Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй байхаар тогтжээ

Холбоотой ЗурагЭнэ сарын 19-ний өдрөөр дуусгавар болох сурагчдын өвлийн амралтыг ханиад томуу их байгаатай холбогдуулан үргэлжлүүлэн сунгах тухай яригдаж байгаа билээ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн захирагч болон БСШУС-ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаад байгаа юм. Үүний дагуу Хотын даргын орлогч Ш.Анхмаа өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдтай уулзсан. Уулзалтын үеэр нийслэлийн ЕБС-иудын сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг өвлийн амралт дуусахаас урьтаж буюу ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа ч өнгөрсөн долоо хоногийн байдлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаао буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс ирэх долоо хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй байхаар тогтжээ. Харин ханиад, томууны өвчлөл буурахгүй бол сурагчдын амралтыг сунгах аж.

Categories
мэдээ улс-төр

АН-ын 176000 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ

Ардчилсан намын даргын тушаалаар 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал улс орон даяар намын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Уг бүртгэлээр Монгол Улсын хэмжээнд 176,000 гишүүн намдаа бүртгүүлж, татвараа төлөөд байгаа гэсэн тоо гарсан бол Хөвсгөл аймгийн хэмжээнд 6,300 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдан Ардчилсан намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болоод байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр хаана, ямар тоглолт болох вэ

Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” гурван бүлэг, гурван үзэгдэлт балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд тоглох аж. “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны тавдугаар сарын 25-нд анх УДБЭТ-ын тайзнаа тоглож, 1976 онд уг балетыг сэргээн тавьсан бөгөөд өдийг хүртэл тус театрын хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг бүтээл болжээ.

ДУУРЬ

ДБЭТ-ын бүтээл төрийн соёрхалт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг энэ амралтын өдрүүдэд тус театрын тайзнаа тоглох аж. Энэхүү дуурь нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй бөгөөд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой. Дуурийн гол өрнөл нь “Хан” гүрний ухаалаг, нинжин сэтгэлт Гүн гэрийн гүнж Цай Вэн Жигийн тухай юм. “Хан” гүрнээс хулгайлагдсан Цай Вэн Жин гүнж “Хүн” гүрний хатан болж, хоёр агъ төрүүлнэ. Тэрээр “Хан”, “Хүн” гүрний эв найрамдлын гүүр төдийгүй, харь нутагт ирж хатан болсон ч цөхрөлийг ардаа орхин, Хүн гүрний төлөө бүхнээ зориулсан гүнж юм. Тус дуурийг анх 2005 онд концерт хэлбэрээр тоглож байсан бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүрэн хэмжээний дуурь болон үзэгчдийн хүртээл болсон юм.

ЦИРК

Монголын үндэсний циркийн урилгаар тоглож буй “Олон улсын цирк Демидов”-ын тоглолт үзэгчдийн хүсэлтээр энэ амралтын өдрүүдээр дахин тоглох аж. Тус тоглолтод хамгийн эрсдэлтэй, амь дүйсэн зр зоригийн мото үзүүлбэрийн нэг болох сургуультай араатан амьтдын үзүүлбэр багтаж буй. “Олон улсын цирк Демидов”-ын тоглолтын “Магда” барыг өнгөрсөн баасан гаригт улсын циркээс улсын их дэлгүүр хүртэлх гудамжаар зугаалуулаад зогсохгүй, “Макс Молл” худаалдааны төвөөр шоппинг хийлгээд амжсан юм. Тус тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-35 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт маргааш болно

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас ирүүлсэн мэдээллийн дагуу Бээжин хотноо “Торгоны зам ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын нэгдсэн форумын тов гарчээ.

Энэхүү ээлжит хурал ирэх долоо хонгот буюу 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-ыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны байранд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. .

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтыг сунгах эсэхийг шийднэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан. Үүний дагуу Хотын даргын орлогч Ш.Анхмаа өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдтай уулзсан юм. Уулзалтын үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлаар ирэх долоо хоногт шийдвэрлэхээр болсон.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа ч өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс ирэх долоо хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй гэсэн юм. Хэрэв ханиад, томууны өвчлөл буурахгүй бол сурагчдын амралтыг сунгах аж. Тодруулбал, БСШУСЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тул амралтын хугацааг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгджээ. Түүнчлэн ханиад, томуугийн өвчлөл, халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан сурагчдын амралт дуусахын өмнө холбогдох яамтай дахин зөвшилцөхөөр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цас орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас эхэлж ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарах зарим нутагт -40 градус хүйрч хүйтрэх төлөвтэй байна.

Тодруулбал, энэ сарын 16,17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18,19-нд зарим газраар нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Мөн 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус байна.

Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн тоо бүртгэл явагдаж байна

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.

Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархлаагаа эмээр бус хоол хүнсээр дэмжээрэй

Уушги, зүрхийг илүү их гэмтээдэг утааны улиралд хамгийн эрэлттэй эм бэлдмэл нь дархлаа сайжруулах бүтээгдэхүүн байдаг. Эм, лаа, тосон түрхлэгээс өгсүүлээд жүүс, ундаа гээд бүх л юм дархлаа дэмждэг гэсэн тодотголтой болчихож. Ингээд зогсохгүй сошиалаар үнэн, худал нь мэдэгдэхгүй дархлааны гэх баахан танихгүй бүтээгдэхүүнийг сурталчилж, сүлжээ бизнес хэлбэрээр иргэдэд худалдаалах нь олширчээ.

Дур мэдэн тэр болгоныг авч хэрэглэх нь хүний эрүүл мэндэд асар хортой болохыг эмч нар зөвлөж байна. Ер нь хүний бие физиологи байгалиас заяасан дархлаа хэмээх гайхалтай тогтолцоотой. Тэр нь минут, секунд тутамд энэ махбод руу дайран довтолсон элдэв эмгэг өвчин үүсгэгчдийг нэвтрэхээс хамгаалдаг “авралын бурхан” юм. Гэтэл хүмүүс ханиад шуухнаа хүрэхээс хамгаалж байгаа нь гээд бяцхан хүүхдүүддээ дархлааны эм бэлдмэл урьдчилан хэрэглэх нь эсрэгээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ.

Хүний дархлааг хүчээр дэмжих нь тогтолцооны гажиг үүсгэх аюултайг шинжлэх ухаан тогтоосон байна. Хэрэв дархлааны тогтолцоонд өөрчлөлт орвол ханиад томуу хүрэхээс ч долоон дор байдал үүсдэг ажээ. Тиймээс дархлааны эм, бэлдмэлийг аль болох бага насны хүүхдүүдэд хэрэглэхгүй байх нь зохистой юм байна шүү. Харин халуун хоол хүнсээр дархлааг дэмжвэл илүү үр дүнтэй болохыг зөвлөлөө.

Арлын япончуудад анагаах шидээрээ гайхагдаад байгаа Монголын брэнд чацаргана, аарцыг тогтмол хэрэглэвэл дархлаа сэргэдэг гэдгийг манайхан бүгд мэддэг хэрнээ тэр бүр ойшоодоггүй. Аарц, чацарганыг ямар нэгэн нэмэлт сахаргүй халуун бүлээнээр нь уувал биеийн хүч тамирыг нэмнэ. Мөн хөөрүүлсэн сүүг бага зэрэг сармистай ууж болно. Эдгээр нь биеийн эсэргүүцлийг сайжруулахаас гадна энэ утаанд эд эсийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй гэсэн. Харин хоолондоо янз бүрийн хоол амтлагч хэрэглэх нь харшлын гаралтай ханиадыг улам өдөөдөг байна.


Categories
мэдээ цаг-үе

Жозе Моуриньод зориулсан 11 асуулт

Энэ португаль эр дэлхийд нэрээ цуурайтуулсан шилдэг дасгалжуулагч болохын тулд яах ёстой юм бэ гэдгийг сайн мэднэ. Тэр 2010 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (ОУХХ) зарласан “Оны шилдэг дасгалжуулагч” шагналд түрүүлж мэргэжил нэгт менежерүүдээ манлайлж байлаа. Санаж байна уу, тэр жил Жозегийн удирдсан “Интер” баг, клубийн хэмжээний бүх тэмцээнд түрүүлж байсныг. FIFA.com түүнтэй уулзаж энэ цаг үеийн үйл явдалтай холбоотой 11 асуулт тавьж хариултаа авчээ.


-“FIFA Football Awards” шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын 9-нд Цюрих хотноо зохиогдоно. Таны бодлоор шилдэг хөлбөмбөгчийн ямар үзүүлэлтийг онцлох ёстой юм бэ?

-Үнэнийг хэлэхэд би хувь хүнд олгодог шагналуудыг ойшоодоггүй. Учир нь хөлбөмбөг бол багийн спорт. Энд чинь багаараа ялж бас ялагддаг юм. Мэдээж хөлбөмбөг сонирхогчдын хувьд тэр, энэ шилдэг нь гэж үзэх асуудал байлгүй яахав. Тиймээс би ч гэсэн хөгжөөн дэмжигчдийн тэр санал бодлыг хүндэтгэнэ.

-2010 онд таныг “Оны шилдэг дасгалжуулагч” хэмээн өргөмжилж байлаа. Мэргэжлээрээ өөрийнхөө хүрч болох дээд оргилд хүрлээ гэж үзэж байв уу?

-Том бахархал. Нэмээд хэлэхэд, ОУХХ анх удаа “шилдэг дасгалжуулагч” хэмээх төрөл гаргаж шагнаж эхлэхэд анхалсан нь бас л урамшмаар. Гэвч ахиад хэлье. Хөлбөмбөг багийн спорт. Тэр шагнал минийх гэхээсээ илүү “Интер” багийнх байлаа. Италийн тэр гайхамшигт багийн хувьд өндөр жил байсан юм шүү.

-Өнөөдөр ОУХХ эрэгтэй дасгалжуулагчдаас Клаудио Раньери, Фернандо Сантос, Зинедин Зидан хэмээх гайхамшигтай гурван мэргэжилтнээс нэгийг нь сонгох гэж байна. Таны бодлоор хэн нь шилдэг байв?

-Уг нь бүгдээрээ өнгөрсөн улиралд гайхалтай байсан шүү. Раньери Английг доргиож, Сантос португаличуудын магнайг тэнийлгэсэн бол Зидан шууд л Аваргуудын лигт түрүүлсэн. Би гурвуулантай нь сайн харьцаатай байдаг тул хэн нэгнийг онцолж чадахгүй нь.

-Анх удаа хөгжөөн дэмжигчид санал асуулгад нөлөөлөх хэмжээтэй болж байгаа. Энэ жилээс эхлэн шилдэг дасгалжуулагчийн онооны 25 хувийг хөгжөөн дэмжигчид тодорхойлж байх болжээ. Энэ зөв үү?

-Тун зөв. Иймэрхүү санал асуулгад тогтмол “салхи” оруулж байх хэрэгтэй. Хөгжөөн дэмжигчид гэдэг чинь хөлбөмбөгийн нэг салшгүй хэсэг. Харин болгоомжлох жижиг зүйл нь том багийн балиашгууд бас олуулаа тул өөрийн багийн хүнээ “түлхэж” бодит биш үнэлгээ өгөх хэмээх асуудал босох вий.

-Хөлбөмбөг өнөөдөр ба шинэ зууны эхэнд гэдэг хэр зэрэг ялгаатай бол?

-Өнгөрсөн үеийн хөлбөмбөгч, өнөө цагийн хөлбөмбөгч, миний үеийнх, чиний үеийнх гэж харьцуулж ярих нь буруу. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам шинжлэх ухаанаа дагаад спорт ч гэсэн өөрчлөгдөж байгаа. Илүү чанартай бөмбөг өшиглөж, хөнгөн, эвтэй гутлаар гангарч байна. Хэдийгээр илүү олон тоглолтыг, хуучныг бодвол ойр, ойрхон хугацаанд тоглон өнгөрөөж байгаа ч гэлээ богино хугацаанд сэргэлт авах техник технологийн боломжтой болжээ. Хуучныг бодвол тун бага хугацаанд элдэв гэмтлийг эдгээж болдог болсон шүү дээ.

-Англи дахь хөлбөмбөгийн ертөнцийн онцлог?

-Англид нэг ч тэмцээнийг сэтгэл гаргалгүй тоглодоггүй. Улс нь тэр чигтээ хөлбөмбөгөөр “өвчилж” талбайд байгаа хэдийг эцсээ шавхаж тоглохыг хүсдэг. Тэднийг сайн мэргэжилтэн дасгалжуулж, бэлдэж, амрааж, хооллохыг шаарддаг. Тийм учраас тэд талбайд гарч ажлаа хийхдээ чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх болдог доо.

-Португаль гэж дөнгөж арав гаруйхан сая хүн амтай улс тивийнхээ аварга боллоо. Энд дэлхийн шилдэг дасгалжуулагчид төрж байна. Энд Роналду төрсөн. Яагаад ийм байна аа?

-Харин тийм. Үүнийг ойлгоход хэцүү юм. Эйсебио, Луиш Фигу, Криштиану Роналду гээд өчнөөн шилдэг хөлбөмбөгчид Атлантын далайн эрэг дэх энэ жижигхэн нутагт төрлөө шүү дээ. “Бенфика”, “Порту” багууд Европmоо өчнөөн удаа шилдгээр нэрлүүлж байсан. Сая улсын маань шигшээ “ЕВРО-2016”-гийн аварга боллоо. Бидний дэврүүн омголон зан нэмэр болдог юм болов уу.

-Моуриньогийн дасгалжуулж байсан багуудаас шилээд “шигшээ 11”-ийг нэрлээч гэвэл та хэн хэнийг сонгох вэ?

-Энэ асуултыг мөн ч их асуух юм даа. Би хэзээ ч хариулахгүй. Яагаад гээч. Хөлс, цусаа дуслуулж миний төлөө тоглосон тэр залуучуудыг энэ нь миний, тэр нь хүнийх гэж ангилж болох уу.

Витор Байя, Петр Чех, Хулио Сезар… эдгээр хаалгачдын хэнийг илүү гэх билээ? Хорхе Коста, Рикарду Карвалью, Марко Матерацци, Лусио, Вальтер Самуэль, Жон Тэрри… бүгдээрээ шилдэг хамгаалагчид биш гэж үү? Майкл Эссьен, Уэсли Снейдэр, Неманья Матич, Манише, Хаби Алонсо, Фрэнк Лэмпард… эдгээрээс зөвхөн нэгийг нь сонгож болно гэж үү? Унаж босохдоо хамт байсан тэр хэдийгээ алагчлахгүй ээ.

-Тавдугаар сард хуралдсан ОУХХ-ны конгресст та оролцсон. Инфантино ерөнхийлөгч шинэ хүний хувьд дасгалжуулагч, тоглогчдын саналыг түлхүү сонгохыг эрмэлзэж байгаа бололтой. Тэнд хэлэлцсэн нэгэн чухал асуудал нь ирээдүйд ДАШТ-д оролцох багуудын тоог нэмэх талаар байсан. Таны саналыг сонсож болох уу?

-Олон улс оролцох тусам хөлбөмбөг улам л хөгжих болно. Би шигшээд оролцох багуудын тоог нэмэх хэрэгтэй гэсэн талд зогсож байгаа.

-Талбайн шүүгчид видео бичлэг үзэж, техник, технологийн дэвшил, хөгжлийг ашиглаж байх ёстой юу, үгүй юу?

-Бидэнд энэ хэрэгтэй байна шүү дээ. Эволюци гэдэг чинь жам ёсоороо явагдаж байхад хойш чангааж болохгүй. Тэгээд шүүгчид ч гэсэн өөрсдийгөө хамгаалж, өмгөөлөл, үнэн зөв шийдвэр гаргах шаардлага зайлшгүй үүсч байна. Тэдэнд технологийн шинэчлэлийг хүсэх эрх бий.

Бэлтгэсэн Д.БАТРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Монгол бөхөн мялзан өвчин тусч хэдэн зуугаараа үхэж байна

-ВАКЦИН ТАРИХ БОЛОМЖГҮЙ, ОРОО НИЙЛЛЭГИЙН ЦАГ ЭХЭЛЖ
БАЙГААГААС МОНГОЛ БӨХӨН БҮГД ХАЛДВАРААР ҮХЭХ АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙГАА ГЭНЭ-

Говь-Алтай, Ховд аймгийн Шарга, Хүйсийн говь нутаг монгол бөхөнгийн сэг зэмээр дүүрчээ. Өнгөрсөн сараас эхлэн Монгол бөхөн хэдэн зуугаараа үхэж эхэлсэн гэнэ. Дэлхийд хоёрхон төрлийн бөхөн байдаг. Алтайн нурууны араар Шаргын говь, Үүдийн говь, Чандманийн хүрэн талд монгол бөхөн нутаглаж байгаа. Харин Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт хэдэн мянгаараа бий. Дэлхийд нэн ховордоод байгаа монгол бөхөн юунаас болж олноороо үхэх болсон талаар холбогдох газрынхан шалгаж тогтоогоод байгаа гэнэ. Үхсэн монгол бөхөнгийн сэг, зэмээс дээж аван Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрчээ. Өнгөрсөн жил бүс нутагт олон мянган хонь, ямаа энэ өвчнөөр өвчилсний улмаас Улсын онцгой комиссоос хорио цээр тогтоож байсан. Тэр хавийн айлуудын малыг бүрэн вакцинжуулсан учир сарын өмнө хорио цээрийг цуцалсан юм байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар бөхөн үрэгдэж байгаа газар хорио цээр тогтоож байсан газартай давхцаж байгаа аж. Энэ нь бөхөн малаас халдвар авсан байх магадлалтайг нотолж байна гэж холбогдох мэргэжлийн хүмүүс ярьж байна. Бөхөн анх удаа ийм өвчин тусч байгаа аж.

“ОРОО НИЙЛЛЭГИЙН ЦАГТ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРСАН НЬ МОНГОЛ БӨХӨН ТЭР ЧИГТЭЭ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА” ГЭВ

Энэ талаар Говь-Алтай аймгийн иргэн Г.Банзрагчтай холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.


-Монгол бөхөн хэдэн зуугаараа үхээд байна гэсэн. Бог малын мялзан өвчний шинж тэмдэг бөхөнгөөс илэрсэн гэсэн үү?

-Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар монгол бөхөн олноор үхээд байна. Хамарнаас нь өтгөн шаргал өнгөтэй зүйл гоожиж, нүднээс нь нулимс гоожсоор байгаад л үхэж байна. Хоёр аймгийн онцгой комисс үхсэн бөхөнгийн сэг зэмийг цуглуулж, булж, ариутгал хийж байна. Одоогоор ойролцоогоор 500 гаруй монгол бөхөн үхсэн гэх тоо гарсан. Гэхдээ яг бөхөн хэдэн мянгаараа байгаа газраар биш наад хэсгээр нь явж сэг зэмийг нь түүсэн байсан. Тэгэхээр цаана нь хэдэн бөхөн үхсэн бэ гэдгийг мэдэх арга алга. Урьдчилсан байдлаар мянга гаруй бөхөн мялзан өвчнөөр үхсэн байна гэх мэдээг улсын онцгой комиссын гишүүдэд хүргүүлээд байна. Хэдэн жилийн өмнө монгол бөхөнг тоолсон. Ердөө л 13 мянга орчим монгол бөхөн байна гэсэн судалгаа гаргасан байдаг.

-Бөхөнгийн ороо нийллэг өдийд ордог гэсэн үү?

-Хамгийн их санаа зовоосон зүйл энэ болчихоод байна даа. Өвлийн гурав, дөрвөн есийн хүйтэнд ид ороо нь орж, монгол бөхөн хэдэн зуугаараа сүрэглэж, нийллэгт ордог юм. Гэтэл халдварт өвчин туссан хэдэн ч бөхөн байгаа юм билээ. 13 мянган бөхөн бүгд мялзан өвчнөөр хиарах нөхцөл нь бүрдчихээд байна шүү дээ. Ямар зэрлэг амьтанг барьж вакцин тарьж болох биш. Одоо хамгийн гол нь үхсэн бөхөнгийн бүх сэг зэмийг устгалд оруулж, ариутгал хиймээр байна. Ингэж байж л ядахдаа үхсэн бөхөнгийн сэг зэмнээс халдвар авахгүй болно шүү дээ. Гэтэл аймаг, сумын Онцгой байдлын хуралдааны үеэр малаа бүгдийг амьд вакцинд хамруулсан учир дөрвөн жилийн дархлаатай байгаа. Тэгэхээр малд халдана гэж байхгүй. Хүн, малын халдварт өвчний үед хорио цээр тогтоож ажиллана гэж хуульд зааснаас зэрлэг амьтанд гэж байхгүй. Сумын Засаг даргын захирамж гаргуулан ажиллах боломжтой гэсэн яриа гарсан байна лээ. Мөн Онцгой комисс хөрөнгө гаргаж яаралтай устгал, ариутгал хиймээр байна. Одоо бол аймгийн Онцгой, байгаль орчны газрынхан мөнгө зээлээд л устгалд явж байна. Хөрөнгө хүрэхгүй байгаагаас устгалыг мэргэжлийн түвшинд сайн хийж чадахгүй шатаасан болоод л хаяж байна. Халдвар тархах эрсдэл өндөр байгаа гэв.

Б.Болдбаатар: ӨВЧИЛЖ ҮХСЭН АМЬТНЫ СЭГ ЗЭМД ОЙРТОЖ БОЛОХГҮЙ

Халдварт өвчиндөө шаналж, үхэх гэж байгаа бөхөнгийн эврийг наймаачид очиж авах эрсдэл үүсээд байгаа аж. Хүмүүсийн гутал, хувцаст нян тээгдэж ирээд малд халдварлах боломж бүрдээд байгаа аж. Мялзан өвчний талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор Б.Болдбаатартай ярилцлаа.


-Монгол бөхөн мялзан өвчнөөр үхээд байгаа нь тогтоогдсон. Энэ өвчний талаар бодит мэдээлэл өгөх үү?

-Үхрийн болон бог малын мялзан гэж байдаг. Бог малын мялзан өвчний хувьд манай оронд анх удаа 2016 онд оношлогдсон. Ховд аймгийн Дөргөн, Үенч зэрэг сумдад анх гарсан, энэ өвчинг 2016 оны есдүгээр сард анх оношлоод, уг оношийг БНХАУ-ын Лавлагааны лабораторид баталсан юм. Уг өвчний эсрэг вакциныг БНХАУ-аас худалдан авч баруун аймгуудын бог малыг бүхэлд нь вакцинжуулсан.

-Энэ өвчин ямар замаар халддаг юм бол. Өнгөрсөн жил баруун аймгуудад хорио цээр тогтоож байсан. Тэр бүс нутагт одоо зэрлэг амьтад, тухайлбал, бөхөн, янгир өвчилж байна. Малаас зэрлэг амьтдад халдах уу?

-Энэ өвчин вирусээр үүсдэг, өвчилсөн мал, амьтны нулимс, нус, шүлс, баасаар халдвар дамждаг. Бас өвчтэй мал ханиах, найтаах, гудчих үед агаар дуслын замаар халдвар тараах буюу авдаг. Мөн ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц хүртэл дээрх байдлаар бохирдсон үед халдвар дамжуулах боломжтой. Аргал янгир, цагаан зээр, хар сүүлт, бөхөн зэрэг зэрлэг амьтад малаас халдвар авах, өвчлөхөөс гадна халдвар тараах аюултай. Ядарч доройтсон, эсвэл төл малд үхлийн хувь өндөр байдаг. Бүрэн эмчлэх боломжгүй, антибиотикийн эмчилгээ хийсэн үед хам халдвараас сэргийлж, тухайн сүрэгт үхлийн хувийг л багасгах боломжтой гэж үздэг. Зэрлэг амьтдын хувьд вакцинжуулах ямар ч боломжгүй учир энэ өвчинг хянахад хүндрэл учруулдаг хэвээрээ байна.

-Санамсаргүй тохиолдлоор үхсэн бөхөнгийн сэг зэмд хүрвэл гутал, хувцсаар нь дамжаад малд халдах аюултай юу?

-Үхээд удаагүй амьтны биед байгаа вирус өвчлүүлэх чадвараа хадгалсан хэвээр байдаг. Ялангуяа хүйтрэх тусам вирус өвчлүүлэх чадвараа удаан хадгалдаг. Өвчнөөр үхсэн малын сэг зэмийг устгах тусгай арга аргачлал байдаг. Энэ дагуу ариутгал, халдваргүйжүүлэх арга хэмжээг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийдэг. Магадгүй зарим хүмүүс үхсэн бөхөнгөөс эврийг нь авах гэж оролдож магадгүй шүү дээ. Ингэснээрээ тэр хүн харин ч малд халдвар тараах эрсдэлтэй болно. Тиймээс өвчилж үхсэн амьтны сэг зэмд ойртож болохгүй гэв.

Хоёр жилийн өмнө Казахстанд хэдэн мянган соргог бөхөн үл мэдэгдэх өвчний улмаас үхсэн. Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт соргог бөхөн устаж үгүй болсон гэхэд болно. Гэтэл зөвхөн манай улсад л байдаг монгол бөхөн мялзан өвчнөөр үхэж, дуусах нь. Дэлхийн нэн ховор амьтны нэг болох Шаргын говь, Үүдийн говь, Чандманийн хүрэн талаар нутагтай монгол бөхөнгийн мөхөл ирээд байна. Үүнд холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.