө болсон байна. Би одоо ийм, тийм гэж хэлэх зүйл алга. Ямар ч байсан л Бор гэдэг хүн үхлээс айдаггүй хүн байж гэдгийг л хэлэх гэсэн юм.