Categories
гадаад мэдээ

Иракийн арми агаараас цохилт өгч 60 иргэн амь насаа алдлаа

Иракийн нийслэл Багдад хотын хойд хэсэгт байрлах Аль-Каум гэх хотыг тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оны эхээр хяналтаа тогтоосон билээ.

Тэгвэл тус хотноо Иракийн армийнхан агаараас цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Уг цэргийн ажиллагааны үеэр 60 энгийн иргэн амиа алджээ. Амиа алдагсдын 19 нь хүүхэд, 12 нь эмэгтэйчүүд гэнэ.

Аль-Каум хотноо болсон цэргийн ажиллагааны үеэр тус бүлэглэлийн сургалтын төвийг устгасан гэв.

“Амак” агентлагийн мэдээлснээр “Өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр 120 хүн амиа алдсан” гэжээ.

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай оны шилдэг болов

Монголын боксын холбооноос оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинаа тодрууллаа.Шилдгүүдийн эрэгтэйчүүдийн тэргүүн байрт “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай орсон бол араас нь ОУХМ Э.Цэндбаатар, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Оюутны Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ, А.Нурлан, Г.Баярхүү, О.Батхүү, Н.Шинэбаяр нар эхний 10-т багтав. Тус жагсаалтын эхний зургаад “Рио-2016” олимпийн наадамд тулалдсан боксчид орсон юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс Л.Алтанцэцэг тэргүүлж, Т.Болортуул, М.Мягмаржаргал, Н.Баянцэцэг, М.Нандинцэцэг, М.Гүндэгмаа, Э.Эрдэнэтуяа, Н.Оюун-Эрдэнэ, О.Жаргал, У.Шинэцэцэг нар оны шилдэг 10-т орлоо.

Categories
мэдээ улс-төр

АН дүрмийн төслөө нийтэд нь баталж амжсангүй

НЭМЭЛТ:22:00 ЦАГ

-ЗУРГААДУГААР ИХ ХУРЛААР ДҮРМИЙН ТӨСЛИЙГ НИЙТЭД НЬ БАТАЛЖ АМЖСАНГҮЙ-

АН-ын зургаадугаар их хурал өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлаар намын даргын илтгэл, АН-ын дүрмийн шинэчлэл зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон.

Гэвч АН-ын зургаадугаар их хурал хоёр өдрийн хугацаанд дүрмийн төслөө нийтэд нь баталж амжсангүй. Тухайлбал Шинэчилсэн дүрмийн төслийнхөө 1-4 бүлгээ баталсан байна. Харин дүрмийн төслийн шинэчлэлийн үргэлжлэлийг 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох АН-ын Долдугаар их хурлаараа үргэлжлүүлж батлахаар болж, энэ удаагийн их хурлаасаа долдугаар их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулаад өндөрлөсөн байна.


НЭМЭЛТ: 21:00 ЦАГ

-7-Р ИХ ХУРЛАА ХОЁРДУГААР САРЫН 12-НД ТОВЛОВ-

АН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлаар намын долдугаар Их хурлыг хоёрдугаар сарын 12-нд хийхээр шийджээ. Энэ удаагийн хуралд 1210 төлөөлөгч оролцсон бол долдугаар хурлаар төлөөлөгч нарын тоог нэмэгдүүлэх аж.


НЭМЭЛТ: 20:40 ЦАГ

-АН-ЫН ДАРГЫГ НЭГДҮГЭЭР САРЫН 29 НЫ ӨДӨР БҮХ ГИШҮҮДИЙН САНАЛААР ТОДРУУЛНА-

Ардчилсан намын Их хурлаар үдээс хойш дүрмийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчдийн зүгээс санал, шүүмжлэлүүд хэлсэн байна. Харин одоо дүрмийн хэлэлцүүлгийг зогсоож АН-ын даргын марафоныг ярилцаж байгаа аж. АН даргаа сонгохдоо сунгаа явуулна гэдэг тохироонд хүрээд буй. Тиймээс хурлаар АН-ын даргыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар бүх гишүүдийн дунд сонгууль явуулж сонгохоор болжээ. Намын даргад нэр дэвших нь нээлттэй бөгөөд одоогоор дөрвөн хүн нэр дэвшихээ зарлаад буй юм. Мөн намд элсээд 10 жил болсон хүн намын даргад нэр дэвшүүлнэ гэх саналыг төлөөлөгч нар хэлэлцэж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Индонезид болсон газар хөдлөлтөөр 97 хүн нас баржээ

Индонезийн “Aceh” нутаг дэвсгэрт өнгөрсөн лхагва гаригт 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж одоогийн байдлаар 97 хүн нас бараад байна. Энэхүү газар хөдлөлт нь 2004 онд гарсан газар хөдлөлт болон цунамитай ижил хэмжээний газар нутгийг хамраад байгаа юм байна. 2004 оны цунамигаар 100.000 гаруй хүн амь насаа алдаж байжээ. Харин энэ удаагийн газар хөдлөлтөөр цунами үүсээгүй аж. Нийт 273 хүн хүнд шархдаж 245 байшин барилга нурж сүйдсэн байна.


О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Хувьцаагаа хэрхэн зарах вэ?

Хөрөнгө оруулсан буюу хувь нийлүүлсэн болохыг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэдэг. Тэгвэл хувьцааг хэрхэн авах, зарах, яаж ашигтай ажиллаж болох вэ. Энэ талаар сурвалжлахаар бид Монголын Хөрөнгийн биржийг зорьсон юм.

Та хувьцаа эзэмшигч болохын тулд эхлээд хувьцааны данс нээлгэх хэрэгтэй юм байна. Иймээс заавал Хөрөнгийн биржийг зорих шаардлагагүй гэнэ. Хөрөнгийн биржид арилжаа хийдэг брокер дилерийн компаниудаас нэгийг нь сонгон түүгээр зуучлуулан данс нээлгэх ёстой аж. Манайд үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй брокерийн компани байдаг байна. Үүнд нэмж нэг зүйлийг онцлоход иргэд их хувьчлалын цэнхэр тасалбараараа аливаа нэг байгууллагын хувьцааг авчихаад мартсан тохиолдол их байдаг аж. Хэрэв тийм бол та шинэ данс нээлгэх шаардлагагүй. Данстай үгүйгээ мэдэхийн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вебсайтаар шалгаж болох гэнэ. Харин аль ч брокер дилерийн компани таны өмнөөс харилцаанд оролцсоныхоо төлөө шимтгэл авдаг гэдгийг анхаарах хэрэгтэй аж. Брокер дилерийн шимтгэлийн дээд хэмжээ зургаан хувь байдаг юм байна.

Брокер дилерийн компанид данс нээлгэснээрээ үнэт цаасны арилжаанд орох боломж нээгдэж байгаа юм. Гэхдээ та хувьцаа худалдаж авахын тулд мэдээж дансандаа мөнгөтэй байх хэрэгтэй. Дансандаа мөнгө байршуулснаар брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны арилжаанд орох эрх нээгдэх юм. Үнэт цаасны арилжаанд орохдоо 100 төгрөгтэй байсан ч болно. Биднийг хөрөнгийн бирж дээр очиход хамгийн бага ханштай хувьцаа 51 төгрөгөөс эхэлж байлаа. Тэгэхээр танд аль нэг компанийн нэг ширхэг хувьцааг авах боломж байна гэсэн үг. Үүн дээр брокер дилерийн компанидаа төлөх шимтгэлээ байршуулаад захиалгаа өгөхөд л хангалттай юм байна. Иргэн хувьцаа эзэмшсэнээрээ хэд, хэдэн давуу талыг эдэлж болох аж. Тухайлбал, компани ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг болгон өгдөг. Гэхдээ ногдол ашиг нь тухайн компанийн ашиг орлогоос хамаарч жил бүр харилцан адилгүй байдаг гэнэ. Өөр нэг давуу тал нь ханшийн өөрчлөлтөөс ашиг олох, компанийн удирдлага, шийдвэр гарах үйл явцад оролцож болох аж. Гэхдээ компанийн таван хувийг эзэмших хэмжээний хувьцааг худалдан авснаараа ийм эрх нээгддэг байна.

Хувьцаа худалдаж авах нь хадгаламжинд мөнгө хийхээс илүү ашигтай боловч тэр хэрээрээ эрсдэлийг тооцох нь чухал аж. Учир нь аливаа компанийн хувьцааны ханш тогтсон түвшинд байдаггүй гэнэ. Энэ нь мэдээж эдийн засаг, тухайн компанийн үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлүүдээс хамааран хэлбэлздэг байна. Тэгэхээр таны өндөр үнээр авсан хувьцаа ханшийн уналтад орох ч магадлалтай. Мөн эсрэгээрээ илүү ашиг олох ч боломжтой аж. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард “Монгол шуудан” компанийн нэг хувьцаа 185 төгрөгөөр арилжаалагдаж байсан бол одоо 340 төгрөг болтлоо нэмэгджээ. Иймд хувьцааг нь худалдаж авах гэж байгаа компанийнхаа үйл ажиллагааг сайтар судлах, санхүүгийн тайланг үзэх, ногдол ашиг тарааж байсан эсэхийг шалгах, удирлагын менежмэнтийг тандах, тухайн салбартаа эзлэх зах зээлийн байр суурийг нь харилцагч брокер компаниасаа лавлах нь зүйтэй байна.

Монголын хөрөнгийн биржийн Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Нямдорж “Компаниа зөв сонгох, эдийн засгийн мэдрэмжтэй байх талаар нэг жишээ дурдъя. Нэг өвөө хүүхдүүддээ зориулж хувьцаа авч л дээ. Тухайн үед архи пиво, талхны компани хэзээ ч дампуурахгүй гээд хоёр компанийн хувьцаа авсан байна. Тэр хоёр компани нь манай бирж дээрх хамгийн өндөр үнэлгээтэй болж чадсан. Харин өнөөдөр өвөөгийнхөө ачаар хүүхдүүд нь 20 гаруй сая төгрөгийн хувьцаатай, 10 сая төгрөгийн ногдол ашигтай болчихсон байгаа юм. Ингэхээр 30 сая төгрөгийн хөрөнгөтэй болсон гэсэн үг. Иймэрхүү жишээнүүд зөндөө байдаг. Харин компани ногдол ашиг хуваарилах хэмжээний ашиг олоогүй тохиолдолд эзэмшигч хувьцаагаа зарж болох юм. Иймд анхлан худалдаж авсан үнэ өссөн тохиолдолд хувьцаагаа зарж ашиг олж болох юм” гэлээ. Та Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокерийн компанид өөрийн нэр дээр үнэт цаасны данс нээлгүүлсэн тохиолдолд тухайн компаниар дамжуулан хувьцаа, бонд зэргээ худалдах боломжтой юм.

Түүнчлэн хувьцааг хамтран эзэмшигч гэж байдаггүй аж. Тухайн хүний данс дээр нээлгэсэн хувьцааг тэр хүн л эзэмших эрхтэй. Харин тухайн хүн нас барсан тохиолдолд хуулийн дагуу нэг жилийн дараа өв залгамжлах эрх нь үүсдэг байна. Иргэний хуулиар нэгдүгээрт гэр бүлийн хүн, үр хүүхэд нь өв залгамжлах эрхтэй гэнэ. Иймд шаардлагатай бичиг баримтыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүрдүүлж өгснөөр хувьцааг өвлөн авах боломж бүрдэх юм байна.

Олон жилийн жишгээр өдийд хувьцааны үнэ их өсдөг байна. Учир нь есдүгээр сараас эхлэн хүмүүсийн хөрөнгө оруулагчдын зах зээл дээр орж ирэх нь ихэсдэг гэнэ. Мөн гуравдугаар сараас эхлэн компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэг аж. Энэ үеэр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг авах боломж гардаг учир хувьцаа авах иргэд мөн л ихэсдэг байна. Тиймээс хувьцаа өндөр үнэтэй болдог гэнэ. Харин тав, зургадугаар сараас эхлээд зуны амралттай холбоотойгоор эрэлт огцом буурдаг аж. Сүүлийн үед “Таван толгой” компанийн хувьцаа маш эрчимтэй арилжаалагдаж байгаа юм байна. Өчигдөр л гэхэд 5000 ширхэг хувьцаа 2850 төгрөгөөр арилжаалагджээ. Хэдхэн сарын өмнө 1000 төгрөгөөр арилжаалагдаж байсан хувьцаа ийн өссөн байна.

Харин “Оюу толгой” компанийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр худалдаалагддаггүй байна. Одоогоор Канад болон Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалдаг аж. Мөн “Моngolian mining corpora­tion” компанийн хувьцааг Хонгконгийн биржээс авдаг байна. Тэгэхээр гадагшаа зуучилдаг брокерийн компанийг сонгож хувьцааг нь авах боломжтой гэсэн үг юм.

Монголд “Ти Ди Би Капитал”, “Голомт секюритиз” гэсэн хоёр брокерийн компани цахимаар хувьцаа, арилждаг гэнэ. Түүнээс гадна гадны биржүүдэд зуучилдаг байна. “Голомт секюритиз” компанийн шинжээч Намуугэрэл “Манайх гадаад болон дотоодын хөрөнгийн биржүүд дээр хувьцаа арилжаалах, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Харин манайхаар дамжуулж хүмүүс гадны компанийн хувьцааг худалдан авдаг. Үүнээс “Оюу толгой”, “Mon­golian mining corporation” гэх хоёр компанийн хувьцааг их авдаг. “Оюу толгой” компанийн хувьцаа өнөөдрийн байдлаар гурван доллар 44 центээр арилжаалагдаж байна. Ер нь бол зөвхөн “Оюу толгой” ч биш “Алибаба”, “Apple” компанийн хувьцааг ч авч болно” гэлээ.

Тэрээр үнэт цаасны арилжааг хүмүүс маш хэцүү, нарийн төвөгтэй ажил гэж боддог. Үнэндээ брокертойгоо холбогдчих юм бол хүндрэлтэй асуудал байхгүй гэсэн юм. Дансаа нээлгэчихсэн тохиолдолд брокертойгоо утас, мэйлээр харилцаад байх боломжтой аж. Тус брокерийн компанид өдөрт доод тал нь тав, хамгийн ихдээ 50 хүн ч ирж үйлчүүлдэг байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкинд үүссэн 13 их наядын зөрчил юунаас үүдэлтэй вэ?

Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр байгуулсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус банкийг шалгаад хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн тухай танилцуулсан. Тэд Хөгжлийн банкийг үүсгэн байгуулагдсанаас хойших хугацаанд татан төвлөрүүлсэн нийт санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, зарцуулалт, хэрэгжилт зэргийг шалгасан байна.

Ингээд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ямар, ямар зөрчил илрэв, тус банкны санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС БАТЛААГҮЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Хуульд зааснаар Хөгжлийн банк нь нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой төрийн өмчит хуулийн этгээд юм. Тиймээс Үндэсний аудитын газар, УИХ-аас томилогдсон ажлын хэсэг өмнөх онуудад хяналт шалгалт хийж байжээ. Үндэсний аудитын газрын 2014 оны шалгалтын дүнгнэлтээс харахад Хөгжлийн банк нь зарим хувийн бизнесийг дэмжиж, компанийн зарчмаар ажиллаж байгааг анхааруулж байсан байна. Улмаар тус банкны үйл ажиллагааны эрх зүй, зохицуулалт хангалтгүй байгаа нь шударга бус өрсөлдөөнийг дэмжих үндэс болж байна гэж тодотгож байжээ. Тооцоо муутай олгосон зээлүүд нь эргээд Монгол Улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байна гэдгийг ч тайландаа тусгаад Засгийн газарт хүргүүлж байсан аж.

Мөн 2015 онд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт шалгалт хийж байжээ. “Чингис” бондыг авахад үйл ажиллагааны зардалд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк 5.4 сая ам.доллар төлсөн байна. Гэтэл үүнээс хорь гаруй хоногийн дараа Засгийн газрын тогтоолоор бондын зардалд дахин 5.4 сая ам.долларыг гаргуулжээ. Төсвийн тухай хууль зөрчиж, нэг ажлын үйл ажиллагааны зардлыг хоёр удаа төлсөн энэ зөрчилд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй гэнэ. “Самурай” бондын 290 сая ам.долларыг авахдаа нийт зээлийн 20 хувь буюу 55.7 сая ам.долларыг зээлийн зуучлалын хөлс, хүүгийн төлбөрт шууд суутгуулсан байна. “Чингис” бондын нийт санхүүжилтийн 50 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй автозам барих, Гудамж төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан гэж үзжээ. Нийт бондын хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан нь ойрын жилүүдэд төсөвт асар их дарамт учруулах эрсдэлтэй гэдгийг ҮАБЗ 2015 онд зөвлөмжөөр Засгийн газарт хүргүүлж байсан удаатай гэнэ. Гэвч үүнийг үл тоомсорлож байсан нь Хөгжлийн банкийг өнөөгийн хүнд байдалд хүргэснийг сүүлд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Мөн Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газраар батлуулаагүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг ноцтой алдаа гаргадаг байсныг шалгалтын дүн харуулав. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг хууль бусаар гаргасан гэнэ. Мөн Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл дур мэдэн олгосон байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 10.1 дэх хэсэгт заасан УИХ-аас шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсны дагуу санхүүжүүлэх ёстой үндсэн чиг үүргээ зөрчсөн үйлдэл болжээ. Мөн зээл олгох шийдвэрийг Засгийн газар бус Хөгжлийн банкны Зээлийн хороо хуульд заасан нэгжүүдийн саналыг үндэслэн гаргах заалтыг ч зөрчсөн байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ -319.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭХЭРСДЭЛТЭЙ БОЛЖЭЭ

Шалгалтын явцад Хөгжлийн банк нь арилжааны банкуудад битүүмжлэн байршуулсан 49.8 сая ам.долларын хадгаламжийн хүүг авахгүй байгаа нь ажиглагджээ. Тэр байтугай хадгаламжийн хүүгийн тухай арилжааны банкуудтай байгуулсан дөрвөн талт гэрээнүүдэд тусгаагүй байсан гэнэ. Мөн арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийг нэмэх боломжтой байтал Улаанбаатар хотын банк, Капитал, Чингис хаан банкинд харилцах хадгаламжийн хэмжээг хэтрүүлсэн байна. Нийт хадгаламжийн 75.1 хувийг Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан нь банкны эрсдэлийн түвшинг нэмэгдүүлсэн гэж үзжээ. Зээлийн эрсдэлийн санг 352.4 тэрбум төгрөгөөр нэмж байгуулах, хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлагыг 146.3 тэрбум төгрөгөөр бууруулж, хүүгийн орлогоос буцаах тохируулгууд хийгджээ. Энэ нь тухайн жилийн ашгийг 498.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө алдагдаж -319.6 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг ажлын хэсгийнхэн дүгнэлтдээ онцолжээ. Үүгээр зогсохгүй Хөгжлийн банк нь 2014 онд Худалдаа хөгжлийн банктай гурван сарын хугацаатай 22.6 сая ам.доллар, еврогийн своп арилжаа хийж, 8.1 тэрбум төгрөгтэй тэнцэх алдагдал хүлээжээ. Гадаад валютаар илэрхийлэгдсэн актив, пассивын ханшийн тэгшитгэлээр нийт 155.3 тэрбум төгрөгийн алдагдал иений ханшаас шалтгаалан хүлээсэн байна.

ХАДГАЛАМЖ ТАТАХЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАНКУУДАД ИХХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БАЙРШУУЛСАН НЬ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

Хөгжлийн банкны нийт активын 79.6 хувийг зээл, 5.6 хувийг үнэт цаас, 7.7 хувийг гадаад, дотоодын арилжааны банкуудад байршуулсан харилцах хадгаламж, 6.6 хувийг бусад хөрөнгө эзэлж байгаа аж. Тус банк энэ оны эхний хагас жилийн байдлаар маш их алдагдалтай ажиллахад гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж хяналт, шалгалтын багийнхан дүгнэжээ. Тухайлбал, ханшийн тэгшитгэлийн алдагдал, үйл ажиллагааны зардлын өсөлт, болзошгүй эрсдэл, хасагдуулгын өсөлт Хөгжлийн банкийг эрсдэлийн түвшинд аваачсан байна. Үүгээр зогсохгүй хадгаламж татах зөвшөөрөлгүй Чингис хаан банкинд 8.8 тэрбум төгрөг, 2.5 сая ам.доллар, 1.0 сая евро, Богд банкинд 2.0 сая еврогийн хадгаламж тус тус байршуулсан байна. Энэ нь Хөгжлийн банкны эрсдэлийн түвшинг улам нэмэгдүүлж байна гэж үзжээ.

ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ 12.4 ДАХИН НЭМЭГДЭЖ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛД АСАР ИХМӨНГӨ ЗАРЦУУЛЖЭЭ

Хөгжлийн банкны үйлчилгээний зардал 2012-2016 онд 66 хувиар нэмэгдсэн байна. Үүнийг дотор нь задлан сонирхуулахад, нийт систем программ хангамжид 84 удаагийн санхүүжилт хийжээ. Даатгалын үйлчилгээний хөлсөнд гэрээгээр 554 тэрбум төгрөгийг зарцуулсан байх юм. Олон нийтэд мэдээлэл түгээхтэй холбоотой зардалд 2013 оноос 2016 оны зургадугаар сар хүртэл хоёр тэрбум 566 сая 606 мянган төгрөг, мөн 816 мянган ам.доллар зориулсан байна. Банкны үнэлгээ хийлгэхэд 2015 онд зээлжих зэрэглэл тогтоолгох зорилгоор нийт 453 сая 640 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Шууд худалдан авалт 2011-2016 онуудад нийтдээ 36 тэрбум 365 сая 628 төгрөг болжээ. Таван жилийн хугацаанд аудитын үнэлгээний төлбөрт 826 сая, 459 мянган төгрөг зарцуулсан гэнэ. Үүнээс гадна Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар 2011-2016 онд гадаад сургалт, урамшуулал шагнал, уралдаан тэмцээн, томилолт зэрэг зардалд нийт гурван тэрбум 794 сая 224.479 мянган төгрөг зориулсан байна. Гадаад томилолтын тухайд 2013 онд 47 сая 125.100 мянган төгрөг, 13 мянга 819 ам.доллар байсан бол 2015 онд 318 сая 710 мянган төгрөг зориулсан аж. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Санкт-Петербург хот руу явсан гурав хоногийн томилолтын зардал нь гэхэд 20 сая гаруй төгрөг, мөн ийм хугацаатай Хонгконгт ажиллахад 14 орчим сая төгрөг болжээ. Тэгвэл БНХАУ руу нэг хоног томилолтоор ажиллахад 14 сая төгрөг тус тус төсөвлөн баталж байсан нь шалгалтаар ил болов. Харин цалингийн зардал нь 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны эцэст дөрвөн тэрбум 700 сая төгрөг болж нэмэгджээ.

13 ИХ НАЯДААР ХЭМЖИГДЭХ САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ЮУНААС ҮҮСЭВ?

“Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болжээ. Мөн Монголбанкнаас шаардсаар байхад нь биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна. “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Хаан банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар зориулжээ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна. Бас Таван толгойн цахилгаан станц, төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар төсөвлөн баталсан гээд өндөр дүнтэй мөнгө яригдаж байна. Дээрхээс гадна төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн байдал баримтаар харагдаж байна. Зөвхөн цалингийн зардлын хувьд гэхэд нэг сая 484.800 мянган төгрөгийг давхар тооцжээ.”Амгалан” дулааны цахилгаан станцын төсөлд Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хүртэлх хугацаанд гурван удаа гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгожээ.

ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

Хөгжлийн банк 2012 оноос эхлэн санхүүжилт олгож эхэлсэн байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар нийт 5.373.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Нийт олгосон зээлийг эргэн төлөгдөх нөхцөлөөр нь авч үзвэл улсын төсвөөс төлөгдөх төсөл, арга хэмжээ нь 54 хувь буюу хамгийн өндөр дүнтэй байна. Мөнгөн дүнгээр 2.679.9 тэрбум төгрөг ажээ. Төслийн орлогоос эргэн төлөгдөх шууд олгосон зээл нь нэг 1.483.7 тэрбум төгрөг гэнэ. Харин арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл нь 1.209.8 тэрбум төгрөг байна.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээг салбараар танилцуулъя.

ŸАвтозам: 114 төсөлд 1.157.4 тэрбум төгрөг,

ŸГудамж төсөл: 95 төсөлд 134.3 тэрбум төгрөг,

ŸИнженерийн дэд бүтэц: 68 төсөлд 349.4 тэрбум төгрөг,

ŸЦахилгаан, хий, уур, агааржуулалт: таван төсөлд 349.4 тэрбум төгрөг,

ŸУул уурхай: хоёр төсөлд 5.5 тэрбум төгрөг,

ŸТөмөр зам: нэг төсөлд 347.1 тэрбум төгрөг,

ŸҮл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 80.0 тэрбум төгрөг,

ŸБоловсруулах үйлдвэрлэл: нэг төсөлд 7.9 тэрбум төгрөг,

ŸСанхүүгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 2.7 тэрбум төгрөг,

ŸУлсын төсвөөс шилжин ирсэн төслүүд (автозам, дэд бүтэц, бусад): 57 төсөлд 254.1 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд зээлийн 59 хувийг төрийн өмчит компаниудад олгосон бол үлдсэн 41 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Үүнээс 17.5 хувь буюу 259.8 тэрбум төгрөг нь МАН-ын гишүүдтэй холбоотой байгаа юм. Харин 23.3 хувь буюу 345.8 тэрбум төгрөг нь АН-ын гишүүдтэй холбоотой ажээ.

ТӨСЛИЙН ОРЛОГООС 1.483.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ШУУД ЭРГЭН ТӨЛӨГДӨНӨ

Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн шууд эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нь 1.483.7 тэрбум төгрөг байгаа аж. Энд нийтдээ төрийн өмчит болон хувийн хэвшлийн 16 компанийн нэрсийг жагсаажээ. Хэн, хэн хэдэн төгрөгийг ямар төсөлд санхүүжилт хэлбэрээр зээлснийг сонирхуулъя.

1. “Монголын төмөр зам ТӨХК шинэ төмөр зам” төсөлд 14.3 тэрбум төгрөг,

2. “ДЦС-4 “ТӨХК- хүчин чадал нэмэгдүүлэхэд 19.2 тэрбум төгрөг,

3. Эрчим хүчний яам-“Амгалан” дулааны станц барихад 3.0 тэрбум төгрөг,

4. “Мон-Лаа” компани-Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэлдээ 5.6 тэрбум төгрөг,

5. “Эрдэнэс таван” толгой ХК- 372.2 тэрбум төгрөг,

6. “Багануур” ХК- Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд 18.6 тэрбум төгрөг,

7. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ- Геологийн төв лабораторидоо 0.4 тэрбум төгрөг,

8. “Кью Эс Си” ХХК- Төмөртэй ордоос Хандгайт хүртэлх төмөр замд 133.7 тэрбум төгрөг,

9. “МИАТ” ТӨХК- Тээврийн үйл ажиллагаанд 152.6 тэрбум төгрөг,

10. ТОСК Буянт-Ухаа-1, 2, аймаг бүрт 1000 айлын хөтөлбөр, Шинэ яармаг орон сууцны хороолол, барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор-292.0 тэрбум төгрөг,

11. “Пи Ай ЭМ ЭМ” ХХК- Яармагийн гүүрний хажуу дахь орон сууцны хороолол-24.9 тэрбум төгрөг,

12. “МАК Цемент” ХХК Хөх цавын цемент – 133.2 тэрбум төгрөг,

13. “Монполимет” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-126.6 тэрбум,

14. “Эрэл” ХХК “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөл- 70.4 тэрбум төгрөг, АН,

15. “Бэрэн групп” ХХК -Барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 32.0 тэрбум төгрөг, АН,

16. “Хөтөл” ХХК- Хөтөлийн цемент үйлдвэрлэл төсөлд 84.8 тэрбум төгрөг.

АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛАН 1.2 ИХНАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Хөгжлийн банк нь төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны 11 банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 13 хөтөлбөрийн 1619 төсөл хэрэгжүүлэгчид 1.2 их наяд төгрөгийн зээлийг олгожээ. Эдгээр банкуудаас Голомт банкаар хамгийн их буюу 397.2 тэрбум, Худалдаа хөгжлийн банкаар 318.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. Энэ дүн нь нийт дамжуулан зээлийн 60 хувьтай тэнцэх ажээ. Энэ хоёр банкнаас зээл авсан компаниудыг танилцуулъя.

Худалдаа хөгжлийн банкнаас дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд:

1. “Баатарууд тэнгэр” ХХК-Мах хөтөлбөрийн хүрээнд 7.0 тэрбум төгрөг

2. “Баатрууд тэнгэр” ХХК –ЖДҮ-ийн зээлийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,

3. “Дархан мийт фүүдс” ХХК-Экспортыг дэмжих, импортыг орлох 300 тэрбум төгрөгийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,

4. “Дархан мийт фүүдс”-Мах хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг,

5. “Макс хотелс” ХХК, “Макс ложинг” ХХК АСЕМ-ийн хүрээнд нийт 27.0 тэрбум төгрөг,

6. “Монос групп” ХХК экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.9 тэрбум төгрөг тус тус авсан байна.

Голомт банкаар дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд гэвэл

1. “Номадс резиденс” ХХК – АСЕМ-ийн хүрээнд 13.5 тэрбум,

2. “Эхийн шүүдэр” ХХК-экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг,

3. “Сүү ХХК”-Голомтын таван салбарын зээлийн хүрээнд 6.0 тэрбум төгрөг тус тус авчээ.

Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 он хүртэл тооцоолжээ. Нийт зээлийн эргэн төлөлт 2017 онд 1.654.4 тэрбум төгрөг, 2022 онд 16664.7 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй жилүүд байхаар байгаа гэнэ. 2016 оны наймдугаар сарын 16-ны байдлаар олгосон зээлүүд 2016-2024 онуудад нийт 5558.6 тэрбум байхаар тооцжээ.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗӨРЧИЛ БАНКНЫ ҮНЭ ЦЭНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨВ

Хөгжлийн банкинд хяналт, шалгалт хийсэн үе үеийн ажлын хэсгийнхэн тус банкийг бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн асуудалдаа анхаарч ажиллах зөвлөмжүүдийг өгдөг байсан гэнэ. Энэ удаад ч хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, ТУЗ нь бүтэц, зохион байгуулалтыг шаардлагатай судалгаа, шинжилгээ хийлгүйгээр хууль зөрчин өөрчилсөн байна. Мөн оны эцэст баталдаг гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулаагүй шууд томилон ажиллуулсан гэнэ. Бизнес төлөвлөгөөгөө батлахдаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны саналыг аваагүй аж. Судалгаагаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага мэргэжлийн бус, салбарын хэмжээнд удирдах албан тушаал хашиж байгаагүй, туршлага дутуугаас үйл ажиллагаанд доголдол үүсдэг байна. Хөгжлийн банкны дотоод хяналтын тогтолцоо доголдолтой, үйл ажиллагаа нь хэвийн бус, шаардлага хангахгүй байгаагаас банкны ирээдүйд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй гэнэ. Дотоод үйл ажиллагаанаас гадна харилцагчтай явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт дутагдах, ашиггүй ажиллах, байгууллагын үнэ цэнэ буурах эрсдэлтэй байна гэж ажлын хэсэг үзжээ.

Categories
мэдээ цаг-үе

Япон-Монгол (нүүрээ хардаг) толь

“Монголын өнөөгийн улс төр бол хүний түүхийн

хамгийн өндөр өртөгтэй

танин мэдэхүйн хичээлийн нэг ажгуу.

Үүнээс ч харамсалтай юм бас байна.

Юу гэвэл, бид тэр хичээлийн сонсогч биш

харин сургалтын хэрэгсэл нь бололтой юм аа”

Нэг. Япончууд цаг барьдаг. Монголчууд цаг зүүдэг. Хоёулаа адилхан цаг ашигладаг. Монголчуудын амьдралын хэмнэл нь хүнээс илүү байгаль, цаг уураас хамааралтай явжээ. Иймээс өвөлжөө, намаржаанаасаа нүүхээр товлосон цаг, болзсон үе нь цас хайлж хүн малын унд хомсодсон, цас нэмж орсон эсвэл эрт хүйтэрсэн зэргээс болж үргэлжид зөрчигдөж байжээ. Ийм учраас цаг хугацааны огт өөр мэдрэмж, хэмжүүр хэрэгтэй болсон хэрэг.

Нүүдэлчин өвөг дээдэс маань цаг товлох, тодорхой болзохоос зайлсхийж, ажилд садаа, үйлсэд барцад учирдаг хэмээн цээрлэж ирсэн нь тийм учиртай. Болзохын оронд “тэгж байгаад уулзъя”, “боломж гарахаар өгч, авалцъя”, “хүйтрэхээр нүүнэ” гэхчилэнгээр баримжаа гаргах болжээ. Ер нь сүсэг бишрэл, бэлгэдэл цээрийн зан үйлийг ч гэсэн ихээхэн прагматик байдлаа, амьдралд нийцүүлэн тогтоодог уламжлалтай байж. Амьдралд нийцгүй, боломжгүй учраас болзох, цаг товлох асуудлыг нүгэлд багтаан цээрлэсэн юм шиг байна. Харин одон зурхайд байдаг элдэв цээр хоригуудад янз бүрийн гарц бодож олоод амьдралд нийцүүлсэн нь төрөл бүрийн заслууд болой. Жишээлэхэд, аян замд гарахад таагүй гэгдсэн өдөр цаг агаар таатай байвал “мөрөө гаргах” засал хийгээд л мордох жишээний.

Харин цагаар гангалах тухайд бол ийм юм. Нүүдэлчин амьдрал хүний чанарыг танихад бэрх болгодог. Жилдээ цөөн уулзаж, хэдхэн сар айлсаад өнгөрөхөд хүмүүс зөвхөн сайхан талаараа нийцэж яваад салдаг. Гэтэл хүний далд мөн чанарыг урт удаан хугацаанд хамтран ажиллаж байж л мэднэ.

Бизнесээ хамтран хөгжүүлэх боломж гэж малчдад байсангүй. Малаа нийлүүлээд өсгөвөл хотондоо багтахгүй болоод салж нүүхдээ тулна. Гэтэл суурин хүмүүс хөрөнгөө нийлүүлээд илүү далайцтай бизнес хийж болдог. Харин малчин хүн сүргээ нийлүүлбэл, өөрийн гэсэн малын “зүсгүй” болж хоосрохын цондон нүүрлэнэ. Нийлүүлсэн хөрөнгө арвиждаг бол нийлүүлсэн мал хорогддог.

Энэ нь нэг сайн, хоёр муу талтай байж. Сайн нь: бие биенийхээ талаар дандаа эерэг сэтгэгдэлтэй, ер нь л диваажинд амьдарсан аятай бодогдож явсаар насыг элээх жаргалтай тавилан бэлэглэнэ. Гэвч өөрийн сул талаа түр нуухад л сургахаас биш үүрд хазаарлаж сургахгүй. Бас өөрийн эрх ашиг ба нийтлэг эрх ашгийн зохистой харьцааг тодорхойлох туршлага бүтээж өвлүүлдэггүй бололтой.

Зүс үзээгүй хүнийг байтугай, саахалтын айлаа гүйцэд таних боломжгүй учраас өнгөн талаас нь дүгнэхээс өөр аргагүй болдог. Монгол хүн үл таних хамтрагчаа сонгохдоо “Нүдэнд дулаахан хүн” гэдэг үгийг хэрэглэдэг.

Иймээс өөртөө зөв иймэж бүрдүүлэхийн тулд “нүдэнд дулаахан” харагдах хэрэг гардаг. Нүдэнд дулаахан байхын тулд өнгөтэй өөдтэй явах хэрэгтэй болно. Өнгөтэй өөдтэй явна гэхээр боломж, хэрэглээ хоёрын дунд зөрчил үүснэ. Наадамд ирсэн жороо морьтой, торгон дээлтэй хүнийг л “наадамд ирсэн жороо морьтой, торгон дээлтэй хүн” гэхээс биш, цаана нь хэчнээн мал адуу, алт мөнгө байгааг авч хэлцэхгүй. Үгүй ээ тэгээд, найр хэсэхээрээ авдраа үүрээд, хонио туугаад очилтой биш.

Монгол хүний орлогоосоо давсан хэрэглээ, гангараа бол амьхандаа л өөртөө маш сайн СиВи(CV), “тодорхойлолт”, ажилд ороход хэрэг болдог “нэгдүгээр маягт” бүрдүүлээд яваа ухаантай юм шүү дээ. Цагийг баримтлахаасаа илүү зүүж явбал эргэн тойрондоо сэтгэгдэл төрүүлдгийн учир энэ.

Хоёр. Япончууд өнгөө хадгалж агуулгаа шинэчилдэг. Монголчууд агуулгаа хадгалж өнгөө шинэчилдэг. Хоёулаа л шинэчлэх дуртай. Ики арлын музейд эх газрын наймаачид хөл тавьж буйг харуулсан макет байна. Хичээнгүй тайлбарлагч, орон нутаг судлаач М.Яманиши гуай “хөл нүцгэн нь япончууд, харин гуталтай нь эх газраас ирсэн наймаачид” болохыг хэлж өглөө.

Солонгосын хойгоос завьтай наймаачин ирж байсан цагаас хойш зуу, зуун жил улирчээ. Япончууд солиод барахгүй олон гуталтай болсон ч байшин савандаа “хөл нүцгэн” ордог хэвээрээ. Гэхдээ л эх газрын гуталтнуудыг хол орхин хөгжсөн байна. Япончууд бол япон өнгөө хадгалаад агуулгаараа үргэлж шинэчлэгдэж, бусдын соёлыг шингээж авдаг. Өнгөн талаасаа зуун зууны уламжлалтай сумо, кимоно, харин агуулгаараа сони, тоёота, мицүбиши….

Харин эх газрын ширүүн уур амьсгалтай хээр талын нүүдэлчид эсрэгээрээ, зөвхөн өнгөн талаа шинэчлэх дуртай. Өвлийн гурван сар чукча нар шиг, аагим зунаар арабын цөлийн бидиун мэт болж хувирна. Даарах, халууцах асуудлыг нэгмөсөн шийдэхийг яарахгүй, угаасаа ч боломжгүй. Дулаан байшин, өвлийн хүлэмж, хөргөлттэй орон сууц сэдэх чадваргүйдээ биш, тэрийгээ хээр хаяад нүүх болох учраас дэмий юманд толгойгоо зовоохгүй.

Ийм учраас нүүдэлчин хүний ахуй амьдралын менежмэнт өнгөн талын реформ хийж сурахад чиглэн хөгжсөн байдаг. Үстэй дээлээ өмсөөд “өвлийн хүн”, тэрлэгээр гангалаад “зуны хүн”, түвд маягаар дээлээ сугалдаргалаад “улирал шилжих үеийн хүн” болчихно. ХХ зуунд шашин шүтлэгээ тайлж хаяад “бурхангүй социалист хүн” хүртэл болж байв.

Одоо ардчиллын, бас зах зээлийн улиралд тааруулаад хувцаслачихсан яваа. Харин агуулга нь нүүдэлчин хэвээрээ.

Гурав. Япончууд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хүлээх тэвчээртэй. Монгол хүн гүрийж туулах, шүдээ зуусаар байгаад юмны ард гарах тэвчээртэй. Хоёулаа л тэвчээртэй. Нүүдэлчин хүмүүсийн мал нь өөрөө өсч бойжно. Харин эзэн нь түүнийхээ аюулгүй байдал, өсч үржих таатай орчинг хангах үүрэг хүлээнэ. Нүүдэлчин хүний менежмэнт нь малаа өсч бойжиход садаа болдог ган, зуд зэрэг цаг агаарын өөрчлөлт бэхшээлийг даван туулахад чиглэдэг.

Монгол хүний бизнесийн авьяас мянга мянган жил үүнд л чиглэгджээ. Манайхны ажлын туршлага, философи гэвэл: яаж ийгээд дуусгасан байх нь чухал болохоос ямар чанартай дуусгасан байх нь гол биш.

Япон хүн байшин босговол санаснаа гүйцээж, түүнээсээ таашаал авахад чиглэнэ. Харин нүүдэлчин хүнд яаж ийгээд байшингаа дуусгачихсан, барилга барих ажлын ард гарсан байх нь л чухал. Юмны “ард гарах”-ын төлөө харин ч түмэн зовлонг тэвчиж чадна. Бүх тэсвэр тэвчээрээ түүндээ л зориулна. Амьдрал түүнд “Өнөөдрийн цасан шуургыг л яаж ийгээд тэвчээд давчих. Маргааш нар гийсэн налгар өдөр хүлээж байгаа” хэмээн шивнэсээр ирсэн юм. Монгол ардын “Ажил хийвэл дуустал” гэдэг мэргэн үгэнд чанартай, сэтгэлтэй хөдөлмөрлөн үр дүнг нь үзэх тухай гэхээсээ илүү чардайж байгаад, тэвчээр зааж байгаад шилийг харах, яаж ийгээд “хоёр яс салах” тухай л агуулга түлхүү буй.

Ямар ч ган, зудыг даваад л ард нь гардаг итгэл, зүтгэлийнхээ хүчээр нэг л өглөө коммунизмын ард гарчихсан суниаж байлаа, бид. Өдгөө ч бидний далд ухамсар “гүрийж байгаад ардчилал, зах зээлийн ард гарна даа” хэмээн зоригжуулна. Бидний өнөөгийн хамгийн том чадвар, бас хамгийн том зовлон энд л байгаа юм даа.

Дөрөв. Япончууд нэгийнхээ гаргасан замыг дагаж урагшлах дуртай. Монголчууд эгнээгээрээ урагшлах дуртай. Хоёулаа л адилхан урагшлахыг хүсдэг. Тал нутгийн эрх чөлөөний баталгаа нь хүчний балансад оршино. Мал сүрэг, бусад хүчин зүйлээр нөгөөдүүлээ дарамтлах чадамжгүй хот айл, овог аймгууд байж гэмээнэ аль алин нь эрх дураараа нүүх боломжтой.

Харин нэг нь илүү хүчирхэгжих нь энх тайвны балансыг эвдэж, бусдыгаа эрхшээлдээ оруулах, сайн нутаг бэлчээрийг дээрэнгүйлэн булаахад хүргэдэг. Энэ утгаараа хэн нэгийгээ илүү хүчирхэгжихэд болгоомжтой, сортоотой ханддаг. Баяжиж, хөрөнгөжин дэвжих нэгнийг харсан сахиусан тэнгэрүүд нь монгол хүний чихэнд “төлөгний бие төлжив, хурганы үс гуужив”(МНТ#79) хэмээн сануулна. Энэ хандлага одоо ч хэвээрээ байгаа бөгөөд манайхан сайн яваагаа татаж унагадаг “тамын тогооны үлгэр”-тэй байнга зүйрлэдэг. Суурин иргэдийн бизнес нэгийнхээ амжилтыг дагах замаар өсөх хандлагатай байдаг бол тал нутагт эсрэгээрээ.

Энэ хандлага сайн, муу хоёр талтай байна. Муу тал нь нэгнийхээ амжилтыг нураах гэж санаархах, хамтаараа өргөн далайцтай бизнес хөгжүүлэхэд тээг болдог. Харин санхүүгийн тодорхой бүлэглэл эсвэл хэт хүчирхэг хувь хүн ноёлсон тогтоц үүсэхээс зарим талаараа сэргийлдэг бололтой.

Тав. Япон хүн алдагдлаас сэргийлж, орлогыг чухалчилдаг, монгол хүн гарзаас эмээж, олзыг эрхэмлэнэ. Хоёулаа л хөрөнгө чинээгээ байнга өсгөх эрмэлзэлтэй. Нүүдэлчин хүнд мал сүрэг нь үржиж өсөх, үхэж үрэгдэхийг эс тооцвол тасралтгүй орлого эсвэл байнгын алдагдал, эрсдэл зэргийг ойлгуулах бизнесийн сургууль байсангүй. Мал сүрэг нь цаг агаараас хамаарч заримдаа бан цунгаараа өсч, заримдаа өм цөм хорогдоно.

Аян дайн, ялалт, эсвэл амжилттай ан гөрөөг дагаж ирдэг олз омогт хэмжээ тогтоох аргагүй. Тиимээс олзыг даах чинээгээрээ авдаг байв. Олдож байгаа хэмжээнээс өөр хязгаар байхгүй. Иймээс олз, орлогодоо хязгаар тогтоох мэдрэмж суусангүй. Аажим, аажмаар баян болгох тасралтгүй хэвийн орлого ба нэг л мэдэхэд хоосруулж мэдэх байнгын алдагдлын тухай эдийн засгийн мэдрэмж бас суусангүй иржээ. Ийм учраас монголчуудтай өнөөдрийг хүртэл нөхөрлөж ирсэн хүмүүс, “хэмжээ хязгааргүй санаархал, мэдрэмжгүй шуналтай” хэмээн гайхахдаа тулж байжээ.

Энэ чанар муу ба сайн хоёр талтай байна. Муу тал нь нь гэвэл орлого, ашгийнхаа зохистой хязгаарыг мэдэрч чадахгүй байгаагаас хэтэрхий их хувь ногдол шаардаж, тогтвортой орлогын олон эх үүсвэрийг нь хааж байна. Бас монгол хүнийг оройгүй шуналтай болгон харагдуулдаг. Сайн тал нь гэвэл, энэхүү мэдрэмжгүй шунал ба үл ханах сонирхол нь нийгмийн нөлөөтэй хэсгийг бүхэлд нь эсвэл хэвлэл мэдээллийг хэт хөрөнгөлөг хэсэг худалдан авахаас бага ч болов сэргийлдэг гэж хэлдэг.

Зургаа. Япончууд итгэмтгий ч нэгээс илүү хууртдаггүй. Монголчууд хүнд итгэдэггүй ч олон дахин хуурч болдог. Япончууд хүний итгэл алдах дургүй, яг л монголчууд малаа алдах дургүй шиг. Тиймээс бусдад итгэмтгий. Харин итгэлийг нь нэг л алдвал дахиж хэзээ ч сэргэхгүй, бас хэзээ ч хууртахааргүй хаширна.

Монголчууд угаасаа хартай, итгэхээсээ өмнө харддаг. Гэхдээ хардлага нь маш гэнэн учраас дөнгөхөд маш амархан. Сэдвээ солиод хуураад байхад нэг хүнийг эсвэл нэг хүн бусдыгаа олонтаа хуурах боломжтой.

Үргэлжийн тулаан, халдлага дунд амьдардаг байсан тал нутгийн дайнч нүүдэлчид маш соргог, яг гөрөөс шиг цочимтгой. Мөн цочоосон зүйл нь шууд аюул учруулахгүй бол дорхноо тайвшраад араатанд бариулдаг гөрөөстэйгөө адил бас гэнэхэн.

Нүүдэлчид мэдээллийн тогтоцгүй орчинд олон зуун жил явсан учраас эсрэг тэсрэг мэдээлэлд анализ хийх туршлагагүй. Зөвхөн нэг талыг барьсан мэдээлэлтэй социализмд иргэншлийн замаа эхлүүлсэн нь бүр гаж уламжлал үлдээсэн. Энэ нь хэвлэлийн болон албан ёсны мэдээлэлд итгэхээсээ илүү ам дамжсан үгэнд ач холбогдол өгдөг болгожээ.

Хэрвээ “Таны мөнгийг банк найдвартай хадгална” гээд зурагтаар яривал суртал нэвтрүүлэг гэж харна. Харин хэн нэгэн таних хүн “Энэ сүлжээ бизнес ашигтай гэнэ” гэвэл дорхноо үнэмшээд “Үнэхээр ашигтай гэнэ. Хүн хэлж байна” хэмээн хамаг хөрөнгөө луйварчинд аваачиж тушаахад бэлэн.

Япончууд буюу иргэншлийн илүү туршлагатай орны иргэд болсон явдал, баримтыг үнэнд тооцдог. Нүүдэлчид өөрт ашигтай хувилбарыг үнэн, шударга гэж хүлээн авах сонирхолтой байдгийн нэг учир ч энд байгаа.

Долоо. Япончууд худлаа хэлэх дургүй. Монголчууд үнэнээ хэлэх дургүй. Бие биеэсээ хол нүүдэллэн амьдарч ирсэн хүмүүсийн дунд үзэл бодлоо солилцох, байр сууриа илэрхийлэх урлаг төдий л хөгжөөгүй болтой. Эсэн бусын юм санаанд ордог л байлгүй яав гэж. Гэтэл ярих хүн ойр хавьд байхгүй. Бодсоноо ярихгүй ганцаараа галгиулсаар байгаад амаа хамхиж сурдаг байсан болтойдог.

Хамгийн том мэтгэлцээн нь “бэлчээр булаалдах” дээр өрнөх ба ялагдсан тал нь үнэнд хүрэх гэж зүтгэхийн оронд өөр тийшээ нүүгээд л асуудал шийдэгдэнэ. Угаасаа, бэлчээрийн маргаанаа шат, шатны шүүхээр хэлэлцүүлэх гэвэл заргалдах зуурт мал нь тураад үхнэ биз дээ. Харин суурин иргэдэд ус агаар мэт хэрэгтэй эрх чөлөө гэдэг ойлголтыг зоргоороо нүүж, дуртай газраа гэрээ барих боломж нь орлоно.

Монголчуудын үнэнээ хэлдэггүй занг хамгийн их хөгжөөсөн үйл явц бол социализм. ХХ зуунд монголчууд иргэншин суурьшиж эхэлсэн боловч тэр нь социализм байгуулахтай давхцав. Социалист дэглэмийн хотшил нь жам ёсны иргэншлээс өөр, янз янзын дэглэмтэй (Зүүн Европын Польш, Чехословакаас Монголыг дайраад Умард Солонгос хүртэл сул, чанга дэглэмтэй) лагер, хаурангууд байсан. Өөрсдийгөө ч социалист лагерын орнууд гэж албан ёсоор нэрлэж байсан. Энэ лагерт монголчууд “өөрийн үзэл бодолтой болох” ба “үзэл бодлоо нуух” хоёр урлагт зэрэг суралцжээ. Дэглэмийнхээ үзэл сурталд тааруулан “зааснаас нь өөрийг бодож, бодсоноосоо өөрийг ярьж” сурсан байна. Өдөр нь ажил дээрээ “Бурхан гэж байхгүй, шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” хэмээн сурталдах ба шөнө нь гэртээ нууцаар залбирч, Ленин багш гэдгийнхээ хөрөгийн ард нуусан бурхандаа залбирна”. Өвөг дээдэс нь “урт хэл хүзүү орооно”, “дааганаас унаж үхэхгүй, дарвагараасаа болж үхнэ”, “урьтаж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” хэмээн захисныг хэлэх үү. Ийм уламжлал нь биднийг үнэнээ ярих албагүй гэж үздэг болгож, улмаар нэгэнт үнэнээ яриагүй учраас хэлсэндээ байх ч албагүй гэсэн гаргалгаанд хүргэсэн бололтой.

Үнэнээ ярьдаггүй онцлогийн хүрээнд ярих өөр нэг сэдэв бий. Мөн л өнгөрсөн үеийн улбаа. “Эх оронч”, “марксизм-ленинизм, пролетарийн интернационализмд үнэнч” гэхчилэнгийн үзэл суртлын халхавчаар бүхнийг зөвтгөж болдог ба удирдагчдад таалагдаагүй хэнийг ч “Мао-гийн талыг баримтлагч”, “ангийн дайсан” гэсэн шошгын дор хөнөөж болдог байсан, БНМАУ-ын үед. Өнөөдөр ч гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээ “эх оронч” нэрийн дор халхлах, тааламжгүй этгээдээ “Хятадын тал” болгон нийгмээс гадуурхуулах оролдлого амжилт олсоор байгаа нь ийм улбаатай.

Найм. Япончууд “үгүй” гэж хэлэх дургүй. Монголчууд ч бас “үгүй” гэх дургүй. Хоёулаа л “буруу дуулахгүй бол үгүй гэдэггүй” гэлээ гэдэг шиг үндэстэн. Гэхдээ аль нь ч бусдыг хуурах зорилгогүй. Харин япончууд “үгүй” гэхгүй хэрнээ цаанаа үгүй гэдгээ ухамсарласан байдаг. Үүнийгээ эелдэг зан хэмээн ухаардаг бололтой. Ийм болохоор тэдний “үгүйгээс тойрох” арга ихэнхдээ ойлгомжтой. Харин монгол хүн “аяндаа болж бүтэх байлгүй” гэдэг утгаар л “үгүй” гэхээс зайлсхийдэг. Ийм болохоор үнэнгээсээ л хэлсэн “за” гэж ойлгогдох нь бий. Монголчууд нэгэндээ “за” гэчихээд алга болчихвол “хэлсэндээ хүрэх гээд арай л чадахгүй яваа юм байна” гэж ойлгогдоно.

Төгсгөл: Хоёулаа сайн үндэстэн. Муу үндэстэн гэж байдаггүй. Харин иргэншин төлөвшсөн, төлөвшиж яваа үндэстэн гэж байдаг. Тухайн улс орны иргэдийн араншин, мөн чанар нь үзэж туулсан амьдралын туршлага, тэнд бүрэлдсэн ёс суртахууны үнэт зүйлсийн цогцлол маягтай оршдог. Япон, монгол хоёулаа сайн ард түмэн. Харин тэдний туулсан зам нь хөгжлийн хандлагыг тодорхойлж, тэр хандлага нь онцлог араншинг нь бүрдүүлж байна.

Япончууд арлаасаа хаашаа ч нүүхгүй гэдгээ эрт ухамсарласан учраас орчин тойронтойгоо нийцэж, эрх ашгаа зохицуулах гарцуудыг хайхаас өөр зам байсангүй. Иймээс тэдэнд эрх ашгийн нийтлэг эрт үүсч, тэр нь нийтийн ёс суртахууныг нь тодорхойлох болж.

Гэтэл нүүдэлчин удамтай монголчууд асуудлыг газар дээр нь орхих замаар шийддэг уламжлалтай, хэрэлдсэн хүнтэйгээ учраа ололцохын оронд салж нүүсээр ирсэн. Иймээс өөрийн эрх ашиг ба нийтийн сонирхлын зохистой харьцааг тодорхойлох туршлага суусангүй. Нэг нь “чамгүйгээр болно” гэдэг дүрмээр, нөгөөх нь “Чамгүйгээр болохгүй” гэдэг хуулиар хүмүүжсэн гэмээр ч юм уу. Бидний зөрөө энд л бий.

2016 оны арваннэгдүгээр сарын 30

Categories
мэдээ цаг-үе

Д.Амбасэлмаа: Сэтгүүлч хүн дэврүүн, мэдрэмжтэй байх учиртай

Соёлын гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Амбасэлмаа гуайтай хуучиллаа. Саяхан 85 насны ойгоо тэмдэглэсэн түүний хамтран зүтгэгчид нь бүхэл бүтэн жаран жил сэтгүүл зүйн гал тогоонд явсан гэдгийг нь онцолж байна лээ. Д.Амбэсэлмаа гуай телевизийн олон нэвтрүүлэг бэлтгэснээс гадна Радио, телевизийн дээд сургуульд багшилж, “Сонссоноо уншихуй”, “Үзсэнээ уншихуй”, “Бичсэнээ уншихуй” гэсэн гурван боть ном гаргажээ. Түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.


-Таныг бараг 70 жил ажил хийсэн гэх юм. Та шинэ үсгийн багш хийж, ажлын гараагаа эхэлсэн гэсэн үү?

-Бага сургуулиа 1945 онд онц төгссөн. 1946 оны хичээлийн жилээс эхлээд Төв аймгийн Баянцагаан сумын бага сургуулийн нэгдүгээр ангийн багшаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлж билээ. 1951 он хүртэл багшаар ажилласан. Тэгээд аймаг руу дэвшиж, Намын хороонд хэсэг ажиллаад, Намын дээд сургуульд ороод, энэ замаар явсан даа.

-Та дайны үеийн хүүхэд байжээ. Д.Пүрэвдорж найрагчийн “Хар цас” найраглалд өгүүлдэг шиг тийм үе байсан болов уу?

-Бид Намын шинэ хүчний дээд сургуулийн нэг ангийн хоёр. Чацуу шахуу юм билээ. Мундаг хүн шүү дээ.

-Дайны үед хэцүү байсан нь ойлгомжтой. Гэхдээ монголчууд малаа маллаж байгаа цагт өлсөхгүй гэж ярьцгаадаг?

-Их л өлсч байсан. Эх орны дайнд хамаг малаа сорчилж идэш болгож туугаад, 1944 оны зуднаар манай сумынхан малаа маш их үхүүлсэн. Зуд, эх орны дайн хоёр Төв аймгийн Баянцагаан сумынхныг хүнд байдалд оруулсан даа. Идэх юм байхгүй. Мал үхчихсэн. Мах байлаа гэхэд зовлого. Үхсэн малынхаа ясыг аваад, хоршоонд тушаана. Шөлийг нь ууна. Гурил огт байхгүй. Сүүлдээ засаг арга хэмжээ авч, айл айлд нэг, хоёр кг-аар нь гурил тараадаг байсан. Тэр гурилыг нь ширмэн тогоондоо хуурч болгоод аягандаа зуурч өл залгадаг байлаа. Өлсгөлөнгөөр хүн үхсэн гэж дуулаагүй. Эрхбиш мал хуйтай газар болохоор л тэр байх даа. Шинэ хувцас байхгүй. Хүүхдэд бол томчуудын урагдсан дээл хувцсыг хасаад өмсүүлнэ. Хувцас угаах саван байхгүй. Дөрвөлжингийн нуурын хужраас авч угаана. Тэр маягаар дайны таван жилийг барсан даа. Дайны дараа ч нэг хэсэг зутруу байсан. Хувцас яах вэ. Өлсөх л хэцүү юм билээ. Баянцагааныхан дайн, бичин жилийн зудыг зантай айхавтар зовж давсан улс даа.

-Амбасэлмаа гэдэг нэр ямар учиртай вэ?

-Мууг арилгагч эх гэсэн үг юм билээ.

-Амьдрал мэддэг байж сайн сэтгүүлч болдог юм болов уу?

-Амьдрал мэддэг байх хэрэгтэй. Гэвч үзсэнээрээ хүн юм бичихгүй шүү дээ. Авьяас гэж онгироод яах вэ. Надад бичих сонирхол байсан. Бичих сонирхол байхгүй бол амьдрал үзээд л өнгөрнө шүү дээ. Бичих дур сэтгэл байх хэрэгтэй. Хүн санасан зоргоороо авьяастай байж чадахгүй.

-Та өөрийгөө авьяастай юм байна, бичиж болох юм байна гэдгээ яаж мэдэрсэн бэ?

-1958 онд Монголын радиод ороод л бичээд байж болох юм байна гэж бодогдсон. Томилолтоор орон даяар их явсан даа.

-Таны хань сэтгүүлч байжээ. Нөхрөө өөд болсны дараа сэтгүүлч болохоор шийдсэн гэсэн үү?

-Тийм ээ. Төв аймгийн намын хороонд байж байхдаа хүнтэй суусан. Нөхөр маань Самбуу гуайн төрсөн дүүгийн хүүхэд байсан.

-Таныг Самбуу гуайн бэр байсан гэдэг. Самбуу гуай ах дүүсийн олон хүүхдийг өсгөсөн гэдэг байх аа?

-Миний нөхөр Самбуугийн Содномдаржаа төрсөн дүүгийнх нь хүүхэд л дээ. Авгайн талын сайхан сахилгагүй ихрүүд байсан. Тэр хоёрыг ч өсгөсөн.

-Та Самбуу гуайг бусад хүнийг бодвол илүү ойроос мэдрэх боломжтой байжээ?

-Ер нь ажлаасаа их орой ирдэг. Дуу шуу багатай. “Ажил хий. Бичдэг, хийдэг ажлаа л сайн хий. Танайхан архи дарс уудаг юм билээ. Битгий хүмүүстэй нийлж архи дарс ууж байгаарай” гэдэг байсан. Архи, дарсыг нь ч хэрэглэж л байсан л даа (инээв).

-Та бараг жаран жил бичлээ, сурвалжиллаа. Яаж энэ олон жил сэтгүүл зүйн дэвжээн дээр босоо байж чадав аа?

-Ажлын амт. Нэвтрүүлэг хийх миний амьдрал байсан. Нөхрөө үхүүлчихсэн хүн чинь ажил хийж л амьдарна шүү дээ. Дараа нь хүнтэй суусан л даа. Ахиж гурван хүүхэд төрүүлсэн. Том охиноо алдчихсан. Одоо би гурван охин, нэг хүүтэй. Тэд сайхан явна. Одоо охин, зээ охинтойгоо амьдарч байна.

-Сэтгүүлчид өдөр бүр хэн нэгэнтэй уулзаж, хэн нэгнийг нээж явдаг. Энэ олон жилийн дараа таны сэтгэлд хэн үлдсэн бол?

-Сономын Удвал, Хөдөлмөрийн баатар С.Цогтгэрэл гуай байна. Энэ хоёр бол зөвхөн ажилч бүтээлч улсууд биш, агуу их ухаантай улсууд. Дандаа хэрэгтэй юм хэлнэ. “Амбалсэлмаа минь чи ганцаараа хүн, хүүхдийн ээж. Чамд ажил хэрэгтэй. Бичиж бай” гэж С.Удвал дарга хэлдэг байлаа. С.Цогтгэрэл “Их явж байгаа чинь сайн байна” гэж онгироодог байсан юм. Ардын их хурлын чуулганд С.Цогтгэрэл гуай ирнэ. Би давхиад очно шүү дээ. Түүний яриаг би алтан фондод хийсэн юм. Галиндэв гуай гээд олон сайхан хүний яриаг алтан фондод үлдээсэндээ баяртай байдаг. Миний дотроо баярлаж явдаг юм гэвэл сонинд нэлээд юм бичлээ, зургаа, долоон номтой боллоо. Өөр юугаараа би бахархах вэ.

-Та гайхамшигтай өргөн хүрээнд ажиллажээ. Зөвхөн телевизийн сэтгүүлч байгаад зогссонгүй сонинд бичлээ, радиод ч ажиллалаа?

-Сэтгүүл зүйд зэвсэг хэрэгтэй. Телевиз үздэг хүн байна, телевиз үзэхгүйгээр сонин уншаад явдаг хүн ч бий. Хэвлэл мэдээллийн гурван зэвсгийг эзэмшиж сайн муу, чадсан чадаагүй ч бичдэг, үзүүлдэг, сонсгодог байя гэсэн хөөрүү дэврүүн сэтгэлтэй явжээ, энэ ажилдаа ч дуртай. Харах, сонсох унших гурван хэлбэрээр хүнд хүрэхийг хичээсэн. Манай хэлээр бол сэтгүүл зүйн гурван зэвсэг л дээ. Сайн ч, муу ч юм бий байх. Энэ гурав л намайг амьд явуулдаг юм. Үүгээрээ л Амбасэлмаа зориг хүч авч явдаг. Сонинд бичсэн юм байна. Радио, телевизийн алтан фондод миний хийсэн нэвтрүүлгүүд бий. Сэтгүүлч хүн заавал дэврүүн, мэдрэмжтэй, хийсэн юмнаасаа хүч чадал олж байж тэр ажлыг хийнэ үү гэхээс биш зүгээр дүлий толгойлчихоод суугаад байвал хүн тоох ч үгүй. Амбасэлмаа гэдэг нэрийг бүх хүн мэдэж байгаа биз дээ. Тэгэх тусам улам баярлана. Заримтай нь тулна. Хачин хачин улсуудтай тулж байж юм бичнэ. Ердөө л энэ.

-Сэтгүүлч хүний тухай бичнэ гэдэг тухайн нийгмийнхээ түүхийг л бичээд байгаа хэрэг. Та ер нь бусдын түүхийг их бичсэн. Өөрийнхөө түүхийг бичсэн үү?

-Нэг их бичээгүй л дээ. Аяндаа нэвтрүүлгээр ойлгогдоно шүү дээ, тэр бол.

-Хөдөө гадаа мөн ч их явсан байх даа?

-Яваагүй сум гэж байхгүй, уулзаагүй Хөдөлмөрийн баатрууд ховор.

Уулзахаас татгалзаж нэвтрүүлгийг маань тасалдуулсан хүн байхгүй. Сэтгүүлч хэрхэн харилцсанаас шалтгаална. Хүнд таалагдаж байж л хүнээс юм сонсоно. Гол нь л тэр.

-Тухайн үеийн төр засгийн удирдагчидтай уулзаж байв уу? Тухайлбал Ю.Цэдэнбал даргатай ч юм уу?

-Манай хадмынд яваад очдог байсан. Тэгэхэд нь гүйгээд орно. Ю.Цэдэнбал дарга дээр орж яриа авч байсан. Их олон удаа аваагүй ээ, зүгээр.

-Та цагаа юунд хамгийн их зарцуулж байна?

-Малчин, тариачин хоёрт цагаа зарцуулсан. “Таван эрдэнэ” нэвтрүүлэг, “Ургацын далай” хоёр л миний гол ажил байлаа. Мал, тариа хоёроос өөр юу ярих вэ. Одоо ч тэрийг л бодож байдаг. Одоо би юм бичихгүй. Бичих шаардлага гарвал юу юм гэхээс. Нас өндөр боллоо. Гэхдээ шаардлагатай бол дурсамж яриа энэ тэрийг сэтгэлийн тушаалаар бичиж өгнө өө. Тархины судасны хатууралтай учраас тэнхээ их муу байгаа.

-Ная гарсан ч өдий зэрэгтэй яваа нь сайхан юм аа?

-Миний хөл хэвээрээ. Энэ юуных вэ. Би өдөр бүр гимнастик хийдэг. Соёл нийгэмлэгийн волейболын тамирчин байлаа. Гучаад настайгаасаа тоглосон. Одоо ч дасгал хийхээ орхиогүй. Хөдөө явсан ч гимнастикаа ном ёсоор нь хийдэг байлаа. Хөл асуудалгүй байгаа нь биеийн тамирын хүч.

-Та одоо ч телевиз үзэхдээ мэргэжлийн нүдээр хардаг уу?

-Үгүй, үгүй би зүгээр л мэдээлэл авдаг. Тэгж өвчигнөөд яахав. Нэвтрүүлэг бүгд надад таалагдаж байх албатай биш. Сайн юм байна. Муу юм хийж дээ гэж мэднэ. Гэхдээ одоо бол биеэ бодно.

-Та одоо телевиз их үздэг үү, ном уншдаг уу, юу хийх илүү дуртай вэ?

-Ном их уншдаг. 108 боть авсан. Нэг хэсэг өдөр шөнөгүй уншсан. Харин ойрд зориуд зүгээр хэвтэж байгаа. Ер нь ном ихтэй. Нөхдийн дурсгасан олон ном бий. Ном уншиж, хөгжим сонсдог. Алтан фондоос хөгжим авчирч сонсдог байлаа. Одоо бол удаан ярихаар ядардаг болсон. Насны ядаргаа байна. Өвчин зовлон гайгүй. Радио телевизийн ажилтай байсан хүний толгой их ядрах юм. Удаан ярьж чаддаггүй.

-Танай гэрийн хананд байгаа лам хүний зураг таны багшийнх уу?

-Намайг өсгөсөн аав Банзар гэдэг хүн.

-Бас мандолин байна?

-Хүүхэд байхдаа мандолин тоглодог байлаа.

-Өдий насанд хүрэхээр юу их бодогдох юм бэ?

-Байгалийн жамаар төгсгөлдөө ойртлоо. Хүүхдүүддээ хэрэгтэй байя л гэж бодож байна. Уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж ярьдаг л даа.

-Та хоолны дэглэм баримталдаг уу?

-Онцгой дэглэм баримталдаггүй. Цай уугаад, хоолоо идээд явна. Хүүхдүүдээсээ илүү юм шаарддаггүй.

-Ээж тань ямар хүн байсан бэ?

-Би айлын ганц охин. Ижий залуу хүн болохоор хүнтэй нийлээд, мал маллаад явчихсан. Эмээ бид хоёр л Баянцагаан сумын төвд байлаа. Миний буурал ижий Дүгэр гэж хүн байв. Эмээ хоносон хоол ч идүүлээгүй. Цайнд орчихно гээд цай нэг их уулгадаггүй, хараалын үг хэлүүлдэггүй хүн байсан.

-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүд тэд байсан уу?

-Тийм ээ, Дүгэр эмээ, Аривжих ээж хоёр.

-Өөрийнхөө ямар чанараар бахархдаг вэ?

-Залхуурдаггүй хөдөлмөрлөдгөөрөө л бахархдаг. Над шиг бай гэж хүүхдүүддээ хэлдэг. Надад залхуурах үе гэж байгаагүй. Хүнд худлаа хэлдэггүй. Харин заримдаа ширүүлчихдэг байж магадгүй.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2478 төгрөгтэй тэнцлээ

Өнөөдөр “Найман шарга” валютын зах дээр нэг ам.доллар 2478 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2479-2480 төгрөгөөр арилжаалж байгаа юм.

Өнгөрсөн сарын 10-ны орой ченжүүдийн гар дээр байсан ам.доллар 2720 төгрөгт хүрч Засгийн газар, Монголбанкыг сандралд оруулсан. Тэгвэл энэ сард валютын ханш харьцангуй тогтвортой байна.

Эргэн сануулахад УИХ-ын сонгуулийн өмнө нэг ам.доллар 1945 төгрөгтэй тэнцэж байв. Ханш өссөн шалтгааныг МАН-ынхан валютын нөөц хомсдож, гадны хөрөнгө оруулалт зогссонтой холбоотой хэмээн тайлбарлах болсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хэрвээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрээс Ардчилсан намын Их хурлын талаарх сонин сайхан болон АН-ын шинэ дарга нэгдүгээр сарын 29-нд тодрох тухай хаалттай хуралдааны нээлттэй сурвалжлагыг унших боломжтой юм.

Улс төрийн хоёрдугаар нүүрээс Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай хийсэн ярилцлагыг уншаарай.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хэрвээ” нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлдээ хас тэмдгийн талаар болон дуучин С.Амармандахад тохиолдсон хэргийг талаар бичжээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж үзээрэй. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Бичил уурхайчдын үндэсний чуулган өчигдөр Чингис зочид буудалд боллоо. Энэхүү чуулганд 300 гаруй төлөөлөгч оролцжээ. Чуулганаас хийсэн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг өнөөдрийн дугаараас унших боломжтой юм.

Дуучин Борхүүгийн Амархүүтэй хийсэн “Долоогийн тоо надад аз авчирдаг юм шиг санагддаг” сонирхолтой ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Мөн энэ дугаарт хэдхэн хоногийн өмнө болсон Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин гоо засалчдын уралдаанд түрүүлсэн оюутан охин Ж.Мөнгөнсувдтай хийсэн ярилцлага нийтлэгдлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ