Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзантай ярилцлаа.
-Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Таны хүүхэд ахуй үед энэхүү баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?
-Цагаан сарыг их өргөн сайхан тэмдэглэдэг байсан.Хожим л энэ бол зөвхөн нэгдэлч малчдын баяр гээд төв газрын ажилчин албан хаагчдад хамаагүй юм шиг үзэж байсан тал бий. Бага байхад цагаан сарыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Манай нутгийхан чинь өвлийн идшээ хийхдээ эмэгтэй хүүхдэд өвчүү, эрэгтэй хүүхдэд үнхэлцэг, гургуул зэргийг зориуд бэлддэг байсан.Цагаан сараар түүнийгээ хувь болгож хүүхдүүдэд өгдөг байлаа. Манай аавын ах нь цэргийн алба хааж, Халх голын дайнд оролцож ирээд удалгүй нас барчихсан юм байна лээ. Тэр авга ахын маань хүү миний ах болоод манай гэрт өссөн юм. Бид хоёр тэр ахынхаа одон медалиудыг нь хуваагаад энгэртээ зүүчихдэг, бусад айлын хүүхдүүдийг бодвол одонтой цагаалдаг байж билээ. Шинийн нэгний өглөө урд талынхаа овоон дээр гарч идээ будаагаа өргөнө. Үүнийг манай нутагт “Дээр мөргөх” гэж ярьдаг юм. Аавын минь ах лам хүн байсан болохоор тэр хүний зөндөө бурхан байсан. Нууж хааж л авч үлдсэн байх. Тэр бурхдыг зөвхөн цагаан сараар л гаргаж дэлгээд даруйхан буцаагаад хураачихна. Бурхан шүтээнийг ад үзсэн айхтар үе байсан л даа.
-Битүүний өдөр гэхээр хамгийн түрүүнд бөхийн барилдаан л санаанд ордог. Тэр үед энэ өдрийн барилдааныг хэрхэн хүлээн авдаг байв?
-Цагаан сарын барилдааныг 1963 оноос л Монголын радиогоор дамжуулж эхэлсэн. Тэр үед “Эх орон-52” гэдэг радио хүлээн авагч байсан юм. Тэр нь айл бүрт байхгүй. Манай хажуу айлд тэр хавийн улсууд бөөгнөөд л сонсдог байв. Түвдэндорж, Дамдин, Цэвээнравдан, Чимэд-Очир, Бээжин гээд домогт их аваргуудаас гадна Мөнхбат, Баянмөнх нарын идэр залуучууд хүч түрэн гарч ирж байсан үе. Ер нь манай аваргууд цагаан сарын барилдааны дийлэнх түрүүг эзэлдэг.1968 оноос Нэгдлийн холбооны дээд зөвлөл, Мэдээлэл радио телевизийн улсын хороо гэдэг байгууллагууд энэ барилдааныг телевиз радиогоор шууд дамжуулж эхэлсэн дээ. Миний хувьд 1973 оноос эхлэн цагаан сарын барилдааныг зурагтаар үзэж эхэлсэн юм байна. Хэн ч байсан нутаг усаа гэдэг юм болохоор Д.Мягмар зааныг л их хардаг байлаа. Бусад үзвэр урлагийн адилаар бөхийн барилдаан стресс гэж яриад байгаа хүний сэтгэлийн дарамт, санаа зовнилыг мартагнуулж тайвшруулдаг хүнд их өгөөжтэй сайхан цэнгэл юм даа. Бөхийн барилдааны урлаг, хийж байгаа мэх, үйлдэж байгаа ёслол, дэвээ шаваа үнэхээр гайхамшигтай. Нэг талбайд хорин хэдэн хос гарч барилдах боломжтой учраас сонирхсон барилдаанаа түүж харах сонголт сайтай. Тийм учраас бөх үзэж суухад уйдах ч юм уу, өөр зүйлд анхаарал хандуулах зав байдаггүй юм. 256 бөхийг 3-4 цагийн дотор барилдуулаад хамгийн шилдгийг нь тодруулчихна. Гэтэл Японы сумо бол дөчин хэдэн бөхийг 15 хоног барилдуулж байж шилдгийг нь тодруулж байна (инээв). Ингэхээр манайх арай боловсронгуй байгаа биз. Энэ сайхан дэг соёл, уламжлалыг манай залуучууд шимтэн сонирхож, үндэснийхээ бөхөд татагдаж байгаа нь сайшаалтай. Бөхийн өргөөнд болж байгаа энэ олон бөхчүүдийн уран сайхан барилдаан, түүнийг шуурхай зохион байгуулж байгаа нь залуучуудыг өөрийн эрхгүй татаж байна. Үүнд би их баярлаж явдаг. Хэрэв тиймгүй бол нөгөө л баар цэнгээн, интернэт гээд айхтар юм руу хандах нь их болно. Тэндээс үнэн юм, сайн сайхан зүйлийг олж авна гэдэг худлаа. Юмны учрыг олоогүй хүмүүс тааварлаж хэн нэгнийг гутааж бичихдээ дуртай.
-Сар шинийн баярт зориулсан барилдааны билет нь олдохгүй, дугаар их үүсгэдэг, дамлан худалддаг гэх мэт яриа их байдаг?
-Хүмүүс үзэх дуртай үзвэрийнхээ тасалбарыг дугаарлаж зогсож байгаад л авдаг. Энэ нь зүйн хэрэг. Тэр тусмаа сар шинийн баярын бөхийн барилдаан жилд нэг л удаа болдог. Олон жилийн туршлагаас харахад зарагдаж байгаа тасалбарын тоо нэг л хэмжээнд байдаг.Үүнийг илүү гаргаж цааш нь дараад дамлаад хэн нэгэн хүн ашиглаад байгаа юм байхгүй.Нөгөө талаар онлайнаар зарах асуудлыг бид судалж үзээд монгол бөхийн үзвэрт тохиромжгүй юм байна гэж үзсэн. Өнгөрсөн 2016 онд хоёр ч компани бидэнд санал тавьж хамтран ажиллах гэж үзсэн, болоогүй. Аливаа хөгжил дэвшил сайны хажуугаар саар нь бас зэрэгцээд байж байдаг.Монгол бөхийн өргөөнд интернэт WIFI ажиллуулах санал шаардлага байнга тавигддаг. Тэр цацагдаж байгаа хэт богино долгион эр хүний нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй учраас бид хэдэн мянган эрчүүд цугладаг бөхийн өргөөнд зохисгүй гэж үзээд нэлээд хугацаанд хориглосон. Аргагүйн эрхэнд олны шаардлагаар нээсэн. Би бол энэ долгионыг хаалгах л саналтай байгаа. Амьтан дээр туршаад батлагдчихсан юмыг ахиж хүн дээр туршаад хэрэггүй шүү дээ.
-Нөгөөдөр болох барилдаанд аваргууд маань ирж барилдах уу. Энэ өдрийн барилдааны тухайд онцлон ярихгүй юу?
-Жил бүрийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан уламжлалаа хадгалсан сайхан барилдаан болдгоороо онцлогтой. Цагаан сарын барилдаанд улсын аварга, арслан цолтой болоод бусад бөхчүүд маань бүгд зодоглох байх. Өнгөрсөн жилүүдэд бөхийн барилдаан 14 цагаас эхэлдэг байсан. Харин энэ жилийн цагаан сарын бөхийн барилдаан 12 цагаас эхэлнэ. Ингэхээр бөхийн барилдаан оройтож дуусахгүй гэсэн үг. Битүүний өдөр айл, өрхийн ажил их шүү дээ. Тийм учир бөхчүүд эртхэн ирж, хувцас хунараа солин дэвжээн дээр гарсан байх шаардлагатай. Мөн нэгийн даваанаас эхлээд сонирхолтой сайхан барилдаан болох нь дамжиггүй.
-Нийслэл хотын маань хүн ам хурдацтай өсч байгаагийн хэрээр монгол үндэснийхээ бөхийг үзэж харах хүмүүсийн тоо өсч байгаа. Бөхийн өргөөний одоогийн хүчин чадал багтаамжийн талаар та юу хэлэх вэ. Өргөтгөж, шинэчлэх ажил хийгдэх үү?
-Их хүнд хэцүү үед бөхөд хайртай монгол түмнийхээ буянаар босгосон өргөө. 1992 онд энэ өргөөг босгох гэж зорьж явахдаа 2030 он хүртэл монголчуудын хэрэгцээг хангана гэж тооцсон юм. Бөхийн барилдааны хувьд энэ хугацаанд болох байх. Яахав, улс орны эдийн засаг сайжраад ирвэл хэн нэг нь санаачлаад өргөтгөх ч юм уу, бүүр сайхан орд өргөө барихыг үгүйсгэхгүй. Биднийг анх энэ ажлыг эхлүүлэхэд хэн ч шахаж шаардаагүй. Ерээд оны эхээр улс орны амьдрал ямар байсныг хүн болгон мэднэ. Дэлгүүрийн лангуун дээр талх, давс хоёроос өөр зүйл байгаагүй шүү дээ. Монголынхоо бүх аймаг сумаар орсон, олон компанийн дэмжлэгийг авч ихээхэн бэрхшээлийг туулж байж, их олон хүний уйгагүй зүтгэл сэтгэлээр босгосон.Энэ өргөөнд зөвхөн үндэсний бөхийн төдийгүй урлаг соёлын томоохон арга хэмжээнүүд зохиогдож байна. Одоогоор үндэсний бөхийн таван төрлийн барилдаан тогтмол зохиогддог. Тухайлбал, өсвөрийн бөхчүүдийн барилдаан, нийтийн монгол бөхийн барилдаан, сумын заануудын барилдаан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан, улсын цолтой бөхчүүдийн барилдаан гээд, удахгүй аймгийн цэргийн начингуудын барилдааныг шинээр зохион байгуулах гэж байна. Анхны барилдааныг Мамбадацан хийдтэй хамтран хийх бөгөөд цаашдаа уламжлал болгон явуулах учиртай. Энэ бол барилдах гээд хамаг юмаа зориулаад бэлтгэл хийгээд байгаа бөхчүүдийн барилдах боломжийг нь хангаж өгч байгаа хэрэг. Учир нь улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаанд аймгийн начингуудын дийлэнх нь багталгүй хасагддаг. Чухамдаа тэдний дунд ирээдүйн сайн бөхчүүд байгаа.Барилдаад байгаагаараа тэд бүгдээрээ улсын том цолтой бөх болчих гээд байгаа ч юм биш. Барилдаанаас олж авах юм маш их, бие хаа нь эрүүл чийрэг, гоо сайхан байхаас гадна хүмүүжил ёс зүйн агуу том соёл үндэсний бөхийн барилдаан дотор явж байдаг байхгүй юу. Түүнийг манай залуучууд олж хараад үндэснийхээ бөхөөр хичээллэх нь их болж. Үүнд нь бөхийн холбооны бодлого, нөхцөл бололцоогоор нь хангаж байгаа үйл ажиллагаа зөв зүйтэй нөлөөлж байгаа.
-Улсын баяр наадмын бус үеэр бас допингийн шинжилгээ авч байхаар болсон байна лээ, энэ талаар ойлголт өгөөч?
-Ер нь аливаа спорт гэдэг бол өөрөө шударга ёсны зарчим дээр тулгуурлаж байх ёстой. Дээр нь спортоор хийчээллэж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, генийг хамгаалах нь нэн чухал. Манай үндэсний бөхийн цолтнууд л дэлхийн бөхийн барилдаанд амжилт гаргаж байна шүү дээ. Тэгэхээр бид монгол бөхийнхөө цэвэр ариун байх зарчмыг хадгалах хамгаалах нь зүйн хэрэг. Тийм учраас хэн юу гэж хэлэх нь хамаагүй тэмцээд допингийн асуудлыг зогсоогоод авах нь чухал юм. Допингийн шинжилгээг ямар үед хэнээс авах талаар журам гаргасан байгаа. Уг журмаар бөхчүүдийн нэрлэж байгаа болон үзэгчдийн нэрлэж буй бөхчүүд өөрөө шинжилгээ өгье гэж хүсч байгаа бөхчүүд, мэргэжлийн хүмүүсийн зааж буй бөхчүүд, тогтмол шөвгөрч байгаа бөхчүүд гэхчилэн заачихсан байгаа. Мөн улсын баяр наадмаар дөрөв давчихаад унаж байгаа улсын цолтой бөхчүүдээс авна гэсэн заалт орсон. Бөхчүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Ямар ч шалтгаанаар бай, ямар ч эм тариа хэрэглэсэн бай, тухай бүрт нь тэмдэглэл хийлгээд баримтжуулж бай гэсэн шаардлага тавина.Сэргээшийн төрлийн эм бэлдмэлүүд маш олон төрлийн бодисоос бүрддэг юм байна. Жирийн хүн бол өвчнөө хурдан илааршуулахыг л бодно харин тамирчин хүн өвчнөө анагаахын хажуугаар яг юу хэрэглэж байгаагаа зайлшгүй мэдэж байх шаардлагатай байдгаараа илүү их хариуцлага үүрнэ.
-Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Б.Ганзоригийн цолыг нь хурааж, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах тухай шийдвэр гаргасан. Энэ тухай тодруулахгүй юу?
-Энэ бол Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын шийдвэр. Бөхийн холбооны шийдвэр биш гэдгийг хэлмээр байна. Бөхийн холбоо дур мэдэн шинжилгээ аваад байгаа юм биш. Монгол Улсын хуульд бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах ёстой гээд заачихсан. Энэ дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос ажлын хэсэг гаргаж бөхчүүдээс шинжилгээ авах ажлыг хариуцдаг. Улмаар итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлдэг. Худлаа шинжилгээ гарах ямар ч үндэслэлгүй. Ийм учраас шинжилгээний дүн болоод бусад зүйлийг хардаад байх шаардлагагүй. Допингийн төрлийн бодис илэрсэн бөхөд хариуцлага тооцох тухай хууль бий. Үүний дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс санал гаргадаг. Гэхдээ үүний өмнө Бөхийн салбар хорооны гишүүд хуралдаж анхны саналыг гаргадаг юм. Энэ хуралдаанд допингийн гол мэргэжилтэн болох Монгол Улсын гавьяат эмч Насанбат гуайг урьж, оролцуулсан салбар хорооны гишүүдэд допингийн тухай болоод хоёр бөхөөс илэрсэн бодис чухам ямар бодис болохыг тодорхой тайлбарлуулсан юм. Насанбат эмчийн ярьснаар бол хоёр бөхөөс хоёр өөр төрлийн бодис илэрсэн байгаа юм. Тухайлбал, улсын начин цол хүртсэн Б.Ганзоригоос бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон, хүний биед байдаггүй хүч тамир нэмэгдүүлэгч бодис илэрсэн. Бүх цаг үед гэдэг нь тэмцээн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон заалттай гэсэн үг. Б.Ганзоригийн хувьд цолыг нь хураах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах үндэсний хороо гаргасан. Одоо Ерөнхийлөгч эцэслэн шийдэх учиртай. Харин Б.Баатарцолоос мелодиниум гэдэг зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй бодис илэрсэн. Энэ бодис нь хүний биед байдаг, хэрэглэсэн тохиолдолд жил хүртэлх хугацаагаар хүний биед хадгалагддаг онцлогтой. Дэлхийн олон улсын допингийн эсрэг агентлаг уг бодисыг 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн допингийн төрөлд оруулсан байдаг. Сорьцонд 1000-5000нг/мл байвал тухайн улс өөрийн дотоодын дүрмээрээ шийдэж болохыг дэлхийн допингийн эсрэг агентлагаас зөвлөмж болгосон байдаг юм. Гэтэл Б.Баатарцолоос 1300 нг/мл хэмжээтэй илэрсэн. Нөгөө талаас энэ бодис илэрсэн тамирчны цол, медалийг хураах шиийдвэр бараг гаргаагүй олон улсын жишиг байна. Тухайлбал, ОХУ-ын нэрт тамирчин Шараповагийн сорьцоос энэ бодис илэрсэн ч уралдаан тэмцээндээ оролцсоор байгаа юм байна. Тэр зөвхөн ивээн тэтгэгчдээ л алдсан. Тиймээс энэ бүх байдлыг харгалзан үзээд бөхийн салбар хорооноос оруулсан саналыг үндэслэн Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан. Саяхан сорьцонд уг бодис 100 нг/мл-ээс дээш хэмжээтэй илэрвэл допинг хэрэглэсэн гэж үзэх тухай заалттай зөвлөмж ирээд байгаа юм. Тэгэхээр мелодиниум хамаагүй гэж бодож болохгүйг манай бөхчүүд цаашид анхаарах хэрэгтэй.
Э.МӨНХТҮВШИН