Categories
мэдээ спорт

Оюутны “Универсиад”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

Казахстаны Алмата хотод дэлхийн оюутны өвлийн спортын “Универсиад” наадамд оролцох бүрэлдэхүүн тодорлоо. “Алтау” спортын цогцолборт болох цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Ариунсанаа, эмэгтэйчүүдэд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн оролцоно. Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдэд А.Зул өрсөлдөхөөр болов. 11 дэх удаагийн тус наадамд Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар оролцох юм.

Оюутны “Универсиад”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар дахиад л ард түмний хөл залгуулдаг приустэй “ноцолдож” эхэллээ

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 11-ний Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга хийсэн. Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна гэдгийг ч салбарын сайд онцолж байсан юм. Мөн импортоор оруулж ирж байгаа автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн арав гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгдсэн байдаг. Улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна гэсэн судалгаа хүртэл гаргаад байгаа.

Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг зогсоох, үйлдвэрлэгдээд зургаан жил болсон автомашиныг хил гаалиар оруулж ирэхийг хориглох шийдвэр гарвал жирийн иргэд хохирох нь тодорхой юм. Иргэдийн олонхи нь буруу талдаа жолооны хүрдтэй буюу Япон улсад үйлдвэрлэгдсэн машин унаж байгаа.

Тэр тусмаа шатахуун бага зарцуулдаг Тоёота Приус маркийн автомашиныг ард түмний дийлэнх нь унаж байгаа. Өмнөх Засгийн газар, хотын дарга баруун талдаа жолооны хүрдтэй авто машиныг хөдөлгөөнд оруулахгүй байх. Мөн хилээр нэвтрүүлэхгүй байх талаар дүрэм журам гаргах дээрээ тулсан. Жирийн иргэдийн гол унаа болсон приустэй Хотын дарга Э.Бат-Үүл “ноцолдож” эхэллээ. Иргэд яагаад хямд үнэтэй, өнгө үзэмж сайтай Япон улсад үйлдвэрлэсэн автомашин унаж болохгүй гэж” хэмээн эсэргүүцэлтэй тулгарсан. Ингээд дээрх шийдвэрээ ч буцаасан юм. Тэгвэл энэ Засгийн газар дахиад л ард түмний хөл залгуулдаг, зарим талаар амьжиргааны эх үүсвэр болсон унаа приустэй “ноцолдож” эхлэв. Энэ талаар хүмүүсийн санал бодол ямар байгаа талаар автомашины “Да хүрээ” зах, “Мянган машины зогсоол” дээр очиж сурвалжлага бэлтгэсэн юм.

МАШИНЫ ҮНЭ ХЯМДАРЧЭЭ

Автомашин худалдан авалт буурчээ. Үүнийг дагаад машины үнэ ханш 200-500 мянган төгрөгөөр хямдарсан гэнэ. Үнийн хувьд 1500 мотортой суудлын тэрэгнүүд 5-12 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Зарагдаж байгаа машины үнийг тодорхойлогч гол хүчин зүйл нь машины үйлдвэрлэгдсэн он. 2006 онд үйлдвэрлэгдсэн Spacio найман сая, 2002 оны Тоёота Королла 7.5 сая, 1999 оны Тоёота Раум 4.5 сая, 2004 оных нь 10 сая, Тоёота Приус 20 8.5 сая. 2006 оноос хойш үйлдвэрлэгдсэн Приус 20 гэрэл нь түмбэгэр, арай л загварлаг болж ирдэг бөгөөд үнэ нь 500 мянгаар илүү байдаг байна.

2006 оны цэмбэгэр Вингроад 6.5 сая төгрөгийн үнэтэй гэнэ. Машины ченжүүд сонирхож байгаа машинаа лизингээр, бэлэн мөнгөөр, хуучин машин оролцуулбал машин оролцуулж болно гээд л олон төрлийн санал тавьж байв. Мөнгөний боломжтой иргэдийн авч унадаг гэх мосттой жийпнүүдийн хувьд “Raw-4”, “Harrier” зэрэг дунд оврын жийп дунджаар 13-30 сая, “Nissan terrano” 2004 оны дизель хөдөлгүүртэй нь 15- 16, “Pajero” 22, “Toyota 4wd” 16, дизель хөдөлгүүртэй “Land-100” 43, “Range rover” 45 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна лээ. “Тоёота Кроун”, “Гранд Марк 2”, “Мерседес бенз”, “Тоёота Веросса” зэрэг автомашин 14-25 сая төгрөгийн үнэтэй байлаа.

“МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ СОЛОНГОСЫН ДУУ ОРЧИХСОН ЭВДЭРХИЙ МАШИН УНААД ЯВ ГЭЖ ШУУД ТУЛГАЖ БОЛОХГҮЙ” ГЭВ

“Да хүрээ” зах зээр 20 гаруй жил машин худалдаалж байгаа О.Энхтайвантай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


-Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг Засгийн газраас хязгаарлах асуудал яригдаж байна. Энэ шийдвэрийг юу гэж бодож байна вэ?

-Үнэхээр амьдралд нийцэхгүй. Өнөөдөр Монголын ард түмэн яаж амьдарч байгаа билээ. Ямар унаагаар хөл дүүжилж байгаа билээ. Машин авах мөнгөө яаж олдог билээ. Бүгд банкнаас цалингийн зээл аваад л арай гэж авч байна шүү дээ. Бид Японоос олон жил машин зөөж байна. Хамгийн багадаа үйлдвэрлэгдээд 5-10 жил болж байгаа машин л оруулж ирдэг. Үйлдвэрээс гараад арван жил болчихсон машин л хямдхан байдаг. Үйлдвэрлэгдсэн он нь таван жилээс доош болоод ирэхээр үнэ нь хэд дахин нэмэгддэг. Бид он залуу машин худалдаж аваад борлуулахад ямар ч асуудал байхгүй. Гэвч Монголд үнэтэй машин худалдаж авдаг хүн алга байна шүү дээ. Монголчуудын 80 гаруй хувь нь он хөгшин япон машин худалдаж авч байна. Гэтэл буруу талдаа жолооны хүрдтэй буюу япон машиныг хориглох гэж байна. Энэ нь ард түмнээ доромжилж байгаа хэрэг.

-Буруу талдаа хүрдтэй машиныг Монголын зах зээлээс шахаж байна. Үүний цаана БНСУ-д үйлдвэрлэсэн машиныг худалдан борлуулах бизнес явж байна гэх яриа гарсан байна лээ?

-Үнэхээр тэгж хардахаар байна. Япон машин, солонгос машины чанарын ялгаа ямар вэ. Тав тухын хувьд илүү машин аль нь вэ гэдгийг ард түмэн сайн мэднэ. Солонгос машин хэдхэн сар шороон замаар яваад л хамаг эд анги нь тачигнаад дуу орчихдог. Бүр кузов нь дуу ороод шороо чихээд балардаг шүү дээ. Эргээд эд анги тавихаар гурван сар яваад л дахиад солих болдог. Гэтэл Япон улсад үйлдвэрлэгдсэн машин харьцангуй бат бөх. Нэг эд ангийг нь солиод тавихад 1-2 жил толгой өвдөхгүй явна. Монголын ард түмнийг Солонгосын дуу орчихсон эвдэрхий машин унаад яв гэж шууд тулгаж болохгүй шүү дээ гэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ АГААРТ НИССЭН ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙНА ГЭВ

Мөн “Мянган машины зогсоол” дээр машин худалдаалдаг ченжүүд “Яаж бодохоороо баруун талдаа жолооны хүрдтэй машин хилээр оруулж ирэхийг хязгаарлах талаар Засгийн газрын гишүүд бодож олдог байна аа. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат буруу талдаа хүрдтэй машиныг зөв талд нь гаргана. Энэ талаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Үйлдвэрлэгч оронтой нь ярина ч гэх шиг агаарт ниссэн зүйл яриад байх юм. Япон улс зөвхөн монголчуудад зориулаад үйлдвэрлэж байгаа машиныхаа жолооны хүрдийг зүүн талд нь гаргах болж байна уу. Эсвэл манай улсын инженерүүд машины жолооны хүрдийг сольж өгөх хэрэг үү. Наад зах нь оюуны өмч гээд л бөөн асуудал үүснэ. Мөн үүнээс болоод хэдэн мянган хүний алтан амь үрэгдэх магадлал өндөр байна. Монгол Улсад гарч байгаа зам тээврийн ослын ихэнх хувийг буруу рультэй машин эзэлж байна гэж ярьж байна лээ. Тэр үнэн. Гэхдээ монголчууд орос ах нарын үйлдвэрлэсэн машин, солонгос тэрэгнээс татгалзаад олонхи нь япон машин худалдаад авчихсан байгаа” хэмээн ярьж байв.

МОНГОЛД ЯВСАН ХУУЧИН МАШИНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ҮҮ

Автомашины онцгой албан татварыг ам.доллараар тооцдог байсныг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-наас болиулж төгрөгөөр тооцдог болсон. Өмнө нь банкны тухайн өдрийн ханшаар тооцдог байсан бол өөрчлөлт оруулахдаа 1450 төгрөгөөр тооцон гаргасан нь иргэдийн нуруун дээр ирэх ачааг бага ч болов хөнгөлсөн байсан. Үүнээс шалтгаалж өнгөрсөн жилээс автомашины үнэ буурсан байдаг. Гэтэл Засгийн газрын баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах санал батлагдаж, хэрэгжиж эхлэх юм бол хуучин машин эргээд үнэд орно гэдгийг уулзсан ченж болгон хэлж байв. Монголд хэдэн жил болсон машин эргээд үнэ нь буурах нь тодорхой байгаа аж. Анх 14 сая төгрөгөөр авч байсан “Тоёота Кроун”, “Гранд Марк 2” гэхэд Монголд хоёр жил яваад л 5-6 сая төгрөг болж үнэ нь навс унаж байгаа. Тэгвэл үйлдвэрлэгдээд зургаан жилээс дээш хугацаа өнгөрсөн автомашин хилээр орж ирэхийг хориглох юм бол 8-9 сая төгрөг болж нэмэгдэх, жирийн иргэд ойрын хэдэн жилдээ хуучин машин унах нь тодорхой болж байгаа аж. Мөн сүүлийн жилүүдэд хилээр орж ирсэн машины ихэнх хувийг приус эзэлж байгаа. Энэ Засгийн газар ард түмэнд хөл залгуулж байгаа приусийг Монголын зах зээлээс шахахаар улайран “ноцолдож” эхэлжээ.

“Удахгүй ямар зорилготой, хэний бизнесийг дэмжсэн лобби болох нь тодорхой болох биз дээ. Ард түмнийхээ амьдралыг үнэхээр мэдэхгүй, монголчуудаа өчүүхэн ч бодохгүй шаарууд юм аа” хэмээн иргэд ярьж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчжээ

-ӨМНӨ БАЙСАН ХУУЛЬ , ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЭНЭ САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН БАЙНА-


Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан билээ. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн асан Р.Бурмаатай ярилцлаа.


-Та бол Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан хүн. Тэгэхээр энэ хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг салгаж авч шинэчлэн найруулсан төсөл өргөн баригдсан. МАН-аас боловсруулсан уг хуулийн төсөлтэй танилцав уу. Хэр зэрэг шинэчлэгдсэн байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 2012 онд шинэчлэгдээд 2013 оны сонгуульд хэрэглэгдсэн. Тэр үедээ ямар нэгэн маргаан гараагүй. Энэ бол сонгууль зохион байгуулах процессыг нэлээд нарийвчлан баталсан хууль байгаа юм. Ажиглагчид тухайн үедээ Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга сайн боллоо гэж дүгнэж байсан. Тэгэхээр уг хуулийн процесс, зохион байгуулалт дээр тулгуурлаж Сонгуулийн нэгдсэн хууль бичигдсэн. Өмнөх парламент энэ хуулийг батлахдаа хоёр жил гаруй хугацаанд олон намын төлөөллийн саналыг авч экспертүүд, иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж саналыг нь тусгаж байсан. Тухайн үед олон намын төлөөлөлтэй парламент Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад 60 гаруй гишүүн оролцож байв. Тэр дундаа МАН-ын 15 гишүүн дэмжсэн байдаг юм. Одоогийн Их хурлын дарга М.Энхболд, гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа, Н.Энхболд, Д.Даваасүрэн нар Сонгуулийн нэгдсэн хуулийг дэмжин баталж байлаа. Гэтэл яагаад энэ хууль болохгүй болоод Ерөнхийлөгчийн хуулийн шинэчилсэн найруулга хийхээр болчихов. МАН-аас өргөн барьсан төслийг 2016 онд баталсан хуультай харьцуулж харлаа. Сонгуулийн нэгдсэн хуулиас сугалж авсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 97 хувь нь өмнө баталсан хуультай адил байна. Уг нь өмнө байсан Хууль, хуулийн төсөл өргөн мэдүүлэх журмын тухай хууль болон энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай хуулийн аль алинд нь “Шинэчилсэн найруулга бүхий хуулийн төсөл өргөн барих юм бол 51 хувиас дээшгүй өөрчлөлт хийсэн байх ёстой” гэж заасан байгаа. Тэгэхээр энэ төсөл нь өөрөө хууль зөрчин өргөн баригдсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байсан болохоос бүхэлдээ шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй байсан байна. Иймд хуулийг зөрчин байж энэ төсөл өргөн баригдаж болохгүй л дээ. Хэрэв энэ хуулийг хэлэлцээд, батлаад явах юм бол өөрөө хуулиа зөрчсөн, түүнийг хэрэгжүүлэх процедур, дагаж мөрдөх журмыг зөрчсөн явдал болно. Дээрээс нь энэ төсөлд ямар ч судалгаа, экспертүүдийн санал алга.

-Өнгөрсөн жил болсон УИХ, орон нутгийн сонгуулиар Сонгуулийн нэгдсэн хуулийг хэрэгжүүлэхэд ганц нэг алдаа гарсан тухай мэдээлж байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тэр асуудлуудыг засч залруулж уу?

-2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар сонгуулийн нэгдсэн хуулийг хэрэглэх явцад сонгууль зохион байгуулагчдын зүгээс гаргасан алдаа бий. Тухайлбал, Сонгуулийн нэгдсэн хууль дээр сонгогчийн саналын нууцлалыг хамгаалах тухай сонгуулийн үндсэн зарчим болгон хангаж өгсөн байдаг. Гэтэл үүнийг сонгууль зохион байгуулж байгаа байгууллага хангаж ажиллаж чадсангүй. Жишээлбэл, саналын хуудас нимгэн, дээр нь эсгий балаар тэмдэглэгээ хийсэн нь гэрэлтэж харагддаг. Сонгогч тэр саналын хуудсаа аваад автомат машин руу явах замд нь ажиглагчид бүгд харж хэн, хаашаа саналаа өгснийг нь мэдэх боломжтой байсан. Тэгэхээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар СЕХ-ноос журам гаргаад сонгогчийн саналын нууцлалыг хадгалж чадаж байсан. Тэр үед сонгогчийн санал өгөх бүхээгийн тоотой хавтсууд байсан. Сонгогч тэр хавтсан дотроо саналаа хийгээд автомат машинд очиж уншуулдаг байлаа. Харин өнгөрсөн сонгуулиар ийм хавтсыг үгүй болгоод, сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулсан. Энэ нь ямар аюултай вэ гэхээр санал худалдаж авсан этгээдүүд эргээд сонгогчийг дарамталдаг. “Чамд мөнгө өгсөн, чи тийшээ саналаа өгсөн байна” гэх зэргээр. Эсвэл санал авах байранд ажиллаж байгаа хорооны ажилтнууд ядуу амьдралтай иргэдийг хэнд санал өгөхийг нь ажиглаж байгаа нөхцөлд иргэд дараа нь халамж, тэтгэлэг тэтгэмжээс хасагдах вий гэсэн айдастай байна. Тэгэхээр сонгогчийг хаашаа саналаа өгч байгаа гэдгийг мэдэж, тэрүүгээр нь эргээд дарамтлах нөхцөлийг бүрдүүлсэн санал хураалт болсон. Энэ алдаа бол сонгуулийн хуульдаа биш, зохион байгуулж байгаа байгууллагуудын хийж буй санаатай юм уу, санаандгүй хийсэн үйлдлээс болж байна л даа. Үүнийг заавал хууль шинэчилж байж засах шаардлагагүй. СЕХ, Иргэний бүртгэлийн газарт даалгавар өгөөд зохицуулах боломжтой асуудлууд байна л даа. Өнгөрсөн сонгуулиас гарсан алдааг УИХ-аас анхаараад сонгуулийг зохион байгуулж байгаа байгууллагуудад даалгавар өгөх хэрэгтэй байна.

-Тэгэхээр энэ хуулийн төсөлд дээрхээс гадна ямар асуудлуудыг нэмж тусгах шаардлагатай байна вэ?

-Өнгөрсөн жилийн сонгуулиас ажиглагдсан бас нэг том зөрчил нь сонгогч шилжихдээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой байсан тэр зохицуулалтыг замбараагүйтүүлсэн. Нэг хүн арав, хорин хүний шилжүүлгийг хийж болдог, шилжиж ирсэн сонгогч хурууны хээгээ үзүүлэхгүйгээр, иргэний үнэмлэхгүйгээр саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн байгаа. Хурууны хээ бол дахин давтагдашгүй болохоор сонгогч нэг л саналын байранд саналаа өгөх давхар зохицуулалт хуульд байгаа. Гэтэл энэ хуулийн зохицуулалтыг сонгуулийн санал авахад хэрэгжүүлэхдээ хассан байна. Энэ нь юу вэ гэхээр хурууны хээг шалгахгүйгээр шилжиж очсон хүн саналаа өгч болно гэсэн зохицуулалт. Тэгсэн мөртлөө шилжүүлэг хийгээд хасагдсан газраа дахиад сонгогчийн нэр давхар бичигдсэн. Тухайн сонгогч хэд хэдэн газар давхар бичигдэж санал өгөөд, эсвэл түүний өмнөөс өөр хүн санал өгөх боломжийг бүрдүүлсэн байгаа. Хуулийг ингэж гажуудуулснаас саналын хуудас нь дутах, батлагдсанаас өөр саналын хуудсаар санал өгүүлэх зэрэг зөрчлүүд гарч байсан. Энэ нь өөрөө сонгуулийн дүнд нөлөөлөхүйц зөрчил болсон. Яагаад гэвэл нэр дэвшигчдийн ялж, ялагдаж байгаа тоо нь арав, зуу гээд хэдхэн саналын тоогоор зөрүүтэй байсан. Гэтэл хэдэн мянгаар нь шилжсэн гэдэг нэрийн дор сонгогчийн нэрсийн жагсаалтыг будилуулсан зөрчлүүд гарсан байгаа. Тэгэхээр үүнийг сонгууль зохион байгуулсан байгууллага санаатай хийсэн бол хариуцлага тооцдог, санаандгүй зөрчил гарсан бол дахин давтагдахгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ асуудал өөрөө хуульд өөрчлөлт оруулах шалтгаан биш. Яагаад гэвэл хуульд байгаа заалтыг хэрэгжүүлэхдээ гаргасан алдаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн 97 хувьд нь өөрчлөлт ороогүй байна гэлээ. Үлдсэн гурав орчим хувьд нь оруулсан өөрчлөлт нь юу байна вэ?

-Үг үсгийн алдаа ч юм уу, нэг заалтад байгаа заалтыг хоёр болгож хуваах зэрэг байдлаар өнгөц додомдсон байгаад байдаг. Бас дордуулсан заалт ч харагдаж байна. Нэрсийн жагсаалтыг хянахын тулд сонгогчоос гадна гэр бүлийн гишүүд хянаж болдог. Дээрээс нь ажиглагчид хянадаг. Нэг айлын нэр дээр баахан олон хүнийг нэмээд биччихдэг тохиолдол ч гарч байсан. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг өөр өөр субьектууд гаргадаг байснаас хоорондоо ингэж зөрдөг байлаа. Энэ байдлыг Сонгуулийн нэгдсэн хуулиар төрийн болон төрийн бус байгууллагууд хянадаг байх нөхцөлийг бүрдүүлсэн байв. Гэтэл энэ хяналтыг шинэ хуулийн төсөлд авч хаясан байна. Нэрсийн жагсаалтыг сонгогч сонгууль болохоос олон хоногийн өмнө интернэтээр хянадаг байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, нэрсийн жагсаалтыг эцэслэсний дараа хянах боломж нь хаагдмал байдалтай болгосон хууль гаргах нь байна шүү дээ. Үүний цаана нэрсийн жагсаалтаар ашиглаж сонгуулийг луйварддаг байсан энэ хууль бус явдлаа дахиж нээж өгөх оролдлого гэж харагдаж байна. Мөн Сонгуулийн нэгдсэн хууль дээр байсан шударга байх гэсэн заалтыг авч хаясан байгаа юм. Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс бага байлгах гэснийг ч болих заалт оруулжээ. Тухайлбал, ухуулагч, туслагчид өдрийн хоол, утас, унааны гээд үйл ажиллагааны зардал авдаг байсан. Тэгвэл уг хуулийн төсөлд ухуулагч, шадар туслагчдыг бүр цалингийн доод хэмжээгээр цалинжуулж ажиллуулах тухай нэмж өгсөн байна.

-Сонгуулийн зардал асар их гарахаар санал боловсруулсан гэсэн үү?

-Мөнгөний хүчин зүйлийг нэмж өгсөн байна. Мөн сонгуульд зориулж 9000 орчим машиныг ашиглаж болохоор зохицуулалт тусгажээ. Сонгуульд машин ашиглаж байна гэдэг нэрээр хүмүүсийн саналыг худалдаж авах оролдлого ч хийхийг үгүйсгэх аргагүй. Шинэжээчдийн нүдээр харахад сонгуулийг шударга явуулахад нийцэхээргүй заалтууд оруулсан байна л даа.

-Үндсэн хуульд парламентад суудалтай намын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж заасан байдаг. Бие даагч гишүүдийн хувьд аль нэг намд элсэж байж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох уу?

-2016 оны сонгууль мажоритар буюу хүнийг сонголоо. Тэгж сонгогдож байгаа тохиолдолд бие даагч гишүүд бусад гишүүдтэй адил байх боломжит эрхтэй. Тухайлбал, бие даагч гишүүн нам байгуулаад, аль нэг намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь Сонгуулийн нэгдсэн хуулиар нээлттэй байсан. Энэ зохицуулалтыг хаах санаатай хуулийн төсөл байна.

-Тэгэхээр МАН-аас өргөн барьж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл ганц, хоёр хүнд зориулагдсан болж таарч байна уу?

-Энэ төслөөс одоогийн эрх барьж байгаа МАН өөрсдийнхөө эрх ашигтаа нийцүүлсэн, өрсөлдөгчдөө цөөн байлгах гэсэн санаа харагдаж байна. Бие даагч гишүүдийн Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хаалаа. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг ч бас нэр дэвшихэд нь хориг тавьж байна. Энэ тухай хуулийн төсөлд гадаадад зургаан сараас дээш хугацаатайгаар эмчлүүлэхээр явсан бол нэр дэвшүүлэхгүй гээд заагаад өгчихөж. Тэгэхээр эрх барьж байгаа МАН өөрсдөдөө тааламжтай байдал бий болгосон, өрсөлдөгчдөө Үндсэн хуульд заагдаагүй нэмэлт шалгуур шаардлагаар хасах гэсэн оролдлогууд, далд санаатай байна л даа. Ийм далд санааг биелүүлэхийн тулд ямар ч шаардлагагүйгээр Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг татаж авах гэж оролдож байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг дахин хэлье.

-Ингэхэд сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Энэ тухай баталсан УИХ-ын тогтоол одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард болсон. Дөрвөн жилийн дараа тогтмол болох ёстой. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард болно. Үүнээс өмнө хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хэрэв хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах байсан бол нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд 2016 ондоо багтааж хууль батлагдах ёстой. Аль болох олон намын саналыг авч, нээлттэй ил тодоор хэлэлцдэг. Хулгайн замаар байх ёсгүй. Дээрээс нь зөвхөн өөрсдийнхөө нэр дэвшигчид таатай болгохоор УИХ-д олон суудал авсан болон эрх мэдлийн давуу талаа ашигласан үйлдэл байна.


Categories
мэдээ цаг-үе

Шашин, мухар сүсэг хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай юм

“Өдрийн сонин”-ы өнгөрөгч мягмар гаригийн дугаарт нийтлэлч П.Хашчулууны “Монголын төр шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө санаа тавихгүй бол оройтох нь” нийтлэл хэвлэгдсэн. Мухар сүсэгжсэн засаг төр улс орноо харанхуй мунхгийн туйл болгох тэнэглэл нүүрлэснийг сануулсан уг нийтлэл нийгэмд цочроо өгч, дээр дооргүй шуугьж байна. Энэ бол цаг үеэ мэдэрч, зөв зүйтэй санаачилга дэвшүүлсний илрэл юм. “Өдрийн сонин”-д энэхүү нийтлэл хэвлэгдэхтэй зэрэгцээд бага насны хүүхдийг шашин сүмээс хол байлгах тухай нэгэн чухал хуулийн төслийг төрийн түшээд боловсруулан өргөн бариад байна.

Тодруулбал, Их хурлын гишүүн Д.Сумъяабазар, Н.Оюундарь нарын санаачилсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 1.3.6-д “Бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, эцэг, эх хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр сүм хийд, цуглааны сургалтад оролцуулахыг хориглоно” гэж заасан. Мөн уг хуулийн 3.7.12-т “Бөө, зайран, удган, үзмэрч, зурхайч зэрэг хувиараа шашны зан үйлийг гүйцэтгэж байгаа иргэн нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлд бүртгүүлсний дараа бусдад үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно” гэж заасан бол 3.7.13-т “Уул овоо, ой, усны сан бүхий газарт шашны байгууллага аливаа зан үйл үйлдэхдээ байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг дагаж мөрдөнө” гэсэн байна.

Энэ бол мөн л цагаа олсон, нийгмээ мэдэрсэн, алс ирээдүйг харсан, улс орны хувь заяатай шууд холбоотой маш чухал хууль. Өнгөц харахад, Далай ламын айлчлалтай холбоотой, Х богдыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль мэтээр ухвар бодолтой хүмүүс гөрдөж хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэж байгаа боловч энэ нь нарийндаа Далай ламын айлчлалтай ямар ч холбоогүй. Харин Монгол Улсын оршин тогтнох үндэсний дархлаатай холбоотой гэж хэлж болно. Төрийн хэмжээнд ингэж хуульчилж өгөхгүй бол төртэй түмэнтэйгээ мунхарч, Монголоор дүүрэн бөө удган, хутагт хувилгаад, хадаг яндар, бүрээ хэнгэрэг, овоо тахилга. Тэр бүгдээ шүтэж дээдэлж, мөргөж залбирсан ард түмэн. “Шашин шүтэх эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон дархан эрх” гэх байх л даа. Сануулахад, шашин шүтлэгийн тухайд биш Монголын төр, ард түмэн мухар сүсгээр тэнэгэрч гүйцэж байгааг хэлж буй хэрэг. Тиймдээ ч шашин, мухар сүсэг хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатайг сануулж байгаа юм.

Эл бүхний хамгийн эхэнд монголчууд бид насанд хүрээгүй хүүхдийг сүм хийдэд шавилж, шашин номд ойртуулахыг хатуу хориглох хэрэгтэй. Үнэхээр л хутагт хувилгаан юм бол ерөнхий боловсролын сургууль буюу арванхоёрдугаар анги, хуучнаар аравдугаар ангиа төгсөж байж, арван найман нас хүрч байж шашин номоо бараадахгүй бол болохоо байдаг юм бол, сургууль мөрийг нь хөөдөг юм байгаа биз. Ингэж хатуу хориглон хуульчилж заахгүй бол А үсэг ч мэдэхгүй, шинжлэх ухааны наад захын мэдлэггүй, шашны гүн ухааныг судалж үзэх нь байтугай орчлон ертөнцийн жам ёсыг таниагүй жаалхан банди нар лам болж хүний хувь заяа, төөргийг шийднэ гэхээр үнэндээ санаанд буухгүй.

Хуучин нийгэмд эцэг, эхчүүд бага балчир үрсээ сургууль соёлд хүргэж өгөхөөсөө илүү хүрээ хийдэд үүрч дүүрч аваачаад, лам багшийн тогоо бариулаад орхидог байсан. Тэгж л монголчууд эрдэнэ болсон үр хүүхдийнхээ хувь заяаг мухар сүсгийн зам руу хөтөлдөг байсан. Энэ байдал нэг хэсэг тасраад эргэж дахин сэргээд, юу ч мэдэхгүй харанхуй нялхаасаа лам болчихсон нөхөд Монголын нийгмийг тэр чигт нь мухар сүсгийн балайралд автуулж байна. Тиймээс хүүхдийг орчлон ертөнцийн жам ёсыг таних нь бүү хэл үсэг ч мэдэхгүй, шинжлэх ухааны ямар ч мэдлэггүй бага балчраас нь лам болгосны гор өнөөгийн мухар сүсгийн нийгэм. Эцэг нь үр хүүхдээ лам болгож амьдралын амрыг хардаг. Идэх хоолтой, өмсөх хувцастай, өргөл барьц авчихдаг юм, адаглаад хүнд зодуулж, дарлуулахгүй юм гэж мөчидхөн бодсоны улмаас мухар сүсгийг дэлгэрүүлэгч лам хувраг нэртэй үзмэрч, зурхайчид үйл олноороо үржсэн. Уул нь манай буддын шашин бол шинжлэх ухаанжсан, гүн ухааны шашин юм. Үүнийг ойлгож мэдэрдэг, шинжлэх ухаанчаар ханддаг лам нар хэрэгтэй.

“Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг энэрч, тэр бүхний тусын тулд бие, сэтгэл, үг үйлдлээ зориулж, нүгэл үл үйлдэхийг ямагт хичээж явахын зохистойг хүмүүн төрөлхтөнд сургамжлан гэгээрүүлсэн Жагарын их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн Буддагийн сургаал, номлолыг анхдагч цэвэр ариун утга, санаагаар нь эдүгээ дахин сэргээж, шинжлэх ухаанч мэдлэг болохын нь хувьд дэлхий даяарт түгээн сурталчлах хэрэгтэй. Буддагийн сургаал, номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилжээ. Эхэндээ Жагар, Энэтхэгт, хожуу нь Төвд, Хятад, Монголд, мөн Солонгос, Японд гэхчилэн мөнхүү сургаал, номлол элдэв өнгө, аясаар хиртэж бохирдсоор эцэс сүүлдээ мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжжээ” хэмээн Д.Чулуунжав доктор бичсэн. “Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй” гэх даац далайцтай уг нийтлэл мөн л шуугиан дэгдээгээд байгаа. Тэрээр “монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа бурханы шашин юм” гэж тодотгоод том лам, хутагт хувилгаадын хойд дүрийг эрэх, олж тодруулах, чингэснээр нутаг орон бүрийг байнгын шүтээн, амьд бурхадтай болгох овжин, зальжин аргыг анх Төвдийн лам нар сэдэж, хэрэгжүүлжээ. Урьд нь бурханы шашин дэлгэрсэн аль ч оронд ийм заншил, уламжлал байгаагүйг баримт сэлттэйгээр нотолжээ. Жижиг буурай улс орныг сөхрүүлэх, алт эрдэнэсийг нь хүүдийлж авах ганц шалгарсан арга нь шашин номоор далимдуулсан мухар сүсэг гэдэг. Хутагт хувилгаад төрдөг. Энэ нь мэдээж улс төрийн ач холбогдолтой байх. Гэхдээ Чулуунжав судлаачийн хэлснээр бол худлаа юм билээ. Богдоор тодорсон хүн ердөө хоёрхон жил насалсан түүх бий. Тийм л эрдэм ном чадалтай, гүн ухааны нууцад нэвтэрсэн юм бол хүний амьдралын том шалгуур болох урт удаан насыг насалж, буян хишгээ олон түмэндээ хүртээх хэрэгтэй биз дээ.

“Шашин бол мухар сүсэг биш. Мухар сүсгээр шашныг хөгжүүлэхгүй” гэж Далай лам хэлдэг. Саяхан Монголд сүр дуулиантай ирээд буцахдаа ч хэлж байна лээ. Мөн дээрхийн гэгээнтэн “Шашин, шинжлэх ухаан хоёр олон зүйл дээр нэгддэг. Хэрэв зээ зөрчилдөх тохиолдол гарвал шинжлэх ухааныг нь дагах нь зөв юм шүү” гэж айлдсан байдаг. Гэтэл бидний монголчууд сүүлийн жилүүдэд, ялангуяа төр засгийн хэмжээнд шашин, мухар сүсэг хоёроо ялгаж салгаж ойлгохоо больсон нь эмгэнэлтэй. Тэртээ тавиад онд Чимид, Ванган нарын “Сэрэлт” гэж кино дэлгэцэнд гарсан нь бий. Тэрхүү бүтээлд шинжлэх ухаан, мухар сүсгийг айхтар нарийн зааглаж харуулсан байдаг. Өвчтэй хүүхнийг нь анагаахын шинжлэх ухаан эдгээж байхад ах лам нь “хойд насандаа хонин гүрвэл болж төрнө” хэмээн мунхруулдаг. Дэргэд нь эмч байсаар байтал Бумаа авгай маарамба руу хадаг өвөртөлж гүйгээд баригдаж байх жишээтэй. Яг үүн шиг олон олон Бумаа монгол төрийн толгойд байна. Тэд шинжлэх ухааныг биш мухар сүсгийг дээдэлж, хадаг өвөртлөн лам хувраг, бөө удган руу гүйлдэж байна. Монголын толгой эрдэмтэн, академичдаар хүрээлүүлэхээс илүүтэйгээр бөөн удган, лам багш нараар хүрээлүүлж улс орныхоо хувь заяаг даатгаж байна. Эрх баригчдад ард түмэн арвангуравдугаар зуунаараа харанхуй бүдүүлэг байх нь амар байх. Гэхдээ ард түмний амьдралд дэндүү хорлонтой байна. Энгийн нэг жишээ хэлэхэд, урд уулаа нүхлээд зам тавьчих дарга олдохгүй бол яах билээ. Бүгд сүсэг бишрэлд хэт авчихвал улс орон хэзээ ч хөгжихгүй. Бид ёс суртахуунтай байх гэж шашинтай байсан. Харин хийморийн сан тавьж, түүндээ итгэн хүний хувь заяа төөргийг өөрчилнө гэх мунхагладаг, мухар сүсгийг дэлгэрүүлсэн энэ олон сүм хийд, шашны байгууллагууд Монголд огтоос хэрэггүй. Шинэчлэгдэж, өөрчлөгдөх цаг нь болсон.

Өнөө “Сэрэлт” гэдэг шиг Монголын төр техник технологи, шинжлэх ухааны эрин зуунд дахин сэрж шинжлэх ухаанжсан нийгмийн төлөө, амьдралын төлөө, шинжлэх ухаанжсан хөгжлийн төлөө гэх уриалгыг Монголын нийгэмд тунхаглаж, шинжлэх ухаанжсан шашны дархлааг бий болгох нь юунаас ч чухал болжээ. Ийм дархлаа төрд бий болбол шинжлэх ухааныг жинхэнэ утгаар нь үлгэрлэн дагуулах сайд маань яалаа гэж шатаж буй хонины ноосон дээгүүр хөл нүцгэн харайлгаж, лам багшийнхаа айлдсанаар булайгаа дэлгэж байх билээ. Яалаа гэж төрийн сайдууд тамгаа гардаад л том том жийпээр лам хуврагуудаа чихэж аваад хөдөө гадаа давхилдах билээ. Ард түмэн ч бөө удганд итгэж, амь амьдрал хувь заяагаа даатгадаг мухар сүсгийн мунхралаасаа ангижирч, шинжлэх ухаанжсан шинэ цагийн иргэд болох хэрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Утаанаас салах гэсэн биш Улаанбаатараас салах болох нь ээ”нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Удахгүй монголчуудын уламжлалт баяр цагаан сар болох гэж байгаа билээ. Цагаан сараар ирсэн гийчдийнхээ гарыг дотоодынхоо үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээр цайлгахад хэдий хэмжээний зардал гарах нь уу гэдэг баримжааг уншигчдадаа өгөх зорилгоор сурвалжлага бэлтгэлээ. Нэг болон 11 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат болон гишүүн Н.Оюундарь нартай хийсэн ярилцлагыг нийтлэн хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болсон алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Утаанаас салах гэсэн биш Улаанбаатараас салах болох нь ээ”нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрэнд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид Хөвсгөл аймгийн гишүүд, сонгогчидтойгоо хийсэн уулзалтын талаар нийтэллээ.

Манай сонин хууль зөрчин Туул голын эргийг хашаалснаас болж иргэд гол дээр очиж чадахгүй болсон тухай цуврал сурвалжлага боэлтгэн уншигчдадаа хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэдгээр хууль зөрчигч иргэд болон компаниудын нэрсийг дэлгэж байна. Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс та бүхэн унших боломжтой.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй хийсэн ярилцлагыг уншиж болох бол тавдугаар нүүрнээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Давосын чуулганд оролцож байх үеэрээ Монголынхоо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг уншиж сонирхоорой.

Энэ сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх танхимд шүүгдэж байсан хүн хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Энэ тухай баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс уншаарай.

Түүнчлэн “Америкийн монголчууд”, “Сав шимийн ертөнц”, “Өд бэх” гэх уламжлалт нүүрүүдээ та амтархан уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц өнөөдөр /01.19/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат зэрэг албаны төлөөллүүд оролцож, хүндэтгэлийн туузыг хайчиллаа.

Тус нарны станцыг дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран байгуулсан бөгөөд жилд 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм.

Энэ нь 20,000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо.

Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай хэвийн ажиллаж байхаар тооцоолсон бөгөөд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн салбарын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой гэв

“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Иньпан, Торгоны замын сангийн Ерөнхийлөгч Ван Янжи нартай уулзаж санал солилцлоо.

Сүүлийн нэг жилийн хугагцаанд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 1,7 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ажилласан талаараа уулзалтын үеэр онцолсон юм. Мөн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү уулзалтын үеэр Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 8 нь төмөр замтай холбоотой бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, эрчимжүүлэх талаар танилцууллаа. Үүний тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал шаардлагатай байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Зам тээврийн яамнаас мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага бий гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Хувийн хэвшилд ажиллагсдын цалин хангамжтай харьцуулахад төрийн албанд өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхгүй байна, үүний улмаас дипломат албанд ажиллах мэргэжлийн, ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах болсон. Үүнээс сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагсдын, ялангуяа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага байгаа аж. Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг оруулж өгчээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны зургадугаар сараас хаахаар төлөвлөж байгаа дөрвөн дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой аж. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй юм байна.

Үүний дараа Ахмад настны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Асуух асуулттай гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй 17 саналаар санал хураалт явуулж байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

Таэквондогийн УАШТ болж байна

Яг одоо Спортын төв ордонд Таэквондогийн насанд хүрэгчдийн 24 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ болж байна. Тэмцээнд Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Булган, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймаг аймгийн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөж байгаа аж.

Энэ сарын 17-ны өдөр Испани улсын “Даедо” компани дэлхий нийтэд Дэлхийн таэквондогийн холбооны тэмцээний дүрмийн өөрчлөлтийг нэвтрүүлсэн цахим шүүлтийн системийн шинэ программыг түгээсэн. Энэхүү цахим шүүлтийн шинэ программыг Монгол Улс бусад улс орнуудаас хамгийн түрүүнд Таэквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-дээ хэрэглэх юм байна.

“Токио 2020” олимпийн наадмын цикл эхэлж байгаатай холбогдуулан 24 дэх УАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт явуулж, үндэсний шигшээ баг бүрдүүлэхээрээ энэ удаагийн тэмцээн онцлог аж.

Монголын таэквондогийн холбооны тамирчид ирэх зургадугаар сард БНСУ-ын Мужу хотноо болох хоёр жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна. Мөн аравдугаар сард Их Британийн Лондон хотноо болох Пара-Таеквондогийн ДАШТ-д оролцохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон байна.

Дээрх хуулийн төсөлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгахаар тусгасан байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, хуулиудыг баталлаа.