Categories
мэдээ спорт

Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх долоо хоногт болно

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх долоо дахь тулаан арванхоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Калифорни мужид болно. Мексикийн боксчин Герман Меразтай оноолт таарсан бөгөөд түүний Мераз одоо 30 настай, нийтдээ 95 тулаан хийснээс 55 ялж, 39 ялагдан, нэг тэнцэж байжээ. Манай тамирчин Н.Төгсцогтын хувьд 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн рингэнд анх гарснаасаа хойш зургаан тулаан хийж, бүх өрсөлдөгчөө нокаутаар ялж байсан билээ. Энэ удаагийн тулааны тасалбар 60-80 ам.долларын үнэтэй. 65 болон 80 ам.долларын тасалбар зарагдаж дуусчээ.

Categories
мэдээ нийгэм

Йогийн гүн ухааныг биет бус соёлын өвөөр бүртгэжээ

ЛОНДОН./BBC/. Энэтхэгийн йогийн гүн ухааныг дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад оруулах тухай шийдвэрийг ЮНЕСКО гаргалаа.

Үүнтэй холбогдуулан тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “йог үйлдэх практик нь бус харин түүний цаана оршиж буй гүн ухаан нь анагаах ухаан, боловсрол, урлагийн талаар Энэтхэгийн нийгэмд ихээхэн нөлөө үзүүлсэн” гэж онцлон дурджээ.

“Хүмүүс өөрсдийгөө танин мэдрэхэд туслах, тэдэнд учирсан зовлон шаналлыг нимгэлэх, эрх чөлөөт байдлыг олж авахад нь хүмүүст туслах зорилгоор анх үүссэн йогийг хүмүүс нас хүйс, нийгмийн анги давхарга, шашин шүтлэгээс үл хамааран хийдэг” гэж ЮНЕСКО үнэлжээ.

Энэтхэгийн йогоос гадна Бельгийн шар айрагны соёл, Газар Дундын тэнгисийн хоол, Бээжин дуурь, перучуудын хутгатай бүжгийг дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэн авсан байна. Энэ талаарх шийдвэрийг Этиоп улсын нийслэл Аддис-Абиба хотод болсон ЮНЕСКО-гийн ээлжит бага хурлын үеэр гаргажээ.

Биет бус өвийн жагсаалтыг 10 жилийн өмнө гаргасан юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар чуулганы хуралдаанд танилцуулга хийнэ. Үдээс өмнөх хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээс гадна Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Чуулганы хуралдааны өмнө Хууль зүй, Төрийн байгуулалт, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдаж, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн, чуулганы хуралдаан руу оруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагнав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нэр бүхий иргэдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн П.Гэрэлтуяа, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Ганбаатар, ажилтан Н.Эрдэнэтөгс нарыг нийслэлийн “Жуух бичиг”-ээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн захиргааны байгууллагаас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион явуулсан. Мөн энэ сарын 1-ний өдөр Монголын хүүхдийн ордонд “Бид хамтдаа чадна” уриатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах өдөрлөг зохион байгууллаа. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлыг нь шийдвэрлэх, тэдний дуу хоолойг төрийн байгууллагын бодлого шийдвэрт тусгаж ажиллах болно” хэмээлээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Ганбаатар “Монголын хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа тэргэнцэртэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө манай холбоо 10 гаруй жил ажиллажээ. Энэ олон жил ажилласныг минь үнэлж нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагнаж байгаад баяртай байна. Бидэнд нийтийн тээврээр зорчих болон дэд бүтцийн асуудал хамгийн чухал шийдвэрлүүлэх асуудал байдаг” хэмээлээ.

Б.ГЭРЭЛniislel

niislel

Categories
мэдээ нийгэм

“Ногоон навчнуудад” зам тавьж өгөөрэй

Өвлийн улирал ирж, хальтиргаа гулгаа нэмэгдэн, эрт харанхуй болж байгаа энэ үед зам тээврийн ослоос бяцхан хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх зорилгоор Жем интернэшнл ХХК Хужирт брэндийн 1 төгрөгний аяны хүрээнд “Ногоон навч” төслийг санаачилж, ХУД-ийн ЗЦГ-тай хамтран 9000 хүүхдэд цацруулагчтай цүнхний углааг Яармагийн 41 – р сургуульд гардуулснаар дууслаа.

“Ногоон навчнуудад зам таьж өгөөрэй” уриан дор хэрэгжиж байгаа энэхүү нийгмийн хариуцлага бүхий төслөө, хүүхдий сайн сайхны төлөө жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Хужирт усны нэг төгрөгний аяны” хүрээнд санхүүжүүлж байгаа бөгөөд ХУД-т байрлах Ерөнхий Боловсролын 18 сургуулийн 1- 3 р ангийн 9000 багачуудыг хамруулсан байна. Энэхүү аяныг нийгэмд идэвхтэй олны танил олон хүмүүс дэмжин “ногоон навч”ийг түгээлцэж, уриалгыг нь дэмжиж байгаа юм.

Энэхүү аянд Хужирт усыг хэрэглээндээ сонгосон хүн бүрийн оролцоо байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид Хужирт брэндээрээ дамжуулан монгол хүн бүр эрүүл байхыг үнэт зүйлээ болгон ажилладаг. Мөн нийгмийн өмнө, тэр дундаа хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай байж, тэднийг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулахыг үргэлж хичээсээр ирсэн. Энэ удаа дээрх 9000 цацруулагчтай цүнхний углаагаар дамжуулан нийт эцэг эхчүүд болоод жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож “ ногоон навчнуудад зам тавьж өгөөрэй” гэж уриалж байна.

Мөн уг төслийн хүрээнд ЗЦГ- ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК- тай харилцан санамж бичиг үйлдэж хамтран ажилласан бөгөөд авто ослоос урьдчилан сэргийлэх яриа, таниулгыг хүүхдүүдийн дунд өрнүүлсэн байна.

Хан Уул Дүүргийн – Замын Цагдаагийн Газар

Бага насны хүүхдүүдийн замын осол аваарт өртөх аюул ихэсдэг энэ үед хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч, жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг уриалж байгаа энэ ажил нь гарч болзошгүй автозамын ослоос урьдчилан сэргийлэх маш чухал үүрэгтэй юм. Аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх нь аюул гарсан хойно арга хэмжээ авсанаас илүү үр дүнтэй гэдгийг нийгмээрээ ойлгох хэрэгтэй. Жем интернэшнл ХХК-ийн хувьд тэр дундаа бизнесийн байгууллага төрийн байгууллагатай нийгмийн хариуцлагын хүрээнд албан ёсоор хамтран, нэг зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаад талархаж, цаашдаа ч хамтран ажиллахад нээлттэй гэдгийг хэлье.

Тус компани нь Хужирт 1 төгрөгний аяныхаа хүрээнд өмнө нь хүнд өвчтэй хүүхдийн эмчилгээний төлбөрийг даах, Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуулийн засвар тохижилт хийх, тусгай анги танхим төрөлжүүлэн байгуулах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлж байжээ. Мөн 2015 онд “Хүүхдийн бүтээлч санааг дэмжинэ” агуулгын хүрээнд өрнөсөн 1 төгрөгний аянаар Эко хүү Буянхишигийн санаачилсан жижиг модон гүүрийг барьж, булгийн эхийг цэвэрлэн, мод тарьсан нь бага гэлтгүй хүүхдийн санаж сэдэж байгаа бүтээлч сэтгэлийг урамшуулж, бодит ажил болж болдог гэдгийг баталсан эерэг үр дүнг нийгэмд түгээсэн байдаг.

Categories
гадаад мэдээ

Пентагоныг тэргүүлэх эрхэм тодров

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өчигдөр Охайо мужийн иргэдтэй уулзах үеэрээ ирэх дөрвөн жил АНУ-ын Батлан хамгаалах яамны сайдаар Жеймс Меттисийг томилохоор шийдсэн тухайгаа мэдэгдлээ.

Меттис өмнө нь Иракийн дайнд оролцож байсан бөгөөд генерал цолтой юм.

Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч Обамагийн Ойрхи Дорнодод явуулж буй цэргийн ажиллагаа “тун тааруухан” хэмээн шүүмжилж байжээ. Трамп шинэхэн сайдынхаа талаар “Тэр бол хамгийн шилдэг нь” гэж тодорхойлов.

Меттис “Ойрхи Дорнодод тогтвортой байдал, амар амгаланг тогтоох нь цорын ганц хүсэл юм. Урт хугацааны аюул заналхийлэл тун удахгүй зогсох болно” гэж хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн болгоныг дууддаг, хорьж цагддаг боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ хаалттай хуралдах шаардлага тулгарсаныг УИХ-ын даргад уламжлав.

Тэрбээр “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн болгоныг дууддаг, хорьж цагддаг боллоо. Одоо Алтанхуяг даргын асуудал, АТГ-т өдөр болгон дууддаг. Энэ юунаас болоод байна вэ? 65 суудалтай эрх баригч нам үүнийг хийгээгүй байх гэж бодож байна. Хүний эрхийг хамгаалах байх гэж найдаж байна. Нэг бол хэдэн арваар нь ажлаас халдаг. Нөгөө бол Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ баривчилдаг, хорьдог, дарамталдаг явдал хэрээс хэтэрлээ. Н.Энхбаярыг найман жил бүлэглэлүүд дарсан. Одоо Алтанхуяг руу орлоо. Тиймээс УИХ энэ эмх замбараагүй баривчилгаа, дарамт шахалт, хууль хяналтын байгууллагын дураараа дургилтыг таслан зогсоох чиглэлээр хаалттай хуралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна” гэв.

Мөн тэрбээр орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсан сумдын удирдлагуудыг томилохыг шаардав. Ж.Батзандан “Сүхбаатар аймагт АН ялчихаад байгаа. Өнөөдрийг хүртэл Засаг дарга Ж.Батсуурийг томилохгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад би үнэхээр дургүй. Гэхдээ Баянзүрхэд АН ялсан. Ялсан учраас Батзандан дуртай байна уу, дургүй байна уу хамаагүй томилох ёстой. АН-ын ялсан 50 гаруй суманд Засаг даргыг томилохгүй байна. Үүнийг нэг тийш нь болгомоор байна, МАН-ынхан. Хэн нэгэн дуртай дургүйгээр асуудалд хандахаа больё. Зарчмаа, хуулиа барья” хэмээн асуудлыг шийдэхийг эрх баригчдаас хүсэв.

Categories
мэдээ нийгэм

С.Сүхбаатар: Би хүүгээ танихгүй байна

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах ОХУ-ын дипломат албаны ажилтанд зодуулсан хэрэгтэй холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд С.Амармандахын аав С.Сүхбаатар, өмгөөлөгч Батбаяр, “Хар сарнай” хамтлагийн гишүүн Маадай, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн нар хүрэлцэн ирлээ. С.Амармандахын аавын хувьд тун хүнд байдалтай байсан юм.

Нийслэлийн тодорхой удирдлагуудын санаачилсан “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээ болсон Хан-Уул дүүргийн “ONE EVENT” концерт зааланд болсон. Тэрхүү үйл ажиллагаанд дуулаад гарч явах үед нь нэгэн балмад этгээд төмрөөр ар шил рүү цохиж унагаан ухаан алдтал нь цохиж балбасан хэрэг гарсан юм. Уг хэргийг хийсэн нэг тодорхой хүн байгаа. Тэрбээр өөрөө очиж мэдүүлэг өгсөн. Энэ хэргийг шалгаж байгаа. Монголчууд маань зөв зүйтэй хандаач гэж хүсмээр байна. Хэргийг холбогдох хүмүүс шалгаж байгаа болохоор Монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна” гэж ар гэрийнхэн нь хэлж байна.

Түүний аав С.Сүхбаатар “Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү, Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ 10 хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Одооноос харин эмч нарын гавьяагаар одоо хүүтэйгээ танилцаж байгаа. Балбаж нүдэж хүүг минь зодсон. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ. Мөн хас тэмдгийг маш буруугаар ойлгуулж байна.

Өнөөдөр би Монголын хээ угалз гэсэн ном авчирлаа. Энэ газар шороог халуун амиараа хамгаалсан хүмүүс Монгол Улсыг хасу тамгаараа тамгалж байсан. Энэ гайхамшиг түмэн наст хээг Монголчууд дээдлэн мөнхөлсөн. Зөвхөн нэг номон дээр л энэ тухай байгаа. Өнөөдөр Монголын үнэмлэх дээрээ Монгол Улсын иргэн гэж бичүүлсэн. Энэ хүн өнөөдөр хохирогч. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон.

Хүү маань оёдлоо авхуулж байгаа. Харин цаанаа тархиндаа нөж хурчихсан. Гэтэл Монголчууд энэ тархиараа бид дэлхийд гайхуулж байгаа. Гэтэл нэгэн Монгол Улсын иргэн ингээд хохирчихлоо. Надад хэлэх үг олдохгүй байна. Хосгүй авьяастанг Монголын газар шороон дээр гишгэх газаргүй болгочих вий л гэж хэлмээр байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөгүйдсэн арилжааны банкууд ипотекийн зээлийг зогсоожээ

Ипотекийн зээлийг монголбанк хариуцан явуулахаа больж арилжааны банкуудаар олгохоор болсон билээ. Гэтэл арилжааны банкууд найман хувийн зээлийн хүсэлтийг хүлээж авахгүй байгаа юм байна. Хаан банк гэхэд хэзээ дахин ипотекийн зээлийн хүсэлтийг авч эхлэх нь тодорхойгүй байна. Мөн өмнөх жилүүдийг бодоход найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй буурчихсан байгаа учраас цаг хугацаа, нөхцөл байдалд нь тохируулаад ийм зохицуулалт хийсэн гэж мэдээллээ. Харин Ипотекийн зээлд хамрагдах бичиг баримтаа 9, 10 дугаар сараас өмнө өгчихсөн иргэдийн зээлийг шийдвэрлэж өгөх юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын кино наадамд жүжигчин А.Мөнгөнзул хүндэт зочиноор уригджээ

Энэтхэг улсдаа хамгийн том,нэр хүндтэй “IFFI GOA” олон улсын кино наадамд Монголын уран бүтээлч хүндтэй зочиноор уригдан оролцсон байна. Тодруулбал, Ази даяар зохион байгууллагддаг хамгийн том нэр хүндтэй энэхүү кино наадамд “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын жүжигчин А.Мөнгөнзул хүндэт зочиноор уригдан оролцжээ. “ДОЗ плас” энтертайнментын “Элэг нэгтэн” кино ээлжит кино наадамд оролцоод иржээ. Тус киноны хувьд олон улсын хэд хэдэн кино наадамд оролцож байсныг уншигчид санаж буй биз ээ.

Тус наадам нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд 6000 зочид төлөөлөгчид оролцсон байна. Мөн энэхүү наадам нь хамгийн өндөр шагналын сантай гэдгээрээ бусад наадмаасаа ялгардаг аж. Дашрамд сонирхуулахад, “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын бүтээл найруулагч ,жүжигчин Ш.Доржсүрэнгийн “ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны кино Мумбай хотын Олон Улсын кино наадамд өрсөлдөж байгаа бөгөөд эцсийн шалгаруулалт энэ сарын эхээр болох аж. Одоогийн байдлаар эцсийн шалгаруулалтанд 7 кино шалгарч үлдээд байгаа бөгөөд түүний нэг нь “ЭЛЭГ НЭГТЭН” кино. Тун удахгүй Болливүдийн улаан хивс нь дээр Монголын уран бүтээлчид алхах нь тодорхой болжээ.