Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд цагаан сарын баярын өдрүүдэд ажиллах хуваарь

Холбоотой ЗурагМонголын уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг хэрхэн зохицуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.

Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.

Байгууллагын нэр

Утасны дугаар

Цагийн хуваарь

2 сарын 24, 25, 26, 27, 28, 3 сарын 1

Тайлбар

1

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

320981

24 цаг

Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./

10-16 цагийн хооронд

3

Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд

10-16 цагийн хооронд

4

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд

СХНЭ 631108

ХУНЭ 379258

БЗНЭ 454004

СБНЭ 350790

24 цаг

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв

Хүүхэд, насанд хүрэгчид

103

70110103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

325731

10-16 цагийн хороонд

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Онцгой комисс зурган илэрцүүд

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Онцгой комиссын бүрэлдэхүүнийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагаас 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Нийслэлийн Гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах, Хөдөлгөөн зохицуулах, Мэргэжлийн хяналт, Зам тээврийн, Эрүүл мэнд, Дулаанаар хангах, Эрчим хүчээр хангах, Орон сууцны, Мал эмнэлгийн, Усаар хангах, Шуурхай зарлан мэдээллийн томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын ажлын албанд даалгасан байна.

Мөн “ Энэ тушаалаар томилгоожсон албадын удирдлагууд холбоо зарлан мэдээллийн бэлэн байдлыг ханган утсаа байнга нээллтэй байлгах, хотоос гарсан тохиолдолд өөрийг орлох албан тушаалтанг томилон байгууллагын бэлэн байдлыг хангах, салбарын хэмжээнд үүсч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэн, иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажилласугай.

Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тохиолдсон гамшгийн үед нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохиоцуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга хурандаа Н.Уламбаярт даалгалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүмүүс нэр дэвших вэ

Юу юугүй л Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал хэдийнэ орсныг харж болохоор байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн заасан байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Төрийн тэргүүнээр П.Очирбат нэг удаа, Н.Багабанди хоёр удаа, Н.Энхбаяр нэг удаа, Ц.Элбэгдорж хоёр удаа туурга тусгаар Монголын эв нэгдлийн илэрхийлэгчээр ажилласан байдаг. Төрийн тэргүүний сонгуульд парламентад суудалтай улс төрийн хүчин нэр дэвшүүлэх эрхээ эдлэх бөгөөд бусад намууд дэмжиж, хамтарч сонгуульд орж болох юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт намаас гурван нэр дэвшигч тодрох учиртай.

АРДЧИЛСАН НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ СОНИРХОЛТОЙ ЕСӨН ХҮН БИЙ

Өнгөрөгч оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт бус ялагдал хүлээсэн тус намынхан ойрдоо хөл хөдөлгөөнтэй байна. Намынхаа нийт гишүүдийн дунд нээлттэйгээр намын даргын сонгуулиа явуулж, С.Эрдэнийг намын даргаараа батламжилж, Д.Эрдэнэбатыгаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгож, Ц.Туваанаар намынхаа гол тогоог бариулж эхэлсэн гээд яах аргагүй анхаарлын төвд байгаа юм. Эл намынхан дотоод сонгуулиа зохион байгуулсан хэмээн ам бардам байгаа ч тэд “ялагдсан нам” гэдэг нэрнээсээ салах болоогүй байна. Удахгүй намынхаа дэд дарга нарыг дөрөв эсхүл тав байхаар томилох сураг гарч буй. Намын шинэ удирдлагуудын эхний том ажил нь ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас хэн нэр дэвших нь таамаг төдий байгаа ч С.Эрдэнэ даргын хэлснээр бүх гишүүдийнхээ оролцоотойгоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах бөгөөд тавдугаар сарын 6-7-нд Их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтаар тодруулна.

Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтэй есөн хүний нэр яригдаж эхлэв. Цагтаа Ардчилсан нам, “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг тэргүүлж явсан Н.Алтанхуягийн нэр дуулдаж байна. Түүний хувьд саяхан болсон намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Нэг сунгаанд улдсан ч дахин сунгаанд орж намынхныхаа дэмжлэгийг авч болох. Гэсэн ч Ардчилсан намаас гаднах тойрогтоо ямар харагдах вэ гэдгээ бодолцох учиртай болов уу. УИХ-ын гишүүн, намын дарга, Ерөнхийлөгчийн сонгууль гээд гурав дараалан нэр дэвшихээр бол түүнийг албан тушаалын араас улайрагч мэт харагдуулж болох юм.

Аль ч цаг үед ард түмнийхээ дунд өөрийн рейтингийг алдаагүй улстөрч мэдээж Р.Амаржаргал. Засгийн газраа муу ажиллаж байна гээд огцруулахыг нь дэмжээд кноп дарчихдаг. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл МАН-аас нэр дэвшигчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болж очно гэсэн яриа бий. Гэхдээ энэ олон жил парламентад суухдаа юу ч хийгээгүй хүн Ерөнхийлөгч болоод юм хийх үү хэмээх яриа гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй Ц.Баярсайханы нэр мөн яригдах болсныг ойрын эх сурвалж өгүүлэв. Янз бүрийн зүйлд нэр холбогдож байгаагүй түүний хувьд өөрөө хүсэхгүй ч намынхан нь дэвш гэвэл өрсөлдөөд явахаас өөр замгүй гэж байв. Амбицаа дийлэхгүй яваа олон хүний дэргэд нуруутай гэдэг ч МҮДН фракц намынхаа анхан шатанд “хөлгүй”. Тэрбээр МҮДН фракцийн төлөөлөл.

Цагтаа Чингисийн талбайд тракторчдын жагсаал хийж, УИХ-ын гишүүн, Хотын даргаар ажиллаж байсан гэхээр хэн гэдэг нь тодорхой. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэллээ гэдэг мэдээлэл цацагдсан цагаас хойш манай сонин дээр ганц хоёр нийтлэл бичиж тавьсныг эс тооцвол усанд хаясан чулуу мэт алга болсон. Харин намынхаа долдугаар Их хурлын тайзнаа гарч үг хэлж, намын даргадаа амжилт хүсч байсан. Чимээгүй “дайсан” хамгийн аюултай гэж ярьдаг. Тэрбээр нам гүмхэн байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол бий гэнэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааныг мөн нэр дэвшинэ гэх болов. Хөвсгөл аймагт Их хурлын сонгуулиар нэр дэвшин өвдөг шороодсон ч намын даргын сунгаанд өрсөлдөнө гэж байгаад хазаараа татсан. Ямартай ч энэ удаагийн намынхаа сунгаанд оролцох тухай чих дэлсэж байна.

Баянзүрх дүүргээс гурван удаа Их хурлын гишүүнээр сонгогдож байсан гишүүн асан “Бридж” хэмээх Д.Ганхуягийг нэр дэвших бодолтой яваа хэмээн эх сурвалж өгүүлэв. “Шонхор” фракцид харьяалагддаг түүний хувьд намынхаа сунгаанд гайгүй оролцож мэднэ гэх юм билээ. Өөрөө бол “Дэвших эсэхээ шийдээгүй” гэдэг зүйл ярьж байгаа юм. Учир нь “Шонхор”-ынхон нам дотроо хамгийн том нөлөөллийг тогтоогоод буй.

Өөр нэг сонирхолтой нэр дуулдах болсон нь “Буян” хэмээх Базарсадын Жаргалсайхан. Цагтаа ардчиллын анхдагч болон явсан тэрбээр Бүгд найрамдах намыг байгуулан өрх тусгаарлаж байсан түүхтэй. Тэгвэл АН-ын даргын сунгааны өмнө намын гишүүнчлэлээ сэргээж, С.Эрдэнийг дэмжээрэй хэмээн уриалж явсан нь ердөө ганц сарын өмнөх явдал. Тэдний хооронд ямар тохироо өрнөснийг таах аргагүй. Америкт Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп Ерөнхийлөгч болж байхад Монголд яагаад Буян Жагаа Ерөнхийлөгч болж болдоггүй юм гэсэн яриа хүртэл гараад амжжээ.

“АПУ”-гийн хэмээх тодотголтой Г.Батхүүгийн нэр мөн Ерөнхийлөгчийн сунгаанд яригдаж байгаа аж. Түүний хувьд МоАН фракцийн төлөөлөл бол тус фракцаас мөн УИХ-ын гишүүн Л.Болдын нэр яригдаж эхэлсэн. Г.Батхүүгийн хувьд намын даргын сунгаандаа нэр дэвшинэ хэмээн материалаа бүрдүүлж өгөхөөр Сонгуулийн хороо руугаа очиж явах замдаа бараг нэр дэвшихээ больж буйгаа хэлсэн гэдэг. Л.Болдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох уу гэхэд “Харж байгаад болно” гэдэг хариу өгч байсан. Эдгээр нэр дэвшигчдээс хэн нь намынхаа нийт гишүүдийн олонхийн саналыг авч, Их хурлаасаа баталгаажсан нь нэр дэвших юм.

МАН-ААС ГУРВАН НЭР ДЭВШИГЧ НАМ ДОТРОО “ҮЗЭХ ҮҮ”

Эв эеийг үргэлж сахидаг хэмээгддэг МАН-ынхан энэ удаагийн сонгуульд хэнийг ч нэр дэвшүүлсэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой. Парламентад үнэмлэхүй ялалт байгуулсан тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах цаг болоогүй гэж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийгээд эхэлсэн гэж харахаар байгаа. Учир нь намаасаа нэр дэвших хамгийн өндөр магадлалтай МАН, УИХ-ын дарга М.Энхболдын хувьд амралт, ажлаа зохицуулан орон нутагт ажиллаад эхэлсэн. Ойрын өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзалт хийж байгаа талаарх мэдээлэл цацагдах болсноос харж болно. Энэ нь ч түүнийг баталж байгаа гэх юм билээ. Хэрэвзээ Төрийн тэргүүний сонгуульд орохгүй гэсэн бол тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат бус М.Энхболд дарга ажиллах байлаа. Засгийн ажил тааруу байвал Ерөнхий сайдын нэр хүнд унадаг гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг тул өөрт оногдох хариуцлагаа Ж.Эрдэнэбатад шилжүүлж байсан нь үүний хамгийн том нотолгоо байв.

Нам дотроо хийгээд бусад намаас нэр дэвшигчдийн хамгийн том өрсөлдөгч одоогийн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд. Нам дотроо өөрийн байр суурийг бататгахын тулд бүхий л шатандаа ажиллаж байгаа хэмээн МАН-ынхан нь ярих болсон. Магадгүй нам дотроосоо өрсөлдөгчгүйгээр шууд нэр дэвших мандатаа аваад гарч ирж ч мэднэ. Намын даргаар ажиллаж байхдаа УИХ, орон нутгийн сонгуульд намаа ялуулсан нь түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хангалттай том шалтгаан мөн. Улстөрч хүн ямар ч үед хатуу байх ёстой гэдгийг тэр өөрийнхөө биеэр харуулж байв. 2013 оны аравдугаар сарын 29-ний өдөр тус намын Бага хурал хуралдаж намын даргаа сонгох санал хураалт явуулсан. Намын даргад нэр дэвшсэн өдөр нь түүний аав өөд болж тус намын хурал гурван цаг гаруй завсарлаж байлаа. Үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан намынхаа Бага хуралд ирж оролцон 90 гаруй хувийн дэмжлэг авч намын даргаар сонгогдож байсан нь дөрвөн жилийн өмнөх мөчлөгт хамаарна.

МАН-ын хувьд Ардчилсан намынхан шиг нам дотроо сунгаа энэ тэр гэлгүй нэг өдөр хуралдаад асуудлаа шийдчихдэг. Намынхаа Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн нэрсийг Бага хурлаараа санал хураалтын журмаар шийддэг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Бага хурлаараа дөрвөн хүний нэр оруулж ирсэн ч Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нарын оноо тэнцэн дахин санал хураалт явуулахад Б.Бат-Эрдэнэ илүү санал авч нэр дэвшиж байв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд намын экс дарга Ө.Энхтүвшин нэр дэвшиж магадгүй талаар намынхан нь яриад эхэлжээ. Дэмжлэг ч гайгүй байгаа сурагтай. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар боломжоо алдсан түүний хувьд энэ удаа өөрийгөө сойгоод үзэх сонирхол бий бололтой. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд ноён нуруутай, тулхтай улстөрч хэмээн намынхандаа төдийгүй иргэдэд үнэлэгддэг. Нам нь олонхи болж Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох чуулганы хуралдааны үеэр намын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болсонгүй хэмээн “зад” шүүмжилж байлаа. Магадгүй хожмын нэр өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх процесс өрнөхөд нэр цэвэр Их хурлын дарга нам дотроо өөртэй нь өрсөлдөж магадгүй гэж бодсон ч байж мэдэх юм. Ямартай ч чуулган, байнгын хорооны хуралдаан бүрт үг хэлж ад болдоггүй ч үе үе хэлэх үгээрээ намын даргаа “чимхэж” харагддаг.

Өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн зарласан ч Ц.Нямдорж гишүүний хувьд өрсөлдөж болох хувилбаруудын нэг хэмээн намынхан нь үзэж байгаа бололтой. Түүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалаар улс төрийн карьерыг улам өсгөж яваа. Оюу толгой гэдэг ганц сэдвийг барьж авч дөрвөн жил ярьдаг нь С.Ганбаатар биш байсан гэдэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн жишээгээр Ц.Нямдорж гишүүн дээр харагдаж байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр долоо, Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурав, УИХ-ын даргаар нэг удаа ажиллаж байсан туршлага бий. Түүний хувьд Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бусад өндөр албан тушаалыг хашсан. Тиймээс төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж магадгүй хэмээн яригдаж байна. Одоогийн байдлаар намын даргаасаа илүү рейтинг өндөртэй байгаа гэнэ. Тэдний дундах өрсөлдөөнийг ажиглах л үлдлээ.

МАХН-ААС НЭР ДЭВШИГЧИЙГ Н.ЭНХБАЯР Л ШИЙДНЭ

МАХН-д парламентад цор ганц суудал авч ирсэн нь О.Баасанхүү гишүүн. Оны өмнөөс л тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар үг цухуйлгаж, зарим үед дипломатч Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун гуай нар шиг хүн хэрэгтэй гэж ярьж байгаа. Манай сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болох найман хүний нэр байгаа талаараа мэдэгдсэн ч хэн хэн бэ гэдгийг нь хэлэхгүй гээд “гөжчихсөн”. Гэхдээ О.Баасанхүү гэхээсээ илүүтэй намын дарга Н.Энхбаярын мэдлийн шахуу асуудал л даа. Н.Энхбаяр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг намдаа урьсан гэдэг мэдээлэл гарсан ч О.Баасанхүү гишүүн эрс үгүйсгэсэн. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Удвалаар туг тахисан МАХН-ынхан энэ удаа хэнээр сор залах нь одоогоор тодорхойгүй. МАХН-ынхан АН эсвэл МАН-тай болон бусад намтай хамтарч сонгуульд орохгүй гэвэл дангаараа нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Тус намынхны дунд одоогоор яригдаж буй ганц хүн нь Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар юм байна. Гэхдээ хувийн шугамаар Н.Энхбаяр даргатай хүмүүс уулзаж байгаа ажээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Үйлст: “Таны ааш, араншин хувь заяаг тань тодорхойлдог юм шүү”

Монголын мэргэшсэн сэтгэл судлаачдын үндэсний төвийн сэтгэл судлаач Ж.Үйлсттэй ярилцлаа.


-Арван гурван аашаа нуумааргүй байна гээд дуу хүртэл байдаг. Ер нь хүний ааш араншинг хэрхэн судалсан байдаг юм бол?

-Хүний ааш, араншинг ерөнхийд нь олдмол буюу төрөлхийн гэж ангилдаг л даа. Зан төлөв бол олдмол. Харин темперамент төрөлхийнх. Зан төлөв нь амьдралын явцад бүрэлдэн бий болдог олдмол шинж чанартай. Хүний түргэн ширүүн, уур уцаартай, зөөлөн тайван, эмзэг мэдрэмтгий, санаачилгатай байх зэрэг нь темпераментаасаа шалтгаадаг юм. Нийт дөрвөн темперамент байдаг. Тухайлбал, холерик темпераменттай бол цочмог, шаралхуу, хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн ааштай, дүрсхийн уурлах нь цөөнгүй. Тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг шинж чанаруудаар илэрнэ. Холерик темпераменттай хүний онцлог нь өөрийгөө басамжлан үзвэл сөрж гөжих, муухай аашлах зэрэг. Харин бусдын бодолд өдөгдөн дагах нь ховор. Бие даасан байдалд нь саад учруулбал амархан уурлах, ууртай омогтойгоор хариултыг нь өгдөг. Ийм шинжтэй. Харин сангвиникт гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог, сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, орчиндоо хандах нь идэвхтэй, хэнэггүй занд дургүй хэв шинжийн хүмүүс багтана. Сангвиник темпераменттай хүмүүс сэтгэл санаагаар унах нь ховор, бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоох санаа сэтгэлийн харьцааг амархан тогтоодог, хамт олон дотор хэнээс ч түрүүнд байр сууриа олдог. Бачимдан бухимдах нь ховор, зөрчил мөргөлдөөнд оролцох боловч больж няцах нь түргэн, өөрийгөө магтаж гайхуулах нь түүнд жирийн хэрэг мэт сэтгэгдэл төрүүлэх боловч дутагдлаа нуулгүй ил тод ярьж, шүүмжлэлийг дуртайяа хүлээж авч чаддаг. Флегматик хүмүүс бол хүчтэй хэв шинжтэй боловч хөшүүн. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн, биеэ барих сэтгэлийн гадаад илрэл сул. Меланхолик нь буурьтай дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой байдал гаргана. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг, ажлын чанар нь ч сайн. Шинэ нөхцөл байдалд дасахдаа муу, гомдомтгой, сэтгэл санааны хувьд өөрийгөө ганцаардуулж бодох, сэжигч, өөнтөгч зантай, сайшаах буруушаах үед амархан хүлээн авч зөв ойлгодог. Сэтгэлээр унах нь асар их гэх мэт. Ерөнхийдөө хүнээс гарч буй эерэг, сөрөг хандлагуудад хүний төрөлхийн зан төлөв маш их нөлөөлдөг.

-Зан төлөв төлөвшихөд юу нөлөөлдөг вэ. Үүнээс болж үүсч буй сөрөг хандлагууд юунаас үүсдэг юм бол?

-Хүүхэд наснаасаа эхлээд л бид бүхэн харилцаанд орж эхэлдэг. Гэр бүлийн харилцаа нь цэцэрлэг, сургууль цаашлаад нийгэм гэх мэт өргөжөөд явдаг. Харилцаа өргөжих хэрээр хүний үзэл бодолд өөрчлөлт ороод явдаг юм. Энэ явцад зан төлөв бүрэлдэн бий болдог. Харин сөрөг сэтгэл хөдлөлүүд нь сэтгэлийн шарх авснаас үүсэх нь элбэг. Ингэхээр бага насанд хамгийн дотно эсвэл хүндэлдэг хүн нь урмыг нь хугалах, сэтгэлийн шарх үлдээх нь сөрөг зан төлөвтэй болох үндсийг тавьж өгдөг байх нь.

Ер нь аливаа хүн 12 нас хүрэхэд аль хэдийнэ төлөвшчихсөн байдаг. Яахав 12-18 нас хүртэл нь эцэг, эхчүүд чиглүүлж болох л байх. Харин нас биед хүрсэн хүнийг өөрчлөх боломжгүй. Тэгэхээр тэрхүү бага насанд сэтгэлийн шархаар үүссэн сөрөг зан төлөв насанд хүрсэн ч байсаар л байдаг байх нь. Гэвч ихэнх хүмүүсийн одоогийн амьдрал, харилцаа хандлага нь хүүхэд насанд юу үзэж туулснаас шалтгаалдаг гэдгийг төдийлөн анзаардаггүй.

-Тэгвэл зохисгүй ааш авир, сөрөг зан байдал нь хүний амьдралд өөрөөр хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Хэрэв таны нойр чинь хулжаад, үргэлж таагүй мэдрэмж төрөөд, муу муухай зүйл тохиолдоод байвал таны бодол болоод зан төлөв, дадал зуршил тань сөрөг байгаагийн илрэл. Тэгэхээр таны сөрөг хандлага бодол үйлдлээр тань дамжиж амьдралын бүхий л талбарт нөлөөлж байдаг байх нь. Таны ааш, араншин хувь заяаг тань тодорхойлдог гэдэг шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Мөн сөрөг зан байдал нь өөртөө болон бусдад, мөн амьдралдаа сэтгэл ханамжгүй болж аливаа зүйлээс таашаал авч чадахаа болино. Ганцаардах, хэн ч өөрийг нь тоохгүй байгаа мэтээр мэдэрч стресст амархан өртөх цаашлаад сэтгэл гутралд орох хүртэл аюултай байдаг.

Түүнчлэн хүн уулзах хүнээ өөрөө л дууддаг гэдэг. Сайн хүнтэй сайхан зүйл ярих уу, муу хүнтэй олиггүй юм ярих уу гэдэг нь таны л зан араншин, үзэл бодлоос хамаарна.

-Харин зан аашийн хувьд тайван тогтуун байж, эерэг хандлагатай байхын тулд яах ёстой вэ?

-Үүн дээр нэг жишээ ярья л даа. Би нэг удаа гудманд явж байлаа. Хоёр хүү миний хажуугаар өнгөрсөн юм. Гэтэл нэг нь хажуугаар гарахдаа над руу нулимчихсан. Би эргэж хараад яаж байна, ингэж болдоггүй юм байхгүй юу гэсэн. Харин өнөөх хүү намайг эргэж хараад уурлаж, загнаж, хашгична л гэж бодсон байх. Нүд нь сортолзоод зогсож байснаа намайг тэгж хэлэнгүүт их гайхсан янзтай “Уучлаарай эгч ээ” гээд гүйгээд явчихсан. Хэрэв намайг уурласан бол чулуу шидэх ч энүүхэнд байх байсан биз. Хүн сөрөг хандлагатай байх юм бол тийм л хариу авдаг. Тэгэхээр энэ надтай ингэж харьцаж байгаа бол би ч гэсэн тэгж харьцана гэж болохгүй. “Юу тарина, түүнийгээ хураана” гэдэг шүү дээ.

Мөн сургуулиа төгсчихөөд нэг газар хүний нөөцийн менежерээр ажилд орсон юм. Намайг ажилд ороход тэрхүү хамт олон хоорондоо бараг л мэндэлцгээдэггүй байсан. Харин би ажилд орсон цагаасаа эхлээд бүх хүнтэй сайхан мэндэлдэг байлаа. Гэтэл гурван сарын дараа гэхэд тэр хамт олон бүгд хоорондоо сайхан мэндэлцгээдэг болсон. Би хүмүүстэй мэндэлж эхэлснээр хамт олондоо эерэг хандлагыг төрүүлж, миний үнэлэгдэх үнэлэмж хүртэл дээшилж байгаа юм. Өнөөх л ааш, араншин, зан төлөвөөс таны амьдрал шалтгаалаад байна шүү дээ.

Хүмүүсийн одоогийн амьдрал, харилцаа хандлага нь хүүхэд насанд ямар амьдрал үзэж туулснаас шалтгаалдаг гэдгийг дээр хэлсэн шүү дээ. Харин хүмүүс өнгөрсөнд болсон муу муухай, таагүй бүхнийг мартах гэж хичээгээд байдаг. Энэ нь буруу юм. Тэр бүхэн мартагдаагүй, сэтгэлийн мухарт тань үлдчихсэн байгаа. Иймд бусдыг уучилж өршөөж, өнгөрөөж сурах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд монголчууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ

Өмнөд Монгол цагаан сар зурган илэрцүүдЦагаан сар, наадам. Монгол туургатны олон зууныг дамжин ирсэн уламжлалт баяр. Монголчуудын өв соёлыг тээсэн энэ уламжлалт ёс заншил өнөө ч дэлхийн өнцөг бүрт ямар нэгэн хэмжээгээр тэмдэглэгдсээр байна.

Энэ ёслолын хамгийн том зураг нь бид буюу Монгол Улсаар овоглосон иргэний үнэмлэхтэй иргэд. Энэ тухай 1960-аад онд Унгарын эрдэмтэн бичихдээ “Олон зууныг дамжин ирсэн Цагаан сар хэмээх баярыг эрх баригчид хориглосон ч монголчууд тэмдэглэсээр байна. Эрх баригчид мэдсэн ч, мэдээгүй дүр эсгэж байгаа нь энэ баяр хэнд ч, юунд ч дарагдахгүйг харуулна” хэмээн бичжээ. Харин эрдэмтэн Б.Ринчен “Тунгалаг тамир”, “Цагаан сар” зэрэг зохиолуудын ядуулаг дүрүүдийг “ядмагхан улс төр” гэж нэрлэсэн гэдэг. “Өдрийн сонин”-ы залуу сэтгүүлч “Залуус цагаан сараас төвөгшөөх хэрэггүй” гэж бичсэн байна. Энэ бүхнээс харвал бидний хойч үе ч энэ баярыг тэмдэглэсээр байх нь гарцаагүй.

Харин гадаадад байгаа монголчууд хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхвол зарим тохиолдолд цагаан сарын ёс уламжлал мартагдах тал руугаа явж байгаа тухай зарим судлаачид ярьдаг. Энэ удаа өмнөд монголчууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг талаар зарим зүйлийг сонирхуулъя.

Бидний ярьдгаар өвөр монголчууд буюу БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны монголчууд монгол бичгээс эхлээд олон зүйлийг тээж үлдсэн. Тэд цагаан сараа Хятадын хуулиар тэмдэглэдэг боловч монгол өв соёлоо маш их дээдэлнэ. БНХАУ-ын харьяа монголчуудыг ихэнх тохиолдолд өвөр монгол гэж ярьж, бичдэг. Хятад талаасаа яривал өвөр буюу өвөрт, дотоодод байгаа гэсэн утга. Хятадууд 1921-1949 он хүртэл өмнөд монголчуудыг дотоод, бидний монголчуудыг гадаад, ар монгол хэмээн хилээр зааглан нэрлэсээр иржээ. Харин өнөөгийн ӨМӨЗО-ны монголчууд бидний өмнө зүгт оршдог тул бид өмнөд монголчууд гэж бичиж байна.

Өмнөд монголчууд өвлийн адаг сарын 23-нд гал тахих ёслол үйлдэнэ. Дээхнэ үед 23-нд ядуус, 24-нд хэргэм зэрэгтнүүд гал тахидаг байсан бол өнөө цагт бүгд 23-нд тахидаг болсон аж. Гал тахих ёслол нь хонины өвчүүг хөх, улаан, цагаан, цэнхэр, шар торгоор ороож шатаахыг хэлнэ. Өмнө нь тэд бүтүүний өдөр нүүдэл суудал хийдэг байсан бол одоо гэрийн эд хогшлоо гаргаж, шороо тоосыг цэвэрлэж гэртээ буцаан оруулах үйлдлээр нүүдэл суудлыг орлуулна. Жил нь орж байгаа хүнд ойр дотнынхон нь шинэ дээл, адуу мал бэлэглэнэ. Өмнөдүүд цагаан сарын идээ шүүсээ дал дөрвөн өндөр, хуруудыг хэвлэж хийсэн хагас дугуй боовоор бэлдэнэ. Хагас дугуй боовоо долоог нийлүүлж, бүтэн тойрог болгон долоон үе өрж гадна хүрээ болгоно. Дотор нь мөн долоон үеэр хэвлэсэн дугуй боов өрж, гадна хүрээнээс дээш гурван үе илүү тавина. Мөн бидэнтэй адил бууз, банш бэлдэнэ. Идээ будааны үндсэн ундаа архи, цай. Цагаан сараар золгож байгаа хүмүүстээ жижигхэн аяганы ёроолоор багахан хэмжээний цай амсуулах төдийхнөөр өгнө. Харин архийг бол заавал гурван хундага уулгана.

Монголын идээ шүүс

Өмнөдүүдийн золгох ёс биднийхээс тэс өөр. Ахмад настай нь сууж үр хүүхдүүд нь ирээд бидний ярьдгаар товаришлах буюу зүгээр л гар бариад болоо. Хэн нэгэн ахмадтайгаа гэр бүлээрээ золгох тохиолдолд өрхийн тэргүүн л гарын бэлэг өгнө. Өмнө нь ахмадуудтай золгохдоо архи өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд сүү өгөх нь ихэсч багаа аж. Монголд сурч байгаа өмнөд монгол оюутнуудын яриагаар бол энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн архи биш сүү өргөх уриалгатай холбоотой. Сүүлийн жилүүдэд өмнөдүүд цагаан сараар өөрсдийн үйлдвэрлэсэн зүйлээ хэрэглэх уриалга гаргаж байгаа бөгөөд энэ нь ч хэрэгжиж жижиг, дунд үйлдвэрүүд нь богино хугацаанд томорч байгаа гэнэ. Золголт хийсэн өндөр настан золгосон бүхэндээ гарын бэлэг өгнө. Гарын бэлэг нь ихэнхдээ 50-100 юань. Гарын бэлгийг зөвхөн ойр дотнын өндөр настандаа л өгнө. Залуус болон саднууд бие биедээ айлчлахдаа ямар нэг бэлэг солилцохгүй. Хуулиар цагаан сараар өмнөдүүд долоо хоног амардаг. Гэхдээ золголт 15 хоног үргэлжилнэ. Гэхдээ шинийн таванд хэн ч холын замд гардаггүй сонин уламжлалтай. Цагаан сараар өмнөдүүд хөгшин залуугүй монгол дээлээр гоёно. Залуус дээл өмсөх нь багасч байгаатай холбогдуулан Өмнөд Монголд дээлтэй холбогдсон олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн есдүгээр сард оюутнууд хичээлийн нэг өдрөө монгол дээлний өдөр болгохыг уриалж, муугүй хэрэгжиж байгаа тухай өмнөдөөс суралцаж байгаа оюутнууд ярьж байна. Мөн зарим урлагийн арга хэмжээнд дээлтэй ирсэн залууст суудал сонгох, түүгээр ч зогсохгүй үнэгүй үзүүлэх зэрэг урамшуулал ихээр дэлгэрч байгаа аж. Өмнөдүүд манайд үйлдвэрлэсэн урт түрийтэй гутлаар сүүлийн үед ихээхэн гангарах болжээ.

Өмнөд Монголын идээ шүүс

Цагаалганы хуруудыг малтай айл зунаас эхэлж хураана. Мөн шүүсний хонийг өөрсдийн идэштэй хамт бэлдэнэ. Өмнөдүүд мах ихээр хэрэглэнэ. Хоёр охинтой эхнэр, нөхөр жилд цагаан сарын ууцнаас гадна нэг үхэр, хоёр хонь хэрэглэнэ. Түүнээсээ хамгийн ахмад настандаа дээж хүргүүлнэ. 2012 онд нэг хонь 1200 юань буюу 432 мянган төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 500 юань буюу 180 мянган төгрөг байгаа гэнэ. Харин гарын бэлэгт өгдөг архи нь 30-40 юань. Өмнөдүүд цагаан сард нэг өрх дунджаар 3000 орчим юань зарцуулна. Өмнөдүүдийн цагаан сар элбэг дэлбэг боловч Цагаан сарын баяр дуусахад идээ шүүс нь бас дуусна. Тэд биднээс ялгаатай нь том жижиг ууц, мөнгөн аяга, үнэтэй дээл, мөнгөн бүсээр өрсөлдөхгүй.1949 оны ардын хувьсгалаас өмнө тэдэнд цагаан сарын баяраас өөр баяр байсангүй. Өмнөд Монгол орон даяар нэгдсэн наадам хийдэггүй байж. Харин өнөөдөр аймаг, хошуу бүхэн эрийн гурван наадам хийдэг болсон. Мөн олон улсын хэмжээний баяр, Валентины баяр гэх мэтийг чөлөөтэй тэмдэглэх болжээ. Сонирхолтой нь, өмнөдийн залуус өнөөг болтол Валентины баярт хайнга хандана. Хот сууринд боловсрол эзэмшсэн цөөн залуус нэлээн шохоорхдог аж. Сүүлийн үед өмнөдийн залуус гадаадад сурч дотооддоо бизнес хийх сонирхол нэмэгдэж байна. Зарим залуус Цагаан сарыг ингэж олон хоног тэмдэглэхэд таатай хандахгүй байгаагаа илээр илэрхийлдэг болсон аж. Учир нь олон хоногийн амралт бизнест нь муугаар нөлөөлдөг. Гэхдээ л өмнөдүүдийн хамгийн том баяр нь мэдээж цагаан сар. Олон хоногийн амралттай цагаан сарын үеэр хоолны газрууд маш их ашиг олно. Томоохон зоогийн газрууд урьдчилан захиалга авна. Өмнөдүүд гэртээ цагаалахаас гадна хамаатан, төрөл садан, найз нар нийлж хоолны газар цуглах хоббитой. Энэ үеэр тэд өнгөрсөн жилд олсон олз, мэргэн санаа хөгтэй явдлуудаа бие биедээ хуучилж ихэнх цагаа барна.Өмнөдөд барууны кино гаргадаг телевизийн ганц суваг байдаг. Өмнөд Монголын эрх баригчид цагаан сарыг улам төгөлдөржүүлэх арга эрэлхийлсээр ирсэн гэнэ. Тэд энэ баяраар дамжуулж үндэсний өв уламжлалаа авч үлдэхийг оролддог аж.

Харин овог, дошоо сахиж үлдсэн бидний цөөн монголчуудын цагаан сарын баяр жил ирэх тусам өргөжиж байгаа ч, зарим талаар шүүмжлэл дагуулах болж байна. Тэтгэврийн хөгшдийн цагаан сараа тахлах үндсэн хөрөнгө нь тэтгэврийн зээл. Хэдхэн хоног идэх идээ будаанд ямар ч тэтгэврийн хөгшин багаар тооцоход 3-5 сарын тэтгэврээ золино. Гар дагуулж харсан хөгшид хүүхэд бүрт гар цайлгах ёслол үйлдэнэ. Социализмын үед энэ нь бэлгэдлийн чанартай байсан бол сүүлийн жилүүдэд зэрэг зиндаа, бэл бэнчингийн өрсөлдөөн болж хувирч байна. Төр засгийн тэргүүнүүд нь ч нэг өрөөнд шинэлж байгаа байж тус бүртээ өндөрлөг гэдгээ харуулах мэт өөрсдөөсөө өндөр боов өрж өрсөлдөнө. Энэ бүх өрсөлдөөний хөлд орлого багатай иргэд нэрвэгдэж нэрэлхүү зандаа автаж төрийн өндөрлөгүүдээс дутахгүй гэсэн ууц, боовны зарлагад нухуулна.

Мэдээж энэ баярыг тэмдэглэх нь соёлын том өв уламжлал. Гэхдээ бэлгэдэл, ёс заншлаас илүүтэйгээр өнгө мөнгөний өрсөлдөөн болгох нь зохимжгүй. Бидний бэлтгэдэг идээ шүүс ч эрүүл ахуйн нөхцөлийг хангаж байгаа нь эргэлзээтэй. Цагаан сараар тавьсан ууц, боовыг хэд хоног идэх нь ч тодорхойгүй. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг эмч нар анхааруулдаг. Бас нэг ноцтой асуудал нь цагаан сарын үеэр хоолны хордлого нэмэгддэг тухай түргэн тусламжийн эмч нар ярьдаг. Энэ мэтчилэн цөөнгүй асуудал цагаан сарыг дагадаг болсон. Зүй нь энэ баярыг ашиглаад хойч үедээ мэндлэх, хүндлэх ёс монгол хэлнийхээ уламжлалт хэллэгийг хэвшүүлж сургавал хэн хэндээ хэрэгтэй л дээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

“Ажлын байрыг минь буцааж өгөөч” эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж байна

“Ажлын байрыг минь буцааж өгөөч?” гадаа ажиллах эсэргүүцлийн хөдөлгөөн өнөөдөр үргэлжилж байна. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270-р тогтоолыг цуцлуулах асуудлаар “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2017 оны 2-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, хариуг 2-р сарын 21-ний өдрийн дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн юм байна. Гэвч шаардлагын хариу ирээгүй тул ийнхүү эсэргүүцлээ үргэлжлүүлж байна.

Шаардлагад хариу өгч, асуудлыг шийдэж өгөхгүй бол ирэх гуравдугаар сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах “Үлэг гүрвэлийн цурхираан” нэртэй жагсаалыг зохион байгуулах юм байна. Жагсаалын үед Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон арван жилийн турш судлан цуглуулсан дэлхий ховор сонин үлэг гүрвэлүүд жагсаж “орох орон”-гүй болсондоо гашуудаж, Засгийн газраас орон байраа буцааж өгөхийг цурхиран гуйх арга хэмжээ болно хэмээн эрдэмтэдп мэдэгдэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Оны шилдгээр “Тэнэгэр их тал” дууг тодруулав

“Морин хуур” наадам 30 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Наадмын гала тоглолт өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ шалгаруулав.

Оны шилдэг дуугаар “Тэнэгэр их тал” дууг тодруулж, Гранпри шагналыг хүртээв. Энэхүү уран бүтээлийн шүлгийг яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн бичиж, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр аялгууг нь хөглөж, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр олны хүртээл болгосон.

Харин нэгдүгээр байранд хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим, яруу найрагч Х.Чилаажавын шүлэг “Гэгээн нутаг” дуу шалгарсан байна. Энэ дууг МУГЖ, дуучин У.Далантай дуулж, олны сонорт хүргэсэн билээ.

Хоёрдугаар байранд хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн ая, яруу найрагч Ч.Нандинцэцэгийн шүлэг “Аавтай орчлон” дуу, гуравдугаар байрын шагналыг хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая, яруу найрагч Б.Цэрмаагийн шүлэг “Ийм л сайхан” дуу тус тус хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Своп хэлцлийн гэрээг 2020 он хүртэл сунгажээ

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар өнгөрсөн лхагва гаригт хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар боллоо.

Мөн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлсэн байна. Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эх орончдын нам”-д эх орныхоо төлөө “харакири” хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг ирлээ

Цагаан сар хаяанд ирчихсэн, айл бүхэн сар шинэдээ бэлдээд, хүн бүр билэг ерөөлийг бодож байгаа. Сар шинийн өмнөхөн билэггүй юм яриад яахав дээ гэх хандлага байдаг. Гэвч эдийн засаг хамгийн үнэн, бодитой. Нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ идэхгүй гэдэг шиг өнөөдөр Монгол Улс дампуурлынхаа ирмэгт ирээд байна. Эдийн засаг үнэхээр хүнд байна. Засаг төр маш хурдтай ажиллаж, зоримог шийдвэрт хүрэхгүй бол монголчуудын уламжлалт баяр цагаан сарын золголт ид дундаа байх цаг дор улс орон маань дефолт буюу хүн төрөлхтний өмнө дампуурлаа зарлаж шившгээ дэлгэнэ. Ийм л цаг бидний өмнө ирж дампуурлаа зарлах уу, үгүй юү гэдэг асуудал ердөө л минут, секундээр хэмжигдэж эхэллээ.

Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд ороод байгаа. Гэтэл Олон улсын валютын сан Монголд хамгийн хүнд нөхцөлтэй шаардлагыг тулгах болсон. Энэ нь Монгол Улсын Сангийн яам болоод ОУВС-гийн хэлэлцээрийн явцаас мэдрэгдэж байна. Тухайлбал, “Extended fund facility” буюу урт хугацаат өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг манайд тулгаж байгаа юм. Ийм хөтөлбөрийг төлбөрийн тэнцлийн хямралд өртсөн орнууд хэрэгжүүлдэг. Үндсэндээ эдийн засаг нь элгээрээ хэвтсэн орнуудад санал болгодог гол хөтөлбөр нь аж.

Олон улсын валютын сангийнхан “Эдийн засаг чинь онцгой хүнд нөхцөлд байгаа учир үүнээс өөр арга одоохондоо алга” гэдгийг хэлж байна. Татвар нэмэх, орлогын шаталсан татвар бий болгохыг шаардсан нь өнөө яригдаад буй 450 сая ам.доллар бөөндөө биш цуварч орж ирнэ гэсэн үг. Валютын сангийн даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж байгаад дараагийн мөнгөө авах эрхтэй болно. Ийм л хатуу зарчмаар явах сонголтыг тэд тулган хүлээлгэж байна. “Extended fund facility”-д хамрагдсан орнуудад ОУВС-гаас төсвийг нь эрүүлжүүлэх танах чиглэлээр цаашдаа тодорхой салбар руу нь шууд дайран ордог байна. Түүний нэг жишээ нь уг хөтөлбөрт хамрагдсан Украинд эрчим хүчний төлбөрийг шууд нэмэгдүүлж байжээ. Манайд ийм эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүйг эдийн засагчид онцлоод байгаа.

Өнөөдөр Монголын төрийг эх орончдын нам буюу Монгол ардын нам барьж байгаа. Тэд хорин нэгэн оны хавар Монголд анх улс төрийн хүчин болж байгуулагдсан. Монгол ардын нам бол халуун зоригт эх оронч хөвгүүдийн байгуулсан нам. Улс орны тусгаар тогтнолын суурийг тавьсан эх орончдыг үгүйсгэж болохгүй хэмээн тунхаглаж, жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг Эх орончдын өдөр гэж жигтэйхэн баяр хөөр болж, наадам найр хийдэг. Юм л болбол эх орон, ард түмэн минь, эх оронч баатарлаг хөвгүүд минь гэж лоозогнодог Ардын намыг эх орончдын нам гэсэн нь ийм учиртай.

Эдийн засаг элгээрээ хэвтэж, улс орон дампуурахдаа тулаад буй энэ үед Эх орончдын намд засгийн эрхийг барих ээлж таарсан юм. Тэд өнгөрөгч оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулахдаа ард иргэдээ өдөр бүр ам руу нь угжиж байх хайр, халамжийг хавтгайд нь зарласан.

Эргэн санавал, “Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлооно” гэж уриалан тунхагласан мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг олгоно, оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилдаа орсны дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Өрх толгойлсон эцэг эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжинэ. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. “Одонтой ээжүүд”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Цалин урамшууллыг өсгөж өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гээд цааш хөвөрнө.

Эрх баригчид ингэж тунхаглан сонгуульд ялчихаад баярлалдаж байтал Олон улсын валютын сангаас энэ бүхнийг нь тас цавчсан шаардлагуудыг тавих нь тэр.

Халамжийг бараг л байхгүй болгох, татвар нэмэх, төсвөө суурь байдлаар нь танах, төрийн албан хаагчдыг эрс цөөлөх, өрөөр өр дарахгүй байх, өр зээл дахиж авахгүй байх зэрэг хатуу болзлуудыг тулгасан. Өөрөөр хэлбэл, засаг барьж буй Монгол ардын нам “Стэнд бай”-д хамрагдахын тулд сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод ард түмэндээ амлаж ялалт байгуулснаа 100 хувь үгүйсгэж, үндсэндээ амлалтынхаа эсрэг ажиллана гэсэн үг. Хэрвээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, эх орныхоо сан хөмрөгийн ёроолд байгаа жаахан хүнсээ халамж нэрээр тараагаад цацчихвал, уутныхаа ёроолыг сэгсрээд гөвчихвөл Монгол Улс дэлхий дахинд дампуурлаа зарлах нь тодорхой. Хэрэв өрөөр өр дарж дампуурлаа зарлаж гэмээнэ тухайн улс орон дахин өндийж хөл дээрээ тогтоход наад зах нь 100 жил шаардлагатай гэсэн шинжлэх ухааны тооцоо байдаг. Дампуурлаа зарлаж, дахин өр тавиад баларч байгаа улс орнуудын жишээ олон бий.

Тиймийн учир монгол төрийн жолоог ийм хүнд бэрх цаг үед барьж буй МАН-д эх орныхоо төлөө харакири хийж өөрийгөө золиослох шаардлага тавигдаж байна.

Харакири гэдэг нь өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ үзүүлж гэдсээ хүүлэн амиа егүүтгэдэг самурайн ёс заншил юм. Хүндлэл, үзэл баримтлалаа сэвтүүлсэн самурай нар өөрийгөө шийтгэж, энэхүү зан үйлийг сайн дураараа хийж гүйцэтгэдэг байжээ. Ардын нам ийнхүү амиа хорлон эх орноо авраад улс төрийн дараагийн сонгуульд ялагдал хүлээх нь мэдээж. Амлалтаасаа 100 хувь ухарсан тэдэнд ард түмэн дахиж итгэл үзүүлнэ гэдэг юу л бол. Дараагийн сонгуулиа бодоод, өөрсдийнхөө амийг хоохойлоод эх орноо дампууруулбал бүр чиг шившгээ дэлгэж, Монголын түүхэнд аймшигтай хар мөр үлдээнэ. Ийм л хэцүү бэрх тулгарлын өмнө ирлээ.

Сонирхуулахад, Монгол Улсын гадаад өр сүүлийн таван жилд 3.2 дахин өсч 21.6 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаад өрийн 18 хувийг хадгаламжийн байгууллага (төв банкийг оруулсан), үлдсэн 82 хувийг нь хадгаламжийн бус байгууллагуудын өр бүрдүүлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хадгаламжийн байгууллагын гадаад өр гурван тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол хадгаламжийн бус байгууллагуудын гадаад өрийн хэмжээ 12 тэрбум ам.доллараар огцом нэмэгджээ.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нь дэлхийн улс орнуудын түвшинтэй харьцуулахад хамгийн өндөр буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 173 хувьтай тэнцэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас Франц улс 93.9, Америк 104.5 байдаг бол Ямайк 138.9, Ливан 139.7 хувьтай тэнцэж байна. Харин Грек улс эдийн засгийн хямралын хамгийн хүнд үедээ гадаад өр нь ДНБ-ний 173.8 хувьтай тэнцүү буюу 320 тэрбум евро болж байсан удаатай. Дэлхийн улс орнуудыг гадаад өрийнхөө хэмжээгээр тэргүүлж буй улсаа эдийн засгийн хүндрэлээс аварч, дампуурлаа зарлан гутамшиг болгохгүйн төлөө энэ нам, энэ төр засаг ажиллах үүрэгтэй.

Ардын нам өөрсдийнх нь хэлдгээр эх оронч хөвгүүдтэй, тийм зүрх зоригтой нь үнэн юм бол Монгол Улсынхаа төлөө нэр төрөө золиослох цаг үеийн шаардлага тулгарсан байна. Улс төрийн намууд эх орныхоо төлөө ингэж золионд явдаг. Энэ удаад ард түмэн шоо хаяж сонголт хийхдээ Эх орончдын нам буюу Ардын намыг тодрууллаа. Үндсэндээ Монголын ард түмэн энэ намыг золионд гаргахаар санал нэгтэйгээр шийдлээ гэсэн үг. Харин одоо Эх орончдын намд эх орныхоо төлөө харакири хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг иржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Норовын Гантулгын “Зургаан залуу заан буюу цагаан сарын бөхийн өнгө” дурсамж нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 28 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өдрийн сонины Цагаан сард зориулсан “Муу нүүрт” хэмээх бичин жилийн сүүлчийн дугаар та бүхний гар дээр очиж байна. Удахгүй бид “Алтан унжлагат” хэмээх бэлгэ дэмбэрэлтэй Гал тахиа жилтэйгээ золгож, хотол олноороо сайхан шинэлээд сонины нүүрээрээ дахин золгох буй за.

Энэ жилийн отгон дугаар маань ховорхон гардаг 28 нүүрээр уншигч түмэндээ хорвоогийн сонин сайхныг дээжлэн хүргэж байна. Тухайлбал саяхан МУГЖ цолоор энгэрээ мялааж ард түмнээ баярлуулсан, олон сайхан кино, уран бүтээлд тоглож дүрээ мөнхөлсөн жүжигчин Гомбын Золбооттой хийсэн чин сэтгэлийн ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

“Түүхийн жимээр” буланд Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор, дэд профессор Э.Жигмэддоржийн “Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай Ловон ширээтийн эрдэм чадлын талаар өөрт тохиолдсон явдлыг дурссан байдаг” хэмээх сонирхолтой хууч яриа нийтлэгдлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой Цагаан сарынх нь дурсамжийг хуваалцлаа. Тэрбээр “Шинийн нэгний өглөө өвөөгийндөө очиж дугуй хуушуур иддэг байлаа” хэмээн ярьжээ.

Баримт, үзэл бодлын 3-р нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Бид үзэх ёстойгоо үзэж байгаа, ирэх цаг хугацаанд өөдрөг байхаас өөр аргагүй” нийтлэл хэвлэгдлээ. Тэрээр “Хаврын тэнгэр шиг хуйсгануур байна. Энэ байдлаасаа эхлээд гаръя. Монгол хүн бүр аливаа болохгүй бүтэхгүйн өмнө адгалгүй, тайван хүлээцтэй, уужуу ухаанаар хандъя. Тэгэхгүй бол бүгдээрээ сэтгэл санааны стрессээс 50 хувь нь үүдэлтэй элэгний хавдраар явж дуусах нь… хэмээн монгол түмнийхээ эрүүл мэндэд анхааран бидэнд тулгараад байгаа хямралыг өөдрөг сэтгэлээр туулан өнгөрүүлье хэмээн уриалан бичжээ.

Цагаан сарын бөхийн барилдааны тухай Норовын Гантулгын “Зургаан залуу заан буюу цагаан сарын бөхийн өнгө” хэмээх нийтлэлийн үргэлжлэл “Дурсахуй” буланд нийтлэгдлээ. Мөн өнөө жилийн сар шинийн барилдаан битүүний өдрийн 12 цагт эхлэх болсныг Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзантай хийсэн ярилцлагаас дэлгэрүүлэн уншаарай.

Мөн өчигдрийн дуулиантай сэдвүүдийн нэг нь яах аргагүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т дөрөв дэх удаагаа дуудаж байцаалт авсан явдал байлаа. Та энэ талаарх шинэ содон мэдээллийг манай сонины нүүрээс унших боломжтой.

Нийгэмд бас нэг айдас дагуулан юу болоод байгаа нь ойлгогдохгүй нэгэн хэрэг болоод байгаа нь палеонтологи, геологийн хүрээлэнг татан буулгаж байрыг нь хувьчлах гэсэн оролдлого байгаа билээ. Хүрээлэнгийнхэн өчигдөр байрныхаа гадаа тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд удахгүй “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаа мэдэгдээд байгаа юм. Энэ талаар тус хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаараас хүлээн авч уншина уу.

Мөн өнөөдрийн дугаарын “Улс төр”-н буланд Орос, Монголын харилцааны талаар цаашид авч хэрэгжүүлэх арга замуудын талаар эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор А.Нямдолжинтой ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр “Орос, Монголын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд төмөр замын асуудал чухал” хэмээсэн байна.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ