Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Улаанбаатарын утааг бууруулах талаар Засгийн газарт чиглэл өглөө

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд агаарын бохирдлын эсрэг ажиллаж байгаа албан байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн.

ДЭМБ-аас агаарын чанар муутай 50 хотыг нэрлэхэд 47 дугаарт Улаанбаатар хот орсон гэнэ. Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах 14 автомат станц байдаг бөгөөд агаарын бохирдлыг өдөр бүр хэмждэг аж.

Улаанбаатар хот уулсын дунд байрладаг тул салхи бага салхилдаг онцлогтой. Үүнээс болоод агаарын бохирдол үүсгэгч бодисууд агаарт тунаж үлддэг аж. Хотын нэг жилийн нүүрсний хэрэглээний 85 хувийг хэрэглэж байгаа цахилгаан станцуудын утаа хоруу чанар багатай байдаг нь өндөр яндантай холбоотой юм байна. Станцаас гарч буй утаа газарт ялгаруулж байгаа нийт бохирдлын 6 хувийг эзэлдэг. Байнгын хорооны гишүүд ийнхүү асууж холбогдох албаныхан хариуллаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Шөний тариф тэг болсноор агаарын бохирдол хэдий хэмжээгээр буурах вэ? Бид нүүрсний хэрэглээгүй болж байж утаагүй болох юм биш үү? Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахын тулд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ?

Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж:

-Шөнийн цахилгааны тарифыг тэг болгосноос утааны хэдэн хувь багасах вэ гэдэг дээр хариулах төвөгтэй байна. Одоогийн байдлаар техникийн боломж нь нэг айл 2 кВт хүртэл чадалтай цахилгаанаар халаах хэрэгсэл тавих боломжтой байгаа. Нийтдээ 146 мянган өрх цахилгааны гэрээтэй байдаг. Үүний 110 мянга нь өдөр шөнийн тарифт тоолууртай. Үлдсэн хэсэг нь тоолуургүй. Тиймээс тэдэнд тоолуур тавих шаардлага тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Агаарын бохирдолтой тэмцэх асуудал үе шаттай хэрэгжих байх. Тэгвэл өнөөдрийн түвшинд ямар арга хэмжээ авах вэ? Хоёрдугаарт, ойрын 3-4 жил шат дараатай ямар ажил хийх вэ? Аймгийн төвүүдийн цахилгааны шөнийн тарифыг мөн тэглэсэн үү?

ХБОБНУГ-ын даргаД.Даваасамба:

-Агаарын болхирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдсан. Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр байдаггүй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар үндэсний хөтөлбөр боловсруулахаар болсон. Яг өнөөдрийн тухайд 198 мянган гэр хорооллын айл өрх байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагуудтай ярилцаад гэр хорооллын тоог нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтална. Үүнээс гадна шахмал түлш, боловсруулсан түлшийг гэр хороололд хямд өртгөөр нийлүүлэх талын бодлого баримтална. Дунд хугацаанд айл өрхийг цахилгаанаар халаана. Холын зорилт бол айл өрхийг хийн түлшээр халаах зорилготой байгаа. Аймгуудын цахилгааны тарифт өөрчлөлт ороогүй. Эхний ээлжинд агаарын бохирдол ихтэй байгаа нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэг болгосон гэлээ. “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгах саналаа гишүүд хэлж, тогтоолын төслөө баталлаа.

Categories
гадаад мэдээ

Истанбулд аймшигт халдлага үйлдсэн этгээдийн гэрэл зургийг олонд дэлгэжээ

Туркийн цагдаагийн газраас Истанбулын аймшигт халдлагыг үйлдсэн гэмт этгээдийн гэрэл зургийг олонд дэлгэлээ. Исламын улс бүлэглэлийн үйлдсэн гэгдэх энэ хэргийн улмаас 39 хүн нас барж, хэдэн арван хүн гэмтэж, бэртсэн. Хар үстэй, залуухан эрийн зургийг цагдаагийнхан хяналтын камераар бичигдсэн дүрснээс авсан байна. Мөн хууль хяналтынхан энэ хэрэгт нэг бус найман хүнийг холбоотой гэж сэжиглэж буй. Гэхдээ хүмүүс рүү гал нээсэн этгээд ганцаараа байсан юм.

Орон нутгийн цагаар шөнийн нэг цагт Истанбулын шөнийн цэнгээний газарт гал нээсэн этгээдийг цагдаагийнхан одоо хэр нь хайж байгаа аж.

Тус улсын төв телевиз Хабертурк гэмт этгээдийн гэрэл зургийг олонд дэлгэсэн. Түүнчлэн цагдаагийнхан гэмт хэрэг болсон шөнийн цэнгээний газрын ойролцоо хяналт тавьж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөнө. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болсон. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан юм.

Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж өргөн хүрээг хамарсан. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор хуульд тусгасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах зэрэг бүх зохицуулалтыг тодорхой болгосон өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Орон байрны гал түймэр нэмэгджээ

Идэр ёсийн хүйтэн тачигнаж, шөнөдөө 30 градусаас хол даван хүйтний эрч чангарч буй энэ үед орон байрны гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна.

Өнгөрсөн 3 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 30 удаа орон байрны гал түймрийн хэрэг гарчээ. Энэ нь хүйтний улирал ирж галлагаа ихссэнтэй холбоотой аж. Иргэд гэртээ гал түлээд эзэнгүй орхих, бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй гэрт нь цоожилж үлдээх, цахилгааны монтаж хуучирч муудсаны улмаас ачааллаа даахгүй зэрэг шалтгаанаар гал алдаж байна хэмээн аймгийн ОБГ-ын мэргэжилтэн Р.Дэлгэрдалай мэдээллээ. Мөн сүүлийн үед иргэд өглөөд машинаа асаах зорилгоор доогуур нь гал түлж орхисноос гал алдаж байгаа аж.

Иймээс иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байж, ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг аймгийн ОБГ-аас сануулж байна. Түүнчлэн иргэд пийшин зуухныхаа эвдрэл гэмтлийг засварлах, хэт галлаж орхиж явахгүй байх. Цахилгаан хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхихгүй байхыг аймгийн ОБГ-аас онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Нийтийн сонсголыг “амь оруулах” цаг болсон

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хууль, тогтоолын төслийг гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан УИХ, байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох талаар заажээ. УИХ-аас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарсан байна. Иймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ, байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан байна. Харин “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах” тухай Улсын Их Хурлын тогтооолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох, уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан:

-Нийтийн сонсголын тухай энэ товчхон хуулийг ”амь оруулах” цаг нь болсон. Гэхдээ юм болгоноор нийтийн сонсгол хийнэ татаж аваад байж таарахгүй. Иймээс ажлын хэсэг гаргаж Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журмын төслийг нухацтай хэлэлцэж батлах нь зүйтэй хэмээлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжсэн юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 6-8-нд болно

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 6-8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Риогоос Токиогийн олимпийн цикль дэх чөлөөт бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгоход энэ тэмцээн чамгүй их нөлөө үзүүлэх нь мэдээж.

Уншигч та бүхэнд сайхан мэдээ дуулгахад олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгийн бэртэл эдгэрч, УАШТ-д оролцохоор болжээ. Олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг олон удаа дуурсгаж яваа гавьяат маань Риогийн олимпод оролцож байхдаа бэртсэн юм.

ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д зодоглох бол Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, ОУХМ Ж.Чулуунбат нар өнжихөөр болжээ.

Мөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа тул УАШТ-д зодоглож амжихгүй нь.

Уншигч та бүхэн УАШТ-ий хөтөлбөрийг сонирхоно уу.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрт яваа адууг буудаж унагаан, хулгайлдаг бүлэглэлийг баривчилжээ

Бэлчээрт идээшилж яваа адууг буудаж алаад хулгайлдаг байсан бүлэглэлийг Төв аймгийн Цагдаагийн алба хаагчид илрүүлж, баривчиллаа.

Сэжигтэн этгээдүүд ихэвчлэн шөнийн цагаарадууг буудаж унагаан, тусгай тоноглосон машинаар ачиж явдаг байсан аж.

Үүнээс гадна дээрх сэжигтнүүд болох О, Б, Г нар өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс нийт 12 удаагийн үйлдлээр 40 гаруй адуу, нэг үхэр буудаж унагаан хулгайлсныг нь мөрдөн байцаалтын явцад илрүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп Ким Жон Ун-д хатуухан хариу барьжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун он солигдох мөчид хэлсэн баярын мэндчилгээндээ АНУ-ыг хүрэх хэмжээний тусгалтай тив алгассан баллистик пуужингийн туршилт нь эцсийн шатандаа явж байгаа гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл даваа гаригт үүнийг үгүйсгэж АНУ-ын шинээр сонгогдоод буй Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэжээ.

Тэрбээр хэлэхдээ,”Ким Жон Ун АНУ-ын газар нутагт хүрэхээр пуужин туршина гэж хэлсэн. Гэхдээ тийм юм болохгүй” гэж жиргэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цастай, шуургатай өдрүүд айсуй

Энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 6-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3 дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Төлбөрийн баримтаа амжиж бүртгүүлээрэй

“Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4.6 -д зааснаар Албан татвар төлөгч тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын эхний 5 өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

Иймд албан татвар төлөгч иргэд төлбөрийн баримтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын 6-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлнэ үү.