Categories
мэдээ нийгэм

АТГ-аас зөвлөмж хүргүүлэв

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн тус газраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагын удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг боловсруулан хүргүүлсэн байна.

2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь шинээр томилогдон өөрчлөгдсөн тул Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйн удирдлагаар хангаж сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчин гарсан орон нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл 12-р сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн. Тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж 72 цагийн дотор холбогдох арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь авч ажилласан байна. Хонгор сумын хоёрдугаар багийн Зурамтай гэх газрын Хар модотын гуу орчимд хонь ямааны цэцэг өвчин гарсанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу 5 айлыг оролцуулан 4 км радиустай голомтын бүсийг тогтоож 255 бог малыг устгаж 396 бог малд вакцин хийжээ.

Хонгор сумын нэгдүгээр баг буурлын орчимд хонь ямааны цэцэг өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08 өдрийн 246 дугаар захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу 4 айлыг оролцуулан 200 метр радиустай голомтын бүсийг тогтоож 41 бог малыг устган 80-н бог малд вакцин хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үнэтэй авсан ТҮЦ-үүд хотын өнгө үзэмжийг гутаалаа гэж үү

Нийслэлийн Газрын албанаас зөвшөөрөлгүй байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нийт 757 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-г буулгаж эхэлжээ. 757 ТҮЦ-ний цаана хагартлаа баяжсан иргэд байхгүй нь тодорхойсон. Гэхдээ буулгах нь зөв ч гэлээ анхнаасаа яагаад ард иргэдээрээ тоглон ийм олон үнэтэй ТҮЦ-үүдийг тараасан юм бэ.

ТҮЦ-үүдийг өндөр үнээр шахах үйл явц хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Та нар өнгө үзэмжгүй хуучин ТҮЦ-нүүдийнхээ оронд 15-50 сая төгрөгийн орчин үеийн ТҮЦ худалдан авчих юм бол та нарыг ажлуулна гэж хулхин дээр нь цэцэг ургуулж харсаар байж өөрсдийн шахааг хийчихээд одоо болохоор ТӨРИЙН төмөр нүүр гаргаж өвлийн тэсгим хүйтнээр ад үзэн албадан буулгаж байгаа нь хүний мөс чанарыг харуулах шиг. Иргэд утаанд хордож урдах замаа харахгүй бүдчин явахад одоо бас орлого олох эх үүсвэрийг нь хаачихвал хэдэн өрх айл хямарлын салхинд сөхөрч унахыг манай хотын дарга тооцоолж суугаа болов уу.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Тост, Тосонбумбын хилийн заагийг тогтоох болсныг мэдэгдлээ

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоох ажлыг хойшлуулж байгаа талаар тус сумын иргэн Ж.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Б.Дэжид, түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, “Ногоон сэтгүүлч” төрийн бус байгууллагын тэргүүн С.Ганболд нар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээллээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруу орчмын бүс нутаг дахь тусгай лизензүүдийг цуцлахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү шүүх хурал одоо тав дахь удаагаа хойшлогджээ. Б.Дэжид: Хайгуулын зургаан лицензээс болж хилийн зааг тогтоох ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Тост, Тосонбумбын нурууг 2015 оны арванхоёрдугаар сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гаргаж, байгалийн нөөц газарт авсан. Ингэхдээ тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор гурван жилийн хугацаатай авсан байдаг. Үүний дараа Улсын их хурлаар 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 35 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн нөөц газрын ангилалд бүртгэсэн. Ингэхдээ хилийн заагийг тогтоох үүргийг Засгийн газарт өгсөн билээ. Гэвч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй байна. Бид нийт 889 мянган га талбайг хамгаалалтад оруулж, хилийн заагийг тогтоох хүсэлтийг өгсөн байгаа. Үүнд Засгийн газрын зүгээс хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл, 10 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд албан бус мэдээллээр 40 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа гэсэн хариулт өгдөг. Ашигт малтмалын газарт өнгөрсөн дөрөвдүгээр сард эдгээр 10 хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээр нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ 10 тусгай зөвшөөрөл нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд талбай дээрээ хайгуулын ажил хийгээгүй учраас Ашигт малтмалын газар хуулийн дагуу шалгаж, үйл ажиллагааг зогсоох ёстой. Гэтэл найман сарын хугацаа өнгөрч байхад шүүх хурал таван удаа хойшилж, ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар өдийг хүрлээ. Гэхдээ Ашигт малтмалын газраас хугацаа нь дууссан дөрвөн лизенцийн үйл ажиллагааг зогсоосон. Одоо зургаан компани үлдчихсэн бид шүүхэд хандаж байна гэлээ. Хамгийн сүүлийн шүүх хурал энэ сарын 8-нд болох үеэр зарим компаниуд нь Монголоос гарсан байх юм. Ийм сунжирсан асуудлыг цэцгцлэхийг дээрх иргэд хүссэн юм.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Б.Дэлгэрмаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад хавсран суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко “Сүүлийн жилүүдэд Беларусь, Монголын хоорондын яриа хэлэлцээ мэдэгдэхүйц идэвхжин, өндөр, дээд хэмжээний уулзалт сэргэн, гэрээ-эрх зүйн үндэс бэхжин, худалдаа, эдийн засгийн харилцааны үр өгөөж өслөө. Цаашдын хамтын ажиллагааг, түүний дотор улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөтгөн бэхжүүлэх эрмэлзэлтэй. Ер нь бид хэзээ ч Монголыг харийн улс гэж үзэж байгаагүй. Бид тийм бодлого баримтладаг” гэж цохон тэмдэглэв.

Итгэмжлэх жуух бичгээ барихтай холбогдуулан Элчин сайд Б.Дэлгэрмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Б.Рыбаковтой уулзаж, Монгол-Беларусийн найрсаг харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойшхи 25 жилийн хугацаанд өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2017 онд хэрэгжүүлэх өндөр хэмжээний айлчлал, бусад арга хэмжээ болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллахад ач холбогдол өгдөгийг дурдаад, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад гишүүн орны хувьд дэмжлэг үзүүлэхийг Беларусийн Гадаад хэргийн дэд сайдаас хүсэв.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ-нүүдэд шалгалт хийхэд 98 хувь нь ариун цэврийн өрөөгүй байжээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран өчигдөр ТҮЦ-үүдэд гэнэтийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулдаг зөрчил дийлэнх хувийг эзэлж байлаа.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн хувьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэнтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийлээ. Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах, Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн нийтлэг зөрчил гарч байна” хэмээн ярилаа.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1100 гаруй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын А/103 тоот тушаалын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийсэн. Шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн 1.7 хувь нь ариун цэврийн өрөөтэй боловч зориулалтын дагуу ашигладаггүй, 98.3 хувь нь ариун цэврийн өрөө байх хэсгийг агуулах, амралтын өрөө болон үйлчилгээний талбай болгон засч ашигласан, шаардлага хангасан хогийн савгүй, хаана бие засч, гараа угааж, хувийн ариун цэвэр сахидаг нь тодорхойгүй, орчны 5м хүртэлх талбайг тохижуулаагүй, орчноо бохирдуулж, бохир ус, хогоо ногоон байгууламж руу асгадаг гэх мэт нийтлэг зөрчил гаргадаг нь илэрсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнэ: Шүүхийн шийдвэр гараагүй учир Баянзүрх дүүрэгт аль нам олонх болсон нь тодорхойгүй

Баянзүрх дүүргийн Засаг дарга томилогдохгүй байгаа асуудлаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүрэг нь 41 төлөөлөгчтэй байх ёстой. Зургаан төлөөлөгчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж дүүргийн сонгуулийн хороо жагсаалтаас хасчээ. Энэ шийдвэр шүүхийн шатанд явагдаж байгаа.

Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ,Нийслэлийн Засаг дарга дүүргийн засаг даргын томилгоог хийхдээ дүүргийн ИТХ-ын шийдвэрт үндэслэх учиртай. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн ИТХ-ын хүчин төгөлдөр шийдвэр ирээгүй байна. Дүүргийн сонгуулийн хорооноос одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлсэн байгаа.

Өчигдөр Баянзүрх дүүргийн АН-ынхан хэвлэлийн бага хурал хийж, шүүхийн шийдвэр эцэслэн гарсан гэж мэдээлсэн байна лээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч Давж заалдах шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Хуулийн дагуу 21 хоногийн дотор шийдвэрлэгдэх ёстой.

Ийм нөхцөл байдалтай байгаа учраас Нийслэлийн Засаг дарга БЗД-ийн засаг даргын томилгоог хийх боломжгүй байна. Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим үйлчилдэг” гэв.

Ийнхүү шүүхийн шийдвэр гараагүй учраас тус дүүрэгт аль нам олонх болсон нь тодорхой бус байна.Одоогоор Баянзүрх дүүргийн хуучин засаг дарга Д.Пүрэвдаваа ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэж Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Б.Батчулууны шинэхэн уран бүтээл “Т.А.М”

Нэгэн хэвийн, уйтгартай, давтагдмал амьдралын сэдвээс татгалзаж, цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Өвлийн тууж” кино энэ сарын 15-нд нээлтээ хийхээр болжээ.

Уг киноны зохиолыг нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Кино сонирхогчид түүнийг “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” зэрэг киногоор нь таньдаг билээ. “Өвлийн тууж”-ийн найруулагчаар түүний хань Б.Тулгаа ажилласан бөгөөд монголчуудын хувьд цоо шинэ сэдвийг сонгон авч, хэний ч төсөөлөөгүй өөр түүхийн талаар өгүүлж байгаа гэдгээ онцоллоо.

Киноны гол дүрд Батмэнд, Э.Мөнхтөр, Б.Эрдэнэчимэг, Б.Хулан нар тоглосон бөгөөд тэд ч мөн өмнө нь бүтээж байснаасаа огт өөр дүрүүдийг бүтээжээ.

Өвлийн тууж киноны дууг Никитон хамтлагийн дуучин Батчулуун дуулсан юм. Тэрбээр уг кинонд зориулж үг, аяа өөрөө зохиогоод, өөрөө клипэндээ тогложээ.

Тэрбээр уг кинонд зориулж үг, аяа өөрөө зохиогоод, өөрөө клипэндээ тогложээ.

Categories
мэдээ нийгэм

О.Энх-Эрдэнэ 100 саяа авч, Б.Шижирбат Америк явах эрхийн бичгээр шагнууллаа

“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ шагналын 100 сая төгрөгөө гардан авлаа. Түүнд Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат 100 сая төгрөгийг гардуулан өгсөн байна. Л.Чинбат “Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж, монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе” гэжээ.

“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг наймд үлдээд байсан О.Энх-Эрдэнэ үзэгчдийн саналаар 2016 оны ялагч болсон юм. Тус шоу нэвтрүүлгийн шүүгч СГЗ Ц.Чулуунбат О.Энх-Эрдэнийг алтан хоолойтой хэмээн тодорхойлж, Монголын рок попын урлагт түүний орон буйг тодотгосон билээ.

Мөн “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбатад Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр Б.Шижирбатад АНУ-д болох дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхийг гардуулсан байна.
Энэ тухайгаа Л.Чинбат “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа.

Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү!” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав.

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулсан.

Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгажээ.

Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон гэж Засгийн газар үзэж буй юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, А.Ундраа, Б.Саранчимэг, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав. Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог билээ.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаатай холбогдуулан одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарч байгаа аж.

Тиймээс алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

Дараа нь Байнгын хорооны тогтоол батлах тухай, ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Байнгын хорооноос Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.

Тус Байнгын хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг үндэслэн дээрх тогтоолыг гаргасан бөгөөд Монгол Улс дахь БЗДХ, ХДХВ, ДОХ өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт уг тогтоолоор Засгийн газарт чиглэл болголоо.

Тухайлбал, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэгтэй “Үндэсний хороо”-г дахин сэргээн байгуулж, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, энэ чиглэлээр хэрэгжиж байгаа олон улсын байгууллагын тусламж, төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ХДХВ, БЗДХ-ын эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах, өвчний эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгох сургалт, сурталчилгааг идэвхтэй зохион байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулах, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагсад болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах ажлыг жил бүр тогтмол зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.

Мөн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Инновацийн тухай хууль, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулав. Түүнчлэн Кино урлагийн талаар, Цэцэрлэгийн хүртээмжийн талаар, Боловсролын бодлогыг хэрэгжүүлж буй байдлын талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсгүүдийг мөн байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.