Categories
мэдээ нийгэм

Эрээн хотын цагдаагийн газрын удирдлагууд Сайншанд хотноо уулзалт хийлээ

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар,
БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газрын удирдлагууд энэ сарын 17-нд
Сайншанд хотод уулзалт хийлээ.Уулзалтаар хоёр талын байгуулсан “Харилцан
ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд 2016 онд хэрэгжүүлсэн ажил, арга
хэмжээ цаашид хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Уулзалтад Дорноговь аймаг дахь
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, БНХАУ-ын Эрээн
хотын орлогч дарга бөгөөд цагдаагийн газрын дарга генерал
Бао Пэй
Юу болон тус аймгийн Цагдаагийн газрын хэлтэс, тасгийн дарга нар, Эрээн
хотын цагдаагийн газрын зочин төлөөлөгч, оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлт боллоо

Монголын хүүхдийн оюун санааны үндэс, үгийн урлагийн эрдэнэсийн санг
бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион
байгуулсан үлгэр зохиох уралдаанд шалгарсан үлгэрүүдийг эмхэтгэн
бүтээсэн “Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлт өнөөдөр
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Уг номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хүүхдийн
соёлын сан, “Аргун” монгол контент үйлдвэрлэгч хамтран хэвлүүлсэн байна.
Төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн санаачилгаар энэ ажил
төсөл болон хэрэгжжээ.

“Чингисийн билиг сургаалт үлгэр” ном нь зөвхөн уншаад зогсохгүй орчин
үеийн дэвшилтэт технологи, ухаалаг утастай хослуулан ашиглах олон ид
шидтэйгээр бүтээгджээ. Тухайлбал, хүүхдүүд ухаалаг утсыг номтойгоо
хослуулан номынхоо нүүр хавтсан дээр 3D байдлаар монгол гэрийг барих
аргачлалыг сурах юм. Мөн арын хавтсан дээрээс “Чоно ба долоон ишиг”
хүүхэлдэйн жүжгийг бүрэн эхээр нь видео хэлбэрээр үзэх боломжтой.

Бичиг үсэг хараахан сураагүй байгаа балчир хүүхдүүд гар утсаа ном
руугаа чиглүүлэн үлгэрийн аудио хэлбэрийг сонсох боломжтой. Арын хуудсан
дээр үлгэрийн баатруудаа будаж болно.

Ийнхүү “Чингисийн билиг сургаалт үлгэр” нь уншдаг, ярьдаг, сонсдог, үздэг, буддаг ном болсон байна.

Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй нар оролцлоо. Ёслолыг нээж Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ивээл дор их эзэн Чингис хааны билиг сургаалд үндэслэсэн хүүхдэд
зориулсан үлгэр зохиох уралдаан зарласныг та бүгд мэдэж байгаа.

Тус уралдаанд үлгэр зохиож идэвхтэй оролцсон бүх хүмүүсийг энэ
танхимд өнөөдөр бид урьсан. Та бүхэн өнөөдөр Төрийнхөө ордонд хүрэлцэн
ирсэнд их баяртай байна. Үлгэр зохиох уралдаанд хот, хөдөөнөөс 9-90
насны нийт 75 хүний 100 гаруй бүтээл ирсэн. Бид шүүгчдийн зөвлөл
байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулаад 21 зохиогчийн 23 бүтээлээр
шилдэг үлгэрийн номыг бүтээж, өчигдөр шөнө хэвлэлтээс авч, өнөөдөр бэлэн
болгож та бүхний гарт хүргэж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэ үеэр
хэлсэн үгэндээ “Хүрэлцэж ирсэн та бүгдийн энэ өдрийн түмэн амгаланг эрж
мэндчилж байна.

Монголчууд бид удахгүй цагаан сарын шинийн нэгнээ угтан золгож, төрт
ёсны сайхан уламжлал, нүдэлчдийн тээж ирсэн энэ сайхан баяраа тэмдэглэх
гэж байна. Энэ сайхан баярын босгон дээр Их эзэн Чингис хааны сургаалын
дор бүтээгдсэн үлгэрийн цомгийг нээж байгаадаа туйлын баяртай байна.

Өвөг дээдэс маань үр ач нартаа зуун зууныг дамжуулан, мянга мянган
үлгэр өгүүлж ирсэн. Бид хүүхэд байхдаа нутгийн настан буурлуудаас, эмээ
өвөөгөөсөө, аав ээжээсээ ам дамжсан олон домог, үлгэр, туулийг сонсож,
түүгээр хүмүүжиж, байгаль, цаг уурын хүнд бэрхшээл, нүүдлийн соёл
иргэншил, ахуйтайгаа холбоотой эртний баатарлаг туульс, Чингис хаан,
Гэсэр, Жангарын баатарлаг түүхийг сонсож хүмүүжсэн.

Тэр үеийн телевизээр “Үлгэрийн танхим”, “Боролдойн цаг” зэрэг
нэвтрүүлгийг бидний болоод бидний доод үеийнхэн сонсож, хүсч хүлээж
ирсэн. Ийм цаг үеийг бид туулж ирсэн. Үлгэр сонссон хүүхдийн хүмүүжил
зөв чиг хандлагатай болдог. Үлгэрийнхээ хүрээнд хүүхдийн ухаан тэлж,
түүнийг баяжуулан ярьж, эмээ өвөө, аав ээжийнхээ ярьсан үлгэрийг
бусдадаа ярьдаг, ийм түүхтэй.

Монголчуудын оюуны чадамж дэлхийд гайхагдаж байгаагийн нэг суурь нь
бид аман түүх, үлгэр, домог туулийг цээжээр мэддэг, цээжилдгийн үр шим
байдаг болов уу гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас үлгэр тууль хийгээд ер нь
биет болон биет бус соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлөх, өвлүүлэх,
сурвалжлах, сурталчлахад ихээхэн анхаарч ирсэн. Энэ ажлын нэг жишээ нь
Монголын хүүхдийн оюун санааны үндэс болохуйц, үгийн урлагийн эрдэнэсийн
сан бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион
байгуулсан “Чингисийн билиг” сургаалд үндэслэн үлгэр зохиох уралдаанд
шалгарсан шилдэг бүтээлүүдээр туурвисан “Чингисийн билиг сургаалт үлгэр”
номын нээлтийг хийж байгаа үйл явдал юм.

Энэхүү уралдаанд 9-90 насны 70 орчим хүн оролцож, 100 гаруй бүтээл
ирүүлснээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн зөвлөл ажиллаж,
шалгарсан үлгэрүүдийг мэргэжлийн түвшинд засч сайжруулах, номын эх
болгон бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн. Энэ бол бас амаргүй, нэлээд төвөг
бэрхшээлтэй, олон хүний хүч хөдөлмөр, оюун санааны үр дүнд бүрэлдсэн
ажил байлаа.

Энэ дашрамд “Чингисийн билиг” төслийг санаачлагч, өнгөрсөн онд Төрийн
соёрхол хүртсэн, Соёлын Гавьяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог
гуай үнэхээр сэтгэл зүрхнээсээ ажилласан. Тийм учраас хүүхдийн зохиолч,
Төрийн соёрхолт Ж.Дашдондог гуайдаа талархал илэрхийлье.

Их хааны суу билгийн ивээлд бүтсэн монгол үлгэрийн цоморлиг ийнхүү
анх удаа хэвлэлтээс гарч өнөөдөр бид нээлтийг нь хийж байна. Энэ ажил
цааш цаашаа өргөжиж, улам олон билиг сургаал гарч, өнөөдрийн орчин
цагийн электрон хөгжил, бусад зүйлтэй нийцэж, мянга мянган хүүхдийн
сэтгэл зүрхэнд хүрч, энэ үлгэрт гарсан баатруудынхаа жишээгээр манай
хойч үе өсч бойжиж, хүмүүжиж явна гэдэгт итгэлтэй байна.

Үүн дээр суурилаад энд оролцож байгаа хүмүүс маань хүүхдийн зохиол,
хүүхдийн чиглэлтэй, хүүхдийн хүмүүжил рүү хандсан үлгэр домгийг илүү
олон туурвиасай. Орчин цагт электрон тоглоомд донтох, компьютерт өвчлөх
зэрэг олон бэрхшээл биднйиг тойроогүй, дайрч байгаа энэ үед номд
шимтэж, номд дурладаг, үлгэрт саатдаг ийм хойч үеэ хүмүүжүүлэхэд та
бүхний маань оролцоо их өргөн дэлгэр байгаасай гэж хүсч байна. Ингээд
энэ арга хэмжээнд хүрэлцэж ирсэн та бүгдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газрын өмнөөс баяр хүргэж, амжилт хүсч байна. Баярлалаа” гэв.

Үүний дараа уралдаанд оролцсон зохиогчид, шалгарсан шилдэг бүтээлийн
зохиогчдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл, Ерөнхийлөгчийн Тамгын
газрын даргын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар
гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын
даргын батламжийг “Авшиг, шившиг хоёрын үлгэр”-ийг зохиогч Зоригт,
“Алтан сургаалт гүнж” үлгэрийг зохиогч В.Амархүү, “Алтан үст үнэг”
үлгэрийг зохиогч сурагч Сүндэрмаа, “Ариун үйлст хүүгийн үлгэр”- ийг
зохиогч Цэрэнлхам, “Ачлал тусын хариу” үлгэрийг зохиогч Аззаяа нарын
зэрэг олон хүн гардан авсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ гардуулав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагналыг өнөөдөр гардууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.

Энэ удаагийн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг “Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн, “Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд тус тус олгов.

Эдгээр байгууллага, бүтээлч хамт олныг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав. Уг зарлигт “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд оруулж буй онцгой хувь нэмрийг нь үнэлж, Уламжлалт мал аж ахуй, монгол малчны гараас гарсан түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн болгох боловсруулалтыг эх орондоо гүйцэтгэж, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон, олон улсын стандарт, зэрэглэлд нийцсэн, дэлхийд өрсөлдөхүйц монгол нэрийн тамгатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй:

1.“Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн;

2.“Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийг “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2016 оны шагналаар тус тус шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Сар шинийн босгон дээр үндэсний бүтээн байгуулагчдаа шагнадаг сайхан уламжлалтай. Өнөөдөр Монголын нэр нүүрийг улс орондоо төдийгүй олон улсад өөрийн бүтээгдэхүүнээр гаргаж яваа олон жилийн уламжлалтай энэ хамт олон, энэ үйлдвэрийг үндэсний бүтээн байгуулалтын шагналаар шагнаж байгаадаа туйлын баяртай байна.Хуучнаар бол “Говь” компани, “Эрдэнэт хивс” гэдэг байсан хивсний үйлдвэрт энэ шагналыг олголоо. Шинэ хөрөнгө оруулж, шинэ хамт олон бүрдүүлж, хуучин байсан зүйлийг 90-100 хувь өөрчилж, шинэ технологи оруулж, маш их бүтээл бий болгосон байна. Энд хамгийн гол олзуурхаж байгаа зүйл бол монгол малчдын гараас гардаг, ялангуяа монгол малын бүтээгдэхүүнд суурилсан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд ингэж өндөр үнэлэгдэх хэмжээнд хүрсэнд туйлын баяртай байна. Үүгээр дамжаад малчдын маань орлого нэмэгдэж байгаа. Ажлын байр бий болж байгаа. Монголын маань нэр хүнд олон улсад сайнаар дуурсаж байгаа гэдгийг энд хэлэх ёстой.

Дундаршгүй баялаг болсон монгол малынхаа бүтээгдэхүүн дээр суурилсан үйлдвэрлэлээ бид дэмжиж явах шаардлагатай.

Өнөөдрийн энэ хүндтэй шагналыг хүртсэн эдгээр үйлдвэр, компанийн хамт олонд, мөн энэ хүмүүстэй хамтарч ажилладаг нийт хүмүүс, нийт хамтран ажиллагчдад нь Монгол Улсын нэрийн өмнөөс би чин сэтгэлээсээ гүн талархал илэрхийлж, баяр хүргэе.

Энэ бүтээн байгуулалтын шагналыг олгоход нарийн шалгууртай байдаг. Мэргэжлийн олон хүмүүс, олон байгууллага оролцож шалгууруудыг гаргадаг. Тэд үнэхээр энэ хоёр үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүнийг Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналаар шагнах нь зүйтэй гэсэн юм.

Энэ үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тухай, шинэ бүтээлийн тухай, шинэ хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулсан.

Ингээд Монголын ард түмэн маань Цагаан сардаа сайхан шинэлж, ирж байгаа жилүүдэд улам их шинэ бүтээл гаргах болтугай. Энэ хоёр үйлвэрийн хамт олон улам их шинэ зүйлийг хийх болтугай. Өнөөдрийн шагнал энэ хүмүүст улам их урам хайрлах болтугай.

Хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж улс хөгжинө. Үүнийг Монголын төр өөрийнхөө шийдвэрээр үлгэрлэх ёстой. Дахин та нарт баяр хүргэе” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлэг барина

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал
хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч,
Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч
уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн
барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд 9
өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал
хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк улсын зүгээс Улаанбаатар хотод энэхүү
төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлээд “Монгол Улсад гадны
хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл олон бий. Түүний дотроос
буцалтгүй тусламжаар хэрэгжих цөөн төслийн нэг нь энэ юм. Улаанбаатар
хотод 152 хорооны 152 өрхийн эрүүл мэндийн төв бий. 9-ийг нь шинэчилж
барина гэдэг маш том тус гэж бид үзэж байна.” гэлээ. Төслийг 4 дүгээр
сарын эхээр буюу барилгын улирал эхэлмэгц эхлүүлэх төлөвлөгөөтэй
байгаагаас гадна эмнэлгийн барилгын ажлыг монголын компаниудаар
гүйцэтгүүлэхийг Истанбул хотын Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч
хэллээ. Мөн Диализын төв 10 аппараттай байхаар төсөлд тусгажээ.

Өрхийн эрүүл мэндийн төв болон Диализын
төвийн барилга барих газрыг нийслэлийн зүгээс бэлдсэн байна. Тодруулбал,
Диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 м2 талбай, 9 өрхийн эрүүл мэндийн
төв тус бүрт 1000 м2 талбай захирамжилсан гэв. Өрхийн эрүүл мэндийн
төвийн хувьд 600 м2 талбайд төвийн барилга, 400 м2 нь ногоон байгууламж
бүхий орчны талбай байна гэж тооцсон байна.

Туркын талын тооцоолсноор нэг өрхийн
эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12
мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Истанбул хотын
төлөөлөгчид сонгогдсон газартай очиж танилцаад Улаанбаатар хотын
удирдлагатай дахин ярилцахаа хэллээ. Төслийг хурдан хугацаанд эхлүүлж,
хэрэгжүүлэхэд хотын зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа
хэллээ.

Categories
мэдээ улс-төр

​Н.Алтанхуягийг нийт 4 тэрбум төгрөгийн тендерт холбогдуулан байцаажээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өнөөдөр 10:30 цагт Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхөөр ирсэн. Түүнээс тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал мэдүүлэг авчээ. Н.Алтанхуягийг байцаах ажиллагаа 16:00 хүртэл үргэлжилж, дууссан гэж эх сурвалж хэллээ.

Дашрамд дурдахад, Н.Алтанхуягийг тендерийн хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл буй. Тодруулбал, 2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан тендер болон дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт“Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан гэх. Уг хууль бус тендерийн ардЕрөнхий сайд асан Н.Алтанхуяг байсан гэж сэжиглэн шалгах үндэслэл АТГ-д байгаа аж.

Учир нь, “Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүүгийнх нь компани болохыг АТГ мөрдөн шалгах явцдаа тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

​Сайд П.Сэргэлэн Монгол Улсын алдарт уяач цол хүртлээ

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.

Эдгээр хүмүүс дотор ХХААХҮ-ийн сайд, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул П.Сэргэлэн багтаж байв. Тэрбээр Ерөнхийлөгчөөс Монгол Улсын алдарт уяач цолыг гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Дээд ивээлээ хайрласан бичин жил улирч, буян хишгээ дэлгэх улаагчин тахиа жил айлчлан ирж байгаа энэ өлзийт сайн цаг дор нүүдлийн соёл иргэшлийн амин чухал дархлаа-адууны соёлыг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж яваа хүндэт уяачид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.

Монголчуудын сүлд хийморь, бэлгэдэл молор эрдэнэ цагийн цаг, үеийн үед монгол хүнтэй хамт явж ирсэн. Тиймээс ч бид монгол хүнийг морин эрдэнэтэй нь цуг төрийн сүлдэндээ мөнхөлсөн. Монголчуудын баатарлаг түүх, бахархам амжилт адуутай холбоотой байдаг. Мориндоо мордсон монгол хүн түүхийг бүтээж, алдар суугаа мандуулдаг жамтай.

Гурван цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол манай уяачид, малчин түмэн юм.Түмний наадамд өргөсөн хүлгийн тань шандас, зон олноо цэнгүүлсэн золбоо хийморь, хүч хөдөлмөрийг тань үнэлж улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе. Адууны соёлыг алдаршуулан дэлгэрүүлж Монгол түмнээ олон жил баярлуулж явахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, уяачдын эрдэм төгс байг ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

Categories
мэдээ спорт

​Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийнэ

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин Н.Төгсцогт бямба гаригт ээлжит тулаанаа хийх гэж байна. Тулаан АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотын 17 600 хүний суудалтай ордонд болох бөгөөд FOX USA, USA FOX Sports 1, USA Fox Espanol, United Kingdom Sky, New Zealand Sky, Panama Channel 4 ТВ сувгууд шууд дамжуулан үзүүлэх аж.

Энэ удаад Н.Төгсцогт Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жеминотой тулалдана. Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэд 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж, долоо ялагдаж, нэг тэнцэж байжээ. “The Disaster” буюу “Гамшиг” хочит Жхон Дамас Жемино чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгддэг тамирчин юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Хонины ястай махны үнэ өмнөх сараас 10,7 хувиар өсчээ

2017 оны 2-р сарын 22-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.0 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 2-р сарын 22-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.7 хувь, үхрийн ястай махны үнэ 12.5 хувь, үхрийн цул махны үнэ 6.2 хувь, ямааны ястай махны үнэ 7.6 хувиар өсч, адууны ястай махны үнэ 0.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувь, ямааны ястай махны үнэ 7.6 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 2-р сарын 22-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6255 төгрөг, үхрийн /ястай/ мах 7620 төгрөг, үхрийн цул мах 8740 төгрөг, адууны /ястай/ мах болон ямааны /ястай/ мах 4625 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 2-р сарын 22-ны байдлаар гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурч, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 2-р сарын 22-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 2-р сарын 22-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад хүрэн манжингийн үнэ 4.9 хувь, төмсний үнэ 1.2 хувиар өсч, луувангийн үнэ 6.2 хувь, байцааны үнэ 0.7 хувиар буурсан бол, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 2-р сарын 22-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 9.8 хувь, задгай сүүний үнэ 1.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сартай харьцуулахад 10.9 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Н.Алтанхуяг: Надад үнэхээр идэж уусан зүйл байхгүй

Өнөөдөр Ерөнхий сайдаар ажиллаж байсан Норовын Алтанхуягийг дөрөв дэх удаагаа АТГ-аас дуудан байцаалаа. Тэрбээр энэ удаад ч гэсэн өөрийг нь Ерөнхимйлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэндээ ийм увайгүй алхам хийсээр байна, аль хэдийн шалгаад шийдчихвэл шийдчих хугацаа өнгөрлөө хэмээн байр сууриа удаа дараа илэрхийлсээр байгаа юм.

Түүнээс энэ тухай тодруулахад, Намайг АТГ-аас 3, 4 удаа байцаалт өгч гэж дуудаж байгаа нь энэ. Би өнөөдөр гурван зүйл хэлье.

Нэгдүгээрт: Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчихгүй байх гээд үзээд байх шиг байна. Намайг Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь ил гарчих гээд байдаг айдастай хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд нар л иймэрхүү ажил хийгээд удаж байна. Энэ бол намайг Ерөнхий сайд байхаас хийж эхэлсэн ажил. Ямар ч үнээр хамаагүй намайг л зогсоох гээд байгаа юм. Ерөнхийлөгч болгохгүй гэсэн зорилготой хүмүүсийн ажил яваад байна.

Хоёрдугаарт: Би монгол түмнийхээ төлөө, монголынхоо хөгжлийн төлөө, монголчуудаа сайхан амьдруулахын төлөө төр засагт ажиллаж байхдаа чөмгөө дундартал зүтгэсэндээ. Би ганцаараа ч биш бид бүгдээрээ хамтраад зүтгэсэн. Төрд ажиллаж байхад надад улсын мөнгө төгрөг идэж уух нь битгий хэл, тийм бодол ч төрж байгаагүй. Мөнгө төгрөг идэж уусан зүйл байхгүй байхад яагаад намайг ноолоод байна гэхээр Н.Алтанхуягийг л мөнгө төгрөгтэй холбочих юмсан гэсэн хүмүүс төлөвлөгөөтэйгээр 6, 7 жил ноцолдож байна. Надаас угаасаа “но” илрэхгүй учраас хамаатан, садан хүмүүсийг маань шоронд хийж байна. Тэгээд тэднээс Н.Алтанхуяг юу хийсэн тэрийг хэл гэдэг тийм л утгагүй муухай юм байдаг. Дахин хэлэхэд надад үнэхээр идэж уусан зүйл байхгүй. Хэрэв надад “но” байсан бол өнөөдөр би энд зогсож байхгүй. Бүтэн 6, 7 жил өнгөрчихөөд байхад аль хэдийн шийдчихнэ шүү дээ”.

Гуравдугаарт:Бид уг нь 1990 оны ардчилсан хувьсгалыг хийлцэж явахдаа цөөхөн хэдхэн хүн баяжаад олон нийт нь ядуурдаг нийгмийн төлөө яваагүй. Би их сургуульд багшийн ажил хийж байхдаа монголчуудын сайхан амьдрах тэр нийгмийн төлөө, эрх чөлөөт нийгмийн төлөө явж байна гэж ойлгож байсан. Би уг нь АТГ-т Монгол Улсыг болохоо байлгачихаад байгаа бүлэглэлийн хулгай луйвар их байнагэдгийг олон удаа хэлж, бодитой баримтуудыг өгсөн ч шалгахгүй байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​“Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаалыг төв талбайд зохион байгуулна

ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгээс өнөөдөр “Ажлын байрыг минь буцааж өгөөч” тайван жагсаал зохион байгуулав.

Тус хүрээлэнгийн байрыг Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ. Уг тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос Засгийн газарт хүргүүлсэн байна. Мөн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн 50 жилийн хугацаанд хуримтлагдсан Монгол орны геологи, палеонтологийн баялаг олдворуудыг байршуулах музей бариулах хөрөнгө зардлыг 2019 оны улсын төсөвт тусгах, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтын оффшор дансанд нуусан валютыг нэн даруй хураан авч ШУА-ийн тэргүүлэгчдийн газар болон, харьяа хүрээлэнгүүдийн шинэ барилгуудыг бариулж эхлэхийг шаардсан ч хариу ирүүлэгүй байна. Тиймээс уг шаардлагын хариуг нэхэж өнөөдөр Палеонтологи, геологийн хүрээлэнгийн гадна талбайд тайван жагсаал зохион байгуулж байгаа аж. ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийн 2000 гаруй эрдэмтэн энэ жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурсан байна.

Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос ирэх сарын 10-нд “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаалыг төв талбайд зохион байгуулах аж. Уг жагсаалд гарын үэсэг зурсан бүх эрдэмтэн оролцоно хэмээн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтан Г.Алтансүх хэллээ.