“Хурд” хамтлагийн уран бүтээлчид алслагдсан сумдын эмнэлэгийн хүүхдийн эмч нарт тоног төхөөрөмж гардууллаа.
Тус хамтлагийн уран бүтээлчид 2013 онд хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулан “Алтан пянз” гаргажээ. Уг пянзаа Европын орнуудаар болон БНХАУ-ын ӨМӨЗО-нд аялан тоглолт зохион байгуулах үеэрээ дуудлага худалдаагаар борлуулсан аж. Дуудлага худалдааны орлогоо ийнхүү хандив, тусламжийн үйл ажиллагаанд зориулж буй юм байна.
Нярайн жин хэмжигч, утлагын болон хүчилтөрөгчийн аппарат, хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хэрэгсэл зэрэг хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг сумдын хүүхдийн эмч нарт гардуулав. Тоног төхөөрөмжийг Баянхонгор аймгийн Гурванбулаг сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хүүхдийн эмч нарт хүлээлгэн өглөө. Уг сумын эмч нар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан Улаанбаатар хотод ирээд байхад нь ийнхүү гардуулав.
Энэхүү сайн санааны тусламжийн талаар “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Энэ бол хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлийн хандив. Эдгээр сумын хүүхдийн тасгийг сонгосон шалтгаан нь өнгөрсөн 2016 онд баруун аймагт хүүхдийн эндэгдэл маш ихээр бүртгэгдсэн статистик мэдээтэй бид танилцсан. Тиймээс алслагдсан аймгийн хүүхдийн эндэгдэл бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс, эрүүл хүүхэд өсөн бойжуулах үйлсийн төлөө эмнэлгийн тоног төхөөрөмжийн хандив тусламж үзүүлж байна. Дуудлага худалдаанд оролцсон олон монголчуудын зүрх сэтгэл шингэсэн зүйл юм шүү гэдгийг хэлмээр байна. Аливаа хандивын тусламж эзэндээ очсон уу үгүй юу гэдэг нь тодорхой байдаг. Тиймээс бид дуудлага худалдаанд сэтгэлээрээ оролцсон хүмүүст дуулгах үүднээс энэхүү хандивын үйл ажиллагааг зарлаж байгаа юм” гэв.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хүүхдийн эмч Х.Амадих “Манай сумын эмнэлгийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй. Энэ жил харьцангуй ачаалал бага байлаа. “Хурд” хамтлагийн уран бүтээлчид чин сэтгэлийн тусламж үзүүлж, өдөр тутам хэрэглэгддэг, нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлаж байгаад баяртай байна.
Манай аймагт хатгалгаагаар хүүхдүүд эндэх нь бий. Ийм төрлийн өвчтэй хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай утлагын болон хүчилтөрөгчийн аппарат дутагдалтай байдаг. Энэ бүгдийг хандивлаж байгаад баярлаж байна. Хандивлаж буй тоног төхөөрөмжид өдөр тутам хэрэглэгддэг нэн шаардлагатай тоног төхөөрөмж байна. Тухайлбал хүүхдийн электрон жин, даралт, судасны цохиолт, хүчилтөрөгчийн хэмжээг хэмждэг нарийн багаж, төхөөрөмж байна. Маш их баярлалаа гэж хэлье” хэмээлээ.
“Хурд” хамтлагийн уран бүтээлчид цаашид энэхүү хандивын аяныг үргэлжүүлнэ гэдгээ хэллээ. Тоног төхөөрөмжийн өртөг үнийн талаар тодруулахад “Мөнгөний хэмжээг хэлэхээс илүү сэтгэл ярьмаар байна. Ирээдүй болсон үр хүүхдүүдийн төлөө хийж буй сэтгэлийн хандив, иргэний үүрэг гэж хэлмээр байна” хэмээсэн юм.