Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнөүү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Хонгор, Шарын гол сумд олон жилийн дунджаас 2 дахин их зузаан цастай байна

Хонгор, Шарын гол сумд нь олон жилийн дунджаас 2 дахин их зузаан цастай байна

Дархан-Уул аймгийн нутгаар олон жилийн дунджаар 12 дугаар сарын хоёрдугаар 10 хоногт тэгш талд цасны зузаан 10-17 см, харин Хонгор сумын зарим газраар 14-16 см байдаг. Хонгор, Шарын гол сумдын тэгш тал газраар олон жилийн дунджийн орчим, бусад газраар олон жилийн дунджаас 2 дахин их зузаан цастай байна. Зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд Хонгор сумын зарим газар, Орхон сумын нийт нутаг, Дархан сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл үүсээд байна. Цасны нягт бага зэрэг нэмэгдэж, зарим газраар 2-3 см хөрлөсөн байна.

ОРХОН СУМАНД:Сумын аюулгүйн нөөцөнд 1067 боодол өвс буюу 20 тн байгалийн хадлан бэлтгэсэн ба Малчдад 30 тн өвсийг зах зээлийн үнийн дүнгээс доогуур үнээр нийлүүлэхээр гэрээ хийгдсэн байна. Мөн өвс, тэжээлээ татаж аваагүй айл өрхүүд байна. Үүнд Баян-Өлзийт багийн 79-ын тохойд өвөлжиж байгаа С.Ганзориг, Цармын ард өвөлжиж байгаа Д.Гантулга, Хүрээлэнд өвөлжиж байгаа Я.Уламбаяр, Тосгонд өвөлжиж байгаа Б.Бямбахүү, Дэлгэр хороололд өвөлжиж байгаа Ж.Ариунболд, Энхтал багийн малчин Э.Бумнамжил 96 р зөрлөгт өвөлжиж байгаа бөгөөд байгалийн хадлангаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд бэлтгэж, гол хөлдөхөөр өвөлжөөндөө татан байршуулдаг байсан бол энэ жил цасан бүрхүүл эрт тогтож, хэмжээ их болсноос туулах чадвар сайтай техник шаардлагатай нийт 60 тн өвс татан авах тооцоог гаргалаа.

Сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй Хар морьт, Дэлгэруул Хөшөөт, Царам зэрэг газруудаар цасны өндөр 40-50 см гуу жалганд хунгарлаж 80-90 см хатуурсан байгаа нь мал бэлчээрлэлтэд хүндрэл учирч мал нэмэгдэл тэжээлд орсон байна.

Өөрийн нутагт өвөлжиж байгаа Хөдөөгийн малчдаар Сумын МЭҮТасаг, МЭҮНэгжийн мэргэжилтнүүд явж өвөлжилтийн байдлыг газар дээр нь танилцахад малчдын түвшинд бэлтгэсэн өвсний 50 хувийг зарцуулсан байна.

Орхон сумын төвийн хэсэг, Адуун чулуун зэрэг газруудаар цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан. Малчдын санал хүсэлт энэ жил цагийн байдлаас болоод малаа эрт тэжээж байгаа учраас өвс, тэжээл дутагдах хүндрэл гарч байгаа тул аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг мал муудахаас өмнө тараах асуудлыг тавьж байна.

Мал аж ахуйн өвөлжилтийн талаархи шуурхай мэдээллийг авах зорилгоор малчдыг нутаг ойролцоогоор нь бүлэг болгож ахлагч томилон тэдгээртэй байнгын холбоотой ажиллаж байна.

ДАРХАН СУМАНД: Монгол Улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу сумын Засаг даргын захирамжаар 3,0 сая төгрөгийн шатахууны нөөцийг Сод монгол групт, 1 сая төгрөгийн 200 ширхэг анхан шатны эм бэлдмэлийн нөөцийг “Дархан фарм” эмийн санд, 3,5 сая төгрөгөөр 10 тонн тэжээлийн будаа худалдан авахаар гэрээ байгуулсан байна.

Сумын аюулгүй нөөцийн бүрдүүлэлтэд 40 тн өвс, 6,5 тн хивэг, дулаан хувцас 14 ширхэг, 3 шуудай лаа, 75 ширхэг зузаан бээлий, 2 хайрцаг төлийн нэмнээ, 3 хайрцаг шүдэнз нөөцтэй байна.

Малчин багийн малчдын өвөлжиж байгаа Зулзага, Дархан түлээт, Цавын гуу, Хүйтний голд цасны зузаан 20-50 см, Хавцал, Баяндаваанд 23-46 см зузаан цасан бүрхүүл тогтсон мэдээтэй байна.

ЕБС-ийн дунд зохион байгуулсан “Сурагчдаас малчдад туслах аян”-ыг өрнүүлснээр Дархан сумын 4-р баг болон сургуулийн сурагчид нэгдэж, зузаан бээлий, нэмнээ, лаа, шүдэнз зэргийг цуглуулж Дархан сумын 3-р багт хүлээлгэн өглөө. Аймгийн аюулгүйн нөөцөөс хуваариын дагуу 1000 боодол өвсийг 01 дүгээр сарын 7-9-ний хооронд сумынхаа 9 багийн Засаг дарга нартай хамтран малчин өрхөд олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж давхар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар явуулж байна. Малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээлийн 35-50 хувийг зарцуулаад байна.

ХОНГОР СУМАНД:Энэ жил Хонгор сумын 1,2,3 баг дээр аюулгүйн нөөцөд тус бүр 300 боодол өвс бэлтгэсэн ба малчдад ойртуулах зорилгоор тараан байршуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнд: 1 дүгээр багийн 50 боодол, 2 дугаар багийн 160 боодол өвсийг агуулахад хураасан бөгөөд үлдэгдэл өвсийг багийн төв дээр айлын хашаанд хураан хадгалсан байна.

Хонгор сумын 2 дугаар багийн Засаг дарга, МЭҮТ, Хүний эмч нар Бэрх Уулын ар, өвөр, Дархан түлээт, Цавын гуу, Ханангийн чиглэлд өвөлжиж байгаа 26 өрхийн малчдаар орж, цаг үеийн байдалтай танилцлаа. Цасны зузаан Бэрх уулын ар, Өвөрт бэлчээртээ 11-15 см, Цавын гууд 25-29 см байна.

Хонгорын нуруунд цасны зузаан 28 см, Яргайт, Намдаваа орчимд 20-22 см зузаан цасан бүрхүүл тогтож, хатууран малчин өрхүүдийн хоорондын зам хаагдсан байна.

Хаалгач,Тарвагтайн даваа, Сонинхангай ганц модотын орчимд цасаар шуурч хатуурсан байна.

ШАРЫН ГОЛ СУМ:Монгол улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу сумын нөөцөд 37,5 тн, тэжээл 10 тн байгаа тул нэмж өвс 12,5 тн, тэжээл 20 тн шаардлагатай байна. Малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн зарцуулалтын мэдээг, мал тооллогын ажлын хэсэг авч нэгтгэх, мөн мал махны нөөцийн мэдээлэл авах, санал хүсэлтийн тэмдэглэл хөтлөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Сумын нийт нутгаар цас бүрхүүл жигд байна. Хаалгат, Өндөр улаан, Дэлийн өвөр, Бөөгийн хошуу чиглэлд 12-20 см, дунджаар 12-13 см, Гахайт, Ар сүүж чиглэлд 6-11 см, Хургат 11-13, Булагтад 7-14, Хар ямаат, Санжинт чиглэлд 16-18, Өвөр хавчууд 12-14 см, Хар чулуутын чиглэлд 15-18, Уранхай цамцат, 52-р км-ын 20-25 см, Наран 12, Шар хөтөл, Буянтад 18-20 см, Их мухар, Тариатын чиглэлд 15-16 см-ын зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Урьдчилсан байдлаар хөдөөгийн малчид түвшинд бэлтгэсэн өвснийхөө 0,49 хувь буюу 36,9 тонн зарцуулсан байна. Цаашид цаг агаар хүндэрвэл, малчид 116,3 тн өвс, 21,5 тн хивэг, 8,2 тн будаа нэмж авна гэсэн урьдчилсан тоон судалгаа гаргаад байна.

Categories
мэдээ нийгэм

М.Өнөболдод олимпиадад оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэв

Дүүргийн Засаг дарга сурагч М.Өнөболдод санхүүгийн дэмжлэг үзүүллээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр нийслэлийн Улсын Тэргүүний Лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 8е ангийн сурагч М.Өнөболдыг хүлээн авч уулзлаа. Сурагч М.Өнөболд нь энэ сарын 7-14 ний хооронд Бүгд Найрамдах Казакстан улсын Алма-Ата хотод болох Жаутыковын нэрэмжит олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүн багтсан. Түүний эцэг эхийн хүсэлтээр олон улсын математикийн олимпиадад оролцох замын зардлыг нь шийдвэрлэн дэмжлэг үзүүлэв. М.Өнөболд нь өнгөрсөн жил олон улсын бага, дунд ангийн математикийн олимпиадад Монгол Улсын анхны алтан медаль авсан сурагчдын нэг бөгөөд Сүхбаатар дүүргийн 2016 оны “Оюунлаг хүүхэд”-ээр шалгарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн өвсийг 3500 төгрөгөөр малчдад худалдан борлуулахаар төлөвлөжээ

Нөөцийн өвсийг 3500 төгрөгөөр малчдад худалдан борлуулахаар төлөвлөжээ

2016 оны мал, тэжээвэр амьтны тооллогод 323,6 мянган толгой мал тооллогдсон бөгөөд хонин толгойд шилжүүлсэнээр 660,1 мян.толгой малөвөлжиж хаваржина. Үүний 0,09 мянган тэмээ, 16,9 мянган адуу, 48,9 мянган үхэр, 161,9 мянган хонь, 95,8 мянган ямаа тооллогдож, 12 хувь буюу 35317 толгой малаар нэмэгдэн 5 төрөл дээрээ өссөн байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 21.4 тонн малын тэжээл “Өгөөж чанар” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа бөгөөд дээрхи нөөцөөс 7 тн хивэгийг Хонгор, Шарын гол сумдын 140 малчин өрхөд тараан олгов. Мөн нөөцөд 3,825,000 төгрөгийн шатахуунаас Аймгийн өвөлжилтийн комиссын хурлын шийдвэрээр 1,790,0 мянган төгрөгийн шатахуун, 400 ширхэг, элгэвч, нэмнээ, 90 ширхэг бээлий мөн Удирдлагуудын холбогдох утасны жагсаалт, Аймгийн Улаан загалмайн хорооноос 20 боодол ахуйн хэрэглээний эд зүйлс, 7 хоногийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сонин тараасан байна.

Хонгор, Орхон, Шарын гол сумын малчдын гар дээр бэлтгэсэн нийт 2957 гулууз буюу нийт 83,2 тн мах нөөцөлсөн байна. Үүнд: 2,5 тн адууны мах, 14,4 тн үхрийн мах, 41 тн хонины мах, 25,3 тн ямааны мах байна.

ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн өвс тэжээлийн агуулахад байгаа өвсний хорогдлыг тооцож, 4600 боодол өвсийг Аймгийн өвөлжилтийн комиссын хурлын шийдвэрээр сумдад хуваарь гаргаж 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тараах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Үүнд:Дархан сум 1000 боодол

  • Орхон сум 1000 боодол
  • Шарын гол сум 1000 боодол
  • Хонгор сум 1600 боодол өвсний нэг бүрийн үнийг 3500 төгрөгөөр малчдад худалдан борлуулах ажлыг зохион байгуулан судалгааг сумдын МЭҮТ дээр авч байгаа аж.
Categories
мэдээ нийгэм

Өргөдлийн байнгын хороо утааг арилгах талаар ЗГ-т чиглэл өглөө

УИХ дахь Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өглөө. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэгдсэн байна. Тухайлбал

  • Түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах
  • ДЦС-5-ыг яаралтай ашиглалтад оруулах
  • Агаарын бохирдлын төлбөрийг зөвхөн агаарын бохирдолтод зарцуулах гэхчлэнгээр хэд хэдэн чиглэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчтэй золбин ноход бэлчээрлэж явсан хонь руу дайрчээ

Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ.

Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж.

Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг хуралдаж Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд тавьсан хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан шатрын тэмцээнд УИХ-ын гишүүд оролцов

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2017.01.07/ Төрийн ордонд эхэллээ.

Тэмцээнийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр нийт оролцогчдод Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг уламжлаад “Монгол Улсын Их Хурлаас уламжлал ёсоор Үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, өнөөдөр шувтаргын тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл сум, дүүргийн хэмжээнд 6000 орчим, аймаг, нийслэлийн хэмжээнд 1000 гаруй шатар сонирхогчид оролцсон. Шатар бол хүний оюун ухааныг тэлж, тэсвэр тэвчээрийг шалгадаг, аливаа асуудалд өргөн хүрээнд нухацтай ханддаг болгодог, хүмүүсийг хооронд нь нөхөрлүүлдэг спорт. Монголчууд олон зуун жилийн тэртээгээс шатрыг тоглож ирсэн. Мөн монгол шатрын арга ухааныг бий болгож, түүнийгээ дэлхий нийтэд гайхуулж ирсэн уламжлалтай ард түмэн. Миний бие 2015 онд Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн сонгогдсон Төв аймгийн 27 суманд шатрын спортын клуб байгуулсан. Оны өмнөхөн ОХУ-ын Сочи хотноо болсон Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг би үдэн мордуулж байсан юм. Тэр хүүхэд багачууд дундаас 7 настай бяцхан тамирчин Н.Содбилэгт Дэлхийн аварга болж, Сочид Монголынхоо нэрийг дуудуулан, төрийнхөө далбааг мандуулсан сайхан үйл явдал болсон билээ.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцож, аваргын төлөө өрсөлдөх гэж буй тамирчид, улс төрийн зүтгэлтнүүд та бүхэндээ өндөр амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе” гэв.

Тэмцээний хамрах хүрээ аль хэдийнэ хилийн дээс давж, БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, амьдарч буй монголчуудын дундаас шалгарсан шилдэг тоглогчид өнөөдрийн тэмцээнд оролцож байна. Энэхүү тэмцээнд сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцож байгаагаас 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй аж. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн тамирчид оролцож байгаа юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, нийт найман өрөг тоглон, аваргууд тодорно.

Энэ удаагийн тэмцээний хамгийн ахмад настай эрэгтэй оролцогч нь 77 настай Д.Найдан, эмэгтэй оролцогч 64 настай Г.Цэгмид нар юм.

Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар Улсын Их Хурлын даргад дурсгалын шатар гардуулав.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд эхний нүүдлийг Үндэсний статистикийн хорооны тамирчин Г.Оюунбаяртай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын үеэр Шинзо Абэтай ярьсан ажлууд эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай байна гэв

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Оны өмнө томилогдож ирсэн тэрээр энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хүрээнд олон чухал ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн, улс төрийн итгэлцэл улам гүнзгийрсэн, өндөр түвшний харилцааны эрчийг бууруулалгүй, цаашид Стратегийн түншлэлийг дараагийн шатанд дэвшүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж, төсөл, хөтөлбөрүүд онцгой чухал үүрэгтэй байсан гэдгийг хэллээ.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзаж ярьж тохирсон ажлууд эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Элчин сайдыг энэ чиглэлд анхаарч хамтран ажиллахыг хүслээ.

Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд Гадаад харилцааны сайдаар ахлуулан зохион байгуулах хороог байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Энхмаа: Цус ойртолт нь аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоог өсгөдөг

Анагаах ухааны доктор, хүний их эмч, хүн судлаач Э.Энхмаатай цус ойртолтын тухай сэдвээр ярилцлаа.


-Сүүлийн үед цус ойртолт монголчуудад аюулын харанга дэлдэх боллоо гэж их мэдээлж байна. Ер нь энэ төрлийн судалгааг яаж хийдэг юм бэ?

-Өөрөөсөө дээш 3-4 дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлээд байхад илэрдэг тийм түвшний цус ойртолт манай хүн амд илрээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд төрөлхийн согог, гажигтай хүүхэд олон төрж байна. Үүнд цус ойртолт нөлөөлж байгаа нь бидний судалгаагаар нотлогдсон.

-Цус ойртолтын үндсэн шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Хүний генетикийн шинжлэх ухаан цус ойртолтын үндсэн шинж тэмдгүүдийг хэлчихсэн байдаг юм. Тухайлбал, хүний бие бялдрын хөгжил давжаардаг, биеийн дархлаа суларч аливаа өвчинд өртөмтгий болдог мөн удамшлын төрөл бүрийн өвчин, согогтой, оюуны хомсдолтой төрөх хүүхэд олширдог. Өнөөгийн манай нийгэмд эдгээр сөрөг үр дагавар санаа зовоосон түвшинд илэрч байна.

-Цус ойртсон хүн ямар ааш араншин гаргадаг вэ?

-Удамшлын өвчний хэлбэрээр илэрч байгаа бол тухайн өвчний үед гардаг шинж илэрнэ. Мөн цус ойртолтын улмаас хүн амын дотор аминчхан, амиа аргацаах сэтгэлгээтэй хүмүүсийн эзлэх хувь байнга нэмэгддэг. (Аминчхан: ганцагчин, хань болоогүй, зөвхөн амин хувиа бодогч. Амиа аргацаах: Амиа борлуулж довоо шарлуулах. Я.Цэвэлийн тайлбар толиноос). Учир нь цус ойртсон бие махбод бие бялдрын хувьд дорой, өвчинд өртөмтгий байдаг тул байнга өөрийгөө тойглож байх хэрэгтэй болдог. Ийнхүү байнгын дотогшоо чиглэсэн сэтгэлгээ нь зөвхөн хар амиа бодох, бусдыг үл тоомсорлоход хүргэдэг байна.

-Хүнийг шууд хараад цус ойртсон байна гэж оношлох боломжтой юу?

-Боломжгүй. Тухайн хүнд илэрч буй өвчин, согог цус ойртолттой холбоотой юу эсвэл өөр хүчин зүйлээс болсон уу гэдгийг нягтлах шаардлагатай.

-Хүн амын өвчлөл утаанаас болж байгаа гэж тайлбарладаг шүү дээ?

-Яахав, хүмүүс тэгж тайлбарладаг юм. Бас химийн бодисын хордлого, архи, тамхи, баталгаагүй хоол хүнснээс болж согог, гажиг, өвчлөл нэмэгдэж байна гэдэг л дээ. Үнэндээ эдгээр хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгаа талаар хийсэн үндэсний хэмжээний судалгаа байхгүй. Онолын хувьд нөлөөлөх үндэстэй. Гэхдээ мэдээж нөлөөлж л байж таараа гээд яриад байж болохгүй. Шинжлэх ухааны судалгааны үр дүнд тулгуурлан ярих ёстой шүү дээ. Бид бол цус ойртолттой холбож судалсан судалгааныхаа бодит үр дүнг яриад байгаа хэрэг. Төрөлхийн согог, гажигтай хүүхэд төрөөгүй аймаг гэж алга. Хэрэв хоёр, гуравхан аймагт илэрч байгаа бол ойр зуурын хүчин зүйлтэй холбож үзэж болно. Гэтэл бүх аймагт энэ үзэгдэл илэрч байна гэдэг нь үүний цаана хүчтэй нөлөөтэй дэвсгэр хүчин зүйл байна гэдгийг хэлээд байгаа юм. Энэ нь хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин.

-Та цус ойртолтын улмаас хүний биеийн дархлаа сулардаг гэлээ. Тэгэхээр цус ойртолт нь хүний өвчлөл, нас баралтад нөлөөлж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Өвчний олон улсын X ангиллын дагуу хүн төрөлхтний өвдөж буй бүх өвчнийг 19 бүлэгт хуваадаг юм. Эдгээр 19 бүлэг өвчин бүрээр монгол хүн өвдөхөд цус ойртолт нөлөөлж байгаа эсэхийг судалсан. Тухайлбал, хорт хавдар, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, амьсгалах эрхтэн тогтолцооны өвчин, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин гэх мэт том том бүлгээр нь статистик мэдээлэл гаргадаг. Нэг бүлэг өвчин дотроо олон хэсэг болж задарна. Цус ойртолт нөлөөлөхгүй байгаа өвчний бүлэг гэж алга байна. Мэдээж хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаан болдог олон хүчин зүйл бий. Гэтэл үүн дээр нэмээд байх ёсгүй үзэгдэл болох цус ойртолтын дарамт орж ирээд байна. Тэгэхээр хүн амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол өвчлөл, эндэгдлийг дорвитой бууруулна гэхэд их төвөгтэй болчихоод байгаа юм.

-Цус ойртолт оюуны хөгжилд яаж нөлөөлж байна вэ?

-Цус ойртолтын бий болчихсон түвшин монгол хүний хурдан түргэн, хурц сэтгэдэг оюуны гайхамшигтай чадавхийг бууруулаад байгаа нь судалгаагаар тогтоогдож байна. Аливаа үзэгдэл бүдүүнээс нарийн түвшинд оршиж байдаг. Гаднаас нь харахад цус ойртолтын илэрхий шинж тэмдэг мэдэгдэхгүй, эрүүл саруул харагдавч оюуны нарийн чадавхи шаардсан зүйл дээр ялгаа ажиглагдах жишээтэй.

-Судлаачдын зүгээс цус ойртолтоос хамгаалах ямар арга замуудыг дэвшүүлдэг юм бэ?

-Тоймтой хоёр, гуравхан арга байдаг. Нэгдүгээрт, овог хэрэглэх; хоёрдугаарт, гэрийн угийн бичиг хөтлөх; гуравдугаарт, хүн амын хөдөлгөөнийг тэтгэж, хоорондоо чөлөөтэй зорчиж, уулзаж байх нөхцөлийг бүрдүүлэх явдал. Одоо бидний хэрэглэж буй ургийн овог нь цус ойртож гэрлэхээс хамгаалах арга хэрэгсэл байхаа больсон. Учир нь монголчууд 1997 онд овгоо сэргээх үед нэг хэсэг нь хайж байгаад өөрийнхөө жинхэнэ овгийг олж тогтоосон бол ихэнх нь шинээр зохиомол овог авч иргэний үнэмлэх дээрээ бичүүлэхэд нэлээд будлиан үүссэн юм. Тухайлбал, эхнэр, нөхөр хоёрын иргэний үнэмлэхийг харахаар хоёулаа Боржигон овогтой байх, гэтэл төрсөн ах дүү хоёр өөр өөр овогтой байх нь ердийн үзэгдэл болсныг анзаардаг байх. Уг нь овог гэж ураг төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдлийг хэлдэг. Гэтэл эхнэр, нөхөр хоёр ураг төрлийн холбоогүй, өөр язгууртай хүмүүс байтал ижил овогтой болчихсон, харин ураг төрлийн нэг язгууртай төрсөн ах дүүс өөр өөр овогтой болчихсон байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэрлэх гэж байгаа хос бие биеийнхээ иргэний үнэмлэх дээрх ургийн овгийг хараад “Би Боржигон овгийнх, чи Шарнууд овгийнх юм байна. Бид хоёр гэрлэвэл цус ойртохгүй юм байна” гэж ойлгож болохгүйг л яриад байгаа хэрэг. Тэгэхээр цаана нь гэрийн угийн бичиг хөтлөх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн хоёр гарц үлдэж байна. Гэрийн угийн бичиг хөтлөхөд бас бэрхшээл байна. Хүн болгон хоёр өвөө, хоёр эмээгээ мэднэ. Үүнээс дээш өвөг эцгийн аав ээж, эмэг эхийн аав ээж гэхээр өөрөөс дээш гурав дахь үе болдог. Элэнц өвөг, эмгийн энэ түвшин рүү ороод ирэхээр бид үндсэндээ өвөг дээдсийнхээ талаар бүрэн мэдээлэлгүй болчихсон. Юун есөн үе битгий хэл өөрөөс дээш гурав, дөрөв дэх үеэ бүтэн мэдэхгүй болсон байна шүү дээ. Ийм нөхцөлд угийн бичиг хөтлөхдөө өөрөөс дээш мэдэх чинээндээ хүртэл бичих хэрэгтэй. Мэдэхгүй бол тааж бичиж болохгүй. Харин доошоо үр хүүхдэдээ одооноос эхлээд таслахгүй өвлүүлээд явах нь чухал байна. Ингэж байж хэдэн үе удмын дараа монгол хүн есөн үеэ бүтэн мэддэг болно. Тэр цагт гэрлэх гэж байгаа хос угийн бичгээ үзээд ураг төрлийн холбоотой эсэхээ шалгах боломжтой болох юм. Мэдээж цаг хугацаа шаардсан ажил. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй. Хэрэв цусны шинжилгээ хийгээд цус ойртох гэж байгааг тогтоочихдог бол түүн шиг амархан юм байхгүй. Нөгөө талаар манай улсын засаг захиргааны хэт их жижиглэсэн бүтэц нь хүн амын хөдөлгөөнийг тэтгэхэд ихээхэн бэрхшээл учруулж байна. Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байлаа. Гэтэл одоо 21 аймаг, 330 сум, 1000 хол давсан багт хуваачихсан. Засаг захиргааны бүтцийг ингэж хэт жижиглэх тусам хүн амын хөдөлгөөн хоригддог. Хүмүүс төрийн үйлчилгээг авахын тулд хүссэн хүсээгүй засаг захиргааныхаа нэгжийн төв рүү очдог. Өөрөөр хэлбэл, хэт жижиглэсэн бүтэц цус холилдох үзэгдлийг түгжчихээд байна гэсэн үг. Иймд Монгол Улсын засаг захиргааны энэ их жижиглэсэн бүтцийг зохистойгоор томсгох бодит алхам хийх цаг нь болчихоод байна. Ингэхгүй бол сүүлийн үед үндэсний эв нэгдэл суларч, үндэсний талцал хэрээс хэтэрлээ. Нэг сум доторх багууд хүртэл хоорондоо талцдаг байдал руу орчихож. Энэ бол их хортой үр дагавартай.

-Аль аймагт цус ойртолт илүү байна вэ?

-Бид үндэсний хэмжээний судалгаа хийхдээ аймаг бүрийн уугуул хүн амд цус ойртолтын түвшинг тооцоолсон. Цус ойртолтыг F гэдэг коэффициентээр хэмждэг ба энэ нь 0-1-ийн хооронд утга авдаг. Хэрэв F=0 бол цус ойртолт байхгүй гэсэн үг. Гэтэл F=0 аймаг гэж байхгүй, бүгд “0”-ээс ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, аймаг болгонд цус ойртолт илэрч байна. Иймд бид дор бүрнээ хичээж байж энэ аюулаас гарахгүй бол ямар гаднаас хэдэн мянган доллар зээлээд энэ асуудлыг шийдэх биш.

-Манай улсын хүн амын хэдэн хувь нь цус ойртоод байгаа юм бол?

-Үүнийг шууд гаргах боломжгүй. Хүн амын дотор хэн нь хэнтэйгээ гэрлээд, генийн давтамж хаашаа яваад байна вэ гэдгийг гаргадаг шинжлэх ухааны тооцооллын аргыг бид судалгаандаа хэрэглэсэн. Ингэж тооцоолохын тулд урьдаар хүн амд удамшлын олон системийн генүүдийн тархалтыг гаргасан байх ёстой байдаг юм. Манай хүн судлаач эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөлмөрөөр ийм үр дүнгүүд бий болсон. Цус ойртолт бол хүн амын дотор чимээгүй тахал маягаар, 25 жилийн үечлэлтэй зузаарч явагддаг генетик процесс. Түүнээс биш жил жилд огцом хэлбэлздэг үзэгдэл биш.

-Яагаад заавал 25 жилийн үечлэлтэй гэж?

-Миний үр хүүхэд төрөөд дунджаар 25 насандаа гэр бүл болж үр удам төрүүлэх тэр хугацааг хэлж байгаа юм. Үүнийг хүний нэг үе удам гэж хэлдэг. Хүн бүрийн удмын санд нөхцөл нь бүрдвэл удамшлын өвчин үүсгэдэг генүүд нуугдмал маягаар байж байдаг. Цус ойртсон гэрлэлтээр тэдгээр нуугдмал генүүд ижилссэнээр өвчин болж үр хүүхдэд нь илэрдэг байх нь. Ийм учраас хүний нэг удам буюу 25 жилийн үечлэлтэй хүндэрдэг үйл явц гэж нэрлээд байгаа юм. Цус ойртолтыг хүн ам цөөнтэй хөдөө орон нутагт л байгаа үзэгдэл гэж зарим хүн ойлгоод нийслэлд ороод ирвэл аюулгүй юм байна гэж андуу бодох нь бий. Гэтэл нийслэл рүү ихэнхдээ гэр бүл, ах дүүгээрээ нүүж ирээд нутгийнхнаа бараадаад буучихдаг. Түүнээс хөдөөний хүн нийслэлд ирээд Улаанбаатарын унаган иргэнтэй гэр бүл болж байгаа нь тун ховор. Иймд сая гаруй хүнтэй нийслэлд байвал энэ аюул хол юм байна гэж ойлгож болохгүй. Бид залуустаа хандаж өөрийн уугуул баг, сум, аймгаас болон өөрийн аймаг, сумтай хил залгаа оршдог өөр аймгийн сумаас хань ижлээ сонгохгүй байх, аль болох олон аймаг алгасан сонголт хийхийг зөвлөж байгаа.

-Монголчуудыг хоорондоо гэр бүл болохыг эсэргүүцэж, эрлийзжүүлэх бодлого явж байна гэх шүүмжлэлүүд гардаг л даа. Судлаач хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Хүн ам хэт их эрлийзжээд байвал цус ойртолтоос дутахгүй аюул авчирдаг. Учир нь бид өөртөө тээж яваа монгол удмын сангаар энэ дөрвөн улирлын уур амьсгалд идээшин зохицож эрүүл саруул, тэнцвэртэй амьдардаг. Гэтэл эрлийз хүүхэд өөрийн гэсэн амьдралын унаган орчингүй хүүхэд төрнө. Өөрөөр хэлбэл, эрлийзжилт нь хүн амын удмын сангийн дасан зохицлыг эвдээд байдаг гэсэн үг. Мөн эрлийзжилтээр тухайн улс үндэстний хүн амын удмын санд урьд хожид байгаагүй удамшлын өвчний генүүд ороод ирэх аюул байна. Мэдээж монгол цус балархайтаад байвал эцэстээ монгол үндэстэн орших уу, эс орших уу гэдэг асуудал яригдах шүү дээ. Тэгэхээр бид зөв бодлогоор асуудалд хандах ёстой.

-Гадны зарим улс оронд үеэлүүд, төрөл төрөгсөдтэйгөө гэр бүл болохыг хуулиар дэмжсэн байдаг. Нөгөөтэйгүүр хөрөнгөтнүүд эд баялгаа хамгаалж хоорондоо гэрлэх тохиолдол цөөнгүй байна. Энэ нь нийгэмд нэг цусны хүмүүс гэр болох нь ямар ч аюулгүй гэсэн буруу үлгэр дуурайл болоод байх шиг…

-Интернэт орчинд “Үеэлүүд гэрлэхэд ямар ч аюулгүй гэдгийг эрдэмтэд судлаад тогтоосон байна” гэсэн мэдээлэл их байдаг болжээ. Ийм кино ч байдаг. Энэ мэтээс хүмүүс буруу үлгэр дуурайл авах аюултай. Европын хаан угсааны мөхөлд цус ойртолт шууд нөлөөлснийг эрдэмтэд Хабсбургийн хаан угсааны жишээн дээр судлаад тогтоосон байдаг. Бараг 200 жил хаан төр барьсан Хабсбургийн хаан угсаанд 11 цус ойртсон гэрлэлт байснаас найм нь үеэлүүдийн гэрлэлт. Хааны цус хааны цустайгаа холилдохоос хааны цус харцын цустай холилдох ёсгүй гэдэг үзэл байсан юм болов уу. Нөгөө талаас эд хөрөнгө, эрх ямбаа гэр бүлийн хүрээнд авч үлдэх гэсэн хүсэл байсан шиг байгаа юм. Цус ойртолт бол эцэстээ улс үндэстэн мөхөхөд хүргэдэг үзэгдэл гэдгийг дээрх судалгааны үр дүн хэлж байгаа хэрэг.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэнгийн Гэндэнжамц: Япон цэргийн дарга нар юм сурахгүй хүний мөр, толгойн хуйхыг сэлмээр цавчих энүүхэнд

Түрүүч нь №301(5566) дугаарт

Өнгөрөгч зууны гучаад оны үед манай улсын олон айл өрх Өмнөд Монголын нутагт дүрвэн гарсан байдаг. Тэдгээр айлууд Өмнөд Монголын Алшаа, Дархан бэйл гэдэг газарт хэсэг бүлгээр тархай бутархай аж төрж байгаад гучаад оны сүүлчээр Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд бөөгнөрч Дилов хэмээх аймгийг байгуулан амьдарч байжээ. Тухайн үед 600 гаруй айл өрх дүрвэн гарсан тухай яриа байдаг бөгөөд 1945 онд 502 айл эх орондоо буцаж ирсэн байдаг. Тэр үеийн үйл явдлын халуун голомтод байсан хүмүүсээс эдүгээ насны эрхээр гарын арван хуруунд багтам амьд түүхийн цөөхөн гэрч үлдсэн байдгийн нэг 86 настай Цэрэнгийн Гэндэнжамц гуайтай уулзаж сонин хачныг хөөрөлдлөө.


-Дилов аймгийн төв нь ямаршуухан суурин байв?

-Аймгийн захиргааны байшин нь гадна талаараа хашаатай, хашаанд тулгаж барьсан хоёр намхан байшингийн нэгэнд нь бага сургуулийн сурагчид бид эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгаран суудаг байсан. Цэргийн түр сургуулийн хэдэн байшинд халхын залуучууд зургаан сарын хугацаатай цэргийн алба хаана. Хөл гарын сургуулийг өдөр, шөнөгүй хийж гутал хувцас нь урагдаж нооройсон хүмүүс байсан. Цэрэг хувцас тавьж өгөхгүй тул монгол дээл, гуталтай, урагдсан гутлаа олс дээсээр боочихсон явна. Улаан бурхан, хижиг гэсэн халдварт өвчин гарч цэргийн сургуулиас маш олон хүн үхсэн. Манай бага сургуулиас харин нэг ч хүүхэд өвдөөгүй өнгөрсөн. Сургуулийн тогооч нахиу Гэндэн гэдэг хүн өглөө бүхэн данхтай улаан ус барьж зогсоод хүүхэд бүрийн хоолойг зайлуулдаг байсан. Бодвол маарганцтай ус байсан юм болов уу. Нэг жил хүүхдүүдийн дунд бөөсний өвчин гараад Даариймаа гэдэг хүүхэд өвдөж үхэхээ шахаад бослоо. Сүүлд сонсох нь ээ, бөөсөн тип гэдэг өвчин юм билээ. Бүх бие нь бөөсөнд битүү баригдсан, чих, хамрын нүх, нүдний хөмсгөнд хүртэл бөөс шигдчихсэн байх юм билээ. Жаахан удсан бол бөөс арьс махыг нь цоолж идэх байсан байх.

-Ёстой нэг бузрын өвчин байж дээ?

-Коно багш л Даариймааг усанд оруулж, бүх хувцсыг нь сольсон. Үстэй дээлийг нь гадаа наранд дэлгэж тавиад нэг шар эм цацсан чинь бөөснүүд тал тал тийшээ ус урсах мэт бэлчиж байлаа. Бид дээл тэрлэгээ нөмрөөд халуун ханзан дээр унтана. Ханз гэдэг нь өвлийн цагт доогуур нь гал түлчихдэг шавар ор л гэсэн үг. Бид япон гэдэг нэрийг огт мэдэхгүй. Наран улс, наран багш л гэж ярьдаг байсан. Цагаач халхчууд, наран багш гэсэн хоёр өөр үндэстэн ястан иймэрхүү янзтай нэг дор амьдарна. Цэргийн сургуульд япон болон өмнөд монгол багш нар орно. Урт сэлэм зүүсэн наран багш нар цэргүүдийг их дарлаж зодно. Уур нь хүрвэл сэлмээ шууд сугалж аваад дүрэх цавчих зэргээр харгислана.

-Япончуудын сэлмэнд өртсөн хүн олон байв уу?

-Дугуйцагаан гэдэг тарган цагаан залуугийн мөрийг цавччихсан, өөх нь цухуйж байсныг цэргүүд утаатай шар навтас эсгий шатааж тавиад байсан чинь сайхан эдгэсэн гэж ярилцдаг байсан. Тэр үед ойр зуур хэрэглэдэг эм тан, үзэж хардаг эмч доктор ч байгаагүй цаг байж. Хосоомий гэдэг дарга халхын бүх цэргүүдийг шарх сорвитой болгосон. Наран багш нарт бялдуучлан долигонож хов зөөдөг хүмүүс ч байлаа. Лав л тагнуулч Нанхүү гэдэг хүнээс хүмүүс их болгоомжилж айдаг байсан. Харин нааш нүүх үймээний үеэр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон доо. Нууц харилцааны хэрэгсэл моорзын аппарат дээр сургууль хийж байгаад ойлгохгүй мунгинасны улмаас наран багшаар толгойгоо цавчуулж хөглөж байснаа Бөнтгөр гэдэг хүн ярьдаг байсан. Бөнтгөр гуай “Хүн гэдэг бол бөх амьтай, зовлон даадаг амьтан. Хуйхны арьсаа эргүүлж наачихаад хичээлдээ боолттой явсаар эдгээсэн” гэдэг сэн.

-Та тэр Хан хугийн сургуульд хэдэн онд сурч байв?

-Жамьяндорж, Жумдаан бид гурав 1942 онд Хан хугийн бага сургууль төгсөөд Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордны дэргэд байсан Багачуудын дунд сургуульд шилжин сурсан. Багачуудын сургуулийг японоор “Ю Нэн Ка Ко”, хятадаар “Юненша шо” гэнэ. Одоо бодоход энэ сургууль япон дэг журмаар ажилладаг байсан юм билээ. Өглөө хоол идэхдээ “Эрт оройн идээн бол бүгд тэнгэрийн хайрласан хишиг. Идатакимс” гэж залбираад иднэ. Идатакимс гэдэг нь японоор хүртье гэсэн үг. Вангийн ордноос баруун хойш хорь гаруй километрт Баян-Овоо гэж уул байсан. Энэ уулыг жил бүрийн зун тахиж тэнд янз бүрийн хүн их цуглана. Анх удаа тэнд гэдэс нь урагшаа цүдийчихсэн, нүд нь ногоон, хөнхөр, хамар нь өндөр шовгор, үс царай нь шар европ хүн үзэж “Ийм хачин хүн бас байдаг аа” гэж ахин дахин эргэж тойрч байж билээ. Сүүлд дуулахад хувьсгалаас зугтан оргож очсон орос хүн байсан юм билээ. Багачуудын сургуулийн зүүн талаар том зам явах бөгөөд ердийн хөсөг, хааяа нэг чийчаан явж харагдана. Нэг өдөр энэ замаар үхрийн хар тугал шиг юм жигтэйхэн хурдтай давхиад явчихсан. Тэгсэн тэр нь одоогийнхоор мотоцикль байсан сан. Машиныг хятадаар чи-чан гэх бөгөөд чи гэдэг нь уур, чан гэдэг нь тэрэг гэсэн үг л дээ. Тэр мотоцикльтой давхидаг хүн бол Өмнөд Монголын Дэмчигдонров ноёны туслах Ишням гэдэг өмнөд монгол хүн байсан. Энэ хүн Баянхонгор аймгийн Баянговь сумаас Алшаа нутагт дүрвэж очоод байсан Дорждулам гэдэг хүүхэнтэй ханилан сууж байсан тухай доктор С.Бадралын бичсэн “Өврийн хувилгаан багштай дүрвээд, эргэж ирсэн Ламын гэгээний шавь халхчуудын хууч яриа” гэдэг номд тодорхой дурдсан байдаг.

-Тантай хамт суралцаж байсан нөхдийн тань хувь заяа хэрхсэн бол?

-Би Багачуулын сургуульд элсэн зургаан сар болоод хөдөө мал малладаг эцэг маань нас барсан учир мал дээр гарсан. Жамьяндорж Монгол Улсдаа ирээд нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөж, улмаар ЗХУ-д дээд сургуульд суралцан санхүү, эдийн засгийн мэргэжил эзэмшиж Сангийн яаманд БНМАУ-ын ерөнхий нягтлан бодогчоор олон жил ажиллаж, одоо эрүүл саруул амьдарч байгаа сурагтай. Жумдаан маань 1945 онд Ар Монголын цэрэг очих үед өвчнөөр нас барсан гэдэг.

-Танайхан Монголдоо хэзээ, яаж орж ирэв?

-Цагаач халхчуудын бүх өрхийн тэргүүлэгчид 1945 оны долдугаар сард аймгийн захиргаан дээр цугларан хуралдаж Дилов аймгийг татан буулгаж, Баруун Сөнөд хошуунд харьяалуулах болсон. Ингэж байгуулагдаад зургаа, долоон жил болсон Дилов аймгийн үйл ажиллагаа дуусгавар боллоо. “Ар Монголын цэрэг хориод хоногийн дараа орж ирнэ. Замаас зайлж нүүцгээ” гэж зар тарсны дагуу айлууд тал тал тийш нүүж, манайх Ундрахын элс гэдэг элсэн манхан дунд буусан. Наймдугаар сарын зургаан долооны үед элсэн манхны оройгоос харахад баруун хойд зүгт битүү улаан тоос манараад байсан нь Монголын цэрэг орж ирж байсан нь тэр юм байж. Үүнээс хойш нэг их удалгүй Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордон дээр Ар Монголын цэрэг Өмнөд Монголын ард түмнийг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсний баярыг тэмдэглэн бөх барилдуулж, морь уралдуулан наадам хийсэн. Энд Ар Монголын дарга нар үг хэлж байсантай манай цагаач халхчууд таарч нутаг ус, ах дүү саднаа сураглан бөөн баяр хөөр, уйлаан майлаан болж байсныг би сайн санадаг. Удалгүй халхчууд нутгийн зүг нүүх болж илүү гэр, овор ихтэй зүйлээ хаяж хойт хилийн зүгт бөөгнөрч эхэлсэн. Яг энэ үеэр Өмнөговиос дүрвэж гарсан Очирдара хувилгаан, жасын нярав цоохор Найдан, Жаал Чанрав, Дагданпунцаг нарын хүмүүс гэр бүлийн хамт оргож алга болсон байв. Арван хэдэн морьтой, ногоон хувцастай цэргүүд давхилдан “Очирдара лам хаа байна” гэж хүн амьтнаас асуусан ч олдоогүй юм.

-Тэд хаашаа явсан хэрэг вэ?

-Сүүлд сонсоход цоохор Найдан насбарж, Дагданпунцаг урд нутагт үлдэж, Очирдара лам, Чанрав нар Энэтхэгт цагаачилж очсон байдаг. Очирдара лам жараад оны үед өөд болж,Чанрав гэр бүл, үр хүүхдүүдийн хамт Монголдоо ирж насан өөд болсон. Хүүхдүүд нь одоо Монголдоо байгаа.

-Цаг цөвүүн үед Ар Монголдоо байхдаа гэмт хэрэг хийсэн хүмүүс урагшаа хил давсан л байгаа даа?

-Зарим халхчууд дүрвэн гарахдаа хоршоо дэлгүүр тонон дээрэмдэж, хүн алах зэргээр их л будлиан самуун үүсгэсэн юм гэсэн. Тиймэрхүү муу үйл хийсэн Дэлэгсамба, алаг Намнан гэх хүмүүсийн сураг дуулддаг байсан. Гэхдээ бидний амьдарч байсан Баруун Сөнөд хошуунд тэд амьдарч байгаагүй. “Дэл хөнжлөөр нутагладаг уу, Дэлэгсамбатай холбоотой юу” гэсэн байцаалтын асуулт хүртэл байсан гэдэг. Алаг Намнан гэдэг хүн алуулсан гэх бөгөөд түүний эхнэр Хандсүрэн Жамбалцэрэн гэдэг хүнтэй сууж байгаад Өмнөговьд нутагтаа ирж насан өөд болцгоосон юм билээ.

-Чөлөөлөхөөр очсон орос, монгол цэргүүд дүрвэгсэдтэй яаж харьцдаг байв?

-Дайны хажуугаар дажин гэж их үнэн үг шүү. Нааш нүүх санаатай бүх айлууд нэг газар бөөгнөрөөд буучихсан байсан чинь гэнэт хоёр муу морь уначихсан орос цэрэг ирээд айлуудыг дээрэмдэж, гэгээн цагаан өдөр охид хүүхнүүдийг хүчиндэх гэж бөөн юм болов. Хүмүүс цугларч бөөн үймээн шуугиан болж охидоо арай л хүчиндүүлсэнгүй. Тэгсэн нөгөө хоёр орос хоёр муу морио хаяад хэдэн сайхан морийг аваад явчихаж. Жооног Дэндэв гэдэг залуугийн ч хоёр сайхан морийг аваад явсан байв. Дэндэв нөгөө хоёрыг алсаас бараагий нь хараад дагаад байж. Хоёр орос Тамчийн тал гэдэг газар очоод морьдоо чөдөрлөөд шөнө унтаад өгөхөд нь Дэндэв сэмхэн хэдэн морьдоо суллаж тавиад хөөгөөд ирж. Эзэнгүй талд явган үлдсэн хоёр оросын хувь заяа хааш эргэснийг бүү мэд. Морь унаагаар хэдэн өдөр ч яваад гаталж барамгүй арвин тал шүү дээ.

-Монголдоо нүүж ирэхэд байдал ямаршуухан байв?

-1945 оны наймдугаар сард Баруун Сөнөдөд байсан таван зуу гаруй халх айл нэгэн зэрэг хил давж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Тоодогийн нуур гэдэг газар хэсэг саатаж, хүн малын тооллого явагдсан. Дотоод яамныхан хориос дээш насны бүх хүнээс байцаалт авсан. Эндэх хүмүүсээс Өмнөд Монголд цэргийн түр сургуульд байсан хорь гаруй эрсийг баривчилж тэмээн дээр мордуулан, хөлийг нь доогуур нь холбож уяад, нүдийг нь алчуураар боож, гарыг нь ард нь хүлээд тэмээний бурантгийг хүзүүнд нь эвхэж, таван цэрэг сул тууж аймгийн төвд авчирсан байдаг. Нүүдэлчдийн олонхи болсон Балдан засгийнхан буюу өмнөговийнхон Дорноговь аймгийн Иххэт суманд, Түшээ гүнийхэн буюу Дундговийн цөөн айл Хар-Айраг суманд, баянхонгорынхон буюу Ламын гэгээнийхэн Иххэт суманд арваад жил суурьшин суусан юм. Өссөн төрсөн нутагтаа шилжин суухыг удаа дараа хүсч өргөдөл хүсэлт гаргасныг 1955 онд дээд газраас зөвшөөрсөн ёсоор өөр өөрийн нутагтаа очицгоосон доо. Би Иххэт суманд шинэ үсгийн багшаар анхандаа ажиллаж байлаа.

-Түүнээс хойш ямар ажил алба эрхлэв дээ?

-Иххэт сумынхаа анхны хоршоонд тоо бүртгэгч, мөнгөний нярваар ажиллаж, тавиад онд хоршооны даргын алба хашсан. Ажлаа нэр төртэй хийж Худалдааны техникумд суралцаж төгсөөд ЗХУ-ын Москвагийн Мал эмнэлгийн академийн амьтны гаралтай түүхий эдийн бараа судлалын дээд сургуулийг дүүргэлээ. Эх орондоо ирж ажил албаа гүйцэтгэж байгаад Новосибирск хотын Хоршооллын худалдааны дээд сургуулийн дээд курс, Зөвлөлтийн Шинжлэх ухаан техникийн ордны дэргэдэх Ардын их сургуулийг тус тус дүүргэж сумын анхны хоршооны тоо бүртгэгчээс Хөдөө аж ахуйн дээд сургуульд багш, Худалдаа бэлтгэлийн яамны тасаг, хэлтсийн дарга, газрын орлогч дарга зэрэг албыг хашсан байна даа. Монголын ард түмний гавьяат худалдааны ажилтан, Түүхий эдийн бараа судлалын магистр, Олон улсын ангийн үс судлалын нийгэмлэгийн Азийн салбарын гишүүн, ийм л хүн дээ, би.