Баян-Алтайн гуч туульч, цуурч, хөөмийч Э.Баатаржавтай ярилцлаа.
-Та хэзээнээс эхэлж тууль хайлж сурсан бэ?
-Би Ховдын Дуут суманд төрсөн. 1978 онд анх “Алтайн магтаал”-ыг хайлж сурсан. “Алтайн магтаал”-ыг хайлж, хоолой хөгжсний дараа тууль хайлж сурсан. Би удам судраа Баян-Алтай гэдэг туульчаас хойш тоолдог. Дөрөв дэхь үеийн туульч юм.
– “Алтайн магтаал”-ыг яагаад эхэнд нь хайлдаг вэ, тууль хайлахын өмнө тухайн нутгийн уул усны эзэн савдгууд тэр айлд чуулдаг гэж үнэн үү?
-“Алтайн магтаал”-ыг эхэнд хайлдаг гол утга учир нь урианхайчуудын туульс хойд их Байгаль далай, Сибирь тэгээд Бурхан халдун, Алтайн нурууны цаана, наана гээд уул хайрхад хаана байна тэнд урианхайчууд нүүдэллэж амьдарч ирсэн байдаг. Урианхайчууд их эртнээс уул устай ярьж амьдралаа холбож иржээ. Урианхайчуудын дунд уулын эзэн савдагтай холбогдох, лусын эзнийг хүндэтгэх зан заншлууд саяхан болтол байсан. Тэгэхээр ийм хүйн холбоотой “Алтайн магтаал”-ыг магтсанаар уул усны эзэд тэр айлд хуран чуулдаг. Төрийн хэмжээний туульсийг айлд хайлахаар хүнддэг. Тиймээс “Алтайн магтаал”-ыг түрүүлж хайлснаар тэр орчин нялхарч өөрөөр хэлбэл уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг.
Тэгж зөвшөөрсний дараа тууль хайлбал тэр айлд маш хүчтэй засал болж жилээ даадаг учиртай. Монголчууд ер нь тийм л байсан.
Тэнгэр шүтлэгийн нэг хэсэг нь тууль юм. Гэхдээ дандаа цагаан шүтлэгүүд байдаг. Цагаан тэнгэрээр хөллөж орж ирдэг. Хатуу ямар нэг үйлийг таслах гэж хийгддэг. Зөөлөн туулиуд нь тухайн айлд хишиг буяныг авчрах, гарзын үүдийг хааж, орлогын үүдийг нээх, гантай жил хур бороо оруулах зэргээс гадна оюун ухаан буулгадаг. Миний хайлдаг “Баян цагаан өвгөн” бол буман жилийн ерөөлтэй. Учир нь дээд огторгуйгаас тухайн нутаг орон, хүмүүст оюун ухааны хур бууж, тэр нутагт олныг ахлаад явчих хүмүүсийг бий болгодог сайн талтай.
-Хамгийн урт нь хэдэн цагийн тууль хайлдаг вэ?
Манай туулиуд их урт биш байдаг. Бусад туулиудтай харьцуулахад бас тийм бага биш. Хамгийн бага тууль 3200 мөр шүлгээс дээшээ байдаг. Миний хайлдаг тууль 7-8 мянган мөр шүлэгтэй байдаг. Зарим нь 10 гаруй мянган мөр шүлэгтэй тууль ч байгаа. “Зул алдар хаан”, “Баянцагаан өвгөн”, “Аргил цагаан өвгөн”, “Талын хар бодон”, “Эрийн сайн хан Харангуй”, “Гурван настай Гунан улаан баатар” гэх мэтчилэн арав гаруй тууль хайлдаг. “Алтайн магтаал”-ыг хайлахын тулд дор хаяж цагаас дээш хугацаа зарцуулдаг. Тэнд дөрвөн цаг, ан амьтан, Алтайн эздийг ирүүлж, дараа нь үдэж мордуулдаг хоёр зан үйл явагддаг. Дөрвөн цаг улирлын онцлог шинжүүдийг хуучны сайхан үгээр илэрхийлнэ. “Алтайн магтаал”-д цэцэг, агь, хөтөн гээд янз бүрийн ургамлын нэр дурдагдана. Цогц утгыг агуулсан магтаал юм. Жишээ нь:
Хотгор хар үүл нь зангиран ирж
Хан тэнгэрийн цахилгаан цахиж
Хурын рашаан шимлэн бууж
Хурмаст дэлхийг амилтал шимлээд ийм сайхан цэцэг ургамал гарлаа гэх мэтчилэн өгүүлнэ.
Мөн амьтны шинжийг нүдэнд үзэгдтэл гоё хэлж байж “Алтайн магтаал” амилдаг. Энэ магтаал хуучин хувилбараараа Баян-Алтай гэж өвгөнөөс дамжиж ирсэн байдаг. “Өглөөдөө…” гэдгээр Алтайн магтаал эхэлдэг бол тэр туульчийнхаар Түүнээс урьд долоон их Алтай гэж эхэлдэг. Нэлээн явсны дараа “Өглөөдөө униар татаад…” гэж орж ирдэг. Өөрөөр хэлбэл уул усаа дарааллаар нь зурна гэсэн үг. Дээд огторгуйтай яаж шүтэлцдэг, тэр цагаан өвгөн нь яаж завилж суудаг, юу юутай шүтэлцдэг юм бэ…гэж явсаар байгаад дараа нь “Өглөөдөө…” гэж орж ирдэг байсан.
-Туульд хэдий үеийн аж байдал дүрслэгддэг вэ, ер нь хэдий үед тууль хамгийн их зохиогдсон юм бэ?
-Дундад зууны үед олон тууль зохиогдсон гэж ярьдаг. Зарим нь үе дамжиж урдаас ирсэн гэж ярьдаг ч оноо тодорхойлж чаддаггүй. Миний хувьд туульсийг дөрөв ангилмаар санагддаг. Дундад зууны үед туульс улам гоё болж өөрчлөгдсөн байдаг. Шашны нөлөө их орох, хэт гоё ганган болох эсвэл амьдарч байгаа цаг үетэйгээ холбогдоод “отго жинс нь сагсалзаад…” гэх мэтчилэнгийн үг их нэвтэрсэн. Түүнээс урдах цаг үед бол отго, жинсний тэмцэлдээн бага байсан. Сүүл рүүгээ ямба нь хэтэрсэн ноёдын тухай ч өгүүлдэг. Тэгэхээр арай сүүл үеийнх нь өмнөхөө гүйцэхгүй. Үүнээс урагш XIII зуун Их хааны үеийн туульс гэж байна. Энэ үед “Гэсэр”, “Жангар”-ыг оруулж хэлэхгүй. Энэ хоёр тууль зохиогдоод 580 орчим жил болж байгаа. Түүнээс урагш туулиуд “Гэсэр”, “Жангар” шиг алдаршаагүй мөртлөө маш их үнэнийг агуулж ирсэн байдаг. Их багын хэмжээ бол хамаагүй. Хамгийн гол нь үнэн мэдээлэл тэнд бий. Тэр туульсийг би эртэч шинжийн туульс гэж нэрлэнэ. Түүнээс өмнөх туульс нууц байдлаар ирсэн. Үүнийг дундад эртний тууль гэнэ. Түүнээс цааших туулийг нэн эртний тууль буюу дэлхий ертөнцийн гарал үүслийн тухай тууль гэх мэтчилэн би ангилсан.
Бүх л туульсад газар дэлхий үүсч байхад гэж гардаг. Эхлээд тэгж хэдэн мөр шүлэг явж байснаа огт өөр зүйл рүү залгаад 15,18-р зуун руу орох нь ч бий. Тэгэхээр заримдаг болчихоод байгаа юм. Тиймээс он цагийг нарийн шалгуураар ялгачихвал хуучин туульс нь маш цөөн үлдэнэ. Маш цөөн тэр туульсаас л монголчууд юм сурах ёстой. Түүнээс биш ардын аман зохиолыг баяжуулаад өөрчлөөд байж болохгүй. Боллоо гэхэд энэ өөрчлөгдсөн тууль шүү гээд судлаачид бичдэг байх хэрэгтэй.
-Тууль хайлж сурахад хэр их хугацаа зарцуулагдах вэ, ямар ч хүн тууль хайлах боломжтой юу?
-Дор хаяж гурван тууль сурчихвал дараагийн туулиа сурах суурьтай болно гэж өвгөд сургадаг. Хэл сурахтай л ижил юм. Эхлээд тууль сурахад янз бүрийн хугацаа ордог. Зарим хүмүүс жил сурч байхад ой тогтоолт сайтай хүмүүс хагас жил сурах нь ч бий. Туульсийн дотоод нарийн ширийнийг мэдэрч, хөгжим зэмсэгтэйгээ харьцдаг болоход тодорхой хугацаа ордог.
Удам дамжсан хүмүүс ихэвчлэн туульч болдог. Ясан талаа дагадаг. Гэхдээ үнэхээр туульс дотор өссөн эсвэл байгалиасаа өгөгдөлтэй хүн байж болно. Мөн өөрсдөө үлгэр, тууль хайгаад явдаг, туульс хайлдаг хүн хаана байна уулзах юмсан гэдэг хүмүүст бас юм байна л гэсэн үг. Тийм хүмүүс цаг хугацаа хожиж, туулийн гоо сайхан, дотоод мөн чанарт дурлаж амьдралдаа зөвөөр хэрэглэж, бусдадаа гэрэл гэгээ цацруулж явах бололцоотой .
-Танд тийм өгөгдөл байсан байх, аав тань алдартай туульч байсан шүү дээ. Ааваасаа их юм сурсан уу?
-Би их сайхан орчинд өссөн. Ховдын Дуут суманд далан хэдэн оны үед сайн туульчид их байлаа. Ардын туульч Сүхийн Чойсүрэнгээс авахуулаад миний аав Эрдэнэцогт, мөн Уртнасан гэх зэргийн туульчид байлаа. Бусад туульчид ч зөндөө байсан. Алдаршаагүй хүмүүс ч олон. Гэхдээ тэд туулийг бүтнээр нь мэддэг байсан. Тэр хүмүүсийн дунд өссөн болохоор дор хаяж аялгаар нь сурч авна. Түүнээс гадна тууль өөрчлөгдөж байна уу эсвэл дундаас нь хаяад өөр маягаар хайлж байна уу гэдгийг ялгадаг болж ирдэг. Хамгийн эхний тууль маань “Гурван настай Гунан улаан баатар” байлаа. Тэгээд нэмж сурсан туулиудаа “Монгол туургатан”, “Эсгий туургатанууд”-даа хайлж туршлага солилцсон.
Хоёр жилд нэг тууль хайлж, соронзон хальсанд бичүүлдэг. Туулиудаа цуглуулаад дөрөв, таван жилийн өмнө аудио болгосон. Зарим нь ШУА-д, Зарим нь Монголын радиод очсон. Лха.Туяабаатар гэж хүн миний аавын тууль хайлахыг судалж тэмдэглэж авсан байдаг. Одоо Алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Мөн Америкийн нэрт монголч эрдэмтэн Х.Гомбожав гурван тууль судлах гээд аваад явсан. Миний хувьд өөрийн дуу хоолойгоор туульсаа таван тивийн улс орнуудад очиж хайлсан. Мөн хажуугаар нь хөөмийлнө, цуур үлээнэ, ардын өв соёлын талаар лекц уншина. Энэ мэтчилэн ардын өв соёлоо түгээх гэж сүүлийн 20 гаруй жил явж байна.
-Тууль хайлахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Нутаг усандаа туульс хайлахад сайхан. Үүнээс гадна онгон дагшин байгальд янз бүрийн мэдрэмж төрнө. Зохицолдоогүй орчинд албадлагын шинжтэй хайлвал юм ирэхгүй. Мэдэрч байгаа юмаа хүн ялгах хэрэгтэй байдаг. Өөрт хэрэгтэй хийгээд хүн төрөлхтөнд хэрэгтэй юмаа ялгах давуу тал тухайн хүнд байх хэрэгтэй. Түүнээс биш тууль хайлж байх үеийн мэдрэмж бүрийг үнэн зөв гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь харсан зүйлсээ далд ертөнцийн юм хардаг хүмүүстэй харьцуулж ямар дохио, тэмдэг ирснээ тайлдаг болох хэрэгтэй. Ер нь настай улсууд хий юм харах юм бол хэзээ ч хүнд хэлж болохгүй гэдэг байсан. Аман дотор чинь чихэр амтагдаж, бал бурам байгаа ч юм шиг санагдаж байсан ч битгий хэл, залгиад бай гэнэ. Хэлбэл нас нь ахар болно ч гэдэг юм уу айхтар үг хэлдэг байсан. Тиймээс бид нарийн юмаа тоочоод байдаггүй. Энэ үндсэн дээр “Хаан Чингэл” гэдэг хамгийн сүүлд хэвлэсэн туульдаа зарим нарийн шүтэлцээний нууцуудаа оруулсан. Энэ тууль “Баян-Алтайн гуч Баатаржавын хайлсан туульс” гэдэг номонд орсон байгаа.
-Тууль хайлахын тулд ямар бэлтгэл хангах ёстой байдаг вэ?
-Туульч хүнд баримтлах ёс журам гэж бий. Олон мянган мөр шүлгийг хайлахын тулд дор хаяж хоолойны бэлтгэл, биеийн бэлтгэл шаардана. Тууль хайлж байх үеэр өөх тостой зүйл учиргүй их идэж сүүтэй цай уудаггүй. Голдуу бор цай уудаг. Хөгжим зэмсэгтэй хамт увидастай өвгөдөөс дамжиж ирсэн ямар нэгэн унжлага, зүүлт, ангийн үс, зэрэг зүйлс байвал бүгдийг нь авчирна. Янз бүрийн шүтээн байж болно. Тэднийгээ авчирч байж тууль хайлна. Мөн нийтийн шинжтэй тархсан нэг ёс бол туульчийг залахаас өмнө гурван хоногийн өмнө хөгжмийг нь залдаг. Хөгжим тийм хүндтэй гэсэн үг. “Сайн туульчийн товшуур залагдахынхаа өмнө дуугардаг” гэж хүртэл ярьдаг байсан. Товшуурын утсыг хөндөлгүйгээр тэр айл гэртээ авчирч тавиад түүнээс хойш туульчийг гурван хоногийн дараа унаагаар очиж залж авчирдаг.
-Орчин үед айлууд гэртээ , тууль хэр хайлуулж байна вэ, туулийг ер нь ямар үед хайлвал зохимжтой байдаг юм бэ?
-Язгуур зан заншлаа мэддэг хүмүүс олширч байна. Хувь хүмүүс намайг гэртээ урьж тууль хайлуулдаг. “Эцгийнхээ гал дээр хайлуулах уу хаана хайлах вэ, үр хүүхдүүд нь гээд арваад айл байна гэдэг. Тэгээд би өдөр судрыг нь зааж бэлдэх зүйлсийг нь хэлж өгдөг. Туулийг ихэвчлэн өвөл хайлдаг. Хөрсний шим, усны шим, малын тарга тэвээрэг, дээдсийн гүр шим зэрэг бүх зүйлс нийлсэн үед тууль хайлахад зохимжтой гэж үздэг. Тэгээд тууль хайлахынхаа өмнө “Алтайн магтаал”-аа хайлна. Энэ цаг хугацаа бол намрын дунд сараас эхлээд өвөлжин үргэлжилдэг. Лус буюу эх тэнгэр бол өвөл унтаж байдаг. Харин эцэг тэнгэр нь биднийгээ сахиж харж байдаг. Өөр өөр цаг үеийн туульсийг харьцуулаад харахад алтан шар нартын доорхи хүн зонын хямралдааныг багасгах гэж л тууль байдаг юм шиг санагддаг. Номхруулахыг нь номхруулаад зөв замд явааг нь дэмжээд явдаг. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон нэгийгээ буруутгахаасаа урьтаад үнэн мөнийг нь олох жишээг туулиас авах бололцоотой гэсэн үг. Төрд хар цагаан хоёр сүлд байдаг. Төр хэмээх тэр том хамгаалалтыг баталгаажуулж өгөхийн тулд төрийн онгон шүтлэгт уул даваанд очиж хайлдаг. Эхэс дээдсийн хуралдааны өмнө нээлт болгож хайлах, эврүү цагийн эхэн дээр хайлах, уул овооны тахилган дээр хайлна.
-4-5 тууль хайлаад сурчихаар тухайн туульч муу муухай юманд өртдөггүй гэж сонссон. Энэ үнэн үү?
-Настай туульчид тэгж ярьдаг байсан. Нэг тууль хайлж байгаа хүнийг туульч гэж нэрлээд байна. Яагаад гэвэл туульч нь тийм амар төрөхгүй байгаа учраас тэр юм. Гэтэл бүтэн долоо,найман тууль буюу ном хайлж байгаа хүнд увдис орж ирэхээс аргагүй. Далд ертөнцийн сайн сайхан юмыг эргүүлж авчирч өгдөг. Тууль хайлуулж байгаа айлдаа ч засал болно. Тууль нь голдуу айлын галыг засдаг. Эртний монголчууд галаа л шүтдэг байсан. Хоймрын бурхан шүтээнийг сүүлд шүтэж эхэлсэн. Тэр айлын галыг сайхан тэгшилчих юм бол бүх зүйл нь бүтэмжтэй сайхан болдог. Настай хүний галыг засчихвал тэр айлын үр хүүхдүүдэд нь ч ялгаагүй тустай байдаг.
-Сүүлийн үед тууль хайлсан тухай их сонсогддог боллоо. Туульчид олширч байна уу?
– Сүүлийн гурван жил ЮНЕСКО-гийн төслөөр шавь сургалт явуулснаар ганц, хоёр тууль бүтэн хайлдаг цөөн туульч бэлтгэгдсэн. Олон хүнд зааж байж энэ шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан тасрахгүй яваад байх юм байна гэж бодож байгаа. БСШУЯ-д төсөл дуусаад номын баяр хийсэн. Манай туульчдын гар дээр байгаа материалуудыг цуглуулаад арав гаруй туульстай ном гаргалаа. Бүх номын сангуудаар тараагдсан. Тэр номыг уншсан хүн язгуурын монголчууд ийм маягаар амьдарч байсан юм байна гэсэн ойлголт төрөх байх.
-Туулийг шинээр зохиох боломжтой юу?
-Хажуугийн үндэстнүүдийн зохиосон тууль гэж байдаг. Туульсийг дуурайсан том яруу найргууд байдаг. Түүнийг туульсийн яруу найраг гэж нэрлээд байгаа. Бөөгийн онгодууд заримдаа тууль хайлдаг. Харамсалтай нь уртаар хайлж байгаа онгод байхгүй. Туулийг шинээр зохиож болохгүй.