Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчдийг зарлалаа

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол арванхоёрдугаар сарын 23-нд болох гэж байна. Спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулах юм байна. Спортын сэтгүүлчдийн оролцох санал хураалтын шугам арванхоёрдугаар сарын 16-ны 00:00 цагт нээгдэж, арванхоёрдугаар 22-ны 23:59 цаг хүртэл үргэлжлэх аж.

2016 онд үзүүлсэн амжилтыг нь үндэслэн дараах тамирчдыг оны шилдэгт нэр дэвшүүлжээ.

“Бөртэ чоно”-2016-д нэр дэвшигч оны шилдэг эмэгтэй тамирчид

М.Анхцэцэг

О.Гүндэгмаа

А.Ичинноров

Б.Мөнхзаяа

Г.Нандинзаяа

Д.Отгонцэцэг

Д.Сумъяа

Г.Угалзцэцэг

М.Уранцэцэг

“Бөртэ чоно”-2016-д нэр дэвшигч оны шилдэг залуу тамирчид

Б.Сумъяа /Тэшүүр/

Б.Тэгшбаяр /Дугуй/

Э.Тэмүүжин /Пүүл бильярд/

Оны шилдэг баг

-3×3 Сагсан бөмбөгийн шигшээ баг. Азийн элсний спортын наадмын мөнгөн медальт

-3×3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг

-Волейболын “Хасу Мегастар” клубын эрэгтэй баг

-3×3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг

-Хөл бөмбөгийн “Эрчим” клуб

Оны шилдэг эрэгтэй тамирчин

Д.Алтансүх

Г.Мандахнаран

Ч.Марал-Эрдэнэ

Л.Отгонбаатар

Д.Отгондалай

Э.Содномпилжээ

П.Тэмүүжин

Б.Ууганхүү

Э.Цэндбаатар

Оны шилдэг дасгалжуулагч

Ч.Базарсүрэн

Д.Батсүрэн

Ц.Баярсайхан

Ж.Ганхуяг

Ё.Төмөрбатаа

Б.Төрбат

Ц.Хосбаяр

Ц.Цогтбаяр

Х.Эрдэнэт-од

Эдгээр нэр дэвшигчдээс

  • Оны шилдэг 3 эмэгтэй тамирчин
  • Оны шилдэг 3 эрэгтэй тамирчин
  • Оны шилдэг залуу тамирчин
  • Оны шилдэг спорт тоглоомын баг
  • Оны шилдэг 3 дасгалжуулагч санал асуулгын үр дүнд тодорч, “Бөртэ чоно” ёслолын үеэр шилдгийн шилдгүүдийг зарлана.
Categories
мэдээ нийгэм

Галын аюулаас 50 иргэнийг аварчээ

2016.12.11-ний өглөө 09:58 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 32 байранд гал гарсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 63 дүгээр ангийн Т.Мөнхтөр ахлагчтай дөрөвдүгээр салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан иргэдэд анхны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Аврах анги 20 минутанд галыг бүрэн унтрааж, 50 иргэнийг галын аюулаас аварсан байна.

Categories
мэдээ нийгэм

МУБИС-д “Орос хэлний сургалтын төв” байгуулна

МУБИС-ийн урилгаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь багш, ажилтан, албан хаагчид, оюутан суралцагчдын төлөөлөлтэй уулзан ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Тэрбээр багш нар, оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр “Орос хэлний сургалтын төв”-ийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн дэмжлэгээр МУБИС-д байгуулахаар болсноо мэдэгдэв. Тус төв нь орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, Орос хэлний бэлтгэл ангийг нээн хичээлүүлэх, манай оронд ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг хоёр улсын хамтарсан ЕБС төгсөгчдийн төгсөлтийн шалгалт авах боломжийг бүрдүүлэх юм.

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар дагалдан явсан бөгөөд тэдэнд МУБИС-ийн удирдлагууд сургалтын өнөөгийн байдал, сүүлийн үеийн бүтээн байгуулалт, эрдэмтэн багш оюутнуудын шилдэг бүтээлүүдээс танилцуулав.

Мөн тэдэнд оюутнуудынхаа урласан бүтээлийн дээжээс дурсгал болгон өгч ажлын амжилт хүссэн юм.

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай шилдэг боксчноор шалгарлаа

Жил бүрийн оны төгсгөлд шилдэг тамирчин, уран бүтээлчийг холбоо бүр тодруулдаг уламжлалтай. Монголын боксын холбооноос 2016 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй 10 тамирчнаа энэ сарын 8-нд шалгаруулсан юм. Эрэгтэй шилдэг боксчны жагсаалтыг олимпийн хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Отгондалай 1480 оноогоор тэргүүллээ.

Тэгвэл эмэгтэй шилдэг 10 тамирчны зургадугаар байрт “Хилчин” спорт хорооны тамирчин М.Гүндэгмаа жагссан амжилттайгаар боксчид маань энэ оноо үдэж байна. Нийт тамирчиддаа амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Б.Гангаамаа Винсон Массифт авирахаар эх орноосоо мордлоо

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилуудын зургаад нь гарч, эх орныхоо төрийн далбааг мандуулаад байгаа билээ. Энэ удаад тэрбээр хамгийн сүүлчийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр эх орноосоо мордлоо. Ингэснээр дэлхийн долоон тивийн ноён оргилд амжилттай авирсан анхны монгол уулчин болох юм.

Антарктид тивд одоо зуны улирал болж буй ч тивийн ноён оргил Винсон Массиф ууланд-35 хэмийн хүйтэн байгаа аж. Манай уулчин ОХУ-ын “7 Summits” клубыг сонгож цаг уурын хамгийн таатай үед авиралт хийхээр бэлтгэлээ базаасан байна.

Categories
мэдээ спорт

“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо

Монголын хөлбөмбөгийн шилдэгийн шилдэгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдож буй “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа зургаан номинацийн эзнийг тодруулсан байна. Номинаци бүр дээр хамгийн өндөр санал авсан шилдэг гурван оролцогч болон “Бэлгэдлийн 11” тоглогчийг тодруулжээ. Ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, шагнал гардуулав.

2016 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг болон өсвөрийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч тодорлоо.

Түүний удирдсан “Арвис” клубын охидын баг МХБХ-оос зохион байгуулдаг эмэгтэй хөлбөмбөгчдийн хамгийн том тэмцээн болох “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын алтан цомыг өргөсөн байна.

altan bumbugХарин “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клубын болон Монголын шигшээ багийн ахлах дасгалжуугч З.Баттулга тодорлоо. З.Баттулга “Эрчим” клубыг өнгөрсөн жилээс удирдаж, ахлах дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэсэн ч хоёр жил дараалан “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аваргын цомыг өргөж, бахдам амжилт үзүүлжээ.

2016 оны “Ганган гоол”-ын шагналыг “Хоромхон” клубын төвийн хамгаалагч Д.Төрбатын оруулсан уран гоол авсан байна. Д.Төрбат энэхүү “Ганган гоол”-оо “ШМ Баянгол” клубын хаалганд оруулжээ.

2016 оны “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” багийн ахлаг ч А.Алтантуяа тодорлоо. А.Алтантуяа “Арвис” клубын эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн УАШТ”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн тэмцээнд оролцож, хоёр дахь удаагаа зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга болсон байна.

altan bumbug2016 оны “Шилдэг шүүгч”-ээр МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Ч.Жавхлан шүүгч тодорчээ. Ч.Жавхлан МХБХ-ны шүүгч болоод найман жил болохдоо олон олон тэмцээний шилдэг шүүгчээр нэрлэгдэж байсны хамгийн том нь 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг шүүгчийн шагнал юм.

2016 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Хангарьд” клубын довтлогч О.Мижиддорж тодорсон байна. О.Мижиддорж “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2016 оны улиралд нэг ч тоглолт өнжилгүй 18 тоглолтод оролцож, 29 гоол оруулан, дээд лигийн шилдэг довтлогчийн шагналыг хүртжээ. Түүнд шилдэгийн шагналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардууллаа.

Мөн 2016 оны “Бэлгэдлийн 11”-т багтсан шилдэг тоглогчдод алтан бөмбөгийг нь гардууллаа. “Бэлгэдлийн 11”-т багтсан шилдэг тоглогчид:

Хаалгач: Б.Ариунболд

Хамгаалагч: Г.Билгүүн

Хамгаалагч:Б.Гарьдмагнай

Хамгаалагч:Д.Төрбат

Хамгаалагч:О.Оюунбаатар

Хагас хамгаалагч:Ишино Шута /Япон/

Хагас хамгаалагч:М.Мөнх-Эрдэнэ

Хагас хамгаалагч:О.Баяржаргал

Хагас хамгаалагч:Э.Пүрэвдорж

Довтлогч: Н.Наранболд

Довтлогч: О.Мижиддорж

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны салшгүй нэг хэсэг болох МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо хүртсэн бол “Хангарьд” клубт “Хүндэт алтан бөмбөг” шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар гардуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байхгүй мөнгийг луйвардсан нь буюу “Чингис”, “Самурай” бонд

Аливаа улс орны сан хөмрөгт ганц ч төгрөг наалдаагүй, үндсэндээ огтоос байхгүй мөнгийг эрх баригчид луйвардан шамшигдуулах башир арга бий. Үүнийг дэлхий нийтэд “Мозамбикийн сургамж” гэж нэрлэдэг. Энэ бол байгалийн баялгаа эдийн засгийн нарийн тооцоололтой зарцуулалгүй үнэгүйдүүлж, авлига хээл хахууль, ядууралд идэгдсэн хөгжил буурай оронд нүүрлэдэг аюул юм. Газрын тосны экспортоор тэргүүлэгч орны нэг болно гэж галзуурч байсан Мозамбик улс өнөөдөр маш хүнд байдалд ороод байна. 2020 оноос нааш тус улсын эдийн засаг сэхээ авахгүй, газрын тос илрүүлэх, олборлох төсөл нь хэрэгжих боломжгүй гэдгийг эдийн засгийн олон улсын шинжээчид бодит үндэслэлтэйгээр бичиж байгаа.

Нөхцөл байдал ийм байтал тус улс Швейцарийн “Credit Suisse”, ОХУ-ын “ВТБ” банкны тусламжтайгаар Олон улсын валютын сангаас 2.2 тэрбум ам.долларын зээл авсан байдаг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1000, нийт эдийн засаг нь 15 тэрбум ам.доллараар хэмжигддэг, гадны тусламжаас илт хамааралтай орны хувьд энэхүү зээл эргэн төлөхөд амаргүй гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь зээлийн мөнгөө тухайн орны эрх баригчид далд хэлбэрээр үрэн таран хийж, чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм.

“Зөвхөн нэг салбарыг дагналгүй эдийн засгаа солонгоруулах, таваарын үнэ унах цагт хэрэглэх аюулгүйн санд зориулж ахиухан мөнгө нөөцлөх, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүтээмж сайжруулах ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийх” гээд мөнгөө хэрэгтэй зөв зүйлд зарцуулаагүй гэж эдийн засагч, шинжээчид үзэж байна. Тус улсад өгсөн зээлийн мөнгө чухам хаачсаныг аудитын шалгалтаар тогтоохоос нааш нэмж зээл олгохгүйг Олон улсын валютын сан мэдэгдсэн.

Тэгвэл манай улсад яг ийм үйл явдал болоод өнгөрсөн. Монгол Улс Мозамбикийн өрөвдмөөр жишээг дахин давтсан юм. Ардчилсан нам болоод Ардын намынхны ээлжилж засаг барьсан өнгөрөгч жилүүдэд чухам юу болов. Оюу толгой, Таван толгой хэмээх дэлхийд баялгийнхаа нөөцөөр тэргүүлдэг гэх томоохон уурхайнуудын сураг сонсогдоод хичнээн жилийн нүүр үзэж байгаа билээ. Мөн төмөр зам, Асгатын мөнгөний орд, аж үйлдвэрийн парк, нефтийн үйлдвэр, төмрийн үйлдвэр гээд улс орны эдийн засгийн баталгаа болсон томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийн тухай яригдаж байсан. Гэвч хачирхалтай нь энэ бүгдийн аль нь ч хэрэгжиж эхлээгүй, Оюу толгойн төсөл л гэрээ хэлэлцээрийнхээ шатанд явах үед манай эрх баригч сүгсэлзэрүүд олон улсаас өндөр хүүтэй зээл авчихсан.

Өнөө цаасан дээр байгаа төслүүдийнхээ нэрийг бариад “Чингис”, “Самурай” бондыг босгоод “Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зэх зээлд амжилттай арилжлаа” гэж тухайн үеийн Монгол Улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй сайдууд инээд алдацгааж, бөөн хөөр баяр болсон. Ингэж эрх баригч нөхөд эдийн засгийн нарийн чанд тооцоо шинжилгээгүйгээр зөвхөн хувааж идэх л хүсэл шуналдаа автаж, хүний урманд нэг ч үйлдвэр үүд хаалгаа нээгээгүй байхад бонд нэрээр асар их хэмжээний мөнгө завшсан юм. Энэ бол улсын төсөвтөө тусгагдаж, эдийн засгийн эргэлтэд ороогүй мөнгийг урьдчилан луйвардаад авчихсан гэсэн үг. Өнөө олон улсад муугийн жишээ болон мөрдөгддөг “Мозамбикийн сургамж” гэдэг нь.

Монгол Улсын Засгийн газрын “Чингис” бонд нэрээр 1.5 тэрбум ам.долларын зээл босгосны дараа “Pinebridge Investments” хэмээх олон улсын судалгааны компаниас “Монголын Засгийн газар уул уурхай, дэд бүтэц хөрөнгө оруулахад ямар бодлого баримтлах нь дотоодын компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчдад тийм ч тодорхой бус байна” хэмээн мэдэгдэж байсан. Ирэх оноос бондын хүү төлөгдөж эхэлнэ. 2018 оны эхний хагаст 500 сая ам.доллар болон хүүнд нийт 571.9 сая ам.доллар төлөх юм. 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрөө төлөх ёстой. Ийм асар их хэмжээний өндөр хүүтэй өр зээлээр бид юу хийсэн бэ. “Чингис”, “Самурай” бондын мөнгийг хөгжлийн банкинд хуримтлуулж, “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн. Нийслэлийн зарим гудамж талбайн зам тавьж, хэдэн уулзварыг өргөтгөснийг тэрхүү мөнгөтэй дүйцүүлж үзэхээр өдөр шөнө шиг ялгаатай зүйл харагддаг. Ёстой гол харламаар санагддаг. “Бид “Чингис” бондынхоо мөнгөөр хатуу хучилттай автозам тавилаа” гэж ханхалздаг. Яг үнэндээ бол лаазны гялгар төмөр шиг нимгэхээн нарийхан замаас өөр юу ч алга. Тэрхүү шилэн замыг нь эргээд засварлахад бараг л шинэ зам тавьснаас илүү өртөг гарах тийм л ажил хийсэн. Оюу толгой, Таван толгойгоо олигтойхон хөдөлгөж чадсангүй. Оюу толгойн далд бүтээн байгуулалтын уурхайг эс тооцвол амжилт олоогүй. Таван толгой маань ёстой л нөгөө танзуур, бурамхан болоод л дуусч байгаа. Төмөр замын тэр агуу том төсөл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил юу болов. Энд тэнд сэндийлж ухсан шорооноос өөр юм алга. Хэсэг бүлэг нөхдийн ил далдуур идэж уусан асуудал л мандаж байх шиг байна.

Сайншандын аж үйлдвэрийн парк, Дархан, Сэлэнгийн бүс нутаг дахь металлургийн үйлдвэр, гангийн үйлдвэрлэл, жилд 15 сая тонн төмрийн хүдэр олборлон нойтон аргаар баяжуулж Сайншанд руу нийлүүлэх төсөл, газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэр, Хэнтийн Бор-Өндөрт нефтийн үйлдвэр байгуулах, тус бүс нутгийг аж үйлдвэрийн хот болгох эрх баригчдыг амлалтууд яасан бэ. Энэ бүгдийг л ярьж, Монгол Улсад эцсийн бүтээгдэхүүн бий болгон, эдийн засгийн тусгаар тогтнолын дархлааг бий болгох гэж бид чинь эзэн хааныхаа нэрээр 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас 30 тэрбум иен буюу тухайн үеийн ханшаар 600 орчим сая ам.долларын “Самурай” бондыг босгоогүй гэж үү.

Гэвч үгүй юм байна. Тэд зүгээр л цаасан дээрх төсөл хөтөлбөрүүдээ барьж очоод улсынхаа дансанд орж ирээгүй мөнгийг хулгайлах башир аргыг хэрэглэсэн ажээ. Оюу толгой, Таван толгойгоос асар их мөнгө олно. Тэгээд зээлээ төлнө хэмээн “алаагүй баавгайн арьс” нөмөрч гүйлдсэн нөхдөд түүхий эдийн зах зээлийн уналт яг л Мозамбикийн газрын тосны хямрал шиг нөлөөлөлгүй хаачихав. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр газрынхаа хэвлийгээр дүүрэн алт эрдэнэстэй гэж хөөрцөглөсөн нөхдийг “зайлуул ингэж л байдаг” юм гэсэн шиг луугар том орнууд улам хөөргөж, эцэст нь дампуурлынх нь ирмэгт авчирлаа. Тиймээс өнөөгийн эрх баригчид энэхүү сургамжийг санаж, Хятадын зээл болоод бусад өр зээлэндээ хянуур хандах хэрэгтэй.

Ө.Манлай

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийн бүртгэл энэ сарын 20-нд дуусна

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу жил бүр явуулдаг галт зэвсэг эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгжид бүртгэлтэй галт зэвсгийн тооллого энэ сарын 20-нд дуусах юм.

Энэхүү тооллого өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхэлсэн бөгөөд тооллогын ажил нийслэлд 52 орчим хувьтай явж байгаа аж.

Улаанбаатар хотод 13 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байгаа бөгөөд Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ЦЕГ-аас Галт зэвсгийн нэгдсэн сан ашиглалтад оруулжээ. Энэхүү санд галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон зургийг оруулж байгаа аж.

Ингэхдээ иргэд галт зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй бол хуулийн этгээд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээгээ авч очиход болох юм байна. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэй гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Сонгодог урлагийн нэвтэрхий толь Бадарчийн Хишиг-Ундралынх

Энэ удаагийн “Танайд өнжье” булангийн маань зочин Бадарчийн Хишиг-Ундрал. Дэлхийн сонгодог зохиолуудыг гайхалтай судалсан арвин их мэдлэгийн сан түүнд бий. Анх Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Сонгох цаг”-аар үзэгчидтэй уулзаж эхэлснээс хойш өнөөдөр телевизийн арав орчим нэвтрүүлэгтэй болж, ард түмэнд хэдийнэ танил болсон хүн. Тодруулбал, “ТВ-9” телевизээр гардаг “Ялагдаагүй амьдрал”, “Огторгуйн цагаан гарьд”, “Эрдэмтэнтэй ярилцах цаг”, “Нобелийн шагналтнуудын лекц”, “Хүн гараг”, “Миний байшин”, “Өв соёл” зэрэг нэвтрүүлгүүдийн автор билээ.

Үүнээс гадна баримтат киноны орчуулгыг ч бэлтгэдэг юм. Б.Хишиг-Ундрал зохиолч дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгчдийн амьдрал, уран бүтээлийн тухай долоон ном, “Навчин шувуу” шүлгийн ном, “Ялагдашгүй ганцаардал”, “Би ганцаараа бүтээсэн юм биш”, “Ялагдаагүй хүмүүний алтан заяа” зэрэг уран бүтээлийн намтар, “Сонгох цаг” орчуулгын түүвэр гэх мэтчилэн олон номоо уншигчдын хүртээл болгосон. Тэр дундаас “Ялагдашгүй ганцаардал” ном нь дөрөв дэх удаагаа хэвлэгдэж байгаа аж. Үүнээс гадна “Зөн билигтэн”, “Эцсийн цэг” 26 ангит, “Хувилгааны эрэлд” 30 ангит уран сайхны кинонуудын зохиолыг бичсэн юм. Дэлхийн сонгодог урлагийн мастеруудын бүтээлийг орчуулж, олны хүртээл болгосон түүнд ОХУ-ын Соёл урлагийн академиас “Соён гэгээрүүлэгч” шагналыг олгосон билээ. МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, соён гэгээрүүлч Б.Хишиг-Ундралынд бид энэ амралтын өдөр товлосон цагтаа очлоо.

УРАН ЗУРАГ, МОРИНЫ ХОРХОЙТОЙ ЗОХИОЛЧ

Б.Хишиг-Ундралынх Бэлхийн амны зуслан дахь хувийн сууцдаа өвөлждөг юм байна. Гэрийн эзэн энэ газраа эдлэн хэмээн нэрлэх дуртай аж. Тэрбээр “Манайх хоёр гэртэй л дээ. Хотын гэртээ хааяа очдог. Голдуу энэ эдлэн газартаа амьдардаг юм. Уран бүтээлч хүний хувьд цэвэр агаарт, чимээнээс хол, байгаль эхтэйгээ ойр байхыг илүүд үздэг дээ” гэв. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр тэдний хашаа нь бусдаас ялгарч харагдана. Байшингийнхаа хаалганы хоёр талд арслангийн баримал байрлуулжээ. Цэлгэр том хашааны нэг буланд дөрвөн машин уужуу багтахаар гарааш барьсан байв.

Энэ суурин дээрээ хоёр давхар хаус барьж, урлан байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Цаахна талд дахиад нэг том байшингийн суурь харагдав. Тэнд охиндоо зориулж байшин барих гэж буйгаа сонирхууллаа. Харин одоо амьдарч байгаа байшингаа хүүдээ өвлүүлнэ гэж ярив. Эднийх дөрвөн янзын нохой тэжээдэг юм байна. Өнгө, зүс ижилгүй бие томтой нохдыг нь харсан хэн ч сүрдмээр. Гадны хүн ирснийг мэдсэн ноход хуцаж байснаа гэрийн эзний дуугаар бүгд нам болов. Тэдэн дундаас Франц гэдэг нэртэй немц овчарк нь хүний хэл маш сайн мэддэг сургуультай нохой юм билээ. Гэрийн эзэд Францаас нуух шаардлагатай зүйлсийн талаар ярихдаа товч үсгээр ярьцгаадаг гэнэ. Жишээлбэл, дэлгүүр явахаар болбол “Д” гэдэг аж. Хоолны тухай бол “Х” гэхчилэн нууц хэлээр ярьдаг байна. Ингээд эрхэм зохиолчийн гэрт ортол үүдэндээ “Эмх цэгцтэй айлын нохой эмэгтэй хүн рүү дайрдаггүй” гэсэн пайз хаджээ. Цаашаа орвол ямар сонин, хачин зүйл олж харах бол гэхээр үнэхээр сонирхол татаад явчихлаа. Үүдэн хэсэгтээ нэмж барьсан зочин хүлээж авах танхимынхаа дотоод заслыг хийж байгаа бололтой. Том, том цэлгэр цонхтой болохоор гадна орчин тод харагдахаар. Эднийх дулаанаа шалны халаалтын системээр шийджээ. Тохилог дулаахан, дотроо халуун, хүйтэн устай гээд орон сууцнаас дутах юм алга.

Гэрийн эзний ганц сонирхол нь уран зураг гэнэ. Бас адуунд дуртайгаа сонирхуулав. Өнгөрсөн арваннэгдүгээр сард их зүйл амжуулсан гэж ирээд л нүд нь гэрэлтээд явчихав. Лавлаад асуутал “Би адуунд их хайртай. Багын мөрөөдлийн минь нэг. Намайг багад нутгийн хөгшчүүл хурдан морь захидаг байлаа. Тэгэхэд нутгийн залуус шоолдог байв. Хотын жаахан хүүхдэд хурдан морь захихдаа яадаг юм бэ гээд л. Жайжаа, Мижид гээд нутгийн хөгшчүүл Ундралын нүд та нарыг бодвол морь танина гэдэг байсан шүү. Сумын наадам болохоор гараан дээрээс энэ тав эхэнд орж ирнэ гэхэд яг таардаг тийм малын нүдтэй хүүхэд байсан. Сая би Архангай аймгийн Багшийн сургуулийн багш Батбаатарын хүүгээс хул зүсмийн эмнэг үрээ авлаа. Мянга орчим адуун дунд ороод энэ морийг сонгоход гэрийн эзэд инээлдээд явчихав. Аргагүй л чамд билгийн нүд байна шүү” гэдэг байгаа. Тогоруу халтрын угшилтай, Эрдэнэчулууны шарга азаргын цус орсон, тэр азаргын өвөг эцэг нь улсын наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан тийм адууны үргэлжлэл авлаа. Өвөг эцгийнхээ хурдан буяны удмыг залгуулах санаатай Өвөрхангай аймгийн Бүрд сумандаа аваачаад ирлээ” гэв. Түүний уран зургийн цуглуулгыг хараад байхад голдуу морьтой холбоотой бүтээл зонхилно. 200 гаруй уран зураг байдаг аж. Эдгээрээс хамгийн үнэтэй нь 15 саяар үнэлэгдэх Дугар Зайсангийн тухай бүтээл. Араатан барыг нүцгэн гараараа номхотгож байгаа ширүүн харцтай бадриун эрийн энэ зургийг зочны өрөөндөө өлгөсөн байв. Энэ мэтчилэн зочны өрөөний ханаа олон сонирхолтой уран зургаар чимжээ. Харин түүний унтлагын өрөөнд Б.Лхагвасүрэн гуайн “Гоо марал” бүтээл харагдав. Эрхэм зохиолч таалагдсан зургаа огт эргэлзэлгүй шууд авчихдаг шийдэмгий шийдвэр гаргачихдаг бололтой. Мөнгөн дүнгээр хэмжигдэхээргүй үнэ цэнтэй зургууд олон байгаа аж.

Эдний байшингийн зохион байгуулалт нь тун догь. Том өрөөнийхөө хананы нэг хэсэгт модны тайрдсыг нимгэн зүсч наажээ. Тэнд Монгол орны газрын зураг хэлбэртэй чулуун дээр “Идэх алим өөрөө ургадаггүй” гэсэн бичээс байв. Дор нь 2007-07-11 гэсэн он сар бичжээ. Энэ тухайгаа гэрийн эзэн “Тэр өдөр би ийм байшин барина гээд зэргэлдээх уулан дээрээ гараад ам тангараг өгч байсан юм” гэж тайлбарлав. Гэрийн хойморт хуучин цагийн оёдлын машиныг шилэн хоргонд хийж тавьсан нь нүдэнд тусав. Дээр нь “Борхон ходоодуудыг минь өлсгөөгүй буянт ээжийн минь оёдлын машин” гэж бичжээ. Б.Хишиг-Ундрал зохиолч “Ээж минь зургаан өнчин хүүхдийг тэртээх хүнд хэцүү он жилүүдэд ганцаараа тэжээхдээ энэ л оёдлын машинаар юм бүхнийг оёдог байлаа. Үүний ачаар бид өлсч, цангаагүй өссөн юм” гэж ээжийгээ дурсав. Мөн хоймортоо “Алтан гадас” одонгоор шагнуулсныхаа дараа бэлгэнд авсан морин хуур, багадаа унаж байсан хурдан мориных нь ташуур гэхчилэн нандин зүйлсээ залжээ.

Эрхэм зохиолчийн ажлын өрөө нь сонирхолтой ертөнц. Шилэн хаалгаар тусгаарлагдсан түүний өрөөнд номын хорхойтнуудын арааны шүлс гоожмоор бүх л цаг үеийн сонгодог бүтээлүүд байна. Тэдгээрийг агуулдаг шүүгээ нь гэхэд л Монголд хоёрхон айлд байдгийн нэг нь аж. Гадаадаас захиалгаар хийлгэж ирүүлсэн номын сангийн нөгөө ижил нь шог зураач Цогтбаярынд байдаг аж. Харин ширээн дээр шинэ уран бүтээлийн гар бичвэр харагдав. Б.Хишиг-Ундрал зохиолч огт компьютер дээр бичдэггүй аж. Зөвхөн ямар ч шугамгүй бичгийн цаасан дээр хар өнгийн бэхтэй үзгээр бүтээлүүдээ туурвидаг байна. Энэ намуухан өрөөндөө кофегоо дэргэдээ тавиад шөнө дөл болтол суучихдаг гэнэ.

Гэрийн эзэгтэйг Г.Мөнхжаргал гэдэг, Хэнтий аймгийн харьяат. Анаагахын сургуулийг сувилагч, МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Одоо МУБИС-ийн лицей дунд сургуульд зохион байгуулагч хийдэг байна. Анагаахын сургууль төгссөнийхөө дараа НХАЯамны эмнэлэгт сувилагчаар орж байхдаа ханьтайгаа танилцжээ. Тухайн үед Б.Хишиг-Ундрал зохиолч оюутан байж эмнэлэгт хэвтэж байгаад танилцжээ. Эднийх гурван хүүхэдтэй. Х.Эгшиглэн, Х.Гүнбилигт, Х.Гүнболор гэсэн нэр хайрлажээ. Эднийх маш эмх цэгцтэй айл болох нь алхам бүрт ажиглагдаж байлаа. Хүүхдүүдийн өрөө тус тусдаа бөгөөд хичээлийн ширээнүүд дээр аавынх нь зураг харагдана. Сонирхоод асуутал “Хичээлээ хийж байна уу гэдгийг аав нь анхааралтай харж байгаа шүү гэсэн утгатай” гэсэн хөгжөөнтэй хариу өгөв. Х.Гүнбилигт, Х.Гүнболор нар 23 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид аж. Х.Гүнбилигт хүү дунд ангиасаа ном орчуулж эхэлжээ.

Б.Хишиг-Ундрал зохиолчийнх 14 хоногт нэг удаа хуралдаж, ойрын хугацаанд хийх болон хэтийн төлөвлөсөн ажлуудаа ярилцдаг байна. Гэртээ аав, охин хоёр нэг тал болдог бол ээж, хүү хоёр нэг фракц гэнэ. Аав, охин хоёрын маркетингийн алба гэдэг бол ээж, хүү хоёрыг инженерийн алба гэж нэрлэдэг ажээ. Гэрийн эзэн номын хүн болохоор гал тогоо руугаа өнгийхгүй. Зөвхөн амралтын өдрөөр гарынхаа банштай цайгаар гэрийнхнийхээ ядаргааг тайлдаг тогтсон уламжлалтай юм байна.

Эрхэм зохиолч эхнэрээ “Хонгор ээж”, хүүхдүүдээ “Хосгүй сайхан” гэж дууддаг юм билээ. Гэр бүлийн харилцаа, халуун дулаан байх, энхрийллийн нэр гэнэ. Эхнэртээ анхны харцаар дурлаж, өрх тусгаарлахдаа алимны хайрцган дээр зурагтаа тавиад ганц төмөр ортой амьдрал эхлүүлж байсан нандин дурсамжаа зураглаж байгаад ярив. “Манай нөхөр маш шударга, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, амлалтаа биелүүлдэг зан чанартай. Хэдэн жилийн өмнө бид хороололд явж байтал хоёр хүн хүүхдийн хувцас зарах гээд бариад хүрээд ирлээ. Архи үнэртүүлчихсэн, тэдгээр хувцсаа авчих гээд шалав. Тэгэхэд нөхөр маань “Би хувцсыг чинь авахгүй. Наад хувцаснуудаа хүүхдүүддээ аваачиж өмсүүл” гээд оронд нь 20 мянган төгрөг өгөөд явуулж байсан юм. Гэтэл өнгөрсөн наадмаар Хүй долоон худагт морины бариан дээр нөхөр маань зураг авалттай байхад нь нэг залуу гэр бүлтэйгээ ирээд талархаж явдаг шүү гэж байсан гэсэн. Гайхаад асуутал өнөөх хороололд явж байсан залуугийн нэг байж. Архинаас гарчихсан, сайхан амьдарч байгаагаа хэлэх гэж ирсэн нь тэр. Ер нь манай хүний номыг уншаад хүмүүс их ханддаг. Амьдралд нь ямар нэгэн сайхан үйл явдал, өөрчлөлт боллоо гээд л. Тэр тоолонд бид маш их баярладаг” гэж гэрийн эзэгтэй ярилаа.

БАГЫН МӨРӨӨДЛӨӨ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛСЭН НЬ…

Б.Хишиг-Ундрал зохиолч эцэг, эхээс зургуулаа. Нэг эгч, дөрвөн дүүтэй ажээ. Түүний бага нас тун ч ээдрээтэй байсан гэдэг. Багадаа эцгээсээ өнчирч, хүнд хэцүү амьдралыг туулсан бөгөөд хэзээ ч хүн чанараа гээж болохгүй, худлаа ярьж, хулгай хийхгүй гэсэн чин үнэнч бодол түүнд байжээ. Амьдралын ширүүн шуургыг сөрж өдий зэрэгт хүрснээ “Ялагдашгүй ганцаардал” номд нь өгүүлсэн байдаг юм. Долдугаар ангид байхдаа Боловсролын яамны тамгатай улсын шалгалтын цаасан дээр “Холбоочин Жанчив” гэдэг шүлэг бичээд явуулсныхаа төлөө нэлээд банга хүртэж байсан гэдэг. Үүнээсээ болж багштайгаа маргаад ангийнхаа хаалгыг саваад гарахдаа “Би Ломоносовын улаан дипломтой ирнэ дээ” гэж хэлж байсан гэдэг. Ингээд сургуулиасаа завсардаж, гутлын үйлдвэрт ажилд оржээ. Гэвч тэрбээр Москва явж сурах туйлын мөрөөдлөө огт гээгээгүй байна. Гэтэл арван жилийн гэрчилгээ байхгүй, мөрөөдлөө биелүүлэхэд ангал үүсэхээр болж. Харин жаал хүү юунд ч бууж өгөлгүй оройгоор суралцан аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн байна. Б.Хишиг-Ундрал зохиолч багын хөдөлгөөнтэй, ажилсаг, сэргэлэн хүү байж. Тарвага, хонины арьс элдэж өгөөд хэд гурван төгрөг олохоороо номд зориулдаг байж. Тэрбээр МЗЭ-ийн хорооны мундагчуудад тоогдож чадсан их эр. Үйлдвэрт гуталчин хийж байхдаа “Нийслэлийн сонин бичиг” сонинд үйлдвэрийнхээ даргыг шүүмжлээд биччихжээ. МЗЭ-ийн хорооны Удирдах зөвлөлийнхний хараанд өртөв. Тухайн үед Д.Пүрэвдорж, Д.Маам, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Очирхүү, П.Бадарч, Сампилдэндэв гуай нар Удирдах зөвлөлийн хурлаа хийж байхдаа гуталчин хүүгийн бичсэн шүүмжлэлт нийтлэлийг уншаад “Яасан сүрхий бичдэг хүүхэд вэ. Дуудаад үзье” гэжээ. Ингээд үйлдвэрийн ажилчин Б.Хишиг-Ундрал хүү гутал наах гээд сууж байтал мастер нь “Зохиолчдын эвлэлийн хорооноос чамтай ярья гэж байна” гээд дууджээ. Энэ тухай тэрбээр “Одооны бацаанууд хаалгыг нь өшиглөөд л ордог МЗЭ-ийн хороо миний хувьд бурхны диваажин байлаа. Ингээд хэдэн шүлгээ бариад зохиолчдын эвлэлийн хороо руу орлоо. Бөөн тамхины утаа, архи үнэртсэн өрөө байна. Шүлгээ унш гэхээр нь гурван шүлэг дуудав. Тэр том луугарууд нүдээ аньчихаад л сонсоод байна. Тэгснээ аймар асуултууд тавьж байв. “Нэг талхнаас салгаад, нөгөө талхыг өгье. Чи чадах уу” л гэж байна шүү. “Чадна аа” гэлээ. “Цаашдаа сургууль соёлд орох бодол байна уу” л гэж байна. Би Москвагийн их сургуульд сэтгүүлчийн ангид явмаар байна гэхэд нөгөөдүүл нирхийтэл инээлээ. Тэр үед Д.Маам гуай Р.Ганбат гээд Ломоносов төгссөн мундаг хүн рүү залгаж байна аа. “Нэг авьяаслаг хүүхэд оллоо. Хажуудаа аваад юм сургаадхаач, хавар Ломоносовын сургууль руу явуулъя” гэхээр нь өөртөө итгэж ядлаа. Ингээд “Үндэсний соёлын зам” сэтгүүлийн эрхлэгч нь Р.Ганбат гэдэг хүнтэй уулз гээд намайг явуулсан юм. Энэ тухайгаа ээждээ хэллээ. Гэтэл ээж маань загнаад “Тэр зохиолчид чамайг онгироож байгаа юм. Наад гутлаа хийгээд л байж бай” гэдэг байгаа. Ийм үг сонсгосон ээждээ гомдоод сууж байтал Жавзан эгч гаднаас ороод ирэв. Бурхан түүнийг илгээсэн байх гэж боддог юм. Москвад их сургууль төгссөн, ээжийн найз эгч л дээ. Би урвайчихсан сууж байтал “Яасан миний хүү” гэв. Ээж хажуугаас “Наадах чинь сэтгүүлийн газар ажилд орно гээд, зохиолчид баахан онгироожээ” гэтэл Жавзан эгч ээжийг тачигнатал загнав. “Тэр том хүмүүс хүүг чинь олж хараад байхад” гэх нь тэр. Ингээд Жавзан эгч ээж бид хоёрыг дагуулаад сонины газар очсон доо. Хамгийн анх “Сүү амсаж үзээгүй хүүхдүүд” гээд үр хөндөлтийн талаар бичиж байв. Р.Ганбат гуай надад их ч юм сургасан даа. Ломоносов руу явдгийн даваан дээр Оросын Дум руу танк ороод үймээн самуун боллоо. Ингээд гадаадаас оюутан авахгүй гээд ээж эсэргүүцээд сүйд болов. Тэр үеэс манай ангийн Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир, Б.Мөнхцэцэг гээд “Болор цом”-д ороод ирлээ. Ингээд зохиолчдын хороо авьяаслаг арван хүүхдийг шилж аваад Утга зохиолын анги нээж, тэнд оюутан боллоо” гэж амьдралаа ярив. Тэрбээр нэгдүгээр курст байхдаа А.С.Пушкин, С.Ессенин гээд Оросын алдартай зохиочдын бүтээлүүдийг орчуулчихсан, хоёрдугаар курстээ “Зөн билигт” гээд уран сайхны киногоо хийчихсэн байж. Дэлхийн сонгодгуудыг уншчихсан, үеийнхнээсээ дээгүүр хардаг нэгэн байх нь ойлгомжтой. Ер нь томчуудтай хөөрөлддөг сэтгэхүй нь үеийнхнээсээ илүү задарчихсан оюутан байжээ. Хэтэрхий шударга зангаасаа болж ангийнхаа багштай маргалдаж, ёс зүйгүй авирыг нь шүүмжилснийхээ төлөө сургуулиа орхиход хүрсэн байна. Тухайн үед О.Дашбалбар багш нь түүнийг дуудуулж, Дорно дахины их сургуульд суралцаж төгсчээ. Дипломоо онц дүнтэй хамгаалаад Үндэсний телевизэд орсон байна. Тэндээ гурван жил ажиллаж байгаад Москва руу М.Горькийн сургуульд явжээ. Түүнээс гадна үргэлжилсэн үгийн их мастер Доржготовын Энхбат Москва руу явах болзол хангаад байж. Гэтэл оросын тал нэг хүн авна гэжээ. Энэ тухайгаа Б.Хишиг-Ундрал зохиолч “Тэр мундаг хүн би явна гээд зүтгээгүйд ээж маань одоо хүртэл баярладаг, хайртай байдаг юм” гээд ярингаа телевизийнхээ сувгийг сольтол Д.Энхбат зохиолч гарч байв. Тэрбээр сэтгүүлч Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байсан болно” нэвтрүүлэгт орж байлаа.

М.Горькийн сургуулийг улаан дипломтой төгсч ирсэн Б.Хишиг-Ундрал өнөөх хаалгыг нь саваад гарч байсан 75 дугаар сургуулийнхаа ойн баярт уригдаж очоод үг хэлэхдээ “Би олон жилийн өмнө Ломоносовын их сургуулийн улаан дипломтой ирнэ гээд ангийнхаа хаалгыг саваад гарч байсан. Тэгвэл түүнээс ч мундаг М.Горькийн сургуулийг төгсөөд ирлээ” гээд дипломоо өврөөсөө гаргаж иртэл хүмүүс алга ташиж байсан гэдэг.

ЭРХЭМ ЗОХИОЛЧИЙН ФИЛИСОФИ

Б.Хишиг-Ундрал зохиолчийн амьдралдаа баримталдаг зарчим нь мундаг зохиолчдын өөрт нь зориулан хэлж байсан сургаал, тодотголуудтай шууд холбоотой ажээ. Жишээлбэл, “Ялахын төлөө ялагдах ёсон байна. Гэвч эцсийн тулаанд ялсан байх ёстой” гэж түүнд зориулж хэлсэн Д.Пүрэвдорж гуайн үгийг амьдралдаа мөрдлөг болгодог байна. Мөн Сампилдэндэв багшийнх нь “Нэг жил зовоод насаараа жаргах уу, нэг жил жаргаад насаараа зовох уу” энэ сонголтоо чи өөрөө хий. Оюутан байхдаа их унш, өөрийгөө ялтай хүн гэж тооцох хэрэгтэй. Цагийн хулгайчтай нөхөрлөхгүй, ном их унш гэдэг байсан” гэсэн үг оюутан ахуй цагаа маш үр бүтээлтэй өнгөрүүлж, насныхаа өв хөрөнгийг олж авахад нөлөөлж чаджээ. Тиймээс “Ялагдашгүй ганцаардал” хэмээх номоо дөрөв дэх удаадаа хэвлэхдээ Сампилдэндэв багшийнхаа гэгээн дурсгалд зориулсан байна. Б.Хишиг-Ундрал зохиолчийн хамгийн ихээр хүндэлж явдаг хүний нэг бол О.Дашбалбар багш нь ажээ. Оюутан байхад нь түүнийг хажуугаасаа огт салгадаггүй байж. М.Горькийн сургуульд явахад нь хүртэл О.Дашбалбар гуай УИХ-ын гишүүн байсан бөгөөд “Гэгээн сэтгэлтэй хүү. Соён гэгээрүүлэгч” гэж тодотгож байсныг нь номдоо онцолжээ. Б.Хишиг-Ундрал зохиолч одоо хүртэл О.Дашбалбар багшийнхаа номыг дэрэн дороо хийж унтдаг юм билээ. Түүний амьдралын зураглалыг хөөрөлдөн өнжихөд олон сайхан найзаа дурсан ярьж байсан. Утга зохиолын ангийн эрхэм найзуудтайгаа элгэмсэг дотно гэнэ. Тэдэн дундаас Ц.Хуланг маш их хүндэлдэг дотнын сайхан найз нь аж. Учир нь түүний үзэл бодолдоо үнэнч байдал, тууштай шударга, өөртөө итгэлтэй байдал гээд Б.Хишиг-Ундрал зохиолчтой адил зан чанар байдаг бололтой.

Зохиолч, яруу найрагчид эхнэртээ, гэргийдээ, найз бүсгүйдээ зориулж шүлэг, захидал их бичдэг. Энэ тухай эрхэм зохиолчоос асуутал “Захидлыг хүмүүс “Сайн байна уу” гээд л эхэлдэг. Харин миний хувьд зохиол шиг бичихийг эрхэмлэдэг. Гэхдээ эхнэртээ захидал бичиж байгаагүй юм байна. Харин гэргийдээ зориулж нэвтрүүлэг хийгээд Орос, Монголын телевизээр нэвтрүүлж байлаа. Мөн “Чив чимээгүй хавар” гэдэг шүлэг бичиж, нэвтрүүлэг дундуур гаргаж байсан.

…Чив чимээгүйхэн хавраар

Чи бид хуримын хувцсаа өмсөх болно

Чив чимээгүйхэн намраар

Чи бид хуримын хувцастайгаа өтлөх болно… гэж бичсэн шүлэгтээ үнэхээр их хайртай” гэлээ. Ер нь эрдэм номын хүмүүсийн амжилтын нэг үндэс нь гэр бүлийн хүн нь байдаг. Амьдралын өдөр тутмын ачааг нуруун дээрээ үүрч, хань ижил, үр хүүхдээ мөр бүтэн явуулахад яах аргагүй эхнэр хүний үүрэг оролцоо чухал. Тиймээс Б.Хишиг-Удрал зохиолч эхнэрээ тодорхойлохдоо “Бурхнаас надад илгээсэн сахиусан тэнгэр” хэмээн зүйрлэж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батчулуун: Би ёстой эх оронч биш

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа.


-Болж байгаа үйл явдлуудыг харахаар заримдаа эргэлзээ төрөх юм. Төрийн мөнгө шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа нөхөр “Эх орончийг хэлмэгдүүллээ” гэж ярьж байна. Үнэхээр эх орончийг хэлмэгдүүлээд байна уу. Хэн нь хонь, хэн нь чоно юм бол. Философич хүн энэ бүхнийг ямар өнцгөөс хардаг вэ?

-Хэсэг залууст яриа хийж байхад нэг нь надаас ингэж асуулаа. “Та ер нь хэр зэрэг эх оронч хүн бэ” гэж. Би “Ёстой эх оронч биш” л гэж хэлсэн. Өөрийгөө л дөнгөж болгож байгаа хүн. Эх оронч гэдэг аюултай ойлголт. Энэ үгийг муу, сайн юмнуудаа нуух халхавч болгодог. Адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар эх оронч үзэл гэж яриад байдаг үнэн. Бусдад гай тарихгүй амьдарч, миний төлөө та нар татвар мөнгөнөөсөө өгдөггүй л байх юм бол би иргэний үүргээ биелүүлж байна гэж үздэг. Эх оронч гэгддэг хүмүүс хэзээ ямагт төлөвлөгөө боловсруулчихсан явдаг. Тэр төлөвлөгөөнд нь жирийн иргэн би ч хамрагдчихсан байдаг. Тэд миний зөвшөөрөлгүйгээр намайг хамгаалах гэж зүтгэнэ. Манай ихэнх эх орончийн сайхан үгсийн ард маш том хувийн төлөвлөгөө явдаг. Манайхан нутаг усаараа их ялгарах юм. Нам харгалзахгүйгээр нэгэндээ туслах гойд дуртай аймгийнхан ч бий. Энэ нь шударга өрсөлдөөн гэдэг юмыг алга болгодог. Сайн талаас нь харах юм бол нутгийнхандаа тусалж байна гэхээр. Ийм тус улс төрд байх ёсгүй. Хуйвалдаан, танил тал, арын хаалгаар бүхнийг цайруулж болохгүй. Буруу замаар будаа тээхэд буцахдаа шороо тээнэ гэдэг дээ.

Төрийн эрх мэдэл гэдэг хэнийг ч эвддэг аймшигтай механизм гэдэг. Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг гэсэн бас нэг үг бий. Магадгүй зарим нь хүн чанар сайтайгаасаа болж, найз нөхөд, нутгийнхандаа туслах гэж зүтгэсээр улс орондоо их гай болж байна даа. Их халдвартай үзэгдэл шүү дээ. Энэ хүн ингэж болж байна шүү дээ гэж өмнө нь шударга байсан хүн харамсдаг байхгүй юу. Дараагийн хүн нь бас л энэ замаар явдаг.

-Хувийн эрх ашгийг олон нийтийнхээс дээгүүр тавих халдвар тархаад байх шиг. Хаана байна тэр шударга ёс, ёс суртахуун, үнэт зүйл. Сүүлдээ мөнгө идэж уух гэж л төрд гардаг юм даа гээд бараг л нийтээрээ хүлээн зөвшөөрөх шахуу юм болж байна?

-Угаасаа ёс суртахуун гэдэг юм байхгүй байж харлах юм биш байгаа даа. Дээр үед С.Галсан гэж орос хэлний доктор “Совесть гэдэг үгийг монгол хэл дээр орчуулж болдоггүй” гэсэн юм. Угаасаа совесть гэдэг зүйл нь монгол хүнд байдаггүй учраас байхгүй зүйлийг тэмдэглэсэн үг гэж байдаггүй юм гэсэн л дээ. Ёс суртахуунгүй байдал маань бидний ёс суртахуун болчихсон юм биш биз дээ. Үүнийг хэвийн зүйл гэж үздэг болчихсон ч юм уу. Би үүнийг гайхахгүй байна. Ойлгомжтой болгохын тулд нэг жишээ авъя. Л.Эрдэнэчимэг гишүүн их муухай үйлдэл хийсэн. Гэтэл тэрийг нь дэлгэж тавьсан хүнийг нийгэм асар сөрөг хүлээж авсан. Бараг Л.Эрдэнэчимэгийг нь өрөвдөөд, дэлгэж тавьсан хүнийг нь дургүйцэж хүлээж авч байна. Энэ чинь ёс суртахуун урвуугаараа эргэсний шинж шүү дээ. Буруу зүйлийг зөв, зөв зүйлийг буруу гэж ойлгож байна. Хэр баргийн буруу зүйлийг “Байх л явдал ш дээ” гэдэг. Өрнийн соёл иргэншилд ичих булчирхай гэж бий. Санаа зовох сэтгэл гэдэг чинь ёс суртахууны том шинж шүү дээ. Тэд бол албан тушаалд очоод танил тал, үр хүүхдэдээ юм хуваарилах юм бол ичнэ. Маш их санаа зовно. Манайд бол “Батчулуун хүүхдэдээ тусалж л таарна ш дээ, мэдээж шүү дээ” гэж байна. Ийм байдал хэтэрхий түгээмэл болчихоод байна.

-Гадны албан тушаалтнууд бидний хувьд жижигхэн гэж тооцогдохоор алдаанаас болоод уучлал гуйгаад огцроод байх юм. Манайд болохоор намууд нь “Манай намын гишүүнийг барьсан нь шударга бус юм боллоо, хэлмэгдүүлэлт эхэллээ” гээд мэдэгдэл хийгээд байдаг?

-Үнэндээ хуулийн шалгуураар шалгах юм бол цаадуул чинь бараг зөвдөөд явчихна. Тэрийг бид ёс суртахууны үүднээс л буруутгаж чадна. Ёс суртахуун нь хэтэрхий дор түвшинд байна. Ерөөсөө энэ дээр байгаа хүмүүс чинь бидний тусгал. Бид гаргаж ирсэн улсууд байхгүй юу. Тэдний буруу үйлдлийг бид бараг хүлээн зөвшөөрөөд, жигшдэггүй, гайхдаггүй, сонор сэрэмжгүй байгаа. Монгол хүний ёс суртахуун доогуур нормтой байдаг даа гээд хэлчихээр хүмүүс дургүйцэх л байх. Надад тэгж л бодогддог.

-Ийм нөхцөлд яах вэ. Дараагийн шинэ үе гарч ирэхээр энэ бүхэн халагдана гээд найдаад суух уу. Энэ бүхэн яаж зөв голдрил руугаа орох вэ?

-Энэ тухай зааж зааварлахад хэцүү. Зөв хариулт хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө жигших ёстой юмыг жигшдэг байх хэрэгтэй. Ёс суртахууны норм гээд бас л философи ярих нь. Ёс суртахуун туйлын шинжтэй зүйл үү. Үе өнгөрөхөд ёс суртахуун гэдэг чинь өөрчлөгдөж байдаг юм уу, нэг л тогтчихсон тэр чигээрээ байдаг зүйл юм уу гэж. Ер нь нийгэм өөрчлөгдөх удаан үйл явц. Хувь хүний ёс суртахууныг өөрчлөх харьцангуй гайгүй байж магадгүй. Намайг хүн олигтойхон жигшээгээд ичээгээд, сонин сэтгүүл дээр “аваад хаячих” юм бол би алдаагаа засаад зайлсхийхийг хичээх болно.

-Гадныхан илүү их ёс суртахуунтай болохоор жижиг алдаандаа хариуцлага хүлээдэг юм болов уу. Эсвэл төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүсийг хуулиар “баринтаглаж” ёс суртахуунтай байлгах боломж байх уу?

-Хууль гэдэг чинь суурьшсан хүмүүст үйлчилдэг. Суурьшсан ард түмэн бол нэгнээсээ их санаа зовдог. Хууль гэдэг зүйлийн үндсэн шинж нь бичиг үсэг мэддэг хүмүүст үйлчилдэг. Хууль гэдгийг Янжмаа миний амнаас сонсдоггүй. Баараггүй, хөдөлшгүй томьёолсон бичиг байдаг. Ёс суртахуун ч мөн адил суурьшсан хүмүүст хүчтэй нөлөөлдөг. Тархай байгаа улсууд задгай ёс суртахуунтай. Нэгнээсээ ичих булчирхай нь бага хөгжсөн гэж би хараад байгаа. Япончууд айхавтар ёс суртахуунтай байдгийн хоёр жишээ татъя. Эхнийх нь 1860-аад онд болсон явдал. Газрын эзэн явахдаа зарцдаа хүнсний агуулах, гэрээ даатгаад “Би хоёр сар болоод ирнэ” гэж. Гай таарч гурван сарын дараа ирэхэд зарц нь өлсөөд үхчихсэн байж гэнэ. Хүнсний агуулахын түлхүүр тэр хүнд байсан. Энэ бол айхавтар том ёс суртахуун.

Хэдэн жилийн өмнө цунами болоход атомын цахилгаан станцад нь гэмтэл гарсан газарт өөр газраас цэвэр ус аваачжээ. Ус зөөж аваачсан хүн нь хэлж гэнэ. “Араас машин ирэх байх. Миний авчирсан ус энд цугласан улсуудад хүрэхгүй шүү” гэж л дээ. Оволзоод унах байх гэсэн чинь “Би нялх хүүхэдтэй” гээд зовлон тоочиж байгаа хүн алга. “Настай аавтай” гэж тайлбар хэлсэн хүн байхгүй. Залуу нь хамгийн урд зогсч байсан бол яг тэр дарааллаараа ус авчээ. Түүнийг харсан АНУ-ын сэтгүүлч “Энэ бол мундаг том ёс суртахуун байна” гэж бичсэн. Хэрвээ АНУ-д ийм явдал болсон бол маш олон дэлгүүр тонуулсан байгаа даа гэсэн. АНУ ёс суртахуун, япон ёс суртахуун огт өөр. Манайд бол бүр сүйд болно доо. Ёс суртахуун гэдэг юм тогтоход тухайн ард түмний туулж ирсэн амьдрал, түүх нь нөлөөлдөг шиг байгаа юм. Тухайн ард түмний үндэсний соёлд шашин гол үүрэгтэй байсан уу, төр нь гол үүрэгтэй байсан уу хамаагүй. Манайхан “Ичих булчирхай алга” гээд байдаг. Ичнэ гэдэг чинь ёс суртахуунтай хүний ойлголт шүү дээ.

-Ёс суртахууны үнэлэмж шинэ цаг үед зохицохгүй бол шинээр бий болгох ёстой юу?

-Ер нь хүчээр дээрээс тогтоож байгаа юм хуурамч байдаг. Мөрдөж байгаа дүр үзүүлж байгаад хяналт алга болох юм уу, хууль журам алга болоход мөрдөхөө байчихдаг. Аяндаа тогтсон эмх журам баттай. Үндэстний ёс суртахуун гэдэг юм аль болохоор албан бус байдлаар тавигдах учиртай. Ёс суртахуунтай хүний хандлагыг нийтэд түгээх нь ч өгөөжтэй байж болно.

-Нийгмийн задралын дараахан хүмүүсийн шинэ үнэт зүйл хараахан бүрэлдээгүй үед ёс суртахууны уналт гэхээр зүйлүүд үргэлжлээд байж болох уу?

-Социализмын үед гэр бүлээ тэжээх гэж явсан хүнийг хамт олонч гэж нэрлэдэг байсан юм. Өдөр шөнөгүй ажиллаж байсан цаад шалтгааныг нь сайн маажиж малтаад үзэх юм бол олон хүүхэд, гэр бүлийнхээ төлөө л зүтгэсэн байдаг. Тийм зүйлийг худлаа магтаж, нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж явсан гээд байдаг. Ийм далд байсан зүйл ерээд оноос хойш хэсэг хугацаанд илэрсэн байж магадгүй. Тэгвэл капиталист гэж байгаа өрнийн соёл иргэншилд чамайг өөрийнхөөрөө байх, амиа бодохыг чинь зөвшөөрчихсөн. Энэ бүхэн аяндаа ёс суртахуун болоод тогтчихдог байна. Тэнд байгаа хүмүүс худлаа дүр үзүүлдэггүй. Янжмаа миний төлөө гүйх ёстой биш гэдгийг Батчулуун ойлгоно. Ингээд бусдад гай учруулахгүйгээр өөрийнхөө төлөө явна гэдэг ийм ёс суртахуун хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэрэг.

-Засгийн эрхэнд гарсан нам нь өмнөх УИХ-ын үед баталсан хуулиудыг буцааж өөртөө зохицуулж өөрчлөөд байдаг буруу хандлага бий боллоо?

-Буруугаар зөвийг цохиж унагана гэдэг. Нөгөөдүүл нь дандаа зөв хууль гаргаагүй байж болно. Түүгээр нь далимдуулаад өөрсдөдөө ашигтай өөрчлөлт хийдэг. “Хуулийн дагуух бүх юм зөв байдаггүй” гэж Уильяам Грантын хэлсэн үг бий. Зөв буруугийн тухай ойлголтыг хууль дээр битгий түшиглээсэй. Ёс суртахуунд л түшиглээсэй. Өөртөө зохицуулж хууль гаргачихаад хуулийг яс мөрдөнө гээд байвал муухай шүү дээ.

-Либертариуд аль болох төрийн эрх мэдлийг хязгаарлаж, иргэний эрхийг томруулах тухай ярьцгаадаг. Гэхдээ бодит байдал дээр төрийн зохицуулалттай эдийн засаг байх хэрэгтэй гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа юм биш үү?

-Бидний сэжиглэж хүлээж авдаг үгийн тоонд төрийн зохицуулалт, журамлалт, төлөвлөлт гэдэг үгс багтдаг. Үүний цаана хувь хүний амьдралд оролцох, өмдөө хэрхэн товчлох, байцаагаа хэрхэн дарахыг заадаг төр бий болох гээд байдаг аюултай. АНУ-д хүртэл аюултай журамлалт тогтлоо гэцгээж байна. Бараг социалист болоод байна гэнэ. Би нэг байгууллагад цахилгаанчин байлаа гэхэд ширээ эвдэрсэн байхад очоод засч болохгүй. Яагаад гэвэл хүний ажлын байрыг булаасан болно. Мужаан эвдэрсэн баахан ширээгээ засч дуусгаад долоо хоногийн дараа иртэл ширээ эвдэрхий хэвээр л байна. Журамлалт гэдэг ийм аюултай. Хүний бүтээлч байдлыг хязгаарладаг. За, Янжмаа хэдүүлээ амьдардаг вэ гэвэл “Би хөгшин ээжтэйгээ, хоёр хүүхэдтэйгээ, нөхөртэйгөө амьдардаг” гэнэ. За тэгвэл танайх таван ам бүлтэй бол чи хоёр 00-той, гурван өрөөтэй байх ёстой гээд байдаг.

-Нэг хүнд төдөн метр кв ногдох ёстой. Тэгж чадахгүй бол эцэг, эх байх эрхийг чинь хасна гээд байвал хэцүү л дээ?

-Ингээд байгаа юм. Би настай болчихсон. Миний хүүхэд хөдөлмөрлөх насанд хүрээгүй ч биеэр том байж болно. Гэхдээ тэр хүүхэд ажил хийж өвчтэй эцэгтээ тусалж болохгүй. Яагаад гэвэл насанд хүрээгүй хүн ажил хийх нь хөдөлмөрийн хууль зөрчсөн болно гэх жишээтэй.

-Либертари үзэлтнүүдэд няцаалт өгч байгаа бас нэг шүүмжлэл нь “Үнэхээр тэр ардчилал чинь үр дүнтэй юм бол яагаад эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа юм бэ” гэдэг?

-Чухамхуу либертари зарчмаар яваагүй учраас эдийн засаг унаад байгаа юм. Төр бизнест хэтэрхий их оролцсон. Төр гаднаас хэт их зээл авсан. Тендерийн шалгаруулалт шударга байж чадаагүй. Өрсөлдөөний зарчмаар хуваарилахгүй, улстөрчид дандаа танил тал, найз нөхөд, нутаг усныхандаа илүү боломж олгож ирсэн. Чухам төрийн оролцооноос болж эдийн засаг унаад байгаа юм. Өрсөлдөөн гэдэг капиталист эдийн засгийн амин сүнс. Өрсөлдөөнд тэсч үлдэх чадваргүй бизнес сүйрч байх учиртай. Гэтэл улсаас татаас өгөөд торгоогоод байна. Төр амжилттай яваагаас нь аваад, амжилтгүй яваад нь өгдөг систем тогтоосон. Тийм ч учраас Шумпетер өрсөлдөөнийг сүйрүүлэн бүтээхүй гэж тодорхойлсон. Харахад сүйрүүлээд байгаа юм шиг мөртлөө нийгэмд үүрэгтэй нь үлддэг. Алга болох ёстой юм нь алга болж байж эдийн засаг хөгжинө.

-Саяхан болсон Далай ламын айлчлал эдийн засаг уу, эрх чөлөө юү гэдэг эргэлзээг олон хүнд төрүүлсэн болов уу. Бид тусгаар улс юм бол хэнийг шүтэж бишрэх, хэнийг урих нь монголчуудын хэрэг. Гэтэл энэ бүхний дараа хятадууд зээл өгөхөө хойшлууллаа гэж айлгасан мэдээлэл яваад байгаа?

-Бид либертари зарчмаас хол, хатуу чанга төртэй хөршүүдтэй. Хажуу талд байгаа улс маань шүтэн бишрэх эрх чөлөө нь энэ улсад байгаа гэж хүлцэн тэвчихгүй байна л даа. Хоёр хүн байлаа гэхэд нэгийгээ өөрөөсөө өөр үзэлтэй байхыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийнхөөрөө байлгах гэж дарамтлах нь бий. Тийм байж болохгүй. Либертари зарчимгүй болохоороо л манайхныг хааж боогдуулах гээд байна гэж харж байна. Манай үндэстний халдашгүй дархан эрх бий. Хэн нэгнийг шүтсэний төлөө хөндлөнгөөс хэн нэгэн янз бүрийн мэдэгдэл хийгээд байж таарахгүй. Бид үүнээс илүү яаж тайлбарлах юм. Хүн дээр яривал бас л нэгнийхээ хүрээ рүү ороод байгаа асуудал шүү дээ. Гэхдээ л ер нь эдийн засгаа бие дааж хөгжүүлсэн нь дээр дээ.

-Би танаас санаа зовоосон сэдвээрээ баахан асуучихлаа. Философич хүний хувьд таны санааг зовоосон асуудал байгаа юу?

-Би ч харьцангуй индувидуалист (хувь хүнийг дээдлэх үзэлтэн) гэх юм уу даа либертари үзэлтэй болохоосоо өмнө 2000 онд бие дааж нэр дэвшсэн. Бараг хамгийн сүүлд орчихоо шахсан. Хараад байхад хүмүүс асар муу сонголт хийж байна. Ийм сонголт хийж байгаа тохиолдолд энэ бүх буруу хандлага мөддөө арилахгүй. Хүмүүс өөрчлөгдөөгүй цагт энэ бүхэн нэг их өөрчлөгдөхгүй байх даа.