Хорин тавны жил ордог тэр жилээ би “айлын хүн” болж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд аж төрдөг хадам аав ээжтэйгээ золгохоор анх очиж байлаа. Нөхөр маань цэргийн хүн болохоор сургууль төгсөөд Өвөрхангай аймагт томилогдон ажиллаж байсан юм. Бид Арвайхээрээс шууданд сууж Улаанбаатарт ирлээ. Тэр жил цас зуд ихтэй байсан тул Улаанбаатараас Баяндэлгэр рүү шууд явахаас халгаж, Баруун-Уртаар дамжиж явахаар болсон юм. Аймгийн төвд аав ээж минь амьдардаг болохоор төрсөн гэрээрээ замын хүн шиг үдлээд буцахад “айлын хүн” болсноо хатуу ойлгож билээ. Битүүний урд өдөр байсан болохоор ээж дүү хоёр маань их ажлынхаа ард гарчихсан, аавынх идээ будаагаа засаагүй болохоос шинэлэхэд бэлэн болжээ. Замын унаатай явсныг хэлэх үү аав минь “эртхэн газар дөхсөн нь дээр” гэхэд гэртээ үлдчихмээр санагдаж, арай л уйлчихаагүй сэн.
Аймгийн төвөөс 160 гаруй км-т орших Баяндэлгэр сум нь хуучны Дарьганга хошуунд багтаж байсан зургаан сумын нэг. Жолооч залуу эхнэртэйгээ мөн Баяндэлгэрийнх. Бүгд л аав ээждээ золгохоор зорьж яваа болохоор алтан шар зам биднийг ивээж зорьсон газраа саадгүй хүрлээ. Сумын төв дээр аймгийн начин хүргэн дүү маань биднийг тосч авахаар портертой ирээд хүлээж байж. Ингээд сумаас цааш Дэлгэр багийн Уртын голд нутагтай аавынх руу замд гарлаа. Цас ихтэй байсан болохоор далаад километрт хэд хэдэн удаа сууж, зам зуураа цасанд суусан 69-ийг татан гаргаж, айлын хөрзөнг намаржаанаас нь ачиж, дөхүүлж өгсөөр битүүний өдөр их үдийн алдад аавынд очсон юм. Агуйтын аманд өвөлжиж буй хадам аав ээж хоёр маань хүний хүслэн болчихсон улс биднийг очиход бөөн хөөр боллоо. Худалч хүнд аав ээж хоёр шинэ он гарсны маргаашнаас цагаан сарын бэлтгэлээ битүүхэн базааж, мал хуйгаа эмхлүүлэх их ажлын хажуугаар сүлжээтэй газар очиж биднийг хэзээ ирэх вэ гэж сураг тавих том ажилтай суудаг юм.
Биднээс хэд хоногийн өмнө очсон “баз” бэр маань угийн хөдөөний хүүхэд тул ажилд шаламгай. “Хүүхэн маань ирж, угаалга цэвэрлэгээ, боов бууз бэлтгэх ажилд их тус боллоо. “Хүүтэй бол хүүхэнтэй” гэж үнэн үг юм” гээд хадам ээж маань сэтгэл өндөр байна. Гэсэн ч битүүний өдөр л болсон хойно ууц чанах, цас хайлах, хонь мал хотлуулах гээд гэрт гадаагүй миний тусалж чадахааргүй олон ажил хөвөрч байв. Би гэдэг хүн багадаа ганц хоёр удаа л хөдөө явж байсан төвийн хүний дээр айлын хүн болж анх удаа очиж байгаа тул юу хийх, яах ийхээ мэдэхгүй жаахан будилж билээ. Аргалын дүү хоосон байгааг анзаарч “Аргал оруулаад ирье” гэж санаачлага гаргатал хадам аав маань “Миний хүүхэн чадах уу” гэж байна. Эрхбиш аргал дүүргээд ирж чадах байлгүй гэж бодоод “Чаднаа” л гэв. Гэрийн хойно байх овоолттой аргалаас аргалын дүүг дүүргээд өргөхөд нилээн хүнд санагдсан ч оруулаад ирлээ. Гэтэл манай нөхөр хараад хөлдүүс оруулаад ирсэн байна гэдэг байгаа. Өвөл үхрийн баас хатаж амжилгүй хөлдсөнийг хөлдүүс гэдэг ажээ. Сүүлд ажаад байх нь ээ хуурай аргал гэрийн зүүн талд хучлагатай байсан юм билээ.
Дээлийнхээ сугыг урагдтал барилдаж өссөн ах дүү хоёр цагаан сарын барилдааныг шимтэн үзэж суух зуур хадам аав идээгээ засч эхэллээ. Гэхдээ ул боов биш дөрвөлжин боовоор идээ засч байна. Мөн ууцан дээрээ дөрвөн шийр, хонины толгойг буруу тийш нь харуулж тавьсан нь хэвтэж байгаа хонь шиг харагдах ажээ. Харин хадам ээж гэрийнхээ үүдэн дээр мөс, бууз, идээний дээжээ тавьж байна. Энэ нь ноёны морь услах гэдэг урьд сонсогдож байгаагүй уламжлал ажээ. Битүүний орой аймгийн төвд аавынд байхад салат зууш бэлтгэх гэж том ажил болдог сон. Энд тэгсэнгүй. Цайгаа чанаж, буузаа жигнээд ерөнхийдөө болж байна. Дээхнэ үед бол багачуудад битүүний идээ гэж уушги, зүрх, эмэгтэйчүүдэд өвчүүний мах, эрчүүдэд бугалганы мах идүүлдэг байсан гэнэ. Ингээд бүгдээр битүүлэх зуур хадам аав ээж хоёр хүүхдүүдийнхээ багын явдлаас дурсан ярьж бөөн инээдэм болцгоолоо. Хоёр хүү нь багадаа битүүний өдөр хотны айлуудаар явж ирээд “Айлууд гоё болчихсон байна. Ээжээ хурдлаарай” гээд л угийн тайван, удаан зантай ээжийгээ шамдуулдаг байсан гэнэ. Мөн дээхнэ үед ганц Дальдынх радиотой байсан юм. Тэгэхэд хамт өвөлжиж буй айлууд нь Дальдын радионоос утас татаж гэртээ өсгөгч тавиад цагаан сарын барилдаанаа сонсдог байлаа. Одоо ч цаг сайхан болж дээ гэж хадам аав ярьсан юм.
Гэртээ ийн битүүлсний дараа “Одоо бүгд хамаатан саднаараа битүүлэхээр явцгаах байх даа” гэж бодож байтал тэгсэнгүй. Аймагт бол гэртээ битүүлчихээд гэр бүлээрээ өвөөгийнх, нагац ахынхнаар явж битүүлдэг болохоор тэгж бодсон хэрэг. Харин энд зөвхөн эрчүүд нь битүүлэхээр явдаг ажээ. Манайхаар мөн дээл хүрэм тэргүүтнээр гангарсан эрчүүд ирж бид гурав цай хоол бэлтгэсээр битүүний оройг өнгөрөөсөн юм.
Шинийн нэгний өглөө хадам аав зурхай харж, баруун хойд зүгт хонио бэлчээхийг даалгалаа. Учир нь энэ өдөр хонио гэрийн эзний буян хишгийн зүгт бэлчээдэг ёстой ажээ. Хадам ээж цайгаа чанаж, цагаалгаа бэлдээд тэнгэр бурхандаа өргөж, эрчүүд зүг мөрөө гаргаснаар бид шинэ сартай золголоо. Шинийн нэгэнд мөн л эрчүүд нь морь, мотоцикль, портер гээд аль байгаа унаагаар золголт хийцгээдэг аж. Нөхрөөсөө яагаад ингэдэг талаар асуухад эмэгтэйчүүд шинийн нэгэнд золголтоор явж болно. Гэхдээ ажил нь амждаггүй болохоор гэртээ үлддэг юм. Харин шинийн нэгэнд айлд очиж золголт хийгээгүй бол хоёронд гэрээс гардаггүй ёстой гэв.
Ингээд шинийн гуравнаас эхлээд хүүхнүүд хэслээр ирж, ээжийг “Хоёр бэр нь ирчихсэн, Гэла энэ жил сайхан байнаа”, “Батын жижиг гэр ёстой оволзож байна” гэж ирээд яриа хөөрөө дэлгэж эхлэв. Хадам ээж эхээс есүүлээ. Ихэнх нь Хүрэн овоо, Агуйтын ам, Уртын голоор нутаглацгаана. Би ч нөхрийн хамт эмээгийнх, Өндөө ахынх, Агаагийнх гээд ойрхон өвөлжиж байсан хэд хэдэн айлаар хэсэл хийгээд амжив. Айл болгонд л аймаг, сум, хот оронд ажиллаж, сурдаг хүүхдүүд нь ирчихсэн дуу хуур, инээд хөөрөөр цалгиж байлаа.
Цагаан сараар төвийн айлууд ширээн дээрх идээ зууш, бэлэг сэлтээрээ өрсөлдөх нь холгүй байдаг бол хөдөөний айлууд ингэж чамирхдаггүй ажээ. Тэдний хувьд ширээн дээр тавьсан ууц, идээ нь өвлийг өнтэй давсны, мал сүрэг нь тарган тавтай орсныг илтгэх шиг санагдаж билээ.
Хөдөөний хүмүүс бие биенээ үргэлж авгайлж дуудахаас гадна их шооч хүмүүс ажээ. Хэн нэгний тухай ярихдаа зүгээр ярина гэж огт байхгүй. Үргэлж дуурайж ярих нь тун сонирхолтой. Надад бас ямар нэр өгч, намайг хэрхэн дуурайж ярьдаг бол гэхээс инээд хүрэх шиг болно. Холхон өвөлжиж буй зарим нь бид хоёрыг гэртээ ирэхийг урина. Дөшдэй гэж авгайлан дууддаг ээжийн ахынх Хүрэн овооны хөөрхөн Суужий гэгддэг бага хүүгээ бид хоёрыг авчруулахаар мотоцикльтой явуулжээ. Замдаа Уртын гол гэх их элстэй газарт жолоочийн маань өрөөсөн гутал нь сугарчихав. Суужий гутал нь сугарсныг мэдэлгүй нилээн хол давхисан юм даг. Хөдөө энэ мэт хөгжилтэй явдал их тохиолдоно.
Сар хуучрах тийшээ хандахад бидний үеийн залуус аавынд цуглаж талын хөзөр тоглоцгоов. Энэ үеэр хадам ээж маань тоглохоор ирсэн залууст “Та нар жирийн үед манай хажуугаар нисээд байдаг биз дээ” гэж бяцхан гомдол мэдүүлээд авна. Цагаан сарын энэ хэдэн өдөр л малчин хүнд жаахан амсхийх чөлөө олгож, ингэж налайж суух боломж олгодог юм гэж нөхөр маань надад хэлсэн. Нээрээ ч тийм байх даа.
Ингэж бид аав ээжийнхээ сэтгэлд нар мандаагаад, ирсэн гийчин буцдаг ёсоор Баруун-Уртыг зорьсон юм.
Тэр жилээс хойш таван жил өнгөрчээ. Хүү маань саяхан цагаан сарын тухай нэгэн шүлэг цээжилснээ уншиж өгсөн юм.
Цагаан сар гэж ямар баяр юм бол
Хүн болгонд үнсүүлдэг хацрын баяр юм уу
Айл болгон бууз хийдэг буузны баяр юм уу
Хүн болгон дээл өмсдөг дээлний баяр юм уу
Аа, мэдлээ мэдлээ
Амар байна уу гэж золгодог ахан дүүсийн баяр юм байна
Хүйтэн өвлийг өнтэй давсан хүн болгоны баяр юм байна гэхэд хөдөө нутагт цагаан сар гэж ийм л сайхан баяр болдог доо гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ.