Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газрын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн болон төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2017 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулав. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, онцгой байдлын албан хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод нийт удирдлагуудад ажлын амжилт хүслээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2017 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг боловсронгуй болгох, Гамшгаас урьдчилан сэргийлэх үйлажиллагаа, Улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулав.

Салбарын сайд танилцуулгадаа Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 1.3.78.4-д заасны дагуу тус яамнаас одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтыг салгаж, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусган Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэж дурдлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн судалгааны тайланд үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн 40,0 орчим хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй, үржлийн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоо алдагдсан, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх чадавхи хангалтгүй байгаа талаар дүгнэжээ. Баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн мал жилээс жилд цөөрч, улмаар зарим үүлдэр, үржлийн хэсгийн мал устах аюулд хүрчээ.

1926 оноос хойших хугацаанд Монголын нийт мал сүргийн 22,0 орчим хувийг бод мал эзэлдэг байсан бол 2004 оноос хойш огцом буурсаар 2015 онд 13,0 хувьд хүрсэн байна. Үүнтэй уялдаад дотоод, гадаадын зах зээлд эрэлт ихтэй бодын мах, түүний дайвар бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нөөц төдий хэмжээгээр багасч, мах, сүүний импорт өсч, гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгасаар байна. Гаалийн мэдээгээр 2015 онд 45,3 сая долларын, 2016 онд 53,3 сая ам. долларын үнэ бүхий мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Дээрх нөхцөл байдал нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн зарим харилцааны эрх зүйн орчинг тодорхой болгон хуульчлах, шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Монгол мал нь эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүнд дасан зохицож байгалийн шалгарлыг мянга мянган жилээр даван туулж ирсэн, өвөрмөц шинж чанартай, биологийн болон генетик нөөцийн хувьд дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй үндэсний генетик нөөц юм. Иймд малын генетик нөөцийн талаар баримтлаж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдан Монгол Улсын олон улсын гэрээ конвенци, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн малын удмын санг хамгаалахтай холбоотой зохицуулж байсан харилцааны хамрах хүрээг өргөтгөж нэрийг нь өөрчлөн тодорхойлж бие даасан хуулиар зохицуулахаар хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан ажээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ. Түүнчлэн бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, судлан хөгжүүлэх, шинээр үүлдэр, омог бий болгох, нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, харь зүйлийн тархалтаас сэргийлэх, энэ чиглэлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний тогтолцоог тодорхой болгох ажээ.

Уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Ц.Гарамжав нар асуулт асууж, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслийн үг хэллэг ойлгомжгүй, найруулга муутай, гадаад нэршил их орсон гэдгийг анхааруулахын зэрэгцээ монгол малын цөм сүргийн өнөөгийн байдал, шинээр ямар үүлдэр угсаатай малыг гарган авч байгаа болон шинжлэх ухааны байгууллагын оролцоог хэр тусгаж байгаа талаар тодруулж байсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Монгол Улын шилмэл үүлдэр, цөм сүргийн талаар судлагаа хийсэн. Судлагааны эцсийн дүн гараагүй байна. Өнөөгийн байдлаар цөм сүргийн тоо толгой буурсан, улсын гэдэг утгаараа жирийн малчны малаас дор шахуу арчилгаа маллагаатай байгаа. Цөм сүргийн тоо толгойд холио сэлгээ хийсэн явдал байгаа. Яамны зүгээс Малын удмын сангийн үндэсний төвийн байр мөдхөн ашиглалтад орохоор техник технологийг нь суурилуулаад тэнд монгол малын удам угшил, үржлийн асуудлыг зангидан нэгдсэн бодлогоор хангаж ажиллахаар зэхээд байна.

Мөн хуульд монгол малыг уугуул хэлбэрээр хадгалах, гадаадаас тодорхой үүлдэр угсааны малыг оруулж ирэн, тодорхой газар байршуулан өсгөж нутагшуулах, судлах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажиллах тогтолцоог тодорхой болгохоор зорьж ажиллаж байна гэж хариуллаа.

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд хоёр талын хамтран шийдвэрлэх тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хэрэгжүүлж, гадаадын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, захиргааны зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллагын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, жуулчдад ээлтэй хот болгох зорилготой юм.

Цагдаагийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, “Оюутан цагдаа” арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ гадаадын иргэд, жуулчдад аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, яаралтай тусламж авах утас, цагдаагийн байгууллага болон үзвэр үйлчилгээний газар байршлын мэдээллийг гадаад хэл дээр бэлтгэн түгээх ажлыг хамтран зохион байгуулах.

Аялал жуулчлалын бүс, Туул голын эргээр хэв журам сахиулах морь, завьт, машинт эргүүл болон оюутан цагдааг аялал жуулчлал, амралтын улиралд тогтмол ажиллуулах.

Гадаадын иргэд, жуулчдаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэх, жуулчидтай холбогдол бүхий статистик болон бусад мэдээ мэдээлэл солилцох.

Жуулчдад үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагын харуул хамгаалалтын албаны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж байгаа ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Categories
мэдээ улс-төр

“Бурхан халдун” хэмээн нэршихийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 100 хувийн саналаар “Тогтоолыг хэлэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дээрх тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тайлбараар Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтийн хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх асуудал энэхүү тогтоолын хүрээнд орж ирсэн. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог. Өөрөөр хэлбэл, Хэнтийн хаан уулыг бүхэлд нь нэрийг өөрчлөх тухай асуудал биш. Зөвхөн өндөрлөг хэсэг нь хамаарна.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.

ЮНЕСКО-гоос Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Эдгээр асуудалтай холбоотойгоор уугуул нэрийг нь сэргээх асуудлыг Засгийн газраас мэдүүлсэн нь энэ аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Сүхбат “Газар усны нэрийг бид хайрлаагүй, болгоомжтой хандах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хэнтийн нурууг бүхэлд нь Бурхан халдун болгон өөрчлөх нь гэж ойлгож болохгүй. Сая Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга хэллээ. Хэнтийн хаан уул гэх нэрийг оросууд 100 мянган масштабтай газрын зураг гаргахдаа нэрлэсэн. Тиймээс оруулж ирсэн асуудлыг дэмжих ёстой” гэсэн юм.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын өгч буй мэдээллээр 100 мянган масштабтай зурагт багтаагүй, мөн батлагдаагүй газар усны нэр асар их бий аж. Засгийн газар 2018 онд багтаан судалгааг хийж, улмаар 25 мянганы масштабтай зураг гарган, газар нутгийн бүх нэршлийг тодотгох ажлыг хийж гүйцэтгэх зорилт тавьжээ. Тиймээс цаашдаа ч УИХ-д эдгээр асуудлууд орж, ирэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Арбитрын хуулийг эргэж харах шаардлагатай гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Арбитрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон түүнтэй холбогдож өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тайлбараар бол Арбитрын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай, гэхдээ дагалдаж орж ирсэн төслүүдийг энэ хэвээр баталбал Монгол Улс хохирох эрсдэл өндөр гэнэ. Учир нь гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа компанитай холбоотой маргаан гарвал түүнийг нь олон улсын Арбитраар шүүлгэх нөхцөл өндөр болох аж. Учир нь Арбитрын тухай хуульд маргааныг олон улсын болон дотоодын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг.

Жишээ татвал газрын маргаан гарахад үйл ажиллагаа эрхэлдэг компани нь Монголынх бол Захиргааны шүүхээр шийддэг. Харин гадаадад үйл ажиллагаа эрхэлдэг бол компани бол олон улсын Арбитрт хандана. Энэ тохиолдолд Монголын талын хүлээх эрсдэл өндөр гэнэ. Тухайлбал, гадаадын иргэд Монголоос газар эзэмшлээ, маргаан гарвал Олон улсын арбитраар шүүлгэх болоход өмгөөллийн мөнгө гаргахаас эхлээд олон асуудал дагуулах тул дээрх хуулийг энэ хэвээр нь батлах нь эрсдэлтэй байгаа юм” гэлээ.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд “Хан ресурс”-ын маргаанаас болж, 300 сая ам.долларын өрөнд орсон. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы “Марубени”-тай холбоотой асуудлаар Засгийн газар олон улсын Арбитрт дуудагдаж байсан. Монголын тал нөхөн төлбөрт унаагүй боловч өмгөөлөл авахын тулд зардал гаргасан. Тиймээс хуулийн төслийг батлахаас нь өмнө эргэж харах шаардлагатай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс авлигын индексээр өмнөх жилээсээ 15 байраар ухарч 87-р байрт оржээ

Улс орнуудын авлигын индексийг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас зарлалаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нээлттэй нийгэм форум дээр хэвлэлийн хурал хийв. Монгол Улсын хувьд Авлигын индекс нь 2012 онд 36 оноотой, 2013 онд 38, 2014 онд 39, 2015 онд 39 оноотой 72-р байранд орж байсан бол 2016 онд 38 оноотой 87-р байранд эрэмбэлэгджээ. Энэ талаар нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Монголын авлигын индекс ийм доогуур гарсан нь манай улс бүхэлдээ авлигын хямралд орсны баталгаа юм. Ийм авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж, дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож улмаар улсын өрсөлдөх чадвар буурч Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлж байна” гэлээ.

Үүнд нөлөөлж байгаа гол шалтгаануудын нэг нь авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирлууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна.

Цаашид АТГ-ыг улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож шинээр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд алдагдсан итгэлийг авчрах нь нэн чухал асуудал болж байгааг онцоллоо.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо

2017 оны 01-р сарын 21-ний өдөр ХУД-ийн ЗДТГ-аас их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь их цэвэрлэгээний хуваарь гарган хүн хүч, машин механизмаа бүрэн дайчлан ажиллалаа.

НБЦҮХ нь 45 хүн, 3 автомашины бүрэлдэхүүнтэйгээр өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам, явган хүний замыг цэвэрлэн ажиллаж 4 рейсээр 9,5 тонн зам талбайн хог хаягдал ачиж тээвэрлээд байна. ХТҮХ нь 53 хүн, хог тээвэрлэлтийн 15 машины бүрэлдэхүүнтэйгээр орон сууц, гэр хороолол, ААНБ-ын цэвэрлэгээний хог хаягдлын ачиж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэн 3 рейсээр 7 тонн хог хаягдал ачиж тээвэрлээд байна.

Мөн НБЦҮХ болон ХТҮХ-ийн машин техник, хүн хүчээ дайчлан ажиллаж өөрийн хариуцсан зам талбайд буюу Яармагийн зам, Үйлдвэрийн гудамжны зам, Дунд голын зам, Чингисийн өргөн чөлөө, Махатма Гандын гудамж, Хурд хорооллын зам зэрэгт их хэмжээгээр үүсээд байгаа цас, мөсийг арилгахаар төлөвлөн ажиллаж байна. ХТҮХ-ийн мэргэжилтнүүд их цэвэрлэгээний явцад хяналт тавьж ажилласан гэж ХУД-ИЙН ТҮТӨВ ОНӨААТҮГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Томуугийн тархалт буурч, эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ. Харин нийт өвчлөгсдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Хүүхдийн түргэн тусламжийн 1061 дуудлага ирснээс 39.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хамгийн өндөр үзүүлэлтээр нь авч үзвэл, Багануур дүүрэгт 11.6 хувь, Чингэлтэй дүүрэгт8.7 хувь, Сүхбаатар дүүрэгт 8 хувийг тус, тус эзэлж байна.

Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлт үзлэг, утасны зөвлөгөөг сайжруулж, хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаархи зөвлөгөө, өвчтэй хүүхдийн асаргаа сувилгаа зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлуудаа эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас дөрвөн хүний амь аварчээ

Цагдаагийн дэслэгч галын аюулаас дөрвөн хүн аварчээЦагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас дөрвөн хүний амь аварсан сайхан мэдээ байна. Тэрээр 2017 нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч байжээ. Энэ үед гэрт Ц.Найманжингийн дөрвөн хүн байсан аж.

Ингээд тэднийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч,цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өөрийн амь бие үл хайрлан, галын аюулаас аварч, тусламж үзүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Алтай: Д.Трамп терроризмыг уг үндсээр нь устгахын тулд ОХУ-тай харилцаагаа сайжруулна

– Д.ТРАМПЫН БОДЛОГО АНУ БОЛОН ДЭЛХИЙ ДАХИНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ –

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хэрэгжүүлэх бодлогын талаарх судлаачийн ярилцлагыг сонирхуулъя. Энэ удаад ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Дэлхийн бодлого судлалын секторын эрхлэгч доктор, профессор Д.Алтайтай ярилцлаа.


-“АНУ-ыг аугаа болгоно” гэж гарч ирсэн Д.Трампын бодлого тус улсад болоод дэлхий дахинд ямар өөрчлөлт авчрах вэ?

-АНУ-ын энэ удаагийн Ерөнхийлөгчөөр насан туршдаа үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан тэрбумтан сонгогдсоныг дэлхий дахинд мэдэж байгаа. Тэрбээр эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесийг маш амжилттай үргэлжлүүлж их хөрөнгөтөн болж чадсан. Үнэндээ Д.Трампыг БНН-ынхан өөрийнхөө намаас нэр дэвшүүлэх хүсэлгүй байв. Учир нь түүнийг гарч ирнэ гэдэгт итгээгүй юм. Анхан шатны сонгуулиар БНН-аас олон хүн нэр дэвшүүлэхэд Д.Трамп ялалт байгуулаад байсан болохоор арга буюу түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн хэрэг. Цөөн тооны судлаач, ажиглагчид Д.Трампыг ялна гэж үзэж байсан. Харин АНУ-ын CNN, ABC, NBC зэрэг сувгууд Хиллари Клинтоныг ялна гэж мэдээлж байлаа. Эцсийн дүнд Д.Трамп ялалт байгуулсан. Энэ хүн улс төрийн хүрээнд ажиллаж байгаагүй, бизнесмэн гэдэг утгаараа Америкийн улс төрийн амьдрал болоод тус орны хөгжил ирээдүйг өөр хандлагаар харж байгаа.

Америкийн дотоод амьдралд маш олон тулгамдсан асуудлууд байдаг. Тухайлбал, эдийн засаг, татварын бодлого цагаачлалын асуудал, бусад улс орнуудтай байгуулсан худалдааны гэрээ хэлэлцээрүүдийн алдагдал зэргийг шийдвэрлэхэд Д.Трампын дэвшүүлсэн санаа, амлалтууд нь түүнийг ялалт байгуулахад нөлөөлсөн. Мөн АНУ-ын гадаад харилцааны асуудалдаа хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлснээс нь харахад дэлхий дахины, олон улсын харилцаанд нэлээд өөрчлөлт бий болох нь тодорхой байна. Д.Трамп Ойрхи Дорнод болон томоохон их гүрнүүдийн хоорондын харилцаанд өөр өнцгөөр хандаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхий дахины олон улсын харилцааны өнөөгийн байдалд өөрчлөлт гаргахыг хүсч байгаагаа тэрбээр удаа дараа хэлж байсан. Ялангуяа ОХУ-тай таатай харилцаатай байхыг хүсч буй. Мөн дэлхийн номер нэг асуудал болсон терроризмтой тэмцэхэд АНУ нь ОХУ-тай хамтрах бололтой. 2011 оноос хойш үргэлжилж байгаа Ойрхи Дорнодын хямрал, Сирийн дайн, бусад бүс нутгийн зөрчил мөргөлдөөнтэй асуудлуудыг томоохон гүрнүүдийн зайлшгүй оролцоотойгоор хамтарч хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ үүднээс нь аваад үзэхэд Д.Трамп ОХУ-ын удирдлагатай хэл амаа ололцоод тогтоосон харилцаагаа хэвийн болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлж ирсэн. Тиймээс Д.Трампын энэ бодлого дэлхийн III дайн гарч болзошгүй гэсэн айдсыг өөрчилж чадна гэх найдлагыг төрүүлж байгаа юм.

-Ер нь Д.Трамп олон улсын терроризмтой тэмцэж, Исламын улсыг устгах тухай сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэлээд ярьсан байх аа?

-Тэрбээр “Том, жижиг, гэлтгүй бүх улс орон хамтын хүчээр терроризмтой тэмцэх ёстой. Ялангуяа Аль Кайда бүлгийг устгана. Энэ террорист байгууллагуудыг санхүүжүүлдэг эх үүсвэр болох “Хамас”, “Хезболлах” зэрэг бүлэглэлүүдийг Осама бен Ладенг устгасантай адил үгүй хийнэ. Үүний төлөө АНУ тууштай тэмцэнэ, тэгэхдээ ОХУ зэрэг бусад оронтой хамтран тэмцэнэ” гэсэн. Лалын үзлийн хэт даврагчдыг дэврээхгүйн тулд олон улсын бага хурлыг хуралдуулах санаачилгыг гаргана гэж Д.Тармп мэдэгдэж байсан.

-Д.Трамп АНУ-ыг удирдсанаар олон улсын эдийн засаг болоод улс төрийн харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ?

-Д.Трамп гарч ирснээр олон улсын харилцаанд маш их өөрчлөлтүүдийг авчирна. Америкийн төрд эцэг, хүү Бушийн эсвэл Клинтоны гэр бүл ноёрхож байлаа шүү дээ. Тэднээс залхсан Америкийн ард түмэн сонголтоо хийсэн. “Өөр онцгой чадвартай хүн гарч ирлээ” хэмээн түүний хэрэгжүүлэх бодлогод итгэл найдлага тавьж байна. Д.Трамп бол бизнесмэн хүн. Тиймээс худалдаа наймаа, мөнгийг хэрхэн үржүүлж болох ухаан тэр хүнд байгаа шүү дээ.

Д.Трамп АНУ-ыг удирдаж байх хугацаанд тус улс Хятадтай нэлээд түвэгтэй харилцаанд орж магадгүй. Учир нь ам.долларын ханшийг унагахад Хятад валютын манепуляци хийсэн гэж үздэг. Валютын ханш хэлбэлзэхэд Хятад маш сайн тоглож чадаж байгаа юм. Үүнд Д.Трамп бизнесмэн хүн учраас эмзэг хандсан.

Эдийн засгийн хувьд Д.Трамп маш зоримог шийдвэрүүдийг хийхээ амласан. Тухайлбал, гадаадад ашиг олж байгаа Америкийн том, том үйлдвэрүүдээ эх орондоо татахын тулд татварын уян хатан бодлого явуулна. Мөн Америкийн гадаад худалдааны хэлэлцээрүүд ашиггүй байгаа. Тиймээс хойд Америкийн “Чөлөөт худалдааны гэрээ” гэж 1994 онд АНУ, Канад, Мексиктэй байгуулсан гэрээнээс гарна гэдгээ Д.Трамп тодотгосон. Сүүлийн үед Ази, Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах талаар Обама маш их ярьсан. Үүнийг АПЕК-ийн орнууд дэмжиж байсан. Харин Д.Трамп хэрэггүй гэж үзсэн. АНУ олон орнуудтай худалдаа хийдэг. Гэвч эндээс ашиг олж чаддаггүй. Иймд энэ алдагдалтай худалдааг эргэж харна гэж байгаа. Хятадын эдийн засгийн өсөлт саараад байгаа энэ үед Америк тус улстай хийх худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд өөрчлөлт гарч болзошгүй.

-Америкийн Төрийн тэргүүн НАТО-д нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-АНУ-ын гол түнш бол НАТО, Европын холбоо. Ази, Номхон далайн хамгийн гол түнш нь Япон байгаа. НАТО-г санхүүжүүлэхэд АНУ маш их хөрөнгө мөнгө, цэрэг зэвсэг, хангамж өгч байгаа. Д.Трамп НАТО-д маш их мөнгө зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандаж буй.

Мөн тэрбээр НҮБ-ыг юм хийдэггүй улсуудын зугаа цэнгээний газар гэж хүртэл хатуугаар шүүмжилсэн. Харин АНУ-ын үрэлгэн, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа явдалд чанга хяналттай байж, ашиггүй зүйлд санхүүжилт өгөхгүй гэсэн прагматик байр сууринаас хандаж байгаа юм. Бас Солонгост байгаа 30 мянган америк цэргийн зардлыг Солонгосын Засгийн газар гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Д.Трамп бизнесийн хүн байсан болохоор ашиггүй, хэрэггүй зүйлд хэзээ ч хөрөнгө зарахгүй нь ойлгомжтой.

-Тэрбээр Америк дахь хууль бус цагаачдыг эх орноосоо гаргана гэж байсан. Энэ асуудлыг яаж хэрэгжүүлэх бол?

-Америк, Мексикийн хооронд хана байгуулна. Урд зүгээс маш олон цагаач АНУ-д орж ирж байгаа учраас энэ асуудалд өөрчлөлт хийх нь гарцаагүй юм. Өнөөдөр АНУ-д 11 сая хууль бус цагаач амьдардаг гэсэн судалгаа бий. Тэдний тал хувийг ойрын хугацаанд АНУ-аас гаргана гэдэг хатуу бодлогыг Д.Трамп хэрэгжүүлнэ. АНУ-д хэт их цагаач орж ирснээр тус улсын нийгэмд түвэгтэй байдал тулгараад байгаа. Энэ асуудалд Б.Обама өөр бодлого хэрэгжүүлж байсан. Цагаачдын амьдрах эрх олж авах боломжийг нь хөнгөвчлөх арга хэмжээ авсан шүү дээ. Гэтэл Д.Трамп эсрэгээрээ хатуу арга хэмжээ авна. Хэрвээ гадаадын улс орнууд АНУ-д хууль бусаар орогнож буй өөрсдийн иргэдээ буцааж авахаас татгалзах юм бол тэдгээр орнуудын хувьд ч хатуу арга хэмжээ авна гэсэн амлалт өгсөн.

-Тус орны хууль, эрх зүйн бодлого яаж өөрчлөгдөх вэ?

-Д.Трамп энэ асуудалд маш олон шинэлэг зүйлийг ярьж явсан. Жишээлбэл, хар тамхины төрлийн марихуаны бодисыг хууль ёсны болгоно гэсэн. Мансууруулах бодистой тэмцэх бодлого хэтэрхий чанга байснаас хар тамхи хэрэглэдэг хүмүүс нууцаар хэрэглэж, энэ байдал дэлгэрч байна гэж үзсэн. Тиймээс АНУ-д хөнгөн чанарын мансууруулах бодисыг ил болгох, худалдахыг нь зөвшөөрөх юм байна. Холбооны 50 мужийн үзэл бодлоос шалтгаалан худалдаалах зөвшөөрөл олгоно гэж байгаа. Ингэж мансууруулах бодисыг ил худалдаалснаар ашиг олох боломжтой гэдгийг Д.Трамп харсан байгаа юм. Ер нь бол хөнгөн төрлийн хар тамхийг эрүүл мэндийн зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн Европын өндөр хөгжилтэй орнууд байдаг л даа.

Хууль засаглалын хувьд цаазлах ялыг хэвээр үлдээнэ гэж байгаа. Мөн Б.Обамагийн үед хэрэгжүүлсэн “Иргэд буу, галт зэвсэг эзэмших байдлыг хориглоно” гэсэн санаачилгыг Д.Трамп дэмжихгүй. АНУ-ын хуульд иргэн хүн өөрийгөө болон өмч хөрөнгөө хамгаалахын тулд буу хэрэглэж болно гэдэг заалт байдаг. Энэ заалтыг Д.Трамп хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн. Цаазын ялын тухайд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, терроризмтой холбоотой хүмүүст үйлчилнэ. Сүүлийн үед АНУ-ын цагдаа нарыг буудаж амь насанд нь халдах хэрэг их гарч байгаа. Хууль сахиулагчдыг хөнөөсөн гэмт хэрэгтнийг цаазлах нь зөв гэсэн байр суурийг Д.Трамп илэрхийлж буй юм. Мөн энэ хүн АНУ-ыг удирдаж байх хугацаанд шоронгуудыг хувьчлах асуудал хэрэгжиж магадгүй. Харин Куба дахь “Гуантанамо” шоронг хувьчлахгүй. Тэнд террорист хэрэгт холбогдсон хүмүүсийг хатуу аргаар байцаах тул хэвээр байлгана гэж үзсэн. Б.Обама энэ шоронг байхгүй болгоно гэж амлаж байсан ч хэрэгжээгүй. Гэхдээ хүмүүсийг нь нэлээд сулласан тал бий.

-Авлига, албан тушаалтай холбоотой асуудалд ямар байр суурь баримтлах бол?

-Төрд байгаа авлигатай хатуу тэмцэж, хууль цаазыг шударгаар биелүүлэхийг амласан. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хязгааргүй эрх мэдлийг сулруулна гэсэн. Нэр зааж, CNN, NBC, ABC зэрэг Ардчилсан намын нэр дэвшигчдийг шууд дэмжиж байсан хэвлэлүүдийг онцолсон. Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал гэдэг утгаараа биеэ даасан байх ёстойг ярьж байгаа юм. Д.Трампын хамгийн гол санаа нь бизнес, улс төр хоёр хэтэрхий сүлэлдэж болохгүй, бизнес бол бизнесээрээ, улс төр нь улс төрөөрөө байх ёстой гэдэг. Үүнд нэг сонирхол татаж байгаа зүйл нь хэдэн ч удаа сонгогдож болдог АНУ-ын Конгрессын гишүүнд тодорхой хязгаар тавихаа хэлсэн. Мөн төрийн албанд хүнд суртал байна, хэт нүсэр байна гэж үзээд тоог нь цөөрүүлэхээ амлаад байгаа. Гэхдээ шууд цомхотгол явуулахгүй. Харин тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдын оронд шинээр хүн авахгүй байдлаар төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэдгийг заасан. Гэхдээ энэ бодлого батлан хамгаалах, аюулгүй байдал, эрүүл мэнд гээд нийгмийн үйлчилгээний чухал салбаруудад хамаарахгүй юм билээ. Авлигын ёс зүйтэй холбоотой асуудалд Конгрессын болон Америкийн засаг захиргааны өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс төрийн албанаас буусныхаа дараа таван жилийн дотор лобби хийж болох албан тушаалд томилогдох явдлыг хална гэсэн. Дээрээс нь АНУ-ын сонгуульд гадаад орны улс төрчид мөнгө цуглуулж, хандивлахыг хориглоно. Саяын сонгуульд Хиллари Клинтонд ийм явдал тохиолдож байсан. Кувейт, Ойрхи Дорнодын сангууд түүний сонгуулийн зардалд мөнгө хандивласан гэдэг асуудал гарсан шүү дээ. Тиймээс энэ байдлыг болиулна гэсэн. Төрийн албатай холбоотой хэд хэдэн ийм багц бодлогыг хэрэгжүүлнэ.

-Тэгвэл АНУ-ын эдийн засаг ямар болох вэ?

-Уул уурхайн зарим олборлолтыг нэмэгдүүлэх, шинээр зам гүүр байгуулах, зарим ажлын шинэ байр бий болгох зэрэг томоохон ажлуудыг дотоод эдийн засагтаа хийнэ. Ингэснээр Америкийн эдийн засаг сэргэнэ гэж үзсэн. Д.Трамп юуны өмнө татварыг бууруулахаа амласан. Өсөн нэмэгдэх татварын шатлалыг гаргасан байна лээ. Үүн дээр хүн амын орлогын албан татварын жилийн орлого хамгийн дээд талын түвшин 39 мянган ам.доллар байсныг 33 мянган ам.доллар болгож бууруулсан. Хүн амын орлогын албан татварын хувьд жилдээ 29 мянган ам.доллараас доош орлоготой бол татвараас бүрэн чөлөөлөх юм билээ. Жилийн орлого нь 29-59 мянган ам.доллар бол 12 хувь, 59-154 мянган ам.доллар бол 25 хувь, 154 мянган ам.доллараас дээш орлоготой бол 33 хувийн татвар төлнө. Орлого багатай хүмүүсийг дэмжих замаар ийм шатлал явуулж байна. Ер нь бол АНУ-ын эдийн засаг 2008-2009 оны хямралын дараа нэлээд суларсан. Б.Обамагийн үед гадаад өр ихэсч, төсвийн алдагдал нэмэгдсэн. Үндэсний орлого 2016 оны эхний хагаст 2,4 хувь байсан. Гэтэл ХХ зууны сүүлийн 30 жилд үндэсний орлого жил болгон 6,3 хувьтай байж. 2008-2010 оны хямралын жилүүдэд бүр ч сөрөг үзүүлэлттэй байсан юм билээ. Тэгэхээр Америкийн эдийн засаг 2000 он гарснаас хойш уналтын байдалтай байгаа. Тиймээс Д.Трамп Америкийг дахин аугаа болгоё гэдэг зорилт дэвшүүлсэн.

-Д.Трамп нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт шинэлэг өөрчлөлт хийх үү?

-Б.Обамагийн үед хэрэгжиж эхэлсэн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг байхгүй болгоно гэдгээ Д.Трамп хэлсэн. АНУ-д 1965 оноос хойш “Эмнэлгийн туслалцаа үзүүлэх хөтөлбөр” хэрэгжиж ирсэн. Энэ хөтөлбөрөөр Холбооны мужууд харьяаныхаа өндөр настай, эмзэг бүлгийнхэндээ ямар халамж үзүүлэхээ өөрсдөө шийддэг. Үүнийг бол Д.Трамп өөрчлөхгүй юм билээ. Харин эмийн үнийг хөөрөгдүүлдэг компаниудтай нэлээд хатуу тэмцэх бололтой. Эрүүл мэндийн салбар нь эмийн компаниудаас эмийг нь худалдаж аваад даатгалын журмаар иргэдэд олгодог юм байна. Тиймээс Д.Трамп эмийн компаниудын үнэ бүрдүүлэх үйл явцыг ил тод болгоно.

Тэрбээр боловсролын салбарт тун сонирхолтой бодлого хэрэгжүүлнэ. Орлого багатай хүмүүс хүүхдүүдээ ямар сургуульд суралцуулахыг хүсч байна, тэрийг нь дэмжинэ гэж байгаа. Үүний тулд холбооны 20 тэрбум ам.долларын грант хандив бий болгоно гэдгээ амласан. Ядуу боломжгүй айлын ухаантай хүүхдүүдийг дээд сургуульд суралцах боломжийг нээх гэж байна. Мөн Америкийн дээд сургуулиуд бизнес хийж байгааг таслан зогсоохоо мэдэгдсэн.

-Энэ сарын 20-нд Д.Трамп тангаргаа өргөж засаг захиргаагаа байгуулна. Судлаач хүний хувьд та Д.Трампын томилгоог хэрхэн ажиглаж байна вэ?

-Саяын сонгуулиар БНН парламентад олонхи болчихлоо. Тиймээс хоёр танхимдаа тус нам олонхи учраас Засаг захиргаагаа шууд бүрдүүлээд явна. АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай болохоор Төрийн тэргүүн Ерөнхий сайдынхаа үүргийг давхар биелүүлдэг. Ерөнхийлөгчийн мэдлийн сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нараа нэр дэвшүүлсэн байгаа. Тэднийг Конгрессоор батална. Төрийн нарийн бичгийн даргад нэр нь явж байгаа нөхөр бол нефтийн том компанийн захирал. ОХУ-тай нефтийн асуудлаар нэлээд гэрээ хэлэлцээр хийж байсан хүн л дээ. Оросуудтай гэрээ хэлэлцээр хийж чаддаг хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилно гэдэг бол нөгөө талаар оросуудтай хэл амаа ололцоход боломжтой гэдэг байдлаар тавьсан байх. Д.Трампын томилгооноос харахад дандаа төрийн ажилд туршлагатай хүмүүсийг сонгосон байна лээ.

-Бизнесээ хүүдээ өвлүүлсэн гэл үү?

-Д.Трамп анхны хэвлэлийн бага хурлаа өнгөрсөн долооо хоногт хийсэн. Гурван хүүхэдтэйгээ хамт ирсэн байсан. Энэ үеэр өөрийнх нь компани тэр чигтээ хоёр хүүд нь шилжиж байгааг дуулгаад “Би компаниа удирдах ажилд огт оролцохгүй, хүүхдүүд нь зөвлөгөө ч авахгүй” гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн. Энэ хэвлэлийн хурлаар маш олон зүйл ярихаар төлөвлөсөн байсан ч сэтгүүлчид АН-ын сонгуулийн штабыг оросууд хакердсан тухай асуусан юм билээ. Ер нь мань эр хакер ажиллагаа хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Америкийн тагнуулын газрыг Оросоос муу ажиллаж байна гэдэг байдлаар шүүмжилсэн.

-Ингэхэд америкчууд Тэргүүн хатагтайдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Америкт төрөөгүй гэдэг утгаар нь ард түмэн сайнгүй хандлагатай байгаа бололтой. Ер нь Д.Трамп америк хүнтэй гэрлэж байгаагүй. Том гурван хүүхдийнх нь эхнэр чех гаралтай байсан. Дараагийн эхнэр нь бас л гадаадын иргэн. Харин одоогийн эхнэр нь словен гаралтай юм билээ. Тэрбээр Европт төрсөн АНУ-ын анхны Тэргүүн хатагтай гэдгээрээ түүхэнд бичигдэж байна.