Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагналаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос
өнөөдөр /2017.02.22/ хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын
ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл
өгөв.

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит
чуулганы хугацаанд тус байнгын хорооны үйл ажиллагаа нь улс орны эдийн
засагт бий болсон хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд хохирол
багатайгаар даван туулах зорилтын хүрээнд эдийн засгийг сэргээхэд
чиглэсэн хөтөлбөр, зарим хууль тогтоомжийг хэлэлцэн батлуулах, төрөөс
мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын
эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус
тодорхойлох, 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим
гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт
гаргаж, хэлэлцүүлэх, яам, газруудын тайлан, мэдээллийг сонсож, үүрэг
чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулан
ажиллуулах зэрэгт чиглэсэн болохыг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва
мэдээллийн эхэнд танилцууллаа.

2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 32 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо 1 удаа, ажлын хэсгүүд 10 гаруй удаа тус тус хуралдсан байна. Давхардсан тоогоор 60 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 32 санал
дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн
хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль тогтоолын
төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10-аад Ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ.

Ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 13 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцсөн аж.

Улс орны эдийн засагт бий болсон
хүндрэлийг даван туулж, эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэн
баталж, энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2017 онд эдийн
засаг, нийгмийг хөгжүүлэх болон мөнгөний бодлогын талаар төрөөс
баримтлах үндсэн чиглэлүүдийг тус тус тодорхойлсон нь намрын ээлжит
чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан
томоохон арга хэмжээний нэг байсныг Байнгын хорооны дарга онцолсон юм.

Тайлант хугацаанд тус Байнгын хороо
хяналт, шалгалтын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч
ажилласан талаарх мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны дарга
Д.Тэрбишдагва танилцуулав.

Байнгын хорооноос эрхлэх асуудлынхаа
хүрээнд хамрагддаг яам, газруудаас гарган ирүүлж байх тайлан, мэдээ,
мэдээллийн нэгдсэн хуваарийг батлан хүргүүлж, уг хуваарийн дагуу яам,
газруудаас холбогдох тайлан мэдээллээ тогтмол хугацаанд авдаг болжээ.
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар холбогдох яам,
газруудын мэдээллийг сонсох нэгдсэн хуваарь гарган урьдчилан хүргүүлж,
уг хуваарийн дагуу нийт 13 удаагийн мэдээллийг 20 гаруй төрлийн сэдвээр
сонсох ажлыг зохион байгуулж, мэдээлэл сонссонтой холбогдуулан Байнгын
хорооноос 10 гаруй удаагийн тогтоол, протоколоор Засгийн газар болон
яам, газруудад үүрэг чиглэл өгсөн байна. Ээлжит чуулганы завсарлагааны
хугацаанд зарим Ажлын хэсэг ажиллаж, Монголбанкинд ажиллахаас гадна
Байнгын хорооноос зарим томоохон уул уурхайн болон дэд бүтцийн чиглэлийн
аж ахуй нэгжүүдийн ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа,
ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн
байдал, тулгамдсан асуудлуудын талаар Барилга, хот байгуулалтын сайдын
мэдээллийг сонссон болохыг мөн сэтгүүлчдэд танилцуулаад, тодорхой
мэдээллийг хийлээ.

Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын
хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар сэтгүүлчдийн
сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагналаа

УИХ-ын
гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн
Д.Гантулга, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат нар өнөөдөр /2017.02.22/ хэвлэлийн
бага хурал хийж, тус Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы
хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа.

Улсын Их Хуралд 2016 оны намрын ээлжит
чуулганы хугацаанд 17232 иргэнээс 1874 өргөдөл /нийслэлийн иргэдээс 1324
буюу 70,6 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 550 буюу 29,3 хувь/
ирүүлсэн бөгөөд тус Байнгын хороо бүх өргөдөлд хариу өгсөн болохыг
Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мэдээллийн эхэнд онцоллоо.

Тэрээр Өргөдлийн байнгын хороо тайлант
хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд хариуцсан яам, агентлаг,
төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан
хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, Засгийн газарт чиглэл өгч
ажилласан. Тус Байнгын хороо нийн 7 удаа хуралдаж, 11 асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэж 7 тогтоол, 1 зөвлөмж, 2 албан бичгээр Монгол Улсын Засгийн
газарт чиглэл өгч иргэдийн өргөдлүүдийг шийдвэрлэх чиглэлд ажиллалаа.
Энэ хугацаанд иргэдээс хамгийн олон болох 5848 өргөдөл Туул голын
бохирдлыг бууруулах хүсэлт, гомдол ирүүлсэн юм. Туул голыг бохирдуулагч
гурван том хүчин зүйл бол төв цэвэрлэх байгууламж, арьс, шир
боловсруулах үйлдвэрүүд, мөн элс, хайрга олборлолтын үйл ажиллагаа
явуулдаг ААН-үүд юм. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд юуны
түрүүнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, мөн холбогдох хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай Өргөдлийн байнгын хорооны03 дугаар
тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон. Энэхүү ажлын үр дүнд төв
цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил 2017 онд багтааж баригдахаар
болсон төдийгүй ТЭЗҮ нь батлагдаж, хөрөнгө нь шийдвэрлэгдсэн болохыг
тодотгов.

Түүнчлэн нийгмийн тулгамдсан асуудал бол
яах аргагүй утааны асуудал юм. Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын
03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах үндэсний
хөтөлбөр болон гамшгийн үед авах хойшлуулшгүй арга хэмжээний төлөвлөгөө
боловсруулж батлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, аймаг,
нийслэлд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажлыг
шуурхайлах, утааны эсрэг сургалт, сурталчилгаа явуулах, аж ахуйн
нэгжүүдийн санал санаачлагыг дэмжих, төрийн байгууллага, албан
тушаалтан, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг
Засгийн газарт чиглэл болгов.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын
гишүүн М.Оюунчимэг, Н.Цэрэнбат, Д.Гантулга нар 2016 оны намрын
ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийсэн ажлын
талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ, энэ
хугацаанд тус Байнгын хороо хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар
хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөрийн зах зээлийн
эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ур чадвар олгох, хүн амын хөдөлмөр эрхлэх
боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөний үр
дүнд иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар өндөр цалинтай
ажлын байранд зуучлах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхээр ажиллаж
байна. Тухайлбал, 2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад
хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар болсон. Түүнчлэн Ерөнхий боловсролын
сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол”
хөтөлбөр болгох зорилтын хүрээнд ирэх хаврын чуулганы хугацаанд
холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
мэдээлэлдээ, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг
нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар ирүүлсэн
өргөдлүүдийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж Уул уурхайн
үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн
төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй
болгох, хяналт, хариуцлагыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч
ажиллахыг Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт
чиглэл болгов гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга, ажлын байр
нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад анхаарал хандуулан цаашид хийх
ажлуудыг нэг гэлээ. Үүнд, Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний
чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог
нэмэгдүүлж ажиллах шаардлагатай болохыг тэмдэглэв.

Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ахин ээлжит бус хуралдаан зарлаж магадгүй

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2017.02.22/ боллоо. Хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэх ёстой байсан ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын оруулж хэлэлцүүлэх ёстой байсан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай асуудлыг эгүүлэн татжээ.

Хоёрдугаар сарын 19 буюу өнгөрсөн ням гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Олон улсын валютын сангийн төлөөлөгчид хамтарсан мэдээлэл хийсэн. Энэ үед төсвийн тодотголыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэж Сангийн сайд хэлсэн билээ. Гэвч өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцсэнгүй. Төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэхгүй бол Цагаан сарын дараа гэхээр нэлээд хугацаа алдах аюултай. Тиймээс энэ долоо хоногт Засгийн газар дахин ээлжит бус хуралдаан зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэх чиглэл барьж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар хилийн боомтууд амарна

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд
оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын
уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн
авто замын боомтууд 2017 оны II/28-III/02, Монгол-Оросын Цагааннуур,
Ханх, Ульхан, Боршоо, Тэс, Арц боомтууд II/27-III/01, Ульхан боомт
II/23-II/28 өдрүүдэд амарна.

Харин Авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, Төмөр замын
Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй
ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын зорчигч тээврийн автобус осолдож нэг хүн нас баржээ

Завханаас Улаанбаатар орохоор явж байсан нийтийн тээврийн автобус онхолдож осолдсон хэрэг хоёрдугаар сарын 13-ны өдөр гарчээ. Тодруулбал, хоёр жолоочийн нэг нь нас барсан бөгөөд өөр хүн бэртэж гэмтээгүй байна. Хэргийн газарт Замын цагдаагийн алба болон Авто тээврийн үндэсний төв хамтран ажилласан бөгөөд ослын шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байгаа аж.

Осол энэ сарын 13-ны өдрийн 22:00 цагийн орчим Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газарт болжээ. “Kia Granbird” маркийн автобусны жолооч 53 настай Б гэх хүн нас барсан байна. Солонготын даваан дээр 15 зорчигчтой явсан автобус нь халаад явахгүй байсан учраас зорчигчдыг буулган өөр автобусанд шилжүүлэн суулгаад, туслах жолоочийн хамт автобусаа асаах гэж уруу газар өнхрүүлснээс болж онхолджээ.


Categories
мэдээ нийгэм

Улаан буудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор
иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан
эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын
шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд
олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг байхаар тогтлоо. 2-4
дүгээр ангилалынх бол урамшуулал 50 мянган төгрөг байх юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 355 мянга
гаруй га талбайд улаанбуудай тариалж 460 мянган тонн ургац хураан авсан
байна. Стандартын шаардлага хангасан 292 мянган тонн хүнсний
улаанбуудайны 68.5 мянгыг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, 0.1 мянган
тонныг Улсын нөөцийн салбар, 224 мянган тонныг гурилын 33 үйлдвэр авчээ.
Энэ нь гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, гурил, гурилан
бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжтой болсон гэсэн үг юм.

Хүнсний улаанбуудайн мөнгөн урамшуулалд
зориулж энэ оны төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 12 аймгийн 65
сумын 729 иргэн, аж ахуйн нэгж урамшуулал авах шалгуурт тэнцсэн байна.

Categories
мэдээ нийгэм

2017 онд болох хурдан морины уралдааны тов гарчээ

Үндэсний их
баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан
морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо.

1.
“Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын
5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд

2. Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт

3. Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт

4. Төвийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт

5. Хойд бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт

6. Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дундговь аймагт

7. Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт

8. Баруун
бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны
өдрүүдэд Увс аймагт тус тус зохион байгуулахаар тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягт дахин зарлан дуудах хуудас илгээжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж, хоёр удаа дуудаж, байцаалт авсан.

Тэгвэл түүнд
дахин зарлан дуудах хуудас иржээ. Тодруулбал Н.Алтахуягийг маргааш ирж
байцаалт өгөхийг мэдэгдсэн зарлан дуудах хуудсыг илгээсэн байна.

Энэ дагуу Н.Алтанхуяг маргааш 10.00 цагт АТГ-т очиж мэдүүлэг өгөх үүрэгтэй юм.

Categories
мэдээ улс-төр

АТГ-аас Б.Гарамгайбаатар нарыг хорьсонтой холбоотой мэдээлэл өгөхгүй гэв

Энэ сарын 21-ний өдөр АТГ-т шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хүмүүсийг цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

Уг шийдвэрийн дагуу оройн 20 цагийн орчим Н.Батбаярыг цагдан хорих прокурорын шийдвэр гарч, түүнийг АТГ-аас шууд цагдан хорих 461 дүгээр анги руу явч явсан юм. Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатарыг байцааж цагдан хорьсон аж. Тэднийг Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалтын ажилтай холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа талаар өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр АТГ-ын комиссар Д.Бат-Оргилоос хэвлэлийнхэн товч мэдээлэл авсан юм. Тэрээр “Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд болон хувийн аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд сэжигтнээр холбогдох хүмүүсийг саатуулсан байгаа. Одоогийн байдлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид шалгалтын ажиллагаа үргэлжлээд явна” гэлээ. Түүнчлэн ямар зүйл ангийн дагуу хоригдсон болохыг нь асууж тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​“Насны хишиг”-ийн санхүүжилт хийгджээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өндөр настнуудад “Насны хишиг” олгож эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулсан билээ. Тодруулбал, билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын ахмад настнуудад насны хишгийг жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.

Монгол Улсын 2017 оны төсөвт 20.5 тэрбум төгрөгийг “Насны хишиг”-ийн зардалд зориулан тусгасан бөгөөд 122.0 мянга орчим ахмад настанд жилд 2 удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Тэгвэл улсын хэмжээнд “Насны хишиг” авахаар 65-69 насны 42 096 өндөр настан, 70-79 насны 52 403 өндөр настан, 80-89 насны 17 559 өндөр настан, 90-ээс дээш насны 2366 өндөр настан өргөдөл гаргажээ.

Нийт 114 424 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг холбогдох банкуудад илгээж, 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн байна. Ингэснээр ахмадууд энэ сарын 20-ноос эхлэн “Насны хишиг”-ээ авч эхэлсэн гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.