УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Гишүүдийн 79.6 хувийн дэмжлэг хүлээн батлагдлаа. Уг тогтоол батлагдсанаар Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр үе шаттай нэмэгдүүлэх боломжтой болсон байна. Мөн Монгол Улсын Хөгжлийн банк, Засгийн газар хооронд улсын төвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагыг харилцан суутгах замаар шийдвэрлэж, зохистой харилцааны төвшинг сайжруулах болж байгаа аж. Уг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хөгжлийн банкны санхүүгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, цаашид шинээр эх үүсвэр татан төвлөрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэх юм байна. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлжээ.
Month: December 2016
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор СХД-ийн 2 дугаар хорооны өндөр настан Б.Чулуунбаатар, “АЗЗҮ” ХХК-ийн хяналтын багийн ахлах инженер Л.Батжаргал, НМХГ-ын улсын ахлах байцаагч Ц.Хорлообаатар нарын 19 хүн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор “Монгол хурандаа” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Баярсайхан, СХД-ийн 27-р хорооны иргэн Ц.Ганболд нарын 3 хүн, Алтан гадас одонгоор “Сүлжээ” ХХК-ийн нягтлан бодогч Э.Алдарзаяа, Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтэн Г.Алтанцэцэг, “Солана” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын 77 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар НЭМГ-ын хэлтсийн дарга С.Ариунтуяа, Нийслэлийн татварын газрын үйлчлэгч Ш.Батсүрэн, “Бүрэнсүх” ХХК-ийн захирал Б.Галцэцэг нарын 54 хүнийг тус тус шагнасан байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуй Төрийн дээд одон медалиар шагнагдсан нийт хүмүүст баяр хүргээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар та бүхэн шагнагдлаа. Та бүхний хүрсэн энэ амжилт нийслэл хот, цаашлаад Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй их хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна. Цаашид хийж бүтээснээсээ илүү ихийг эх орондоо, ард түмэндээ зориулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Голомт банк нь олон нийтэд хуримтлалын ач тусыг ойлгуулах, сурталчлах зорилгоор хэвлэмэл сонин сэтгүүл болон цахим хуудсын сэтгүүлчдийн дунд “Үндэсний хуримтлал” шилдэг нийтлэлийн уралдааныг зарласан. Энэхүү уралдаанд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Засгийн газрын мэдээ”, “Ардчилал”, “Монголын үнэн”, “Улстөрийн тойм” зэрэг өдөр тутмын сонин хэвлэл болон www.wikimon.mn, www.zaluu.com, www.mnb.mn зэрэг сайтын нийт 21 сэтгүүлчийн 28 бүтээл иржээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг санаа, бүтээлч байдал, практик ач холбогдол, судлагдсан байдал, бичлэгийн ур чадвар зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн Голомт банкны эдийн засагчид болон МСНЭ-ийн төлөөлөл хамтран шалгаруулсан байна.
Уралдааны ялагчаар www.dorgio.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа “Үндэсний баялгийг бүтээсэн нь” нийтлэлээрээ тэргүүлж батламж, гурваан сая төгрөгийн шагналыг гардан авсан. Харин “Өдрийн сонин”-ы нийгэм, эдийн засаг, танин мэдэхүй, мэдээллийн албаны сэтгүүлч Ц.Баасансүрэн “Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил” нийтлэлээрээ дэд байрт шалгарч хоёр сая төгрөг, батламжийн эзэн болсон бол гутгаар байрт “Нийслэл guide” сэтгүүлийн ерөнхий редактор Ж.Баярхүү “Хуримтлалаараа үүргэвчтэй аялах уу?” нийтлэлээрээ нэг сая төгрөгийн шагналын эзэн боллоо.
Дашрамд дурьдахад, Голомт банк нь Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдсэн нийт 45.000 гаруй харилцагчиддаа Монголын банк санхүүгийн салбарын хамгийн өндөр өгөөж болох 20 хувийн урамшууллыг олгож байгаа вм байна.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 45 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газраас зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэсэн талаар танилцуулав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах горимын санал гаргасан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд тус горимын саналыг дэмжсэнээр үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын тогтоолын төслийг батлав
“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав.
Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн байсангүй. Ингэснээр зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж дууссаны дараа Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 76.9 хувийн саналаар дэмжсэнээр “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдан, эцсийн найруулгыг сонссон юм.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа
Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.
Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хамтран Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийх явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаар явуулж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан байна.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дэмжсэн горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаан оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 64.8 хувь нь дэмжив. Ингэснээр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 81.1 хувийн саналаар хуулийн төслийг батлахыг дэмжлээ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсон тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын эцсийн найруулгыг сонссоноор 2016 оны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаа өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ө.Энхтөрийг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис өөр албанд томилогдож байгаа учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ө.Энхтөрийг томилсон байна.
Ө.Энхтөр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын дарга, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан юм.
Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн МУГЖ, дуучин М.Долгор монголын урлагт 70 жил зүтгэхдээ 60 жилд нь зөвхөн хүүхдийн дуу дуулжээ. “Маамуу нааш ир” дуунаас эхлээд хүүхэд бүрийн дуулах дуртай дуунуудыг хүүхдийн хоолой, хүүхдийн сэтгэлгээгээр одоо ч дуулсаар яваа түүнд өнөөдөр хотын дарга С.Батболд орон сууцны түлхүүр гардуулан өглөө.
Дүн өвлийн хүйтнээр тохилог сайхан байртай болсондоо баяртай байгаагаа МУГЖ М.Долгор хэллээ. Тэрээр “Би Чингэлтэй дүүрэгт үр хүүхэд, ач зээ нартайгаа олуулаа амьдардаг. Монголын урлагт 70 жил зүтгэснийг минь үнэлж, байр өгсөнд хотын даргад маш их баярлаж байна. Хэдий нас минь өндөр гарсан ч цаашид уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ бэлэг барьсаар байх болно.” Хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст шагнал гардуулах ёслол өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт боллоо. Боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн одон, медаль гардуулж цаашид улам ихийг хийж бүтээхийг ерөөсөн сайхан үйл явдал болсон юм. Хэвлэл мэдээлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд энэ үеэр шагнал гардуулсан. Монгол Улсын өдөр тутмын төв хэвлэл “Өдрийн сонин”-ы Орлогч эрхлэгч Ж.Сандагдорж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Эрэн сурвалжлах тоймчдын албаны дарга, сэтгүүлч Д.Мөнгөндалай, Дизайн, компьютерийн албаны дарга Я.Баярбаатар нар Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан нь “Өдрийн сонин” болон www.admin.dnn.mn сайтын хамт олны хувьд том баяр болж байна.
Монголын Үндэсний хэмжээний төв хэвлэл “Өдрийн сонин”-д нийгмийн түүчээ, оюуны санааны чиглүүлэгч болсон олон шилдэг нийтлэлч, тоймч, сэтгүүлчид ажилладаг. Энэ хүмүүсийн бичсэн нийтлэл өдөр бүр Монголын нийгэм, хэвлэл мэдээллийн салбарт шуугиан дэгдээж, асуудал дэвшүүлж олон улсын хэмжээнд “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн нийтлэл, мэдээллийг эх сурвалж болгон хүн төрөлхтний тольт мэлмийд хүргэдэг билээ. Түүнчлэн манай сонины нийтлэл, сурвалжлагын мөрөөр нийгэмд чиглэсэн олон арга хэмжээ, аян, хөтөлбөр хэрэгжиж үр дүнд хүрдгийг манай олон мянган уншигчид андахгүй.
2016 онд “Өдрийн сонин” Монголын хэвлэл мэдээллийн салбарын Гран При буюу Шилдгийн шилдэг шагналыг гардсан юм.
Д.ГАНСАРУУЛ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана. Атрын III аяныг үргэлжлүүлнэ” гэж тусгасан.
Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулах бөгөөд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болно гэж Хүнс, хөдөө аж ахуйн яам тооцоолж байна.
“Мах, сүүний анхдугаар аян”-ыг үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ.
70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэр хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өнөөдөр 2016 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тус байгууллагын 2016 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажилласныг үнэлсэн байна. 2016 оны “Тэргүүний газар”-аар нийслэлийн Онцгой байдлын газрыг шалгаруулж, шагналыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар гардуулжээ.
Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл, гэр байшингийн галлагаа, обьектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, автомашин техник, хүн хүчний бэлтгэл бэлэн байдлыг хангаж, албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлж Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.